Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 771

 

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,           

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2019/01861 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Б-ийн хариуцагч Н.Б-д холбогдуулан гаргасан, автомашин худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, учирсан хохиролд 240 500 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Б

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Э

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд оролцож гаргасан тайлбартаа: Япон Улсад 2012 онд үйлдвэрлэгдэж, Монгол Улсад 2019 оны 02 дугаар сард орж ирсэн Toyota Aqua маркийн 73-11 УНӨ улсын дугаартай суудлын автомашиныг 2019 оны 4 дүгээр сард худалдан авсан. Н.Б-тай 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс хойш утсаар холбогдож 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр автомашинаа сольсон. Анх 2019 оны 5 дугаар сарын 05-ны автомашинаа өгнө гэсэн боловч өгөөгүй удсан. Автомашиных нь урд тэнхлэгний цаапны шаарикыг өөрөө сольж өгнө, дуу ороод байгаа, өөр хийлгэх зүйлгүй, хааяа загасанд явахдаа унадаг, хот дотор өөр автомашин унадаг гэж хэлсэн. Анх автомашиныг үзэх гэхэд копут нь онгойхгүй байсан тул онгойлгож үзүүлээгүй. Гэтэл өөр бусад гэмтлийг нууж, зөвхөн цаапны шаарикаар өнгөлөн далдалт хийж намайг хуурч мэхэлж, хуучин автомашинаа худалдсан. Харин миний автомашин дөнгөж үйлдвэрлэгдэж байсан. Сольж авсан автомашинаа унах гэтэл бодит байдалд шаардлага хангахгүй байсан. Автомашиныг авснаас хойш анх Налайх ороход 20.6 литр шатахуун зарцуулсан, эд ангиуд нь маш их гэмтэлтэй, солино гэсэн зүйлээ солиогүй, зарим эд ангийг өөр зүйлээр орлуулсан, унаж амжаагүй байхад тос гоожсон байсан. Н.Б-аас авсан 92-95 УБА улсын дугаартай Suzuki jimny маркийн автомашиныг 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Мастер сүлжээ авто засварын газарт үзлэгт оруулахад, хурдны хайрцаг эвдрэлтэй, хойд редуктор элэгдэлтэй, хагас голны сальникнууд тос хаясан, втулканууд тасарсан, урд 2 цаапны шаарик дуугарсан гэж оношилсон. Энэ тухай Н.Б-д хэлэхэд хамаагүй гэсэн, би хаана засуулсан юм тэр газар чинь хамт очъё гэхэд тодорхой зааж өгөөгүй. Иймд өгсөн авснаа буцааж, Н.Б-д 92-95 УБА улсын дугаартай Suzuki jimny маркийн автомашиныг буцааж өгөх, өөрийн Toyota Aqua маркийн 73-11 УНӨ Улсын дугаартай суудлын автомашиныг гаргуулах, мөн автомашиныг оношлуулсан, үнэлгээ хийлгэсний зардал 140 500 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа: Б.Б нь автомашины моторыг нь онгойлгон үзээд унаж шалгасан. 10 гаруй хоногийн дараа шаарик солиулж өгье гээд 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр автомашинуудаа харилцан солих тухай санал тавиад миний 92-95 УБА улсын дугаартай Suzuki jimny маркийн автомашиныг Б.Б-ийн 73-11 УНӨ улсын дугаартай Toyoto Aqua маркийн автомашиныг харилцан үзэж хараад тохиролцож солилцсон. Б.Б автомашиныг нийт 3 удаа ирж үзэж шалгасан. Тухайн үед автомашинд нэмж суурилуулсан цахилгаан өөрөө татагчийг (лебодка) салгаж авах, запас дугуй байхгүй обуд нь байгаа гэдгийг тухайн үед хэлэхэд зөвшөөрсөн. Мөн хоёр жилийн өмнө автомашины кропны компьютерт асуудал гарсныг засуулсан, автомашин асаагаад хөдлөхийн өмнө ухрах араа буюу R дээр нь 2 секунд болгоод хөдөлгөөнөө эхлэх хэрэгтэй гэдгийг хэлсэн. Тухайн үед кроп асуудалтай боллоо гэж буруу оношилсноос болж кроп худалдаж авсан байсан юм. Энэхүү нөөц кропоо ачааны туузан гэрэл, хүрз, данхраат, урд цапны шааригнууд гэх мэт зүйлсийг автомашиндаа дагуулж цуг өгсөн. Автомашин солихын өмнө хойд хоёр хагас голны үзүүрийн шаариг дуутай байсан. Урд хойд хагас голны 4 шаариг шинээр солиулж мөн хагас голны сальник шинээр солиулж өгсөн. Автомашинууд солилцдог 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр үзлэг оношилгоонд ороход ямар нэгэн асуудал байхгүй тэнцсэн. Автомашин сольсноос хойш 4 хоногийн дараа Б.Б тос гоожсон, бензин идэлт их, кроп эвдэрсэн гэх зүйл утсаар ярьж, буцаах санал хэлснийг зөвшөөрөөгүй. Автомашиныг дахиж задалж угсарсан байх магадлалтай. 92-95 УБА Suzuki jimny автомашин 2001 онд үйлдвэрлэгдсэн гэдгийг Б.Б мэдэж байсан. 2019 оны 5 дугаар сарын 22-ны өглөө Хангай хотхоны гаднаас Баянхошууны зүүн салаанд байсан Toyoto aqua автомашин руу явахдаа Б.Б 92-95 УБА улсын дугаартай Suzuki jimny маркийн автомашиныг барьж явсан. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205.4.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Б-аас Toyota аqua маркийн 73-11 УНӨ улсын дугаартай автомашиныг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-т, нэхэмжлэгч Б.Б-аас 92-95 УБА улсын дугаартай Suzuki jimny маркийн машиныг буцаан хариуцагч Н.Б-д тус тус олгож, нэхэмжлэлээс үлдэх 140 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214 950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас хариуцах улсын тэмдэгтийн хураамжид 210 085 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Н.Б давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.  Миний бие гэрээний зүйлийг өмчлөлд шилжүүлэхээс Suzuki jimny маркийн автомашины талаар Б.Б-т маш тодорхой танилцуулсан. Мөн автомашинаа харилцан солилцож Б.Б нь "Хангай" хотхоны гаднаас Баянхошууны зүүн салаа хүртэл 92-95 УБА улсын дугаартай Suzuki jimny маркийн автомашиныг барьж явсан, тус автомашины явдал, 3 хэлхээ техникийн үзүүлэлттэй танилцаж, улмаар солилцохоор зөвшөөрсөн. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т заасан худалдан авагч нь эд хөрөнгө хүлээж авах үед уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол шаардах эрхээ алдана" гэснийг баталж, нэхэмжлэгч автомашиныг хүлээн авч, цаашлаад шаардах эрхээ алдсан байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Б.Б нь автомашиныг өөрийн өмчлөлд шилжүүлэн 4 хоногийн дараа холбогдож, "автомашинаас тос гоожсон, бензин идэлт их, кроп эвдэрсэн учир буцаана" хэмээн шаардсан. Энэ шаардлага нь огт үндэслэлгүй юм. Учир нь шаардлагатай үзлэг, оношилгоог хийлгэж, ямар нэг доголдолгүй хэвийн ажиллагаатай автомашиныг Б.Б-ийн нэр дээр шилжүүлсэн. Мөн автомашиныг шилжүүлэхдээ нэмэлт эд зүйлс болох кроп /автомашины короп болохгүй байна гэж оношилсны дагуу короп шинээр худалдан авсан боловч, сүүлд оношилгоо буруу болох нь тогтоогдоод илүү короп надад байсан. Энэ коропыг мөн дагалдуулж өгсөн болно/, димократ, урд цапны шааригнуудыг автомашинтай дагалдуулж өгөөд зогсохгүй, урд хойд хагас голны 4 шааригыг шинээр солиулж өгсөн. Б.Б нь шилжүүлэн авснаас хойш автомашиныг задалж, сэлбэгийг сольж тавьсан, эсхүл гэмтэл учруулсан байхыг үгүйсгэхгүй. Б.Б автомашиныг унаж үзсэн тул Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт "Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ" гэж заасныг батална. Шүүхийн шийдвэр 5 сарын дараа албажиж гардуулсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.8 дахь хэсэгт заасны дагуу хугацаа нь гардан авсан өдрөөс эхлэн тооцогдох юм. Шүүхийн энэ хайхрамжгүй ажиллагааны улмаас миний эрх зөрчигдөж хугацаа алдсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ" гэж заажээ. Гэвч автомашины өмчлөлийг шилжүүлэхээс өмнө "Тауо авто сервис"-ээс гаргасан хойд хагас голны үзүүрийн 4 ширхэг шааригийг солиулсан тухай нотлох баримт, 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн АТҮТ ТӨҮГ-ийн өдрийн оношлогооны төлбөр 22 000 төгрөгийг шилжүүлсэн тухай дансны хуулга /оношилгоондоо ороод тэнцсэн болно/ зэрэг нотлох баримтыг үнэлээгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, эргэлзээгүй талаас нь харьцуулан дүгнэж, нэхэмжлэлийн хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч хуулийн холбогдох заалтыг оновчтой хэрэглээгүй байгааг зөвтгөх боломжтой.

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Н.Б-д холбогдуулан 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр харилцан солилцсон 92-95 УБА улсын дугаартай Suzuki jimuy маркийн автомашиныг буцаан өгч, өөрийн 73-11 УНӨ улсын дугаартай Toyoto Aqua маркийн автомашиныг гаргуулах, мөн хохиролд 140 500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчид  2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр харилцан тохиролцсоны дагуу, Б.Б нь өөрийн өмчлөлийн 73-11 УНӨ улсын дугаартай Toyoto Aqua маркийн автомашиныг Н.Б-ын өмчлөлд,  Н.Б өөрийн өмчлөлийн 92-95 УБА улсын дугаартай Suzuki jimny маркийн автомашиныг Б.Б-ийн өмчлөлд харилцан  шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ.

Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан үндэслэлээ, автомашин солилцдог өдөр үзлэг оношилгоонд ороход тэнцсэн, сүүлд бүрдүүлсэн баримт доголдлыг нотлохгүй, эзэмшил өмчлөлдөө авснаас хойш ашиглалтын эвдрэл байхыг үгүйсгэхгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлан, маргасан байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээ байгуулагдсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэсэн нь зөв  болжээ.

Дээрх гэрээний дагуу зохигч гэрээгээр тохиролцсон зүйл болох автомашиныг харилцан шилжүүлэн өгөх үүргээ биелүүлж, тус тусын эзэмшилдээ автомашинаа авсан боловч нэхэмжлэгч Б.Б-гийн шилжүүлэн авсан Suzuki jimny маркийн автомашинд доголдол илэрсэн байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Н.Б-ын шилжүүлэн өгсөн 92-95 УБА улсын дугаартай Suzuki jimny маркийн автомашин хурдны хайрцаг эвдрэлтэй /автомат кробка/, зүүн урд хагас голын сальник тос хаясан, зүүн хойд хагас голын сальник тос хаясан, хойд хоёр амортизаторын втулканууд тасарсан, нийт втулканууд бага зэрэг элэгдэлтэй, урд хоёр цапны шарик дуу суларсан, өндөр амортизатор пүрш тавигдсан зэрэг доголдолтой болох нь хэрэгт авагдсан Мастер авто сүлжээний үзлэг оношилгоогоор тогтоогджээ. /хх10-14/

Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3 дахь хэсэгт “Арилжааны гэрээнд худалдах, худалдан авах гэрээний заалт нэгэн адил хамаарна” гэж заасан тул Б.Б нь мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар Н.Б-аас 92-95 УБА улсын дугаартай Suzuki jimny маркийн автомашины доголдлыг арилгуулахаар шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч Б.Б нь 92-95 УБА улсын дугаартай Suzuki jimny маркийн автомашиныг 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авсан бөгөөд 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр доголдлын талаар хариуцагч Н.Б-д мэдэгдэж Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасан хугацаанд гаргасан болох нь тогтоогдсон байна.

Хариуцагч Н.Б нь тухайн автомашиныг хүлээлгэн өгөхөд үзлэг оношилгоонд оруулж тэнцсэн гэх тайлбараа баримтаар нотлоогүй. Хэргийн 26 дугаар талд авагдсан депозит дансны хуулгад “2019 оны 5 дугаар сарын 22, орлого 22 000, 92-95 УБА Н.Б” гэх баримт нь оношилгоонд орсон талаар бус харин төлбөрийн баримт байх тул хариуцагчийн татгалзлалыг нотлохгүй.

Иймд нэхэмжлэгч Б.Б зохигчийн хооронд байгуулагдсан Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй болох нь тогтоогдсон тул шүүх хариуцагч Н.Б-аас Toyoto aqua маркийн 73-11 УНӨ улсын  дугаартай автомашиныг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-т, нэхэмжлэгч Б.Б-аас 92-95 УБА улсын дугаартай Suzuki jimny маркийн автомашиныг буцаан хариуцагч Н.Б-д олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан “нотлох баримт буруу үнэлсэн” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Харин шүүх зохигчийн хооронд үүссэн тухай маргаанд хамааралгүй Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.4.1-т заасныг баримталсан нь буруу байх тул зөвтгөн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2019/01861 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтаас “...205.4.1” гэснийг хасаж өөрчлөлт оруулан, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 210 085 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

                         ШҮҮГЧИД                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                                Д.БАЙГАЛМАА