Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 00108

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             Д.Итгэл, Б.Энхбат нарын нэхэмжлэлтэй

                                          иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 142/ШШ2017/00412 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Д.Итгэл, Б.Энхбат нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Монгол улсын Төрд холбогдох

“Гэм хорын хохирол 27.502.300 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг гуравдагч этгээдийн төлөөлөгч Ц.Мөнхтуяагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн, гуравдагч этгээдийн төлөөлөгч Ц.Мөнхтуяа, нарийн бичгийн дарга Т.Эрдэнэзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Итгэл, Б.Энхбат бид эхнэр нөхөр хүмүүс бөгөөд хувийн "Эрхэст-Оргил" ХХК-ийн нэр дээр хувийн хэвшлийн чих, хамар, хоолойн эмнэлгийг зохих зөвшөөрөл, лицензийн дагуу ажиллуулдаг. Бид эмнэлгээ өргөтгөх, нөхцөлийг сайжруулах зорилгоор 2004.10.04-нд "Царс импекс" ХХК-ийн 1026 м.кв байрыг урт хугацааны гэрээгээр худалдан авахаар гэрээ хийж, эзэмших болсон. "Царс импекс" байрны өмчлөлийг хожим шилжүүлэн өгсөн. Би эмнэлгийн хүмүүс зах зээлийн хандлага, барилгын ашиглалт, орлого зэргийг дутуу тооцсоноос гэрээний үнэ төлөлт хангалттай байж чадахгүй байсан тул худалдагчийн саналаар 2007.02.25-ны өдөр дахин гэрээ хийж, өмнөх гэрээг хүчинтэй үлдээгээд төлбөр хийгдэх хүртэл түрээс төлж байхаар тохиролцсон. Түрээс зарим үед саатсан ч төлөгдөж явсан. Гэтэл "Царс импекс" ХХК-ийн захирал Б.Ванчинсүрэн агсан барилга олигтой ашиглаж, эсхүл зарж үрж мөнгө төлж чадахгүй байна гэж гомдоллон 2009 онд Цагдаагийн байгууллагад хандсанаар 2009 оны 10 дугаар сарын 28-нд Эрүүгийн 20925363 тоот хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Ингээд бидэнд 2009 оны 11 дүгээр сарын 16, 17-нд таслан сэргийлэх арга хэмжээ авч мөн өдрөө Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар сэжигтнээр татсан. Улмаар 2010 оны 2 дугаар сарын 24-нд Эрүүгийн хуулийн 148.4 буюу онц хүнд гэмт хэрэгт яллагдагчаар татаж ял сонсгосон. Энэ зүйл ангиар сонсгосон ял Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 13-ны 14 тоот цагаатгах тогтоол гартал хэвээр үргэлжилсэн ба 2014 оны 05 сарын 30-ны Дээд шүүхийн эцсийн шийдвэр гарснаар энэ ял, хариуцлагаас бүрэн чөлөөлөгдсөн.

Прокурор Д.Итгэл, Б.Энхбат нарыг яллуулахаар 3 удаа давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн, Гэмт хэрэг үйлдэгдсэн гэх үед байгаагүй Эрүүгийн хуулийн зүйл ангиар буюу 148.4-өөр 5 удаа шүүхийн өмнө ялласан, Д.Итгэл энэ хэргийн улмаас 186 хоног /хорих ангид хүргэгдэж ял эдлэх, цагдан хоригдох байдлаар/ хоригдсон. Энэ хэрэгтэй холбогдуулан бүх өмчийг 2010 оны 4 дүгээр сарын 20-28 хооронд битүүмжилсэн нь шүүхийн 2013.03.12-ны 708 тоот захирамж гартал хэвээр байсан. Анх сэжигтнээр тооцож таслан сэргийлэх арга хэмжээ авсан 2009 оны 11 сарын 16-наас сүүлчийн цагаатгах тогтоол гарч, тэр нь давж заалдах шатны шүүхээр хэвээр үлдэх 2014 оны 01 сарын 13 хүртэл 1593 хоног таслан сэргийлэх арга хэмжээтэй, онц хүнд гэмт хэрэгт яллагдагчаар татсан 2010 оны 02 сарын 24-өөс цагаатгах тогтоол гарч, тэр нь давж заалдах шүүхээр хэвээр үлдэх 2014 оны 03 сарын 26 хүртэл 1410 хоног яллагдагчийн эрх зүйн байдалтай, 73 хоног цагаатгагдсан этгээд гэсэн нэртэй явсан. Д.Итгэл, Б.Энхбат нар 5 удаа яллах дүгнэлттэй шүүхэд шилжин, 4 удаа шүүх хуралдаан дээр яллагдан Д.Итгэл нь энэ хэргийн учир цагдан хоригдох, хорих газарт ял эдлэх байдлаар 186 хоног хоригдсон, Д.Энхбат торгох ялаар шийтгэгдэж байсан. Эдгээр нөхцөл байдлыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр бүлэг /388-397 дугаар зүйл/-ийг баримтлан гэм хорын хохирол нөхөн төлүүлэхээр энэ нэхэмжлэлийг гаргаж байна.

Нэхэмжлэх хохирлууд:

1.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1.1-д зааснаар Д.Итгэлийн цагдан хоригдсон, хорих ял эдэлсэн 186 хоногт оногдох цалин хөлсийг 2011 оны 10 дугаар сарын 10-аас 2012 оны 4 сарын 16 хүртэл тооцон 1 235 000 төгрөг,

2.Эрүүгийн хэргээс энэ нэхэмжлэлийг гаргахын тулд нотлох баримт хуулбар хийлгэн авч бүрүүлсэн зардал 47 500 төгрөгийг ЭБШХ-ийн 390.1.4-т зааснаар,

3.Энэ хэргийн учир МӨХ, МХХ-ны гишүүн өмгөөлөгч Р.Нямцэрэнийг 4 жил 7 сар ажиллуулж төлсөн хууль зүйн туслалцааны хөлс 4 200 000 төгрөг, өмгөөлөгч А.Төмөрчулууныг нэг удаа ажиллуулсан хөлс 1 000 000 төгрөг, бүгд 5 200 000 төгрөгийг ЭБШХ-иин 390.1.5-д зааснаар,

4.Д.Энхбат, Б.Итгэл нарын эзэмшдэг "Эрхэст-Оргил" ХХК-ийн өмчийг битүүмжилж өмчлөгчийн захиран зарцуулах эрхийг хязгаарласан хугацаанд төлсөн үл хөдлөх эд хөрөнгийн татвар 2 512 800 төгрөгийг ЭБ111Х-ийн 393.1-д зааснаар,

Сэтгэл санааны үр дагавар хохирлыг:

а. Д.Итгэлийн цагдан хоригдсон, хорих ял эдэлсэн нэг хоногт 50 000 төгрөгөөр тооцон /186х 50 000/ 9 300 000 төгрөг,

б.Д.Итгэлийн таслан сэргийлэх арга хэмжээтэй, удаа дараа яллагдаж байсан нэг хоногт 4 000 төгрөгөөр тооцож /1209 х 4000/ 3 627 000 төгрөг,

в.Б.Энхбатын байнга таслан сэргийлэх арга хэмжээтэй удаа дараа яллагдаж байсан нэг хоногт 4000 төгрөгөөр тооцож /1395 х 4000/ 5 580 төгрөг, сэтгэл санааны үр дагавар эдгээр бүгд 18 507 000 төгрөгийг ЭБШХ-ийн 388 дугаар зүйлийн 388.1 дэх заалт, 391 дүгээр зүйлийг үндэслэн тус тус гаргуулна уу. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.7-д зааснаар энэ нэхэмжлэл хураамжаас чөлөөлөгдөнө.Нэхэмжлэлийн нийт дүн 27 502 300 төгрөг болно гэжээ.

Гуравдагч этгээд Орхон аймгийн Прокурорын газар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  Эрүүгийн 20935363 тоот хэрэгт Д.Итгэл, Б.Энхбат нарт ЭБШХ-ийн 62 дугаар зүйлд заасан үндэслэлээр таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх бөгөөд Д.Итгэлийг анх 2011 оны 10 сарын 10-ны өдрийн 151 тоот шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулж түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсон байна. 2011 оны 11 сарын 17-ны өдрийн 08 тоот шүүгчийн захирамжаар Д.Итгэлд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж бусдын батлан даалтанд өгсөн ба 2011 оны 2 сарын 15-ны өдрийн 78 тоот магадлалаар Сум дундын шүүхийн 2011 оны 10 сарын 10-ны өдрийн 151 тоот шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж Д.Итгэлд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсон. Дээрх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үндэслэлүүдээс үзэхэд хэргийг шалгах үндэслэл байсан. Цагдан хорих гарцаагүй нөхцөл байдал байхгүй байхад хууль бусаар цагдан хорьсон хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн буруутай үйл ажиллагааг тогтоогоогүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна. Сэтгэл санааны хохирол буюу байнга таслан сэргийлэх арга хэмжээтэй удаа дараа яллагдаж байсан гэх Д.Итгэлийн цагдан хоригдсон хорих ял эдэлсэн нэг хоногт /186x50000/ төгрөгөөр тооцон 9 300 000 төгрөг, Д.Итгэл, Б.Энхбат нарын таслан сэргийлэх арга хэмжээтэй удаа дараа яллагдаж байсан нэг хоногт 4000 төгрөгөөр тооцож Д.Итгэл /1209x40000/ 3 627 000 төгрөг, Б.Энхбат /1395x4000/ 5 580 000 төгрөг, сэтгэл санааны үр дагавар эдгээр бүгд 18 507 000 төгрөгийг нэхэмжилсэн үндэслэлгүй байх бөгөөд Иргэний хуулийн 230 дугаар зүйлд эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй боловч сэтгэл санааны гэм хорыг арилгах талаар хуульд зохицуулаагүй, хэдий хэмжээний хохирол учирсан гэдгийг тооцох аргачлал байхгүй байхад юуг үндэслэж хоногийн 4000 төгрөгөөр тооцсон нь ойлгомжгүй байна. Мөн нэхэмжлэл гаргахын тулд эрүүгийн хэргээс нотлох баримт хуулбарлаж авсан зардал 47500 төгрөг нэхэмжилсэн байна. Иргэний хэргийн зохигч өөрөө нэхэмжлэлийн шаардлага, татгалзлаа нотлох, нотлох баримтыг бүрдүүлэх, цуглуулах үүрэгтэй бөгөөд энэ үүргийнхээ дагуу нотлох баримт бүрдүүлсэн зардлыг төрөөс гаргуулах боломжгүй юм. Эрхэст-Оргил ХХК-ийн өмчийг битүүмжилж өмчлөгчийн захиран зарцуулах эрхийг хязгаарласан хугацаанд төлсөн үл хөдлөх эд хөрөнгийн татвар 2512800 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна. Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 393 дугаар зүйлийн 393.1-д хууль бус ажиллагааны улмаас хуулийн этгээдэд учирсан хохирлыг төр хариуцна'' гэж заасан бөгөөд өөрсдийн өмчлөлд байгаа үл хөдлөх эд хөрөнгийн татварыг төлөх нь өмчлөгчийн үүрэг тул 2 512 800 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй юм гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 142/ШШ2017/00412 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, 511 дүгээр зүйлийн 511.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 388 дугаар зүйлийн 388.1, 389 дүгээр зүйлийн 389.1, 389.2.3, 390 дүгээр зүйлийн 390.1.1, 390.1.5, 391 дүгээр зүйлийн 391.1, 391.2-д заасныг тус тус баримтлан Монгол улсын Засгийн газрын нөөц сангаас 24 988 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Итгэл, Б.Энхбат нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 513 800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7, 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч нарын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

                                      ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Д.Итгэл, Б.Энхбат нар нь төрд холбогдуулан гэм хорын хохиролд 27.502.300 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3, 148.4 дэхь зүйлүүдээр эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж, таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж байсан шүүхийн шийтгэх тогтоолоор хорих ялаар шийтгэгдэж байсан, шүүхийн цагаатгах тогтоол гарч хэргийг хэрэгсэхгүй болгосон үйл баримтанд үндэслэн тодорхойлсон ба төрөөс гэм хорын хохиролд 27.502.300 төгрөг нэхэмжилсэн байна.

Шүүх нэхэмжлэгч Б.Энхбат, Д.Итгэл нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, анхан шатны шүүх цагаатгах тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсон тул нэхэмжлэгч нар Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 388 дугаар зүйлийн 388.1-д зааснаар өөрт учирсан эд хөрөнгийн хохирлоо нөхөн төлүүлэх, сэтгэл санааны үр дагавраа арилгуулах, бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй гэсэн үндэслэлээр иргэнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, албан үүргээ гүйцэтгэхийг түр түдгэлзүүлсэн, албадлагын арга хэмжээ хэрэглэсний улмаас учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана гэсэн Эрүүгийн байцаа шийтгэх тухай хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1 заалтыг үндэслэн Засгийн газрын нөөц сангаас 24.988.500 төгрөг гаргуулахаар шийдвэрлэжээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.3-т зааснаар прокурорыг гуравдагч этгээдээр татан оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 134 дүгээр зүйлийн 134.3-ийг зөрчсөн байна.

Прокурор нь төрийн ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд төрийн байгууллагын хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчийн эрх үүргийг хэрэгжүүлж төрийн нэрийн өмнөөс оролцох байтал шүүх өөрийн санаачилгаар гуравдагч этгээдээр татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь буруу байна.

Прокурор нь хэргийн бие даасан оролцогч бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан хариуцагч, мөн хуулийн 29, 134 дүгээр зүйлийн 134.3-т заасан гуравдагч этгээд гэж үзэхгүй болно.

Иймд прокурорыг төрийн нэрийн өмнөөс төрийн төлөөлөн оролцох хэргийн оролцогчийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах нь хуульд нийцнэ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөн засах боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн алдаа гаргасан байх тул хэргийн шийдвэрлэлтэнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 142/ШШ2017/00412 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Гуравдагч этгээдийн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.ОЮУНЦЭЦЭГ

 

         ШҮҮГЧИД                                                М.ХҮРЭЛБААТАР

 

                                                                          С.УРАНЧИМЭГ