Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2019/00809

 

“Э О Т”ТББ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2018/03484 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 255 дугаар магадлалтай,

“Э О Т”ТББ-ын нэхэмжлэлтэй

Х.Цд холбогдох

Хохирол 5 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргалын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч “Э О Т”ТББ шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э О Т”нийгэмд үйлчилдэг ТББ нь хариуцагч Х.Цгийн өмчлөлийн Баянгол дүүргийн 16-р хороо Гандан /16040/, Амарсанаагийн гудамж 12В байрны 4-5 тоот хаягт байрлах нийт 96.96 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгчтэй нь харилцан тохиролцсны үндсэн дээр гоо сайхны салоны үйл ажиллагаа явуулах зорилгоор түрээсэлж байсан бөгөөд хожим нь түрээсийн зүйлийг аж ахуйн үйл ажиллагаа явуулах зорилгоор түрээсэлсэн байдаг. Дээрх эд хөрөнгийг түрээслэх хугацаанд Х.Ц нь эхний ээлжид орлого багатай байгаа үед эгч нь түрээсийн төлбөр тооцож авахгүй засвар үйлчилгээгээ хийн, салоны үйл ажиллагаагаа явуулж бай гэсэн бөгөөд хожим нь эгч нь чамтай гэрээ хийхгүй бол болохгүй байна гээд 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр түрээсийн гэрээг байгуулан, 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл түрээслэхээр тохирсон бөгөөд нэг сарын түрээсийн төлбөрийг 1 200 000 төгрөг байхаар тохиролцсон. Түрээслэгч О.Онь энэ хугацаанд Х.Цгийн зөвлөсний дагуу дээрх үл хөдлөх эд хөрөнгөнд засвар хийж сургалтын төв болгон тохижуулсан. Ийнхүү тохижуулахдаа Н.Птэй 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Х.Цгийн өмчлөлийн түрээсийн зүйлд засвар, засан сайжруулалт хийлгэсэн бөгөөд ажлын хөлсөнд нийт 5 500 000 төгрөгийг төлж сургалтын зориулалтаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийг түрээсийн гэрээний үндсэн дээр ашиглаж байсан. Улмаар талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний хүрээнд маргаан үүсч 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2017/02360 дугаартай шийдвэр гарч, тухайн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай тус шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 1447 дугаартай захирамж гарч нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас албадан ажиллагаа хийснээр О.Онь шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлсэн байдаг. Дээрх Х.Цгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн оролцогч нь О.Обайсан бөгөөд ”Э О Т”НҮТББ нь тухайн хэргийн хувьд оролцогч биш байсан тул зохигчийн гэм буруугийн талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэл муутай болсон байна. Бидний хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ дуусгавар болсон тул хууль болон гэрээнд заасны дагуу засвар, засан сайжруулалтыг салган авах боломжгүй байх тул засвар үйлчилгээ хийхэд гарсан зардлаа хохиролд тооцон шаардаж байгаа болно. Өөрөөр хэлбэл, өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа хөлслүүлэгчээс шаардах эрхтэй гэж үзэж байгаа юм. Иймд засан сайжруулалт хийснээ салгаж авах боломжгүй учраас мөнгөн дүнгээр 5 500 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э О Т”ТББ-ын нэхэмжлэлтэй, Х.Цд холбогдох иргэний хэрэгт шүүхэд гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Х.Ц болон О.Онар Баянгол дүүрэг 16 дугаар хороо Гандан /16040/, Амарсанаагийн гудамж 12В байрны 4, 5 тоот хаягт байрлах 51.66 болон 45.3 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл түрээслэхээр 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр түрээсийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү түрээсийн гэрээтэй холбоотой маргааны үйл баримтыг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 2360 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн байдаг. Энэхүү түрээсийн гэрээ нь О.Отүрээсийн төлбөрөө хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас Х.Цгийн шаардсны дагуу 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр түрээсийн зүйлийг хүлээлгэн өгснөөр дуусгавар болсон. Иргэний хуулийн 298 дугаар зүйлийн 298.1 дэх хэсэгт ...хөлслөгч эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахтай холбогдон гаргасан зардлаа нөхөн төлүүлэхээр гэрээ дуусгавар болсноос хойш зургаан сарын дотор тус тус нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан ба О.О2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан байгаагаас нэхэмжлэгч нь тухайн асуудлаар нэхэмжлэл, шаардлага гаргах эрхээ алдсан болох нь тогтоогдож байна. Мөн түрээсийн байранд хийсэн гэх засвар нь 5 500 000 төгрөгийн үнэд хүрэхгүй зөвхөн ханыг будах зэрэг өнгөцхөн засвар хийсэн байсан. Тухайн засварыг ийм үнэтэй хийгдэнэ гэдгийг Х.Цд мэдэгдсэн бол зөвшөөрөлгүй өгөхгүй. Нэхэмжлэгчээс засварын зардлыг ганцхан өөрийн бичсэн зарлагын баримтаар тогтоож байгаа нь үнэн зөв гэж үзэх үндэслэлгүй юм. Үүнээс гадна уг байр нь өмнө нь түрээслүүлж байсан, үйлдвэрлэл үйлчилгээ явуулах шаардлагыг хангасан байсан тул заавал, зайлшгүй зардал гарган засварлуулах шаардлага байгаагүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч 5 500 000 төгрөгийг засвар үйлчилгээ хийгдсэн гэдэг боловч 5 500 000 төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн талаараа нотлоогүй, тухайн зарлагын баримт нь яг хэдэн төгрөгийн ямар үнэтэй, хэзээний баримт гэдэг нь сайн харагдахгүй байна гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2018/03484 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Балжир овогт Хүдэрчулууны Х.Цгээс түрээсийн байранд хийсэн засварын зардал 5 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч “Э О Т”ТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103 000 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 255 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2018/03484 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг тус тус хүлээн авч танилцаад шүүх хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарласан, маргааны үйл баримтанд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй зэрэг үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах гомдлыг гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байх талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзнэ. Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэт үнэлгээгүй, хэрэгт авагдсан баримтыг талуудын шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартай харьцуулах замаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлээгүй. Иргэн О.ОХ.Ц нарын хооронд байгуулагдсан 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан “Түрээсийн гэрээ”-ний талаар шүүхээс эрх зүйн дүгнэлт хийсэн хүчин төгөлдөр шийдвэртэй бөгөөд энэ талаар талуудын хэн аль нь маргаагүй бөгөөд харин хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцсонтой холбоотойгоор үр дагаварыг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд хандан гаргасан байхад шүүх энэ талаар огт эрх зүйн дүгнэлт хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 101/ШШ2017/02360 дугаартай шийдвэрээр “...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Х.Ц болон хариуцагч О.Онарын хооронд 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, сөрөг нэхэмжлэлийн 5 500 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн байдаг. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох үл хөдлөх эд хөрөнгөд засвар хийсний зардал 5 500 000 төгрөгийг хариуцагч нэхэмжлэх эрхгүй гэж үзсэн үндэслэл нь “Эхлэл, Оргил төгсгөл” төрийн бус байгууллага болон Н.П нар 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, сургалтын төв тохижуулах засвар үйлчилгээний зардал, хөлсөнд нийт 5 500 000 төгрөгийг ажил гүйцэтгэгчид өгсөн, зохигчид энэхүү үйл баримтын талаар маргаагүй, ажил гүйцэтгэх гэрээг тухайн төрийн бус байгууллагыг төлөөлж хариуцагч О.Обайгуулсан боловч засвар, үйлчилгээний зардлыг тэрээр бус харин захиалагч болон ажил гүйцэтгэгч нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан гэрээний харилцаа үүссэн гэж дүгнээд О.Обайгууллагыг итгэмжлэлээр төлөөлөөгүй, тухайн байгууллагыг бусад этгээдэд төлөөлөх дарга, гүйцэтгэх удирдлага биш байх тул нэхэмжлэгч Х.Цд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу засварын зардал хөлсөнд зориулагдан төлөгдсөн төлбөрийг нэхэмжлэх, шаардах эрхгүй гэж үзсэн. “Эхлэл оргил төгсөл” төрийн бус байгууллага нь өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг хуулийн этгээдийн болохын хувьд Иргэний эрх зүйн харилцаанд оролцож, эдийн болон эдийн бус эрх нь зөрчигдсөн тохиолдолд нэхэмжлэгчийн эрх, үүргийг гагцхүү тухайн байгууллага хэрэгжүүлнэ гэж тодорхой үйл баримтыг дүгнэсэн тул “Э О Т”ТББ нь шүүхэд хандан Х.Цд холбогдуулан дээрх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байхад шүүхээс энэ хүрээнд огт дүгнэлт хийгээгүй гомдолтой байна. “Э О Т”ТББ-ийн гүйцэтгэх захирал О.Онь Монгол улсын иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дэх хэсэг, 56.6 дэх хэсэгт заасныг баримтлан хохиролд 5 500 000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд энэ хүрээнд шүүх эрх зүйн дүгнэлт хийх ёстой байхад үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх зэргээр талуудын маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болоогүй асуудлаар хууль зүйн дүгнэлт хийсэн нь хууль бус болсон. “Э О Т”ТББ нь шүүхэд хохиролд 5 500 000 төгрөг нэхэмжилсэн байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн харилцаа буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйлийг баримтлан шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэж тайлбарласан гэж үзэх үндэслэл бүхий эргэлзээг төрүүлж байна. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр талуудын хооронд байгуулсан Түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсон үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа тул мөн хуулийн 56.5 дэх хэсэгт “...энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй...”, мөн 56.6д “... хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө...” гэж тус тус заасан. Мөн түрээсийн гэрээний харилцаанд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам үйлчилдэг бөгөөд салган авах боломжгүй эд хөрөнгийн үнийг хөлслөгч хөлслүүлэгчээс шаардах эрхтэй гэсэн зохицуулалтын дагуу өөрөөс гаргасан зардлаа хохиролд тооцон нэхэмжилж байгаа байгаа бөгөөд энэ нь үүрэг зөрчсөнөөс үүсэх хариуцлага буюу Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дэх хэсэгт заасан үндэслэлээр хохирол гаргуулахаар нэхэмжилсэн шаардлагын хүрээнд 2 шатны шүүхээс огт дүгнэлт хийгээгүй юм. Хэрэгт цугларсан баримтаар О.Онь иргэн Н.Птэй 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан сургалтын төв тохижуулах ажлыг хийж гүйцэтгэсэн байх ба ажлын хөлсөнд 5 500 000 төгрөгийг хүлээн авсан талаар маргаагүй бөгөөд Н.П шүүхэд гэрчээр мэдүүлэхдээ ажил хийсэн, мөнгө хүлээн авсан талаараа мэдүүлдэг бөгөөд учирсан хохирлоо шаардсан нь үндэслэлтэй. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч “Э О Т”ТББ нь хариуцагч Х.Цд холбогдуулан түрээсийн байрыг засч сайжруулсны зардал 5 500 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, засвар хийхдээ зөвшөөрөл аваагүй, 5 500 000 төгрөгийн засвар хийсэн болох нь нотлогдоогүй, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хянаад хэвээр үлдээжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/02360 дугаар шүүхийн шийдвэрээр О.Оболон Х.Ц нарын хооронд байгуулагдсан 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж, О.Оиас 12 848 378 төгрөгийг гаргуулж Х.Цд олгож, түрээсийн эд хөрөнгөд засвар хийсэн зардал 5 500 000 төгрөг гаргуулах О.Оийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна. Дээрх шүүхийн шийдвэрээр “Э О Т”ТББ-д холбогдох маргаан шийдвэрлэгдээгүй боловч  маргааны зүйл нь одоо шийдвэрлэж буй иргэний хэрэгтэй холбоотой байна.

Нэхэмжлэгч нь үсчин, гоо сайхны сургалтын төвийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахын тулд хариуцагчийн өмчлөлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо 12в байрны 4-5 тоот үл хөдлөх эд хөрөнгөд 5 500 000 төгрөгийн засвар хийсэн уг зардлыг шаардах эрхтэй гэж үзэж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй тул шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хэрэгт байгаа баримтад тулгуурласан, хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх байдал тогтоогдоогүй, шүүхийн хууль зүйн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдсонгүй.

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн эд хөрөнгөд 5 500 000 төгрөгийн засвар хийсэн хэмжээгээр хариуцагч хөрөнгөжсөн буюу байрны үнэ нэмэгдсэн байдал тогтоогдоогүй, анх эд хөрөнгийг ямар байдлаар хүлээн авч, хэрхэн засч сайжруулсан болохыг баримтаар нотолж чадаагүй байв. Ажил гүйцэтгэх гэрээ, гэрээний дагуу 5 500 000 төгрөгийг шилжүүлсэн баримт, гэрчийн мэдүүлэг гэсэн баримт нэхэмжлэлийг хангах нотолгоо, үндэслэл болоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

Хариуцагчийн зүгээс хана будах зэргээр өнгөц засвар хийсэн болохыг зөвшөөрсөн тайлбар гаргасан байх боловч дээрх ажлын зардал ямар өртөгтэй болох нь нэхэмжлэгчийн гаргасан баримтын хүрээнд тогтоогдоогүй байна. Иймд нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, хэрэгт байгаа баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцсэн тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2018/03484 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 255 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 103 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Х.СОНИНБАЯР

                       ШҮҮГЧ                                                          П.ЗОЛЗАЯА