Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2018/00504

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2018/00504

 

 

2018 02 21 210/МА2018/00504

 

 

Д.Баатарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/03228 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Д.Баатарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Их мандах үйлст ХХК-д холбогдох

 

Түлш нийлүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 40 496 000 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Энхрийцэцэг

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Ганболд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхрийцэцэг  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Д.Баатар нь Их мандах үйлст ХХК-тай түлш нийлүүлэх гэрээ байгуулсан. Тухайн үед дээрх компани нь Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутагт байрлах Гэнэт-ийн уурхайд хөрс хуулалтын ажил гүйцэтгэж байсан. Гэрээний дагуу 150 164 000 төгрөгийн шатахуун нийлүүлэхээр харилцан тохиролцсон бөгөөд тухайн үедээ 76 384 000 төгрөгийн түлш нийлүүлсэн байсан. Мөн худалдан авагч тал нь 50 000 000 төгрөгийг төлсөн байсан. Гэрээнд түлш нийлүүлэх хугацаа болон төлбөр төлөх хугацааг харилцан тохиролцож  хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,1 хувийн алданги төлөхөөр гэрээний 4.4-т заасан. Их мандах үйлст ХХК нь дээрх төлбөрөөс 114 164 000 төгрөгийг төлөөд одоо 36 000 000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байна. Гэрээнд заасан ёсоор хамгийн сүүлийн төлбөрийг 2016 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр төлөх ёстой байсан боловч төлөөгүй. Үлдсэн 70 000 000 орчим төгрөгийн тооцооноос 10 000 000, 20 000 000 төгрөгийг Д.Баатар хүлээж авсан болох нь Хаан банкны болон хариуцагчийн гаргаж өгсөн дансны хуулгаар нотлогдож байна. Иймд үлдэгдэл төлбөр 36 000 000 төгрөг, 2016 оны 4 сарын 3-ны өдрөөс хойшхи хугацаа хэтэрсэн 136 хоногийн алданги 4 496 000 төгрөг, нийт 40 496 000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Их мандах үйлст ХХК-ийн захирал М.Цогтоо шүүхэд болон хариуцагчийн өмгөөлөгч Б.Ганболд шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 

Их мандах үйлст ХХК нь Д.Баатараас авсан түлшнийхээ үнийг бүрэн шилжүүлсэн, 150 000 000 төгрөгийн түлш аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.Баатар түлшний үнэ нэхэмжилж байгаа боловч Их мандах үйлст ХХК-д түлш хүлээлгэн өгснөө нотлоогүй. Хариуцагч талаас авсан түлшний мөнгийг төлсөн гэдгийг нотлох баримтыг шүүхэд өгсөн. Түлшний үнийг төлсөн төлбөрийн баримт байгаа болохоос түлш авсан болохыг нотлох ямар ч баримт байхгүй, ямар нэгэн төлбөрийн өр үлдээгүй. Нэхэмжлэгч Д.Баатар манай компанид ажилладаггүй, хариуцагч байгууллага авсан түлшээ буцаагаад түлшээр нь төлсөн. Д.Баатар гэх хүн манайхаас түлшний мөнгө нэхэмжлэх ямар ч үндэслэл байхгүй гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Их мандах үйлст ХХК-иас 40 496 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Баатарт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 360 430 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Их мандах үйлст ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 360 430 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Баатарт олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Ганболд давж заалдах гомдолдоо:

... Шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Түлш нийлүүлэх гэрээний үүрэгт "Их мандах Үйлст" ХХК нь 36 000 000 төгрөгийг алдангийн хамт төлөх үүрэгтэй гэж дүгнэснийг зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь хуулиар худалдагч барааг бэлтгэн нийлүүлэх үүргийг хүлээсэн байх ба нийлүүлсэн тохиолдолд худалдан авагч хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэг үүсэхээр байна. Харин нэхэмжлэгч Д.Баатар нь гэрээний 3.2, 3.3, 3.4-д заасан хуваарь, хэмжээгээр түлш нийлүүлээгүй, тийм боломжгүй болсон байсан нь тогтоогдсон. Шүүх "... хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтаар няцаагаагүй тул Их Мандах үйлст" ХХК 150 164 000 төгрөгийн үнэ бүхий түлшийг хүлээн авсан гэж тооцно хэмээн хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хүлээлгэсэн үүргээс хэтэрсэн үүргийг хүлээлгэх замаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь энэ зүйл, хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг нотлохтой холбоотой үүрэг нь нэхэмжлэгчид, эсрэгээрээ түүнийг татгалзахтай холбоотой нотлох үүрэг нь хариуцагчид хамаарахаар ойлгогдож байна. Түүнээс гадна түлш нийлүүлэгдээгүй буюу үйл баримт үүсээгүй талаар шууд баримтаар нотлохыг шаардсаныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/03228 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Баатар нь хариуцагч Их мандах үйлст ХХК-д холбогдуулан Түлш нийлүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 40 496 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч 150 164 000 төгрөгийн үнэ бүхий түлш аваагүй гэж маргажээ.

 

Зохигчид түлш нийлүүлэх гэрээг бичгээр байгуулж, уг гэрээндээ нийт 150 164 000 төгрөгийн дизель түлш нийлүүлэхээс худалдан авагч буюу хариуцагч Их мандах үйлст ХХК 76 384 000 төгрөгийн дизель түлш хүлээн авсан, Д.Баатар 50 000 000 төгрөгийг хүлээн авсан талаар зааж, мөн 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдөр 23 780 000 төгрөгийг, 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 25 000 000 төгрөгийг тус тус хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байна. /хх-ийн 4-5 тал/ Хариуцагч байгууллага 76 384 000 төгрөгийн дизель түлшийг хүлээн авсан, гэрээний төлбөрт 50 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн асуудлаар зохигчид маргаагүй болно.

 

Түлш нийлүүлэх гэрээнд зурагдсан гарын үсэг өөрийнх биш гэж нэхэмжлэгч Д.Баатар маргаж байгаа боловч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 5980 дугаар дүгнэлтээр Д.Баатар гэх нэрний ард зурагдсан гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Д.Баатарын гэх гарын үсгийн харьцангуй чөлөөт, туршилтын загвартай тохирно гэж тогтоосон байна.

 

Талууд хүсэл зоригоо илэрхийлж, гэрээ байгуулан гарын үсгээ зурж баталгаажуулсан нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасантай нийцэж байгаа бөгөөд уг гэрээ нь хүёин хүчин төгөлдөр гэрээ байх тул Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Баатар, хариуцагч Их мандах үйлст ХХК-иас уг гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 234 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх тул хариуцагч буюу худалдан авагч Их мандах үйлст ХХК нь хүлээн авсан дизель түлшний үнийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй болно.

 

Хэргийн 84-87 дугаар талд Төмөрзүрхийн Хулан гэсэн хүний депозит дансны дэлгэрэнгүй хуулга авагдсан байх бөгөөд уг баримтад Цогтоос түлшний үнэд 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 20 000 000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 8 000 000 төгрөг, 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 15 000 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 10 000 000 төгрөг гэсэн бичиглэл байгаа боловч уг баримтаар хариуцагч Их мандах үйлст ХХК нь нийлүүлэгчээс 150 164 000 төгрөгийн түлш хүлээн аваад дээрх мөнгийг төлж байсан гэж үзэх үндэслэлгүй. Учир нь уг баримт гэрээ байгуулахаас өмнө огноотой байхаас гадна Т.Хулан гэдэг хүний данснаас н.Цогт гэх хүний нэрээр гарч байсан мөнгө байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бичгийн хэлбэртэй баримтыг бичмэл нотлох баримт гэх бөгөөд хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хэргийн 109-114 дүгээр талд авагдсан данс эзэмшигчийн нэр тодорхойгүй депозит дансны хуулгыг үнэлэх боломжгүй юм.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр нэхэмжлэгч Д.Баатарын 2016 оны 1 дүгээр сарын 1-нээс 2016 оны 12 дугаар сарын 31-ний хоорондох харилцагчийн авлагын дэлгэрэнгүй хуулга, МТ петролиум ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 250/17 тоот ... Их мандах үйлст ХХК нь МТ петролиум ХХК-иас 2016 оны 4 дүгээр сарын 22-ны газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах 37/16 тоот гэрээгээр 32 400 000 төгрөгийн дизель түлшийг зээлээр худалдан авсан. Дээрх дизель түлшийг 02-09 УБУ улсын дугаартай жолооч Д.Баатарын автомашинаар тээвэрлүүлсэн болно гэсэн агуулга бүхий бичгийн баримтууд нотлох баримтаар авагдсан байна. /хх-ийн 145-147, 154 тал/ Дээрх баримтуудыг үндэслэн худалдагч буюу нэхэмжлэгч Д.Баатараас худалдан авагч буюу хариуцагч Их мандах үйлст ХХК-д дизель түлшийг нийлүүлсэн гэх үйл баримт тогтоогдсон гэж үзэх боломжгүй юм.

 

Нэхэмжлэгч Д.Баатар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... гэрээ ёсоор 150 164 000 төгрөгийн шатахуун нийлүүлсэн, уг төлбөрөөс хариуцагч 114 164 000 төгрөгийг төлөөд үлдэгдэл 36 000 000 төгрөгийг төлөөгүй гэж тайлбарлаж байгаа боловч гэрээнд заасан 150 164 000 төгрөгийн дизель түлшийг бүрэн нийлүүлсэн болохоо нотлоогүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоодоогүй байна.

 

Гэрээний 3.2-д 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдөр 23 780 000 төгрөгийн , 3.3-д 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 25 000 000 төгрөгийн, 3.4-д 2016 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр 25 000 000 төгрөгийн үнэ бүхий түлш нийлүүлэхээр заасан байх боловч уг түлшийг бодитойгоор хүлээлгэн өгснөө нэхэмжлэгч тал нотолж чадаагүй болно.

 

Иймд гэрээнд зааснаар худалдагч буюу нэхэмжлэгч Д.Баатар 76 384 000 төгрөгийн дизель түлшийг нийлүүлсэн гэж үзнэ. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээг тайлбарлахдаа үг үсгийн шууд утгыг харгалзах бөгөөд уг төлбөрөөс 50 000 000 төгрөгийг төлсөн гэдгийг зохигчид хүлээн зөвшөөрсөн байх тул үлдэгдэл 26 384 000 төгрөгийг төлсөн эсэх маргаан үүссэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэслээд хамаарах нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Нэхэмжлэгч талаас гэрээгээр тохирсон 150 164 000 төгрөгийн дизель түлш бүрэн нийлүүлсэн байдлаа нотлоогүй байх тул гэрээгээр тохирсон дизель түлш нийлүүлсэний үлдэгдэл төлбөр 40 496 000 төгрөгийг хариуцагч Их мандах үйлст ХХК-иас гаргуулах боломжгүй байна. Харин гэрээний дагуу нийлүүлсэн болох нь тогтоогдсон 76 384 000 төгрөгийн түлшний үнээс үлдсэн 26 384 000 төгрөгийг шаардах эрхтэй байна. Хариуцагч нь бүх мөнгийг төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч үлдэгдэл 26 384 000 төгрөгийг төлсөн гэдгээ эргэлзээгүй баримтаар нотолж чадаагүй болно.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд худалдан авагч тал гэрээний хугацаанд төлбөрийг хийгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн дүнгээр нийлүүлэгч талд хоногт 0,1 хувийн алданги төлнө гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгтээ нийцжээ. Иймд 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх 153 хоногийн алданги 4 036 752 /26 384 000 *0,1*153/ төгрөгийг хариуцагч байгууллага төлөх үүрэг үүснэ.

 

Иймд хариуцагч Их мандах үйлст ХХК-иас үлдэгдэл төлбөр 26 384 000 төгрөг, алданги 4 036 752 төгрөг, нийт 30 420 752 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/03228 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтаас ... 232 дугаар зүйлийн 232.1 гэснийг хасч, мөн ... 40 496 000 төгрөг гэснийг ...30 420 752 төгрөг гэж,

2 дахь заалтын ...хариуцагч Их мандах үйлст ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 360 430 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Баатарт олгосугай гэснийг ...хариуцагч Их мандах үйлст ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 310 054 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Баатарт олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагч Их мандах үйлст ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 361 000 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

  ШҮҮГЧИД                           Э.ЗОЛЗАЯА

                                                   Ц.ИЧИНХОРЛОО