Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 181/ШШ2019/02176

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 181/ШШ2019/02176

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Уранчимэг даргалж,

нэхэмжлэгч:Д.У

хариуцагч:б.с

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл болон дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгч Д.Д.У, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч Сүхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сандаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Д.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Д.У миний бие нь 1969 онд Улаанбаатар хотод төрсөн, 1987 онд нийслэлийн 14 дүгээр дунд сургуулийг, 1994 онд МУИС-ийг химич, химийн багш мэргэжлээр тус тус төгсч, 2000 онд ШУТИС-д магистр, 2008 онд докторын зэргийг тус тус хамгаалсан, ХБНГУлсад нэг жилийн хугацаагаар мэргэжил дээшлүүлсэн, англи, орос, герман хэлтэй. 1987 онд Шинжлэх Ухааны Академиэс эхэлж Монел Фирм, Ноосны үйлдвэрийн нэгдэл, Армоно корпораци, Нэхмэлийн хүрээлэнгүүдэд эрдэм шинжилгээний ажилтан, лабароторийн эрхлэгч, Дэвшилтэт шинэ технологи, инновацийн хүрээлэнгийн захирал зэрэг ажлуудыг хийж байгаад 2012 оны 10 дугаар сарын 6-нд Засгийн газрын 2012 оны 80 дугаар тогтоол, 2013 оны 101 дүгээр тогтоолоор тус тус Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газрын даргаар томилогдон ажилласан. 2012 онд төрийн албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтад тэнцэн, 2013 оны 5 сарын 30-ны өдөр төрийн албан хаагчийн тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч юм.

2016 оны 11 сараас эхлэн өнөөг хүртэл Шинжлэх ухаан технологийн сангийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр тус тус төрийн байгууллагад 27 жил үүнээс удирдах албан тушаалд 9 жил ажиллах хугацаанд сахилгын болон захиргааны ямар нэг арга хэмжээ авагдаж байгаагүй, өөрийн мэдсэн сурсан зүйлийг улс орны хөгжил дэвшлийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж,албан үүргээ сайн гүйцэтгэж ажилласан.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн Б/02 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт Захиргааны Ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь заалт, БСШУСЯ-ны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дүгнэлт, Монгол улсын Хүний эрхийн үндэсний комиссын 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2/10 дугаар албан бичгийг тус тус үндэслэн ажлаас чөлөөлснийг үл зөвшөөрч хууль бус халсан гэж үзэж гомдол гаргаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан сахилгын ноцтой зөрчил-ийг болон хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан гэрээг шууд цуцлах ноцтой зөрчлийг нэг ч удаа гаргаж байгаагүй, өмнө нь ямар нэгэн сахилгын шийтгэл хүлээж байгаагүй.

Тушаалд дурдсан Хүний эрхийн үндэсний комиссын албан бичгийг огт мэдэхгүй,хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн үйлдэл эс үйлдэхүй гаргаагүй, БСШУСЯ-ны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын дүгнэлтийг мэдэхгүй, надад танилцуулаагүй. Хөдөлмөрийн гэрээ цуцлах талаар урьдчилан мэдэгдээгүй, сонсох ажиллагаа хийгдсэн гэж миний бие үзэхгүй байгаа болно.

2018 онд байгуулсан үр дүнгийн гэрээг дүгнэхэд миний ажлын үр дүн хамгийн өндөр 96,7 А үнэлгээ авсан.

Иймд хууль зөрчиж ажлаас чөлөөлсөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн Б/02 тоот тушаалыг хүчингүй болгон, намайг өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан үеийн цалинг гаргуулан эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл болон дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцон, нэхэмжлэлийн тодруулсан шаардлагаа бүрэн дэмжин гаргасан тайлбартаа: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн Б/02 тоот тушаалыг хүчингүй болгуулах, Д.Д.Уыг өмнө эрхэлж байсан ажил албан тушаал хүртэл Шинжлэх ухаан технологийн сангийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр шаардлагаа дэмжиж, нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлая.

1.Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг намайг гаргасан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй болох тухайд:

Хариуцагч нь тайлбартаа ШУТСангийн захирал Д.Д.У нь БСШУСЯ-ны Хяналт- шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дүгнэлтээр Байгууллагын санхүү, эд хөрөнгөтэй холбоотой ноцтой зөрчил гаргасан гэж үзэж 5 үндэслэлээр тайлбар ирүүлсэн нь нотлох баримтуудаар үгүйсгэгдэнэ.Үүнд:

Д.Д.У нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар Шинжлэх ухаан, технологийн сангийн захирлын ажилд томилогдсон, тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг Шинжлэх ухаан, технологийн сангийн үндсэн үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэж байсан. Ажил үүргээ гүйцэтгэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан сахилгын ноцтой зөрчил-ийг болон хөдөлмөрийн гэрээнд заасан гэрээг шууд цуцлах ноцтой зөрчлийг гаргаж байгаагүй, өмнө нь ямар нэгэн сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Хариуцагчаас БСШУСЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас тус байгууллагын холбогдох материалуудыг татан авч, шалгалт хийж байсан боловч тухайн шалгалттай холбоотой аливаа дүгнэлт тайлан гарсан эсэх талаар огт танилцуулж байгаагүйгээс гадна зохих тайлбар, шаардлагыг байгууллагад болоод Д.Д.Уд албан ёсоор нэг ч удаа ирүүлж, танилцуулаагүй, тус аудитын дүгнэлттэй холбогдуулан ямар нэгэн өр төлбөр, санхүүгийн зөрчлийн талаар ямар ч акт тавиагүй атлаа ажлаас чөлөөлөх үндэслэл болгосон нь хууль бус. Ажлаас чөлөөлсний дараа 2019 оны 03 дугаар сард сангийн Санхүү, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Отгонжаргалд танилцуулсан гэсэн.

Д.Д.У Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаатай 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Шинжлэх ухаан, технологийн сангийн захирлын үр дүнгийн гэрээ-г байгуулан ажиллаж, уг ажил албан тушаалыг хашиж байх үед байгууллагын санхүү, эд хөрөнгөтэй холбоотой ноцтой зөрчил гаргасан байсан бол үр дүнгийн гэрээний биелэлтийг тооцоход 96,4 оноо А үнэлгээгээр дүгнэх боломжгүй байсан. Сайдтай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг тооцоход маш хангалттай буюу А үнэлгээ өгсөн нь ажил үүргээ хангалттай биелүүлж байсныг нотлох хангалттай үндэслэл мөн. Гэтэл БСШУС-ын сайд 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/02 тоот тушаал гаргахдаа огт танилцуулаагүй аудитын дүгнэлтийг үндэслэж, санхүү, эд хөрөнгөтэй холбоотой ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлсөн атлаа уг өдрөөс хойш 1 өдрийн дараа 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/15 дугаар тушаалаар Д.Д.Уын сайдтай байгуулсан 2018 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг тооцож 96,4 оноо буюу А үнэлгээ өгч, хуульд заасан журмын дагуу урамшуулал олгож шийдвэрлэсэн байгаа нь хууль зөрчсөн, үндэслэлгүй тушаалаар ажлаас чөлөөлсөн болохыг нотолно.

2.Удирдах ажилтны ёс зүйн зөрчил давтан гаргасан гэж ажлаас чөлөөлсөн үндэслэлийн тухайд :

Хариуцагч тайлбартаа Д.Д.Уыг ШУТ сангийн суурь судалгаа хариуцсан шинжээч Н.Д.Уын гаргасан гомдол, Хүний эрхийн үндэсний комиссын 2019 оны 2/10 тоот албан бичгээр тогтоогдож байгаа гэжээ. Д.Д.У ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүргээ бүрэн хэрэгжүүлэхийн тулд ажилтнуудад зохих шаардлага тавьж ажиллаж ирсэн, ямар нэг байдлаар шахалт, дарамт үзүүлж хэл амаар доромжилж ёс зүйгүй авирлаж байгаагүй. Суурь судалгаа хариуцсан шинжээч Н.Д.Уд Суурь судалгааны төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэх гэрээ-ний төслийг хянахдаа төслийн гүйцэтгэгч болох Б.Лхагвадоржийг БСШУСЯ-д ажилладаг төрийн захиргааны албан хаагч тул ашиг сонирхлын зөрчил үүссэн байж болзошгүй талаар сайтар нягталж шалгахыг төрийн албан хаагчийн хувьд үүргээ биелүүлэх үүднээс үүрэг өгсөн байхад байгууллагын ажлыг Б.Лхагвадоржид хувийн журмаар мэдээлсэн байсан тул хариуцлага алдсан энэ үйлдлийнх нь хувьд шаардлага тавихад эсэргүүцсэнээс үл ойлголцол бий болсон. Н.Д.У нь үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлж, ажлын цаг ашиглалт хангалтгүй байсан нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх цагийн бүртгэлийн хүснэгтээр нийт ажиллавал зохих 1064 цагаас 458,17 цаг ажиллаагүй буюу 152 цагийн чөлөө авсан, зарим үед ажил тасалдаг, ихэнхи тохиолдолд эрүүл мэндийн улмаас чөлөө авсан байдаг. Ажлын шаардлага тавьснаас Н.Д.Уын бие муудсан гэж үзэх ямар ч боломжгүй.

Ажилтан Б.Ганцэцэгийн тухайд түүний гаргасан гомдлыг БСШУС-ын сайдыг шалгаж шийдвэрлэхийг мэдэгдсэн Хүний эрхийн үндэсний комиссын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2/10 дугаар албан тоотыг үндэслэж чөлөөлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Өөрөөр хэлбэл гомдлын дагуу шалгаж шийдвэрлэ гэсэн албан бичгийг үндэслэж ажлаас чөлөөлж байгаа нь илт хууль бус. Хүний эрхийн үндэсний комисс хүний эрхийг зөрчсөн талаар ямар нэг дүгнэлт өгөөгүй ба өгсөн байсан ч ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй, тухайн гомдлыг сайдын зүгээс ч яамны зүгээс ч шалгаагүй, Д.Д.Уаас энэ талаар огт асуугаагүй мөртлөө үндэслэл болгон ажлаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй. Харин ч Д.Д.У ажилтнуудын ахуй амьдралд дэм болох талаар анхаарч ажиллаж хүн бүрт зохих дэмжлэг үзүүлж ажиллаж байсан.

3.Төрийн удирдах ажилтны манлайллыг баримтлан ажиллаагүй гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тухайд:

Д.Д.У ажил авснаас хойш байгууллагад үүссэн олон жилийн өр авлагыг барагдуулах, төсөвт ажлуудыг хийж гүйцэтгэх, төслийн тайлангуудыг бүгдийг хүлээн авч нэгтгэх, инновацийн төслийн үр дүнг нэмэгдүүлэх, оюуны өмчийг үнэлүүлэх, эрдэмтэд, шинийг санаачлагчдын бүтээсэн бүтээлийг практикт нэвтрүүлж үр шимийг хүртээх чиглэлээр олон ажлуудыг санаачлан богино хугацаанд хийж гүйцэтгэсэн. Тухайлбал: 2017 онд Суурь судалгааны сэдэвт ажил 84, ШУТ-ийн төсөл-41, Инновацийн төсөл -33, Цөм технологийн төсөл -2, Докторын дараахь грант -10, Сайдын нэрэмжит залуу судлаачдын грант -14, Гадаад орны холбогдох байгууллагатай хамтарсан төсөл-22 зэргийг шинээр эхлүүлж, холбогдох гүйцэтгэгч байгууллагуудтай гэрээ байгуулан санхүүжилт олгосноор эдгээр бүх төсөл амжилттай хэрэгжиж байна. Хамт олон Д.Д.Уын удирдлага дор олон ажлуудыг хамтдаа хийж хэрэгжүүлсэн нь шинжлэх ухааны байгууллага, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, эрдэмтэн доктор, судлаачдын сайшаалыг хүртсэн. Энэ нь Д.Д.Уыг төрийн удирдах ажилтны манлайллыг баримталж ажиллаж байсныг нотлох хангалттай баримт мөн гэж үзэж байна. Хариуцагч няцаах баримт гаргаж өгөөгүй.

Иймд Д.Д.Уыг ажлаас хууль бусаар чөлөөлсөн тул Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдын 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн Б/02 тоот тушаалыг хүчингүй болгож, Д.Д.Уыг Шинжлэх ухаан, технологийн сангийн захирлын ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцон, нэхэмжлэлийг үл зөвшөөрч нэхэмжлэлд ирүүлсэн хариу тайлбараа дэмжин гаргасан тайлбартаа:Шинжлэх ухаан, технологийн захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Д.Уыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн Б/02 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт Захиргааны Ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь заалт, БСШУСЯ-ны Хяналт- шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дүгнэлт, Монгол улсын Хүний эрхийн үндэсний комиссын 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2/10 дугаар албан бичгийг тус тус үндэслэн хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тухайд: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд болон Шинжлэх ухаан, технологийн сангийн захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Д.У нар нь 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №6-2 тоот Хөдөлмөрийн гэрээ-г байгуулсан бөгөөд уг гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.3 дахь заалтад Байгууллагын санхүү, эд хөрөнгөтэй холбоотой ноцтой зөрчил гаргасан нь эрх бүхий байгууллагын шалгалт, хууль хяналтын байгууллагын актаар нотлогдсон бол хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах хөдөлмөрийн зөрчил гэж үзэн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохоор талууд тохиролцсон байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр баталсан удирдамжийн дагуу Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас шинжлэх ухаан, технологийн сангийн үйл ажиллагаанд Төсвийн санхүүжилт, батлагдсан төслийн зарцуулагдсан байдал, үр дүн, анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, санхүүгийн тайлан тэнцлийн гаргалтын байдал, ажиллагсдын цалин хөлсний тооцоо, бодолт, төслийн зарцуулалт, гүйцэтгэл, эд хөрөнгийн бүртгэл, тооллого, тооцоо, бодолт, өр авлагын барагдуулалт, үүссэн өр авлагыг данс бүртгэлд тусгасан эсэх зэрэг үйл ажиллагаанд төлөвлөгөөт аудит хийсэн. Уг дотоод аудитын тайлан, дүгнэлтээр шинжлэн ухаан, технологийн сангийн үйл ажиллагаанд илэрсэн дараах санхүүгийн зөрчлүүд нь илэрсэн. Үүнд:

1.Гадаад болон дотоод томилолтын талаар: Гадаад болон дотоод томилолтоор явж байгаа ажилтан, албан хаагчдад олгосон томилолтын зардлын баримтын бүрдүүлэлтийг шалгахад томилолтоор ажиллуулах удирдамжтай явдаг боловч томилолтын зардлыг буруу төсөвлөсөн, томилолтоор ажилласан ажлын үр дүнгийн тайлан бичигдээгүй, томилолтоор ажилласан хоногийг тооцохдоо явсан, ирсэн зам хоногийг хасалт хийж тооцолгүйгээр томилолтын зардлыг олгодог, илүү дутуу тооцоог нягталж шалгадаггүй, баримтын бүрдүүлэлт хийгээгүй зэрэг шалтгаанаар 2017 онд кассаар 2,170.0 мянган төгрөгийг илүү олгосон зөрчил байна. Энэ нь албан томилолтын зардлыг бүртгэх, албан хаагчдад олгохдоо Засгийн газрын 1995 оны 218 дугаар тогтоолоор баталсан Төрийн албан хаагчдад нөхөн төлбөр олгох журам-ыг, Гадаад томилолтыг Сангийн сайдын 2011 оны 188 дугаар тушаалаар баталсан гадаад томилолтын зардлыг шинэчлэн батлах тухай тушаалын 3.13 дахь хэсэг, мөн дотоод албан томилолтыг Сангийн сайдын 2011 оны 132 дугаар тушаалаар баталсан Зардлын хэмжээг шинэчлэн тогтоох тухай тушаал, Хөдөлмөрийн гэрээний 2.2.18 дахь заалт Ажилтан дотоод, гадаад томилолтоор ажиллах тухайгаа томилолтын удирдамж, уригч талын албан баримтаар нотлон албан бичгээр ажил олгогчид ажлын 10-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэх ба томилолтоор ажилласан тайланг 5 хоногт багтаан холбогдох нэгжид .хүргүүлнэ гэснийг тус тус зөрчсөн байна. Дээрх дүрэм, журмыг зөрчсөнөөр 2,170.0 мянган төгрөгийг илүү олгож, байгууллагад хохирол учруулсан байна.

2.Мөнгөн кассын тайлан гаргалтын байдал болон анхан шатны бүртгэлийн хөтлөлтийн талаар: Сангийн яамны шалгалтын баримтад зөвхөн Төрийн банкны дипозит дансны харилцагчийн монгол хуулгыг хавсаргасан, мөнгөний орлого, зарлагын баримтууд мөнгө олгохыг хүссэн өргөдөл, мөнгийг банкинд тушаасан баримтууд зэрэг нь санхүүгийн баримтад байхгүй. Мөн 22 удаагийн зарлагын гадаад, дотоод албан томилолтын зардал, ажлын хөлс, олон улсын үзэсгэлэн, сургалт шатахуун, ажлын хувцас, бусад зардалд зарцуулсан боловч мөнгөний орлого зарлагын баримт хөтлөөгүй, мөнгө олгохыг хүссэн өргөдөлд зориулалтыг бичээгүй, цохолтгүйгээр мөнгийг олгосон, бэлэн мөнгөний гүйлгээний тайлан гаргадаггүй, кассын дэвтэр хөтөлдөггүй, 2017 оны эцэст 1,749.6 мянган төгрөгийн үлдэгдэлтэй зэрэг зөрчил илэрсэн. Энэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4 дэх заалт Хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар, эсхүл анхан шатны баримтаар баталгаажаагүй ажил, гүйлгээг бүртгэхгүй байх гэснийг, 13 дугаар зүйлийн 13.7 дахь хэсэгт Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно гэснийг, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг Нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага хүлээнэ гэснийг, Сангийн сайдын 2012 оны 276 дугаар тушаалаар баталсан Төсөвт байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журам-ыг 2.7 дахь хэсэг Мөнгөн кассын санхүүгийн баримт нь засваргүй, үнэн зөв хөтлөгдөж, баримтын бүрдлийг хангасан байх ба зарлагыг төлбөр гүйцэтгэх эрхийг олгосон албан ёсны шийдвэрт үндэслэгдсэн цохолт хийгдсэн байна гэснийг, мөн Санхүү, эдийн засгийн сайд, Үндэсний статистикийн газрын даргын 2002 оны 171/111 дугаар хамтарсан тушаалын хавсралтын 2.3 дахь хэсэгт Мөнгөний нярав орлого зарлагын баримтууд, мөнгө олгохыг хүссэн өргөдөл зэргийг үндэслэн баримт тус бүрээр өдөр бүр Бэлэн мөнгөний тайлан-г 2 хувь үйлдэн 1 хувийг нягтлан бодогчид тушааж, үлдэх хувийг өөртөө үлдээнэ гэснийг тус тус зөрчсөн байна.

3.Бараа материалын тайлан, орлого, зарлага, зарцуулалт, тооллого, тооцоо бодолтын талаар: 2017 онд жилийн эцсийн тооллого хийгдсэн гэх боловч тооллогын комиссын гишүүдийн гарын үсэг зурагдаагүй, тооцоо бодолт хийгдээгүй, бараа материалын тайлан гаргадаггүй, гарын үсгийн бүрдэлгүйгээр шаардах хуудсаар бараа материалын зарлага гаргадаг, бараа материалын орлого, зарлагын баримтыг шууд программаас гаргаж хэвлэж үддэг. Үндсэн хөрөнгийн дансанд тээврийн хэрэгслийн бүртгэлгүй байхад сар бүр 250,000 төгрөгийн шатахуун зарцуулсан. Үүнээс гадна 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр А81-03 Автомашин түрээслэх гэрээ хийж гэрээнд хаана ямар ажил гүйцэтгэхийг заагаагүй, М.Ариунчимэгтэй өдрийн 450,000 төгрөгөөр тооцож 6,750,000 төгрөг, мөн өдрийн А81-04 дугаар гэрээгээр Т.Бадмаатай 350,000 төгрөгөөр тооцож 5,250,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр А81-05 дугаар гэрээгээр Г.Отгонжаргалтай 350,000 төгрөгөөр тооцож 15 хоногт 5,250,000 төгрөг тус тус шилжүүлсэн, тооцоо нийлж тайлан гаргаагүй байсан. Энэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалт ..тасралтгүй гэснийг, 5.1.4 дэх заалт ...үнэн зөв байх гэснийг, 13 дугаар зүйлийн 13.7 дахь хэсэг Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно гэснийг, 20 дугаар зүйлийн 20.2.6 дахь заалт эд хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, зохион байгуулах, удирдах гэж заасныг тус тус зөрчсөн байна. Энэхүү зөрчлийг гаргаснаар байгууллагын бүртгэлд байгаа хөрөнгийн тооллогод нягтлан бодох бүртгэлээр тавих дотоодын хяналтыг сулруулж, санхүүгийн тайлангийн батламж мэдэгдэл зөрчигдөх нөхцлийг бүрдүүлсэн байсан.

4.Жижиг мөнгөн сангийн орлого, зарлага, зарцуулалтын талаар:Тээвэр шатахуун, хэвлэл мэдээллийн зардал, гадаад, дотоод томилолт, бэлэг, цайны зардал, сургалтын зардлуудын бэлэн мөнгөөр 1 удаагийн гүйлгээг хэмжээ хэтрүүлэн хийсэн нь Мөнгөн кассын үйл ажиллагааны журмын 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт Төсвийн байгууллага нь бага хэмжээний үнийн дүнтэй бараа, ажил үйлчилгээний болон банкны харилцах дансгүй этгээдийн төлбөрийг бэлэн мөнгөөр гүйцэтгэх ба бараа, ажил, үйлчилгээний төлбөрийн нийт дүн нь 300,000 төгрөг, тээвэр шатахууны хэмжээ 500,000 төгрөгөөс хэтрэхгүй байна гэснийг зөрчсөн байсан. Мөн жижиг мөнгөн сангийн тайланг гаргадаггүй, томилолт болон шатахууны зарцуулалтын тооцоо хийдэггүй, бэлэн мөнгийг дур мэдэн зарцуулсан зэрэг нягтлан бодох бүртгэлээр тавих хяналтыг сулруулсан зөрчлийг гаргасан байна.

5.Гадаад, дотоод төсөл хөтөлбөр, хандив тусламж. Зарим төсөлд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулж санхүүжилт хийсэн ч явцын хяналт тавих болон үр дүнг тооцдоггүйгээс 204,4 сая төгрөгийн санхүүжилтийн гүйцэтгэлийн тайлан өгөөгүй, удирдагч олдохгүй байгаа зөрчил үүссэн байна. Энэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасан Нягтлан бодох тухай бүртгэлийг удирдан зохион байгуулах үүргийг аж ахуйн нэгж байгууллагын гүйцэтгэх удирдлага хүлээнэ гэснийг зөрчсөн байна.

Д.Д.У нь байгууллагын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүргээ хангалтгүй гүйцэтгэж анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг зохих журмын дагуу хөтлөөгүй, анхан шатны баримтын бүрдүүлэлт дутуу, хангалтгүй, хуулийн хүчин төгөлдөр бус баримтаар ажил гүйлгээ хийсэн, Төсөвт байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журам-ыг зөрчин дотоод томилолтын хоногийн мөнгөн дүнг буруу төсөвлөж илүү олгосон, автомашин түрээслэх гэрээ хийж мөнгө олгоод буцааж тооцоо хийгээгүй, төслийн мөнгөний зарцуулалтын тайлан аваагүй зэрэг нийт 225,638,6 мянган төгрөгийн зөрчлийг гаргасан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан Нягтлан бодох бүртгэлийн байгууллагын санхүүд ноцтой зөрчлүүд бий болсон, Хөдөлмөрийн дотоод журмын 2.2.2 дахь заалт... эрхэлсэн ажил, албан тушаалтан холбогдох хууль, тогтоомж, эрх зүйн актуудыг сайтар судлан чанд дагаж мөрдөх гэснийг, 2.2.5 дахь заалт Байгууллагын өмч, санхүү, хүний нөөц, сургалтын үйл ажиллагааны зохион байгуулалтыг хангаж ажиллах, тайлагнах гэснийг тус тус зөрчигдсөн гэж үзсэн.

б.сны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас төсвийн ерөнхийлөн захирагчийн баталсан удирдамжийн дагуу Шинжлэх ухаан, технологийн сангийн үйл ажиллагаанд хийсэн төлөвлөгөөт дотоод аудит нь Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйл болон Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор баталсан дотоод аудитын дүрмийн дагуу зохион байгуулсан үйл ажиллагаа болно.

Д.Д.Утай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.5 дахь заалтад Удирдах ажилтны ёс зүйн зөрчил давтан /2 удаа/ гаргасан нь баримтаар нотлогдсон бол хөдөлмөрийн гэрээг шууд цуцалж ажлын байрны тодорхойлолтын В ХАРИУЦЛАГА хэсэг болон холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл болно гэсний дагуу гаргасан зөрчлийнх нь тухайд:

1. Шинжлэх ухаан, технологийн сангийн суурь судалгаа хариуцсан шинжээч Н.Д.У нь 2018 оны 07 сард Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаад хандан гаргасан өргөдөлдөө Миний бие Н. Д.У нь Шинжлэх ухаан, технологийн санд суурь судалгаа хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхад захирал Д.Д.У нь ажлын байранд элдвээр харааж дайрч давшилсан. Энэ үед миний бие жирэмсний 5 сартай байсан ба захирлын дээрх үйлдлээс болж гэнэтийн цочролд орж нүүр ам мурийж, хэлж ярьж чадахаа больж, хоёр гар хүзүү татаж, ухаан балартсан нөхцөл байдал үүсэхэд яасан бааштай хүүхэн бэ, өргөдлөө өгөөд зайлаарай гэх мэтээр дарамтлан доромжилж байсан. Тэр үед хэлтсийн дарга Б.Ганцэцэг түргэн тусламж дуудан Нэгдүгээр төрөхөд хүргэгдэн эмнэлгийн тусламж авсан. Тухайн үед энэ цочролд орсон байдлаасаа болж хүүхдийнхээ эрүүл мэндийн байдалд маш ихээр санаа зовж, сэтгэлийн дарамтад орж байсан. Ер нь Д.Д.У захирал нь ажлын хурал дээр надад хандан элдэв асуудлаа /доодох боов боорцогны асуудлаа/ шийдэж чадахгүй жирэмсэн болсон гэж, мөн хамт олны дунд наад гэдсэнд чинь юм байгаа юм уу, гараагүй юм уу гэх мэтээр удирдах ажилтны хувьд байж боломгүй ёс зүйн доголдол, харилцаа хандлагын зөрчил гаргаж ирсэнд миний хувьд маш их гомдолтой явдаг. Энэхүү асуудлыг шалган шийдвэрлэж өгнө үү гэжээ. Уг өргөдлийг б.сны...шинжлэх ухаан, хүний нөөцийн бүрэлдэхүүн, хөдөлгөөн хариуцсан мэргэжилтэн Б.Амарбаясгалан шалган шийдвэрлэж холбогдох талуудтай /өргөдөл гаргагч Н.Д.У болон ШУТСангийн захирал Д.Д.У нартай/ утсаар холбогдож захирал Д.Д.Уд төрийн албаны ёс зүй, удирдах ажилтны манлайллыг хэрэгжүүлж ажиллахыг утсаар сануулж, хариуг хүргүүлсэн байна. Энэ нь б.сны өргөдөл гомдлын бүртгэлийн хуудас, шийдвэрлэсэн байдлын бүртгэл, өргөдөл гаргагчийн өргөдөл болон тухайн байгууллагын ажилчдын тайлбар, мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад эрхтэй гэснийг, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7 дахь заалт, Төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.3 дахь заалт хүний нэр төр, алдар хүнд,эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэнэ гэснийг Хөдөлмөрийн гэрээний 2.2.12 дахь заалт Удирдах ажилтны ёс зүйн дүрмийг мөрдөн ажиллах гэснийг, 2.2.13 дахь заалт Хамт олныг удирдан манлайлж, байгууллагын албан хаагчдын харилцаа, дотоод уур амьсгалыг хэвийн байлгах, дэг журмыг хангах гэснийг тус тус зөрчсөн байна.

2.Шинжлэх ухаан, технологийн сангийн хэлтсийн дарга Б.Ганцэцэг Боловсрол,соёл, шинжлэх ухааны сайдад хандан гаргасан өргөдөлдөө Миний бие нь 2011 оноос хойш Шинжлэх ухаан, технологийн сангийн хэлтсийн даргаар ажиллаж байна. Ажиллаж байх хугацаанд уг байгууллагад Төрийн албаны тухай хууль, Шинжлэх ухаан, технологийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журам, Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилт үндсэндээ алдагдаж байгууллагын нэр хүнд, эрх ашиг хөндөгдөж буй тул энэхүү өргөдлийг бичиж байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны А/35 дугаар тушаалаар 23 хүний орон тоотойгоор Шинжлэх ухаан, технологийн сангийн бүтэц, орон тоог баталсан байдаг. Гэтэл Д.Д.У нь тус байгууллагын нэр бүхий 12 хүнийг ажлаас халж чөлөөлж байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахаас гадна манай байгууллагын орон тоонд байхгүй А.Мандахзул гэж хүнд тушаал гарган 2017,2018 онд цалинжуулсан. Энэ хүнийг манай байгууллагын хамт олон танихгүй..гэжээ.Энэхүү өргөдлийн дагуу шалгаж үзэхэд тус байгууллагын бүтэц орон тоонд батлагдаагүй А.Мандахзул гэж хүнд 2017 онд 559378 төгрөг, 2018 онд 4 240 552 төгрөгийн цалинг олгосон нь холбогдох цалингийн баримтаар нотлогдож байна.

Мөн санхүү, төлөвлөлтийн хэлтэст нэр бүхий 12 хүнийг 1-6 сарын хугацаатайгаар томилж чөлөөлсөн нь Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 5.1.5 дахь заалтад заасан санхүү төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх,, хариуцлагатай байх зарчмууд энэ байгууллагад алдагдсан байна. Энэ нь нэр бүхий 12 ажилтны ажлаас чөлөөлсөн тушаалаар нотлогдож байна.

б.снаас Д.Д.Утай Захиргааны Ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийн дагуу сонсох ажиллагааг хийсэн боловч Сонсох ажиллагааны тэмдэглэл-д гарын үсэг зураагүй байна. Сонсох ажиллагааны тэмдэглэлийг Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үүрэг гүйцэтгэгч С.Мөнхөөлэй, мэргэжилтэн Б.Амарбаясгалан нар үйлдсэн. Иймд нэхэмжлэгч Д.Д.У нь Шинжлэх ухаан, технологийн сангийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллах хугацаандаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтад заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан зөрчил гаргасан болох нь дотоодын хяналт шалгалтаар тогтоогдож санхүүгийн болон бусад төрлийн нотлох баримтаар хангалттай нотлогдож байх тул нэхэмжлэгч Д.Д.Уын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлээ дэмжин гаргасан тайлбартаа:Д.Д.У нь 2016 оны 11 сарын 18-ны өдрөөс 2019 оны 1 сарын 14-ий өдрийг хүртэл Шинжлэх ухаан, технологийн сангийн захирлаар томилогдон ажилласан.

Д.Д.У нь удаа дараа хууль бус шийдвэр гарган улсад хохирол учруулсан.

1. Засгийн газрын эрх хэмжээнд халдаж төсвийн зардлыг үр ашиггүйгээр зарцуулж, үргүй зардал гаргаж 7 598 525 төгрөгийн хохирол учруулсан.

Д.Д.У нь Шинжлэх ухаан, технологийн сангийн захирлаар ажиллаж байхдаа өөрийн эрх мэдлийг хэтрүүлэн салбарын сайдын эрх хэмжээнд халдаж Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаас давсан, холбогдох хууль тогтоомжид нийцэхгүй шийдвэр гарган хэрэгжүүлж, Шинжлэх ухаан, технологийн сангийн 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 58 тоот тушаалаар орон тооны бус зөвлөл-ийг байгуулан, 2017 оны 7 дугаар сараас 12 дугаар сарын хооронд нийт 7 598 525 төгрөгийн цалинг ямар үүрэг гүйцэтгэсэн нь тодорхойгүй хийж хэрэгжүүлсэн ажлын гүйцэтгэл тодорхойлолт, тайлангүйгээр төсвөөс олгож үргүй зардал гаргасан. Дээрх зөрчлийг Сангийн яамны Эрсдлийн удирдлагын газраас 2019 оны 4 дүгээр сард Шинжлэх ухаан, технологийн сангийн санхүү аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн шалгалт -аар тогтоогдсон.

2.Техникчийн орон тоонд давхардуулан томилж, огт ажиллаж байгаагүй этгээдэд 3 816 300 төгрөгийн цалинг төсвөөс олгож, үргүй зардал гаргасан. Сангийн яамны Эрсдлийн удирдлагын газраас 2019 оны 4 дүгээр сард Шинжлэх ухаан, технологийн сангийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар техникчийн орон тоонд Н.Сайнбилэгийг ажиллаж байх хугацаанд М.Батболд, А.Мандахзул нарыг давхардуулан томилж хөдөлмөрийн гэрээ байгуулалгүй, огт ажиллаж байгаагүй нь тогтоогдсон бөгөөд 3 816 300 төгрөгийн цалин олгосон болох нь шалгалтаар тогтоогдсон. Дээрх үндэслэлүүдээр Д.Д.У нь Засгийн газрын тухай хууль болон сайдын эрх хэмжээнд халдах замаар хууль бус тушаал, шийдвэр гаргаж, улсыг нийт 11 414 825 төгрөгийн хохирол учруулсан тул Д.Д.Уаас хохирол 11 414 825 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч нь нэхэмжлэгчийг өөрийн эрх мэдлийг хэтрүүлэн Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасныг зөрчиж, Сайдын эрх хэмжээнд халдан Орон тооны бус зөвлөл байгуулж 2017 оны 07 дугаар сараас 12 дугаар сарын хооронд 7,598,525 төгрөгийн цалинг ямар үүрэг гүйцэтгэсэн нь тодорхойгүй, хийж хэрэгжүүлсэн ажлын гүйцэтгэл, тодорхойлолт, тайлангүйгээр төсвөөс олгож үргүй зардал гаргасан гэжээ.

Нэхэмжлэгч Д.Д.У нь төсвийн шууд захирагчийн хувьд Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.9-д Төсвийн шууд захирагч нь дээд шатны төсвийн захирагчийн зөвшөөрснөөр үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор байгууллагын дотоод зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсвийн хүрээнд шинэчлэн тогтоох бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, Шинжлэх ухаан, технологийн сангийн Хөдөлмөрийн дотоод журам-ын 11.1.2-т Гүйцэтгэх ажил үүргийн ачаалал болон өндөр ур чадварыг нь ашиглах зорилгоор иргэнийг гэрээт ажилтнаар ажиллуулж болно.гэж заасныг үндэслэн батлагдсан төсвийг хэтрүүлэлгүйгээр Орон тооны бус зөвлөл-ийн гишүүдийг гэрээт ажилтнаар томилсон байдаг.

Эдгээр гэрээт ажилтнууд нь 2017 оны 07 дугаар сараас 2017 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд Төсвийн ерөнхийлөн захирагчийн баталсан 2017 оны Шинжлэх ухаан, технологийн сангийн үндсэн үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө-ний 1.2-т заасан Хамтын ажиллагааг уялдуулах, өргөжүүлэх, сайжруулах үйлчилгээ-ний хүрээнд хийхээр төлөвлөсөн ажил үйлчилгээнүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажилласан ба энэ нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2-т Төсвийн шууд захирагч нь батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж заасантай нийцсэн гэж үзэж байна.

Гэрээт ажилтнаар дараах доктор, профессорууд ажиллаж 2017 оны төлөвлөгөөний 1.2-т заасан гадаадын сангуудтай холбоо тогтоох, хамтарсан төсөл хэрэгжүүлэх гадаадын шинэ түнштэй болох, гадаадтай хамтарсан төсөл хэрэгжүүлэх ажлыг амжилттай гүйцэтгэхэд зөвлөж ажилласнаас гадна зэхэц ажлын өрийг барагдуулахад бодитой хувь нэмрээ оруулан хамтарч ажилласны дүнд Шинжлэх ухаан, технологийн сангийн үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлж, эдгээр ажлууд 100 хувийн гүйцэтгэлтэйгээр үнэлэгдсэн.

Базарын Амарсайхан /Анагаах ухааны доктор, профессор/

Санжаагийн Будням /МУИС-ийн Математикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Шинжлэх ухааны доктор, профессор/

Батжавын Батбуян /Байгалийн ухааны доктор/

Ганпүрэвийн Дугаржав /Төрийн удирдлагын доктор/

Дэндэвийн Пүрэвдаавуу /Хууль зүйн ухааны доктор/

Түүнчлэн Үндэсний Аудитын газраас Шинжлэх ухаан, технологийн сангийн 2017 оны жилийн эцсийн санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж, 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 06/816 тоот дүгнэлтийг гаргасан ба Шинжлэх ухаан технологийн сангийн 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, цэвэр хөрөнгө/өмчийн өөрчлөлт, мөнгөн гүйлгээ болон төсвийн гүйцэтгэлийн тайланг материаллаг зүйлсийн хувьд Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, УСНББОУС-д нийцүүлж, Сангийн сайдын баталсан бодлого, журам, зааврын дагуу үнэн, бодитой, шударга илэрхийлсэн гэж дүгнэсэн.

Аудитын явцад хэд хэдэн чиглэлээр алдаа, зөрчилтэй асуудлыг дүгнэсэн байдаг ба бүтэц, зохион байгуулалт, цалин хөлс олголтын талаар хийсэн аудитын дүнд Менежментийн захидлаар зөвхөн ШУТС-ийн хүрээлэнгүүдийн удирдлага, зохион байгуулалтын бүтцийн тухайд зөвлөмж өгснөөс бус ШУТС-ийн бүтэц, зохион байгуулалт, түүнчлэн Орон тооны бус зөвлөлийн гишүүд буюу гэрээт ажилтнуудад урамшуулал олгосон үйлдэл нь хуульд нийцээгүй гэх дүгнэлтийг огт хийгээгүй байдгийг шүүхээс анхаарч үзэхийг хүсье.

Хоёр. Техникчийн орон тоонд давхардуулан томилж, огт ажиллаж байгаагүй этгээдэд 3,816,300 төгрөгийн цалинг төсвөөс олгож, үргүй зардал гаргаж хохирол учруулсан гэх тухайд:

Хариуцагч нь Сангийн яамны Эрсдлийн удирдлагын газраас 2019 оны 04 дүгээр сард хийгдсэн Шинжлэх ухаан технологийн сангийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн шалгалт-ын тэмдэглэлийг үндэслэн нэхэмжлэгчийг Н.Сайнбилэгийг ажиллаж байх хугацаанд М.Батболд, А.Мандахзул нарыг техникчийн орон тоонд давхардуулан томилсон, хөдөлмөрийн гэрээ байгуулалгүй, огт ажиллаж байгаагүй нь тогтоогдсон гээд 3,816,300 төгрөгийн цалин олгосныг нэхэмжлэгчээс гаргуулахаар шаардаж буй нь хууль зүйн үндэслэлгүй.

Нэхэмжлэгч Д.Д.У нь тухайн үед ажиллаж байсан Санхүү, төлөвлөлтийн хэлтсийн даргын танилцуулснаар А.Мандахзулыг Захиргаа, хяналт шинжилгээний хэлтэст техникчээр томилсон ШУТС-ийн Захирлын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 81 дүгээр тушаалд гарын үсэг зурсан юм. Учир нь Санхүү, төлөвлөлтийн хэлтэс нь өөрсдийн хэлтсийн чиг үүргийнхээ хүрээнд байгууллагын өр, авлага буюу 2002 оноос хойш үүссэн зэхэц ажлын өр, авлагыг барагдуулах, бууруулах ажлыг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж, улмаар хууль эрх зүйн мэдлэг, боловсролгүй учир авлага барагдуулах ажлыг мэргэжлийн хүнээр гүйцэтгүүлэх үүднээс 2017 оны 12 дугаар сард А.Мандахзулыг өр авлага барагдуулах ажилд томилон ажиллуулахаар шийдвэрлэсэн. Санхүү, төлөвлөлтийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Отгонжаргал нь А.Мандахзулыг техникчээр ажиллуулахын зэрэгцээ өр авлагаа бууруулах боломжтой болохыг нэхэмжлэгчид тайлбарлан танилцуулсны дагуу Төсвийн ерөнхийлөн захирагчийн баталсан Шинжлэх ухаан, технологийн сангийн 2018 оны жилийн төлөвлөгөө-ний 2.4-т заасан ажлыг гүйцэтгүүлэх учир Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т Батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох, 16.5.9-д заасныг тус тус үндэслэн батлагдсан төсөв, цалингийн санг хэтрүүлэлгүйгээр уг ажлыг гүйцэтгүүлэхийг Санхүү, төлөвлөлтийн хэлтсийн даргад сануулж, 81 дүгээр тушаалд гарын үсэг зурсан нь Б.Отгонжаргалын тайлбар, тодорхойлолтоор тогтоогдоно. Ийнхүү А.Мандахзул нь хэдийгээр техникчийн албан тушаалд томилогдсон боловч байгууллагад үүсээд байсан зэхэц ажлын өр, авлагыг бууруулж нийт 60,3 сая төгрөгийн авлагыг бууруулахад Шинжлэх, ухаан технологийн сантай хамтран ажилласан байдаг ба нэхэмжлэгчийн хувьд огт байхгүй, ажил үүрэг гүйцэтгээгүй этгээдийг ажилд томилж, цалин хөлсийг нь авч хувьдаа завшаагүй, А.Мандахзулын өөрийнх нь харилцах дансаар цалин хөлс нь олгогдсон болно.Эцэст нь нэхэмжлэгч Д.Д.У нь Шинжлэх ухаан, технологийн сангийн Захирлаар ажиллах хугацаандаа Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн, Төсвийн ерөнхийлөн захирагчид мэдэгдэж, түүний зөвшөөрлөөр аливаа арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж, байгууллагын үйл ажиллагааны үр дүн, гадаад, дотоод хамтын ажиллагаа, ашигт ажиллагааг нэмэгдүүлж ажилласнаас бус байгууллагад санхүүгийн хохирол учруулах, өмч хөрөнгийг хувьдаа завшиж ашиг хонжоо олох үйлдлийг огт гаргаж байгаагүй.Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчийг төсвийн хөрөнгөөс үргүй зардал гаргаж, байгууллагад гэм хорын хохирол учруулсан гэж нийт 11,414,825 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байх ба энэ тохиолдолд гэм хор учруулагчийн хууль зөрчсөн үйлдэл, түүнээс учирсан гэм хор нь шалтгаант холбоотой байх учиртайгаас гадна гэм хор учруулсан этгээдийн гэм буруу тогтоогдсон байх шаардлагатай.Гэтэл Үндэсний аудитын газрын 2017, 2018 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлан, дүгнэлт болон нэхэмжлэгчийг ажлаас халах үндэслэл болсон Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Дотоод аудитын ажлын тайлан-гаар сөрөг нэхэмжлэлд дурдсан зөрчлүүд тогтоогдоогүй, Д.Д.Уыг хууль тогтоомж зөрчиж байгууллагад хохирол учруулсан, уг хохирлыг нэхэмжлэгч Д.Д.Уаар төлүүлэхээр акт тогтоосон үйл баримт огт байхгүй болохыг шүүхээс анхаарна уу гэв.

 

Шүүх талуудын мэтгэлцээнээр хэрэгт цугларсан бичмэл баримтын хуулийн шаардлага хангасан баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ НЬ :

 

Нэхэмжлэгч Д.Д.У хариуцагч б.санд холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/02 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгчийн хамт нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин, хариуцагч талын гаргасан сөрөг шаардлага үндэслэлгүй гэж марган оролцлоо.

Хариуцагчийг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцож, нэхэмжлэлийг үл зөвшөөрсөн тайлбараа дэмжин, нэхэмжлэгч Д.Д.Уыг Шинжлэх ухаан, технологийн сангийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллах хугацаандаа Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан үндэслэл бий болсон тул ажлаас чөлөөлсөн тушаал үндэстэй гэж маргаж, Д.Д.У хөдөлмөрийн гэрээгээр ажиллах явцдаа хууль бусаар хохирол учруулсан гэж 11 414 825 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гарган сөрөг шаардлагаа дэмжин тайлбар гаргаж маргасан.

Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөх тухай яамны сайдын тушаал гарснаас хойш нэхэмжлэлийг 2019 оны 1 сарын 21-ний өдөр тус шүүхэд гаргасан байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана.гэж заасан хугацааны дотор байх тул шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

Д.Д.У нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/12 тоот тушаалаар Шинжлэх ухаан, технологийн сангийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон, ажлаас чөлөөлсөн 2019 оны 1 сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд ажилласан талаар талууд маргаагүй.

Д.Д.У нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдтай 2018 оны 1 сарын 05-ны өдрөөс Шинжлэх ухаан, технологийн сангийн захирлын албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан,ТҮ-12-3 албан тушаалын зэрэглэл, үндсэн цалин 790516 төгрөг, үндсэн цалингаас эрдмийн зэргийн нэмэгдлийг 15 хувь, ур чадварын нэмэгдэл 10 хувиар тохиролцон ажилласан.

Талуудын хооронд бичгээр хийгдсэн хөдөлмөрийн гэрээ/хэргийн 2-р хавтас 86-91дэх тал/ нь, хөдөлмөрийн харилцаа үүсгэн талууд хүсэл зоригоо илэрхийлж, бичгээр үйлдэн эрхлэх ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг, хөдөлмөрийн нөхцлийг бүрэн тусган гэрээний агуулгаа харилцан тохиролцсон, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.-д заасан шаардлагыг хангасан, хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2.-т заасан талууд тохиролцон хугацаатай байгуулагдсан, гэрээний хугацаа 2018 оны 12 сарын 31-ий өдөр дууссан хэдий ч ажлын байран дээр үргэлжлүүлэн ажил албан тушаалаа эрхэлж, цалин хөлсөө олгож байсан нь мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно.гэж зааснаар гэрээний хугацааг талууд дахин нэг жилээр сунгагдсанд тооцох үндэстэй.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн Б/02 дугаар тушаал/хэргийн 1-р хавтас 4, 2-р хавтас 85дахь тал/-д Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4., Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь заалт, БСШУСЯ-ны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дүгнэлт, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2/10 дугаар албан бичгийг тус тус үндэслэн, үйл ажиллагаандаа төрийн удирдах ажилтны манлайлал, ёс зүйг чанд баримтлан ажиллаагүй тул Шинжлэх ухаан, технологийн сангийн захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Д.Уыг 2019 оны 1 сарын 14-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, ажил хүлээлцэх ажлын хэсгийг байгуулан 2019 оны 1 сарын 15-ны өдрийн дотор хүлээлцүүлэхээр заажээ.

Тушаалын хууль зүйн үндэслэлийг авч үзвэл; Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4.гэсэн нь энэ хуулинд ийм заалт байхгүй, 24 дүгээр зүйлийн 1дэх хэсгийн 4.хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын бүтэц, дүрмийг баталж, дарга /эрхлэгч, захирал/-ыг томилж, чөлөөлнөгэж заасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2.ажил олгогч санаачилсан, 40 дүгээр зүйлийн 40.1.4.ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасангэж заасан ба Д.Д.Утай байгуулсан 2018 оны 1 сарын 05-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.-т хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах зөрчлүүдийг заасан байх боловч тушаалд энэ хөдөлмөрийн гэрээгээр тохирсон зөрчлүүдээс алинд нь буруутгаж байгааг заагаагүй, хөдөлмөрийн гэрээг баримтлаагүй байна.

Талуудаас хуулийн шаардлага хангаж ирүүлсэн, хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.3 дахь заалтад Байгууллагын санхүү, эд хөрөнгөтэй холбоотой ноцтой зөрчил гаргасан нь эрх бүхий байгууллагын шалгалт, хууль хяналтын байгууллагын актаар нотлогдсон бол хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах хөдөлмөрийн зөрчил гэж үзэн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохоор тохиролцсоны дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас шинжлэх ухаан, технологийн сангийн үйл ажиллагаанд Төсвийн санхүүжилт, батлагдсан төслийн зарцуулагдсан байдал, үр дүн, анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, санхүүгийн тайлан тэнцлийн гаргалтын байдал, ажиллагсдын цалин хөлсний тооцоо, бодолт, төслийн зарцуулалт, гүйцэтгэл, эд хөрөнгийн бүртгэл, тооллого, тооцоо, бодолт, өр авлагын барагдуулалт, үүссэн өр авлагыг данс бүртгэлд тусгасан эсэх зэрэг үйл ажиллагаанд хийсэн төлөвлөгөөт аудитын тайлан, дүгнэлтээр шинжлэн ухаан, технологийн сангийн үйл ажиллагаанд илэрсэн санхүүгийн зөрчлүүдэд Д.Д.У буруутай гэсэн тайлбар нотлогдохгүй байна.

Энэ нь, 2019 оны 1 сарын 14-ний өдрөөр ажилтныг ажлаас халсан ажил олгогчийн шийдвэр гарч, хууль зүйн факт бий болсноос хойш Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр баталсан удирдамжийн дагуу Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас 2019 оны 5-р сарын 30-ны өдрөөс 10 хоногийн хугацаатай Шинжлэх ухаан, технологийн сангийн 2018-2019 оны зарим санхүүгийн үйл ажиллагаанд хийгдсэн 2019 оны 6 сарын 15-ны өдрийн дотоод аудитын тайлан /хэргийн 92-123дахь тал/ нь үндэслэл болох боломжгүй юм.

Сангийн яамны санхүүгийн хяналт, эрсдлийн удирдлагын газраас 2019 оны 4 сарын 29-ний өдөр эхэлж 2019 оны 5 сарын 28-ны өдөр дууссан, Шинжлэх ухаан, технологийн сангийн 2017, 2018 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын материал/хэргийн 3-р хавтас 90-107дахь тал/ мөн ажлаас халах ажил олгогчийн шийдвэрийн үндэслэл болохгүй, үйл баримт бий болсноос хойш үйлдэгдсэн байна.

Үндэсний аудитын газрын 2019 оны 3 сарын 25-ны өдрийн 06/604 тоот Шинжлэх ухаан, технологийн сангийн 2018 оны дуусвар болсон санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайлангийн аудит/хэргийн 2-р хавтас 246-250, 3-р хавтас 1-9дөх тал/ мөн цаг хугацааны хамаарахгүй.

Төрийн аудитын тухай хуульд зааснаар Аудитын тайлангийн дүгнэлт 1. Зөрчилгүй санал дүгнэлт, 2..Хязгаарлалттай санал дүгнэлт, 3. Дүгнэлт өгөхөөс татгалзах, 4.Сөрөг дүгнэлт гэсэн 4 төрөлтэй байна.

Үндэсний аудитын газрын 2018 оны 3 сарын 23-ны өдрийн 06/816 тоот Шинжлэх ухаан, технологийн сангийн 2017 оны дуусвар болсон санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайлангийн аудит хийхэд, аудитын гол асуудалд дурдсан алдаа, зөрчлийг эс тооцвол Шинжлэх ухаан, технологийн сангийн 2017 оны 12 дугаар сарын 31-ий өдрийн санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, цэвэр хөрөнгө/өмчийн өөрчлөлт, мөнгөн гүйлгээ болон төсвийн гүйцэтгэлийн тайланг материаллаг зүйлсийн хувьд хууль журам зааврын дагуу үнэн бодитой, шударга илэрхийлсэн тул хязгаарлалттай санал дүгнэлт гаргасан. 2018 оны 3 сарын 30-ны өдрийн зөрчил арилгуулах тухай албан шаардлагад, 2017 оны жилийн эцсийн байдлаар 412,913.7 мянган төгрөгийн авлага, өглөгийн тооцоог тооцоо нийлж, актаар баталгаажуулаагүй байх тул авлага өглөгийн тооцоог тооцоо нийлж, актаар баталгаажуулах авлагыг барагдуулах ажлыг зохион байгуулах, албан шаардлагын биелэлтийг гаргаж ирүүлэхийг захирал, санхүү төлөвлөлтийн хэлтсийн дарга нарт хариуцуулсан байгаа нь Шинжлэх ухаан, технологийн сангийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.Д.Уын хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.3 дахь заалтад Байгууллагын санхүү, эд хөрөнгөтэй холбоотой ноцтой зөрчил гаргасан нь эрх бүхий байгууллагын шалгалт, хууль хяналтын байгууллагын актаар нотлогдсон бол гэж үзэх хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах хөдөлмөрийн сахилгын зөрчил буюу сахилгын ноцтой зөрчилд хамааралгүй, тус байгууллага санхүүгийн үйл ажиллагааны аудитаар хязгаарлалттай санал дүгнэлт гарсан нь захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.Д.Уын үйлдсэн сахилгын зөрчил буюу гэм бурууг тогтоосон баримт болохгүй, нөгөө талаар энэ дүгнэлт тайланг нэхэмжлэгчид танилцуулсан баримтгүй байна.

Нэхэмжлэгч тайлантай танилцаагүй мэдээгүй гэсэн тайлбарыг хариуцагч тал мэдэгдсэн сонсох ажиллагаа хийгдсэн гэх боловч сонсох ажиллагааны тэмдэглэлээс үзэхэд цаг хугацааны хувьд ажлаас чөлөөлөх тушаал гарсны дараах огноо тавигдсан, уг сонсох ажиллагаанд нэхэмжлэгчийг оролцуулан хийгдсэн нь нотлогдохгүй байгаа нь Д.Д.Уд холбогдох сонсох ажиллагаа хийгдсэн гэх үндэсгүй байна.

Хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан нь хөдөлмөрийн харилцааны дагаж мөрдөхөөр тогтоосон хэм хэмжээг зөрчсөний төлөө сахилгын хариуцлага хүлээдэг. Харин сахилгын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь ажилтан сахилгын зөрчил гаргасан байх явдал юм.

Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтны гаргасан сахилгын зөрчил нь түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил, үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчих, мөн ёс зүйн алдаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдхүй байна.

Ноцтой зөрчил нь ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр эрх ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгосон, ажилтны өөрийнх нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байх бөгөөд хөдөлмөрийн гэрээний 2 тал тухайн ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан яг ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байх нь хууль зүйн агуулга болно. Ажилтан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, хариуцсан албан тушаалтны өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх нь түүний хууль болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үндсэн үүрэгт хамаарах бөгөөд гагцхүү уг үүргийг хэрхэн биелүүлээгүй буруутай үйлдэл, эс үйлдэл гаргасны улмаас ямар үр дагавар, хор уршиг үүссэн тохиолдолд ажил олгогч дангаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болох талаар талууд гэрээгээр тухайлан нэрлэн тохиролцсон байхыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т зохицуулсан.

Хүний эрхийн үндэсний комиссын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2/10 дугаар албан бичиг ажилтны гэм бурууг тогтоох үндэлэл болохгүй ба албан бичгийн агуулга ажилтан Б.Ганцэцэгийн гомдлыг шалгаж үзэхийг хүссэн утга бүхий байхад шалган тогтоосон баримтгүй байна.

Иймд Шинжлэх ухаан, технологийн сангийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.Д.Уыг хөдөлмөрийн хууль болон 2 талын харилцан тохиролцсон хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл бий болсноос шалтгаалан ажлаас чөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй, үйл ажиллагаандаа төрийн удирдах ажилтны манлайлал, ёс зүйг чанд баримтлан ажиллаагүй гэж зааж ажлаас чөлөөлсөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/02 тоот тушаалын үндэслэл тогтоогдохгүй, хөдөлмөрийн гэрээг цуцлах хуулийн зохицуулалт баримтлаагүй хууль бус байна.

Д.Д.У Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдтай 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээг байгуулсан, Д.Д.Уыг үүрэгт ажлаас нь чөлөөлсний дараа маргааш нь энэхүү үр дүнгийн гэрээг дүгнэсэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/15 дугаар тушаалаар Д.Д.Уын ажлыг гэрээний жилийн ажлыг дүгнэж, 96,4 буюу А буюу маш хангалттай гэсэн үнэлгээ/1-р хавтас 44-48дахь тал/ өгсөн нь нэхэмжлэгч Д.Д.Уыг санхүү, эд хөрөнгөтэй холбоотой ноцтой зөрчил гаргасан, удирдах ажилтны манлайлал, ёс зүйг чанд баримтлан ажиллаагүй гэж үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үндэслэлээ ажил олгогч өөрөө үгүйсгэн маш хангалттай гэж дүгнэсэн байна.

Хариуцагч талын тайлбарт дурьдаж буй нэхэмжлэгч Д.Д.Уыг ёс зүйн зөрчил давтан гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, шалган тогтоосон баримтгүй байна. Хамт ажиллаж байсан иргэдээс гомдол гарсан гэх боловч Д.Д.Уд холбогдуулан гаргасан ажилтнуудын гомдлын талаар шалган тогтоосон үйл баримт байхгүй байна. Хариуцагч талаас иргэдийн гомдлыг бүртгэсэн баримт гэж ирүүлсэн бичвэрт сайдад гэсэн цохолт бүртгэлийг 2018 оны 7 сарын 8 ням гаригт 19 цаг 50 минутад хүлээн авч бүртгэсэн байгаа нь ойлгомжгүй байх ба хариуцагч тал мэтгэлцээний үндэслэл болгож ирүүлсэн /1-р хавтас 178-186дахь талд авагдсан баримтууд тус яамны хуулийн хэлтэс хуулбар үнэн тэмдэг дарагдсан нь бичмэл баримтын хуулийн шаардлага хангахгүй, үнэлэх боломжгүй болно.

Эндээс дүгнэхэд, Д.Д.Уыгг эрхэлж байсан ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн ажил олгогчийн тушаал нь хуульд нийцээгүй, үндэслэлгүй гэж үзэх үндэстэй.

Хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэл үндсэн нэхэмжлэлтэй тооцогдохгүй, сөрөг шаардлагын үндэслэл тогтоогдохгүй байх тул тул хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Сөрөг нэхэмжлэлээр Д.Д.Уыг удаа дараа хууль бус шийдвэр гарган улсад төсвийн зардлыг үр ашиггүйгээр зарцуулж, үргүй зардал гаргаж 7 598 525 төгрөгийн хохирол учруулсан,техникчийн орон тоонд давхардуулан томилж, огт ажиллаж байгаагүй этгээдэд 3 816 300 төгрөгийн цалинг төсвөөс олгож, үргүй зардал гаргасан гэж бүгд 11 414 825 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч Шинжлэх ухаан, технологийн сангийн захирлын үүрэг үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 58 тоот тушаалаар Б.Амарсайхан /Анагаах ухааны доктор, профессор/,С.Будням/МУИС-ийн Математикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Шинжлэх ухааны доктор, профессор/, Б.Батбуян /Байгалийн ухааны доктор/,Г.Дугаржав /Төрийн удирдлагын доктор/, Д.Пүрэвдаавуу /Хууль зүйн ухааны доктор/ нарыг оролцуулан, орон тооны бус зөвлөл-ийг байгуулан ажил үүрэг гүйцэтгүүлж, 2017 оны 7 дугаар сараас 12 дугаар сарын хооронд цалин хөлсөнд нийт 7 598 525 төгрөгийг олгосон болох нь Сангийн яамны Эрсдлийн удирдлагын газраас 2019 оны 4 дүгээр сард Шинжлэх ухаан, технологийн сангийн санхүү аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын тэмдэглэлд дурьдсан, мөн талуудын тайлбараар нотлогдоно. Мөн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 81 дүгээр тушаалаар техникчийн орон тоонд А.Мандахзулыг томилж ажиллуулан цалин хөлс олгогдсон/2-р хавтас 26-28дахь тал/, уг ажилтан 60,3 сая төгрөгийн өр, авлагыг бууруулж ажилласан талаар нэхэмжлэгч талын тайлбарт хариуцагч тал маргаагүй.

Үндэсний Аудитын газраас Шинжлэх ухаан, технологийн сангийн 2017 оны жилийн эцсийн санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж,гаргасан 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 06/816 тоот дүгнэлтдээ Шинжлэх ухаан технологийн сангийн 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, цэвэр хөрөнгө/өмчийн өөрчлөлт, мөнгөн гүйлгээ болон төсвийн гүйцэтгэлийн тайланг материаллаг зүйлсийн хувьд Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, УСНББОУС-д нийцүүлж, Сангийн сайдын баталсан бодлого, журам, зааврын дагуу үнэн, бодитой, шударга илэрхийлсэн гэжээ.

Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2.Төсвийн шууд захирагч нь батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 16.5.9-д Төсвийн шууд захирагч нь дээд шатны төсвийн захирагчийн зөвшөөрснөөр үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор байгууллагын дотоод зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсвийн хүрээнд шинэчлэн тогтоох бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, Шинжлэх ухаан, технологийн сангийн Хөдөлмөрийн дотоод журам-ын 11.1.2-т Гүйцэтгэх ажил үүргийн ачаалал болон өндөр ур чадварыг нь ашиглах зорилгоор иргэнийг гэрээт ажилтнаар ажиллуулж болно.гэж тус тус заасны дагуу байгууллагын үйл ажиллагааны шаардлагаар холбогдох этгээдүүдийг ажилд томилон ажил үүрэг гүйцэтгүүлсэн, ажилтнууд ажил үүргээ гүйцэтгэн цалин хөлсөө гардан авсан, мөн төсөв хэтрүүлсэн байдал тогтоогдоогүй болох нь санхүүгийн шалгалтуудаар тогтоогдсон, мөн дотоод аудитаар авлагатай гарсныг дүгнэсэн байдлууд нь Шинжлэх ухаан, технологийн сангийн захирлын үүрэг үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Д.Д.У нь хохирол учруулсан үйлдэл хийсэн гэж үзэх үндэсгүй байна.

Ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлгүй хэдий ч ажилтанд гардуулагдан, ажлаас чөлөөлсөн үйл баримт бий болгосон, ажилд эгүүлэн тогтоох үндэслэлийг бий болгож буй хууль зүйн факт болж байгаа бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр цаашид үр дагавар үүсгэхгүй учир шүүх тушаалыг заавал хүчингүй болгох шаардлагагүй.

Иймд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/02 тоот тушаал хуульд нийцээгүй, үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох Д.Д.Уыг б.сны Шинжлэх ухаан технологийн сангийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч талаас ажилгүй байсан хугацааны олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д зааснаар шаардах эрх үүссэн.

Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэнээр ажилтанд олгогдсон сүүлийн 3 сарын цалинг дундажлан 2019 оны 1 сард 1 381 175 төгрөг, 2018 оны 12 сард 1 274 625 төгрөг, 2018 оны 11 сард 1 088 145, дундаж нь 1 247 982 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс 2019 оны 11-р сарын 01-ний өдөр хүртэл ажилгүй байсан 9 сар 12 хоногийн хугацааны цалинтай тэнцэх олговорт /дундаж цалин 1247982:22=56726нэг өдрийн х 12 хоног=680717+9х1247982=/11 912 555 төгрөгийг олговорт тооцон хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.-т Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй.гэж зааснаар олговорт олгогдох 11 912 555 төгрөгөөс шимтгэл хураамжийг холбогдох байгууллагад нь төлж, нэхэмжлэгчийн дэвтэрт 2019 оны 1 дүгээ сарын 16-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны сар тутмын нөхөн бичилтийг хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг, хариуцагчаас хариуцан төлөх улсын тэмдэгтийн хураамжид 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөг дээр олговорт олгогдох дүнгээс 205 551 төгрөг бүгд 275 751 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулах нь хуульд нийцнэ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 160 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2. дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Д.Уыг б.сны Шинжлэх ухаан технологийн сангийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, шаардлагаас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/02 тоот тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч б.снаас олговорт 11 912 555 /арван нэгэн сая есөн зуун арван хоёр мянга таван зуун тавин тав/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Д.Уд олгосугай.

 

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т заасныг баримтлан олговорт олгогдох 11 912 555 төгрөгөөс шимтгэл хураамжийг холбогдох байгууллагад нь төлж, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны сар тутмын нөхөн бичилтийг зөвтгөн хийхийг хариуцагч б.санд үүрэг болгосугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч б.снаас хариуцан төлөх улсын тэмдэгтийн хураамжид үндсэн шаардлагад 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөг, олговорт гаргуулсан дүнгээс тооцон 205 551 төгрөг бүгд 275 751 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ