Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2020/00621

 

Ц.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 845 дугаар шийдвэр,

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 102 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Ц.О-

          Хариуцагч: Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар – 445 дугаар нээлттэй хорих ангид холбогдох

          Үнэлгээний тайлан хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Миний бие нөхөр Н.П-гийн хамт хувиараа бизнес эрхлэж байгаад 2017-04-19-ний өдөр Капитрон банкнаас 73,500,000 төгрөгийн зээл авч, ээж Д.Н-гийн өмчлөлийн 3 өрөө орон сууцыг 00-н өрөөний хамт барьцаанд тавьсан. Ингээд сар бүр тодорхой хэмжээгээр төлж яваад миний бие өвдөж цаашид зээлээ ч төлж чадахгүй байдалд хүрсэн. Улмаар шүүхийн шийдвэр гарч Дарханы шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Б.Энхмаа гэж хүн намайг, нөхрийн хамт дуудаж тайлбар авсан. Ингээд цаашаагаа намайг голцуу, нөхөр П-г байлцуулалгүй /нэг ч удаа болов/ дуудаж мэдэгдэхгүйгээр гэнэтхэн 2019-04-10-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч н.Бадамханд дуудаад 2019-03-19 өдөр гаргасан гэх “Ашид билгүүн” ХХК-н үнэлгээний тайлантай танилц гээд 2ш хуудас хуулбарлан өгөөд гаргасан. Би энэ эд хөрөнгүүдийн өмчлөгч атал маш доогуур үнэлсэн үнэлгээний тайланг шүүхийн шийдвэр эх хувийг нь өгөхгүй дүр эсгэх төдийгөөр танилцуулсан гэсэн /гарын үсэг зуруулах зарчмаар л/ хуулийн хугацаа хэтрүүлж танилцуулсан нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Яагаад 2019-03-19-ний өдөр гаргасан шүүхийн шийдвэрт ирүүлсэн тайланг бараг сарын дараа надад эх хувийг өгөхгүйгээр нэг хагас дутуу 2ш хуудас хуулбарлан өгч байгаа юм бэ. ШШГТХ-г харахад үнэлгээний тайланг ирүүлсэн бол ажлын 3 хоногийн дотор талуудад танилцуулна гэсэн байтал бараг сарын дараа хуульд заасан хугацаа хэтрүүлж ажиллагаа хийсэн. Ээж Д.Н- маань 85 настай буурай байдаг. Гэтэл өндөр настай, өвчтэй ээжийг маань шүүхийн шийдвэрийнхэн байнга гэр оронд нь очиж үнийн санал өг гэж дарамталдаг. Төлбөр төлөгчийн байр сууринаас ээжийг минь дарамталж байгаад маш их санаа зовж байна.. хэрвээ 3 өрөө орон сууц анх 61 сая төгрөгөөр үнэлэгдэж зарагдахгүй бол 30 сая төгрөгөөр 2 дахь дуудлага худалдаанд орж, энэ үнээр банк авах болно. Гэтэл би 83 сая төгрөгийн өртэй атал 30 саяаар байраа банкинд өгч дахиад 53 сая төгрөгийн өртэй үлдэнэ. Ийм хүнд байдалд намайг оруулж байгаа тул үнэлгээний ажиллагааг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

         Хариуцагч тайлбартаа: Тус шүүхийн шүүгчийн 2018-05-30-ны өдрийн 2500 дугаартай захирамжаар төлбөр төлөгч Н.П-, Ц.О- нараас 85,328,706 төгрөгийг гаргуулж Капитрон банканд олгохоор шийдвэрлэсэн байдаг. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа биеэр болон мэдэгдэх хуудсаар өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул шүүгчийн захирамжид үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заагдсан барьцааны хөрөнгө болох СХД-н ..-р хороо .. байрны ... 00 тоот 9 м/кв талбайтай нэг өрөө орон сууц, ..-р байр .. тоот 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2019-01-22-ны өдрийн 18070758/08, 18070758/09 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн. 2019-02-01-ний 129/01 тоот, 129/02 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор хураан авч ИХ-н 177.1-т зааснаар талуудаас үнийн санал авах ажиллагааг зохион байгуулахад талууд үнийг харилцан тохиролцоогүй тул ШШГТХ-н 55.2.2-т зааснаар 2019-02-25-ны өдөр 2019/09 тоот тогтоолоор Ашидбилгүүн ХХК-ийг шинжээчээр томилсон. Ашидбилгүүн ХХК дээрх үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг .. 00 тоот 9 м/кв талбайтай нэг өрөө орон сууцыг 7.265.200 төгрөгөөр, .. тоот 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 61,075,440 төгрөгөөр үнэлсэн талаар талуудад мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу хийгдэж байгаа бөгөөд ШШГТХ-н 55.7-д талууд үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан бөгөөд мөн хуулийн 42.2-т шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална гэж заасан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 845 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д тус тус заасныг баримтлан Ц.О-ийн Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар Ц.О-ээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна. 

        Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 102 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 845 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Ц.О-ийн гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар нэхэмжлэгчээс гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

        Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Би шүүхэд гаргасан гомдлын үндэслэлдээ холбогдуулан УБ хот, СХД-н ..-р хороо ..-р байрны .. тоот 3 өрөө орон сууцны хөрш .. тоот 3 өрөө орон сууцыг худалдсан, худалдан авсан талаарх гэрээг хэрэгт нотлох баримт болгож шүүх хурал дээр өгөхөд, шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй, өөрөөр хэлбэл нотриатаар гэрчлүүлээгүй байна гэж хүлээн аваагүй. Би хөрш айлын хүнээс гэрээний хуулбарыг нь гуйж аваад нотариатын газар очиход нотариатч эх хувь биш байна гээд баталж өгөөгүй юм. Тиймээс би олдсон баримтаа шүүхэд өгөхөд хүлээн авахаас татгалзсан атлаа шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ ... Гомдол гаргагч Ц.О- нь шүүхэд гаргасан гомдлын үндэслэлээ тодорхойлж нотолж чадаагүй ...гэж дүгнэсэн нь миний эрх ашгийг хохироож байна. Шүүх хэргийн оролцогчийн гаргаж өгсөн баримтыг хүлээн аваад хэрэгт хавсаргаж хэрэг шийдвэрлэхдээ үндэслэлтэй эсэх, шаардлага хангасан эсэх талаараа дүгнэлтээ хийх ёстой гэж би үзэж байна. Мэтгэлцэх зарчмаар хангахгүй, баримтыг минь хүлээн аваагүй байж үндэслэлгүй дүгнэлт хийсэн . Мөн “Ашид билгүүн” ХХК нь даатгалын хохирлын үнэлгээ гаргах эрх бүхий компани гэдэг нь ШШГүйцэтгэгчийн надад танилцуулсан үнэлгээн дээр хавсаргасан гэрчилгээнээс харагдаж байсан. Энэ үед СЗХорооноос олгосон тусгай зөвшөөрөл нь үнэлгээний материалд байхгүй байсан учраас би тус компанийг үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ гаргах эрх бүхий субъект биш гэж үзэж, ойлгосон юм. Ч.Жамъян гэж хувь хүнд олгосон тусгай зөвшөөрлөөр “Ашид билгүүн” ХХК нь хуулийн этгээдийн үйл ажиллагаа явуулж үнэлгээ гаргаж, иргэн миний хөрөнгийг үнэгүйдүүлж зах зээлийн ханшаас 40-30% доогуур үнэлж үнэлгээ гаргасан байсан. Өөрөөр хэлбэл: Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ гаргах эрхгүй компани нь тухайн орчиндоо 73сая төгрөгөөр зарагдаж буй 3 өрөө орон сууцыг зах зээлийн үнээс хамаагүй доогуур 61,750,444 төгрөгөөр, 1 өрөө орон сууцыг 7,265,200 төгрөгөөр үнэлж миний хөрөнгийг үнэгүйдүүлж байгаад би гомдолтой байна. Үнэлгээний компаниуд үнэлгээг гаргахдаа цаана нь өр ширд орсон иргэн хүний амьдрап байгаа гэдгийг харахгүйгээр зөвхөн өөрийн байгууллагын эрх ашгийг бодож байдаг нь илэрхий байхад үнэлгээг дахин гаргуулж бидний маргааныг зохистой байдлаар шийдвэрлүүлж өгөхөд юу нь болохгүй байдаг юм бол? гэж би гомдож байгаа шүү. Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхүүд хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь зөв зүйтэй үнэлж чадсангүй, нэг талыг барьсан үндэслэлгүй шийдвэр гаргасан байх ба ингэснээрээ шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна гэж үзэхээр байна. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож гомдлын шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        Ц.О- нь 2019-04-17-ны өдөр Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар – 445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ..-р хороо, ..-р байр .. тоот орон сууцны  үнэлгээг / 2019-03-19-ны өдрийн ТХҮ-219-02 дугаар/ хүчингүй болгохыг шаарджээ.

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хуульд нийцсэн гэж үзжээ. 

        Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, шүүх Н.П-, Ц.О- нараас /хх1,40/-д төлбөр гаргуулах талаар 2018-05-30-ны өдөр 2500 дугаар шийдвэр гаргасан гэх бөгөөд зохигч маргаагүй тул энэ үйл баримтыг шүүх тогтоогдсон гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт нийцжээ.

        Шүүхийн шийдвэрт заасан төлбөр төлөгдөөгүй тул албадан гүйцэтгэх ажиллагаа эхэлж, хариуцагч нь Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ..-р хорооны ..-р байрны .. тоот орон сууц, мөн хорооны, ..-р байр 00 тоот орон сууцыг тус тус битүүмжлэн, хурааж  үнэлгээ хийлгэсэн. Шинжээч ..-р байрны .. тоот орон сууцны үнэлгээний 2019-03-19-ны өдрийн ТХҮ-219-02 дугаар тайланг, мөн ..-р байрны 00 тоот орон сууцны үнэлгээний  2019-03-21-ны өдрийн ТХҮ-219-03 дугаар тайланг Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар – 445 дугаар нээлттэй хорих ангид хүргүүлсэн, үнэлгээтэй нэхэмжлэгч танилцсан байна. 

        Дээрхи 2 үнэлгээнээс Ц.О- нь Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ..-р хороо, ..-р байр .. тоот орон сууцны үнэлгээг / 2019-03-19-ны өдрийн /ТХҮ-219-02 дугаартай/ хүчингүй болгохыг шаардсан боловч хариуцагч битүүмжлэх, хураах, үнийн санал авах, үнэлүүлэх ажиллагаа явуулахдаа хууль зөрчөөгүй, нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдоогүй, нэхэмжлэлийн талаарх шүүхийн дүгнэлт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зохицуулалтыг зөрчөөгүй байна. 

          2. Эд хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо хариуцагч тал хууль зөрчсөн гэх байдал нотлогдоогүй, үнэлгээг зах зээлийн ханшнаас хэт доогуур тогтоосон гэж үзэх баримтгүй байх тул шүүх хэргийг шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.  

        Өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтыг гаргаж өгөх, цуглуулах үүргийг талууд хүлээнэ. Шүүх хэрэгт байгаа баримт, зохигчийн гаргаж өгсөн баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэнэ.

            Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан шаардлага, түүний үндэслэлийг баримтаар нотлож чадаагүй тул шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 116 дугаар зүйлийн 116.2,116.3-т нийцсэн байна. 

          3. Нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгнө. Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

        Түүнчлэн, хүсэлтийг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан нь тогтоогдсон тохиолдолд шүүх хүсэлтийг хүлээн авч болно. 

        Нэхэмжлэгч тал шаардлага хангаагүй баримтыг шүүх хуралдаан дээр гаргаж өгснийг шүүх хүлээн аваагүй нь буруу биш байна. 

        Нотлох баримт бүрдүүлэх зохигчийн эрхийг хязгаарласан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл бий болоогүй байх тул  шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 38.7., 44 дүгээр зүйлийн 44.2.,105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсгийн зохицуулалтыг зөрчөөгүй гэж үзнэ.    

       4. Шинжээч үнэлгээ хийх эрхгүй гэх гомдол үндэслэлгүйгээс гадна баримтгүй байх тул хяналтын гомдлыг хангах боломжгүй байна.

       Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 2012-10-19-ны өдрийн 000143682 дугаар гэрчилгээний хуулбар /хх 71/-с үзвэл Ашидбилгүүн ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийх /2017-01-11-2020-01-11/ үйл ажиллагааны чиглэлтэй, үнэлгээчин Ч.Жамъян нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн 16012104 дугаар гэрчилгээтэй /хх 72/ нь тогтоогджээ. 

       Иймд энэ талаарх шүүхийн дүгнэлт Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн  10 дугаар зүйлийн 10.1.2., Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1., Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.9 дахь хэсэгт нийцсэн байна.   

       5. Хоёр шатны шүүх хэрэгт байгаа баримт, нэхэмжлэлийн шаардлага,зохигчийн тайлбарын талаар дүгнэлт хийхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.   

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 845 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 102 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.О-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.О-ээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ