Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 255

 

 

“Э о т” ТББ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.И даргалж, шүүгч Д.Ц, С.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2018/03484 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Э о т” ТББ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Х.Ц-д холбогдох

 

Хохирол 5 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Э илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч “Э о т” ТББ шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”Э о т” нийгэмд үйлчилдэг ТББ нь хариуцагч Х.Ц-гийн өмчлөлийн Баянгол дүүргийн 16-р хороо Гандан /16040/ , Амарсанаагийн гудамж 12В байрны 4-5 тоот хаягт байрлах нийт 96.96 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгчтэй нь харилцан тохиролцсоны үндсэн дээр гоо сайханы салоны үйл ажиллагаа явуулах зорилгоор түрээслэж байсан бөгөөд хожим нь түрээсийн зүйлийг аж ахуйн үйл ажиллагаа явуулах зорилгоор түрээсэлсэн байдаг. Дээрх эд хөрөнгийг түрээслэх хугацаанд Х.Ц- нь эхний ээлжид орлого багатай байгаа үед эгч нь түрээсийн төлбөр тооцож авахгүй засвар үйлчилгээгээ хийн, салоны үйл ажиллагаагаа явуулж бай гэсэн бөгөөд хожим нь эгч нь чамтай гэрээ хийхгүй бол болохгүй байна гээд 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр түрээсийн гэрээг байгуулан, 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл түрээслэхээр тохирсон бөгөөд нэг сарын түрээсийн төлбөрийг 1 200 000 төгрөг байхаар тохиролцсон. Түрээслэгч О.О-нь энэ хугацаанд Х.Ц-гийн зөвлөсний дагуу дээрх үл хөдлөх эд хөрөнгөнд засвар хийж сургалтын төв болгон тохижуулсан. Ийнхүү тохижуулахдаа Н.П-тэй 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Х.Ц-ийн өмчлөлийн түрээсийн зүйлд засвар, засан сайжруулалт хийлгэсэн бөгөөд ажлын хөлсөнд нийт 5 500 000 төгрөгийг төлж сургалтын зориулалтаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийг түрээсийн гэрээний үндсэн дээр ашиглаж байсан. Улмаар талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний хүрээнд маргаан үүсч 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2017/02360 дугаартай шийдвэр гарч, тухайн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай тус шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 1447 дугаартай захирамж гарч нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас албадан ажиллагаа хийснээр О.О-нь шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлсэн байдаг. Дээрх Х.Ц-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн оролцогч нь О.О байсан бөгөөд “Э о т” НҮТББ нь тухайн хэргийн хувьд оролцогч биш байсан тул зохигчийн гэм буруугийн талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэл муутай болсон байна. Бидний хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ дуусгавар болсон тул хууль болон гэрээнд заасны дагуу засвар, засан сайжруулалтыг салган авах боломжгүй байх тул засвар үйлчилгээ хийхэд гарсан зардлаа хохиролд тооцон шаардаж байгаа болно. Өөрөөр хэлбэл, өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа хөлслүүлэгчээс шаардах эрхтэй гэж үзэж байгаа юм. Иймд засан сайжруулалт хийснээ салгаж авах боломжгүй учраас мөнгөн дүнгээр 5 500 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э о т” ТББ-ын нэхэмжлэлтэй, Х.Ц-д холбогдох иргэний хэрэгт шүүхэд гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Х.Ц- болон О.О нар Баянгол дүүрэг 16 дугаар хороо Гандан /16040/, Амарсанаагийн гудамж 12В байрны 4, 5 тоот хаягт байрлах 51.66 болон 45.3 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл түрээслэхээр 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр түрээсийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү түрээсийн гэрээтэй холбоотой маргааны үйл баримтыг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 2360 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн байдаг. Энэхүү түрээсийн гэрээ нь О.О түрээсийн төлбөрөө хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас Х.Ц-гийн шаардсаны дагуу 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр түрээсийн зүйлийг хүлээлгэн өгснөөр дуусгавар болсон. Иргэний хуулийн 298 дугаар зүйлийн 298.1 дэх хэсэгт ...хөлслөгч эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахтай холбогдон гаргасан зардлаа нөхөн төлүүлэхээр гэрээ дуусгавар болсноос хойш зургаан сарын дотор тус тус нэхэмжпэл гаргах эрхтэй гэж заасан ба О.О 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан байгаагаас нэхэмжлэгч нь тухайн асуудлаар нэхэмжлэл, шаардлага гаргах эрхээ алдсан болох нь тогтоогдож байна. Мөн түрээсийн байранд хийсэн гэх засвар нь 5 500 000 төгрөгийн үнэд хүрэхгүй зөвхөн ханыг будах зэрэг өнгөцхөн засвар хийсэн байсан. Тухайн засварыг ийм үнэтэй хийгдэнэ гэдгийг Х.Ц-д мэдэгдсэн бол зөвшөөрөлгүй өгөхгүй. Нэхэмжлэгчээс засварын зардлыг ганцхан өөрийн бичсэн зарлагын баримтаар тогтоож байгаа нь үнэн зөв гэж үзэх үндэслэлгүй юм. Үүнээс гадна уг байр нь өмнө нь түрээслүүлж байсан, үйлдвэрлэл үйлчилгээ явуулах шаардлагыг хангасан байсан тул заавал, зайлшгүй зардал гарган засварлуулах шаардлага байгаагүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч 5 500 000 төгрөгийг засвар үйлчилгээ хийгдсэн гэдэг боловч 5 500 000 төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн талаараа нотлоогүй, тухайн зарлагын баримт нь яг хэдэн төгрөгийн ямар үнэтэй, хэзээний баримт гэдэг нь сайн харагдахгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Х.Ц-ээс түрээсийн байранд хийсэн засварын зардал 5 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч “Э о т” ТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103 000 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2018/03484 дүгээр шийдвэрийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр шуудангаар хүлээн авч танилцаад шүүх хууль буруу хэрэглэж тайлбарласан, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, маргааны үйл баримтад хууль ёсны дүгнэлт хийгээгүй зэрэг үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах гомдлыг гаргаж байна. Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд үнэлээгүй, хэрэгт авагдсан баримтыг талуудын шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартай харьцуулах замаар дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ. Иргэн О.О, Х.Ц нарын хооронд байгуулагдсан 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан “Түрээсийн гэрээ”-ний талаар эрх зүйн дүгнэлт хийсэн хүчин төгөлдөр шийдвэртэй бөгөөд энэ талаар талуудын хэн аль нь маргаагүй бөгөөд харин хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцсонтой холбоотойгоор үр дагаврыг щаардсан нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байхад шүүх энэ талаар огт эрх зүйн дүгнэлт хийгээгүй байна. “Э о т” ТББ-ын гүйцэтгэх захирал О.О нь Монгол улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6 дахь хэсэгт заасныг баримтлан хохиролд 5 500 000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд энэ хүрээнд шүүх эрх зүйн дүгнэлт хийх ёстой байхад үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх зэргээр талуудьн маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болоогүй асуудлаар хууль зүйн дүгнэлт хийсэн нь хууль бус болсон. Хэрэгт цугларсан баримтаар О.О нь иргэн Н.П-тэй 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан сургалтын төв тохижуулах ажлыг хийж гүйцэтгэсэн байх ба ажлын хөлсөнд 5 500 000 төгрөгийг хүлээн авсан талаар маргаагүй бөгөөд Н.П шүүхэд гэрчээр мэдүүлэхдээ ажил хийсэн, мөнгө хүлээн авсан талаараа мэдүүлдэг бөгөөд учирсан хохирлоо шаардсан нь үндэслэлтэй. Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2018/03484 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч “Э о т” ТББ нь хариуцагч Х.Ц-д холбогдуулан түрээсийн байранд хийсэн засварын зардалд төлсөн 5 500 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, засвар хийхдээ зөвшөөрөл аваагүй, 5 500 000 төгрөгийн засвар хийсэн болох нь нотлогдоогүй, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргажээ./хэргийн 1-2, 31 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч “Э о т” ТББ нь хариуцагч Х.Ц-гийн өмчлөлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо 12в байрны 4-5 тоот үл хөдлөх эд хөрөнгийг ажлын байрны зориулалтаар, 1 сарын төлбөрийг 1 200 000 төгрөгөөр 2014 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хугацаагүйгээр түрээслэхээр тохиролцож, 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гэрээ байгуулж, уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь түрээсийн байрыг ашиглаж үйл ажиллагаа явуулж байх үед “Э о т” ТББ-ын удирдах зөвлөлийн дарга О.О-нь үсчин, гоо сайхны сургалтын төвийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар болж зохигчдын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ дуусгавар болж, О.О-нь 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Х.Ц-тэй түрээсийн гэрээг нөхөн хийсэн үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна.

 

О.О, Х.Ц- нарын хооронд 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосон Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/02360 дугаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр хэрэгт авагдсан байх тул талуудын хооронд гэрээ байгуулагдсан эсэх талаар дахин дүгнэлт хийх шаардлагагүй болно. Энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасанд нийцжээ. /хэргийн 15-23 дугаар тал/

 

Дээрх гэрээг 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 3 жилийн хугацаатай байгуулсан байх боловч, шүүхийн шийдвэрээр тус гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг шийдвэрлэхээс өмнө О.О-нь 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр түрээсийн зүйлийг хүлээлгэн өгсөн үйл баримт нь шүүхийн шийдвэр, зохигчдын тайлбараар тогтоогдож байна./хэргийн 31, 105 дугаар тал/ Хэдийгээр шүүхийн дээрх шийдвэрээр талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж шийдвэрлэсэн боловч гэрээний зүйлийг нэхэмжлэгч өөрийн эзэмшилд байлгаж, ашиглаж байсан үеийн төлбөрийг төлөхөөс чөлөөлөгдөхгүй талаар дүгнэсэн байна.  

 

Улмаар нэхэмжлэгч нь түрээсийн байрыг ашиглаж үйл ажиллагаа явуулж, ашиг орлого олж байх хугацаандаа буюу 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Н.П-тэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр сургалтын төв тохижуулах зориулалтаар 22 төрлийн ажлыг гүйцэтгүүлэх, ажлын хөлсөнд 5 500 000 төгрөг өгөхөөр тохиролцсоны дагуу 4 өрөө байранд засвар хийж, ажлын хөлсөнд 5 500 000 төгрөг авсан гэсэн нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байх боловч нэхэмжлэгч нь эд хөрөнгийг өөрийн эзэмшилд байлгаж, үйл ажиллагаа явуулахтайгаа холбогдуулан засвар хийж 20 сар 9 хоногийн хугацаанд ашигласан үйл баримт нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогджээ.

 

Иймээс нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хангалттай баримтаар нотлоогүй гэж үзнэ. Учир нь нэхэмжлэгч түрээсийн зүйлд 5 500 000 төгрөгийн засвар хийсэн хэмжээгээр хариуцагч хөрөнгөжсөн буюу байрны үнэ нэмэгдсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Хариуцагч 5 500 000 төгрөгийн хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн болох нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдохгүй байгаа талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2018/03484 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.И

 

                                               ШҮҮГЧИД                                Д.Ц

                   

                                                                                                С.Э