Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2020/00161

 

 

 

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2020/00161

 

 

 

 

Ананд инвестмент партнер ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05ы өдрийн 181/ШШ2019/01753 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ананд инвестмент партнер ББСБ ХХК-ийн хариуцагч Ж.Батчимэг, Ж.Ганчимэг нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 129 528 885.85 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Чинбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Ананд инвестмент партнер ББСБ ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр тус компанийн нэр Эй Ай Пи ББСБ ХХК болж өөрчлөгдсөн боловч өмнөх Ананд инвестмент партнер ББСБ ХХК-ийн эрх үүрэг, шаардах эрх бүх зүйл энэ компанид хэвээр хадгалагдаж байгаа. Ж.Ганчимэг, Ж.Батчимэг нартай 2014 оны 09 сарын 15-ны өдөр 2014/01 тоот барьцаат зээлийн гэрээг байгуулж нийт 100 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлдүүлсэн. 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоход 2014/01 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Нэмэлт өөрчлөлт оруулах үеийн үлдэгдлийн хэмжээ 51 000 000 төгрөг гэж гэрээн дээр тодорхойлон гэрээний хугацааг 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл үргэлжлүүлэхээр тохиролцсон. Гэрээний хугацаа дуусгавар болоход Ж.Батчимэг, Ж.Ганчимэг нарын зүгээс зээлийн төлөлт огт хийгээгүй. Энэ хугацаанд Банк бус санхүүгийн байгууллагын зүгээс удаа дараа Ж.Ганчимэг, Ж.Батчимэг нарт мэдэгдэл хүргүүлж зээлийн гэрээний хүлээсэн үүргээ биелүүлж зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхийг шаардаж байсан. Зээлдэгч нарын зүгээс 2017 оны 10 сарын 18, 2018 оны 08 сарын 28, 2019 оны 04 сарын 04, 2019 оны 05 сарын 22-ны өдрийн хүсэлтдээ эргэлтийн хөрөнгөөр барьсан гэх таун хаусуудыг худалдан борлуулж, орлогоор нь зээлээ төлнө гэсэн боловч төлөлт хийгээгүй. Үндсэн зээл 51 000 000 төгрөг, хүү 69 770 634.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13 887 311.01 төгрөг нийт 134 657 948.86 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү. 2014 оны 09 сарын 15-ны өдөр Банк бус санхүүгийн байгууллагын зүгээс иргэн Ж.Батчимэгтэй 2014/01/01 тоот барьцааны гэрээ байгуулж, Ү2203015018 тоот улсын бүртгэлийн, 000102219 тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний дугаартай Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо Энхтайвны өргөн чөлөө 32а байрны 51 тоот хаягт орших 86.52 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, Улсын бүртгэлд бүртгүүлсэн. Иймд зээлдэгч нар зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү. н.Ганчимэг, н.Батчимэг нарын хувьд энэ зээлэнд төлөгдсөн дүнг нэг ч төгрөг алдахгүйгээр хүснэгтэлж Excel файлаар оруулж гаргасан. Зөрүүтэй илүү төлсөн баримт байгаа бол гаргаж өгч болно. н.Батчимэг, н.Ганчимэг нарын зүгээс үндсэн зээлээс 49,000,000 төгрөгийг төлье гэсэн хүсэлт тавихаар үндсэн зээлээс 49,000,000 төгрөгийг хасаж өгөөд 51,000,000 төгрөгийн үндсэн зээл болгож өгсөн гэв.

  Хариуцагчийн тайлбарт: Ж.Ганчимэг барилгын бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байхдаа үйл ажиллагаа нь доголдож Ананд инвестмент партнер ББСБ ХХК-аас 100 000 000 төгрөг зээлж авсан. Энэ хүртэл хугацаанд 70 000 000-80 000 000 төгрөг төлсөн. Сүүлд үлдэгдэл 51 000 000 төгрөг дээр 4 хувийн хүүтэй зээлийн гэрээ шинэчлэн хийсэн. Зээлээ төлнө гэдгээ мэдэгдэх хуудсаар мэдэгдэж байсан. Зээл авснаас хойш 20 000 000 төгрөг төлсөн. н.Батчимэгээс Ананд инвестмент партнер ББСБ ХХК-д зээлийн хүүг төлж байсан бөгөөд төлөх боломжгүй, төлөх хүсэл зориггүй бол биш. 51 000 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн зүгээс гаргаад байгаа мөнгөний тооцоолол дээр эргэлзэж байгаа байна, төлөх боломжгүй. 2015 оны 10 дугаар сарын 22-ны зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөс хойш нийт 20 322 400 төгрөгийг төлсөн. Үндсэн зээлийн хүүгээс хасуулах хүсэлтэй байна. Нэмэгдүүлсэн хүүг Банк бус санхүүгийн байгууллагын хувьд Иргэний хуулийн дагуу авах эрхтэй боловч шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэнэ. Нэмэгдүүлсэн хүү нь мөнгө хүүлж байгаа асуудал учраас манай нөхцөл байдлыг харгалзаж үзнэ үү. Хамгийн сүүлд 2016 оны 12 сарын 21-ний өдөр 4 000 000 төгрөгийн төлөлт хийсэн. Үүнээс хойш төлөлт хийгээгүй. Зээлийн үлдэгдэл 51 000 000 төгрөг дээр 30 000 000 төгрөгийг нэмээд нийт 80 000 000 төгрөгийг тодорхой хуваарь тохирч төлөх эсхүл бартер хийх боломжтой. 80 000 000 төгрөгөөс илүүг төлөх боломжгүй. Төлбөрийг барьцаа хөрөнгөөр биш өөрийн бусад эх үүсвэрээр яаралтай төлөх боломжтой гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Ж.Батчимэг, Ж.Ганчимэг нараас зээлийн үүрэгт 130 427 031 /нэг зуун гучин сая дөрвөн зуун хорин долоон мянга гучин нэг/ төгрөгийг адил тэнцүү хэмжээгээр хувааж хариуцуулан гаргуулж, нэхэмжлэгч /Ананд инвестмент партнер ББСБ ХХК/ Эй Ай Пи ББСБ ХХК-д олгон, нэхэмжлэлээс үлдэх 4 230 917,85 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хариуцагч Ж.Батчимэг, Ж.Ганчимэг нар төлбөрийг сайн дураар төлж эс барагдуулбал Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо Энх тайвны өргөн чөлөө 32А дугаар байрны 51 тоотод байрлах 86,52 м.кв талбайтай Ж.Батчимэгийн өмчлөлд бүртгэлтэй 3 өрөө орон сууцыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлж албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан үнийн дүнгээс хангах ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 972 811 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ж.Батчимэг, Ж.Ганчимэг нараас улсын тэмдэгтийн хураамжид 405 042,5 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бат-Амгалан давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүх хэт нэг талыг барьж хууль буруу хэрэглэж тайлбарласан, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, нотлох баримтыг дутуу, буруу үнэлсэн. Хариуцагч нараас 130 427 031 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсний 51 000 000 төгрөгийг зөвшөөрч үлдэх 79 427 031 төгрөгийг эс зөвшөөрч байна. Шүүх Ж.Ганчимэгийн төлсөн 20 322 400 төгрөгийг зээлийн үнийн дүн, хүү, нэмэгдүүлсэн хүүгээс хасч тооцоогүй нь хариуцагч нарын эрхийг зөрчиж байна. Хариуцагч нар зээлийн хүүг төлж байсан талаар баримт гаргаж өгөөд байхад энэ нотлох баримтыг үнэлж үзээгүй зөвхөн нэг талыг барьж шийдвэр гаргаж байгаа нь харагдаж байна. Нэхэмжлэгч тал хариуцагч нарыг зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш ямар ч төлөлт хийгээгүй гэж тайлбар өгсөн боловч хариуцагч нарын зүгээс зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 5 удаа төлөлт хийсэн байхад шүүх дүгнэж үзээгүй. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэр хуульд заасан хугацаанаас хоёр сарын дараа гарсан нь хуулийг зөрчсөн. Нэхэмжлэгч талаас гаргасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу шүүх зээлийг тооцож гаргасан боловч нотлох баримтын шаардлага хангасан баримт мөн эсэх дээр шүүх дүгнэлт огт хийгээгүй. Хариуцагч талаас энэ баримтыг нарийвчилсан байдлаар гаргуулах хүсэлтийг удаа дараа гаргасан боловч шүүх авч үзээгүй. Хариуцагч нар энэхүү графикийг хүлээн зөвшөөрсөн эсэх талаар ямар ч дүгнэлт хийгээгүй. Зээлийн гэрээ нь 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан, нэхэмжлэлийг 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Шүүхийн шийдвэрт 2017 оны 10 дугаар сарын 11, 2018 оны 8 дугаар сарын 29, 2018 оны 9 дүгээр сарын 24, 2018 оны 11 дүгээр сарын 22, 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн мэдэгдэх хуудсууд дээр хариуцагчид гардуулсан гэж байгаа боловч Ж.Ганчимэгийн гарын үсэг мөн эсэх нь тодорхойгүй байдал үүссэн. Иймээс манай талаас гарын үсгийг дууриалган бичсэн байж магадгүй гэдэг үндэслэлээр шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангалгүй нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Ананд инвестмент партнер ББСБ ХХК-ийн үндсэн зээлд 51 000 000 төгрөг, хүү 69 770 634.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13 887 311.01 төгрөг, нийт 134 657 948.86 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Ж.Батчимэг, Ж.Ганчимэг нар 80 000 000 төгрөгийг барьцаа хөрөнгөөр биш, бусад эх үүсвэрээр төлнө гэж маргажээ.

Хариуцагч Ж.Батчимэг, Ж.Ганчимэг нар 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэгч Ананд инвестмент партнер ББСБ ХХК-тай барьцаат зээлийн болон барьцааны гэрээ тус тус байгуулан, 100 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдэн авч, үүргийн гүйцэтгэлд Ж.Батчимэгийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 32А байр, 51 тоотод байрлах 86.52 м.кв 3 өрөө орон сууцыг барьцаалжээ.

Зээлдэгч нь гэрээний хугацаанд үндсэн зээлд 49 000 000 төгрөг, зээлийн хүүд 22 538 833 төгрөг төлж, үндсэн зээлээс 51 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан байх ба 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зохигчид 51 000 000 төгрөгийн зээлийн үлдэгдлийг сард 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна. /хх11-16/

Талуудын дээрх тохиролцоо нь Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.7, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгтэй нийцсэн байх тул нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй болно.

Зээлдэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, шүүхээс хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийн хэмжээг тодорхойлсон нь нотлох баримтад үндэслэгдсэн, нийт гүйцэтгэх үүргийн дүнг 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл тооцоолон энэ хугацаанд хариуцагчаас төлөгдсөн дүнг хасч тодорхойлсныг буруутгах хуулийн үндэслэлгүй болно.

Зохигчид зээлийн гэрээний 2.2.5, гэрээний нэмэлт өөрчлөлтийн 2.1.4, 2.2.1-д үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд зээлдэгч хэтэрсэн хугацааны хүүг үндсэн хүүгийн хэмжээгээр, нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувиар тус тус төлөхөөр тохиролцсон, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан, шүүх зээлдэгчийн хүлээх хариуцлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Хариуцагчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангах боломжгүй байна. 1. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 5 удаа төлөлт хийсэн байхад шүүх дүгнэж үзээгүй гэжээ. Зохигчид зээлийн үлдэгдэл 51 000 000 төгрөг байсан, гэрээний хугацааг үндсэн гэрээний нөхцөлөөр 6 сар сунгасан үйл баримтын талаар маргаагүй. Нэхэмжлэгч хариуцагчийн зээлийн эргэн төлөлтийг хүснэгтээр гаргаж өгсөн нь хэргийн 25-26 дугаар талд авагдсан байх ба үүнд зээлдэгч гэрээний хугацаа сунгасан 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 9 удаагийн төлөлтөөр нийт 26 267 583 төгрөг төлсөн, банк дээрх дүнгээс зээлийн хүүд 23 272 902 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2 913 566 төгрөг, үндсэн зээлд 81 115 төгрөг тус тус суутган авсан нь тусгагдсаныг шүүх хариуцагчийн гүйцэтгэх үүргийг тодорхойлохдоо оруулан тооцсон байна.

Хариуцагч тал гэрээний хугацаа 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр дууссанаас хойш 4 удаагийн төлөлтөөр 14 864 072 төгрөг төлсөн байгааг тэмдэглэх нь зүйтэй.

2. Нэхэмжлэгч талаас гаргасан зээлийн тооцоолын баримт нотлох баримтын шаардлага хангасан эсэхийг шүүх анхаарч үзээгүй гэх гомдол үндэслэлгүй, хэргийн 25-26, 58-59 дүгээр тал дахь зээлдэгчийн зээлийн эргэн төлөлтийг жагсааж бичсэн хүснэгт бүхий баримтад нэхэмжлэгч байгууллагын тамга, тэмдэг дарагдаж, эрх бүхий ажилтан гарын үсгээ зурж баталгаажуулжээ.

3. Хариуцагчийн нотлох баримт гаргуулах, шинжээч томилуулах хүсэлтийг өөрөө бүрдүүлэх боломжгүй буюу хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасантай нийцсэн.

Дээрх үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05ы өдрийн 181/ШШ2019/01753 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 556 000 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

А.МӨНХЗУЛ