Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2019/01753

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2019/01753

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч:  А.И

хариуцагч: ж.б 

хариуцагч:Ж.Г

зээлийн гэрээний үүрэгт 129 528 885,85 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 5 сарын 24-ний өдөр хүлээн авч, 2019 оны 5 сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* /РД: ЧЖ86031771/, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* /РД: ЧЛ84110417, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сандаг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.И ББСБ ХХК-ийн нэр сая сүүлд хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэр гаргаад хуулийн этгээдээр бүртгэгдэж Эй Ай Пи ББСБ ХХК-ийн болж өөрчлөгдсөн боловч өмнө байсан А.И ББСБ ХХК-ийн эрх үүрэг, шаардах эрх бүх зүйл энэ компанид хэвээр хадгалагдаж байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс иргэн н.Ж.Г болон н.ж.б нартай 2014 оны 09 сарын 15-ны өдөр 2014/01 тоот барьцаат зээлийн гэрээг байгуулсан. Энэ барьцаат зээлийн гэрээгээр нийт 100,000,000 төгрөгийг сарын 4%-ийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай буюу 2015 оны 09 сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээллэсэн. Тухайн зээлийг олгосон. 2015 оны 10 сарын 22-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоход 2014/01 тоот зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт гээд өмнөх зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ нэмэлт өөрчлөлт оруулах үеийн үлдэгдлийн хэмжээ 51,000,000 төгрөг гэж гэрээн дээрээ тодорхойлсон. Ингээд зээлийн гэрээний хугацааг 2016 оны 04 сарын 22-ны өдрийг хүртэл хугацаагаар сунгаж үргэлжлүүлэхээр тохиролцсон. Гэсэн боловч 2016 оны 04 сарын 22-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоход н.ж.б, н.Ж.Г нарын зүгээс зээлийн төлөлт огт хийгээгүй, үргэлжлүүлж явж байсан. Энэ хугацаанд Банк бус санхүүгийн байгууллагын зүгээс удаа дараа н.Ж.Г, н.ж.б нарт мэдэгдэл хүргүүлж зээлийн гэрээний хүлээсэн үүргээ биелүүлж зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө үү гэдэг шаардлага тавьсан. Хавтас хэрэгт авагдсан байгаа 2017 оны 10 сарын 11, 2018 оны 08 сарын 29, 2018 оны 09 сарын 24, 2018 оны 11 сарын 22, 2019 оны 04 сарын 04-ний өдрийн мэдэгдэх хуудаснуудаар зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх талаар шаардлагыг хүргүүлсэн. н.Ж.Г, н.ж.б нарын зүгээс 2017 оны 10 сарын 18-ны өдрийн хүсэлт 2018 оны 08 сарын 28-ны өдрийн хүсэлт, 2019 оны 04 сарын 04-ний өдрийн хүсэлт, 2019 оны 05 сарын 22-ны өдрийн хүсэлтээр зээлийг тухайн эргэлтийн хөрөнгөөр барьж болгосон гээд байгаа Таун хаусуудыг худалдан борлуулж, борлуулсан орлогоор зээлийг төлнө гэдэг. Тийм учраас шүүхэд өгөхгүй түр хүлээж, хугацаа олгоно уу гэсэн хүсэлт өгснөөр байж өдийг хүрсэн. Ер нь ингэж үргэлжлүүлж явах нь зээлдэгч, зээлдүүлэгч Банк бусын хувьд ч н.ж.б, н.Ж.Г нарын хувьд ч аль алинд нь хохиролтой юм байна. Өөрөөр хэлбэл Банк бусын хувьд мөнгөө түгжүүлээд бизнесийн хувьд доголдол үүсэх гээд байдаг. н.ж.б, н.Ж.Г нарын зүгээс зээлийн хүү хуульд зааснаар үргэлжлээд бодогдож байгаа учраас илүү нэмэгдэх нь хариуцагч нарт хохиролтой учраас хариуцагч нарын хүсэлтээр цааш нь үргэлжлүүлж явах нь эрсдэлтэй юм байна гэж үзээд шүүхэд хандсан. Зээл, зээлийн гэрээний дагуу үүссэн үндсэн зээл 51,000,000 төгрөг үндсэн хүү 69,770,634.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,887,311.01 төгрөг нийт 134,657,948.86 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэж шүүхээс хүсэж байна. 2014 оны 09 сарын 15-ны өдөр Банк бус санхүүгийн байгууллагын зүгээс Иргэн н.ж.бтэй 2014/01/01 тоот барьцааны гэрээ байгуулсан. Уг барьцааны гэрээгээр Ү2203015018 тоот Улсын бүртгэлийн дугаартай 000102219 тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний дугаартай Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо энх тайвны өргөн чөлөө 32а байрны 51 тоот орших 86,52 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, Иргэний хуулийн 156 дугаар зүйлд заасны дагуу барьцааны гэрээ байгуулж, тухайн барьцааны гэрээг Улсын бүртгэлд бүртгүүлж баталгаажуулж хүчин төгөлдөр гэрээ байгуулсан. Хуульд барьцааны гэрээнд заасны дагуу зээлдэгч зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ хугацаанд биелүүлээгүй тохиолдолд тухайн барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн бүрдүүлбэрийг хангуулах хуулийн зохицуулалттай. Энэ зээлийн барьцаа болох Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо энх тайвны өргөн чөлөө 32А дугаар байрны 51 тоот 3 өрөө орон сууцыг зээлдэгч нар зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан худалдан борлуулж зээл, зээлийн гэрээний үлдээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү.

Тооцооллоор харахад зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлөлт хийгээгүй нь харагдаж байгаа, төлөлт хийх удаашрах тусам энэ нь өөрөө эргээд н.ж.б, н.Ж.Г нарт ашиггүй учраас энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлье. Бүхэлд нь төлөх боломжгүй байгаа учраас шүүхээр шийдүүлчихвэл хүү зогсох асуудал яригдана. Ингэж шийдүүлэх нь зээлдэгч нарын хувьд ашигтай гэдэг байр суурийг барьж шүүхэд хандсан. 2016 оноос 2019 он хүртэл хүлээсэн. Би өөрөө н.Ж.Гтэй 2018 оны 10 сарын 23-наас хойш уулзаж байгаа, янз бүрээр тайлбарлаж хэлж уулзаж, тэр зарах гэж байгаа байшинд нь очоод би танд зараад өгөх үү, хүмүүстэй холбож өгөх үү, та ямар нөхцлөөр энэ байруудаа зарах гэж байгаа юм бэ? би эсвэл энэ байрыг бүхэлд нь зарах хүнийг олоод өгөх үү гээд янз бүрээр үзсэн. Зөндөө хүмүүс мөнгө авах гээд цагдаа дагуулж очсон байхад би очиж уулзаж байсан. Тэр болгон дээр н.Ж.Гт санал тавиад хамгийн сүүлд хүлээж ядаад ингэж шийдсэн. н.Ж.Г, н.ж.б нарын хувьд энэ зээлэнд төлөгдсөн дүнг нэг ч төгрөг алдахгүйгээр хүснэгтэлж Excel файлаар оруулж гаргасан. Зөрүүтэй илүү төлсөн баримт байгаа бол гаргаж өгч болно. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль болон Иргэний хуулийн 451-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн зохицуулалттай холбоотойгоор дээр нь Иргэн н.Ж.Г, н.ж.б нарын хооронд Банк бустай байгуулсан гэрээний дагуу хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар төлүүлж, тэр дарааллаар бид төлсөн дүнгүүдийг тооцсон. Харин өмнөх өөрчлөлт ороогүй байсан үндсэн гэрээний дагуу үндсэн төлөлт зээлийн гэрээний хугацаанд зөрчил үүсгэж байсан ч нэмэгдүүлсэн хүүг тооцоогүй. Яагаад гэвэл үндсэн зээл төлөх хугацаа болоогүй байсан учраас нэмэгдүүлсэн хүү тооцоогүй, н.ж.б, н.Ж.Г нарын зүгээс үндсэн зээлээс 49,000,000 төгрөгийг төлье гэсэн хүсэлт тавихаар үндсэн зээлээс 49,000,000 төгрөгийг хасаж өгөөд 51,000,000 төгрөгийн үндсэн зээл болгож өгсөн. Энэ бүх нөхцөл байдлыг Банк бусын зүгээс маш уян хатан хийж өгсөн. Хүсэж байгаагаар нь аль болох л ашигтайгаар хийж өгсөн. Иймд нэхэмжлэгчийн гаргаад байгаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү хүсэж байна гэв.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Ж.Г барилгын бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байсан. Энэ хугацаандаа үйл ажиллагаа нь доголдож, асуудлаа шийдвэрлэхийн тул А.И ББСБ ХХК-иас 100,000,000 төгрөгийн зээл авсан. Энэ хүртэл хугацаанд 70-80 сая төгрөг төлсөн. Сүүлд үлдэгдэл 51,000,000 төгрөг дээр 4%-ийн хүүтэй зээлийн гэрээ шинэчлэн хийсэн. Мэдэгдэх хуудсуудад төлнө гэдэг. Зээл авснаас хойш төлсөн төлөлтийг харахад 20,000,000 төгрөг төлсөн байна. н.ж.бээс А.И ББСБ ХХК-д зээлийн хүүг төлж байдаг. Төлөх боломжгүй, төлөх хүсэл зориггүй хариуцагч бол биш. Дээрээс нь тооцоолол дээр Банк бус санхүүгийн байгууллага гэдэг нь тусдаа өөрийн гэсэн хуультай эрх бүхий этгээдийн мөнгө хадгаламж төлбөр тооцооны зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Үндсэндээ манайх анх өгсөн хариу тайлбарын хүрээнд 51,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн зүгээс гаргаад байгаа энэ их мөнгөний тооцоолол дээр эргэлзэж байна. Төлөх боломжгүй гэж хэлье. 2015 оны 10 сарын 22-ны зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөс хойш нийт 20,322,400 төгрөгийг төлсөн. Үндсэн зээлийн хүүгээс хасуулах хүсэлтэй байна. Нэмэгдүүлсэн хүүг Банк бусын хувьд Иргэний хуулийн дагуу авах эрх ёстой боловч шударга ёсны хувьд шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдэх бол уу, нэмэгдүүлсэн хүү гэдэг нь мөнгө хүүлж байгаа асуудал учраас манай энэ нөхцөл байдлыг харгалзаж үзнэ үү гэж хүсэж байна. Хамгийн сүүлд 2016 оны 12 сарын 21-ний өдөр 4,000,000 төгрөгийн төлөлт хийсэн. Үүнээс хойш төлөгдөөгүй явж байгаа.

Зээлийн хугацаанд н.Банчимэг Ж.Гийн төрсөн эгч нь гадаад, дотоод явснаас ийм асуудал гарсан. Хамтран үүрэг гүйцэтгэх боломжгүй болж хугацаа алдсан зүйл байгаа. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд шүүх хуралдаан дээр албан ёсоор хэлэхэд зээлийн үлдэгдэл мөнгө болох 51,000,000 төгрөг дээр 30,000,000 төгрөгийг нэмээд 80,000,000 төгрөгийг төлөхөөр тодорхой хуваарь тохирч төлөх боломжтой, мөн бартер хийх боломж байна. 80,000,000 төгрөгөөс илүүг бид нар төлөх боломжгүй. Үндсэн зээлийн гэрээний нэмэлт хуваарийн дагуу 63,000,000 төгрөг дээр төлөх боломжтой, 80,000,000 төгрөгөөс дээш гаргах боломж байхгүй. Үүний дагуу хангаж өгөхийг хүсэж байна. Энэ төлбөрийг харин барьцаа хөрөнгөөр биш өөрийн бусад эх үүсвэрээр яаралтай төлөх боломж байгаа гэв.

Хэрэгт талуудаас хуулийн шаардлага хангаж ирүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч А.И ББСБ ХХК нь хариуцагч Ж.ж.б, Ж.Ж.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 129 528 885,85 төгрөг гаргуулах, үүргээ сайн дураар биелүүлээгүй нөхцөлд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа 2019 оны 7 сарын 23-ны өдөр хүртэл хугацаагаар нэмэгдүүлж, хүүд 4 284 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 845 063,11 төгрөг тус тус шаардаж бүгд 134 657 948,86 төгрөг болгосон ба итгэмжлэгдсэн төлөөлөгч шаардлагаа дэмжин шүүх хуралдаанд оролцлоо.

Хариуцагч нар итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсэг болох 80,000,000 төгрөгийг хэсэгчлэн буюу эд зүйлээр төлнө, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг зөвшөөрөхгүй гээд барьцаа хөрөнгөөр биш өөрийн бусад эх үүсвэрээр төлж барагдуулна гэсэн тайлбарыг гаргасан.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

А.И ББСБ ХХК-ийн 2019 оны 5 сарын 3-ны өдрийн хувьцаа эзэмшигчийн 09/04 тоот шийдвэрээр оноосон нэрийг өөрчлөн Эй Ай Пи ББСБ ХХК болж 2019 оны 6 сарын 19-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдэн 000186989 дугаарын гэрчилгээ олгогджээ.

А.И ББСБХХК нь иргэн Ж.Ж.Г болон Ж.ж.б нартай 2014 оны 09 сарын 15-ны өдөр 2014/01 дугаар барьцаат зээлийн гэрээг байгуулан, 100,000,000 төгрөгийг сарын 4%-ийн хүүтэй 12 сарын хугацаатай тохирч 2015 оны 09 сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээл олгосон,

2014 оны 09 сарын 15-ны өдөр 2014/01-01 дугаар барьцааны гэрээг Ж.ж.бтэй байгуулж, Ж.ж.бийн өмчлөлийн Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо Энх тайвны өргөн чөлөө 32А дугаар байрны 51 тоот 3 өрөө орон сууцыг 198 996 000 төгрөгөөр барьцаа хөрөнгийн үнэлгээ тохирч, 100,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар барьцаалуулсан, ба барьцаалуулагчийг төлөөлөн иргэн Ж.ж.б, Ж.Ж.Г нар гарын үсэг зурсан.

Талууд тохиролцон 2015 оны 10 сарын 22-ны өдөр 2014/01/хавсралт 2/ тоот зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт гэрээ байгуулан 2014/01 дугаар барьцаат зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн үлдэгдлийн хэмжээ 51,000,000 төгрөг, сарын 4%-ийн хүүтэй 6 сарын хугацаа тохирч 2016 оны 04 сарын 22-ны өдөр хүртэл хугацаа сунгасан байх ба үндсэн зээлд 49 000 000 төгрөг төлсөн, үлдэгдэл 51 000 000 төгрөг, үндсэн хүүд 12 444 000 төгрөгийг хариуцан төлөхөөр тохиолцсон ба 2 зээлийн гэрээний 2.1.3., 2.1.4.-т тус тус зааснаар нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүний 20 хувь гэж тохиролцсон үйл баримтад зохигч талууд маргаагүй.

Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулж, эрх бүхий этгээд гарын үсэг зурж баталгаажуулан зээлдүүлэгч зээлийн мөнгө 100 000 000 төгрөгийг зээлдэгч нарт гэрээ байгуулсан өдөрт бүрэн шилжүүлсэн, зээлдэгч нар гэрээгээр тохиролцсон үүргээ бүрэн биелүүлээгүй гэрээ зөрчсөн болох нь талуудын тайлбар, /хх-ийн 11-26, 55-57-р хуудас/ баримтуудаар нотлогдоно.

Хариуцагч тал гүйцэтгээгүй үлдсэн төлөх хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн үнийн дүнд маргаж, 80 000 000 төгрөгөөс хэтрүүлэхгүй хариуцна, төлөх боломжгүй, барьцаа хөрөнгөөр бус өөр хөрөнгөөр хариуцан төлнө гэж маргана.

Нэхэмжлэгч тал зээлийн төлөлтийн тооцооллын хүснэгт гэсэн баримт /хэргийн 25, 26, 55-56 дахь хуудас/ ирүүлэн тооцож нийт үүргийн гүйцэтгэл шаардсан, хариуцагч тал энэ төлбөр төлөлт үүргийн тооцоололд маргаагүй.

А.И ББСБ ХХК нь иргэн Ж.Ж.Г болон Ж.ж.б нартай 2014 оны 09 сарын 15-ны өдөр байгуулагдсан 2014/01 дугаар барьцаат зээлийн гэрээгээр зээлийн 100.000.000 төгрөгийг зээлдэгчид тус тус шилжүүлэх, зээлдэгч нар нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг тус тус хүлээж, гэрээг бичгээр байгуулж талууд хүсэл зоригоо нэгтгэн гарын үсэг зурсан, 2015 оны 10 сарын 22-ны өдөр 2014/01 /хавсралт 2/ тоот гэрээг хугацаа нэмж тохирон сарын 4 хувийн хүүгийн хамт төлж барагдуулахаар байгуулсан гэрээнүүд болон зээлд төлсөн үнийн дүнд маргаагүй тул гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.2.-т заасны дагуу Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээний шинж агуулгыг илэрхийлсэн, хуулийн хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ. /х.х-ийн 11-16-р хуудас/

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд заасан үүргээ зээлдүүлэгч бүрэн биелүүлсэн, зээлдэгч нар тохирсон хугацаанд зээлийг хүүгийн хамт хэсэгчлэн төлөх үүргийг бүрэн биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн буруутай байна.

Хариуцагч нар нь зээлийн гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулан, 100,000,000 төгрөгийн зээлийн мөнгийг хүлээн авч, захиран зарцуулсан, нэхэмжлэлээр шаардаж буй дүнг ямар нэг баримтаар үгүйсгээгүй.

Зээлдэгч нар 2014 оны 09 сарын 15-ны өдөр байгуулагдсан 2014/01 дугаар барьцаат зээлийн гэрээгээр авсан зээлийн 100.000.000 төгрөгийн 51 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж тооцон, 2015 оны 10 сарын 22-ны өдөр 2014/01/хавсралт 2/ тоот зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт гэрээ байгуулан хугацаа тохирч 2016 оны 04 сарын 22-ны өдөр хүртэл хугацаа сунгасан боловч хариуцагч тал одоог хүртэл хэсэгчлэн төлөх үүргээ зөрчиж, 2015 оны 9 сарын 19-ний өдрөөс 2015 оны 10 сарын 21-ний өдөр хүртэл 1 сар 2 хоног, 2016 оны 04 сарын 23-ны өдрөөс нэхэмжлэл шүүхэд ирүүлсэн 2019 оны 5 сарын 24-ий өдөр хүртэл 3 жил 1 сар 1 хоног, 2019 оны 7 сарын 23-ны өдөр нэмэгдүүлсэн шаардлага гаргах хүртэл мөн 2 сарын хугацаагаар тус тус хэтрүүлсэн байгаа нь,Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, 452 дугаар зүйлийн 452.2.Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно.гэж заасны дагуу хэтэрсэн 3 жил 4 сар 3 хоногийн хугацааны хүүг үндсэн ба нэмэгдүүлсэн хүүгийн хамт хариуцах үүрэгтэй.

Хариуцагч нь зээлийн эргэн төлөлтийн тохиролцсон хуваарийг зөрчиж, гэрээгээр тохиролцсон хугацаа болох 2015 оны 9 сарын 18, 2016 оны 4 сарын 22-ны өдөр хүүгийн хамт зээл хүүг бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй буруутай болох нь зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаар нотлогдож байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байдаг ч, 79 дүгээр зүйлийн 79.1.Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалданагэж зааснаар нэхэмжлэгчээс хэрэгт ирүүлсэн 2017 оны 10 сарын 11, 2018 оны 08 сарын 29, 2018 оны 09 сарын 24, 2018 оны 11 сарын 22, 2019 оны 04 сарын 04-ний өдрийн мэдэгдэх хуудсууд/хэргийн 18-24-р хуудас/, зээлдэгчээс тус компанид зээлийн төлбөрөө төлөх талаар 2018 оны 08 сарын 28, 2017 оны 10 сарын 18, 2019 оны 04 сарын 04-ний өдрүүдийн мэдэгдэл, хариуцагч нарын гараар бичсэн тодорхойлолтуудаар шаардлагыг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн байгаа нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэх үндэслэл болж байх тул зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлүүлэхээр шаардах эрхийн хугацаандаа гэж үзнэ.

Иймд талууд тохирсноор үндсэн зээл 100 000 000 төгрөг, гэрээгээр тохирсон хугацаа болох 2 удаагийн гэрээний 18 сарын үндсэн хүүд /48 666 666,64+12 240 000=/61 110 066,6 төгрөг, үндсэн хүүний 20 хувь болох 12 222 133,3 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, хэтэрсэн 40 сар 3 хоногийн хугацааны хүүд 80 408 396,76 төгрөг бүгд 253 740 596,7 төгрөг нь хариуцагч тал гэрээний үүргийн гүйцэтгэвэл зохих үнийн дүн болж байна.

Хариуцагч нар энэ дүнг хариуцан төлөхөөс үндсэн зээлд 49 000 000 төгрөг, үндсэн хүү ба хэтэрсэн хугацааны хүүд 71 747 828,5 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2 565 737,39 төгрөг, мөн бусад гэсэн 414 891,26 төгрөг бүгд 123 728 257, 15 төгрөг төлсөн болох нь талуудын маргаагүй тайлбар, зээлийн тооцоолол баримтуудаар батлагдаж, үндсэн зээлийн үлдэгдэл 51 000 000 төгрөг, үндсэн ба хэтэрсэн хугацааны хүүд 69 770 634,85 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 9 656 395,9 төгрөг, бүгд 130 427 031 төгрөгийг хариуцан төлөх дүн болж байна.

Хариуцагч тал хуульд зааснаар хэтэрсэн хугацааны хүү хариуцан төлөх үүрэгтэй ба нэхэмжлэлд үндсэн хүү гэж бичсэн хэдий ч шаардлагын агуулгаар авч үзвэл хэтэрсэн хугацааны хүү тооцон шаардсан, энэ тооцоололд хариуцагч маргаагүй тул Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2-198.4-т заасны дагуу үгийн утгыг гэрээнд илэрхийлсэн хүсэл зориг, түүний агуулгаар авч үзэж, хэтэрсэн хугацааны хүү шаардсан байна гэж үзсэн болно.

Иргэн Ж.Ж.Г болон Ж.ж.б нар нь дээрх гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлээгүйгээс зээлдэгч нарт гэрээгээр тохиролцсон хариуцлага тооцож, нэхэмжлэгч гэрээний дагуу шилжүүлсэн үндсэн зээлийн үлдэгдлийг үндсэн ба хэтэрсэн хугацааны хүүг, гэрээгээр тохиролцсон нэмэгдүүлсэн хүүгийн хамт шаардах эрхтэй, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1., Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасанд шаардлага нийцсэн.

Зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүү нь гэрээний үндсэн үүрэг болох ба хэтэрсэн хугацааны хүү нэмэгдүүлсэн хүү нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас зээлдэгч талд хүлээлгэж хариуцлага ногдуулж буй тохиролцсон хариуцлагын хэлбэр юм.

Зохигчид гэрээний 2.2. дахь хэсэгт зааснаар, зээлийн гэрээний хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3.-т зааснаар хэтэрсэн хугацааны хүү болон төлөгдөөгүй үндсэн хүүгийн үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон байна.

Барьцааны зүйл болох Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо Энх тайвны өргөн чөлөө 32А дугаар байрны 51 тоот 3 өрөө орон сууцыг 198 996 000 төгрөгөөр барьцаа хөрөнгийн үнэлгээ тохирч, 100,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар үнэлж тохиролцсон, Ү-2203015018 улсын бүртгэлийн дугаарт, 000102219 дугаарын өмчлөх эрхийн гэрчилгээгээр Ж.ж.бийн өмчлөлд 2010 оны 5 сарын 06-ы өдөр өмчлөх эрхийн бүртгэл болон 2014 оны 9 сарын 18-ны өдөр барьцаалбарын бүртгэл тус тус хийгдсэн, энэ талаар талууд маргаагүй.

Талуудын хооронд 2014 оны 9 сарын 15-ы өдөр байгуулагдсан барьцааны 2014/01--01 тоот гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч талууд маргаагүй, хариуцагч нарын төлөөлөгч зээлийн төлбөрт барьцаалсан орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулмааргүй байгаа гэсэн тайлбар гаргаж, өөр хөрөнгийн эх үүсвэрээр үүргийн гүйцэтгэл хангуулна гэх хэдий ч барьцааг солих болон энэ талаар ямар нэг баримт ирүүлээгүй тул барьцааны зүйл болох Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо Энх тайвны өргөн чөлөө 32А дугаар байрны 51 тоотод байрлах 86,52 м.кв талбайтай 3 өрөө 198 996 000 төгрөгөөр барьцаа хөрөнгийн үнэлгээ тохирч үнэлсэн орон сууцыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэх үндэстэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5.-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэх албадах ажиллагаа явуулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэлээс үлдсэн 4 230 917,85 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 972 811 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нарт хувь тэнцүүлэн хураамж тооцон хариуцуулах нь хуульд нийцнэ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1., 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.2., 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Ж.ж.б, Ж.Ж.Г нараас зээлийн үүрэгт 130 427 031 /нэг зуун гучин сая дөрвөн зуун хорин долоон мянга гучин нэг/ төгрөгийг адил тэнцүү хэмжээгээр хувааж хариуцуулан гаргуулж, нэхэмжлэгч /А.И ББСБ ХХК/ Эй Ай Пи ББСБ ХХК-д олгон, нэхэмжлэлээс үлдэх 4 230 917,85 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хариуцагч Ж.ж.б, Ж.Ж.Г нар төлбөрийг сайн дураар төлж эс барагдуулбал Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо Энх тайвны өргөн чөлөө 32А дугаар байрны 51 тоотод байрлах 86,52 м.кв талбайтай Ж.ж.бийн өмчлөлд бүртгэлтэй 3 өрөө орон сууцыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5.-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлж албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан үнийн дүнгээс хангах ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 972 811 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.ж.б, Ж.Ж.Г нараас хариуцах хураамжид 810 085 буюу 405 042,5 төгрөгийг тус тус хариуцуулан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, хуралдаанд оролцоогүй зохигчид мөн хуулийн 119.5.-д зааснаар шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

   

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Д.УРАНЧИМЭГ