Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2017/03228

 

 

 

 

2017 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2017/03228

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: И ХХК -д холбогдох

40.496.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Э, хариуцагчийн өмгөөлөгч Б.Г, нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Д.Б нь И ХХК-тай Түлш нийлүүлэх гэрээ байгуулсан. Тухайн үед дээрх компани нь Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутагт байрлах Гэнэтийн уурхайд хөрс хуулалтын ажил гүйцэтгэж байсан.

Гэрээ ёсоор нийтдээ 150.164.000 төгрөгийн шатахуун нийлүүлэхээр харилцан тохиролцсон. Тухайн үедээ 76.384.000 төгрөгийн түлш нийлүүлсэн байсан. Мөн худалдан авагч тал нь 50.000.000 төгрөгийг төлсөн байсан. Гэрээнд түлш нийлүүлэх хугацаа болон төлбөр төлөх хугацааг харилцан тохиролцож хугацаа хэтэрвэл хоногийн 0.1%-ийн алданги төлөхөөр гэрээний 4.4-т зааж өгсөн.

И ХХК нь дээрх төлбөрөөс 114.164.000 төгрөгийг төлөөд одоо 36.000.000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байна. Гэрээнд заасан ёсоор хамгийн сүүлийн төлбөрийг 2016 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр төлөх ёстой байсан боловч төлөөгүй. Үлдсэн 70 орчим сая төгрөгний тооцооноос 10.000000, 20.000.000 төгрөгийг Д.Б хүлээж авсан болохыг ХААН Банкны болон хариуцагчийн гаргаж өгсөн дансны хуулгаар нотлогдож байна.

Иймд үлдэгдэл төлбөр 36.000.000 төгрөг, 2016 оны 4 сарын 03-ны өдрөөс хойшхи хугацаа хэтэрсэн 136 хоногийн алданги 4.496.000 төгрөг, нийт 40.496.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 

И ХХК нь Баатараас авсан түлшнийхээ үнийг шилжүүлчихсэн, 150.000.000 төгрөгийн түлш аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Баатар түлшний үнэ нэхэмжилж байгаа боловч И ХХК-д түлш хүлээлгэн өгсөнөө нотлоогүй.

Манай компани Д.Б аас түлш аваад түлшний мөнгийг буцааж төлсөн. Манай талаас авсан түлшний мөнгийг төлсөн гэдгийг нотлох баримтыг шүүхэд өгсөн. Түлшний үнийг төлсөн төлбөрийн баримт байгаа болохоос түлш авсан болохыг нотлох ямар ч баримт байхгүй. Манайх төлбөрөө төлсөн, ямар нэгэн төлбөрийн өр үлдээгүй. Д.Б манай компанид ажилладаггүй. Манайх авсан түлшээ буцаагаад түлшээр нь төлсөн. Мөнгийг төлж чадахгүй байсан тул түлшийг түлшээр нь аваад явсан. Д.Б гэдэг хүн манайхаас түлшний мөнгө нэхэх ямарч үндэслэл байхгүй

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч И ХХК-д холбогдуулан Түлш нийлүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 40.496.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч И ХХК нь авсан түлшнийхээ үнийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Д.Б нь 150.164.000 төгрөгийн дизель түлшийг нийлүүлэх хариуцагч И ХХК нь 150.164.000 төгрөгийг Д.Б т төлөх үүргийг тус тус хүлээн, Түлш нийлүүлэх гэрээ байгуулан талууд гарын үсэг зурж баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болжээ./хх-ийн 4,5,128-132-р хуудас/

Дээрх гэрээний 3.1.-т талууд гэрээ байгуулахаас өмнө нэхэмжлэгч 76.384.000 төгрөгийн дизель түлшийг хүлээлгэн өгсөн, худалдан авагч И ХХК хүлээн авсан болно гэж, 4.1.-д худалдан авагч тал нийлүүлэгч талд 50.000.000 төгрөгийг төлсөн болно гэж тус тус зааж үлдэх 23.780.000 төгрөгийн дизель түлшийг 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдөр, 25.000.000 төгрөгийн дизель түлшийг 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр , 25.000.000 төгрөгийн дизель түлшийг 2016 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр тус тус хүлээлгэн өгөх, худалдан авагч буюу И ХХК нь 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 40.000.000 төгрөгийг төлөх, 2016 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 35.000.000 төгрөгийг төлөх, 2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 25.164.000 төгрөгийг тус тус төлөх үүргийг хүлээжээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй барааг бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй.

Талуудын хооронд байгуулагдсан Түлш нийлүүлэх гэрээний үүрэгт хариуцагч И ХХК-нь үлдэгдэл төлбөр 36.000.000 төгрөгийг алдангийн хамт төлөх үүрэгтэй.

И ХХК нь Д.Б аас гэрээнд заасан 150.164.000 төгрөгний үнэ бүхий түлшийг бүрэн хүлээж аваагүй гэж маргаж байгаа боловч 76.384.000 төгрөгийг төлсөн болох нь тэдний хооронд хийсэн Түлш нийлүүлэх гэрээ болон зохигчийн тайлбараар нотлогдож байх бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтаар няцаагаагүй тул И ХХК 150.164.000 төгрөгний үнэ бүхий түлшийг хүлээн авсан гэж тооцно./хх-ийн 4-р хуудас/

Дээрх гэрээний 4.4-т худалдан авагч тал гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн дүнгээс хоног тутам 0,1%-ийн алданги төлөх, нийлүүлэгч буюу худалдагч гэрээнд заасан хугацаанд дизель түлшээ нийлүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн дүнгээс хоногт 0,1%-ийн алданги тус тус төлнө гэж үүргийн гүйцэтгэлийг хариуцлагажуулсан байна.

Нэхэмжлэгч буюу худалдагч Д.Б нь гэрээнд заасан хугацаанд дизель түлшийг хариуцагч буюу худалдан авагчид нийлүүлсэн байхад худалдан авагч хэлэлцэн тохирсон үнийг бүрэн төлөөгүй байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1., 232.6. болон гэрээнд заасны дагуу алданги тооцох үндэстэй.

Иймд И ХХК иас Түлш нийлүүлэх гэрээний үлдэгдэл төлбөр болох 36.000.000 төгрөгийг, алданги 4.496.000 төгрөгийн хамт нийт 40.496.000 төгрөгийг хариуцагч И ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Д.Б т олгох үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232.6-д заасныг баримтлан хариуцагч И ХХК-иас 40.496.000 /дөчин сая дөрвөн зуун ерөн зургаан мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б т олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 360.430 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч И ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 360.430 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                         

                                     ДАРГАЛАГЧ                              Ч.ИЧИНХОРЛОО