Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2022/00745

 

 

 

 

 

 

 

 

2022 04 05

181/ШШ2022/00745

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг Хуульчдын гудамж-1, ******* /РД:9128883/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Бага тойруу 43, Оффисын барилгын 1 давхарт байрлах ******* ХХК /РД:5014239/-д холбогдох,

 

гэрээний үүргийн төлбөрт 1,680,600 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Азжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнсор, нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Хууль зүйн хүрээлэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон:

******* нь ******* ХХК-тай 2010 оноос эхлэн хамтран ажиллаж, 2012 оны 3-р сарын 27-ний өдөр Сэтгүүл борлуулалтын гэрээ байгуулсан.

Тус компани гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар манай байгууллагад 1,680,600 төгрөгийн үлдэгдэлтэй, ******* ХХК нь 2019.04.17-ний өдрийн А/2014 тоот албан бичгээр төлбөр тооцоог барагдуулах тухай манайд мэдэгдсэн боловч одоог хүртэл арга хэмжээ авч, төлбөрөө барагдуулаагүй, хохирол учруулаад байна.

Бид тус компанид холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүйн улмаас Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 181/ШШ2020/02521 дугаар шийдвэрийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсээс эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, 2021 оны 5-р сарын 24-ний өдрийн №75 тоот тодорхойлолтоор хариуцагч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Санзай овогтой Баатарсүрэнгийн оршин суугаа хаягыг тогтоосон. Хариуцагч байгууллага нь одоогоор үйл ажиллагаа явуулж байгаа хаяг байхгүй тул тодорхойлолтод тусгагдсан гүйцэтгэх захирлын оршин суугаа хаягаар нэхэмжлэлийг гаргасан.

 

Хариуцагч нь хуучин захирал Б.Батцэрэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа гэдэг нь Билгүүн Засаг ХХК болон Б.Батцэрэн нарын хоорондын асуудал бөгөөд эрүүгийн хэргээр Б.Батцэрэн эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх нь Билгүүн Засаг ХХК-д учирсан хохирлыг Б.Батцэрэнгээс гаргуулах эсэх талаарх маргаан юм.

Тус эрүүгийн хэргийн шийдвэр Билгүүн Засаг ХХК-ийг *******д төлбөр төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд иргэний маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж үзэж байна.

 

Иймд хариуцагч ******* ХХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэл, редакцийн захиалгын орлого 1,680,600 төгрөгийг гаргуулж, манай байгууллагыг хохиролгүй болгож, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.

 

2. Хариуцагч ******* ХХК нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

2017 оноос 2019 оны 09 сар хүртэл ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар н.Батцэрэн гэх хүн ажиллаж байсан. Тухайн үед *******гийн хохирол гэх 1,680,600 төгрөгийг н.Батцэрэн нь хувьдаа завшиж, захиран зарцуулсан. Уг хэргийг Баянзүрх дүүргийн 2 дугаар хэлтсийн н.Мөнх-Эрдэнэ мөрдөгч эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ******* ХХК-аас *******д хүсэлт гаргасан. Тухайн үед дээрх төлбөр тооцоог барагдуулах хүсэлттэй байна гэсэн хүсэлтийг захирал н.Батцэрэн гаргаж, өөрөө гарын үсэг зураад *******д хүргүүлсэн. н.Батцэрэн захирал нь ******* ХХК-ийг дампууруулах үндэслэл бий болгож нийт 121 сая төгрөгийн хохирол учруулсан. *******гийн хохирол 1,680,600 төгрөг орсон байгаа.

Гэвч 2017-2019 оны хооронд н.Батцэрэн гэх хүн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа *******д хохирол учруулсан гэж үзэж байна. ******* ХХК-ийн дансаар орж ирсэн орлого, зарлага байхгүй.

2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн н.Батцэрэнгийн гаргасан хүсэлтийн дагуу хариуцагч нь ******* ХХК биш харин гүйцэтгэх захирал н.Батцэрэнд холбогдох хэрэг учраас хариуцагчийг солих шаардлагатай гэж үзэж байна. Манай компани хариуцагч байх ямар ч үндэслэл байхгүй, одоо манай компаний гүйцэтгэх захирал нь 2022 оны 03 дугаар сарын 23-ний өдөр Я.Лхагвасүрэн бүртгэгдсэн тул түүний гэрийн хаягаар Сонгино хайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд харъяалалын дагуу шилжүүлж өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгч шүүхэд нотлох баримтаар: итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэсийн тодорхойлолт, 2020 оны 10 дугаар сарын 02-ний өдрийн Хууль зүй, дотоод хэргийн сайдын Б/51 дугаартай тушаад ******* ХХК, ******* нарын хооронд 2012 оны 3 дугаар сарын 27-ний өдрийн Сэтгүүлийн борлуулалтын гэрээ, ******* ХХК нь *******д ирүүлсэн албан бичиг,2018 оны 12 дугаар сарын 12-ний өдрийн 01/637 дугаартай нэхэмжлэгчээс Улаанбаатар шууданд хүргүүлсэн албан бичиг,

 

4. Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компаний дүрэм, Б.Мөнгөнсорд олгосон итгэмжлэл, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн албан бичиг, 2020 оны 06 дугаар сарын 10-ний өдрийн Хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай мөрдөгчтйн тогтоол, хэргийг харъяалалын дагуу шилжүүлэх хүсэлт зэрэг бичгийн баримтууд, талуудын тайлбарыг шинэчлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн төлбөрт 1,680,600 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

3. Хариуцагчид нэхэмжлэлийг гардан авсан боловч хэргийн үйл баримтын талаар бичгээр тайлбар ирүүлээгүй шүүх хуралдаанд хариуцагч нь ******* ХХК биш харин гүйцэтгэх захирал н.Батцэрэн, түүнп цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Одоо манай компаний гүйцэтгэх захирлаар 2022 оны 03 дугаар сарын 23-ний өдөр Я.Лхагвасүрэн бүртгэгдсэн тул түүний гэрийн хаягаар Сонгино хайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд харъяалалын дагуу шилжүүлж өгнө үү гэх тайлбар гаргасан.

4. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2521 дугаартай шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ******* ХХК болон Б.Батцэрэн нарыг эрэн сурвалжлахаар шийдвэрлэж, хариуцагчийн хаягийг Цагдаагийн байгууллага тогтоон, нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна.

******* ХХК-д холбогдох иргэний хэрэг нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 17891 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хариуцагчийн хүсэлтээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжин ирж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдан 2022 оны 03 дугаар сарын 18-ний, 2022 оны 03 дугаар сарын 30-ний өдрүүдэд шүүх хуралдаан зарлагдан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнсорын хүсэлтээр хойшлогдсон.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд ******* ХХК-ний хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 2022 оны 03 дугаар сарын 23-ний өдөр гүйцэтгэх захирлаар Я.Лхагвасүрэнг бүртгэсэн гэх үндэслэлээр иргэний хэргийг Сонгино хайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзаж шийдсэн.

Хариуцагч нь шүүгчээс татгалзахгүй гэх тайлбарыг өгч хуралдаан үргэлжлэх явцад хариуцагчийн гаргасан хүсэлтийг хангахгүй орхисон гэх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3 дахь хэсэгт зааснаар шүүгчээс татгалзаж байгаа, хэргийг харъяалалын дагуу шилжүүлэх хүсэлт гаргаж байгаа, шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байгаа, шүүхэд нэхэмжлэлийн шаардлага түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбараа бичгээр гаргаж өгөөгүй зэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах зорилготой гэж үзэн, хариуцагчийн гаргасан хүсэлтийг хангахаас татгалзан хуралдааныг үргэлжлүүлэв.

 

5. Хариуцагч ******* ХХК нэхэмжлэгч ******* нарын хооронд 2012 оны 3 дугаар сарын 27-ний өдөр Сэтгүүлийн борлуулалтын гэрээ-г бичгээр байгуулан талууд гарын үсэг зурж тамга дарагдан баталгаажсан.

 

Дээрхи гэрээний хугацаа болон хүчин төгөлдөр эсэхэд талууд маргаагүй, гэрээний 6.1-д ...гэрээ байгуулснаас хойш нэг жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна. гэж заасан боловч гэрээний хугацаа үргэлжилсээр байсан болох нь талуудын тайлбар болон бусад бичгийн баримтаар тогтоогдсон.

 

Гэрээний зорилго нь ...Хууль зүйн хүрээлэнгээс эрхлэн гаргаж буй Хууль зүйн мэдээлэл сэтгүүлийг худалдан авах үйлчлүүлэгчдийг олох, тэдэнд хүргэн өгөх, хэвлэл борлуулсаны хөлс авч байхтай холбогдсон харилцааг зохицуулахаар, 2.1-д борлуулагч нь аймаг хотууд дахь салбарууд, хэвлэлийн төлөөлөгчдөөр дамжуулан захиалгын ажлыг зохион байгуулах, 2.6-д ...мөнгийг сэтгүүлийн дугаар бүрийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан бэлэн болон бэлэн бус хэлбэрээр төлнө, 4.1-д хэвлэл борлуулсны хөлсний хэмжээ нь борллуулсан хэвлэлийн үнийн дүнгийн 30% -тай тэнцүү байна., 6.1-д ... хоёр талын гарын үсэг зурж, тамга дарагдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж гэрээ байгуулснаас хойш нэг жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна гэж тус тус тохиролцжээ.

Талуудын хооронд сайн дурын үндсэн дээр худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 243 дүгээр зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээний харилцаа *******, ******* ХХК нарын хооронд үүссэн гэж үзэв.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж хуульчилсан.

Тус гэрээний дагуу нэхэмжлэгчээс хариуцагчид Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл, Хууль дээдлэх ёс сэтгүүлийг нийлүүлж байсан нь талуудын тайлбараар тогтоогдоно.

 

*******гийн 2012 оны 10 дугаар сарын 22-ний өдрийн Үнэ тогтоох тухай Б-102 дугаар тушаалаар ...2013 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эмхэтгэлийн нэг бүрийн үнийг 2000 төгрөгөөр шинэчлэн тогтоосугай. гэж, Хууль дээдлэх ёс сэтгүүлийн нэг бүрийн үнэ нь 5000 төгрөг болох нь нэхэмжлэх болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдох бөгөөд хариуцагч нэг бүрийн үнийн талаар маргаагүй. /х.х-ийн 86 хуу/

 

Нэхэмжлэгч нь 2018 оны 12 дугаар сарын 12-ний өдөр 01/637 дугаартай албан бичгээр ...гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас тус хүрээлэнд 1,702,780 төгрөгийн авлага үүсээд байна, ...4.1-д заасны дагуу хоног тутамд 0,1 хувийн алдангийг тооцож төлүүлэхийг мэдэгдэж байна гэж Улаанбаатар шуудан ХХК-д хүргүүлсэн. /х.х-ийн 9 хуу/

 

Хариуцагч нь 2019 оны 04 дүгээр сарын 17-ний өдөр *******д ...2018 оны 12 сарын 31-ний өдрийн байдлаар манай шуудан нь танай байгууллагад 1,680,600 төгрөгийн төлбөрйин үлдэгдэлтэй байгаа бөгөөд бид танай байгууллагад гадаад хэвлэл, захиалга, Төрийн мэдээлэл сэтгүүлийн редакцийн хүргэлт албан бичиг, илгээмжийн хүргэлт зэрэг ажлыг гүйцэтгэж дээрхи төлбөр тооцог барагдуулах хүсэлтэй байна. гэсэн албан бичгийг нэхэмжлэгчид ирүүлсэн нь хариуцагч нь1,680,600 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй түүнийг хүлээн зөвшөөрч байсан гэж үзэв. /х.х-ийн 8 хуу/

 

Хариуцагч нь 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 30-ний хооронд 537,700 төгрөгийн, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 30-ний өдрийг хүртэл 1,479,000 төгрөгийн өглөгтэй болох нь тооцооны үлдэгдлийн баталгаа, өглөг авлагын дэлгэрэнгүй журнал, Улаанбаатар шууданд сэтгүүл хүлээлгэн өгсөн баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 77-85, 87-95 хуу/

 

Иймд хариуцагч ******* ХХК-иас 1,680,600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгох үндэслэлтэй гэж шүүх үзэв.

  6. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч ******* ХХК-иас 41,839 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-иас 1,680,600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөг болохыг дурдаж, хариуцагч ******* ХХК-иас 41,839 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ