Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2022/00452

 

“........ХЗХ” Орхон аймаг Баян-Өндөр

сум дахь салбарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 142/ШШ2020/00762 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 104 дүгээр магадлалтай,

“........ХЗХ” Орхон аймаг Баян-Өндөр сум дахь салбарын нэхэмжлэлтэй

М.Б, Б.Х, Л.Г нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 2,350,947 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч М.Бгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баянжаргал, хариуцагч М.Б, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “........ХЗХ” Орхон аймаг Баян-Өндөр сум дахь салбар нь хариуцагч М.Б, Б.Х, Л.Г нарт холбогдуулан үндсэн зээл 1,946,423 төгрөг, хүү 404,522 төгрөг, нийт 2,350,947 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй маргажээ.

2. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 142/ШШ2020/00762 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч М.Б, Б.Х нараас 1,430,151 төгрөгийг гаргуулж “Гялс төгрөг” Хадгаламж зээлийн хоршооны Орхон салбарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 920,796 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Л.Гт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,565 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч М.Б, Б.Х нараас улсын тэмдэгтийн хураамж 37,832 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Гялс төгрөг” Хадгаламж зээлийн хоршооны Орхон салбарт олгож шийдвэрлэжээ.

3. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 104 дүгээр магадлалаар Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 142/ШШ2020/00762 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч М.Бгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч М.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,832 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагч М.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасны дагуу гомдол гаргаж байна.

4.1. “Гялс төгрөг” ХЗХ-оос 2018.08.16-ны өдөр 5,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, ...зээлийн шугамын гэрээний 2.1.4-т зээлийн үндсэн хүү: Сарын 8 /найм/ хувь байна. Зээлдэгч эргэн төлөлтийг энэхүү гэрээний хавсралт 1-д заасан “Зээлийн эргэн төлөлтийн хуваарь”-ийн дагуу хугацаанд нь төлсөн бол хоршооны зүгээс гүйцэтгэлийн урамшуулал үзүүлж үндсэн хүүг сарын 5 /таван/ хувиар тооцно. Зээлийг олгосон өдрөөс эхлэн хүүг жилийн 365 хоногоор тооцно. Анхан шатны шүүх хуралдаан дээр “нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхтуяа ...хугацаандаа төлсний урамшлуулд хүү гэж 5 хувиар бодож хүүг авч байсан. Хэрвээ хугацаандаа төлөөгүй хугацаа хэтэрсэн хоногт нь үндсэн хүү болох 8 хувиар бодож хүүгээ авсан. 12 сарын хугацаанд эхний сард илүү төлөлт хийж үндсэн зээлээсээ хассан. 2 дахь сараасаа авсан зээлийн хүүний төлбөрийг төлөөд явдаг байсан..., ...зээлийн үндсэн төлбөрөөс 3,053,576 төгрөг, үндсэн хүүнээс 5,316,273 төгрөг, нийт 8,369,849 төгрөгийг төлсөн... гэжээ.

4.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үндсэн хүүнд 5,316,273 төгрөгийг хасахдаа 365 хоногийн гэрээг хийсэн боловч төлбөр төлөгдөж дуусаагүй учраас гэрээний 2.2.4 гэрээний хугацаа дуусгавар болж, зээлдэгч зээл, зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд цаашид хугацаа нь зээл, зээлийн хүүгийн төлбөр, хэтэрсэн хугацааны хүүг төлж дуусах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр үргэлжилнэ... гэж заасны дагуу 2018 оны 08 дугаар сараас 2019 оны 08 дугаар сар хүртэл хүүг 5 хувиар бодож 3,000,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сараас 2020 оны 02 дугаар сар хүртэл хүүг 8 хувиар бодож 2,316,273 төгрөгийг төлсөн мөнгөнөөс хассан гэдгээ тайлбарласан байтал анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримт болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэгт хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадсангүй.

4.3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж, нэхэмжлэлийн шаардлагаас давсан шийдвэр гаргаж намайг хохироож байна. Хэрвээ зээлээ төлөөгүй гэж бүх сарын хүүг 8 хувиар бодож авсан бол миний төлсөн 8,369,849 төгрөгөөс 12 сарын хугацаанд 4,800,000 төгрөг авах байсан. Гэтэл гэрээний хугацаа дуусчхаад байхад хүүг тооцож мөнгө авсан гэдгээ тайлбарлаж 8,369,849 төгрөгөөс үндсэн хүүнд 5,316,273 төгрөг бодож авсан гэдгээ нотлох баримттайгаар шүүхэд өгч нэхэмжлэл гаргасан.

4.4. Үндсэн зээл хүүг өдөр өдрөөр төлөх боломжгүй болсон гэдгээ хариуцагч нэхэмжлэгчид мэдэгдэхэд хүүгээ төлөөд явж бай гэж хүлээн зөвшөөрсний дагуу хариуцагч сар бүр хүүгийн төлбөрийг төлж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Зээлийн гэрээний хугацаа дууссан учраас хүүг төлөхөө зогсоосон. Хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үгүйсгээгүй.

4.5. Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасангүй. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянахдаа нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийн зүйл заалтыг хэрэглээгүйгээс хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Иймд шугамын гэрээний дагуу үндсэн зээл, хүүгийн хамт төлөгдөж дууссан учраас анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагч М.Бгийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

6. Нэхэмжлэгч “........ХЗХ”-ны Орхон аймаг Баян-Өндөр сум дахь салбар нь хариуцагч М.Б, Б.Х, Л.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд үндсэн зээл 1,946,423 төгрөг, хүү 404,522 төгрөг, нийт 2,350,947 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч М.Б, Б.Х нар зээлийг төлсөн гэсэн үндэслэлээр, хариуцагч Л.Г батлан даагч гэж гэрээнд гарын үсэг зурсан ч зээл төлөгдсөн гэж ойлгосон гэж нэхэмжлэлийг тус тус зөвшөөрөөгүй маргажээ.

7. Анхан шатны шүүх, нэхэмжлэлийн шаардлагаас 1,430,151 төгрөг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо ““........ХЗХ”-ны Орхон аймаг Баян-Өндөр сум дахь салбар болон М.Б, Б.Х нарын хооронд 2018.08.16-ны өдөр зээлийн шугамын гэрээ байгуулагдсан, энэхүү гэрээ хүчин төгөлдөр, хариуцагч нар зээл 5,000,000 төгрөг, зээлийн хүүд 4,800,000 төгрөг, нийт 9,800,000 төгрөг төлөхөөс 8,369,000 төгрөг төлсөн тул зөрүү 1,430,151 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй, нэхэмжлэгч нь гэрээний хугацаа дууссанаас хойш зээлийн төлбөрийг шаардах эрхтэй байсан боловч шаардаагүйг харгалзан зээл, хүүгийн төлбөрийг багасгаж тооцох нь зүйтэй” гэсэн дүгнэлт хийсэн, энэхүү дүгнэлтийг давж заалдах шатны шүүх хуульд нийцсэн гэж үзэж шийдвэрийг хэвээр үлдээжээ.

8. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд болох “........ХЗХ”-ны Орхон аймаг Баян-Өндөр сум дахь салбар болон М.Б, Б.Х нарын хооронд 5,000,000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлэх, зээлийг цагтаа төлсөн бол хүүг 5 хувь болгон бууруулах гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу мөнгийг шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдсон, энэхүү гэрээ хүчин төгөлдөр болохыг хоёр шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д заасантай нийцүүлэн дүгнэжээ.

9. Түүнчлэн хариуцагч М.Б, Б.Х нар нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар хамтран зээлдэгч тул мөн зүйлийн 242.3-т зааснаар нэхэмжлэгч тэдгээрээс зээлийн үүргийг бүхэлд нь шаардах эрхтэй гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

10. Харин зээлийн гэрээнд сарын хүүг 2 өөрөөр тогтоосон нь хүү тодорхой байх Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д заасан шаардлагад нийцээгүйг хоёр шатны шүүх анхаараагүй, зээлийн хүүг сарын 8 хувиар тооцож гүйцэтгэх үүргийг тодорхойлсон нь буруу болсныг залруулах нь зүйтэй гэж үзлээ.

11. Зээл эргэн төлөлтийн хүснэгтээс үзэхэд хариуцагч нь гэрээ байгуулж, мөнгийг шилжүүлэн авснаас хойш 2018.08.27-ны өдөр үндсэн зээлээс 119,589.05 төгрөг төлснөөр үндсэн зээлийн үлдэгдэл 4,880,410 төгрөг болжээ.

Иймээс зээлийн хүүг сарын 5 хувиар тооцоход 2,857,226 төгрөг (2019.08.16-2018.08.27 хүртэл 5,000,000 х 5 хувь х 11 хоногийн = 91,666 төгрөг, 2018.08.28-2019.08.16 хүртэл (гэрээний хугацаа дуусгавар болсон) 4,880,410 төгрөг х 5 хувь= 244,020 төгрөг х11 сар, 20 хоног = 2,846,900 төгрөг) үндсэн зээлийн төлбөртэй нийлээд 7,727,310 төгрөг төлөх үүргийг хариуцагч нар хүлээсэн гэж үзэхээр байна.

Хариуцагч нь нийтдээ 8,369,949 төгрөг төлсөн байх бөгөөд зөрүү мөнгийг Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хэтэрсэн хугацааны хүүд тооцох үндэслэлтэй ба харин нэмэгдүүлсэн хүү төлөх талаар талууд гэрээгээр тохиролцоогүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагч нарыг төлбөрийн үүргийг бүрэн гүйцэтгэсэн гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж үзэв.

12. Хариуцагч Л.Г зээлийн гэрээнд “батлан даагч” гэж гарын үсэг зурсан боловч зохигчийн хооронд Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1-д заасан батлан даалтын гэрээ байгуулагдсан гэж үзэх, тухайлбал, Л.Г нь хариуцагч М.Б, Б.Х нарыг зээлийн үүргээ гүйцэтгэж чадна гэдгийг “........ХЗХ”-ны Орхон аймаг Баян-Өндөр сум дахь салбарын өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хамтран эсхүл нөхөх хариуцлага хүлээхээр тохиролцсон нь тогтоогдоогүй тул түүнд холбогдох нэхэмжлэлийг хэргэсэхгүй болгосон нь зөв байна.

13. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 142/ШШ2020/00762 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 104 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул М.Б, Б.Х, Л.Г нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,350,947 төгрөг гаргуулахыг хүссэн “........ХЗХ”-ны Орхон аймаг Баян-Өндөр сум дахь салбарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч М.Бгийн 2020.09.17-ны өдөр 37,350 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.БАНЗРАГЧ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                        Б.МӨНХТУЯА

                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ