Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тогтоол

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 142/ШШ2017/00847

 

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 142/ШШ2017/00847

Орхон аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Ариунцэцэг даргалж, ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн, Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.И

Нэхэмжлэгч: Б.И

Монгол Улсын төрөөс гэм хорын хохиролд 27 502 300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.И , Б.Э , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Н , Монгол Улсын төрийг төлөөлж прокурор Ц.М , иргэдийн төлөөлөгч Я.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов. 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.И , Б.Э бид эхнэр нөхөр хүмүүс бөгөөд хувийн "ЭО " ХХК-ийн нэр дээр хувийн хэвшлийн чих, хамар, хоолойн эмнэлгийг зохих зөвшөөрөл, лицензийн дагуу ажиллуулдаг. Бид эмнэлгээ өргөтгөх, нөхцөлийг сайжруулах зорилгоор 2004 оны 10 дугаар сарын 04-нд "ЦИ " ХХК-ийн 1 026 м.кв байрыг урт хугацааны гэрээгээр худалдан авахаар гэрээ хийж, эзэмших болсон. "ЦИ " байрны өмчлөлийг хожим шилжүүлэн өгсөн. Бид эмнэлгийн хүмүүс зах зээлийн хандлага, барилгын ашиглалт, орлого зэргийг дутуу тооцсоноос гэрээний үнэ төлөлт хангалттай байж чадахгүй байсан тул худалдагчийн саналаар 2007 оны 02 дугаар сарын 25-ны өдөр дахин гэрээ хийж, өмнөх гэрээг хүчинтэй үлдээгээд төлбөр хийгдэх хүртэл түрээс төлж байхаар тохиролцсон. Түрээс зарим үед саатсан ч төлөгдөж явсан. Гэтэл "ЦИ " ХХК-ийн захирал Б.В агсан барилга олигтой ашиглаж, эсхүл зарж үрж мөнгө төлж чадахгүй байна гэж гомдоллон 2009 онд Цагдаагийн байгууллагад хандсанаар 2009 оны 10 дугаар сарын 28-нд Эрүүгийн № тоот хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Ингээд бидэнд 2009 оны 11 дүгээр сарын 16, 17-нд таслан сэргийлэх арга хэмжээ авч мөн өдрөө Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар сэжигтнээр татсан. Улмаар 2010 оны 2 дугаар сарын 24-нд Эрүүгийн хуулийн 148.4 буюу онц хүнд гэмт хэрэгт яллагдагчаар татаж ял сонсгосон. Энэ зүйл ангиар сонсгосон ял Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 13-ны 14 тоот цагаатгах тогтоол гартал хэвээр үргэлжилсэн ба 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Улсын Дээд шүүхийн эцсийн шийдвэр гарснаар энэ ял, хариуцлагаас бүрэн чөлөөлөгдсөн. Энэ хугацаанд

а. Прокуророос: 2011 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 89 тоот яллах дүгнэлт /ЭХ-ийн 148.4/2012 оны 08 дугаар сарын 25-ны өдөр № тоот яллах дүгнэлт /ЭХ-ийн 148.4/2012 оны 06 дугаар сарын 19-ны өдөр - тоот яллах дүгнэлт /ЭХ-ийн 148.4/2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр . тоот яллах дүгнэлт /ЭХ-ийн 148.4/2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр : тоот яллах дүгнэлт /ЭХ-ийн 148.4/ тус тус үйлдэн шүүхэд шилжүүлж,

б.Орхон аймаг дахь анхан шатны шүүхээс: 2010 оны 10 дугаар сарын 13-нд хэлэлцэж хэргийг мөрдөн байцаалтад буцаах тухай 76 тоот шүүхийн тогтоол2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн : тоот шийтгэх тогтоол2012 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн яллагдагчийг шүүхэд шилжүүлэхгүйгээр хэргийг буцаах шүүгчийн 172 тоот захирамж2013 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 43 тоот цагаатгах тогтоол2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 14 тоот цагаатгах тогтоол тус тус гарсан.

в.Давж заалдах шатны шүүхээс: 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 58 тоот магадлал /76 тоот шүүхийн тогтоолыг хэвээр үлдээсэн/2011 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 78 тоот магадлал / : тоот шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн/2013 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 39 тоот магадлал / 43 тоот цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон/2014 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 31 тоот магадлал /14 тоот цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсэн/ тус тус гарчээ. Эдгээрийн 2 нь гэм буруутай гэж үзсэн, 1 нь шалга гэсэн, 1 нь гэм буруугүй гэсэн агуулгатай байна.

д.Хяналтын шатны шүүхээс: Улсын Дээд шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 130 тоот тогтоол /хэрэгт ач холбогдол бүхий байдлыг дахин шалгуулахаар мөрдөн байцаалтад буцаасан/

2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 199 тоот тогтоол /Цагаатгах тогтоол, магадлалыг үндэслэлтэй гэж үзэж хэвээр үлдээсэн.

е.Бусад байдлууд: Прокурор Д.И , Б.Э нарыг яллуулахаар 3 удаа давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн, Гэмт хэрэг үйлдэгдсэн гэх үед байгаагүй Эрүүгийн хуулийн зүйл ангиар буюу 148.4-өөр 5 удаа шүүхийн өмнө ялласан, Д.И энэ хэргийн улмаас 186 хоног /хорих ангид хүргэгдэж ял эдлэх, цагдан хоригдох байдлаар/ хоригдсон. Энэ хэрэгтэй холбогдуулан бүх өмчийг 2010 оны 4 дүгээр сарын 20-28 хооронд битүүмжилсэн нь шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 708 тоот захирамж гартал хэвээр байсан. Анх сэжигтнээр тооцож таслан сэргийлэх арга хэмжээ авсан 2009 оны 11 дүгээр сарын 16-наас сүүлчийн цагаатгах тогтоол гарч, тэр нь давж заалдах шатны шүүхээр хэвээр үлдэх 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл 1 593 хоног таслан сэргийлэх арга хэмжээтэй, онц хүнд гэмт хэрэгт яллагдагчаар татсан, 2010 оны 02 дугаар сарын 24-нөөс цагаатгах тогтоол гарч, тэр нь давж заалдах шатны шүүхээр хэвээр үлдэх, 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 1 410 хоног яллагдагчийн эрх зүйн байдалтай, 73 хоног цагаатгагдсан этгээд гэсэн нэртэй явсан. Д.И , Б.Э нар 5 удаа яллах дүгнэлттэй шүүхэд шилжин, 4 удаа шүүх хуралдаан дээр яллагдан Д.И нь энэ хэргийн учир цагдан хоригдох, хорих газарт ял эдлэх байдлаар 186 хоног хоригдсон, Б.Э торгох ялаар шийтгэгдэж байсан. Эдгээр нөхцөл байдлыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр бүлэг /388-3- дугаар зүйл/-ийг баримтлан гэм хорын хохирол нөхөн төлүүлэхээр энэ нэхэмжлэлийг гаргаж байна.

Нэхэмжлэх хохирлууд:

1.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1.1-д зааснаар Д.И ийн цагдан хоригдсон, хорих ял эдэлсэн 186 хоногт оногдох цалин хөлсийг 2011 оны 10 дугаар сарын 10-наас 2012 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл тооцон 1 235 000 төгрөг,

2.Эрүүгийн хэргээс энэ нэхэмжлэлийг гаргахын тулд нотлох баримт хуулбар хийлгэн авч бүрүүлсэн зардал 47 500 төгрөгийг ЭБШХ-ийн 390.1.4-т зааснаар,

3.Энэ хэргийн учир МӨХ, МХХ-ны гишүүн өмгөөлөгч Р.Нямцэрэнг 4 жил 7 сар ажиллуулж төлсөн хууль зүйн туслалцааны хөлс 4 200 000 төгрөг, өмгөөлөгч А.Төмөрчулууныг нэг удаа ажиллуулсан хөлс 1 000 000 төгрөг, бүгд 5 200 000 төгрөгийг ЭБШХ-ийн 390.1.5-д зааснаар,

4.Б.Э , Д.И нарын эзэмшдэг "ЭО " ХХК-ийн өмчийг битүүмжилж өмчлөгчийн захиран зарцуулах эрхийг хязгаарласан хугацаанд төлсөн үл хөдлөх эд хөрөнгийн татвар 2 512 800 төгрөгийг ЭБШХ-ийн 393.1-д зааснаар,

Сэтгэл санааны үр дагавар хохирлыг:

а. Д.И ийн цагдан хоригдсон, хорих ял эдэлсэн нэг хоногт 50 000 төгрөгөөр тооцон /186х50 000/ 9 300 000 төгрөг,

б.Д.И ийн таслан сэргийлэх арга хэмжээтэй, удаа дараа яллагдаж байсан нэг хоногт 4 000 төгрөгөөр тооцож /1209 х 4000/ 3 627 000 төгрөг,

в.Б.Э ын байнга таслан сэргийлэх арга хэмжээтэй удаа дараа яллагдаж байсан нэг хоногт 4000 төгрөгөөр тооцож /1395 х 4000/ 5 580 000 төгрөг, сэтгэл санааны үр дагавар эдгээр бүгд 18 507 000 төгрөгийг ЭБШХ-ийн 388 дугаар зүйлийн 388.1 дэх заалт, 391 дүгээр зүйлийг үндэслэн тус тус гаргуулна уу.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.7-д зааснаар энэ нэхэмжлэл хураамжаас чөлөөлөгдөнө.Нэхэмжлэлийн нийт дүн 27 502 300 төгрөг болно гэв.

Орхон аймгийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:...2009 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Б.В нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг Цагдаагийн байгууллагад гаргаж 2009 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ЭБШХ-ийн 166, 173 дугаар зүйлд заасан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байна. ЭБШХ-ийн 44 дүгээр бүлэгт дараах 2 тохиолдолд төрөөс хохирол гаргуулахаар зохицуулсан. ЭБШХ-ийн 388 дугаар зүйлийн 388.1...хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч, прокурор шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирол..., 389 дүгээр зүйлийн 389.1 ...иргэнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон..., энэ заалтаар иргэнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсэн тохиолдлуудад төрөөс гэм хорын хохирол нөхөн төлүүлэхээр заасан. Эрүүгийн 20935363 тоот хэрэгт Д.И , Б.Э нарт ЭБШХ-ийн 62 дугаар зүйлд заасан үндэслэлээр таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх бөгөөд Д.И ийг анх 2011 оны 10 сарын 10-ны өдрийн : тоот шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулж түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсон байна. 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 08 тоот шүүгчийн захирамжаар Д.И д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж бусдын батлан даалтанд өгсөн ба 2011 оны 2 сарын 15-ны өдрийн 78 тоот магадлалаар Сум дундын шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн : тоот шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Д.И д авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсон. Дээрх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үндэслэлүүдээс үзэхэд хэргийг шалгах үндэслэл байсан. Цагдан хорих гарцаагүй нөхцөл байдал байхгүй байхад хууль бусаар цагдан хорьсон хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн буруутай үйл ажиллагааг тогтоогоогүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна. Сэтгэл санааны хохирол буюу байнга таслан сэргийлэх арга хэмжээтэй удаа дараа яллагдаж байсан гэх Д.И ийн цагдан хоригдсон хорих ял эдэлсэн нэг хоногт /186x50 000/ төгрөгөөр тооцон 9 300 000 төгрөг, Д.И , Б.Э нарын таслан сэргийлэх арга хэмжээтэй удаа дараа яллагдаж байсан нэг хоногт 4000 төгрөгөөр тооцож Д.И /1209x4000/ 3 627 000 төгрөг, Б.Э /1395x4000/ 5 580 000 төгрөг, сэтгэл санааны үр дагавар эдгээр бүгд 18 507 000 төгрөгийг нэхэмжилсэн үндэслэлгүй байх бөгөөд Иргэний хуулийн 230 дугаар зүйлд эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй боловч сэтгэл санааны гэм хорыг арилгах талаар хуульд зохицуулаагүй, хэдий хэмжээний хохирол учирсан гэдгийг тооцох аргачлал байхгүй байхад юуг үндэслэж хоногийн 4000 төгрөгөөр тооцсон нь ойлгомжгүй байна. Мөн нэхэмжлэл гаргахын тулд эрүүгийн хэргээс нотлох баримт хуулбарлаж авсан зардал 47 500 төгрөг нэхэмжилсэн байна. Иргэний хэргийн зохигч өөрөө нэхэмжлэлийн шаардлага, татгалзлаа нотлох, нотлох баримтыг бүрдүүлэх, цуглуулах үүрэгтэй бөгөөд энэ үүргийнхээ дагуу нотлох баримт бүрдүүлсэн зардлыг төрөөс гаргуулах боломжгүй юм. ЭО ХХК-ийн өмчийг битүүмжилж өмчлөгчийн захиран зарцуулах эрхийг хязгаарласан хугацаанд төлсөн үл хөдлөх эд хөрөнгийн татвар 2 512 800 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна. Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 393 дугаар зүйлийн 393.1-д хууль бус ажиллагааны улмаас хуулийн этгээдэд учирсан хохирлыг төр хариуцна'' гэж заасан бөгөөд өөрсдийн өмчлөлд байгаа үл хөдлөх эд хөрөнгийн татварыг төлөх нь өмчлөгчийн үүрэг тул 2 512 800 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй юм гэжээ.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Д.И , Б.Э  нар нь Монгол улсын төрөөс гэм хорын хохиролд нийт 27 502 300 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн 1-д зааснаар хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг хүн, хуулийн этгээд өөрөө, түүний хууль ёсны төлөөлөгч, эсхүл тухайн хүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч гаргаж болно, мөн хуулийн 45.8 дугаар зүйлийн 3, 6-д заасан хугацааны дотор оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хүлээн авч шийдвэрлэсэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасны дагуу прокурорыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийн нэрийн өмнөөс оролцуулсан болно.

Нэхэмжлэгч Д.И , Б.Э  нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Бидэнд холбогдуулан Орхон аймгийн Прокурорын газраас удаа дараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3, 148.4-д зааснаар яллаж, яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн шүүх цагаатгах болон шийтгэх тогтоол гаргаж байсан. 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 199 тоот Улсын Дээд шүүхийн тогтоол гарч бидэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан. Иймд бид Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 388, 389 дүгээр зүйлд заасны дагуу гэм хорын хохирол болох нийт 27 502 300 төгрөгийг Монгол улсын төрөөс нэхэмжилж байна гэж тайлбарлаж байна.

Орхон аймгийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс...Д.И , Б.Э нарт эрүүгийн хэрэг үүсгэж шалгах шаардлага байсан. Д.И 186 хоног цагдан хоригдсон боловч эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 62 дугаар зүйлд заасан үндэслэлээр түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь хууль зүйн үндэстэй байна. Мөн энэ гэмт хэргийн тухайд удаа дараа шүүхээс гэм буруутай гэж шийдвэр, магадлал гарсан байдаг. Тийм учраас хэргийн хувьд илтэд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй шалгасан зүйл биш юм. Хэдийгээр Улсын Дээд шүүхээс эцсийн байдлаар цагаатгагдсан хэдий боловч тухайн үедээ Эрүүгийн хэрэг үүсгэгдэж, шалгагдах шаардлагатай байсан. Шат шатны шүүхээр тэднийг гэм буруутайд тооцож, дүгнэлт өгч байсан. Тийм учраас бид нар буруугүй хүнийг буруутай гэж шалгаагүй. Иргэний хуульд сэтгэл санааны хохирол гэсэн заалт байдаг боловч сэтгэл санааны хохиролд гэж ямар тооцоогоор нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна. Нотлох баримт хуулбарласан 47 500 төгрөгийн зардлыг мөн гаргах боломжгүй. Иргэний хуульд нэхэмжлэгч өөрөө нотлох баримт бүрдүүлэх үүрэгтэй гэж заасан байдаг. Түүний дагуу эдгээр баримтуудыг бүрдүүлсэн учир хангах боломжгүй юм. Мөн эд хөрөнгө битүүмжилсэнээс үл хөдлөх хөрөнгийн татварт 2 512 800 төгрөгийг төлсөн гэж байна, өөрсдийнх нь нэр дээр байсан үл хөдлөх эд хөрөнгө учраас тэр татварыг нэхэмжлэх боломжгүй. Тийм учраас нэхэмжлэлээс хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж тайлбар гаргаж байна.

Орхон аймгийн Цагдаагийн газраас Д.И , Б.Э  нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-д зааснаар ял сонсгож яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлсэн хэргийг Орхон аймаг дахь Сум дундын шүүх хянан хэлэлцээд 2010 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 76 дугаар шүүхийн тогтоолоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж шийдвэрлэсэн, дахин Прокуророос 2011 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Д.И , Б.Э  нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-д заасан яллах дүгнэлтийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 болгон Д.И ийг 5 жил 1 сарын хугацаагаар хорих, Б.Э ыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 300 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 12 000 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн, энэ тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 78 тоот магадлалыг тус тус хянаад Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхээс 2012 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 130 дугаартай тогтоол гарч дээрхи шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасан, 2012 оны 06 дугаар сарын 19-нд шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Прокуророос шүүхэд шилжүүлснийг шүүх нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан, 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 43 дугаар цагаатгах тогтоол гарч шүүгдэгч Д.И , Б.Э  нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан, 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 39 дүгээр магадлалаар давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон, 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Прокуророос дахин шүүгдэгч нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг шүүх хянан хэлэлцээд 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 14 дүгээр цагаатгах тогтоол гаргасныг давж заалдах шатны шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 31 тоот магадлал, Улсын дээд шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 199 дүгээр тогтоолоор тус тус хэвээр үлдээж, Д.И , Б.Э  нарт холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Д.И , Б.Э  нарыг цагаатгаж шийдвэрлэсэн үйл баримт болсон нь хэрэгт авагдсан эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалт явуулах тогтоол, сэжигтэн яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтүүд, шийтгэх болон цагаатгах тогтоолууд, Улсын Дээд шүүхийн тогтоолууд, нэхэмжлэгч нарын тайлбараар тогтоогдож байна.

Д.И , Б.Э  нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 14 дүгээр цагаатгах тогтоол, Давж заалдах шатны шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 31 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 199 дүгээр тогтоолууд хүчин төгөлдөр болсон тул нэхэмжлэгч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлд зааснаар ...эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах... бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Дараахь ажиллагааг хууль бусаар явуулсны улмаас тухайн хүнд учирсан хохирлыг мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана гэж, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-д хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана гэж тус тус заасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-д зааснаар нэхэмжлэгч Д.И , Б.Э  нарыг хууль бусаар ял шийтгэсэн, Д.И ийг цагдан хорьсон болон Д.И , Б.Э  нарт 2009 оноос 2014 оны хооронд гадагш явж болохгүй тухай баталгаа авах, батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсаны улмаас учирсан хохирлыг мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгах үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч Д.И  2011 оны 10 дугаар сарын 10-наас 2012 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл 186 хоног цагдан хоригдсон нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.6-д зааснаар дээрхи хугацаанд нэхэмжлэгчийн аваагүй цалин болох 1 235 000 төгрөгийг түүний нийгмийн даатгалын дэвтэрт үндэслэн тооцон олгох, мөн хууль зүйн туслалцаа авахад нэхэмжлэгч нарын төлсөн хөлс 5 200 000 төгрөгийг /хэрэгт авагдсан баримтаар 5 500 000 төгрөг байх боловч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд/ хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч, нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтыг өөрөө бүрдүүлж өгөх үүрэгтэй боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д .иргэнээр төлүүлсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон бусад зардлыг эд хөрөнгийн хохиролд тооцож нөхөн төлнө гэсэн заалтыг үндэслэн нэхэмжлэгч нарын эрүүгийн хэргээс нотлох баримт бүрдүүлэхэд төлсөн зардал болох 46 500 төгрөгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-д Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4 дүгээр зүйлийн 1-д Эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргана гэж заасан.

Нэхэмжлэгч Б.Э 1998 оноос одоог хүртэл Эрдэнэт хот, Орхон аймгийн нэгдсэн эмнэлэг, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн эмнэлэг сувилалын алба, Эрхэст Оргил ХХК-ийн чих, хамар хоолойн эмнэлэгт эмчээр, Д.И  2003 оноос Эрхэст Оргил ХХК-ийн чих, хамар хоолойн эмнэлэгт менежерээр ажиллаж, Орхон аймгийн төдийгүй ойролцоо аймгийн ард иргэдэд эмнэлэгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байсан ба нэхэмжлэгч нарыг онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан шалгаж 2009-2014 оны хооронд гадагш явж болохгүй тухай баталгаа авах, батлан даалтанд өгөх, таслан сэргийлэх арга хэмжээ авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар Д.И ийг 5 жил 1 сарын хугацаагаар хорих, Б.Э ыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 300 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 12 000 000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсэн, Д.И ийг 2011 оны 10 дугаар сарын 10-наас 2012 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл 186 хоног цагдан хорьсон, нэхэмжлэгч нарын холбогдсон хэргийн талаар олон нийтэд түгсэн мэдээллийн цар хүрээ зэргийг харгалзан Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийг төсөөтэй хэрэглэж, нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эдийн бус гэм хор буюу сэтгэл санааны хохиролд 18 507 000 төгрөг нэхэмжилсэнийг хангаж, нийт 24 988 500 төгрөгийг төрөөс гаргуулан нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй.

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа ...этгээд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч байна гэж заасан тул татварт төлсөн мөнгийг төрөөс нэхэмжилж байгааг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл ЭО ХХК үйл ажиллагаа явуулсан эсэхээс үл хамааран нэхэмжлэгч нар үл хөдлөх эд хөрөнгийн татварыг төлөх үүрэгтэй тул нэхэмжлэлийн шаардлагаас дээрхи хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Иймд Монгол Улсын төрөөс 27 502 300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.И , Б.Э нарын нэхэмжлэлийн шаардлагаас ЭО ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн татварт төлсөн 2 512 800 төгрөг, эрүүгийн хэргээс нотлох баримт авсан зардлын баримтаас илүү нэхэмжилсэн 1000 төгрөг нийт 2 513 800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг шүүхийн шийдвэрт дурдав.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 135 дугаар зүйлийн 135.2.14 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 4- дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, 511 дүгээр зүйлийн 511.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1, 45.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 45.4 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан Монгол улсын Засгийн газрын нөөц сангаас 24 988 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.И , Б.Э  нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 513 800 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамжаас хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Л.АРИУНЦЭЦЭГ

                                         ШҮҮГЧИД                                     Б.БЯМБАСҮРЭН

                                                                                                 О.ОДОНЧИМЭГ