Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2020/00332

 

 

2020 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2020/00332

 

 

 

Н.Энхжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2019/02176 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Энхжаргалын хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх үндсэн, хохиролд 11 414 825 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжин, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Түвшинтамир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Сүхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Д.Энхжаргал миний бие 2016 оны 11 сараас эхлэн өнөөг хүртэл Шинжлэх ухаан технологийн сангийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр, төрийн байгууллагад 27 жил үүнээс удирдах албан тушаалд 9 жил ажиллах хугацаанд сахилгын болон захиргааны ямар нэг шийтгэл авч байгаагүй албан үүргээ сайн гүйцэтгэж ажилласан. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/02 тоот тушаалаар ажлаас чөлөөлснийг эс зөвшөөрч байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан сахилгын ноцтой зөрчил, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан гэрээг шууд цуцлах ноцтой зөрчлийг гаргаж байгаагүй, өмнө нь ямар нэгэн сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Тушаалд дурдсан Хүний эрхийн Үндэсний комиссын албан бичгийг огт мэдэхгүй, хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн үйлдэл эс үйлдэхүй гаргаагүй, БСШУСЯ-ны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын дүгнэлтийг мэдэхгүй, надад танилцуулаагүй. Хөдөлмөрийн гэрээ цуцлах талаар урьдчилан мэдэгдээгүй, сонсох ажиллагаа хийгдсэн гэж үзэхгүй байна. 2018 онд байгуулсан үр дүнгийн гэрээг дүгнэхэд миний ажлын үр дүн хамгийн өндөр буюу 96.7 А үнэлгээ авсан. Хариуцагчаас БСШУСЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас тус байгууллагын холбогдох материалуудыг татан авч, шалгалт хийж байсан боловч тухайн шалгалттай холбоотой аливаа дүгнэлт тайлан гарсан талаар огт танилцуулж байгаагүйгээс гадна зохих тайлбар, шаардлагыг байгууллагад болоод Д.Энхжаргалд албан ёсоор нэг ч удаа ирүүлж, танилцуулаагүй, тус аудитын дүгнэлттэй холбогдуулан ямар нэгэн өр төлбөр, санхүүгийн зөрчлийн талаар ямар ч акт тавиагүй атлаа ажлаас чөлөөлөх үндэслэл болгосон нь хууль бус. Ажлаас чөлөөлсний дараа 2019 оны 03 дугаар сард сангийн Санхүү, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Отгонжаргалд танилцуулсан гэдэг. Сайдтай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг тооцоход маш хангалттай буюу А үнэлгээ өгсөн нь ажил үүргээ хангалттай биелүүлж байсныг нотлох хангалттай үндэслэл мөн. Гэтэл БСШУС-ын сайд 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/02 тоот тушаал гаргахдаа огт танилцуулаагүй аудитын дүгнэлтийг үндэслэж, санхүү, эд хөрөнгөтэй холбоотой ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлсөн атлаа уг өдрөөс хойш 1 өдрийн дараа үр дүнгийн гэрээний биелэлтийг тооцож 96.4 оноо буюу А үнэлгээ өгч, хуульд заасан журмын дагуу урамшуулал олгож шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн, үндэслэлгүй тушаалаар ажлаас чөлөөлснийг нь нотолно. Д.Энхжаргал ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүргээ бүрэн хэрэгжүүлэхийн тулд ажилтнуудад зохих шаардлага тавьж ажиллаж ирсэн, ямар нэг байдлаар дарамт шахалт үзүүлж, хэл амаар доромжлон ёс зүйгүй авир гаргаж байгаагүй. Суурь судалгаа хариуцсан шинжээч Н.Энхжаргалд суурь судалгааны төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэх гэрээний төслийг хянахдаа төслийн гүйцэтгэгч болох Б.Лхагвадоржийг БСШУСЯ-д ажилладаг төрийн захиргааны албан хаагч тул ашиг сонирхлын зөрчил үүссэн байж болзошгүй талаар сайтар нягталж шалгахыг төрийн албан хаагчийн хувьд үүргээ биелүүлэх үүднээс үүрэг өгсөн байхад тэрээр байгууллагын ажлыг Б.Лхагвадоржид хувийн журмаар мэдээлсэн байсан тул хариуцлага алдсан үйлдэлд нь шаардлага тавихад эсэргүүцсэнээс үл ойлголцол бий болсон. Н.Энхжаргал нь үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлж, ажлын цаг ашиглалт хангалтгүй байсан нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх цагийн бүртгэлийн хүснэгтээр нийт ажиллавал зохих 1 064 цагаас 458.17 цаг ажиллаагүй буюу 152 цагийн чөлөө авсан, зарим үед ажил тасалдаг, ихэнхи тохиолдолд эрүүл мэндийн улмаас чөлөө авсан байдаг. Ажлын шаардлага тавьснаас Н.Энхжаргалын бие муудсан гэж үзэх боломжгүй. Ажилтан Б.Ганцэцэгийн тухайд түүний гаргасан гомдлыг БСШУС-ын сайдыг шалгаж шийдвэрлэхийг мэдэгдсэн Хүний эрхийн үндэсний комиссын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2/10 дугаар албан тоотыг үндэслэж чөлөөлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Гомдлын дагуу шалгаж шийдвэрлэ гэсэн албан бичгийг үндэслэж ажлаас чөлөөлж байгаа нь илт хууль бус. Хүний эрхийн үндэсний комисс хүний эрхийг зөрчсөн талаар ямар нэг дүгнэлт өгөөгүй бөгөөд өгсөн байсан ч ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Тухайн гомдлыг сайд болон яамны зүгээс шалгаагүй, Д.Энхжаргалаас энэ талаар огт асуугаагүй атлаа ажлаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй. Харин ч Д.Энхжаргал ажилтнуудын ахуй амьдралд дэм болох талаар анхаарч ажиллаж хүн бүрт зохих дэмжлэг үзүүлж байсан. Д.Энхжаргал ажил авснаас хойш байгууллагад үүссэн олон жилийн өр авлагыг барагдуулах, төсөвт ажлуудыг хийж гүйцэтгэх, төслийн тайлангуудыг бүгдийг хүлээн авч нэгтгэх, инновацийн төслийн үр дүнг нэмэгдүүлэх, оюуны өмчийг үнэлүүлэх, эрдэмтэд, шинийг санаачлагчдын бүтээсэн бүтээлийг практикт нэвтрүүлж үр шимийг хүртээх чиглэлээр олон ажлуудыг санаачлан богино хугацаанд хийж гүйцэтгэсэн. 2017 онд суурь судалгааны сэдэвт ажил 84, ШУТ-ийн төсөл-41, инновацийн төсөл -33, Цөм технологийн төсөл-2, Докторын дараахь грант-10, Сайдын нэрэмжит залуу судлаачдын грант-14, Гадаад орны холбогдох байгууллагатай хамтарсан төсөл-22 зэргийг шинээр эхлүүлж, холбогдох гүйцэтгэгч байгууллагуудтай гэрээ байгуулан санхүүжилт олгосноор эдгээр бүх төсөл амжилттай хэрэгжиж байна. Д.Энхжаргалын удирдлага дор хамт олноороо олон ажлуудыг хийж хэрэгжүүлсэн нь шинжлэх ухааны байгууллага, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, эрдэмтэн доктор, судлаачдын сайшаалыг хүртсэн. Энэ нь Д.Энхжаргалыг төрийн удирдах ажилтны манлайллыг баримталж ажиллаж байсныг нотлох хангалттай баримт мөн гэж үзэж байна. Иймд Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдын 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/02 тоот тушаалыг хүчингүй болгож, Шинжлэх ухаан, технологийн сангийн захирлын ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэжээ.  

  Хариуцагчийн тайлбарт: Шинжлэх ухаан, технологийн захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Энхжаргалтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн Б/02 тоот тушаалаар цуцласан. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд болон Шинжлэх ухаан, технологийн сангийн захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Энхжаргал нар 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №6-2 тоот хөдөлмөрийн гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээний 3.2.3 дахь заалтад байгууллагын санхүү, эд хөрөнгөтэй холбоотой ноцтой зөрчил гаргасан нь эрх бүхий байгууллагын шалгалт, хууль хяналтын байгууллагын актаар нотлогдсон бол хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар талууд тохиролцсон. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн удирдамжийн дагуу Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас шинжлэх ухаан, технологийн сангийн үйл ажиллагаанд төсвийн санхүүжилт, батлагдсан төслийн зарцуулагдсан байдал, үр дүн, анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, санхүүгийн тайлан тэнцлийн гаргалтын байдал, ажиллагсдын цалин хөлсний тооцоо, бодолт, төслийн зарцуулалт, гүйцэтгэл, эд хөрөнгийн бүртгэл, тооллого, тооцоо, бодолт, өр авлагын барагдуулалт, үүссэн өр авлагыг данс бүртгэлд тусгасан эсэх үйл ажиллагаанд төлөвлөгөөт аудит хийхэд сангийн үйл ажиллагаанд зөрчил илэрсэн. Гадаад болон дотоод томилолтоор явж байгаа ажилтан, албан хаагчдад олгосон томилолтын зардлын баримтын бүрдүүлэлтийг шалгахад томилолтоор ажиллуулах удирдамжтай явдаг боловч томилолтын зардлыг буруу төсөвлөсөн, томилолтоор ажилласан ажлын үр дүнгийн тайлан бичигдээгүй, томилолтоор ажилласан хоногийг тооцохдоо ирсэн, явсан хоногийг хасалт хийж тооцолгүйгээр томилолтын зардлыг олгодог, илүү дутуу тооцоог нягталж шалгадаггүй, баримтын бүрдүүлэлт хийгээгүй зэрэг шалтгаанаар 2017 онд кассаар 2 170.0 төгрөгийг илүү олгосон зөрчил гарсан. Энэ нь албан томилолтын зардлыг бүртгэх, албан хаагчдад олгохдоо Засгийн газрын 1995 оны 218 дугаар тогтоолоор баталсан Төрийн албан хаагчдад нөхөн төлбөр олгох журам, гадаад томилолтыг Сангийн сайдын 2011 оны 188 дугаар тушаалаар баталсан гадаад томилолтын зардлыг шинэчлэн батлах тухай тушаалын 3.13 дахь хэсэг, мөн дотоод албан томилолтыг Сангийн сайдын 2011 оны 132 дугаар тушаалаар баталсан зардлын хэмжээг шинэчлэн тогтоох тухай тушаал, Хөдөлмөрийн гэрээний 2.2.18 дахь заалтыг тус тус зөрчсөн. 2 170.0 төгрөгийг илүү олгож, байгууллагад хохирол учруулсан. Сангийн яамны шалгалтын баримтад зөвхөн Төрийн банкны дипозит дансны харилцагчийн монгол хуулгыг хавсаргасан, мөнгөний орлого, зарлагын баримтууд мөнгө олгохыг хүссэн өргөдөл, мөнгийг банкинд тушаасан баримтууд зэрэг нь санхүүгийн баримтад байхгүй. Мөн 22 удаагийн зарлагын гадаад, дотоод албан томилолтын зардал, ажлын хөлс, олон улсын үзэсгэлэн, сургалт шатахуун, ажлын хувцас, бусад зардалд зарцуулсан боловч мөнгөний орлого зарлагын баримт хөтлөөгүй, мөнгө олгохыг хүссэн өргөдөлд зориулалтыг бичээгүй, цохолтгүйгээр мөнгийг олгосон, бэлэн мөнгөний гүйлгээний тайлан гаргадаггүй, кассын дэвтэр хөтөлдөггүй, 2017 оны эцэст 1 749.6 төгрөгийн үлдэгдэлтэй зэрэг зөрчил илэрсэн. Энэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 13 дугаар зүйлийн 13.7, 18 дугаар зүйлийн 18.1, Сангийн сайдын 2012 оны 276 дугаар тушаалаар баталсан Төсөвт байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журмын 2.7 дахь хэсэг, мөн Санхүү, Эдийн засгийн сайд, Үндэсний статистикийн газрын даргын 2002 оны 171/111 дугаар хамтарсан тушаалын хавсралтын 2.3 дахь хэсгийг тус тус зөрчсөн. 2017 онд жилийн эцсийн тооллого хийгдсэн гэх боловч тооллогын комиссын гишүүдийн гарын үсэг зурагдаагүй, тооцоо бодолт хийгдээгүй, бараа материалын тайлан гаргадаггүй, гарын үсгийн бүрдэлгүйгээр шаардах хуудсаар бараа материалын зарлага гаргадаг, бараа материалын орлого, зарлагын баримтыг шууд программаас гаргаж хэвлэж үддэг. Үндсэн хөрөнгийн дансанд тээврийн хэрэгслийн бүртгэлгүй байхад сар бүр 250 000 төгрөгийн шатахуун зарцуулсан. Үүнээс гадна 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр М.Ариунчимэгтэй А81-03 дугаартай автомашин түрээслэх гэрээ байгуулж, гэрээнд хаана ямар ажил гүйцэтгэхийг заагаагүй, өдрийн 450 000 төгрөгөөр тооцож 6 750 000 төгрөг, мөн өдрийн А81-04 дугаар гэрээгээр Т.Бадмаатай 350 000 төгрөгөөр тооцож 5 250 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр А81-05 дугаар гэрээгээр Г.Отгонжаргалтай 350 000 төгрөгөөр тооцож 15 хоногт 5 250 000 төгрөг тус тус шилжүүлж, тооцоо нийлж тайлан гаргаагүй. Энэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 13 дугаар зүйлийн 13.7, 20 дугаар зүйлийн 20.2.6 дахь хэсгийг тус тус зөрчсөн. Энэхүү зөрчлийг гаргаснаар байгууллагын бүртгэлд байгаа хөрөнгийн тооллогод нягтлан бодох бүртгэлээр тавих дотоодын хяналтыг сулруулж, санхүүгийн тайлангийн батламж мэдэгдэл зөрчигдөх нөхцлийг бүрдүүлсэн. Тээвэр шатахуун, хэвлэл мэдээллийн зардал, гадаад, дотоод томилолт, бэлэг, цайны зардал, сургалтын зардлуудын бэлэн мөнгөөр 1 удаагийн гүйлгээг хэмжээ хэтрүүлэн хийсэн нь Мөнгөн кассын үйл ажиллагааны журмын 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт төсвийн байгууллага нь бага хэмжээний үнийн дүнтэй бараа, ажил үйлчилгээний болон банкны харилцах дансгүй этгээдийн төлбөрийг бэлэн мөнгөөр гүйцэтгэх ба бараа, ажил, үйлчилгээний төлбөрийн нийт дүн нь 300 000 төгрөг, тээвэр шатахууны хэмжээ 500 000 төгрөгөөс хэтрэхгүй байна гэснийг зөрчсөн. Мөн жижиг мөнгөн сангийн тайланг гаргадаггүй, томилолт болон шатахууны зарцуулалтын тооцоо хийдэггүй, бэлэн мөнгийг дур мэдэн зарцуулсан зэрэг нягтлан бодох бүртгэлээр тавих хяналтыг сулруулсан зөрчлийг гаргасан. Зарим төсөлд эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулж санхүүжилт хийсэн ч явцын хяналт тавих болон үр дүнг тооцдоггүйгээс 204.4 сая төгрөгийн санхүүжилтийн гүйцэтгэлийн тайлан өгөөгүй, удирдагч олдохгүй байгаа зөрчил үүссэн байна. Энэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийг зөрчсөн байна. Д.Энхжаргал нь байгууллагын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүргээ хангалтгүй гүйцэтгэж анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг зохих журмын дагуу хөтлөөгүй, анхан шатны баримтын бүрдүүлэлт дутуу, хангалтгүй, хуулийн хүчин төгөлдөр бус баримтаар ажил гүйлгээ хийсэн. Төсөвт байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журмыг зөрчин дотоод томилолтын хоногийн мөнгөн дүнг буруу төсөвлөж илүү олгосон, автомашин түрээслэх гэрээ байгуулж мөнгө олгоод буцааж тооцоо хийгээгүй, төслийн мөнгөний зарцуулалтын тайлан аваагүй зэрэг нийт 225 638.6 төгрөгийн зөрчил гаргаж Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журмын 2.2.2, 2.2.5 дахь заалтыг тус тус зөрчсөн. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас төсвийн ерөнхийлөн захирагчийн баталсан удирдамжийн дагуу Шинжлэх ухаан, технологийн сангийн үйл ажиллагаанд хийсэн төлөвлөгөөт дотоод аудит нь Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйл болон Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор баталсан дотоод аудитын дүрмийн дагуу зохион байгуулсан үйл ажиллагаа болно. Шинжлэх ухаан, технологийн сангийн суурь судалгаа хариуцсан шинжээч Н.Энхжаргал нь 2018 оны 07 сард Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаад хандан гаргасан өргөдөл гаргасан. Уг өргөдлийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны ... шинжлэх ухаан, хүний нөөцийн бүрэлдэхүүн, хөдөлгөөн хариуцсан мэргэжилтэн Б.Амарбаясгалан шалган шийдвэрлэж холбогдох талуудтай утсаар холбогдож захирал Д.Энхжаргалд төрийн албаны ёс зүй, удирдах ажилтны манлайллыг хэрэгжүүлж ажиллахыг утсаар сануулж, хариуг хүргүүлсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, Төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.3, Хөдөлмөрийн гэрээний 2.2.12, 2.2.13 дахь заалтыг тус тус зөрчсөн. Шинжлэх ухаан, технологийн сангийн хэлтсийн дарга Б.Ганцэцэг Боловсрол,соёл, шинжлэх ухааны сайдад хандан гаргасан өргөдлийн дагуу шалгаж үзэхэд тус байгууллагын бүтэц орон тоонд батлагдаагүй А.Мандахзул гэж хүнд 2017 онд 559 378 төгрөг, 2018 онд 4 240 552 төгрөгийн цалинг олгосон нь холбогдох цалингийн баримтаар нотлогдож байна. Мөн санхүү, төлөвлөлтийн хэлтэст нэр бүхий 12 хүнийг 1-6 сарын хугацаатайгаар томилж чөлөөлсөн нь Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 5.1.5 дахь заалтад заасан санхүү төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх, хариуцлагатай байх зарчмууд алдагдсан байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас Д.Энхжаргалтай Захиргааны Ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийн дагуу сонсох ажиллагааг хийсэн боловч сонсох ажиллагааны тэмдэглэлд гарын үсэг зураагүй. Сонсох ажиллагааны тэмдэглэлийг Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үүрэг гүйцэтгэгч С.Мөнхөөлэй, мэргэжилтэн Б.Амарбаясгалан нар үйлдсэн. Иймд нэхэмжлэгч Д.Энхжаргал нь Шинжлэх ухаан, технологийн сангийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллах хугацаандаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтад заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан зөрчил гаргасан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд: Д.Энхжаргал нь 2016 оны 11 сарын 18-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл Шинжлэх ухаан, технологийн сангийн захирлаар томилогдон ажиллахдаа удаа дараа хууль бус шийдвэр гарган улсад хохирол учруулсан. Засгийн газрын эрх хэмжээнд халдаж төсвийн зардлыг үр ашиггүйгээр зарцуулж, үргүй зардал гаргаж 7 598 525 төгрөгийн хохирол учруулсан. Д.Энхжаргал нь өөрийн эрх мэдлийг хэтрүүлэн салбарын сайдын эрх хэмжээнд халдаж Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаас давж, холбогдох хууль тогтоомжид нийцэхгүй шийдвэр гарган хэрэгжүүлж, Шинжлэх ухаан, технологийн сангийн 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 58 тоот тушаалаар орон тооны бус зөвлөлийг байгуулан, 2017 оны 07 дугаар сараас 12 дугаар сарын хооронд нийт 7 598 525 төгрөгийн цалинг ямар үүрэг гүйцэтгэсэн нь тодорхойгүй хийж хэрэгжүүлсэн ажлын гүйцэтгэл тодорхойлолт, тайлангүйгээр төсвөөс олгож үргүй зардал гаргасан. Дээрх зөрчил Сангийн яамны Эрсдлийн удирдлагын газраас 2019 оны 4 дүгээр сард Шинжлэх ухаан, технологийн сангийн санхүү аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар тогтоогдсон. Техникчийн орон тоонд давхардуулан томилж, огт ажиллаж байгаагүй этгээдэд 3 816 300 төгрөгийн цалинг төсвөөс олгож, үргүй зардал гаргасан. Сангийн яамны Эрсдлийн удирдлагын газраас 2019 оны 4 дүгээр сард Шинжлэх ухаан, технологийн сангийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар техникчийн орон тоонд Н.Сайнбилэгийг ажиллаж байх хугацаанд М.Батболд, А.Мандахзул нарыг давхардуулан томилж хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажиллаж байгаагүй нь тогтоогдсон бөгөөд тэдгээрт 3 816 300 төгрөгийн цалин олгосон болох нь шалгалтаар тогтоогдсон. Дээрх үндэслэлүүдээр Д.Энхжаргал нь Засгийн газрын тухай хууль болон сайдын эрх хэмжээнд халдах замаар хууль бус тушаал, шийдвэр гаргаж, улсад 11 414 825 төгрөгийн хохирол учруулсан тул уг мөнгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.  

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Д.Энхжаргал нь төсвийн шууд захирагчийн хувьд Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.9-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Шинжлэх ухаан, технологийн сангийн Хөдөлмөрийн дотоод журмын 11.1.2-т гүйцэтгэх ажил үүргийн ачаалал болон өндөр ур чадварыг нь ашиглах зорилгоор иргэнийг гэрээт ажилтнаар ажиллуулж болно гэж заасныг үндэслэн батлагдсан төсвийг хэтрүүлэлгүйгээр орон тооны бус зөвлөлийн гишүүдийг гэрээт ажилтнаар томилсон байдаг. Эдгээр гэрээт ажилтнууд нь 2017 оны 07 дугаар сараас 2017 оны 12 дугаар сар хүртэл төсвийн ерөнхийлөн захирагчийн баталсан 2017 оны Шинжлэх ухаан, технологийн сангийн үндсэн үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөний 1.2-т заасан хамтын ажиллагааг уялдуулах, өргөжүүлэх, сайжруулах үйлчилгээний хүрээнд хийхээр төлөвлөсөн ажил үйлчилгээнүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажилласан ба энэ нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2-т нийцсэн гэж үзэж байна. Гэрээт ажилтнаар доктор, профессорууд ажиллаж 2017 оны төлөвлөгөөний 1.2-т заасан гадаадын сангуудтай холбоо тогтоох, хамтарсан төсөл хэрэгжүүлэх гадаадын шинэ түнштэй болох, гадаадтай хамтарсан төсөл хэрэгжүүлэх ажлыг амжилттай гүйцэтгэхэд зөвлөж ажилласнаас гадна зэхэц ажлын өрийг барагдуулахад бодитой хувь нэмрээ оруулан хамтарч ажилласны дүнд Шинжлэх ухаан, технологийн сангийн үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлж, эдгээр ажлууд 100 хувийн гүйцэтгэлтэйгээр үнэлэгдсэн. Түүнчлэн Үндэсний Аудитын газраас Шинжлэх ухаан, технологийн сангийн 2017 оны жилийн эцсийн санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж, 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 06/816 тоот дүгнэлтийг гаргасан ба Шинжлэх ухаан технологийн сангийн 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, цэвэр хөрөнгө, өмчийн өөрчлөлт, мөнгөн гүйлгээ болон төсвийн гүйцэтгэлийн тайланг материаллаг зүйлсийн хувьд Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, УСНББОУС-д нийцүүлж, Сангийн сайдын баталсан бодлого, журам, зааврын дагуу үнэн, бодитой, шударга илэрхийлсэн гэж дүгнэсэн. Аудитын явцад хэд хэдэн чиглэлээр алдаа, зөрчилтэй асуудлыг дүгнэсэн байдаг ба бүтэц, зохион байгуулалт, цалин хөлс олголтын талаар хийсэн аудитын дүнд менежментийн захидлаар зөвхөн ШУТС-ийн хүрээлэнгүүдийн удирдлага, зохион байгуулалтын бүтцийн тухайд зөвлөмж өгснөөс бус ШУТС-ийн бүтэц, зохион байгуулалт, түүнчлэн Орон тооны бус зөвлөлийн гишүүд буюу гэрээт ажилтнуудад урамшуулал олгосон үйлдэл нь хуульд нийцээгүй гэх дүгнэлтийг огт хийгээгүй гэдгийг шүүх анхаарч үзнэ үү.

Хариуцагч нь Сангийн яамны Эрсдлийн удирдлагын газраас 2019 оны 04 дүгээр сард хийгдсэн Шинжлэх ухаан технологийн сангийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн шалгалт-ын тэмдэглэлийг үндэслэн нэхэмжлэгчийг Н.Сайнбилэгийг ажиллаж байх хугацаанд М.Батболд, А.Мандахзул нарыг техникчийн орон тоонд давхардуулан томилсон, хөдөлмөрийн гэрээ байгуулалгүй, огт ажиллаж байгаагүй нь тогтоогдсон гээд 3 816 300 төгрөгийн цалин олгосныг нэхэмжлэгчээс гаргуулахаар шаардаж буй нь хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгч Д.Энхжаргал нь тухайн үед ажиллаж байсан Санхүү, төлөвлөлтийн хэлтсийн даргын танилцуулснаар А.Мандахзулыг Захиргаа, хяналт шинжилгээний хэлтэст техникчээр томилсон ШУТС-ийн Захирлын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 81 дүгээр тушаалд гарын үсэг зурсан. Санхүү, төлөвлөлтийн хэлтэс нь өөрсдийн хэлтсийн чиг үүргийнхээ хүрээнд байгууллагын өр, авлага буюу 2002 оноос хойш үүссэн зэхэц ажлын өр, авлагыг барагдуулах, бууруулах ажлыг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж, улмаар хууль эрх зүйн мэдлэг, боловсролгүй учир авлага барагдуулах ажлыг мэргэжлийн хүнээр гүйцэтгүүлэх үүднээс 2017 оны 12 дугаар сард А.Мандахзулыг өр авлага барагдуулах ажилд томилон ажиллуулахаар шийдвэрлэсэн. Санхүү, төлөвлөлтийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Отгонжаргал нь А.Мандахзулыг техникчээр ажиллуулахын зэрэгцээ өр авлагаа бууруулах боломжтой болохыг нэхэмжлэгчид тайлбарлан танилцуулсны дагуу Төсвийн ерөнхийлөн захирагчийн баталсан Шинжлэх ухаан, технологийн сангийн 2018 оны жилийн төлөвлөгөөний 2.4-т заасан ажлыг гүйцэтгүүлэх учир Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, 16.5.9-д заасныг тус тус үндэслэн батлагдсан төсөв, цалингийн санг хэтрүүлэлгүйгээр уг ажлыг гүйцэтгүүлэхийг Санхүү, төлөвлөлтийн хэлтсийн даргад сануулж, 81 дүгээр тушаалд гарын үсэг зурсан нь Б.Отгонжаргалын тайлбар, тодорхойлолтоор тогтоогдоно. А.Мандахзул нь хэдийгээр техникчийн албан тушаалд томилогдсон боловч байгууллагад үүсээд байсан ажлын өр, авлагыг бууруулж нийт 60.3 сая төгрөгийн авлагыг бууруулахад Шинжлэх, ухаан технологийн сантай хамтран ажилласан байдаг ба нэхэмжлэгчийн хувьд огт байхгүй, ажил үүрэг гүйцэтгээгүй этгээдийг ажилд томилж, цалин хөлсийг нь авч хувьдаа завшаагүй, А.Мандахзулын өөрийнх нь харилцах дансаар цалин хөлс нь олгогдсон байдаг. Нэхэмжлэгч Д.Энхжаргал нь Шинжлэх ухаан, технологийн сангийн захирлаар ажиллах хугацаандаа Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн, Төсвийн ерөнхийлөн захирагчид мэдэгдэж, түүний зөвшөөрлөөр аливаа арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж, байгууллагын үйл ажиллагааны үр дүн, гадаад, дотоод хамтын ажиллагаа, ашигт ажиллагааг нэмэгдүүлж ажилласнаас бус байгууллагад санхүүгийн хохирол учруулах, өмч хөрөнгийг хувьдаа завшиж ашиг хонжоо олох үйлдлийг огт гаргаж байгаагүй. Нэхэмжлэгчийг төсвийн хөрөнгөөс үргүй зардал гаргаж, байгууллагад гэм хорын хохирол учруулсан гэж нийт 11 414 825 төгрөг нэхэмжилж байгаа тохиолдолд гэм хор учруулагчийн хууль зөрчсөн үйлдэл, түүнээс учирсан гэм хор нь шалтгаант холбоотой байх, гэм хор учруулсан этгээдийн гэм буруу тогтоогдсон байх шаардлагатай. Гэтэл Үндэсний аудитын газрын 2017, 2018 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлан, дүгнэлт болон нэхэмжлэгчийг ажлаас халах үндэслэл болсон Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Дотоод аудитын ажлын тайлангаар сөрөг нэхэмжлэлд дурдсан зөрчлүүд тогтоогдоогүй. Д.Энхжаргалыг хууль тогтоомж зөрчиж байгууллагад хохирол учруулсан, уг хохирлыг нэхэмжлэгч Д.Энхжаргалаар төлүүлэхээр акт тогтоосон үйл баримт байхгүй гэжээ.

Шүүх: Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2. дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Энхжаргалыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Шинжлэх ухаан технологийн сангийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, шаардлагаас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/02 тоот тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас олговорт 11 912 555 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Энхжаргалд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан олговорт олгогдох 11 912 555 төгрөгөөс шимтгэл хураамжийг холбогдох байгууллагад нь төлж, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны сар тутмын нөхөн бичилтийг зөвтгөн хийхийг хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас хариуцан төлөх улсын тэмдэгтийн хураамжид үндсэн шаардлагад 70 200 төгрөг, олговорт гаргуулсан дүнгээс тооцон 205 551 төгрөг бүгд 275 751 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбатын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Тус шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шүүх хуралд хариуцагч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасны дагуу Д.Энхжаргалд тус ажлаас халсан тушаалын үндэслэл болсон зөрчлүүдэд холбогдох асуудлаар Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд хэргийг тухайн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэж дууссаны дараа шийдвэрлэх хүсэлтийг өгсөн боловч шүүхээс хүсэлтийг хангаагүй нь хуулийн дээрх заалтыг зөрчиж, гомдол гаргах эрхгүйгээр шийдвэрлэж, шүүх хурлыг шууд явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зохигчийн эрхийг хязгаарласан. Түүнчлэн шүүгчийг татгалзан гаргасан хүсэлтийг шүүгч хүлээн аваагүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан боловч шүүгч хүлээн аваагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна. Хариуцагчийн гаргасан нотлох баримтанд үзлэг хийлгэх хүсэлтийг хүлээж аваагүй, мэтгэлцэх зарчмаар хангаагүй. Нэхэмжлэгчийн зүгээс сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан гаргасан нотлох баримт нь эх хувиараа байсан. Уг баримт нь Шинжлэх Ухаан Технологийн Санд хадгалагдах нотлох баримт байсан бөгөөд ямар шалтгаанаар нэхэмжлэгчид байгаа талаар үндэслэл бүхий эргэлзээ төрсөн учраас Шинжлэх Ухаан Технологийн санд байгаа баримт бичгийн бүртгэлд үзлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэг, 25 дугаар зүйлийн 25.1.3 дахь хэсэгт заасан зохигчийн эрхийг хязгаарлаж, мэтгэлцэх зарчмыг зөрчсөн. Хариуцагчийн болон Шинжлэх Ухаан Технологийн сангийн зүгээс гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүхэд гаргасан хүсэлтдээ хэдийгээр Боловсрол Соёл, Шинжлэх Ухаан, Спортын сайд нь Д.Энхжаргалыг томилсон боловч Д.Энхжаргал нь Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын сайдаас цалин хөлс авч ажил үүрэг гүйцэтгэдэг албан тушаал биш бөгөөд хөдөлмөрийн эрх зүйн харилцааны маргааныг ажил олгогчид гаргадаг. Гэтэл шүүх Шинжлэх Ухаан Технологийн Санг гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаас татгалзсан. Боловсрол, соёл, шинжлэх Ухаан, спортын сайд нь хэргийн жинхэнэ хариуцагч биш. Шүүх болон нэхэмжлэгчийн зүгээс жинхэнэ хариуцагч биш, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Д.Энхжаргал нь Шинжлэх Ухаан Технологийн сангаас цалин хөлс авч байсан нотлогдсон атал шүүх хариуцагчийг солих ажиллагааг хийгээгүй, нэхэмжлэгчээс тодруулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэхгүй байна. Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын сайд нь ажил олгогч биш, Д.Энхжаргал нь Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын сайдаас цалин хөлс авч ажиллаж буй этгээд бус харин Шинжлэх Ухаан Технологийн Сангаас цалин хөлс авч, ажил үүрэг гүйцэтгэж байсан этгээд юм. Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын сайд нь өмчлөгч, хувь эзэмшигчийг төлөөлөн үйл ажиллагаа явуулж буй этгээд болохоос ажил олгогч биш атал шүүхээс хариуцагчаар татан, ажил олгогч гэж үзсэн нь хуульд нийцэхгүй байна.

Нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитой үнэлээгүй. Тухайлбал Үндэсний аудитын газрын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 06/604 тоот нотлох баримтыг үнэлээгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... Сангийн яамны санхүүгийн хяналт, эрсдлийн удирдлагын газраас 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр эхэлж 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр дууссан, Шинжлэх ухаан, технологийн сангийн 2017, 2018 оны Санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын материал мөн ажлаас халах ажил олгогчийн шийдвэрийн үндэслэл болохгүй, үйл баримт бий болсноос хойш үйлдэгдсэн байна гэжээ. Хариуцагчийн зүгээс ажлаас халсан үндэслэлийг тухайн үед авсан санхүүгийн баримтууд, холбогдох тушаал шийдвэрээр зөрчлийг тогтоосон бөгөөд хожим тэрхүү баримтууд дээр тулгуурласан санхүүгийн хяналт, шалгалтаар тогтоогдсон гэдгийг нотолж, нотлох баримтыг гаргасан нь нотлох баримтыг үнэлэхгүй байх, нотлох баримтаас хасах хууль зүйн үндэслэл болохгүй. Нөгөө талаар сөрөг нэхэмжлэлийн хүрээнд гаргасан нотлох баримтыг шүүх үнэлээгүй. Сангийн яамны санхүүгийн хяналт, эрсдлийн удирдлагын газраас гаргасан хяналт шалгалтын дүгнэлт, тайланг нотлох баримтаар үнэлээгүй. Шийдвэрийн үндэслэх хэсэгт ... Үндэсний аудитын газрын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 06/604 тоот Шинжлэх Ухаан Технологийн сангийн 2018 оны дуусгавар болсон санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайлангийн аудит мөн цаг хугацаанд хамаарахгүй гэжээ. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч Д.Энхжаргалд холбогдуулж гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа өөрийн төрсөн дүү, мөн огт ажиллаж байгаагүй, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгууллагын бүтэц орон тоонд байхгүй этгээдүүдэд цалин хөлс олгож, төсвийг үргүй зарцуулсан гэж хохирол барагдуулах сөрөг нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүхээс тухайн нотлох баримтыг үнэлээгүй нь хэргийг тал бүрээс нь бодитой шийдвэрлээгүй, нотлох баримтыг үнэлээгүй болох нь тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Д.Энхжаргалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил, сахилгын давтан зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасан ... ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр чөлөөлөөгүй. Үр дүнгийн гэрээ нь 96.4 хувьтай гарсан нь ажил мэргэжилдээ тэнцэж буй эсэхийг тодорхойлох нотлох баримт болохоос тухайн байгууллагын аливаа хэм хэмжээ, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн тодорхой нэг үүргийг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүйг нотлох баримт болохгүй. Гэтэл шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэгт ач холбогдолгүй нотлох баримтыг шийдвэрийн гол үндэслэл болгосон нь хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Д.Энхжаргалтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан ноцтой зөрчлийн шинжийг агуулсан, талууд харилцан тохиролцсон хүчин төгөлдөр гэрээний заалт бөгөөд шүүхээс дээрх гэрээний заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил биш гэж хууль буруу тайлбарлан хэрэглэсэн. Шүүхээс эд хөрөнгийн хохирол учруулах үйлдлийг заасан гэрээний заалтыг ямар үндэслэлээр Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил биш гэж үзсэн нь тодорхойгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн маргаанд холбогдуулан үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх боловч сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг шийдвэрийн удиртгал, тогтоох хэсэгт бичээгүй орхигдуулсан байгааг зөвтгөх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Д.Энхжаргал нь хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд холбогдуулан тус яамны сайдын 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/02 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 11 414 825 төгрөг хохиролд гаргуулахыг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

 

Нэхэмжлэгч Д.Энхжаргал нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/12 тоот тушаалаар Шинжлэх ухаан, технологийн сангийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр түр томилогдон ажиллаж байгаад 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/02 тоот тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна. Тэрээр тушаал гаргахдаа нэхэмжлэгчийг төрийн удирдах ажилтны манлайлал, ёс зүйг чанд баримтлаагүй гэж үзсэн байна. /хх 4/

 

Хариуцагчийн хөдөлмөрийн гэрээ цуцалсан ажил олгогчийн дээрх тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчилд хамаарахгүй, талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээнд байгууллагын санхүү, эд хөрөнгөтэй холбоотой ноцтой зөрчил гарсан нь эрх бүхий байгууллагын шалгалт, хууль хяналтын байгууллагын актаар нотлогдоогүй, удирдах ажилтны ёс зүйн зөрчил давтан /2 удаа/ гаргасан нь баримтаар нотлогдоогүй, төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан үр дүнгийн гэрээг удаа дараа /2 удаа/ хангалтгүй буюу 60-аас доош үнэлүүлээгүй, хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан нь баримтаар нотлогдоогүй нөхцөлд хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Хариуцагчаас ирүүлсэн Шинжлэх ухаан, технологийн сангийн санхүү аж ахуйн үйл ажиллагаанд шалгалт хийсэн Сангийн яамны Эрсдэлийн удирдлагын газрын 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн материал,тэмдэглэл, Үндэсний аудитын газрын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн санхүүгийн аудитын тайлан, тус газрын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн зөрчил арилгуулах тухай албан шаардлага зэрэг нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанаас хойш гарсан байх тул эдгээр баримтууд нь хариуцагчийн татгалзсан тайлбарын үндэслэл болохгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт зөв. /2хх 246-250, 3хх1-9/

 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын шалгалтаар ... Шинжлэх ухаан технологийн сан нь анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг зохих журмын дагуу хөтөлдөггүй, анхан шатны баримтын бүрдүүлэлт дутуу, хангалтгүй, хуулийн хүчин төгөлдөр бус баримтаар гүйлгээ хийсэн, төсөвт байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журмыг зөрчин дотоод томилолтын хоногийн мөнгөн дүнг буруу төсөвлөж илүү олгосон, автомашин түрээслэх гэрээ хийж мөнгөө олгоод буцааж тооцоо хийгээгүй, төслийн мөнгөний зарцуулалтын тайлан аваагүй зэрэг нийт 225 638.6 мянган төгрөгийн зөрчил илэрсэн гэж 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр дүгнэлт гаргасан байна. /2хх92-108/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан. Гэтэл дээрх шалгалт 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 1 дүгээр улирлыг хүртэлх хугацааг хамарч, дүгнэлт нь 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гарсан байхад ажил олгогч нь сахилгын шийтгэл ногдуулах хуулиар тогтоосон хугацааг анхаарч үзэлгүй 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь буруу. Ажил олгогчийн хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалд дурдагдсан Хүний эрхийн үндэсний комиссын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны албан бичиг хэрэгт авагдаагүй байх боловч ажилтан Б.Ганцэцэгийн гомдлыг шалган үзэх агуулга бүхий албан бичиг байсан гэж талууд тайлбарлаж байна. Хэрэгт нэхэмжлэгч нь албан бичигт дурдагдсан ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг шалган тогтоосон баримтгүй байна.

 

Иймээс ажилтан Д.Энхжаргалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ... хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т нийцжээ.

 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/15 тоот тушаалаар соёл, шинжлэх ухааны байгууллагын удирдах ажилтны 2018 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэж, нэхэмжлэгч Д.Энхжаргалд 96.4 хувь буюу А үнэлгээ өгсөн байгааг тэмдэглэх нь зүйтэй. /1хх44-46/

 

Сөрөг нэхэмжлэлийн хувьд, 2017 оны 7 дугаар сараас 12 дугаар сарын хооронд нийт 7 598 525 төгрөгийг ажлын гүйцэтгэл тодорхойлолт, тайлангүйгээр төсвөөс олгож үргүй зардал гаргасан, техникчийн орон тоонд Н.Сайнбилэгийг ажиллаж байх хугацаанд М.Батболд, А.Мандахзул нарыг давхардуулан томилж 3 816 300 төгрөгийн цалин олгож 11 414 825 төгрөгийн хохирол учруулсан гэж хариуцагч тайлбарлажээ. Сангийн яамны эрсдэлийн удирдлагын газрын 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн тайлангаас үзэхэд нэхэмжлэгч нь ажлын шаардлагын үүднээс 7 598 525 төгрөгийг орон тооны бус зөвлөлд ажиллаж байсан нэр бүхий 5 хүнд цалин хэлбэрээр, 3 816 300 төгрөгийг техникчийн орон тоонд нэмж 2 хүн давхардуулан ажиллуулж тус тус олгосон нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2, 16.5.9-д заасантай нийцсэн ба шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Цалин хөлстэй холбоотой шаардлагыг шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаартай тушаалтай нийцжээ.

 

Хариуцагчийн шүүгчийн татгалзал болон нотлох баримтад үзлэг хийлгэх, нотлох баримт гаргуулах хүсэлтийг шийдвэрлээгүй, хариуцагчийг буруу тодорхойлсон, гуравдагч этгээдээр Шинжлэх ухаан технологийн санг оролцуулаагүй гэх гомдол үндэслэлгүй байна.

 

Шүүгч хуралдааны явцад шүүгчээс татгалзах хүсэлт байгаа эсэхийг тодруулахад зохигчид татгалзалгүй гэсэн хариулт өгсөн байна. Хэргийн оролцогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлтийг хуульд зааснаар шийдвэрлэсэнтэй холбоотойгоор шүүгчээс татгалзаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан үндэслэлд хамаарахгүй.

 

Хариуцагчийн Шинжлэн ухаан, технологийн сангийн архивт байгаа бичиг баримтад үзлэг хийлгэх, Авлигатай тэмцэх газраас нотлох баримт гаргуулах, гуравдагч этгээдээр Шинжлэх ухаан, технологийн санг оролцуулах хүсэлтийг шүүх хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй.

 

Нэхэмжлэгч Д.Энхжаргалын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа Шинжлэх ухаан технологийн сангийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөнтэй холбоотой хөдөлмөрийн эрх зүйн маргааныг шүүх шийдвэрлэж байгаа бөгөөд тус сангийн захирлын ажлын байрны тодорхойлолтоос үзэхэд түүний ажлын байрыг шууд харьяалан удирдах албан тушаалтан нь Боловсрол, шинжлэх ухааны сайд, дэд сайд, яамны шинжлэх ухаан, бодлого, зохицуулалтын газрын дарга байх ба нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээг Боловсрол, шинжлэх ухаан, спортын сайдтай байгуулсан байна. Иймд хариуцагчийн Боловсрол, шинжлэх ухаан, спортын сайд хэргийн жинхэнэ хариуцагч биш гэх гомдол үндэслэлгүй. /2хх86-91, 146-149/

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2019/02176 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275 751 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

А.МӨНХЗУЛ