Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2018/00872

 

Д.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/03228 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2018/00504 дүгээр магадлалтай,

Д.Б-ын нэхэмжлэлтэй,

“И” ХХК-д холбогдох

Түлш нийлүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 40,496,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхрийцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ганболд, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би нь “И” ХХК-тай Түлш нийлүүлэх гэрээ байгуулсан. Тухайн үед дээрх компани нь Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутагт байрлах Гэнэтийн уурхайд хөрс хуулалтын ажил гүйцэтгэж байсан. Гэрээ ёсоор нийтдээ 150,164,000 төгрөгийн шатахуун нийлүүлэхээр харилцан тохиролцсон. Тухайн үедээ 76,384,000 төгрөгийн түлш нийлүүлсэн байсан. Мөн худалдан авагч тал нь 50,000,000 төгрөгийг төлсөн байсан. Гэрээнд түлш нийлүүлэх хугацаа болон төлбөр төлөх хугацааг харилцан тохиролцож хугацаа хэтэрвэл хоногийн 0.1 хувийн алданги төлөхөөр гэрээний 4.4-т зааж өгсөн. “И” ХХК нь дээрх төлбөрөөс 114,164,000 төгрөгийг төлөөд одоо 36,000,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байна. Гэрээнд заасан ёсоор хамгийн сүүлийн төлбөрийг 2016 оны 04 сарын 03-ны өдөр төлөх ёстой байсан боловч төлөөгүй. Үлдсэн 70 орчим сая төгрөгний тооцооноос 10,000,000, 20,000,000 төгрөгийг Д.Б- хүлээж авсан болохыг ХААН Банкны болон хариуцагчийн гаргаж өгсөн дансны хуулгаар нотлогдож байна. Иймд үлдэгдэл төлбөр 36,000,000 төгрөг, 2016 оны 04 сарын 03-ны өдрөөс хойшхи хугацаа хэтэрсэн 136 хоногийн алданги 4,496,000 төгрөг, нийт 40,496,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: “И” ХХК нь Д.Б-аас авсан түлшнийхээ үнийг шилжүүлчихсэн, 150,000,000 төгрөгийн түлш аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Д.Б- түлшний үнэ нэхэмжилж байгаа боловч “И” ХХК-д түлш хүлээлгэн өгсөнөө нотлоогүй. Манай компани Д.Б-аас түлш аваад түлшний мөнгийг буцааж төлсөн. Манай талаас авсан түлшний мөнгийг төлсөн гэдгийг нотлох баримтыг шүүхэд өгсөн. Түлшний үнийг төлсөн төлбөрийн баримт байгаа болохоос түлш авсан болохыг нотлох ямар ч баримт байхгүй. Манайх төлбөрөө төлсөн, ямар нэгэн төлбөрийн өр үлдээгүй. Д.Б- манай компанид ажилладаггүй. Манайх авсан түлшээ буцаагаад түлшээр нь төлсөн. Мөнгийг төлж чадахгүй байсан тул түлшийг түлшээр нь аваад явсан. Д.Б- гэдэг хүн манайхаас түлшний мөнгө нэхэх ямар ч үндэслэл байхгүй гэжээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/03228 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232.6-д заасныг баримтлан хариуцагч “И” ХХК-иас 40,496,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 360,430 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “И” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 360,430 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-т олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2018/00504 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/03228 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “... 232 дугаар зүйлийн 232.1” гэснийг хасч, мөн “... 40,496,000 төгрөг” гэснийг “...30,420,752 төгрөг”  гэж, 2 дахь заалтын “...хариуцагч “И” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 360,430 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-т олгосугай” гэснийг “...хариуцагч “И” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 310,054 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-т олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

           

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Ганболдын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 сарын 21-ний өдрийн 210/МА2018/00504 дугаартай магадлалд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 236 дугаар зүйлийг хэрэглэх байсан гэж үзэж байна. Учир нь хариуцагч гэрээний дагуу төлөх төлбөрийн үүргээ бэлэн мөнгөөр болон дизель түлш хэлбэрээр төлж барагдуулсан ба тэдгээрийг нийтэд нь нэхэмжлэгч Д.Б- хүлээн авсан. Давж заалдах шатны шүүхээс эргэлзээгүй баримтаар нотолж чадаагүй гэж дүгнэсэн 26,384,000 төгрөгийн төлбөрийг “И” ХХК дизель түлшээр өгөх хэлбэрээр үүргээ гүйцэтгэснийг нэхэмжлэгч Д.Б- хүлээн зөвшөөрч "И” ХХК-ийн нэрээр “МТ Петролиум” ХХК-ийн байранд очиж өөрийн эзэмшпийн 02-09 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслээр 24,000 литр дизель түлш гаргуулан авч 12,000 литрийг төлбөртөө тооцон авснаар манай компани үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1-д “236.1.Үүрэг дараах үндэслэлээр дуусгавар болно. Үүнд: үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн, үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан” гэж тус тус заасан байна. Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/03228 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 сарын 21-ний өдрийн 210/МА2018/00504 дугаартай магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Д.Б- нь хариуцагч “И” ХХК-д холбогдуулан “Түлш нийлүүлэх гэрээ”-ний үлдэгдэл төлбөр 36,000,000 төгрөг, 2016 оны 04 сарын 03-ны өдрөөс хойшхи хугацаа хэтэрсэн 136 хоногийн алданги 4,496,000 төгрөг, нийт 40,496,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч,   компани Д.Б-аас түлш аваад мөнгийг төлсөн баримт байгаа, манайх авсан түлшээ буцаагаад түлшээр нь төлсөн, Д.Б- гэдэг хүн манайхаас түлшний мөнгө нэхэх ямар ч үндэслэл байхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй түлш нийлүүлэх гэрээнд нийт 150,164,000 төгрөгийн дизель түлш нийлүүлэхээс худалдан авагч буюу хариуцагч “И” ХХК 76,384,000 төгрөгийн дизель түлш хүлээн авсан, Д.Б- 50,000,000 төгрөгийг хүлээн авсан талаар зааж, мөн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 23,780,000 төгрөгийг, 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 25,000,000 төгрөгийг тус тус хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байна.

“И” ХХК нь 76,384,000 төгрөгийн дизель түлшийг хүлээн авсан, гэрээний төлбөрт 50,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Б-т төлсөн асуудлаар зохигчид маргаагүй.

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг тодорхойсон нь Иргэний хуулийн 234 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Гэвч анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон гэрээг хэрэгт авагдсан бусад баримтуудтай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж чадаагүйгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу юм.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй гэрээний 3.2-т 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 23,780,000 төгрөгийн, 3.3-т 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 25,000,000 төгрөгийн, 3.4-т 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 25,000,000 төгрөгийн үнэ бүхий түлш нийлүүлэхээр заасан боловч уг түлшийг “И” ХХК-д бодитойгоор хүлээлгэн өгснөө нэхэмжлэгч тал нотолж чадаагүй гэж үзэв.

Нэхэмжлэгч Д.Б- гэрээ ёсоор 150,164,000 төгрөгийн шатахууныг хариуцагчид  нийлүүлснээ нотлоогүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй бөгөөд гэрээнд зааснаар нэхэмжлэгч Д.Б- 76,384,000 төгрөгийн дизель түлшийг нийлүүлсэн,  хариуцагч төлбөрт 50,000,000 төгрөгийг төлсөн гэдгийг зохигчид хүлээн зөвшөөрсөн,  харин үлдэгдэл 26,384,000  төгрөгийг  нэхэмжлэгч хариуцагчаас шаардах эрхтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь хэргийн баримтанд үндэслэсэн байна.    

Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд худалдан авагч тал гэрээний хугацаанд төлбөрийг хийгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн дүнгээр нийлүүлэгч талд хоногт 0,1 хувийн алданги төлнө гэж тохирсон байх тул 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр хүртэлх 153 хоногийн алдангид 4,036,752 төгрөгийг хариуцагч байгууллага төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгтээ нийцжээ.

Иймд хариуцагч “И” ХХК-иас түлш нийлүүлэх гэрээний үлдэгдэл төлбөр 26,384,000 төгрөг, алданги 4,036,752 төгрөг, нийт 30,420,752 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн, шүүх хэрэгт авагдсан баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Хэрэгт “МТ петролиум” ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 250/17 тоот ... “И” ХХК нь “МТ петролиум” ХХК-иас 2016 оны 04 дүгээр сарын 22-ны газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах 37/16 тоот гэрээгээр 32,400,000 төгрөгийн дизель түлшийг зээлээр худалдан авсан. Дээрх дизель түлшийг 02-09 УБУ улсын дугаартай жолооч Д.Б-ын автомашинаар тээвэрлүүлсэн болно” гэсэн     баримт авагдсан байна.

Зохигчдын хооронд байгуулсан түлш нийлүүлэх гэрээнд төлбөрийг түлшээр буцаан төлөх талаар тохиролцсон нөхцөл заагдаагүй, түүнчлэн “МТ петролиум” ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 250/17 тоот албан бичгээс үзэхэд хариуцагчийн өмгөөлөгчийн “...26,384,000 төгрөгийн төлбөрийг “И” ХХК дизель түлшээр өгөх хэлбэрээр үүргээ гүйцэтгэснийг нэхэмжлэгч Д.Б- хүлээн зөвшөөрч "И” ХХК-ийн нэрээр “МТ Петролиум” ХХК-ийн байранд очиж өөрийн эзэмшпийн 02-09 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслээр 24,000 литр дизель түлш гаргуулан авч 12,000 литрийг төлбөртөө тооцон авснаар манай компани үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн” гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2018/00504 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч “И” ХХК-иас хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 311,000 /гурван зуун арван нэгэн мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН