Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 3484

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг 20 дугаар хороо Баяндөхөм 24-54 тоот Эхлэл оргил төгс ТББ /РД: 8060029/

Хариуцагч: Баянгол дүүрэг 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол Хасбаатарын гудамж 26 дугаар байр 7 тоотод оршин суух Балжир овогт Хүдэрчулууны Цэцэгээ /РД: ЧЙ61021504/

Хохирол 5500000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Баяржаргал

хариуцагчийн төлөөлөгч Б.Анхбаяр

нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

Нэхэмжлэлийг 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Эхлэл оргил төгс ТББ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Эхлэл оргил төгс нийгэмд үйлчилдэг ТББ нь хариуцагч Х.Цэцэгээгийн өмчлөлийн Баянгол дүүргийн 16-р хороо Гандан /16040/ , Амарсанаагийн гудамж 12В байрны 4-5 тоот хаягт байрлах нийт 96.96 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгчтэй нь харилцан тохиролцсоны үндсэн дээр гоо сайханы салоны үйл ажиллагаа явуулах зорилгоор түрээсэлж байсан бөгөөд хожим нь түрээсийн зүйлийг аж ахуйн үйл ажиллагаа явуулах зорилгоор түрээсэлсэн байдаг. Дээрх эд хөрөнгийг түрээслэх хугацаанд Х.Цэцэгээ нь эхний ээлжинд орлого багатай байгаа үед эгч нь түрээсийн төлбөр тооцож авахгүй засвар үйлчилгээгээ хийн, салоны үйл ажиллагаагаа явуулж бай гэсэн бөгөөд хожим нь эгч нь чамтай гэрээ хийхгүй бол болохгүй байна гээд 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Түрээсийн гэрээ-г байгуулан, 2018 оны 6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл түрээслэхээр тохирсон бөгөөд нэг сарын түрээсийн төлбөрийг 1,200,000 төгрөг байхаар тохиролцсон байсан. Түрээслэгч О.Оюундарь нь энэ хугацаанд Х.Цэцэгээгийн зөвлөсний дагуу дээрх үл хөдлөх эд хөрөнгөнд засвар үйлчилгээ хийж сургалтын төв болгон тохижуулсан. Ийнхүү тохижуулахдаа Н.Пүрэвсүрэнтэй 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Х.Цэцгээгийн өмчлөлийн түрээсийн зүйлд засвар, засан сайжруулалт хийлгэсэн бөгөөд ажлын хөлсөнд нийт 5500000 төгрөгийг төлж сургалтын зориулалтаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийг түрээсийн гэрээний үндсэн дээр ашиглаж байсан. Улмаар талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний хүрээнд маргаан үүсч 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2017/02360 дугаартай шийдвэр гарч, тухайн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай тус шүүхийн 2017 оны 08 сарын 22 өдөр 1447 дугаартай захирамж гарч нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас албадан ажиллагаа хийснээр О.Оюундарь нь шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлсэн байдаг. Дээрх Х.Цэцгээгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн оролцогч нь О.Оюундарь байсан бөгөөд Эхлэл оргил төгс НҮТББ нь тухайн хэргийн хувьд оролцогч биш байсан тул зохигчийн гэм буруугийн талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэл муутай болсон байна. Бидний хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ дуусгавар тул хууль болон гэрээнд заасны дагуу засвар, засан сайжруулалтыг салган авах боломжгүй байх тул засвар үйлчилгээ хийхэд гарсан зардалаа хохиролд тооцон шаардаж байгаа болно. Өөрөөр хэлбэл өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа хөлслүүлэгчээс шаардах эрхтэй гэж үзэж байгаа юм.Иймд хариуцагч Х.Цэцгээгээс хохиролд 5500000 төгрөг гаргуулж, манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Баяржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эхлэл оргил төгс нийгэмд үйлчилдэг ТББ-ын захирал О.Оюундарь нь хариуцагч Х.Цэцэгээгийн өмчлөлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо Гандан, Амарсанаагийн гудамжны 12В байрны 4-5 тоот хаягт байрлах нийт 96.96 метр квадрат талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгчтэй нь харилцан тохиролцсоны үндсэн дээр аж ахуй үйл ажиллагаа явуулах зорилгоор түрээсэлж байсан бөгөөд хожим нь түрээсийн зүйлийг гоо сайхны салоны үйл ажиллагаа явуулах зорилгоор гэрээндээ тусгасан. Дээрх эд хөрөнгийг түрээслэх хугацаанд эхний ээлжид орлого багатай байгаа үед түрээсийн төлбөр тооцож авахгүй, засвар үйлчилгээгээ хийн үйл ажиллагаагаа явуулж бай гэж Х.Цэцэгээ нь зөвшөөрсөн бөгөөд дараа нь гэрээ хийхгүй бол болохгүй байна гээд 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Түрээсийн гэрээ-г байгуулан 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл түрээслэхээр тохирсон. Түрээслэгч О.Оюундарь нь энэ хугацаанд Х.Цэцэгээгийн зөвлөсний дагуу түрээсийн гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгөд засвар үйлчилгээ хийж үйл ажиллагаа явуулахаар тохижуулсан. Ийнхүү тохижуулахдаа Н.Пүрэвсүрэнтэй 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Х.Цэцэгээгийн өмчлөлийн түрээсийн зүйлд засвар, засан сайжруулалт хийлгэсэн бөгөөд ажлын хөлсөнд нийт 5500000 төгрөгийг төлж гоо сайхны салоны зориулалтаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийг түрээсийн гэрээний үндсэн дээр ашиглаж байсан. Улмаар талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний хүрээнд маргаан үүсч 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2017/02360 дугаартай шийдвэр гарч, тухайн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай тус шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 1447 дугаартай захирамж гарч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас албадан ажиллагаа хийснээр О.Оюундарь нь шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлсэн байдаг. Энэ шийдвэрээр О.Оюундарь, Х.Цэцэгээ нарын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй гээд хүчин төгөлдөр бусад тооцсон. Ингээд түрээсийн гэрээ дуусгавар болсон тул хууль болон гэрээнд заасны дагуу засвар, засан сайжруулалтыг салган авах боломжгүй байх тул засвар үйлчилгээ хийхэд гарсан зардлаа хохиролд тооцон 5500000 төгрөгийг шаардаж байна. 5500000 төгрөгийн засвар үйлчилгээ хийгдсэн дээр талууд маргадаггүй. Засан сайжруулалт хийснээ салгаж авах боломжгүй учраас мөнгөн дүнгээр 5500000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Энэ засварын зардлыг Эхлэл оргил төгс ТББ төлсөн учраас 5,500,000 төгрөгийг хохиролд тооцон нэхэмжилж байна.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Анхбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Эхлэл оргил төгс ТББ-ын нэхэмжлэлтэй, Х.Цэцэгээд холбогдох иргэний хэрэгт шүүхэд гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Х.Цэцэгээ болон О.Оюундарь нар Баянгол дүүрэг 16 дугаар хороо Гандан /16040/, Амарсанаагийн гудамж 12В байрны 4, 5 тоот хаягт байрлах 51.66 болон 45.3 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 1-ний өдөр хүртэл түрээслэхээр 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр түрээсийн гэрээ байгуулж байсан бөгөөд энэхүү түрээсийн гэрээтэй холбоотой маргааны үйл баримтыг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 2360 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн байдаг. Энэхүү түрээсийн гэрээ нь О.Оюундарь түрээсийн төлбөрөө хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас Х.Цэцэгээгийн шаардсаны дагуу 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр түрээсийн зүйлийг хүлээлгэн өгснөөр дуусгавар болсон. Иргэний хуулийн 298 дугаар зүйлийн 298.1-д ...хөлслөгч эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахтай холбогдон гаргасан зардлаа нөхөн төлүүлэхээр гэрээ дуугавар болсноос хойш зургаан сарын дотор тус тус нэхэмжпэл гаргах эрхтэй гэж заасан ба О.Оюундарь 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан байгаагаас нэхэмжлэгч нь тухайн асуудлаар нэхэмжпэл, шаардлага гаргах эрхээ алдсан болох нь тогтоогдож байна. Мөн түрээсийн байранд хийсэн гэх засвар нь 5,500,000 төгрөгийн үнэд хүрэхгүй зөвхөн ханыг будах зэрэг өнгөцхөн засвар хийсэн байсан. Тухайн засварыг ийм үнэтэй хийгдэнэ гэдгийг Х.Цэцэгээд мэдэгдсэн бол зөвшөөрөлгүй өгөхгүй. Нэхэмжлэгчээс засварын зардлыг ганцхан өөрийн бичсэн зарлагын баримтаар тогтоож байгаа нь үнэн зөв гэж үзэх үндэслэлгүй юм. Үүнээс гадна уг байр нь өмнө нь түрээслүүлж байсан, үйлдвэрлэл үйлчилгээ явуулах шаардлагыг хангасан байсан тул заавал, зайлшгүй зардал гарган засварлуулах шаардлага байгаагүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Анхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Х.Цэцэгээ болон О.Оюундарь нарын хооронд үл хөдлөх хөрөнгө түрээслүүлэх гэрээ хийгдсэн. Тийм ч утгаараа Х.Цэцэгээ Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж 2017 оны 7 сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэг маргаан шийдвэрлэгдсэн. Х.Цэцэгээ болон Эхлэл оргил төгс ТББ нарын хооронд хийгдсэн түрээсийн гэрээ өмнө нь дуусгавар болсон байсан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэг маргаан шийдвэрлэх явцад О.Оюундарь нь тухайн байранд засвар үйлчилгээ хийсэн зардал болох 5500000 төгрөгийг М.Цэцэгээгээс гаргуулж өгнө үү гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх О.Оюундарийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ шийдвэрт О.Оюундарь ямар нэгэн байдлаар гомдол гаргаагүй. Ямар үндэслэлээр Эхлэл оргил төгс ТББ нь Х.Цэцэгээгээс 5500000 төгрөг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргаснаасаа хойш О.Оюундарь болон Эхлэл оргил төгс ТББ-ыг нэг этгээд юм шиг тайлбарлаж байгаа. Гэтэл О.Оюундарь болон Эхлэл оргил төгс ТББ нь тус, тусдаа бие даасан этгээдүүд. Х.Цэцэгээ, О.Оюундарь нарын хооронд түрээсийн гэрээ байгуулагдаж, засан сайжруулсантай холбоотой төлбөрөө нэхэмжилж байгаа бол нэхэмжлэх хугацаа нь өнгөрсөн, 6 сарын дотор нэхэмжлэх эрхтэй боловч энэ хугацаа дууссан. Мөн засвар хийх талаараа Х.Цэцэгээгээс зөвшөөрөл аваагүй. Нэхэмжлэгч 5500000 төгрөгийг засвар үйлчилгээ хийгдсэн гэдэг боловч 5500000 төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн талаараа нотлоогүй, тухайн зарлагын баримт нь яг хэдэн төгрөгийн ямар үнэтэй, хэзээний баримт гэдэг нь сайн харагдахгүй байна.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

1. Нэхэмжлэгч Эхлэл оргил төгс ТББ нь хариуцагч Х.Цэцэгээд холбогдуулан түрээсийн байранд хийсэн засварын зардалд төлсөн 5,500,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Дээрх шаардлагын үндэслэлээ 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн түрээсийн гэрээний дагуу түрээсийн байранд түрээслэгчийн хийсэн засварын зардлыг төлсөн үндэслэлээр гэж тайлбарлаж байна. Харин хариуцагч засвар хийхдээ зөвшөөрөл аваагүй, 5,500,000 төгрөгийн засвар хийсэн болох нь нотлогдоогүй, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргав.

Нэхэмжлэгч Эхлэл оргил төгс ТББ нь хариуцагч Х.Цэцэгээгийн өмчлөлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо 12в байрны 4-5 тоот үл хөдлөх эд хөрөнгийг ажлын байрны зориулалтаар, 1 сарын төлбөрийг 2,200,000 төгрөгөөр 2014 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс хугацаагүйгээр түрээслэхээр тохиролцож 2014 оны 2 дугаар сарын 11-ний өдөр гэрээг бичгээр хийсэн байна. Уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь түрээсийн байрыг ашиглаж үйл ажиллагаа явуулж байх үед Эхлэл оргил төгс ТББ-ын удирдах зөвлөлийн дарга О.Оюундарь нь үсчин, гоо сайхны сургалтын төвийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар болж зохигчдын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ дуусгавар болж, О.Оюундарь нь 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Х.Цэцэгээтэй түрээсийн гэрээг нөхөн хийсэн үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/02360 дугаар шийдвэрээр О.Оюундарь, Х.Цэцэгээ нарын хооронд 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хийгдсэн түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлээгүй үндэслэлээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт хууль зөрчсөн ... хэлцэл гэж, мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзжээ. Дээрх шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн түрээсийн гэрээ нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар О.Оюундарь, Х.Цэцэгээ нарын хооронд 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр түрээсийн гэрээ байгуулагдсан эсэх, уг гэрээ хүчин төгөлдөр эсэхэд шүүх дахин дүгнэлт хийх шаардлагагүй.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар нь уг хэлцэл анхнаасаа хийгдээгүй, байгаагүй гэрээ гэж үздэг бөгөөд тухайн хэлцлийг хийсэн талууд нь хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүргийг хүлээдэг. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд хийсэн засварын зардлыг О.Оюундарь буцаан шаардах эрхтэй боловч уг зардал О.Оюундариас гараагүй, Эхлэл оргил төгс ТББ төлсөн үндэслэлээр О.Оюундарийн нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/02360 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгожээ. Иймд түрээслэгч О.Оюундарь нь засварын ажил хийхдээ зөвшөөрөл авсан эсэх нь ач холбогдолгүй байна.

О.Оюундарь 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Н.Пүрэвсүрэнтэй ажил гүйцэтгэх гэрээ-г бичгээр хийж, уг гэрээгээр сургалтын төв тохижуулах зориулалтаар 22 төрлийн ажлыг гүйцэтгүүлэх, ажлын хөлсөнд 5,500,000 төгрөг өгөхөөр тохирчээ. Энэхүү гэрээний дагуу ажлын хөлс 5,500,000 төгрөгийг Н.Пүрэвсүрэнд нэхэмжлэгч төлсөн, уг хөрөнгө оруулалт түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус болсноор хариуцагчийн эд хөрөнгөд үлдэж, хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар шаардаж байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс уг эд хөрөнгийг буцаан шаардах эрхтэй гэж заажээ. Иймд Эхлэл оргил төгс ТББ-ын шаардлага нь Х.Цэцэгээд өөрийн хөрөнгийг гэрээ болон хуулийн дагуу шилжүүлэх үүрэг хүлээгээгүй буюу үүрэг үүсээгүй үндэслэлд хамаарч байна.

Үндэслэлгүй хөрөнгөжих гэдгийг хэн нэг этгээдийн хөрөнгө өөр этгээдийн хөрөнгөд орох, эсвэл өөр этгээдэд очих ёстой хөрөнгийг шилжүүлэхгүй үлдээснээр тухайн этгээдийн хөрөнгө нэмэгдэхийг ойлгох ба энэ нь хөрөнгийн эзний ухамсартай шилжүүлгийн үндсэн дээр эсвэл хөрөнгө олж авсан нь гэрээ болон хуулинд үндэслэгдээгүй байхыг ойлгоно. Иймд нэхэмжлэгч нь 5,500,000 төгрөгөөр хийсэн ажлын үр дүн Х.Цэцэгээгийн өмчлөлийн байранд үлдсэн үндэслэлээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй боловч уг мөнгийг бүхэлд нь шаардах эрхгүй гэж үзэв. Тодруулбал, нэхэмжлэгч нь 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Н.Пүрэвсүрэнд сургалтын төв тохижуулах засварын ажлын үнэд 5,500,000 төгрөг шилжүүлсэн болох нь зарлагын баримтаар, уг мөнгийг Н.Пүрэвсүрэн хүлээн авсан болох нь түүний гэрчээр өгсөн О.Оюундарийн хүсэлтээр сургалт явуулах зорилгоор 4 өрөө байранд засвар хийж, ажлын хөлсөнд 5,500,000 төгрөг авсан гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Энэхүү төлбөр нь О.Оюундарь, Н.Пүрэвсүрэн нарын 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хийсэн ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу тохирсон ажлын хөлс буюу гэрээний үнэ болох нь нэхэмжлэгчийн тайлбар, ажил гүйцэтгэх гэрээгээр тогтоогдсон болно. Дээрх ажил гүйцэтгэх гэрээгээр 21 нэр төрлийн ажил гүйцэтгэхээр тохирсон байх бөгөөд хоёр өрөөний дундах хана буулгах, бохирын холболтыг шилжүүлэх, цахилгааны холболтыг шинэчлэн монтаж хийх, 4 өрөөний ханыг замаска тавьж өнгөлөх, загвар гарган эмульс тавих, 2 өрөөний хагарсан цонх шиллэх, шалыг нөхөж паркетан шал шинээр хийх, 00 өрөөг үйлчилгээний зориулалтаар засах зэрэг 8 төрлийн ажил нь салгаж болохгүй засан сайжруулалтад хамаарч байх ба харин үлдсэн 13 төрлийн ажил нь тавилга зөөх, тээвэрлэх, суурилуулах, зураг тогтоох, барилгын ажлаас гарсан хог хаягдлыг зөөх, тээвэрлэх зэрэг түрээсийн байрны үнэ нэмэгдэхэд хамаарахгүй буюу хөрөнгө оруулалт болж үлдээгүй ажлууд байна. Харин ажил гүйцэтгэх гэрээний 1.1-ийн 20-д шаардлагатай барилгын материалыг өөрсдийн зардлаар гарган үйл ажиллагаа явуулахад бэлэн болгох гэсэн нь хийж гүйцэтгэх ажлын нэр биш бөгөөд ажлыг хэний /ажил гүйцэтгэгч эсвэл захиалагч/ материалаар хийж гүйцэтгэх талаар талуудын тохиролцоог тусгасан заалт байна. Иймд ажил гүйцэтгэх гэрээнд заасан 22 нэр төрлийн ажлаас 21 нь хийж гүйцэтгэх ажил гэж үзсэнийг дурдах нь зүйтэй. Ажил гүйцэтгэх гэрээний хөлс /үнэ/ нь тухайн ажлыг хийхэд зарцуулагдах зардал болон ажил гүйцэтгэгчид олгох ажлын хөлсөөс бүрдэнэ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс гарсан зардал болох 5,500,000 төгрөгийг 21 нэр төрлийн ажлыг хийж гүйцэтгэхэд гарах зардал болон ажил гүйцэтгэгчийн хөлс гэж үзнэ. Иймд нэхэмжлэгчээс гарсан 5,500,000 төгрөгийн зардал бүхэлдээ хариуцагчийн хөрөнгөд ороогүй тул хариуцагчийг 5,500,000 төгрөгөөр хөрөнгөжсөн гэж үзэхгүй. Мөн нэхэмжлэгч өөрийнх нь хөрөнгө оруулалтын хэдий хэмжээ нь хариуцагчийн өмчлөлийн байранд үлдсэн болохыг баримтаар нотлоогүй болно. Иймд нэхэмжлэгч Эхлэл оргил төгс ТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэж заасан хугацаа нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн шаардлагад хамаарах тул нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх дууссан гэсэн хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Балжир овогт Хүдэрчулууны Цэцэгээгээс түрээсийн байранд хийсэн засварын зардал 5,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Эхлэл оргил төгс ТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103,000 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА