Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 142/ШШ2020/00762

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 142/ШШ2020/00762

Орхон аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Гялс төгрөг Хадгаламж зээлийн хоршооны Орхон салбарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Шанд баг, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* *******,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Шанд баг, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* ,

 

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум, Эрдэнэ баг, тоотод оршин суух, овогт нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 2350947 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Гялс төгрөг ХЗХ-ны Орхон салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч , нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч овогтой ******* нь Гялс төгрөг хадгаламж зээлийн хоршоотой 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр дугаартай зээлийн шугамын гэрээ, дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулан 5000000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, орон сууц хашаа байшингийн зориулалтаар авсан. Зээлдэгч зээлийн барьцаанд ирээдүйд олох орлого барьцаалсан. Зээлийн гэрээний дагуу 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр зээлдэгчийн Төрийн банкин дахь тоот дансанд шилжүүлсэн. Зээлдэгч нь тоот зээлийн гэрээний салшгүй хэсэг болох хавсралт 1 буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй боловч нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байна. Хоршооны зүгээс зээлдэгчийг зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг шаардан удаа дараа дугаарын утсаар болон албан мэдэгдлээр мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ үл биелүүлж, нэхэмжлэгч Гялс төгрөг ХЗХ-д ноцтой хохирол учруулж байна. Зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөрөөс 3053576 төгрөг, үндсэн хүүнээс 5316273 төгрөг, нийт 8369849 төгрөгийг төлсөн. Зээлдэгчийн зээлийн гэрээний дагуу төлөх үндсэн зээлийн төлбөр нь 1946423 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 404522 төгрөг, нийт 2350947 төгрөг болж хуримтлагдсан байна. Иймд хариуцагч М.*******, Б.*******, Л. нартай байгуулсан тоот зээлийн гэрээний нийт төлбөр болох 2350947 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь Гялс төгрөг ХЗХ-той 2018 оны 8 дугаар сарын 16-ний өдөр зээлийн шугамын гэрээ, барьцааны гэрээг тус тус байгуулан 5 000 000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, орон сууц хашаа байшингийн зориулалтаар авсан. Хугацаандаа төлсний урамшуулалт хүү гэж 5 хувиар бодож хүүг авч байсан. Хэрвээ хугацаандаа төлөөгүй хугацаа хэтэрсэн хоногт нь үндсэн хүү болох 8 хувиар бодож хүүгээ бодож авсан. 12 сарын хугацаанд эхний сард илүү төлөлт хийж үндсэн зээлээсээ хассан. 2 дахь сараасаа авсан зээлийн хүүний төлбөрийг төлөөд явдаг байсан. Үндсэн зээлээсээ хасаж чаддаггүй дутуу төлөлттэй явдаг байсан. Зээлийн хугацаа дуусахад үндсэн зээлийн үлдэгдэл 4880000 төгрөг үлдсэн. Төлөхгүй явсаар байгаад их хугацаа өнгөрсөн. 2020 оны 02-р сарын 05-ны өдөр 4885000 төгрөгийн төлбөр төлж, хуримтлагдсан байсан хүү үндсэн зээлээс хасалт хийж үлдэгдэл мөнгийг нэхэмжилж байгаа. Зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөрөөс 3053576 төгрөг, үндсэн хүүнээс 5316273 төгрөг, нийт 8369849 төгрөгийг төлсөн. Зээлдэгчийн зээлийн гэрээний дагуу төлөх үндсэн зээлийн төлбөр нь 1946423 төгрөг, хүүгийн төлбөр 404522 төгрөг, нийт 2350947 төгрөг болж хуримтлагдсан. Иймд хариуцагч М.*******, Б.*******, Л. нараас зээлийн гэрээний нийт төлбөр болох 2350947 төгрөгийг гаргуулж өгнө үү. ...нэмэгдүүлсэн хүү 0 хувь гэдэг нь үнэн. Хугацаандаа төлсний урамшуулалт хүү гэж 5 хувь, хугацаа хэтэрч төлөгдвөл 8 хувиар тооцож хүүг бодож байсан. Тэр нь нэмэгдүүлсэн хүү гэж ойлгогдоод байх шиг байна. Зээлийн хугацаа дууссан учраас үндсэн хүүг 8 хувиар бодсон. Зээлийн гэрээний 2.2.4-т үндсэн зээл, хүүгийн төлбөрийг бүрэн барагдуулаагүй бол энэ зээл хүчин төгөлдөр хэвээрээ байна гэсэн заалт байгаа. Өдөр бүр 30000 төгрөгөөр төлөлт хийнэ гэж гэрээнд заасан. Өдрийн 30000 төгрөгийг хийх боломжгүй бол сарынхаа хүүг төлөөд явахаас яахав, уг нь үндсэн төлбөрөөсөө хасмаар байна гэж би хэлсэн гэв.

 

Хариуцагч М.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие М.******* нь Гялс төгрөг хадгаламж зээлийн хоршооны гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. 2018 оны 08 сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 5000000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлж авсан. Гялс төгрөг хадгаламж зээлийн хоршооны төлөөлөгч д бэлэн болон дансаар өдөр бүр төлдөг байсан. Орлого багасгах үеэр өгч чадахаа больсон. Гэхдээ сар бүр хүүгээ тогтмол төлсөн. 1 сарын 5 хувийн хүү нь 250000 төгрөг, 12 сарын хүү нийт 3000000 төгрөг, үндсэн зээл 5000000 төгрөг нийт 8000000 төгрөг болох юм. Гялс төгрөг хадгаламж зээлийн хоршоонд 8369849 төгрөг төлсөн. Төлөх ёстой мөнгөө цаг хугацаанд нь төлж дуусгасан учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гялс төгрөг ХЗХ-оос 5000000 төгрөг авсан нь үнэн. Тухайн сар бүртээ би хүүгээ хийгээд явж байсан. Үндсэн төлбөрөө хийж чадахгүй болохоор хүүгээ хийгээд явж байхаар ХЗХ-той тохиролцсон. Сүүлд нь 2020 оны 02 сард 4885000 төгрөгийг бөөнд нь төлсөн. 5 хувиар бодож хүгээ төлсөн, үндсэн мөнгөө төлсөн учраас би мөнгө өгөх шаардлагагүй гэж бодож байна. Гэрээнд комендент хүү гэдэгт ямар нэгэн юм бичээгүй байгаа. Нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүний 0 хувьтай тэнцэнэ гэж гэрээнд мөн заасан. Гэтэл надаас нэмэгдүүлсэн хүү авсан. 365 хоногоор хүүгээ бодно гэж гэрээний 2.1.4-т заасан байгаа. Би хүүгээ сар сард нь төлөөд явсан гэв.

 

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Б.******* нь Гялс төгрөг хадгаламж зээлийн хоршооны гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. М *******г 2018 оны 08 сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 5000000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээл авахад хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. Манай эхнэр зээлээ цаг хугацаанд нь төлж байсан. Хааяа манай ажил дээр ирдэг байсан бөгөөд ирэхээр нь би орлогоноосоо бэлэн мөнгө өгч тооцуулдаг. Манай эхнэр нийт 8 сая гаран төгрөг төлсөн гэсэн. Зээлсэн мөнгөө төлж дуусгасан учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Л. шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Л. нь Гялс төгрөг хадгаламж зээлийн хоршооны гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. М.*******г 2018 оны 08 сарын 16-ны зээлийн гэрээ байгуулан 5000000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлж авахад батлан даагчаар гарын үсэг зурсан. М.*******г төлж байгаа гэж бодсон юм. Би энэ мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй. М.******* хувийн бизнес хийдэг. Төлбөр төлөх чадвартай учраас надад хамаагүй гэж бодож байна. Надад холбогдуулсан хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.******* нь Гялс төгрөг ХЗХ-ноос зээл авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Зээлийн гэрээний үүргийн дагуу зээлийн эргэн төлөлтүүдийг төлж эхэлсэн. Сар бүр тогтсон хоногтойгоор хүүг бүгдийг нь төлөөд дуусгасан. Зээлийн үндсэн төлөлтөөс эхлээд 100000 төгрөгийг төлсөн. 250000 төгрөг нь үндсэн хүү, зээл болоод хасагдаад явсан бол үндсэн зээлээс их мөнгө хасагдана. Нэмэгдүүлсэн хүү гэж төлөгдөөд яваад байдаг. Гэрээг харахаар нэмэгдүүлсэн хүүг зохицуулж өгөөгүй байсан. Үүнийгээ маш нарийн зохицуулаагүйн улмаас компани болон иргэний хооронд үл ойлголцол үүсэж байгаа. Зээлийн онцлог нь өдөр болгон 30000 төгрөг төлөх хуваарьтай байна. Гэрээ маань хэт нэг талыг барьсан гэрээ болсон байна гэж үзэж байна. Хүүгээ хугацаанд нь төлсөн бол 5 хувиар, хугацаа хэтэрсэн бол 8 хувиар бодож тооцсон бодолтууд байна. ХЗХ маань өөртөө ашигтай хувилбараар бодож нэхэмжлэл гаргаад байна. Зөрүү мөнгийг үндсэн мөнгөнөөс хасуулж тооцуулмаар байна. Гэрээний үүргээ биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгөөс үндсэн зээлийг гаргуулж авахаар байсан. Энэ хүмүүс үндсэн зээлээ төлөөгүй байхад ХЗХ нь барьцаа хөрөнгөөс үндсэн төлбөрөө гаргаж авах боломжтой байсан. Гэтэл ийм ажиллагаа огт хийгдээгүй. Хүүгээ бодоод суугаад байсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Гялс төгрөг Хадгаламж зээлийн хоршооны Орхон салбар нь хариуцагч М.*******, Б.*******, Л. нарт холбогдуулан үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрт 2350947 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч М.*******, Б.******* нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар, хариуцагч Л. нь ...М.*******г 2018 оны 08 сарын 16-ны зээлийн гэрээ байгуулан 5000000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлж авахад батлан даагчаар гарын үсэг зурсан. М.*******г төлж байгаа гэж бодсон юм. Би энэ мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй. Надад холбогдуулсан хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэх тайлбар гаргаж мэтгэлцсэн.

 

Нэхэмжлэгч Гялс төгрөг Хадгаламж зээлийн хоршооны Орхон салбар нь хариуцагч М.*******, Б.*******, Л. нартай 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр дугаартай зээлийн шугамын гэрээ, дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулан 5000000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, орон сууц хашаа байшингийн зориулалтаар зээлж, 5000000 төгрөгийг нэхэмжлэгч тал гэрээ байгуулсан өдөр хариуцагч М.*******гийн дансанд бэлэн бусаар шилжүүлж, М.*******гийн ирээдүйд олох орлогыг барьцаалж барьцааны гэрээ байгуулж, зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр Б.*******, батлан даагчаар Л. нар гарын үсэг зурсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж заасны дагуу хариуцагч М.*******, Б.*******, Л. нар нь зээлийн гэрээнд заасны дагуу сар бүр зээлийн төлбөрийг төлөх үүргийг зөрчиж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Гялс төгрөг Хадгаламж зээлийн хоршооны Орхон салбар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

Зохигчдын тайлбар, зээлийн гэрээний нөхцлүүдээс үзвэл М.******* нь өөрийн ирээдүйд олох орлогыг барьцаалж зээл авч, хувийн хэрэгцээндээ зарцуулсан, гэрээнд батлан даагч гэж заагдсан боловч өөрийн орлогыг барьцаалаагүй, батлан даагч болох Л.т зээл олгох үндэслэл, тэрээр зээлдэгч М.*******тай ямар хамааралтай болох, түүнтэй хамтарч зээл авах хүсэл зориг, хэрэгцээ шаардлага байсан эсэх нь тодорхой бус, зээлийн мөнгөнөөс Л. авч хэрэглэсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, түүний тайлбарыг няцаасан баримтыг нэхэмжлэгч тал шүүхэд гаргаж ирүүлээгүй байх тул хамтран хариуцагчаар Л.ийг тодорхойлж нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцээгүй байх тул түүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Харин хариуцагч М.*******, Б.******* нарын Гялс төгрөг ХЗХ-той байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.4-т сарын хүү 8 хувь байхаар, хугацаандаа зээлийн төлбөрийг төлсөн бол хоршооны зүгээс урамшуулал үзүүлж сарын хүүг 5 хувиар тооцож төлүүлэхээр тохиролцсон ба хариуцагч М.*******, Б.******* нар нь 2018 оны 08 сарын 27-нд гэрээнд заасны дагуу зээл, хүүгийн төлбөрт 119589 төгрөг төлөөд түүнээс хойш зээлийн үндсэн төлбөрийг сар бүр төлөхгүй, зөвхөн хүүгийн төлбөрт 3365147 төгрөгийг 2018 оны 08 сарын 27-ны өдрөөс 2019 оны 10 сарын 28-ны өдөр хүртэл төлсөн ба 2020 оны 02 сарын 05-ны өдөр зээл, хүүгийн төлбөрт 4885000 төгрөгийг төлжээ.

 

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээнд ...зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрийн бизнесийн үйл ажиллагааны орлогоос өдөр бүр 30000 төгрөгийг төлж зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийг бүрэн барагдуулна... гэж заасан нь зээлдэгчид өдөр бүр зээл төлөхөд хүндрэлтэй байдлыг бий болгосон, үүнээс болж хариуцагч нар нь зээлийн гэрээнд заасан төлбөрийг хугацаандаа төлж чадахгүй болсон, энэ байдлыг нэхэмжлэгч талд мэдэгдэхэд эхлээд зөвхөн хүүгээ төлөөд явж бай гэж хүлээн зөвшөөрсний дагуу хариуцагч нь сар бүр хүүгийн төлбөрийг төлж байсан болох нь зохигчдын тайлбар, бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд гэрээний хугацаа 2019 оны 08 сарын 16-ны өдөр дууссан бөгөөд зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байсан ба зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагч нараас удаа дараа шаардсан талаар нотлох баримт байхгүй, хариуцагч нарын зээл, хүүгийн төлбөрт төлсөн мөнгөн дүнг харгалзан үзэж зээл, хүүгийн төлбөрийг тооцож хариуцуулахаар шийдвэрлэв.

 

Хариуцагч нар нь зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн үндсэн төлбөрт 5000000 төгрөг, хүүгийн төлбөрт /8%-р/ 4800000 төгрөг, нийт 9800000 төгрөгийг төлөх ёстойгоос хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар зээлийн төлбөрт 8369000 төгрөг төлсөн байгааг хасч тооцож зөрүү 1430151 төгрөгийг хариуцагч М.*******, Б.******* нараас гаргуулж, нэхэмжлэгч Гялс төгрөг Хадгаламж зээлийн хоршооны Орхон салбарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 920796 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52565 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч М.*******, Б.******* нараас улсын тэмдэгтийн хураамж 37832 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч ******* овогт ******* ******* *******, ******* овогт ******* ******* нараас 1430151 /нэг сая дөрвөн зуун гучин мянга нэг зуун тавь/ төгрөгийг гаргуулж Гялс төгрөг Хадгаламж зээлийн хоршооны Орхон салбарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 920796 /есөн зуун хорин мянга долоон зуун ерэн зургаа/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Л.т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52565 /тавин хоёр мянга таван зуун жаран тав/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч М.*******, Б.******* нараас улсын тэмдэгтийн хураамж 37832 /гучин долоон мянга найман зуун гучин хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Гялс төгрөг Хадгаламж зээлийн хоршооны Орхон салбарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 



 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ