Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2022/00083

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2019/01861 дүгээр шийдвэр,  

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 771 дүгээр магадлалтай,  

*******ийн нэхэмжлэлтэй,

*******ад холбогдох

Автомашин худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, учирсан хохиролд 140,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхчулууны гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. ******* нь хариуцагч *******ад холбогдуулан автомашин худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, учирсан хохиролд 140,500 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.  

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2019/01861 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205.4.1-д заасныг баримтлан хариуцагч *******аас Toyota аqua маркийн 73-11 УНӨ улсын дугаартай автомашиныг гаргуулан нэхэмжлэгч *******т, нэхэмжлэгч *******аас 92-95 УБА улсын дугаартай Suzuki jimny маркийн авто машиныг буцаан хариуцагч *******ад тус тус олгож, нэхэмжлэлээс үлдэх 140,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214,950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас хариуцах улсын тэмдэгтийн хураамжид 210,085 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 771 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2019/01861 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас ...205.4.1 гэснийг хасаж өөрчлөлт оруулан, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 210,085 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээн шийдвэрлэсэн байна.  

4. Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд маш ойлгомжтойгоор тодорхойлсон Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-д заасан худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ, 248 дугаар зүйлийн 248.2-т заасан Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно", гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь эд хөрөнгийг хүлээн авч, шилжүүлэн авсан эд хөрөнгийн эрсдэл нэхэмжлэгчид шилжих ёстой байхад шүүх хэргийн баримт, бодит нөхцөл байдлын талаар үнэн зөв дүгнэлт хийлгүйгээр хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан. ******* нь Сузуки Жимни маркийн 9295 УБА улсын дугаартай автомашиныг өмчлөлдөө шилжүүлэхээс өмнө өөрөө биечлэн нэг удаа үзэж, бүх зүйлийг харж шалгасан ба машин солилцох өдөр Хангай хотхоноос Баянхошууны Зүүнсалаа хүртэл 10 гаруй километр газарт өөрөө тус машиныг жолоодож яван, техникийн үзүүлэлттэй биечлэн танилцаж, сэтгэлд нийцсэн хэмээн улмаар солилцохоор тохиролцсон байдаг. Энэхүү үйлдэл нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасан эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол худалдан авагч нь шаардах эрхээ алдана гэж заасны дагуу нэхэмжлэгч өөрийн шаардах эрхээ алдаж, улмаар өөрөө эрсдэлийг хариуцах учиртай юм. Гэтэл өөрийн биеэр үзэж танилцаж, өмчлөлдөө шилжүүлчхээд, дараа нь гэнэт гомдол гаргаж, буцаана гэж байгаа нь огт үндэслэлгүй гэж үзэж байна. ******* нь замын цагдаагийн албанд ажиллаж байсны хувьд автомашиныг өөрийн биеэр жолоодож, техникийн үзүүлэлттэй танилцахад гэмтэл үүссэн, эсхүл асуудалтай машиныг шууд мэдэх боломжтой байсан. Гэтэл автомашиныг барьж байх үед огт гомдол гаргаагүй ба өөрт нь таалагдсан тул өмчлөлдөө шилжүүлж авсан байдаг.

5. Түүнчлэн автомашиныг *******т шилжүүлэх үед тухайн автомашин өөрийн үндсэн үүрэг, зорилгоо бүрэн биелүүлж, ажиллаж, хөдөлж явж байсан. 2004 онд үйлдвэрлэгдсэн байсан тул мэдээж тодорхой эд ангиуд элэгдэж хуучрах, зарим эд ангиас тос гоожих зэрэг асуудал байх нь тодорхой. Үүнийг ******* маш сайн мэдэж, өөрөө үзэж шалгаж авсан болно. Харин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: автомашины коробка (хурдны хайрцаг) эвдрэлтэй байсан гэж бичсэнийг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй зүйл. Хэрвээ хурдны хайрцаг эвдрэлтэй байсан бол автомашин хөдөлж, явах хөдөлгөөн хийх боломжгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Тухайн автомашиныг хүлээн авснаас хойш 4 хоногийн дараа хурдны хайрцаг эвдэрсэн, бензин их идэж байна гэсэн асуудал нь ******* автомашиныг унаж, эдэлж байхдаа өөрөө эвдрэл гэмтэл үүсгэсэн болохыг давхар нотолж байна. Тэрээр нэхэмжлэлдээ ямар ч үндэслэлгүй худал хуурмаг зүйл дурдаж бичсэн байдаг ба түүнийгээ өөрөө нотолж чаддаггүй. Гэтэл шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуулийн шаардлагад нийцүүлэн үнэлж дүгнээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.  

ХЯНАВАЛ: 

6. Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхчулууны хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу *******аас Toyota аqua маркийн 73-11 УНӨ улсын дугаартай автомашиныг гаргуулан нэхэмжлэгч *******т, нэхэмжлэгч *******аас 92-95 УБА улсын дугаартай Suzuki jimny маркийн машиныг буцаан хариуцагч *******ад тус тус олгож, нэхэмжлэлээс үлдэх 140,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулжээ.  

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 140,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын дагуу хангагдсан хэмжээнд хэргийн талаар дүгнэлт хийнэ.  

7. ******* нь *******ад холбогдуулан автомашин солилцож авснаа буцаах, учирсан хохиролд 140,500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, автомашин солилцдог өдөр үзлэг оношилгоонд ороход тэнцсэн, сүүлд бүрдүүлсэн баримт доголдлыг нотлохгүй, эзэмшил өмчлөлдөө авснаас хойш ашиглалтын эвдрэл байхыг үгүйсгэхгүй гэж маргажээ.  

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана гэж хуульчилжээ. 

Хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн лавлагаа, зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар талууд 2019.05.22-ны өдөр харилцан тохиролцсоны дагуу ******* өөрийн өмчлөлийн 73-11 УНӨ улсын дугаартай Toyoto Aqua маркийн автомашиныг *******ын өмчлөлд, ******* өөрийн өмчлөлийн 92-95 УБА улсын дугаартай Suzuki jimny маркийн автомашиныг *******ийн өмчлөлд шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ. 

Гэрээг талууд амаар байгуулсан нь хууль зөрчөөгүй, зохигч хэн алиндаа харилцан өөрийн өмчлөлийн автомашиныг шилжүүлснээр Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар гэрээг байгуулсанд тооцох бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1заасан арилжааны гэрээ байгуулагдсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэсэн нь үндэслэлтэй

8. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3-т Арилжааны гэрээнд худалдах-худалдан авах гэрээний заалт нэгэн адил хамаарна гэж заажээ. 

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. 

Хариуцагч *******ын шилжүүлэн өгсөн 92-95 УБА улсын дугаартай Suzuki jimny маркийн автомашин хурдны хайрцаг эвдрэлтэй /автомат кробка/, зүүн урд хагас голын сальник тос хаясан, зүүн хойд хагас голын сальник тос хаясан, хойд хоёр амортизаторын втулканууд тасарсан, нийт втулканууд бага зэрэг элэгдэлтэй, урд хоёр цапны шарик дуу суларсан, өндөр амортизатор пүрш тавигдсан зэрэг доголдолтой болох нь хэрэгт авагдсан Мастер авто сүлжээний үзлэг оношилгоогоор нотлогджээ.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 зааснаар автомашин доголдолтой бол ******* нь доголдлыг арилгуулах, гэрээнээс татгалзах, доголдлыг арилгаад зардлаа шаардах хэд хэдэн эрхийг сонгон хэрэгжүүлэх эрхтэй.  

Нэхэмжлэгч ******* 92-95 УБА улсын дугаартай Suzuki jimny маркийн автомашиныг 2019.05.22-ны өдөр хүлээн авсан, 15 хоногийн дараа, 2019.06.07-ны өдөр илрүүлсэн доголдлын талаар хариуцагч *******ад мэдэгдсэн нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6заасан хугацаанд гаргасан байна

Анхан болон давж заалдах шатны шүүх ******* автомашинаа нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхдөө үзлэг оношилгоонд оруулж тэнцсэн гэх тайлбараа баримтаар нотлоогүй, хэрэгт авагдсан Улаанбаатар хотын банкны депозит дансны хуулгад ...2019.05.22, орлого 22,000, 92-95 УБА *******... гэж бичигдсэн нь оношилгоонд орсон талаар бус харин төлбөрийн баримт байх тул хариуцагчийн татгалзлыг нотлохгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцжээ.  

Шүүх ...нэхэмжлэгч ******* зохигчийн хооронд байгуулагдсан гэрээнээс татгалзах эрхтэй гэж дүгнэж, *******аас Toyota аqua маркийн 73-11 УНӨ улсын дугаартай автомашиныг гаргуулан *******т, *******аас 92-95 УБА улсын дугаартай Suzuki jimny маркийн машиныг буцаан *******ад тус тус олгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байхаас гадна, Иргэний хуулийн Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасан зохицуулалт, тэдгээрт заасан ойлголт, шаардлага, агуулгыг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж хийсэн дүгнэлт бодит байдалд нийцсэн, давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргаанд хамааралгүй Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.4.1-д заасныг баримталсныг зөвтгөн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хууль хэрэглээний хувьд оновчтой байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхчулууны гомдлыг хангахгүй орхив.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 771 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхчулууны гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг үндэслэн хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,085 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   П.ЗОЛЗАЯА 

                                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                   Г.АЛТАНЧИМЭГ

                                                        ШҮҮГЧИД                  Г.БАНЗРАГЧ 

                                                                                           С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                                            Х.ЭРДЭНЭСУВД