Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2022/00074

 

ШМын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2020/00507 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 874 дүгээр магадлалтай,

 ШМын нэхэмжлэлтэй

ЦЖд холбогдох

 Үндсэн нэхэмжлэл: Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу ажлын хөлс болох автомашины үнэ 75,000,000 төгрөг, харилцан тохиролцсон 25,000,000 төгрөг, нийт 100,000,000 төгрөг гаргуулах,

Сөрөг нэхэмжлэл: ШМ, ЦЖ нарын хооронд 2017.07.26-ны өдөр байгуулсан “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Саранцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн эрх залгамжлагч М.Амгалан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Саранцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч М.Цогтбаатар, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгч ШМ хариуцагч ЦЖд холбогдуулан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний ажлын хөлс болох 2013 онд үйлдвэрлэгдсэн Ланд круйзер-200 маркийн авто машины үнэ 75,000,000 төгрөг, бэлнээр өгөхөөр тохирсон 25,000,000 төгрөг, нийт 100,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 Хариуцагч ЦЖ, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Саранцэцэг нар “...Б.Ганзоригийг залилсан гэх Б.Батмандах, ЦЖ нарт холбогдох эрүүгийн хэрэг 2011.01.25-ны өдөр Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 113 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болж, иргэний журмаар шийдэгдсэн, энэ хэрэгт нэхэмжлэгчээс ямар нэг хууль зүйн болон өмгөөллийн туслалцаа авч байгаагүй. 2017.07.26-ны өдөр надтай байгуулсан гэх хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр хууль зүйн туслалцаа үзүүлэх аман гэрээг баталгаажуулсан гэх боловч энэ талаар гэрээний үндэслэлд тусгаагүй, түүнчлэн тухайн гэрээнд тусгагдсанаар хууль зүйн туслалцаа үзүүлэх талаар ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй болно. Би тухайн үед иргэн М.Баярсайханаас их хэмжээний мөнгөний авлагатай болж уг мөнгөө авч чадахгүй хэт удсан учир түүнд би өөрөө бусдад өртэй гэдгээ батлах үүднээс ШМтай уг хууль бус гэрээг байгуулсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ нь ямар нэгэн эрх зүйн үр дагавар байхгүй бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл юм. Нэхэмжлэгч ШМ нь ЦЖ, Б.Батмандах нарт холбогдох эрүүгийн хэрэг хянагдаж байх хугацаанд буюу 2011 онд өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрхгүй байсан болох нь Монголын өмгөөлөгчдийн холбооны 2019.01.09-ний өдрийн 19119 тоот албан бичгээр тогтоогдож байгаа. Түүнчлэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.6, 30 дугаар зүйлийн 30.1, 35 дугаар зүйлийн 35.1.З-т тус тус заасан. Нэхэмжлэгч ШМ, хариуцагч ЦЖ нарын хооронд байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд нэхэмжлэгч нь өөрийгөө хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй болон өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх, шүүхэд төлөөлөх эрхтэй болохыг тэмдэглэсэн болон уг гэрээнд өмгөөлөгч гэх нэр томьёог бичсэн байгаа боловч нэхэмжлэгч нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй байх үед буюу төрийн алба хашиж байх үедээ 2011 онд хариуцагч ЦЖд холбогдох эрүүгийн хэрэгт өмгөөлөгчөөр оролцсон гэсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргажээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Саранцэцэг нь нэхэмжлэгч ШМт холбогдуулан талуудын хооронд 2017.07.26-ны өдөр байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 Нэхэмжлэгч ШМ “...Гэрээ хийх үед шүүхэд төлөөлөх эрхээ авчихсан байсан учир хийсэн ажлаа дүгнээд гэрээгээр өмгөөлөгчийн зүгээс хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн учир үйлчлүүлэгчийн талаас хүлээсэн үүргийг тусгаж баталгаажуулах зорилгыг агуулсан юм. Гэрээний 6.2-т энэхүү гэрээг монгол хэлээр 2 хувь үйлдсэн (нөхөж)... гэж бичсэн байгаа нь талууд өмнө нь ямар нэг аман хэлцэл тохиролцоо хийснийгээ хожим бичгийн хэлбэрт оруулж нөхөж үйлдсэнийг нотолж байгаа юм. Гэрээнд өмгөөлөгч нэр, тамга тэмдгээ дарж баталгаажуулсан хууль зүйн хувьд хүчин төгөлдөр гэрээ болно. Тухайн үед цагдаагийн хэв журмын албанд ажиллаж байсан учир албан ажилд ямар нэг байдлаар харшлах зүйл байгаагүй. ЦЖ нар манай компанийн хуулийн зөвлөх болооч гэсэн хүсэлтийг хүлээж аваад 2011 оны 9 дүгээр сараас хойш Б.Ганзоригт холбогдох хэргийн талаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, мөрдөн байцаагч нартай компанийн хуулийн зөвлөхийн хувиар олон удаа биечлэн уулзаж байсан. Миний тухайд Мөрдөн байцаах албанд ажиллаж байхдаа 2010 оноос өмнө болсон хоёр удаагийн хуульчийн сонгон шалгаруулалтад шалгуулж хуульчийн эрхийн гэрчилгээ авч байсан. Үүнийгээ 2014 онд дахин бүртгүүлж гэрчилгээгээ солиулж авсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргасан байна.

 2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2020/00507 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан ЦЖаас автомашины үнэ 75,000,000 төгрөг, харилцан тохиролцсон 25,000,000 төгрөг, нийт 100,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан зохигчийн хооронд 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 657,950 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч ШМаас улсын тэмдэгтийн хураамжид 657,950 төгрөг гаргуулж хариуцагч ЦЖд олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 874 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2020/00507 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ЦЖаас 50,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ШМд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 50,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “...хэлцэлд тооцсугай гэснийг хэлцэл болохыг тогтоолгох тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтын “...нэхэмжлэгч ШМаас 657,950 төгрөгийг гаргуулан хариуцагч ЦЖд олгосугай” гэснийг “...хариуцагчаас 657,950 төгрөгийг нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 657,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Саранцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй тул эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

а/ Хэрэгт авагдсан 2011.01.25-ны өдрийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 113 дугаартай тогтоолоос үзвэл Б.Ганзоригийг залилсан гэх ЦЖ, Б.Батмандах нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Нэхэмжлэгч нь хууль зүйн туслалцаа үзүүлсний үр дүнд дээрх прокурорын тогтоолыг гаргаж, хууль зүйн туслалцаа үзүүлсний төлбөрийг шаардсан. Гэрээ дүгнэсэн гэх баримтад ямар эрх зүйн харилцаанд хууль зүйн туслалцаа үзүүлсэн талаар тодорхой бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Б.Ганзоригийг залилсан гэх ЦЖ, талийгаач Б.Батмандах нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль зүйн туслалцаа үзүүлсэн мэтээр бичсэн байдаг. Нэхэмжлэгч нь тухайн үед төрийн албан хаагч байсан учир дээрх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль зүйн туслалцаа үзүүлэх боломжгүй байсан. Гэтэл давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгчийг “Нагааранз” ХХК-ийн үйл ажиллагаанд хууль зүйн туслалцаа үзүүлсэн гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон. Нэхэмжлэгч нь эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 113 дугаартай прокурорын тогтоол, гэрээ дүгнэсэн гэх баримтыг үндэслэн хууль зүйн туслалцаа үзүүлсний төлбөрт 100,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байтал давж заалдах шатны шүүх нотлох баримтаар нотлогдоогүй үйл баримт болох нэхэмжлэгчийг “Нагааранз” ХХК-д хууль зүйн туслалцаа үзүүлсэн гэж дүгнэсэн.

б/ Анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь “...хэрэг бүртгэх, мөрдөн байцаах албанд 25 жил, хэв журмын албанд 6 жил, нийт 31 жил тасралтгүй ажиллаад 2011.09 дүгээр сард Цагдаагийн хурандаа цолтойгоор тэтгэвэрт гарсан...” гэж тайлбарласан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар үнэлэх нь зүйтэй юм. Түүний тайлбараас үзвэл 2011.01 дүгээр сард эрүүгийн хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх үедээ тэрээр төрийн албан хаагч байсан болох нь тогтоогдож байна. Төрийн албанд ажиллаж буй этгээд нь аливаа иргэд болон албан байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагааны үед өмгөөлөх, гомдол, хүсэлт гаргах, баримт бичиг бэлтгэх, боловсруулах, баримт материал судлах, хавтас хэрэгтэй танилцах, судлах, амаар болон бичгээр хууль зүйн лавлагаа, мэдээлэл, зөвлөгөө өгөх, уулзалт хийх, анхан шатны, давж заалдах шатны болон хяналтын шүүх хуралдаанд оролцох боломжгүй юм. Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч ШМын бичиж, түүний хүү М.Амгалангийн цахим хаягаар ЦЖы цахим хаягт явуулж байсан өргөдөл, гомдол, тайлбаруудад үзлэг хийсэн тэмдэглэлээр хууль зүйн туслалцаа үзүүлж байсан нь тогтоогдсон гэж үзсэн.

в/ Эрүүгийн 21035762, 21041224 тоот хэргээс холбогдох нотлох баримтуудыг хуулбарлаж авсан бөгөөд тус баримтуудад нэхэмжлэгчийн бичиж, бэлдэж өгсөн гэх цахим хаягт үзлэгээр баталгаажуулсан өргөдөл, хүсэлт, гомдол нэг ч байгаагүй. Энэ талаар шүүх хуралдаанд нотлох баримт шинжлэн судлахад нэг бүрчлэн нарийвчлан тулгаж үзсэн. Мөн 21035762 тоот эрүүгийн хэрэгт ЦЖ нь яллагдагчаар татагдсан ба уг мэдүүлэг өгөх ажиллагаанд ганц удаа н.Одгэрэл гэх өмгөөлөгч оролцож байсан. Харин 21041224 тоот эрүүгийн хэрэгт ЦЖ нь хохирогчоор тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгчийн шаардаж буй гэрээний үүрэгт энэ огт хамааралгүй. Хэдийгээр хамааралгүй боловч хохирогчоор тогтоогдсон хэрэгт мөн адил нэхэмжлэгч ШМ нь хууль зүйн туслалцаа үзүүлсэн талаарх баримт байхгүй. Давж заалдах шатны шүүх нотлох баримтуудыг нэг бүрчлэн тулгаж, шалгах ажиллагааг орхигдуулж, зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн түүнийг эрүүгийн хэрэгт өргөдөл, гомдол, тайлбар өгч байсан гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

г/ Түүнчлэн, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2013.07.01-ний өдрийн 695 дугаартай Б.Ганзоригт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн прокурорын тогтоолыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Б.Ганзоригт холбогдох эрүүгийн хэрэгт бус, ЦЖд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлс гэж тодорхойлсон. Хэрэгт Б.Ганзоригт холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон ЦЖд нэхэмжлэгчийн зүгээс хууль зүйн туслалцаа үзүүлсэн гэх ямар ч баримт байхгүй, хэрэв нэхэмжлэгч төрийн албанаас тэтгэвэрт гарсан үедээ хууль зүйн туслалцаа гэж үзэх тохиолдолд хууль зүйн туслалцааг хэрхэн биечлэн хүргэсэн талаараа нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгчийн тайлбарласнаар тодорхой ажил үйлчилгээ үзүүлсэн гэж үзвэл ажиллагчийн хувийн онцгой чадвараас хамааралтай бол тухайлбал, өмгөөлөгч, хуульч гэх мэт онцгой чөлөөт мэргэжлийн хүмүүсийн хувьд ажил, үйлчилгээг биечлэн гүйцэтгэх үүрэг нь онцгой ач холбогдолтой. Гэтэл нэхэмжлэгч ажил үйлчилгээг үзүүлэхдээ гэрээний дагуу хэрхэн биечлэн гүйцэтгэсэн талаарх баримт хэрэгт байхгүй. Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 361 дүгээр зүйлийн 361.1 дэх хэсэгт зааснаар ажил үйлчилгээг хэрхэн биечлэн хүргэсэн үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй. Нэхэмжлэгч нь “Нагааранз” ХХК-ийн хуулийн зөвлөхөөр ажиллахтай холбоотой гэрээ хэлэлцээр хэрэгт авагдаагүй, ажилласан талаар баримтгүй байхад зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэхдээ давж заалдах шатны шүүх ямар баримтыг үндэслэн нэхэмжлэлийн тал хувийг хангасан нь ойлгомжгүй байна. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон гэрчүүд ЦЖ нь бусдаас авлагатай байсан талаар гэрчилсэн бөгөөд ШМ нь найз нөхдийн холбоогоор ЦЖы ажлын байранд ирэн очин байдаг байсан талаар тодорхой мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл, сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой баримт болох зээлийн гэрээ, гэрчүүдийн мэдүүлгийг давж заалдах шатны шүүх ямар баримтаар үгүйсгэгдэж байгааг огт дүгнээгүй.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэсэн тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ: 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 6. Нэхэмжлэгч ШМ хариуцагч ЦЖд холбогдуулан 100,000,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “...Жаргалсайханы холбогдсон эрүүгийн хэрэг болон түүний хохирогчоор тогтоогдсон эрүүгийн хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлж, өмгөөллийн үйл ажиллагаа явуулж байснаас гадна мөн компанийнх нь хуулийн зөвлөхөөр ажилласны хөлсөнд дээрх мөнгийг төлөхөөр амласан” гэсэн, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “найз нөхдийн хувиар холбоо харилцаатай байснаас бус 2 удаагийн эрүүгийн хэрэгт хууль зүйн туслалцаа авч байгаагүй, манай компанид хуулийн зөвлөхөөр ажиллаагүй” гэж маргасан байна.

 7. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож талуудын хооронд 2017.07.26-ны өдөр байгуулагдсан “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” болон мөн өдрийн “хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг дүгнэсэн тухай” баримтыг гаргасан, хариуцагч уг баримтыг үгүйсгэж тухайн гэрээг үйлдэж, гарын үсэг зурсан боловч бусдаас авах авлагаа нэхэхийн тулд бусдад өртэй гэж харагдуулах зорилгоор дүр үзүүлэн хийсэн, иймээс хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгоно гэж сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 8. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.

 9. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо “...нэхэмжлэгчийн тайлбараар талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байгаа боловч ...энэхүү амаар байгуулагдсан гэрээний дагуу нэхэмжлэгч нь ажил, үйлчилгээ гүйцэтгэсэн нь тогтоогдоогүйгээс гадна тухайн цаг хугацаанд нэхэмжлэгч өмгөөлөгчийн ажил эрхэлж байгаагүй тул хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөллийн үйл ажиллагаа явуулах боломжгүй, мөн “Нагааранз” ХХК-ийн хуулийн зөвлөхөөр ажиллахаар тохиролцсон нь тогтоогдоогүй тул хөлс шаардах эрхгүй” гэсэн агуулгатай дүгнэлт, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ “...бичгээр байгуулагдсан “хууль зүйн туслалцаа үзүүлэх” гэрээгээр талууд хууль зүйн ямарваа нэгэн үр дагавар гаргахыг хүсээгүй учир уг гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл” гэсэн дүгнэлтийг тус тус хийжээ.

 10. Давж заалдах шатны шүүх, “...нэхэмжлэгч ШМ нь ЦЖы холбогдсон эрүүгийн хэрэг шалгагдаж байх үед өөр ажил эрхэлж байсан тул хариуцагчид хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөллийн үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв, харин тэрээр өндөр насны тэтгэвэрт гарснаас хойш ЦЖы хохирогчоор тогтоогдсон эрүүгийн хэрэгт болон “Нагааранз” ХХК-ийн хуулийн зөвлөхөөр ажилласан нь нотлогдсон, иймээс гэрээний дагуу тул хөлсийг шаардах эрхтэй” гэж үзсэн байна.

 11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг, хариуцагч татгалзлын үндэслэлийг тус тус нотлох үүрэгтэй бөгөөд хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь бодитойгоор харьцуулан үнэлэх үүргийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хүлээнэ.

 12. Бодит үр дагавар бий болгох зорилгоор бус өөр бусдад өртэй гэж харагдуулахын тулд “хууль зүйн туслалцаа үзүүлэх” нэртэй гэрээ байгуулсан гэх хариуцагчийн татгалзал нотлогдоогүйгээс тухайн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй, иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 13. Харин үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт учир дутагдалтай байна.

 14. Нэхэмжлэлийн үндэслэл болгосон “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-ний 1.1-д энэхүү гэрээний зорилгыг “н.Ганзоригийн өргөдлийн дагуу шалгагдаж байгаа эрүүгийн хэрэгт өмгөөлөгчөөр оролцож туслалцаа үзүүлэх, өмгөөлөгчөөр ажиллах нөхцөл журам, талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлага зэрэг харилцааг зохицуулна” гэж тодорхойлж, 5.1-д “...ЦЖд холбогдсон эрүүгийн хэрэгт Монгол улсын хууль тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлсний дараа өмгөөлөгч ШМт 2013 онд үйлдвэрлэсэн Ланд круйзер 200 маркийн автомашин, бэлнээр 25,000,000 төгрөг өгнө” гэжээ.

 “Гэрээ дүгнэсэн тухай” баримтад ШМ үйлчлүүлэгч ЦЖы холбогдсон эрүүгийн хэрэгт өмгөөллийн үйл ажиллагаа явуулж, мөрдөн байцаалтын шатанд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлсэн ба гэрээний үүрэг бүрэн хангагдсан гэж дүгнэлээ гэсэн байна.

 15. Дээрх гэрээ болон уг гэрээг дүгнэсэн баримтад бичигдсэн үйл явдал буюу н.Ганзоригийн гомдлоор ЦЖд холбогдуулж эрүүгийн хэрэг үүссэн нь 2010 онд, уг хэргийг хэрэгсэхгүй болгосон нь 2011 онд болохыг зохигч маргаагүй байна.

 16. Гэрээний талууд гүйцэтгэх үүргийн талаар амаар тохиролцсон эсхүл үүргийг бодит үйлдлээр гүйцэтгэснээ алиныг ч хожим бичгийн хэлбэрт оруулж баталгаажуулж болох боловч тухайн тохиролцоо нь бодитой, хуульд нийцсэн байх учиртай.

 17. Талуудын байгуулсан бичгийн гэрээнээс үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй боловч уг гэрээгээр ямар ажил, үйлчилгээ гүйцэтгэхээр талууд тохиролцсон гэж үзэх /гэрээнд үгчлэн тусгагдсанаар гэрээний зүйл нь юу болох/, уг ажил үйлчилгээг нэхэмжлэгч гүйцэтгэх боломжтой байсан эсэхээс хамаарч шаардах эрхийг шүүх дүгнэх шаардлагатай болно.

 18. Хэргийн баримтаас үзвэл, хариуцагч ЦЖыг эрүүгийн хэрэгт холбогдсон үед буюу 2010 онд нэхэмжлэгч ШМ нь Цагдаагийн ерөнхий газрын хэв журмын албанд дэд даргаар ажиллаж байсан нь тогтоогдсон, иймээс хариуцагчид хууль зүйн зөвлөгөө өгч өмгөөллийн үйл ажиллагаа явуулах үндэслэлгүй, өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулагдсан гэрээний зүйл буюу хууль зүйн зөвлөгөө өгөх, өмгөөллийн ажил, үйлчилгээ нь зөвшөөрөлтэй /хууль зүйн туслалцаа үзүүлэх эрхийн гэрчилгээг хуульд заасан журмын дагуу авсан/ этгээдийн гүйцэтгэх чиг үүрэгт хамааралтай байна. Иймд эрхгүй атлаа энэ төрлийн гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн гэж байх тул Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасны дагуу хөлс шаардах эрх үүсэхгүй, үүнийг хоёр шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 19. Түүнчлэн дээрх гэрээгээр нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэвэрт гарч эрхэлж байсан ажлаас чөлөөлөгдсөний дараа “ЦЖы хохирогчоор тогтоогдсон эрүүгийн хэрэгт” болон “Нагааранз” ХХК-ийн хуулийн зөвлөхөөр ажилласны хөлс төлөхөөр талууд тохиролцсон утга илэрхийлэгдээгүй гэж үзэх нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д заасан “гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэсэнтэй нийцнэ.

 20. Хэргийн бусад баримтаар ЦЖы хохирогчоор тогтоогдсон эрүүгийн хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлсэн болон “Нагааранз” ХХК-ийн хуулийн зөвлөхөөр ажиллаж, хөлс авахаар талууд тохиролцсон гэх үндэслэл тогтоогдоогүй, эдгээр нөхцөл байдлыг анхан шатны шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэх үүргээ хэрэгжүүлжээ.

 21. Харин давж заалдах шатны шүүх дээрх гэрээ, гэрээ дүгнэсэн баримт, бусад баримтаар нэхэмжлэгч нь ЦЖы хохирогчоор тогтоогдсон эрүүгийн хэрэгт хууль зүйн зөвлөгөө өгсөн, мөн “Нагааранз” ХХК-ийн хуулийн зөвлөхөөр ажилласан тул “хууль зүйн туслалцаа үзүүлэх” гэрээнд заасан хөлсний зохих хэсгийг буюу 50,000,000 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзсэн нь үндэслэлтэй болж чадаагүй байна.

 22. Дурдсан үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 874 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2020/00507 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул зохигчийн хооронд 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан “хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтад “хэвээр үлдээж, ШМаас улсын тэмдэгтийн хураамжид 657,950 төгрөг гаргуулж хариуцагч ЦЖд олгосугай” гэснийг “тус тус хэвээр үлдээсүгэй.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Саранцэцэгийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.05.20-ны өдөр төлсөн 1,065,900 төгрөгийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

           ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                        П.ЗОЛЗАЯА

                                                                        Х.ЭРДЭНЭСУВД