Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2018/00169

 

Д.И, Б.Э нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2017/00847 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 157 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Д.И, Б.Э нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Монгол Улсын төрд холбогдох,

Гэм хорын хохирол 27 502 300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Орхон аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Ц.Мөнхтуяагийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.И, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн, прокурор Н.Буяннэмэх, нарийн бичгийн даргаар Б.Дүүрэнжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Д., Б.Э бид эхнэр нөхөр хүмүүс бөгөөд хувийн “Эрхэст-Оргил” ХХК-ийн нэр дээр хувийн хэвшлийн чих, хамар, хоолойн эмнэлгийг зохих зөвшөөрөл, лицензийн дагуу ажиллуулдаг. Бид эмнэлгээ өргөтгөх, нөхцлийг сайжруулах зорилгоор 2004 оны 10 дугаар сарын 04-нд “Царс импекс” ХХК-ийн 1 026 м.кв байрыг урт хугацааны гэрээгээр худалдан авахаар гэрээ хийж, эзэмших болсон. “Царс импекс” байрны өмчлөлийг хожим шилжүүлэн өгсөн. Бид эмнэлгийн хүмүүс зах зээлийн хандлага, барилгын ашиглалт, орлого зэргийг дутуу тооцсоноос гэрээний үнэ төлөлт хангалттай байж чадахгүй байсан тул худалдагчийн саналаар 2007 оны 02 дугаар сарын 25-ны өдөр дахин гэрээ хийж, өмнөх гэрээг хүчинтэй үлдээгээд төлбөр хийгдэх хүртэл түрээс төлж байхаар тохиролцсон. Түрээс зарим үед саатсан ч төлөгдөж явсан.

Гэтэл “Царс импекс” ХХК-ийн захирал Б.Ванчинсүрэн агсан барилга олигтой ашиглаж, эсхүл зарж үрж мөнгө төлж чадахгүй байна гэж гомдлон 2009 онд Цагдаагийн байгууллагад хандсанаар 2009 оны 10 дугаар сарын 28-нд Эрүүгийн 20925363 тоот хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Ингээд бидэнд 2009 оны 11 дүгээр сарын 16, 17-нд таслан сэргийлэх арга хэмжээ авч мөн өдрөө Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар сэжигтнээр татсан. Улмаар 2010 оны 02 дугаар сарын 24-нд Эрүүгийн хуулийн 148.4 буюу онц хүнд гэмт хэрэгт яллагдагчаар татаж ял сонсгосон. Энэ зүйл ангиар сонсгосон ял Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 13-ны 14 тоот цагаатгах тогтоол гартал хэвээр үргэлжилсэн ба 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Улсын Дээд шүүхийн эцсийн шийдвэр гарснаар энэ ял, хариуцлагаас бүрэн чөлөөлөгдсөн. Анх сэжигтнээр тооцож таслан сэргийлэх арга хэмжээ авсан 2009 оны 11 дүгээр сарын 16-наас сүүлчийн цагаатгах тогтоол гарч, тэр нь давж заалдах шатны шүүхээр хэвээр үлдэх 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл 1 593 хоног таслан сэргийлэх арга хэмжээтэй, онц хүнд гэмт хэрэгт яллагдагчаар татсан, 2010 оны 02 дугаар сарын 24-нөөс цагаатгах тогтоол гарч, тэр нь давж заалдах шатны шүүхээр хэвээр үлдэх, 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 1 410 хоног яллагдагчийн эрх зүйн байдалтай, 73 хоног цагаатгагдсан этгээд гэсэн нэртэй явсан. Д.И, Б.Э нар 5 удаа яллах дүгнэлттэй шүүхэд шилжин, 4 удаа шүүх хуралдаан дээр яллагдан Д.Итгэл нь энэ хэргийн учир цагдан хоригдох, хорих газарт ял эдлэх байдлаар 186 хоног хоригдсон, Б.Э торгох ялаар шийтгэгдэж байсан. Эдгээр нөхцөл байдлыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр бүлэг /388-397 дугаар зүйл/-ийг баримтлан гэм хорын хохирол нөхөн төлүүлэхээр энэ нэхэмжлэлийг гаргаж байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1.1-д зааснаар Д.Итгэлийн цагдан хоригдсон, хорих ял эдэлсэн 186 хоногт оногдох цалин хөлсийг 2011 оны 10 дугаар сарын 10-наас 2012 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл тооцон 1 235 000 төгрөг, Эрүүгийн хэргээс энэ нэхэмжлэлийг гаргахын тулд нотлох баримт хуулбар хийлгэн авч бүрүүлсэн зардал 47 500 төгрөг, энэ хэргийн учир МӨХ, МХХ-ны гишүүн өмгөөлөгч Р.Нямцэрэнг 4 жил 7 сар ажиллуулж төлсөн хууль зүйн туслалцааны хөлс 4 200 000 төгрөг, өмгөөлөгч А.Төмөрчулууныг нэг удаа ажиллуулсан хөлс 1 000 000 төгрөг, бүгд 5 200 000 төгрөг, Б.Э, Д.И нарын эзэмшдэг “Эрхэст-Оргил” ХХК-ийн өмчийг битүүмжилж өмчлөгчийн захиран зарцуулах эрхийг хязгаарласан хугацаанд төлсөн үл хөдлөх эд хөрөнгийн татвар 2 512 800 төгрөг, Д.И-ийн цагдан хоригдсон, хорих ял эдэлсэн нэг хоногт 50 000 төгрөгөөр тооцон 9 300 000 төгрөг, Д.И-ийн таслан сэргийлэх арга хэмжээтэй, удаа дараа яллагдаж байсан нэг хоногт 4 000 төгрөгөөр тооцож 3 627 000 төгрөг, Б.Э-ын байнга таслан сэргийлэх арга хэмжээтэй удаа дараа яллагдаж байсан нэг хоногт 4000 төгрөгөөр тооцож 5 580 000 төгрөг, сэтгэл санааны үр дагавар эдгээр бүгд 18 507 000 төгрөгийг Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 388 дугаар зүйлийн 388.1, 391 дүгээр зүйлийг үндэслэн тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

Орхон аймгийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:

Эрүүгийн 20935363 тоот хэрэгт Б.Э, Д.И нарт Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан үндэслэлээр таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх бөгөөд Д.И-ийг анх 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 151 тоот шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулж түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсон байна. 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 08 тоот шүүгчийн захирамжаар Д.И-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж бусдын батлан даалтанд өгсөн ба 2011 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 78 тоот магадлалаар Сум дундын шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 151 тоот шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Д.И-д авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсон. Дээрх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үндэслэлүүдээс үзэхэд хэргийг шалгах үндэслэл байсан. Цагдан хорих гарцаагүй нөхцөл байдал байхгүй байхад хууль бусаар цагдан хорьсон хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн буруутай үйл ажиллагааг тогтоогоогүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна.

Сэтгэл санааны хохирол буюу байнга таслан сэргийлэх арга хэмжээтэй удаа дараа яллагдаж байсан гэх Д.И-ийн цагдан хоригдсон хорих ял эдэлсэн нэг хоногт /186x50 000/ төгрөгөөр тооцон 9 300 000 төгрөг, Б.Э, Д.И нарын таслан сэргийлэх арга хэмжээтэй удаа дараа яллагдаж байсан нэг хоногт 4000 төгрөгөөр тооцож Д.И /1209x4000/ 3 627 000 төгрөг, Б.Э /1395x4000/ 5 580 000 төгрөг, сэтгэл санааны үр дагавар эдгээр бүгд 18 507 000 төгрөгийг нэхэмжилсэн үндэслэлгүй байх бөгөөд Иргэний хуулийн 230 дугаар зүйлд эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй боловч сэтгэл санааны гэм хорыг арилгах талаар хуульд зохицуулаагүй, хэдий хэмжээний хохирол учирсан гэдгийг тооцох аргачлал байхгүй байхад юуг үндэслэж хоногийн 4000 төгрөгөөр тооцсон нь ойлгомжгүй байна.

Мөн нэхэмжлэл гаргахын тулд эрүүгийн хэргээс нотлох баримт хуулбарлаж авсан зардал 47 500 төгрөг нэхэмжилсэн байна. Иргэний хэргийн зохигч өөрөө нэхэмжлэлийн шаардлага, татгалзлаа нотлох, нотлох баримтыг бүрдүүлэх, цуглуулах үүрэгтэй бөгөөд энэ үүргийнхээ дагуу нотлох баримт бүрдүүлсэн зардлыг төрөөс гаргуулах боломжгүй юм. “Эрхэст-Оргил” ХХК-ийн өмчийг битүүмжилж өмчлөгчийн захиран зарцуулах эрхийг хязгаарласан хугацаанд төлсөн үл хөдлөх эд хөрөнгийн татвар 2 512 800 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна. Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 393 дугаар зүйлийн 393.1-д “хууль бус ажиллагааны улмаас хуулийн этгээдэд учирсан хохирлыг төр хариуцна'” гэж заасан бөгөөд өөрсдийн өмчлөлд байгаа үл хөдлөх эд хөрөнгийн татварыг төлөх нь өмчлөгчийн үүрэг тул 2 512 800 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй юм гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2017/00847 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, 511 дүгээр зүйлийн 511.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1, 45.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 45.4 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан Монгол улсын Засгийн газрын нөөц сангаас 24 988 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Э, Д.И нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 513 800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамжаас хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 157 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2017/00847 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж прокурор Ц.Мөнхтуяагийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Прокурорын газар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурджээ.

Орхон аймгийн Прокурорын газрын ахлах прокурор хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйл, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр буюу хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагаа тогтоогдсон мэтээр дүгнэж нэхэмжлэгч Б.Э, Д.И нарт Засгийн газрын нөөц сангаас 24 988 500 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл муутай, шүүх маргааны үйл баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн ажиллагаа хууль бус байх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйл, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт заасан хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэл болох тул хууль бус гэж тогтоогдоогүй нөхцөлд нэхэмжлэгчид төрөөс гэм хорын хохирол шаардах эрх үүсэхгүй юм. Харин заавал хууль бус ажиллагаа тогтоогдсон байх ёстой бөгөөд Б.Э, Д.И нарт холбогдох эрүүгийн хэрэгт ийм хууль бус ажиллагаа хийгдээгүй, хууль бус болохыг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй, Б.Э, Д.И нарын үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хууль зүйн үндэслэлтэй байсан, Б.Э, Д.И нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хууль бусаар авсан гэсэн ямар нэг шийдвэр, хүчингүй болгосон тогтоол байхгүй байх ба мөрдөн байцаалтын шатанд Б.Э, Д.И нар болон тэдний өмгөөлөгчийн зүгээс мөрдөн байцаагч, прокурорын шийдвэрийг хууль зөрчсөн гэж нэг ч удаа гомдол гаргаж байгаагүй, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор шүүгчээс явуулсан ажиллагаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар тогтоосон журмаар явуулсан ба хууль зөрчиж явуулсан болон хууль бус болохыг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй. Гэтэл мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн буруутай ажиллагаа явуулсан гэж дүгнэлт хийж хохирол гаргуулж байгаа нь үндэслэлгүй байна. 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1 дэх хэсэгт “хууль бус ажиллагааны улмаас иргэний аваагүй дундаж цалин хөлс болон амьжиргааны нь үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлого”-ыг нөхөн төлөхөөр заасан. Нэхэмжлэгч Д.И нь эрүүгийн 20925363 дугаартай хэрэгт шалгагдаж байхдаа нийт 160 хоног цагдан хоригдсон байх ба шат шатны шүүхийн тогтоолд 186 гэж зөрүүтэй тооцсон. Энэ төрлийн хэргийг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлзх учир шүүх нотлох баримтын бүрдэл, тэдгээрийн үнэлгээ зэрэгт санаачлагатай хандах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.-д заасан шаардлагад нийцнэ. Шийдвэрт нэхэмжлэгч Б.Э, Д.И нарыг онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, ял шийтгэсэн, Д.И-ийг 186 хоног цагдан хорьсон, Б.Э-д гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан, хэргийн талаар олон нийтэд түгсэн мэдээллийн цар хүрээ зэргийг харгалзан эдийн бус гэм хор буюу сэтгэл санааны хохиролд 18 507 000 төгрөгийг ямар баримтыг үндэслэн, хэрхэн тооцож төрөөс гаргуулахаар шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна. Сэтгэл санааны үр дагавар гэдэгт хууль бус ажиллагааны улмаас зовон тарчилсан, сэтгэл зүйн дарамтанд орсон, айж балмагдсан, сэтгэлийн гутрал, сэтгэцийн өвчин эмгэгтэй болсон, нэр төр, алдар хүндээрээ хохирсон байхыг шаарддаг гэтэл нэхэмжлэгч нарт дээрхи нөхцөл байдал бий болоогүй, бий болсныг нотлон харуулсан баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх үндэслэлгүй дүгнэлт хийн сэтгэл санааны хохирлыг гаргуулан шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нар эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа ажил хөдөлмөрөө хэвийн үргэлжлүүлэн явуулж байсан байдаг ба энэ нь хэрэгт хавсаргагдсан тэдгээрийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтаар давхар нотлогдоно.

Мөн Б.Э, Д.И нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаснаар нэр төр, алдар хүнд нь сэргэх учиртай ба хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурор, шүүхийн байгууллагын зүгээс эрүүгийн хэргийг шалгаж шийдвэрлэх явцад нэхэмжпэгч нарт холбогдох хэргийн талаар нийтэд мэдээлж, тэдгээрийн нэр төр алдар хүндийг гутаасан гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, энэ талаар нэхэмжлэгч нар өөрсдөө ч үндэслэл бүхий тайлбар, баримт гаргаж өгөөгүй.

Эрх бүхий этгээдээс хуульд заасан журмын дагуу явуулсан Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хуулиар олгогдсон эрхээ эдэлж, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсныг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн ажиллагааны улмаас хохирсон гэж үзэх үндэслэлгүй тул эрх зүйн туслалцаа авсан хөлсийг төлөх боломжгүй юм. Иргэний хэрэгт нотлох баримт бүрдүүлэхэд эрүүгийн хэргээс хуулбарлан авсан баримтын зардал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.3 дахь хэсэгт заасан эд хөрөнгийн хохирлын алинд нь ч хамаарахгүй байх ба хуулбарыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дагуу өөрийн зардлаар нотлох баримтыг цуглуулан өгсөн байна.

Хуульд заасан дээрхи үндэслэлүүдийн аль нь ч нийтийн албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг төр хариуцан гаргах ёстой байхад нийтийн албан тушаалтны хууль бус ажиллагааг тогтоолгүйгээр хохирол нөхөн төлүүлэх эрхтэй гэж дүгнэж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 45.2 дахь заалтуудыг зөрчсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 176 дугаар зүйлийн 176.2.4 дэх хэсгийг тус тус удирдлага болгон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахаар гомдол гаргаж байна гэжээ.

                                                                      ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зүйл заалтыг хэрэглээгүй, зарим зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, улмаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахдаа эрх зүйн хувьд алдаатай дүгнэлт хийсэн байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, алдааг залруулах боломжтой гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Б.Э, Д.И нар нь өөрт учирсан гэм хорыг арилгуулахаар төрд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Орхон аймгийн Прокурорын газраас нэхэмжлэгч нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3., 148.4.-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд удаа дараа шилжүүлж байжээ. Шүүхийн зүгээс цагаатгах болон шийтгэх тогтоол гаргаж байсан байна. Хамгийн сүүлд Улсын Дээд шүүх 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 199 дүгээр тогтоол гаргаж, Б.Э, Д.И нар холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгасан байна. Дээрх байдлыг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т “гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж заасан бөгөөд нотлогдоогүй бол гэм буруугүйд тооцогдох зарчмын агуулгаар эрүүгийн гэмт хэрэгт шалгах эрх бүхий байгууллагын хууль ёсны ажиллагаа явагдсан хэдий ч эцэст нь тухайн этгээд гэм буруутай болох нь тогтоогдоогүй нөхцөлд дээрх ажиллагааны эрх зүйн үр дагаврыг төр хариуцах үүрэгтэй болдог.

Эрүүгийн байцаан шийтгэх тухай 2002 оны хуулийн 388 дугаар зүйлийн 388.1.-д, мөн  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 2017 оны хуулийн 45.1. дүгээр зүйлийн 1-д “хууль зөрчсөн ажиллагаа”-ны эрх зүйн үр дагаврын талаар заасан боловч энэхүү ажиллагаанд холбогдох албан тушаалтны хууль бус үйлдэл бүхий ажиллагаа хамаарахаас гадна яллагдагч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон, эсхүл шүүгдэгч, ял шийтгүүлсэн этгээдийг цагаатгасан бол хуулийн дагуу явагдсан ажиллагаа ч мөн адил хамаарна.

Учир нь нотлогдоогүй бол гэм буруугүйд тооцогдох эрх зүйн презумпци нь иргэн бүрийг эрхийн үндэслэлгүй хязгаарлалтаас хамгаалах зарчим юм. Ийнхүү төрөөс эрх олгогдсон тусгай албан тушаалтан, байгууллага эрүүгийн гэмт хэрэгт сэжиглэгдэж буй этгээдийг хуулийн дагуу шалгах, хуульд заасан эрхийн хязгаарлалтыг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй хэдий ч ийнхүү зохих журмын дагуу явуулсан ажиллагааны үр дүнд тухайн этгээдийн гэм буруу нотлогдоогүй тохиолдолд дээрх эрхийн хязгаарлалт хууль бусад тооцогддог болно. Улмаар үүнээс үүсэх эрх зүйн үр дагаврыг хуульд “хууль бус ажиллагаа”-нд хамааруулдаг. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4.-т зааснаар хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны  журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгах үүрэгтэй байна.  

Энэ утгаар шүүх дээрх ажиллагаанаас учирсан гэм хорын асуудлыг эрх зүйн маргааны журмаар буюу нэхэмжлэлээр бус харин хүсэлтээр буюу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэдэг болно. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэрэг нь хэрэгсэхгүй болсон, цагаатгагдсан этгээдэд гэм хор учирсан явдал нь маргаангүй хүлээн зөвшөөрөгдөх үйл баримт юм. Нөгөө талаар, уг гэм хор эрх бүхий этгээдийн хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагаанаас учирсан байдаг тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д заасан үндэслэлээр энэ хэрэгт хариуцагчаар уг үйл ажиллагааг явуулсан этгээд оролцох үндэслэлгүй болно. Харин хүсэлт гаргаж буй нэхэмжлэгч нь өөрт учирсан гэм хорын хэмжээг нотлох үүрэгтэй ба шүүх гэм хорыг хэдий хэмжээгээр хангах эсэхийг шийдвэрлэнэ.

Эрүүгийн байцаан шийтгэх 2002 оны хуулийн 397 дугаар зүйлийн 397.1.-д “хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай өргөдлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ” гэж заасан байжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 2017 оны хуульд ийм зохицуулалт байхгүй байгаа нь тухайн асуудлыг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхгүй байх үндэслэл болохгүй юм.

Шүүх нэхэмжлэгч Б.Э, Д.И нарын нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.3.-т зааснаар онцгой ажиллагааны журмаар хэрэг  хянан шийдвэрлэх явцад бусад иргэн, хуулийн этгээдийн эрх хөндөгдсөн тохиолдолд тэдгээр нь гуравдагч этгээдээр оролцож болдгоос гадна мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.-д зааснаар прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцдог байна. Дээрх зохицуулалтын дагуу прокурор нь тухайн төрлийн хэрэгт гуравдагч этгээдээр, эсхүл төрийг төлөөлж, эсхүл аль алинаар нь оролцох боломжтойг тэмдэглэх нь зүйтэй.

Нэхэмжлэгч нар нь өөрт эд хөрөнгийн болон эдийн бус гэм хор учирсан гэж тус тус тодорхойлжээ. Тухайлбал:

-Д.Итгэлийн цагдан хоригдсон, хорих ял эдэлсэн 186 хоногт оногдох цалин хөлсийг 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2012 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл тооцон 1 235 000 төгрөг

-нотлох баримт бүрдүүлэх зардалд 47 500 төгрөг

-өмгөөлөгчид төлсөн нийт хөлс 5 200 000 төгрөг

-үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хязгаарлагдсан үед татварт төлсөн 2 512 800 төгрөг

-сэтгэл санааны хохиролд: Д.И-ийн цагдан хоригдсон, хорих ял эдэлсэн нэг хоногт 50 000 төгрөгөөр тооцон 9 300 000 төгрөг, Д.И-ийн таслан сэргийлэх арга хэмжээтэй байсан нэг хоногт 4 000 төгрөгөөр тооцон 3 627 000 төгрөг, Б.Э-ын таслан сэргийлэх арга хэмжээтэй  байсан нэг хоногт 4 000 төгрөгөөр тооцон 5 580 000 төгрөг, бүгд 18 507 000 төгрөг

нийт 27 502 300 төгрөг гэж нэхэмжлэлдээ заасан байна.

Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 2017 оны хуулийн 45.1. дүгээр зүйлийн 1-д заасан байна.  Мөн хуулийн 45.4.-т зааснаар эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргах эрхтэй байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар эдийн бус гэм хорыг хянан шийдвэрлэхэд шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлана. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1.-д заасан эдийн бус гэм хорыг арилгах зохицуулалтад зөвхөн бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээдийн үүргийг тусгажээ. Харин Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1., 230.2.-т зааснаар эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй боловч гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлөх боломжтой байна. Өөрөөр хэлбэл, сэтгэл санаанд учирсан хохирол буюу эдийн бус гэм хорыг хэрхэн арилгуулах талаар Иргэний хуульд тухайлсан зохицуулалт байхгүй нөхцөлд шүүх энэ талаарх шаардлагыг хангах боломжгүй юм.

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахдаа Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1.-д заасан зохицуулалтыг тухайн маргаанд төсөөтэй хэрэглэсэн нь алдаатай болжээ. Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.-д зааснаар Иргэний хуульд тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол түүнтэй төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэх боловч мөн зүйлийн 4.3.-т зааснаар тусгай харилцааг тухайлан зохицуулсан хэм хэмжээг бусад харилцаанд төсөөтэй хэрэглэж үл болно. Сэтгэл санаанд учирсан гэм хор болон нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсанаас учирсан гэм хор нь эдийн бус гэх төрөлд хамаарах боловч агуулга, хэлбэрийн хувьд ялгаатай тул эдгээр харилцаанд эрх зүйн нэг хэм хэмжээг төсөөтэй хэрэглэх боломжгүй гэж үзнэ.

Анхан болон давж заалдах шатны шүүх сэтгэл санааны хохиролд 18 507 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь дээрх үндэслэлээр хуульд нийцээгүй байна.

Харин нэхэмжлэгч нар сэтгэл санааны хохирлын хэмжээг нэхэмжлэлдээ 4 000 төгрөг \цагдан хоригдоогүй таслан сэргийлэх арга хэмжээтэй байх үед\ гэж заахдаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг өдөрт тооцох жишгээр тогтоосон гэж тайлбарласнаас үзвэл тухайн гэм хорын агуулга нь эд хөрөнгийн шинжтэй гэж үзэхээр байна. Энэ утгаар нэхэмжлэгч нарын шаардлагыг дараахь байдлаар хангах боломжтой гэж үзэв:

-Д.И-ийн цагдан хоригдсон, хорих ял эдэлсэн 186 хоногт оногдох цалин хөлсийг 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2012 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл тооцон 1 235 000 төгрөг

-нотлох баримт бүрдүүлэх зардалд 47 500 төгрөг

-өмгөөлөгчид төлсөн нийт хөлс 5 200 000 төгрөг

-Д.И-ийн таслан сэргийлэх арга хэмжээтэй байсан нэг хоногт 4 000 төгрөгөөр тооцон 3 627 000 төгрөг,

-Б.Э-ын таслан сэргийлэх арга хэмжээтэй  байсан нэг хоногт 4 000 төгрөгөөр тооцон 5 580 000 төгрөг

Нийт 15 689 500 төгрөг.

Үл хөдлөх эд хөрөнгийн татварт төлсөн төлбөрийг гэм хор гэж үзээгүй шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний болон тооцооны өөрчлөлт оруулж, прокурорын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 157 дугаар магадлал, Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2017/00847 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2., 498 дугаар зүйлийн 498.4.-т заасныг баримтлан Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас 15 689 500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Э, Д.И нарт олгож, нэхэмжлэлээс 11 812 800 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, прокурорын гомдлыг хангахгүй орхисугай.

2.Орхон аймгийн Прокурорын газрын ахлах прокурор хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН