Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2019/01861

 

 

 

 

 

 

 

 

2019 09 24

181/ШШ2019/01861

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: б.б

хариуцагч:Б.У

гэрээнээс татгалзаж, учирсан хохиролд 240,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 06 сарын 20-ны өдөр хүлээн авч, 2019 оны 06 сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.б.б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.*******, хариуцагч Н.Б.У, хариуцагчийн өмгөөлөгч Ж.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Сандаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцож гаргасан тайлбартаа: Би 2019 оны 2 сард Монгол Улсад орж ирсэн, Япон Улсад 2012 онд үйлдвэрлэгдсэн Toyota Aqua маркийн 73-11 УНӨ Улсын дугаартай суудлын авто машиныг 2019 оны 4 сард худалдан авч эзэмшиж байсан. Надад өндөр тэрэгний хэрэгцээ байсан тул машин сонирхогчдын группт пост оруултал Н.Б.У гэдэг хүн холбогдсон, түүнтэй 2019 оны 05 сарын 05-ны өдрөөс хойш утсаар ярьж байгаад 2019 оны 05 сарын 22-ны өдөр машинаа солилцож авсан. Анх 2019 оны 05 сарын 05-нд авчирна гэж хэлчээд машиныг өгөхгүй удаагаад байсан, 2019 оны 05 сарын 22-ны хооронд утсаар яриад л байсан. Машиных нь урд тэнхлэгний цаапны шаарикыг өөрөө сольж өгнө дуу орчоод байгаа, өөр хийлгэх зүйлгүй, ямар ч асуудалгүй, хааяа загасанд явахдаа унадаг, 1,2 сая төгрөгийн үнэтэй цахилгаан өөрөө татагчтай машин гээд өөрөө хот дотор өөр машин унадаг гэж хэлсэн. Би 2 жил толгой өвдөхгүй явчих уу гэхэд 5 жил ч зүгээр гэсэн. Анх машиныг үзэх гэхэд копут нь онгойхгүй, онгойлгож үзүүлээгүй, шороон замаар жаахан явуулаад л машинаа огт үзүүлээгүй. Гэтэл өөр бусад гэмтлийг нууж, зөвхөн цаапны шаарикаар өнгөлөн далдалт хийж намайг хуурч мэхэлж, хуучин машинаа тухайлбал энэ хүний машин тэр улсдаа үйлдвэрлэгдэж, ашиглалтаас гаргаад Монголд импорлогдож орж ирсэн юм байна. Харин миний машин дөнгөж үйлдвэрлэгдэж байсан. Сольж авсан машинаа унах гэтэл бодит байдалд шаардлага хангахгүй, эвдэрхий хэрэгцээ хангахгүй машин байсан учраас тэр дор нь л мэдэгдсэн, гэтэл буцахгүй гэсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргаж, өөрийн Toyota Aqua маркийн 73-11 УНӨ Улсын дугаартай суудлын авто машинаа буцааж авъя гэж шаардсанаа дэмжиж байна. 2019 оны 05 сарын 22-ны өдөр 2 машинаа солилцохоор нэр шилжүүлэх үед Н.Б.У өөрөө машинаа унаж ирсэн, маш их хүчлүүлж явж байсан, шарик сольсон удахгүй зүгээр болчихно гэсэн. Машины өмнөх гэмтэл согогийн талаар юм хэлээгүй, дагалдах хэрэгслүүд, нөөц дугуй, цахилгаан өөрөө татагч леботкоо хүртэл салгаад авч үлдчихсэн байсан, дараа нь өгнө гэсэн. Би энэ машиныг авснаас хойш 25-ны өдөр л анх удаа унаж, Налайх ороход л 20,6 литр шатахуун зарцуулсан, эд ангиуд нь маш их гэмтэлтэй, солино гэсэн зүйлээ солиогүй, зарим эд ангийг өөр зүйлээр орлуулсан, унаж амжаагүй байхад тос гоожсон байсан тул Н.Б.Уад хэлэхэд, нэгэнт наймаа хийсэн тул хариуцахгүй, надад хамаагүй гэсэн. Би Н.Б.Уад машинаа буцааж авая гэдгээ хэлэхэд зөвшөөрөөгүй тул түүнээс авсан 92-95 УБА улсын дугаартай Сузики Жимни маркийн машиныг 2019 оны 6 сарын 07-ны өдөр Мастер сүлжээ авто засварын газарт үзлэгт оруулахад, хурдны хайрцаг эвдрэлтэй, хойд редуктор элэгдэлтэй, хагас голны сальникнууд тос хаясан, втулканууд тасарсан, урд 2 цаапны шаарик дуугарсангэж оношилсон. Энэ тухай Н.Б.Уад хэлэхэд надад хамаагүй гэсэн, би хаана засуулсан юм тэр газар чяинь хамт очиё гэхэд 32-ын тойргийн тэнд гээд тодорхой зүйл хэлээгүй. Иймд өгсөн авснаа буцааж, Н.Б.Уад 92-95 УБА улсын дугаартай Сузики Жимни маркийн машиныг буцааж өгөх, өөрийн Toyota Aqua маркийн 73-11 УНӨ Улсын дугаартай суудлын авто машинаа гаргуулж авахаар нэхэмжилж байна. Мөн машиныг оношлуулсан, үнэлгээ хийлгэсний зардал 140 500 төгрөг гаргуулж өгнө үү. Машинуудын зах зээлийн үнэлгээ ч хэт зөрүүтэй юм байна.

Талуудын хооронд арилжааны гэрээ хийж Иргэний хуулийн 274.1-д зааснаар машинаа бие биедээ шилжүүлсэн ба шилжүүлсэн зүйлтэй холбоотой доголдлын талаар дор нь мэдэгдсэн, доголдолтой болох нь оношлогоогоор нотлогдсон тул хуулийн 274.3, 205 дугаар зүйлд зааснаар шаардах эрхтэй гэж үзэж байна. Доголдлыг нуун дарагдуулсан. 2019 оны 05 сарын 22-ны өдөр улсын бүртгэлээр шилжүүлэхэд кропны гэмтлийг мэдэх боломж байгаагүй, мэргэжлийн оношлогоогоор кроп гэмтэлтэйг мэдсэн. Шилжүүлэх үед энэ доголдлыг мэдэх боломжгүй байсан гэв.

Хариуцагч, өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцож гаргасан тайлбартаа: Интернет зараар холбогдоод 2 машинаа үзсэн. Б.б.б нь машины моторыг нь онгойлгон үзээд цаг орчим унаж шалгасан. 10-аад хоногийн дараа шаарик солиулж өгье гэж тохироод 2019 оны 5 сарын 22-ны өдөр машинуудаа харилцан солих тухай санал тавиад миний 92-95 УБА улсын дугаартай Сузики Жимни маркийн машиныг Б.б.бийн 73-11 УНД улсын дугаартай Тоёото Акуа маркийн машиныг харилцан үзэж хараад тохиролцож солилцсон. Гэтэл Б.б.б шүүхэд хандаж өгсөн авснаа буцаах учирсан хохиролд 140,500 төгрөг нэхэмжилсэн байна. Н.Б.У миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь анх интернетэд байршуулсан зарын дагуу холбоо барьж машин тэргээ үзэж хараад солихоор харилцан тохиролцсон. б.б машиныг нийт 3 удаа ирж үзэж шалгасан. Би машиндаа нэмж суурилуулсан цахилгаан өөрөө татагчийг (лебодка) салгаж авах, запас дугуй байхгүй обуд нь байгаа гэдгийг тухайн үед хэлэхэд зөвшөөрсөн. Мөн хоёр жилийн өмнө машины кропны компьютерт асуудал гарсныг засуулсан, машин асаагаад хөдлөхийн өмнө ухрах араа буюу R дээр нь 2 секунд болгоод хөдөлгөөнөө эхлэх хэрэгтэй гэдгийг анх машин үзэж харахдаа хэлсэн болно. Тухайн үед кроп асуудалтай боллоо гэж буруу оношилсноос болж орж ирсэн кроп худалдаж авсан байсан юм. Энэхүү нөөц кропоо ачааны туузан гэрэл, хүрз, данхраат, урд цапны шааригнууд гэх мэт зүйлсийг машиндаа дагуулж цуг өгсөн. Машин солихын өмнө миний машины хойд хоёр хагас голны үзүүрийн шаариг дуутай байсан. Урд хойд хагас голны 4 шаариг шинээр солиулж мөн хагас голны сальник шинээр солиулж өгсөн. Машинууд солилцдог 2019 оны 5 сарын 22-ны өдөр үзлэг оношилгоонд ороход ямар нэгэн асуудал байхгүй тэнцсэн. Татвар, даатгал, торгууль бүгдийг нь төлөөд харилцан нэр дээрээ шилжүүлж өгч авсан. Машинаа хүлээлгэж өгөхөд тос гоожсон гэх мэт ямар ч асуудалгүй байсан. Ер нь бол жолоочийн ур чадвараас л болно. Машин сольсноос хойш 4 хоногийн дараа б.б тос гоожсон, бензин идэлт их, кроп эвдэрсэн гэх мэт асуудалтай талаар утсаар ярьж, буцаах санал хэлсэн. Намайг машин хүлээлгэж өгөхөд ямар ч асуудалгүй байсан тул хүлээн зөвшөөрөөгүй. сальник сольсны дараа зүгээр байсан машиныг дахиж задалж угсарсан байх магадлалтай гэж бодсон. Тиймээс буцаах, солих хүсэлгүй байгаагаа б.бт хэлсэн. Анх 92-95 УБА сузуки жимни автомашин 2001 онд үйлдвэрлэгдсэн гэдгийг б.б мэдэж байсан. 2019 оны 5 сарын 22-ны өдрийн өглөө Хангай хотхоны гаднаас Баянхошууны зүүн салаанд байсан Тоёото Акуа машин руу явахдаа б.б өөрөө 92-95 УБА Сузуки Жимни машиныг барьж явсан болно. Хэн аль нь сэтгэлд нь нийцсэн тул сольсон. б.бийн хүсэл зоригоор сүүлд бүрдүүлсэн баримт доголдлыг нотлохгүй, эзэмшил өмчлөлдөө авснаас хэд хоногийн дараа ярьсан нь ашиглалтын эвдрэл байхыг үгүйсгэхгүй. Иргэний хуулийн 247 дугаар зүйлд зааснаар шаардах эрхгүй, нэхэмжлэл нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.б.б нь хариуцагч Н.Б.Уад холбогдуулан автомашин солилцож авснаа буцаах, учирсан хохиролд 140,500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Н.Б.У нь нэхэмжлэлийг үл зөвшөөрч, машинаа удаа дараа үзээд солихоор тохирч хүлээн авсан гэж маргаж байна.

Иргэн Б.б.б иргэн Н.Б.У нар 2019 оны 5 сарын 5-ны өдрөөс хоорондоо ярилцан 2019 оны 5 сарын 22-ны өдөр Б.б.б өөрийн өмчлөлийн Япон Улсад үйлдвэрлэгдсэн тoyota аqua маркийн 73-11 УНӨ улсын дугаартай суудлын авто машиныг Н.Б.Уын өмчлөлийн 92-95 УБА улсын дугаартай Suzuki jimny маркийн машинтай сольж арилжин, харилцан өмчлөлдөө шилжүүлэн авсан, үүнээс хойш 4 хоногийн дараа Б.б.б тос гоожсон, бензин идэлт их, кроп эвдэрсэн гэж хэлж машинаа буцаана гэсэн, Н.Б.У наймаа хийгдсэн тул буцахгүй гэж зөвшөөрөөгүй болох нь талуудын тайлбар, автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, тээврийн хэрэгслийн лавлагаа баримтуудаар нотлогдож, талууд энэ үйл баримтад маргаагүй болно.

Энэ нь талуудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр 274.1.Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ.гэж заасан арилжааны гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч Б.б.б нь хариуцагч Н.Б.Уад арилжсан тoyota аqua маркийн 73-11 УНӨ улсын дугаартай авто машины хувьд худалдагч,арилжин авч байгаа 92-95 УБА улсын дугаартай Suzuki jimny маркийн машины хувьд худалдан авагч болох ба Н.Б.У арилжсан 92-95 УБА улсын дугаартай Suzuki jimny маркийн авто машины хувьд худалдагч,арилжин авч байгаа тoyota аqua маркийн 73-11 УНӨ улсын дугаартай машины хувьд худалдан авагч болно. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ Иргэний хуулийн 56, 58-60 дугаар зүйлүүдэд заасан хэлцэл хүчин төгөлдөр бус байх нөхцөл тогтоогдохгүй байх тул уг гэрээ хүчин төгөлдөр байна.

Гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байх тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1.-д зааснаар талууд харилцан үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн тохиолдолд гэрээний үүрэг дуусгавар болно.

Талууд гэрээгээр шилжүүлсэн Н.Б.Уын өмчлөлд байсан 92-95 УБА улсын дугаартай Suzuki jimny маркийн машин доголдолтой байсан эсэх, Б.б.б гэрээнээс татгалзах эрхтэй эсэх, гэрээнээс учирсан хохирол шаардах эрхтэй эсэхэд маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан баримтууд талуудын тайлбараарМаргаж байгаа 92-95 УБА улсын дугаартай Suzuki jimny маркийн машин 2001 онд Япон Улсад үйлдвэрлэгдсэн, 2009 онд Монгол Улсад импортлогдон орж ирсэн автомашиныг/хэргийн 16дахь тал/ худалдагч Н.Б.У худалдан авагч Б.б.бт 2019 оны 5 сарын 22-ны өдөр шилжүүлэн өгсөн ба нэхэмжлэгчийн тайлбарт 2019 оны 05 сарын 05-ны өдөр холбогдож, машинаа авчирч үзүүлнэ гэж хэлчээд машиныг өгөхгүй удаагаад байсан гээд, хариуцагч уг машиныг 2019 оны 5 сарын 22-ны өдөр өдөр оношлогоонд оруулсан гэж 2019 оны 5 сарын 22, орлого 22 000, үлдэгдэл 29 294 408, суудал 038357, 92-95 УБА Н.Б.У гэсэн бичвэр бүхий Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Баянгол дүүргийн оношлогооны орлого гэсэн Улаанбаатар хотын банкны теллер гэх тэмдэг дарагдсан Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын депозит дансны харилцагчийн хуулга/хэргийн 26дахь тал/ ирүүлсэн баримтаар, энд оношлогооны орлого төлөгдсөн байна, харин автомашиныг бодитоор оношлуулсан эсэх, ямар шинж байдалтай гарсан талаар баримт болон оношлогооны дүгнэлт ирүүлээгүй байгаа нь оношилгоонд орсон, ямар нэгэн асуудал байхгүй тэнцсэнгэх хариуцагчийн тайлбар нотлогдохгүй байна.

Худалдагч Н.Б.Уын арилжсан гэрээний зүйл болох 92-95 УБА улсын дугаартай Suzuki jimny маркийн машин гэрээ байгуулах үеэр талуудын тайлбараар засвар шаардлагатай байсан, Н.Б.У сэлбэг сольж засч өгөхөөр тохирсон байна. Хариуцагчийн өөрийнх нь тайлбараар, машины хойд хоёр хагас голны үзүүрийн шаариг дуутай байсан, урд хойд хагас голны 4 шаариг шинээр солиулж мөн хагас голны сальник шинээр солиулж өгсөн, хоёр жилийн өмнө машины кропны компьютерт асуудал гарсныг засуулсан байсан гэсэн тайлбар гаргасан.

Талуудын хүлээн зөвшөөрсөн тайлбараар 4 хоногийн дараа Б.б.б машиныг тос гоожсон, бензин идэлт их, кроп эвдэрсэн гэж хэлж машинаа буцаана гэсэн, хариуцагч үл зөвшөөрсөн.

Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3.-т арилжааны гэрээнд худалдах худалдан авах гэрээний талаархи энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарахаар зохицуулсан. Мөн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1.-д гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзэх ба хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах шаардлага гаргах эрхтэйг хуульчилсан.

Иргэний хуулийн 214 дүгээр зүйлийн 214.1.-д Үүргийн гүйцэтгэлийн чанарыг тодорхойлохдоо, үүргийн гүйцэтгэлийн чанарын талаар гэрээнд тодорхой заагаагүй бол үүрэг гүйцэтгэгч нь ердийн шаардлагад нийцүүлэн үүргээ гүйцэтгэж, дундаас доошгүй чанарын эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй гэж заасан.

Худалдагч тал болох Н.Б.У доголдлыг хүлээн зөвшөөрөөгүй учир худалдан авагч Suzuki jimny маркийн машиныг 2019 оны 6 сарын 07-ны өдөр Мастер сүлжээ авто засварын газарт хийлгэсэн оношлогоогоор, маслын шүүрээр тос хөлөрсөн, хурдны хайрцаг/автомат кробка/ эвдрэлтэй, хойд редуктор элэгдэлтэй, зүүн урд хагас голны сальник тос хаясан, зүүн хойд хагас голын сальник тос хаясан, хойд 2 амортизаторын втулканууд тасарсан, нийт втулканууд бага зэрэг элэгдэлтэй, урд 2 цаапны шаарик дуу суларсан, өндөр амортизатор пүрш тавигдсан, /стандарт бус/ гэж оношилсон.Үүний дараа уг машинд 2019 оны 6 сарын 10-ны өдөр Вендо хөрөнгийн үнэлгээний компаниар авто машин техникийн үнэлгээний тайлан гарган 14 нэрийн эд ангиас 13 нь ашиглалтын байдал дунд, хурдны хайрцаг ашиглалтын байдал муу, хурдны хайцаг солих, өнгө үзэмж сэв замаска засаж будах, амортизатор болон явах эд ангийг солих шаардлагатай гээд автомашины ашиглалтын хугацаанаас хамаарах элэгдэл 100 хувь байгаа, хөдөлмөр хамгаалал болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын стандартад нийцэхгүй байгаа тул бүтэн оношлогоо засвар үйлчилгээ хийгдэж дуусахаас өмнө ашиглах боломжгүй гэж дүгнэн, 6 680 000 төгрөгөөр үнэлжээ.

Эндээс үзэхэд маргаж буй автомашин дундаас доошгүй чанартай гэх үндэсгүй байх тул дундаас доошгүй чанартай эд хөрөнгө шилжүүлэх үүргээ худалдагч биелүүлээгүй буруутай гэж үзэх үндэслэл болж, шилжүүлсэн эд хөрөнгө чанарын доголдолтой, гэрээний агуулгаар унаж хэрэглэх шаардлагад нийцэхгүй байсан болох нь нотлогдоно.

Эд хөрөнгийн чанарын доголдол нь тухайн эд хөрөнгийг хүлээн авах үед ч, ашиглалтын явцад ч илрэх магадлалтай.

Энэ нь худалдагч тал үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, гэрээний үүргээ дуусгавар болгоогүй гэж үзэх үндэслэл болж байна.

Хоёр талын гэрээнд нэг талын үүрэг нөгөө талын шаардах эрхийг тодорхойлдог бөгөөд үүргийн гүйцэтгэлийг шаардах эсэх нь үүрэг гүйцэтгүүлэгчийн бүрэн эрхийн асуудал болно.

Хариуцагчид доголдлын талаар тухайд нь мэдэгдсэн боловч солих засах асуудлыг хүлээн аваагүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй., 225.2.Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ.гэж зааснаар, хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6.-д заасан хугацаанд шаардлага гаргасан нэхэмжлэгч хуулийн 205 дугаар зүйлийн 205.1., 254 дүгээр зүйлийн 254.1.-д зааснаар гэрээнээс татгалзаж, гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.4.1.-д зааснаар гэрээгээр үүрэг гүйцэтгүүлэгчийн шилжүүлсэн зүйлийн чанарын доголдол нь үүрэг гүйцэтгэгч гэрээнээс татгалзах үндэслэл болсон, хариуцагч доголдлыг 100 хувь мэдэх боломжгүй байсан нь нэхэмжлэгч хохирол шаардах эрхгүй тул 140 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас хариуцах улсын тэмдэгтийн хураамжид 210 085 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосон болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1., 254 дүгээр зүйлийн 254.1., 205 дугаар зүйлийн 205.1., 205.4.1.-д заасныг баримтлан хариуцагч Н.Б.Уаас тoyota аqua маркийн 73-11 УНӨ улсын дугаартай авто машиныг гаргуулан нэхэмжлэгч Б.б.бт, нэхэмжлэгч Б.б.баас 92-95 УБА улсын дугаартай Suzuki jimny маркийн машиныг буцаан хариуцагч Н.Б.Уад тус тус олгож, нэхэмжлэлээс үлдэх 140 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас хариуцах улсын тэмдэгтийн хураамжид 210 085 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч тэдгээрийн өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Д.УРАНЧИМЭГ