Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 135/ШШ2019/00845

 

 

2019 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 135/ШШ2019/00845

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс135/2019/00413/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн ... тоотод оршин суух М овогт Ц.О нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг дахь ... холбогдох,

 

..... ХХК-ийн гаргасан үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нөхөр Н.П хамт Капитрон банкнаас 73,500,000 төгрөгийн зээл авч, ээж Д.Н өмчлөлийн 3 өрөө орон сууц, мөн 9 мкв талбайтай 1 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан. Биеийн байдлаар болж зээлээ төлж чадахгүйд хүрч, шүүх дээр эвлэрлийн гэрээ байгуулж, 85,500,000 төгрөг төлөхөөр, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар болсон. Тэгээд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа юм. 2019 оны 04 сарын 11-ний өдөр шийдвэр гүйцэтгэгч Н.Б дуудаад 2019 оны 03 сарын 19-ний өдөр гаргасан гэх ....ХХК-ийн үнэлгээний тайлантай танилц гээд 2 хуудас баримт хуулбарлан өгсөн. Гэтэл 3 өрөө орон сууцыг 61,075,440 төгрөгөөр, 00-ын өрөөг 7,265,000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна. Эдгээр үнэлгээ нь зах зээлийн ханшнаас маш доогуур байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймээс энэхүү үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас томилсон шинжээчийн гаргасан үнэлгээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т зааснаар 3 хоногийн дотор мэдэгдэж, тэмдэглэл хөтөлж санал хүсэлтийг авсан байх ёстой байдаг. Гэтэл 2019 оны 04-р сарын 11-ний өдөр нэхэмжлэгчид үнэлгээний тайланг танилцуулж, тэмдэглэл хөтөлж гарын үсэг зурсан байдаг. Иймээс үүнээс хойш 7 хоногийн дотор бид шүүхэд гомдлоо гаргасан байгаа.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлд зааснаар шинжээч томилоод үнэлгээ гаргасан, энэ үнэлгээчин үнэлгээ гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль, хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг баримталж үнэлгээ гаргах ёстой. Үнэлгээ гаргасан ..... ХХК нь үнэлгээний тайландаа хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ мөн үнэлгээчин Ч овогтой Ж гэдэг хүний тусгай зөвшөөрлийг нотлох баримт болгож хавсаргаж явуулсан байсан. Тэгэхээр өнөөдөр энэ ...... гэдэг компани үнэлгээ гаргах эрхтэй юу үгүй юу гэдэг асуудал дээр эргэлзээтэй байгаа. Тус компани нь даатгалын хохирлын үнэлгээ гаргадаг эрх бүхий байгууллага, энэ тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос гаргадаг бөгөөд Санхүүгийн зохицуулах хороо энэ тусгай зөвшөөрлийг 3 хүртэлх жилийн хугацаагаар гаргадаг. Зөвшөөрлийн хугацаа дууссаны дараагаар хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаж 3, 3 жилээр хугацаагаа сунгаж явдаг хуулийн зохицуулалттай байдаг. Гэтэл ....... ХХК-ийн үнэлгээний тайланд холбогдуулж өгсөн нотлох баримт нь зөвхөн Улсын бүртгэлийн хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар байгаагаас биш компанийн тусгай зөвшөөрлийг энэ тайланд хавсаргаагүй байсан. Чинбат овогтой Жамьян гэдэг хүн нь тус компанийн захирал байгаа бөгөөд хөрөнгийн үнэлгээ гаргах тусгай зөвшөөрөл нь хуулийн этгээд дээр биш хувь хүн дээр олгосон байдаг. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээр үйл ажиллагааны чиглэл дээр нь хөрөнгийн үнэлгээ хийх гэж байгаа боловч үүнийг даатгалын хохирлын үнэлгээ түүнтэй холбоотой даатгуулсан хөрөнгийн үнэлгээ гаргах эрх гэж ойлгож байна. Иймээс үнэлгээ гаргах эрхгүй этгээд үнэлгээг гаргасан гэж үзэж байна. Мөн үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур гаргасан гэж үзэж байна. Тус байртай яг ижил 3 өрөө байр 73,000,000 төгрөгөөр зарагдсан байдаг. Иймээс үнэлгээг хүчингүйд тооцож өгнө үү гэв.

 

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь ....... шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2500 дугаартай захирамжаар төлбөр төлөгч Н.П, Ц.О нараас 85,328,706 төгрөгийг гаргуулж Капитрон банканд олгохоор шийдвэрлэсэн байдаг. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа биеэр болон мэдэгдэх хуудсаар өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул шүүгчийн захирамжид үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заагдсан барьцааны хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн ...... дугаартай Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг .....тоот . м/кв талбайтай нэг өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн ...... дугаартай Сонгинохайрхан дүүрэг ... тоот ... мкв талбайтай . өрөө орон сууцыг 2019 оны 01-р сарын 22-ны өдрийн 18070758/08, 18070758/09 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн. 2019 оны 02-р сарын 01-ний өдрийн 129/01 тоот, 129/02 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор хураан авч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар талуудаас үнийн санал авах ажиллагааг зохион байгуулахад талууд үнийг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар 2019 оны 02-р сарын 25-ны өдөр 2019/09 тоот тогтоолоор ...... ХХК-ийг шинжээчээр томилсон. ....ХХК дээрх үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг Эрхийн улсын бүртгэлийн ....... дугаартай Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг ..... тоот ..м/кв талбайтай нэг өрөө орон сууцыг 7,265,200 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн ..... дугаартай Сонгинохайрхан дүүрэг .... өрөө орон сууцыг 61,075,440 төгрөгөөр үнэлсэн талаар талуудад мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу хийгдэж байгаа бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан бөгөөд мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална гэж заасан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч Ц.О нь Дархан-Уул аймаг дахь ....... холбогдуулан .... ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулах тухай шаардлага гаргажээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б гомдол гаргагч Ц.О үнэлгээ гарсан талаар 2019 оны 03 сарын 28-ны өдөр утсаар мэдэгдсэн гэсэн тайлбар гаргаж байгаа боловч 2019 оны 03 сарын 28-ны өдөр Ц.О нь Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэж байгаа тул 7 хоногийн дараа очиж үнэлгээний тайлантай танилцах талаар шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдсэний дагуу 2019 оны 04 сарын 11-ний өдөр үнэлгээний тайлантай танилцаж, санал хүсэлтээ өгсөн, шийдвэр гүйцэтгэгч энэ тухай хуульд зааснаар тэмдэглэл хөтөлсөн болох нь хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдож байна.

Иймд гомдол гаргагч Ц.О шүүхэд гомдол гаргах хугацааг 2019 оны 04 сарын 11-ний өдрөөс эхлэн тооцож үзэхэд дээрх хуульд заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргасан гэж үзнэ.

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2500 дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 дүгээр зүйлийн 741.5-д зааснаар Н.П, Ц.О нар нь нийт 85,328,706 төгрөгийг 2018 оны 07 сарын 30-ны өдрийн дотор ....... төлөхөөр тохиролцож, энэ хугацаанд мөнгөө төлөөгүй тохиолдолд Ц.О өмчлөлийн Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ....тоот, улсын бүртгэлийн .... дугаартай,... тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй, .. мкв талбайтай, ... өрөө орон сууц, Ц.О, Д.Н нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, ..... тоот, улсын бүртгэлийн .... дугаартай, ... тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй, ... мкв талбайтай... өрөө орон сууц зэрэг эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээг баталж, гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.

 

Хэрэгт авагдсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 01 сарын 22-ны өдрийн 18070758/08, 18070758/09 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2019 оны 02 сарын 01-ний өдрийн 129/01, 129/02 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор тус тус Эрхийн улсын бүртгэлийн ....дугаарт бүртгэлтэй ...... тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй, Сонгинохайрхан дүүргийн ..... тоот ....мкв талбайтай,... өрөө орон сууц, Эрхийн улсын бүртгэлийн .... дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн .... тоотод байрлах, .. мкв талбайтай.. өрөө орон сууцыг битүүмжлэн, хурааж, улмаар талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч Ц.О дээрх орон сууцнуудад үнийн санал өгөхөөс татгалзсан болох нь эд хөрөнгө битүүмжлэх, хураах тухай тогтоолууд, Ц.О 2019 оны 02 сарын 25-ны өдрийн Дархан-Уул аймаг дахь ........ гаргасан өргөдөл зэргээр тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан үндэслэлээр 2019 оны 02 сарын 25-ны өдрийн 2019/09 дугаартай шинжээч томилох тухай тогтоолоор шинжээч томилсны дагуу .... ХХК-ийн 2019 оны 03 сарын 19-ний өдрийн №ТХY-219-02 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн .....дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн ...... өрөө орон сууцыг 61,075,440 төгрөгөөр, 2019 оны 03 сарын 21-ний өдрийн №ТХY-219-03 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар Сонгинохайрхан дүүргийн ....... өрөө орон сууцыг 7,265,200 төгрөгөөр тус тус үнэлжээ.

 

Ийнхүү хариуцагч байгууллагаас шинжээч томилж, үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгох ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар явуулсан байх бөгөөд үнэлгээний талаар талууд харилцан тохиролцоогүй тул дээрх хуульд заасны дагуу шинжээч томилж үнэлгээ тогтоолгох ажиллагааг хариуцагч байгуулага хийсэн нь хуульд нийцсэн байна.

 

Гомдол гаргагч Ц.О нь шүүхэд гаргасан гомдлын үндэслэлээ дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж тайлбарлаж байгаа боловч ийнхүү доогуур үнэлсэн гэх ямар үндэслэл байгаагаа тодорхойлж чадаагүй бөгөөд энэхүү шаардлагын үндэслэлээ нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

 

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т тус тус зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд гомдол гаргагч Ц.О нь энэхүү хуульд заасан үүргээ биелүүлээгүй, шинжээчийн дүгнэлтээр тогтоосон дээрх үнэлгээгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч Л.О шүүх хуралдаан дээр үнэлгээ гаргасан .... ХХК нь хөрөнгийн үнэлгээ гаргах эрхгүй, зөвхөн даатгалын хохирлын үнэлгээ гаргах эрхтэй тул гаргасан үнэлгээний тайлангууд нь хүчингүй гэж тайлбарладаг болно.

Хэрэгт авагдсан ..... ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тус компани нь Даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа гэсэн үндсэн үйл ажиллагааны чиглэлээс гадна хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэйгээр бүртгэгдсэн бөгөөд энэхүү эрх нь 2017 оны 1 сарын 11-ний өдрөөс 2020 оны 01 сарын 11-ний өдрийг хүртэл хугацаатай байна. Мөн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр ..... ХХК-ийн гүйцэтгэх захирал нь Ч.Ж гэж бүртгэгдсэн бөгөөд ...... дугаартай хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр Ч.Ж нь 2020 оны 01 сарын 11-ний өдрийг хүртэл тус үйл ажиллагааг эрхлэх эрхтэй байна.

Мөн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6-д Шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур шинжилгээ хийлгэсэн тохиолдолд шинжээчийн дүгнэлтийг тухайн байгууллагын тэмдэг, шинжээчийн гарын үсгээр баталгаажуулна гэж заасан шаардлагыг .... ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан хангасан байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дээрх тайлбар үндэслэлгүй байна.

Иймд Ц.О Дархан-Уул аймаг дахь ...... холбогдуулан гаргасан .... ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулах тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д тус тус заасныг баримтлан Ц.О Дархан-Уул аймаг дахь ..... холбогдуулан гаргасан .... ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулах тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Ц.О улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ