Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 102

 

Ц.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/00413/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхжаргал даргалж,  Л.Амарсанаа, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  09 дүгээр сарын 13-ны өдрийн 845 дугаар шийдвэртэй,

            Нэхэмжлэгч Ц.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдох

"Ашид билгүүн ХХК-ийн гаргасан үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Нэхэмжлэгч Ц.О-ийн давж заалдсан гомдлыг үндэслэн

          2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.О- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нөхөр Н.П-гийн хамт Капитрон банкнаас 73.500.000 төгрөгийн зээл авч, ээж Д.Н-гийн өмчлөлийн 3 өрөө орон сууц, мөн 9 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан. Биеийн байдлаас болж зээлээ төлж чадахгүйд хүрч, шүүх дээр эвлэрлийн гэрээ байгуулж, 85.500.000 төгрөг төлөхөөр, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар болсон. 3 өрөө орон сууцыг 61.075.440 төгрөгөөр, 00-ын өрөөг 7.265.000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна. Эдгээр үнэлгээ нь зах зээлийн ханшнаас маш доогуур байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймээс энэхүү үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас томилсон шинжээчийн гаргасан үнэлгээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т зааснаар 3 хоногийн дотор мэдэгдэж, тэмдэглэл хөтөлж санал хүсэлтийг авсан байх ёстой байдаг. Гэтэл 2019 оны 04-р сарын 11-ний өдөр нэхэмжлэгчид үнэлгээний тайланг танилцуулж, тэмдэглэл хөтөлж гарын үсэг зурсан байдаг. Иймээс үүнээс хойш 7 хоногийн дотор бид шүүхэд гомдлоо гаргасан байгаа.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлд зааснаар шинжээч томилоод үнэлгээ гаргасан, энэ үнэлгээчин үнэлгээ гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль, хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг баримталж үнэлгээ гаргах ёстой. Үнэлгээ гаргасан Ашид билгүүн ХХК нь үнэлгээний тайландаа хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ мөн үнэлгээчин Ч- овогтой Ж- гэдэг хүний тусгай зөвшөөрлийг нотлох баримт болгож хавсаргаж явуулсан байсан. Тэгэхээр өнөөдөр энэ Ашид билгүүн гэдэг компани үнэлгээ гаргах эрхтэй юу үгүй юу гэдэг асуудал дээр эргэлзээтэй байгаа. Тус компани нь даатгалын хохирлын үнэлгээ гаргадаг эрх бүхий байгууллага, энэ тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос гаргадаг бөгөөд Санхүүгийн зохицуулах хороо энэ тусгай зөвшөөрлийг 3 хүртэлх жилийн хугацаагаар гаргадаг. Зөвшөөрлийн хугацаа дууссаны дараагаар хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаж 3, 3 жилээр хугацаагаа сунгаж явдаг хуулийн зохицуулалттай байдаг. Гэтэл Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайланд холбогдуулж өгсөн нотлох баримт нь зөвхөн Улсын бүртгэлийн хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар байгаагаас биш компанийн тусгай зөвшөөрлийг энэ тайланд хавсаргаагүй байсан. Ч- овогтой Ж- гэдэг хүн нь тус компанийн захирал байгаа бөгөөд хөрөнгийн үнэлгээ гаргах тусгай зөвшөөрөл нь хуулийн этгээд дээр биш хувь хүн дээр олгосон байдаг. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгэн дээр үйл ажиллагааны чиглэл дээр нь хөрөнгийн үнэлгээ хийх гэж байгаа боловч үүнийг даатгалын хохирлын үнэлгээ түүнтэй холбоотой даатгуулсан хөрөнгийн үнэлгээ гаргах эрх гэж ойлгож байна. Мөн үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур гаргасан гэж үзэж байна. Тус байртай яг ижил 3 өрөө байр 73.000.000 төгрөгөөр зарагдсан байдаг. Иймээс үнэлгээг хүчингүйд тооцож өгнө үү гэв.

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бадамханд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2500 дугаартай захирамжаар төлбөр төлөгч Н.П-, Ц.О- нараас 85.328.706 төгрөгийг гаргуулж Капитрон банканд олгохоор шийдвэрлэсэн байдаг. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа биеэр болон мэдэгдэх хуудсаар өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул шүүгчийн захирамжид үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заагдсан барьцааны хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн Ү-2201029571 дугаартай Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 18-р хороо 13а байрны 03-р орцны 00 тоот 9 м/кв талбайтай нэг өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201005053 дугаартай Сонгинохайрхан дүүрэг 18-р хороо 10-р байр 31 тоот 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2019 оны 01-р сарын 22-ны өдрийн 18070758/08, 18070758/09 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн. 2019 оны 02-р сарын 01-ний өдрийн 129/01 тоот, 129/02 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор хураан авч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар талуудаас үнийн санал авах ажиллагааг зохион байгуулахад талууд үнийг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар 2019 оны 02-р сарын 25-ны өдөр 2019/09 тоот тогтоолоор Ашид билгүүн ХХК-ийг шинжээчээр томилсон. Ашид билгүүн ХХК дээрх үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг Эрхийн улсын бүртгэлийн Ү-2201029571 дугаартай Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 18-р хороо 13а байрны 03-р орцны 00 тоот 9 м/кв талбайтай нэг өрөө орон сууцыг 7.265.200 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201005053 дугаартай Сонгинохайрхан дүүрэг 18-р хороо 10-р байр 31 тоот 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 61.075.440 төгрөгөөр үнэлсэн талаар талуудад мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу хийгдэж байгаа бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан бөгөөд мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална гэж заасан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  09 дүгээр сарын 13-ны өдрийн 845 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д тус тус заасныг баримтлан Ц.О-ийн Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Ашид билгүүн ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулах тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Ц.О-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ц.О- давж заалдсан гомдолдоо:

            Би Дархан-Уул аймаг дахь ШШГА-нд холбогдуулан “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээг хүчингүйд тооцуулах шаардлага бүхий гомдлоо шүүхэд гаргасан. Би шүүхэд гаргасан гомдолын үндэслэлдээ холбогдуулан Улаанбаатар хот, Сонгино хайрхан дүүргийн 18-р хороо 10-р байрны 31 тоот 3 өрөө орон сууцны хөрш 30 тоот 3 өрөө орон сууцыг худалдсан, худалдан авсан талаарх гэрээг хэрэгт нотлох баримт болгож шүүх хурал дээр өгөхөд, шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй, өөрөөр хэлбэл нотариатаар гэрчлүүлээгүй байна гэж хүлээн аваагүй. “Ашид билгүүн” ХХК нь даатгалын хохирлын үнэлгээ гаргах эрх бүхий компани юм. ШШГүйцэтгэгчийн надад танилцуулсан үнэлгэн дээр зөвхөн дээрх үнэлгээ гаргах эрхтэй компани болохыг гэрчилсэн гэрчилгээ л хавсаргаатай байсан. СЗХорооноос олгосон тусгай зөвшөөрөл нь үнэлгээний материалд байхгүй байсан учраас би тус компанийг үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ гаргах эрх бүхий субъект биш гэж үзэж байгаа юм. Ч- овогтой Ж- гэж хувь хүнд олгосон тусгай зөвшөөрлөөр “Ашид билгүүн’ ХХК нь хуулийн этгээдийн үйл ажиллагаа явуулж үнэлгээ гаргаж, Ч.Ж-ы гарын үсгийг сканердаж. зурдаг юм байна гэж би ойлгосон. Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ гаргах эрхгүй компани 73.000.000 төгрөгөөр зарагдаж буй 3 өрөө орон сууцыг зах зээлийн үнээс хамаагүй доогуур 61.750.444 төгрөгөөр, 1 өрөө орон сууцыг 7.265.200 төгрөгөөр үнэлж миний хөрөнгийг үнэгүйдүүлж байгаад би гомдолтой байна.  Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадсангүй. Иймд анхан шатын шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байх тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд зохигчдын дунд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгч Ц.О- шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа болох “Ашид билгүүн “ ХХК-ийн үнэлгээний тайланг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж үндэслэлдээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь үнэлгээний тайлангаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу хуулийн хугацаанд мэдэгдээгүй, үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн мөн “Ашид билгүүн” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх эрхгүй этгээд  гэжээ.

Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн хөрөнгийг барьцаалах, битүүмжлэх, хураах үйл ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулиар зохицуулсан байдаг.

Үүний дагуу төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжлэх, хураах үнэлгээ тогтоолгох зэрэг ажлуудыг шүүхийн шийдвэр биелүүлэх алба хуульд заасны дагуу явуулжээ.

            Төлбөр төлөгч болон авагч нар барьцааны хөрөнгөөр төлбөрийг төлөх асуудалд үнийн санал тохиролцоонд хүрч чадаагүй тохиолдолд шүүхийн шийдвэр биелүүлэх алба эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох журмын дагуу үнэлгээ хийх ажиллагааг зохион байгуулсан байна.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар  үнэлгээчин гэж хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн хуулийн этгээдийг хэлэхээр зохицуулжээ.

Үнэлгээчин үйл ажиллагаагаа аж ахуйн нэгжийн хэлбэрээр явуулж болно гэж тус хуульд заасны дагуу хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий Ч.Ж- нь “Ашид билгүүн” ХХК-ийн гүйцэтгэх захирлын хувьд хөрөнгийн үнэлгээ хийж уг тайлангаа  баталгаажуулж ирүүлсэн нь “шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур шинжилгээ  хийлгэсэн тохиолдолд шинжээчийн дүгнэлтийг тухайн байгууллагын тэмдэг, шинжээчийн гарын үсгээр баталгаажуулна” гэсэн шүүхийн Шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6- д заасантай нийцэж байна.

            Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн эд хөрөнгийн үнэлгээ хийлгэх эрхгүй этгээдийн гаргасан үнэлгээний тайлан нь хууль бус байна гэсэн гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.

Түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо шинжээч нь хууль болон олон улсын үнэлгээний стандартад заасан ямар үзүүлэлтүүд болон хандлагыг буруу тодорхойлсон талаар болон тухайн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ өндөр байх ямар давуу тал, боломж байгаа талаар шүүхэд нэхэмжлэгч баримт гаргаж мэтгэлцээгүй байна.

            Иймд анхан шатны шүүхийн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэх дүгнэлтийн буруутгах боломжгүй юм.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  09 дүгээр сарын 13-ны өдрийн 845 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.О-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

 

                                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ЭНХЖАРГАЛ

                                                          ШҮҮГЧИД                                   Л.АМАРСАНАА

                                                                                                              О.НАРАНГЭРЭЛ