Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 104

 

 

 

 

 

2020 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 207/МА2020/00104

 

 

 

*******-ны нэхэмжлэлтэй, хариуцагч нарт холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 142/ШШ2020/00762 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, *******, ******* нарт холбогдох,

Зээлийн гэрээний төлбөр 2.350.947 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч *******гийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баянжаргал, хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа, нарийн бичгийн дарга Д.Одончимэг нар оролцов.

Нэхэмжлэгч *******-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхтуяа, Д.Баяржаргал нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Мөнх-Амгалан овогтой Баярмаа нь Гялс төгрөг хадгаламж зээлийн хоршоотой 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ЗГ/2600 дугаартай зээлийн шугамын гэрээ, БГ/2600 дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулан 5.000.000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, орон сууц хашаа байшингийн зориулалтаар авсан. Зээлдэгч зээлийн барьцаанд ирээдүйд олох орлого барьцаалсан. Зээлийн гэрээний дагуу 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр зээлдэгчийн Төрийн банкин дахь 130300347564 тоот дансанд шилжүүлсэн. Зээлдэгч нь ЗГ/2600 тоот зээлийн гэрээний салшгүй хэсэг болох хавсралт 1 буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй боловч нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байна. Хоршооны зүгээс зээлдэгчийг зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг шаардан удаа дараа 95119009 дугаарын утсаар болон албан мэдэгдлээр мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ үл биелүүлж, нэхэмжлэгч *******-д ноцтой хохирол учруулж байна. Зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөрөөс 3.053.576 төгрөг, үндсэн хүүнээс 5.316.273 төгрөг, нийт 8.369.849 төгрөгийг төлсөн. Зээлдэгчийн зээлийн гэрээний дагуу төлөх үндсэн зээлийн төлбөр нь 1.946.423 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 404.522 төгрөг, нийт 2.350.947 төгрөг болж хуримтлагдсан байна. Иймд хариуцагч *******, *******, ******* нартай байгуулсан ЗГ/2600 тоот зээлийн гэрээний нийт төлбөр болох 2.350.947 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие ******* нь Гялс төгрөг хадгаламж зээлийн хоршооны гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. М Баярмааг 2018 оны 08 сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 5.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээл авахад хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. Манай эхнэр зээлээ цаг хугацаанд нь төлж байсан. Хааяа манай ажил дээр Т.Мөнхтуяа ирдэг байсан бөгөөд ирэхээр нь би орлогоноосоо бэлэн мөнгө өгч тооцуулдаг. Манай эхнэр нийт 8 сая гаран төгрөг төлсөн гэсэн. Зээлсэн мөнгөө төлж дуусгасан учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие ******* нь Гялс төгрөг хадгаламж зээлийн хоршооны гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. *******г 2018 оны 08 сарын 16-ны зээлийн гэрээ байгуулан 5.000.000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлж авахад батлан даагчаар гарын үсэг зурсан. *******г төлж байгаа гэж бодсон юм. Би энэ мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй. ******* хувийн бизнес хийдэг. Төлбөр төлөх чадвартай учраас надад хамаагүй гэж бодож байна. Надад холбогдуулсан хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

******* нь *******-ноос зээл авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Зээлийн гэрээний үүргийн дагуу зээлийн эргэн төлөлтүүдийг төлж эхэлсэн. Сар бүр тогтсон хоногтойгоор хүүг бүгдийг нь төлөөд дуусгасан. Зээлийн үндсэн төлөлтөөс эхлээд 100000 төгрөгийг төлсөн. 250000 төгрөг нь үндсэн хүү, зээл болоод хасагдаад явсан бол үндсэн зээлээс их мөнгө хасагдана. Нэмэгдүүлсэн хүү гэж төлөгдөөд яваад байдаг. Гэрээг харахаар нэмэгдүүлсэн хүүг зохицуулж өгөөгүй байсан. Үүнийгээ маш нарийн зохицуулаагүйн улмаас компани болон иргэний хооронд үл ойлголцол үүсэж байгаа. Зээлийн онцлог нь өдөр болгон 30000 төгрөг төлөх хуваарьтай байна. Гэрээ маань хэт нэг талыг барьсан гэрээ болсон байна гэж үзэж байна. Хүүгээ хугацаанд нь төлсөн бол 5 хувиар, хугацаа хэтэрсэн бол 8 хувиар бодож тооцсон бодолтууд байна. ХЗХ маань өөртөө ашигтай хувилбараар бодож нэхэмжлэл гаргаад байна. Зөрүү мөнгийг үндсэн мөнгөнөөс хасуулж тооцуулмаар байна. Гэрээний үүргээ биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгөөс үндсэн зээлийг гаргуулж авахаар байсан. Энэ хүмүүс үндсэн зээлээ төлөөгүй байхад ХЗХ нь барьцаа хөрөнгөөс үндсэн төлбөрөө гаргаж авах боломжтой байсан. Гэтэл ийм ажиллагаа огт хийгдээгүй. Хүүгээ бодоод суугаад байсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 142/ШШ2020/00762 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Бэсүд овогт Мөнх-Амгалангийн Баярмаа /РД:НЙ89010101/, Шарнууд овогт Бямбаагийн Хишигбаяр /РД:ФД84111817/ нараас 1.430.151 /нэг сая дөрвөн зуун гучин мянга нэг зуун тавь/ төгрөгийг гаргуулж Гялс төгрөг Хадгаламж зээлийн хоршооны Орхон салбарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 920.796 /есөн зуун хорин мянга долоон зуун ерэн зургаа/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч *******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.565 /тавин хоёр мянга таван зуун жаран тав/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамж 37.832 /гучин долоон мянга найман зуун гучин хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Гялс төгрөг Хадгаламж зээлийн хоршооны Орхон салбарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

*******-оос 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 5.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн шугамын гэрээний 2.1.4.-т зээлийн үндсэн хүү сарын 8 хувь байна. Зээлдэгч эргэн төлөлтийг энэхүү гэрээний хавсралт 1-д зааасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаанд нь төлсөн бол Хоршооны зүгээс гүйцэтгэлийн урамшуулал үзүүлж үндсэн хүүг сарын 5 хувиар тооцно. Зээлийг олгосон өдрөөс эхлэн хүүг жилийн 365 хоногоор тооцно гэжээ. Эхний сар хугацаанд нь төлөлт хийж хүүг 5 хувиар бодож хүүнд 90.410 төгрөг суутгаж, үндсэн зээлээс 119.589 төгрөг хасагдсан. Дараа сараас нь эхлэн үндсэн мөнгөнөөс хасч чадахгүй тухайгаа хэлэхэд хоорондоо тохиролцож сар бүр 5 хувиар хүүг бодож төлөхөөр тохирсон. Сар бүр 5 хувиар төлөлтийг хийж байсан ба заримдаа хоног хэтрүүлэх юм бол хоног тутмыг 3 хувийн хүүгээр бодож авдаг байсан. Хэтрүүлсэн хоногоос авдаг болохоор биш үндсэн хүүг 8 хувиар бодож байгаагүй. Үүнийг дэлгэрэнгүй хуулгаас харах боломжтой. Үүнийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхтуяа анхан шатны шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрсөн тайлбарыг хийсэн. *******-ны нэхэмжилсэн 2.350.947 төгрөгт хугацаа хэтрүүлсний хүүг бодсон байсан. Зээлийн шугамын гэрээ 12 сар буюу 365 хоногоор байгуулсан. Хүүг 12 сар төлсөн ба нийт 3.336.849 төгрөг. Үндсэн зээлийн үлдсэн мөнгө болох 4.885.000 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төлж дууссан. Гэтэл анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадсангүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч *******-ны Орхон салбар нь хариуцагч *******, *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 2.350.947 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч *******-ны Орхон салбар нь хариуцагч нартай 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр зээлийн шугамын болон ирээдүйд олох орлогыг барьцаалан барьцааны гэрээ байгуулж 5 сая төгрөгийг сарын 8%-ийн хүүтэй 12 сарын хугацаатай гэрээ байгуулж, 5 сая төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн, хариуцагч *******, ******* нар зээлийг графикийн дагуу төлж байгаад үндсэн зээлийн төлбөр, сар бүр төлөөгүй хүүгийн төлбөрийг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэл нийт 8.369.000 төгрөгийг төлсөн зэрэг үйл баримт тогтоогджээ.

Анхан шатны шүүх ******* нь өөрийн ирээдүйд олох орлогоо барьцаалж зээл авч, хувийн хэрэгцээндээ зарцуулсан гэрээнд батлан даагч гэж заагдсан боловч өөрийн орлогоо барьцаалаагүй ******* нь *******тай ямар хамааралтай зээл авах хүсэл сонирхол байсан эсэх нь тодорхой бус, зээлийн мөнгөнөөс авч хэрэглэсэн эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, түүний тайлбарыг няцаасан баримтыг нэхэмжлэгч тал гаргаж ирүүлээгүй гэсэн дүгнэлт хийж *******т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон, хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүргийн дагуу зээлийн үндсэн төлбөрт 5 сая төгрөг, хүүнд 4.800.000 төгрөг, нийт 9.800.000 төгрөг төлөхөөс 8.369.000 төгрөг төлсөн, зөрүүнд 1.430.151 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн зэрэг нь үндэслэлтэй, Иргэний хуулийн 451, 453 дугаар зүйлүүдэд нийцжээ.

Иймд хариуцагч *******гийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 142/ШШ2020/00762 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******гийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч *******гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 37.832 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД Б.ОЮУНЦЭЦЭГ

С.УРАНЧИМЭГ