Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2021/01339

 

 

Ананд инвестмент партнер ББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2019/01753 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 161 дүгээр магадлалтай,

 Ананд инвестмент партнер ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ж.Батчимэг, Ж.Ганчимэг нарт холбогдох  

Зээлийн гэрээний үүрэгт 129,528,885.85 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бат-Амгалангийн гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Чинбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Ананд инвестмент партнер ББСБ ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр тус компанийн нэр Эй Ай Пи ББСБ ХХК болж өөрчлөгдсөн боловч өмнөх Ананд инвестмент партнер ББСБ ХХК-ийн эрх үүрэг, шаардах эрх бүх зүйл энэ компанид хэвээр хадгалагдаж байгаа. Ж.Ганчимэг, Ж.Батчимэг нартай 2014.09.15-ны өдөр 2014/01 тоот барьцаат зээлийн гэрээг байгуулж нийт 100,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай 2015.09.18-ны өдөр хүртэл хугацаанд эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлдүүлсэн. 2015.10.22-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоход 2014/01 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Нэмэлт өөрчлөлт оруулах үеийн үлдэгдлийн хэмжээ 51,000,000 төгрөг гэж гэрээн дээр тодорхойлон гэрээний хугацааг 2016.04.22-ны өдрийг хүртэл үргэлжлүүлэхээр тохиролцсон. Гэрээний хугацаа дуусгавар болоход Ж.Батчимэг, Ж.Ганчимэг нарын зүгээс зээлийн төлөлт огт хийгээгүй. Энэ хугацаанд Банк бус санхүүгийн байгууллагын зүгээс удаа дараа Ж.Ганчимэг, Ж.Батчимэг нарт мэдэгдэл хүргүүлж зээлийн гэрээний хүлээсэн үүргээ биелүүлж зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхийг шаардаж байсан. Зээлдэгч нарын зүгээс 2017.10.18, 2018.08.28, 2019.04.04, 2019.05.22-ны өдрийн хүсэлтдээ эргэлтийн хөрөнгөөр барьсан гэх таун хаусуудыг худалдан борлуулж, орлогоор нь зээлээ төлнө гэсэн боловч төлөлт хийгээгүй. Үндсэн зээл 51,000,000 төгрөг, хүү 69,770,634.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,887,311.01 төгрөг нийт 134,657,948.86 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү. 2014.09.15-ны өдөр Банк бус санхүүгийн байгууллагын зүгээс иргэн Ж.Батчимэгтэй 2014/01/01 тоот барьцааны гэрээ байгуулж, Ү2203015018 тоот улсын бүртгэлийн, 000102219 тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний дугаартай Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө 32А байрны 51 тоот хаягт орших 86.52 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, Улсын бүртгэлд бүртгүүлсэн. Иймд зээлдэгч нар зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү. Ж..Ганчимэг, Ж.Батчимэг нарын хувьд энэ зээлэнд төлөгдсөн дүнг нэг ч төгрөг алдахгүйгээр хүснэгтэлж Excel файлаар оруулж гаргасан. Зөрүүтэй илүү төлсөн баримт байгаа бол гаргаж өгч болно. Ж.Батчимэг, Ж.Ганчимэг нарын зүгээс үндсэн зээлээс 49,000,000 төгрөгийг төлье гэсэн хүсэлт тавихаар үндсэн зээлээс 49,000,000 төгрөгийг хасаж өгөөд 51,000,000 төгрөгийн үндсэн зээл болгож өгсөн гэжээ. 

Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбартаа: Ж.Ганчимэг барилгын бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байхдаа үйл ажиллагаа нь доголдож Ананд инвестмент партнер ББСБ ХХК-иас 100,000,000 төгрөг зээлж авсан. Энэ хүртэл хугацаанд 70,000,000-80,000,000 төгрөг төлсөн. Сүүлд үлдэгдэл 51,000,000 төгрөг дээр 4 хувийн хүүтэй зээлийн гэрээ шинэчлэн хийсэн. Зээлээ төлнө гэдгээ мэдэгдэх хуудсаар мэдэгдэж байсан. Зээл авснаас хойш 20,000,000 төгрөг төлсөн. Ж.Батчимэгээс Ананд инвестмент партнер ББСБ ХХК-д зээлийн хүүг төлж байсан бөгөөд төлөх боломжгүй, төлөх хүсэл зориггүй бол биш. 51,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн зүгээс гаргаад байгаа мөнгөний тооцоолол дээр эргэлзэж байна, төлөх боломжгүй. 2015.10.22-ны зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөс хойш нийт 20,322,400 төгрөгийг төлсөн. Үндсэн зээлийн хүүгээс хасуулах хүсэлтэй байна. Нэмэгдүүлсэн хүүг Банк бус санхүүгийн байгууллагын хувьд Иргэний хуулийн дагуу авах эрхтэй боловч шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэнэ. Нэмэгдүүлсэн хүү нь мөнгө хүүлж байгаа асуудал учраас манай нөхцөл байдлыг харгалзаж үзнэ үү. Хамгийн сүүлд 2016.12.21-ний өдөр 4,000,000 төгрөгийн төлөлт хийсэн. Үүнээс хойш төлөлт хийгээгүй. Зээлийн үлдэгдэл 51,000,000 төгрөг дээр 30,000,000 төгрөгийг нэмээд нийт 80,000,000 төгрөгийг тодорхой хуваарь тохирч төлөх эсхүл бартер хийх боломжтой. 80,000,000 төгрөгөөс илүүг төлөх боломжгүй. Төлбөрийг барьцаа хөрөнгөөр биш өөрийн бусад эх үүсвэрээр яаралтай төлөх боломжтой гэжээ. 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2019/01753 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар Ж.Батчимэг, Ж.Ганчимэг нараас зээлийн үүрэгт 130,427,031 төгрөгийг адил тэнцүү хэмжээгээр хувааж хариуцуулан гаргуулж, /Ананд инвестмент партнер ББСБ ХХК/ Эй Ай Пи ББСБ ХХК-д олгон, нэхэмжлэлээс үлдэх 4,230,917,85 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Ж.Батчимэг, Ж.Ганчимэг нар төлбөрийг сайн дураар төлж эс барагдуулбал Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо Энх тайвны өргөн чөлөө 32А дугаар байрны 51 тоотод байрлах 86,52 м.кв талбайтай Ж.Батчимэгийн өмчлөлд бүртгэлтэй 3 өрөө орон сууцыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлж албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан үнийн дүнгээс хангах ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 972,811 төгрөгийг улсын орлогод үлдээж, Ж.Батчимэг, Ж.Ганчимэг нараас улсын тэмдэгтийн хураамжид 405,042,5 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 161 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2019/01753 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 556,000 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.  

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бат-Амгалан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн, хэт нэг талыг баримталж үйл баримт болон нотлох баримтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Хариуцагч нарын зүгээс 130,427,031 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсний 51,000,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх 79,427,031 төгрөгийг эс зөвшөөрч байна. Учир нь шүүх Ж.Ганчимэгийн төлсөн 20,322,400 төгрөгийг зээлийн үнийн дүн, хүү, нэмэгдүүлсэн хүүгээс хасч тооцоогүй нь хариуцагч нарын эрхийг зөрчиж байгаа нь зээлийн гэрээний 2.2.5 гэрээний нэмэлт өөрчлөлтийн 2.1.4, 2.2.1-д үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд зээлдэгч хэтэрсэн хугацааны хүүг үндсэн хүүгийн хэмжээгээр, нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувиар тус тус төлөхөөр тохиролцсон. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт гэснийг буруу дүгнэсэн байна. Иймээс Ж.Ганчимэгийн төлсөн 20,322,400 төгрөгийн зээлийн үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй хасуулах хүсэлтэй байгаа тул гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

Ананд инвестмент партнер ББСБ ХХК нь Ж.Батчимэг, Ж.Ганчимэг нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 129,528,885.85 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар 80,000,000 төгрөгийг барьцаа хөрөнгөөр биш, бусад эх үүсвэрээр төлнө гэж маргажээ. 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу 130,427,031 төгрөгийг хариуцагч нараас адил тэнцүү хэмжээгээр гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Хяналтын шатны шүүхэд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бат-Амгалангийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

1. Ж.Батчимэг, Ж.Ганчимэг нар 2014.09.15-ны өдөр 2014/01 дүгээр барьцаат зээлийн гэрээг Ананд инвестмент партнер ББСБ ХХК-тай байгуулж, эргэлтийн хөрөнгийн зориулалт бүхий зээл 100,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай авч, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Ж.Батчимэгийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 32А байр, 51 тоотод байрлах 86.52 м.кв 3 өрөө орон сууцыг барьцаалсан болох нь тогтоогджээ. 

Барьцааны гэрээг бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлж, бүртгүүлбэл зохих байгуулагад бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1-д тус тус заасантай нийцсэн гэж үзнэ. 

2. Банкнаас зээл олгох гэрээгээр банк, зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. 

Зээлийн гэрээний 2.1.8-д зээлдэгчийн Голомт банкны 1109029848 тоот дансанд бэлэн бусаар шилжүүлснээр зээлийг олгосонд тооцохоор заажээ.  

Ананд инвестмент партнер ББСБ ХХК 2014.09.18-ны өдөр Голомт банкны 1109029848 тоот дансанд зээл 100,000,000 төгрөгийг шилжүүлж, гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн, энэ талаар талууд маргаагүй болно. 

Хариуцагч нар нь гэрээний хугацаанд үндсэн зээлд 49,000,000 төгрөг, зээлийн хүүд 22,538,833 төгрөг төлж, үндсэн зээлээс 51,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан байх ба 2015.10.22-ны өдөр 51,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдлийг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаанд төлөхөөр харилцан тохиролцож, гэрээний хугацааг сунгажээ. 

3. Хариуцагч нар барьцаат зээлийн гэрээний 2.1.2, 2.1.3, 4.2.1, 4.2.3-т тус тус заасан зээлийг буцаан төлөх үүргээ зөрчсөн байна.

Түүнчлэн гэрээний 2.2.5, 4.2.6-д зааснаар зээлдэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй нөхцөлд гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээжээ.

Нэхэмжлэгч дээрх гэрээнд заасан хэмжээнд зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасны дагуу шаардах эрхтэй. 

Хоёр шатны шүүх хариуцагчаас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 130,427,031 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах шийдвэр гаргахдаа Иргэний хуулийн 174, 175, 451, 452 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бат-Амгалангийн хяналтын журмаар гаргасан ...үлдэх 79,427,031 төгрөгийг эс зөвшөөрч байна, ...Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг буруу дүгнэсэн... гэх агуулгатай гомдол хангагдахгүй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болсон баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. 

Ж.Ганчимэгийн төлсөн 20,322,400 төгрөгийг зээлийн үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй хасуулах үндэслэлээ хариуцагч нар нотлох баримтаар нотлож чадаагүй байна. 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх бөгөөд зээлийн гэрээний үүргээс 20,322,400 төгрөгийг хасах үндэслэлгүй гэсэн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.  

Иймд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бат-Амгалангийн 20,322,400 төгрөгийг хасуулахыг хүссэн гомдол үндэслэлгүй.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бат-Амгалангийн гомдлыг хангахгүй орхив.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2019/01753 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 161 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бат-Амгалангийн гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              П.ЗОЛЗАЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           Г.АЛТАНЧИМЭГ 

                                               ШҮҮГЧИД                                           Г.БАНЗРАГЧ            

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                            Х.ЭРДЭНЭСУВД