Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2020/00805

 

 Д.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2019/02176 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 332 дугаар магадлалтай,

Д.Э-ын нэхэмжлэлтэй,

Б- холбогдох,

 Хууль зөрчиж ажлаас чөлөөлсөн Б-ын 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/02 тушаалыг хүчингүй болгож, Шинжлэх ухаан технологийн сангийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Удаа дараа хууль бус шийдвэр гаргаснаас 11 414 825 төгрөгийн хохирол учруулсныг нэхэмжлэгчээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Э миний бие  2016 оны 11 сараас эхлэн Шгийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллах хугацаанд сахилгын болон захиргааны ямар нэг арга хэмжээ авагдаж байгаагүй, өөрийн мэдсэн сурсан зүйлийг улс орны хөгжил дэвшлийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж,албан үүргээ сайн гүйцэтгэж ажилласан.

Бын 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн Б/02 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, Захиргааны Ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь заалт, Б-ны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дүгнэлт, Монгол улсын Хүний эрхийн үндэсний комиссын 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2/10 дугаар албан бичгийг тус тус үндэслэн ажлаас чөлөөлснийг үл зөвшөөрч хууль бус халсан гэж үзэж гомдол гаргаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан сахилгын зөрчлийг болон хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан гэрээг шууд цуцлах ноцтой зөрчлийг нэг ч удаа гаргаж байгаагүй, өмнө нь ямар нэгэн сахилгын шийтгэл хүлээж байгаагүй.

Тушаалд дурдсан Хүний эрхийн үндэсний комиссын албан бичгийг огт мэдэхгүй, хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй, Б-ны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын дүгнэлтийг мэдэхгүй, надад танилцуулаагүй. Хөдөлмөрийн гэрээ цуцлах талаар урьдчилан мэдэгдээгүй, сонсох ажиллагаа хийгдсэн гэж миний бие үзэхгүй байгаа болно.

2018 онд байгуулсан үр дүнгийн гэрээг дүгнэхэд миний ажлын үр дүн хамгийн өндөр 96.7 А үнэлгээ авсан.

Иймд хууль зөрчиж ажлаас чөлөөлсөн Бын 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн Б/02 тоот тушаалыг хүчингүй болгон, намайг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулан, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Түвшинтамир шүүхэд гаргасан тайлбартаа:

1. Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг Д.Э гаргасан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй болох тухайд:

Хариуцагч нь тайлбартаа ШУТСангийн захирал Д.Э нь Б-ны Хяналт- шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дүгнэлтээр Байгууллагын санхүү, эд хөрөнгөтэй холбоотой ноцтой зөрчил гаргасан гэж үзэж 5 үндэслэлээр тайлбар ирүүлсэн нь нотлох баримтуудаар үгүйсгэгдэнэ. Үүнд:

Д.Э нь Бын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар Шгийн захирлын ажилд томилогдсон, тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг Шгийн үндсэн үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэж байсан. Ажил үүргээ гүйцэтгэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан сахилгын ноцтой зөрчил-ийг болон хөдөлмөрийн гэрээнд заасан гэрээг шууд цуцлах ноцтой зөрчлийг гаргаж байгаагүй, өмнө нь ямар нэгэн сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Хариуцагчаас Б-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас тус байгууллагын холбогдох материалуудыг татан авч, шалгалт хийж байсан боловч тухайн шалгалттай холбоотой аливаа дүгнэлт тайлан гарсан эсэх талаар огт танилцуулж байгаагүйгээс гадна зохих тайлбар, шаардлагыг байгууллагад болоод Д.Эд албан ёсоор нэг ч удаа ирүүлж, танилцуулаагүй, тус аудитын дүгнэлттэй холбогдуулан ямар нэгэн өр төлбөр, санхүүгийн зөрчлийн талаар ямар ч акт тавиагүй атлаа ажлаас чөлөөлөх үндэслэл болгосон нь хууль бус. Ажлаас чөлөөлсний дараа 2019 оны 03 дугаар сард сангийн Санхүү, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Отгонжаргалд танилцуулсан гэсэн.

Д.Э Б Ц.Цогзолмаатай 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Шгийн захирлын үр дүнгийн гэрээг байгуулан ажиллаж, уг ажил албан тушаалыг хашиж байх үед байгууллагын санхүү, эд хөрөнгөтэй холбоотой ноцтой зөрчил гаргасан байсан бол үр дүнгийн гэрээний биелэлтийг тооцоход 96.4 оноо А үнэлгээгээр дүгнэх боломжгүй байсан. Сайдтай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг тооцоход маш хангалттай буюу А үнэлгээ өгсөн нь ажил үүргээ хангалттай биелүүлж байсныг нотлох хангалттай үндэслэл мөн. Гэтэл БСШУС-ын сайд 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/02 тоот тушаал гаргахдаа огт танилцуулаагүй аудитын дүгнэлтийг үндэслэж, санхүү, эд хөрөнгөтэй холбоотой ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлсөн атлаа уг өдрөөс хойш 1 өдрийн дараа 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/15 дугаар тушаалаар Д.Эын сайдтай байгуулсан 2018 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг тооцож 96.4 оноо буюу А үнэлгээ өгч, хуульд заасан журмын дагуу урамшуулал олгож шийдвэрлэсэн байгаа нь хууль зөрчсөн, үндэслэлгүй тушаалаар ажлаас чөлөөлсөн болохыг нотолно.

2. Удирдах ажилтны ёс зүйн зөрчил давтан гаргасан гэж ажлаас чөлөөлсөн үндэслэлийн тухайд:

Хариуцагч тайлбартаа Д.Эыг ШУТСангийн суурь судалгаа хариуцсан шинжээч Н.Энхжаргалын гаргасан гомдол, Хүний эрхийн үндэсний комиссын 2019 оны 2/10 тоот албан бичгээр тогтоогдож байгаа гэжээ. Д.Э ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүргээ бүрэн хэрэгжүүлэхийн тулд ажилтнуудад зохих шаардлага тавьж ажиллаж ирсэн, ямар нэг байдлаар шахалт, дарамт үзүүлж хэл амаар доромжилж ёс зүйгүй авирлаж байгаагүй. Суурь судалгаа хариуцсан шинжээч Н.Энхжаргалд Суурь судалгааны төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэх гэрээ-ний төслийг хянахдаа төслийн гүйцэтгэгч болох Б.Лхагвадоржийг Б-д ажилладаг төрийн захиргааны албан хаагч тул ашиг сонирхлын зөрчил үүссэн байж болзошгүй талаар сайтар нягталж шалгахыг төрийн албан хаагчийн хувьд үүргээ биелүүлэх үүднээс үүрэг өгсөн байхад байгууллагын ажлыг Б.Лхагвадоржид хувийн журмаар мэдээлсэн байсан тул хариуцлага алдсан энэ үйлдлийнх нь хувьд шаардлага тавихад эсэргүүцсэнээс үл ойлголцол бий болсон. Н.Энхжаргал нь үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлж, ажлын цаг ашиглалт хангалтгүй байсан нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх цагийн бүртгэлийн хүснэгтээр нийт ажиллавал зохих 1064 цагаас 458,17 цаг ажиллаагүй буюу 152 цагийн чөлөө авсан, зарим үед ажил тасалдаг, ихэнх тохиолдолд эрүүл мэндийн улмаас чөлөө авсан байдаг. Ажлын шаардлага тавьснаас Н.Энхжаргалын бие муудсан гэж үзэх ямар ч боломжгүй.

Ажилтан Б.Ганцэцэгийн тухайд түүний гаргасан гомдлыг БСШУС-ын сайдыг шалгаж шийдвэрлэхийг мэдэгдсэн Хүний эрхийн үндэсний комиссын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2/10 дугаар албан тоотыг үндэслэж чөлөөлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Өөрөөр хэлбэл гомдлын дагуу шалгаж шийдвэрлэ гэсэн албан бичгийг үндэслэж ажлаас чөлөөлж байгаа нь илт хууль бус. Хүний эрхийн үндэсний комисс хүний эрхийг зөрчсөн талаар ямар нэг дүгнэлт өгөөгүй ба өгсөн байсан ч ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй, тухайн гомдлыг сайдын зүгээс ч яамны зүгээс ч шалгаагүй, Д.Эаас энэ талаар огт асуугаагүй мөртлөө үндэслэл болгон ажлаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй. Харин ч Д.Э ажилтнуудын ахуй амьдралд дэм болох талаар анхаарч ажиллаж хүн бүрт зохих дэмжлэг үзүүлж ажиллаж байсан.

3. Төрийн удирдах ажилтны манлайллыг баримтлан ажиллаагүй гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тухайд:

Д.Э ажил авснаас хойш байгууллагад үүссэн олон жилийн өр авлагыг барагдуулах, төсөвт ажлуудыг хийж гүйцэтгэх, төслийн тайлангуудыг бүгдийг хүлээн авч нэгтгэх, инновацийн төслийн үр дүнг нэмэгдүүлэх, оюуны өмчийг үнэлүүлэх, эрдэмтэд, шинийг санаачлагчдын бүтээсэн бүтээлийг практикт нэвтрүүлж үр шимийг хүртээх чиглэлээр олон ажлуудыг санаачлан богино хугацаанд хийж гүйцэтгэсэн. Тухайлбал: 2017 онд Суурь судалгааны сэдэвт ажил 84, ШУТ-ийн төсөл-41, Инновацийн төсөл -33, Цөм технологийн төсөл -2, Докторын дараах грант -10, Сайдын нэрэмжит залуу судлаачдын грант -14, Гадаад орны холбогдох байгууллагатай хамтарсан төсөл-22 зэргийг шинээр эхлүүлж, холбогдох гүйцэтгэгч байгууллагуудтай гэрээ байгуулан санхүүжилт олгосноор эдгээр бүх төсөл амжилттай хэрэгжиж байна. Хамт олон Д.Эын удирдлага дор олон ажлуудыг хамтдаа хийж хэрэгжүүлсэн нь шинжлэх ухааны байгууллага, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, эрдэмтэн доктор, судлаачдын сайшаалыг хүртсэн. Энэ нь Д.Эыг төрийн удирдах ажилтны манлайллыг баримталж ажиллаж байсныг нотлох хангалттай баримт мөн гэж үзэж байна. Хариуцагч няцаах баримт гаргаж өгөөгүй.

Иймд Д.Эыг ажлаас хууль бусаар чөлөөлсөн тул Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдын 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн Б/02 тоот тушаалыг хүчингүй болгож, Д.Эыг Шгийн захирлын ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ё.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Шинжлэх ухаан, технологийн захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Эыг Бын 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн Б/02 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт Захиргааны Ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь заалт, Б-ны Хяналт- шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дүгнэлт, Монгол улсын Хүний эрхийн үндэсний комиссын 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2/10 дугаар албан бичгийг тус тус үндэслэн хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тухайд: Б болон Шгийн захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Э нар нь 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №6-2 тоот Хөдөлмөрийн гэрээ-г байгуулсан бөгөөд уг гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.3 дахь заалтад Байгууллагын санхүү, эд хөрөнгөтэй холбоотой ноцтой зөрчил гаргасан нь эрх бүхий байгууллагын шалгалт, хууль хяналтын байгууллагын актаар нотлогдсон бол хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах хөдөлмөрийн зөрчил гэж үзэн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохоор талууд тохиролцсон байна.

Бын 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр баталсан удирдамжийн дагуу Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас Шгийн үйл ажиллагаанд Төсвийн санхүүжилт, батлагдсан төслийн зарцуулагдсан байдал, үр дүн, анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, санхүүгийн тайлан тэнцлийн гаргалтын байдал, ажиллагсдын цалин хөлсний тооцоо, бодолт, төслийн зарцуулалт, гүйцэтгэл, эд хөрөнгийн бүртгэл, тооллого, тооцоо, бодолт, өр авлагын барагдуулалт, үүссэн өр авлагыг данс бүртгэлд тусгасан эсэх зэрэг үйл ажиллагаанд төлөвлөгөөт аудит хийсэн. Уг дотоод аудитын тайлан, дүгнэлтээр шинжлэн ухаан, технологийн сангийн үйл ажиллагаанд илэрсэн дараах санхүүгийн зөрчлүүд нь илэрсэн. Үүнд:

1. Гадаад болон дотоод томилолтын талаар: Гадаад болон дотоод томилолтоор явж байгаа ажилтан, албан хаагчдад олгосон томилолтын зардлын баримтын бүрдүүлэлтийг шалгахад томилолтоор ажиллуулах удирдамжтай явдаг боловч томилолтын зардлыг буруу төсөвлөсөн, томилолтоор ажилласан ажлын үр дүнгийн тайлан бичигдээгүй, томилолтоор ажилласан хоногийг тооцохдоо явсан, ирсэн зам хоногийг хасалт хийж тооцолгүйгээр томилолтын зардлыг олгодог, илүү дутуу тооцоог нягталж шалгадаггүй, баримтын бүрдүүлэлт хийгээгүй зэрэг шалтгаанаар 2017 онд кассаар 2,170.0 мянган төгрөгийг илүү олгосон зөрчил байна. Энэ нь албан томилолтын зардлыг бүртгэх, албан хаагчдад олгохдоо Засгийн газрын 1995 оны 218 дугаар тогтоолоор баталсан Төрийн албан хаагчдад нөхөн төлбөр олгох журмыг, Гадаад томилолтыг Сангийн сайдын 2011 оны 188 дугаар тушаалаар баталсан гадаад томилолтын зардлыг шинэчлэн батлах тухай тушаалын 3.13 дахь хэсэг, мөн дотоод албан томилолтыг Сангийн сайдын 2011 оны 132 дугаар тушаалаар баталсан Зардлын хэмжээг шинэчлэн тогтоох тухай тушаал, Хөдөлмөрийн гэрээний 2.2.18 дахь заалт Ажилтан дотоод, гадаад томилолтоор ажиллах тухайгаа томилолтын удирдамж, уригч талын албан баримтаар нотлон албан бичгээр ажил олгогчид ажлын 10-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэх ба томилолтоор ажилласан тайланг 5 хоногт багтаан холбогдох нэгжид хүргүүлнэ гэснийг тус тус зөрчсөн байна. Дээрх дүрэм, журмыг зөрчсөнөөр 2 170 000 төгрөгийг илүү олгож, байгууллагад хохирол учруулсан байна.

2. Мөнгөн кассын тайлан гаргалтын байдал болон анхан шатны бүртгэлийн хөтлөлтийн талаар: Сангийн яамны шалгалтын баримтад зөвхөн Төрийн банкны дипозит дансны харилцагчийн монгол хуулгыг хавсаргасан, мөнгөний орлого, зарлагын баримтууд мөнгө олгохыг хүссэн өргөдөл, мөнгийг банкинд тушаасан баримтууд зэрэг нь санхүүгийн баримтад байхгүй. Мөн 22 удаагийн зарлагын гадаад, дотоод албан томилолтын зардал, ажлын хөлс, олон улсын үзэсгэлэн, сургалт шатахуун, ажлын хувцас, бусад зардалд зарцуулсан боловч мөнгөний орлого зарлагын баримт хөтлөөгүй, мөнгө олгохыг хүссэн өргөдөлд зориулалтыг бичээгүй, цохолтгүйгээр мөнгийг олгосон, бэлэн мөнгөний гүйлгээний тайлан гаргадаггүй, кассын дэвтэр хөтөлдөггүй, 2017 оны эцэст 1 749 600 төгрөгийн үлдэгдэлтэй зэрэг зөрчил илэрсэн. Энэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4 дэх заалт Хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар, эсхүл анхан шатны баримтаар баталгаажаагүй ажил, гүйлгээг бүртгэхгүй байх гэснийг, 13 дугаар зүйлийн 13.7 дахь хэсэгт Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно гэснийг, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг Нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага хүлээнэ гэснийг, Сангийн сайдын 2012 оны 276 дугаар тушаалаар баталсан Төсөвт байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журмын 2.7 дахь хэсэг Мөнгөн кассын санхүүгийн баримт нь засваргүй, үнэн зөв хөтлөгдөж, баримтын бүрдлийг хангасан байх ба зарлагыг төлбөр гүйцэтгэх эрхийг олгосон албан ёсны шийдвэрт үндэслэгдсэн цохолт хийгдсэн байна гэснийг, мөн Санхүү, эдийн засгийн сайд, Үндэсний статистикийн газрын даргын 2002 оны 171/111 дугаар хамтарсан тушаалын хавсралтын 2.3 дахь хэсэгт Мөнгөний нярав орлого зарлагын баримтууд, мөнгө олгохыг хүссэн өргөдөл зэргийг үндэслэн баримт тус бүрээр өдөр бүр Бэлэн мөнгөний тайланг 2 хувь үйлдэн 1 хувийг нягтлан бодогчид тушааж, үлдэх хувийг өөртөө үлдээнэ гэснийг тус тус зөрчсөн байна.

3. Бараа материалын тайлан, орлого, зарлага, зарцуулалт, тооллого, тооцоо бодолтын талаар: 2017 онд жилийн эцсийн тооллого хийгдсэн гэх боловч тооллогын комиссын гишүүдийн гарын үсэг зурагдаагүй, тооцоо бодолт хийгдээгүй, бараа материалын тайлан гаргадаггүй, гарын үсгийн бүрдэлгүйгээр шаардах хуудсаар бараа материалын зарлага гаргадаг, бараа материалын орлого, зарлагын баримтыг шууд программаас гаргаж хэвлэж үддэг. Үндсэн хөрөнгийн дансанд тээврийн хэрэгслийн бүртгэлгүй байхад сар бүр 250 000 төгрөгийн шатахуун зарцуулсан. Үүнээс гадна 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр А81-03 Автомашин түрээслэх гэрээ хийж гэрээнд хаана ямар ажил гүйцэтгэхийг заагаагүй, М.Ариунчимэгтэй өдрийн 450 000 төгрөгөөр тооцож 6 750 000 төгрөг, мөн өдрийн А81-04 дугаар гэрээгээр Т.Бадмаатай 350 000 төгрөгөөр тооцож 5 250 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр А81-05 дугаар гэрээгээр Г.Отгонжаргалтай 350 000 төгрөгөөр тооцож 15 хоногт 5 250 000 төгрөг тус тус шилжүүлсэн, тооцоо нийлж тайлан гаргаагүй байсан. Энэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалт ..тасралтгүй гэснийг, 5.1.4 дэх заалт ...үнэн зөв байх гэснийг, 13 дугаар зүйлийн 13.7 дахь хэсэг Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно гэснийг, 20 дугаар зүйлийн 20.2.6 дахь заалт эд хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, зохион байгуулах, удирдах гэж заасныг тус тус зөрчсөн байна. Энэхүү зөрчлийг гаргаснаар байгууллагын бүртгэлд байгаа хөрөнгийн тооллогод нягтлан бодох бүртгэлээр тавих дотоодын хяналтыг сулруулж, санхүүгийн тайлангийн батламж мэдэгдэл зөрчигдөх нөхцөлийг бүрдүүлсэн байсан.

4. Жижиг мөнгөн сангийн орлого, зарлага, зарцуулалтын талаар: Тээвэр шатахуун, хэвлэл мэдээллийн зардал, гадаад, дотоод томилолт, бэлэг, цайны зардал, сургалтын зардлуудын бэлэн мөнгөөр 1 удаагийн гүйлгээг хэмжээ хэтрүүлэн хийсэн нь Мөнгөн кассын үйл ажиллагааны журмын 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт Төсвийн байгууллага нь бага хэмжээний үнийн дүнтэй бараа, ажил үйлчилгээний болон банкны харилцах дансгүй этгээдийн төлбөрийг бэлэн мөнгөөр гүйцэтгэх ба бараа, ажил, үйлчилгээний төлбөрийн нийт дүн нь 300 000 төгрөг, тээвэр шатахууны хэмжээ 500 000 төгрөгөөс хэтрэхгүй байна гэснийг зөрчсөн байсан. Мөн жижиг мөнгөн сангийн тайланг гаргадаггүй, томилолт болон шатахууны зарцуулалтын тооцоо хийдэггүй, бэлэн мөнгийг дур мэдэн зарцуулсан зэрэг нягтлан бодох бүртгэлээр тавих хяналтыг сулруулсан зөрчлийг гаргасан байна.

5. Гадаад, дотоод төсөл хөтөлбөр, хандив тусламж. Зарим төсөлд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулж санхүүжилт хийсэн ч явцын хяналт тавих болон үр дүнг тооцдоггүйгээс 204.4 сая төгрөгийн санхүүжилтийн гүйцэтгэлийн тайлан өгөөгүй, удирдагч олдохгүй байгаа зөрчил үүссэн байна. Энэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасан Нягтлан бодох тухай бүртгэлийг удирдан зохион байгуулах үүргийг аж ахуйн нэгж байгууллагын гүйцэтгэх удирдлага хүлээнэ гэснийг зөрчсөн байна.

Д.Э нь байгууллагын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүргээ хангалтгүй гүйцэтгэж анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг зохих журмын дагуу хөтлөөгүй, анхан шатны баримтын бүрдүүлэлт дутуу, хангалтгүй, хуулийн хүчин төгөлдөр бус баримтаар ажил гүйлгээ хийсэн, Төсөвт байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журам-ыг зөрчин дотоод томилолтын хоногийн мөнгөн дүнг буруу төсөвлөж илүү олгосон, автомашин түрээслэх гэрээ хийж мөнгө олгоод буцааж тооцоо хийгээгүй, төслийн мөнгөний зарцуулалтын тайлан аваагүй зэрэг нийт 225 638 600 төгрөгийн зөрчлийг гаргасан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан Нягтлан бодох бүртгэлийн байгууллагын санхүүд ноцтой зөрчлүүд бий болсон, Хөдөлмөрийн дотоод журмын 2.2.2 дахь заалт ...эрхэлсэн ажил, албан тушаалтан холбогдох хууль, тогтоомж, эрх зүйн актуудыг сайтар судлан чанд дагаж мөрдөх гэснийг, 2.2.5 дахь заалт Байгууллагын өмч, санхүү, хүний нөөц, сургалтын үйл ажиллагааны зохион байгуулалтыг хангаж ажиллах, тайлагнах гэснийг тус тус зөрчигдсөн гэж үзсэн.

Бны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас төсвийн ерөнхийлөн захирагчийн баталсан удирдамжийн дагуу Шгийн үйл ажиллагаанд хийсэн төлөвлөгөөт дотоод аудит нь Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйл болон Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор баталсан дотоод аудитын дүрмийн дагуу зохион байгуулсан үйл ажиллагаа болно.

Д.Этай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.5 дахь заалтад Удирдах ажилтны ёс зүйн зөрчил давтан /2 удаа/ гаргасан нь баримтаар нотлогдсон бол хөдөлмөрийн гэрээг шууд цуцалж ажлын байрны тодорхойлолтын “В.ХАРИУЦЛАГА” хэсэг болон холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл болно гэсний дагуу гаргасан зөрчлийнх нь тухайд:

1. Шгийн суурь судалгаа хариуцсан шинжээч Н.Энхжаргал нь 2018 оны 07 сард Б Ц.Цогзолмаад хандан гаргасан өргөдөлдөө “Миний бие Н.Энхжаргал нь Шд суурь судалгаа хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхад захирал Д.Э нь ажлын байранд элдвээр харааж дайрч давшилсан. Энэ үед миний бие жирэмсний 5 сартай байсан ба захирлын дээрх үйлдлээс болж гэнэтийн цочролд орж нүүр ам мурийж, хэлж ярьж чадахаа больж, хоёр гар хүзүү татаж, ухаан балартсан нөхцөл байдал үүсэхэд яасан бааштай хүүхэн бэ, өргөдлөө өгөөд зайлаарай гэх мэтээр дарамтлан доромжилж байсан. Тэр үед хэлтсийн дарга Б.Ганцэцэг түргэн тусламж дуудан Нэгдүгээр төрөхөд хүргэгдэн эмнэлгийн тусламж авсан. Тухайн үед энэ цочролд орсон байдлаасаа болж хүүхдийнхээ эрүүл мэндийн байдалд маш ихээр санаа зовж, сэтгэлийн дарамтад орж байсан. Ер нь Д.Э захирал нь ажлын хурал дээр надад хандан “элдэв асуудлаа /доодох боов боорцогны асуудлаа/ шийдэж чадахгүй жирэмсэн болсон” гэж, мөн “хамт олны дунд наад гэдсэнд чинь юм байгаа юм уу, гараагүй юм уу” гэх мэтээр удирдах ажилтны хувьд байж боломгүй ёс зүйн доголдол, харилцаа хандлагын зөрчил гаргаж ирсэнд миний хувьд маш их гомдолтой явдаг. Энэхүү асуудлыг шалган шийдвэрлэж өгнө үү” гэжээ. Уг өргөдлийг Бны ...шинжлэх ухаан, хүний нөөцийн бүрэлдэхүүн, хөдөлгөөн хариуцсан мэргэжилтэн Б.Амарбаясгалан шалган шийдвэрлэж холбогдох талуудтай /өргөдөл гаргагч Н.Энхжаргал болон ШУТСангийн захирал Д.Э нартай/ утсаар холбогдож захирал Д.Эд төрийн албаны ёс зүй, удирдах ажилтны манлайллыг хэрэгжүүлж ажиллахыг утсаар сануулж, хариуг хүргүүлсэн байна. Энэ нь Бны өргөдөл гомдлын бүртгэлийн хуудас, шийдвэрлэсэн байдлын бүртгэл, өргөдөл гаргагчийн өргөдөл болон тухайн байгууллагын ажилчдын тайлбар, мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад эрхтэй гэснийг, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7 дахь заалт, Төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.3 дахь заалт хүний нэр төр, алдар хүнд,эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэнэ гэснийг Хөдөлмөрийн гэрээний 2.2.12 дахь заалт Удирдах ажилтны ёс зүйн дүрмийг мөрдөн ажиллах гэснийг, 2.2.13 дахь заалт Хамт олныг удирдан манлайлж, байгууллагын албан хаагчдын харилцаа, дотоод уур амьсгалыг хэвийн байлгах, дэг журмыг хангах гэснийг тус тус зөрчсөн байна.

2. Шгийн хэлтсийн дарга Б.Ганцэцэг Боловсрол,соёл, шинжлэх ухааны сайдад хандан гаргасан өргөдөлдөө “Миний бие нь 2011 оноос хойш Шгийн хэлтсийн даргаар ажиллаж байна. Ажиллаж байх хугацаанд уг байгууллагад Төрийн албаны тухай хууль, Шинжлэх ухаан, технологийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журам, Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилт үндсэндээ алдагдаж байгууллагын нэр хүнд, эрх ашиг хөндөгдөж буй тул энэхүү өргөдлийг бичиж байна. Бын 2017 оны А/35 дугаар тушаалаар 23 хүний орон тоотойгоор Шгийн бүтэц, орон тоог баталсан байдаг. Гэтэл Д.Э нь тус байгууллагын нэр бүхий 12 хүнийг ажлаас халж чөлөөлж байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахаас гадна манай байгууллагын орон тоонд байхгүй А.Мандахзул гэж хүнд тушаал гарган 2017, 2018 онд цалинжуулсан. Энэ хүнийг манай байгууллагын хамт олон танихгүй...” гэжээ. Энэхүү өргөдлийн дагуу шалгаж үзэхэд тус байгууллагын бүтэц орон тоонд батлагдаагүй А.Мандахзул гэж хүнд 2017 онд 559 378 төгрөг, 2018 онд 4 240 552 төгрөгийн цалинг олгосон нь холбогдох цалингийн баримтаар нотлогдож байна.

Мөн санхүү, төлөвлөлтийн хэлтэст нэр бүхий 12 хүнийг 1-6 сарын хугацаатайгаар томилж чөлөөлсөн нь Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 5.1.5 дахь заалтад заасан санхүү төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх,, хариуцлагатай байх зарчмууд энэ байгууллагад алдагдсан байна. Энэ нь нэр бүхий 12 ажилтны ажлаас чөлөөлсөн тушаалаар нотлогдож байна.

Бнаас Д.Этай Захиргааны Ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийн дагуу сонсох ажиллагааг хийсэн боловч Сонсох ажиллагааны тэмдэглэлд гарын үсэг зураагүй байна. Сонсох ажиллагааны тэмдэглэлийг Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үүрэг гүйцэтгэгч С.Мөнхөөлэй, мэргэжилтэн Б.Амарбаясгалан нар үйлдсэн.

Иймд нэхэмжлэгч Д.Э нь Шгийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллах хугацаандаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтад заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан зөрчил гаргасан болох нь дотоодын хяналт шалгалтаар тогтоогдож санхүүгийн болон бусад төрлийн нотлох баримтаар хангалттай нотлогдож байх тул нэхэмжлэгч Д.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Д.Э нь 2016 оны 11 сарын 18-ны өдрөөс 2019 оны 1 сарын 14-ний өдрийг хүртэл Шгийн захирлаар томилогдон ажилласан. Д.Э нь удаа дараа хууль бус шийдвэр гарган улсад хохирол учруулсан.

1. Засгийн газрын эрх хэмжээнд халдаж төсвийн зардлыг үр ашиггүйгээр зарцуулж, үргүй зардал гаргаж 7 598 525 төгрөгийн хохирол учруулсан.

Д.Э нь Шгийн захирлаар ажиллаж байхдаа өөрийн эрх мэдлийг хэтрүүлэн салбарын сайдын эрх хэмжээнд халдаж Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаас давсан, холбогдох хууль тогтоомжид нийцэхгүй шийдвэр гарган хэрэгжүүлж, Шгийн 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 58 тоот тушаалаар орон тооны бус зөвлөл-ийг байгуулан, 2017 оны 7 дугаар сараас 12 дугаар сарын хооронд нийт 7 598 525 төгрөгийн цалинг ямар үүрэг гүйцэтгэсэн нь тодорхойгүй хийж хэрэгжүүлсэн ажлын гүйцэтгэл тодорхойлолт, тайлангүйгээр төсвөөс олгож үргүй зардал гаргасан. Дээрх зөрчлийг Сангийн яамны Эрсдэлийн удирдлагын газраас 2019 оны 4 дүгээр сард Ш аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар тогтоогдсон.

2. Техникчийн орон тоонд давхардуулан томилж, огт ажиллаж байгаагүй этгээдэд 3 816 300 төгрөгийн цалинг төсвөөс олгож, үргүй зардал гаргасан. Сангийн яамны Эрсдэлийн удирдлагын газраас 2019 оны 4 дүгээр сард Ш, аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар техникчийн орон тоонд Н.Сайнбилэгийг ажиллаж байх хугацаанд М.Батболд, А.Мандахзул нарыг давхардуулан томилж хөдөлмөрийн гэрээ байгуулалгүй, огт ажиллаж байгаагүй нь тогтоогдсон бөгөөд 3 816 300 төгрөгийн цалин олгосон болох нь шалгалтаар тогтоогдсон. Дээрх үндэслэлүүдээр Д.Э нь Засгийн газрын тухай хууль болон сайдын эрх хэмжээнд халдах замаар хууль бус тушаал, шийдвэр гаргаж, улсыг нийт 11 414 825 төгрөгийн хохирол учруулсан тул Д.Эаас хохирол 11 414 825 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Нэг. Засгийн газрын эрх хэмжээний хүрээнд халдаж, төсвийн зардлыг үр ашиггүйгээр зарцуулж, үргүй зардал гаргаж 7 598 525 төгрөгийн хохирол учруулсан гэх тухайд: Хариуцагч нь нэхэмжлэгчийг өөрийн эрх мэдлийг хэтрүүлэн Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасныг зөрчиж, Сайдын эрх хэмжээнд халдан Орон тооны бус зөвлөл байгуулж 2017 оны 07 дугаар сараас 12 дугаар сарын хооронд 7 598 525 төгрөгийн цалинг ямар үүрэг гүйцэтгэсэн нь тодорхойгүй, хийж хэрэгжүүлсэн ажлын гүйцэтгэл, тодорхойлолт, тайлангүйгээр төсвөөс олгож үргүй зардал гаргасан гэжээ.

Нэхэмжлэгч Д.Э нь төсвийн шууд захирагчийн хувьд Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.9-д Төсвийн шууд захирагч нь дээд шатны төсвийн захирагчийн зөвшөөрснөөр үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор байгууллагын дотоод зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсвийн хүрээнд шинэчлэн тогтоох бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, Шгийн Хөдөлмөрийн дотоод журмын 11.1.2-т Гүйцэтгэх ажил үүргийн ачаалал болон өндөр ур чадварыг нь ашиглах зорилгоор иргэнийг гэрээт ажилтнаар ажиллуулж болно гэж заасныг үндэслэн батлагдсан төсвийг хэтрүүлэлгүйгээр Орон тооны бус зөвлөлийн гишүүдийг гэрээт ажилтнаар томилсон байдаг.

Эдгээр гэрээт ажилтнууд нь 2017 оны 07 дугаар сараас 2017 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд Төсвийн ерөнхийлөн захирагчийн баталсан 2017 оны Шгийн үндсэн үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөний 1.2-т заасан Хамтын ажиллагааг уялдуулах, өргөжүүлэх, сайжруулах үйлчилгээний хүрээнд хийхээр төлөвлөсөн ажил үйлчилгээнүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажилласан ба энэ нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2-т Төсвийн шууд захирагч нь батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж заасантай нийцсэн гэж үзэж байна.

Гэрээт ажилтнаар дараах доктор, профессорууд ажиллаж 2017 оны төлөвлөгөөний 1.2-т заасан гадаадын сангуудтай холбоо тогтоох, хамтарсан төсөл хэрэгжүүлэх гадаадын шинэ түнштэй болох, гадаадтай хамтарсан төсөл хэрэгжүүлэх ажлыг амжилттай гүйцэтгэхэд зөвлөж ажилласнаас гадна зэхэц ажлын өрийг барагдуулахад бодитой хувь нэмрээ оруулан хамтарч ажилласны дүнд Шгийн үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлж, эдгээр ажлууд 100 хувийн гүйцэтгэлтэйгээр үнэлэгдсэн.

Базарын Амарсайхан /Анагаах ухааны доктор, профессор/

Санжаагийн Будням /МУИС-ийн Математикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Шинжлэх ухааны доктор, профессор/

Батжавын Батбуян /Байгалийн ухааны доктор/

Ганпүрэвийн Дугаржав /Төрийн удирдлагын доктор/

Дэндэвийн Пүрэвдаавуу /Хууль зүйн ухааны доктор/

Түүнчлэн Үндэсний Аудитын газраас Шгийн 2017 оны жилийн эцсийн санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж, 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 06/816 тоот дүгнэлтийг гаргасан ба Шинжлэх ухаан технологийн сангийн 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, цэвэр хөрөнгө/өмчийн өөрчлөлт, мөнгөн гүйлгээ болон төсвийн гүйцэтгэлийн тайланг материаллаг зүйлсийн хувьд Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, УСНББОУС-д нийцүүлж, Сангийн сайдын баталсан бодлого, журам, зааврын дагуу үнэн, бодитой, шударга илэрхийлсэн гэж дүгнэсэн.

Аудитын явцад хэд хэдэн чиглэлээр алдаа, зөрчилтэй асуудлыг дүгнэсэн байдаг ба бүтэц, зохион байгуулалт, цалин хөлс олголтын талаар хийсэн аудитын дүнд Менежментийн захидлаар зөвхөн ШУТС-ийн хүрээлэнгүүдийн удирдлага, зохион байгуулалтын бүтцийн тухайд зөвлөмж өгснөөс бус ШУТС-ийн бүтэц, зохион байгуулалт, түүнчлэн Орон тооны бус зөвлөлийн гишүүд буюу гэрээт ажилтнуудад урамшуулал олгосон үйлдэл нь хуульд нийцээгүй гэх дүгнэлтийг огт хийгээгүй байдгийг шүүхээс анхаарч үзэхийг хүсье.

Хоёр. Техникчийн орон тоонд давхардуулан томилж, огт ажиллаж байгаагүй этгээдэд 3 816 300 төгрөгийн цалинг төсвөөс олгож, үргүй зардал гаргаж хохирол учруулсан гэх тухайд: Хариуцагч нь Сангийн яамны Эрсдэлийн удирдлагын газраас 2019 оны 04 дүгээр сард хийгдсэн Шинжлэх ухаан технологийн сангийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн шалгалт-ын тэмдэглэлийг үндэслэн нэхэмжлэгчийг Н.Сайнбилэгийг ажиллаж байх хугацаанд М.Батболд, А.Мандахзул нарыг техникчийн орон тоонд давхардуулан томилсон, хөдөлмөрийн гэрээ байгуулалгүй, огт ажиллаж байгаагүй нь тогтоогдсон гээд 3 816 300 төгрөгийн цалин олгосныг нэхэмжлэгчээс гаргуулахаар шаардаж буй нь хууль зүйн үндэслэлгүй.

Нэхэмжлэгч Д.Э нь тухайн үед ажиллаж байсан Санхүү, төлөвлөлтийн хэлтсийн даргын танилцуулснаар А.Мандахзулыг Захиргаа, хяналт шинжилгээний хэлтэст техникчээр томилсон ШУТС-ийн Захирлын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 81 дүгээр тушаалд гарын үсэг зурсан юм.

Учир нь Санхүү, төлөвлөлтийн хэлтэс нь өөрсдийн хэлтсийн чиг үүргийнхээ хүрээнд байгууллагын өр, авлага буюу 2002 оноос хойш үүссэн зэхэц ажлын өр, авлагыг барагдуулах, бууруулах ажлыг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж, улмаар хууль эрх зүйн мэдлэг, боловсролгүй учир авлага барагдуулах ажлыг мэргэжлийн хүнээр гүйцэтгүүлэх үүднээс 2017 оны 12 дугаар сард А.Мандахзулыг өр авлага барагдуулах ажилд томилон ажиллуулахаар шийдвэрлэсэн.

Улмаар Санхүү, төлөвлөлтийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Отгонжаргал нь А.Мандахзулыг техникчээр ажиллуулахын зэрэгцээ өр авлагаа бууруулах боломжтой болохыг нэхэмжлэгчид тайлбарлан танилцуулсны дагуу Төсвийн ерөнхийлөн захирагчийн баталсан Шгийн 2018 оны жилийн төлөвлөгөө-ний 2.4-т заасан ажлыг гүйцэтгүүлэх учир Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т Батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох, 16.5.9-д заасныг тус тус үндэслэн батлагдсан төсөв, цалингийн санг хэтрүүлэлгүйгээр уг ажлыг гүйцэтгүүлэхийг Санхүү, төлөвлөлтийн хэлтсийн даргад сануулж, 81 дүгээр тушаалд гарын үсэг зурсан нь Б.Отгонжаргалын тайлбар, тодорхойлолтоор тогтоогдоно.

Ийнхүү А.Мандахзул нь хэдийгээр техникчийн албан тушаалд томилогдсон боловч байгууллагад үүсээд байсан зэхэц ажлын өр, авлагыг бууруулж нийт 60.3 сая төгрөгийн авлагыг бууруулахад Шинжлэх, ухаан технологийн сантай хамтран ажилласан байдаг ба нэхэмжлэгчийн хувьд огт байхгүй, ажил үүрэг гүйцэтгээгүй этгээдийг ажилд томилж, цалин хөлсийг нь авч хувьдаа завшаагүй, А.Мандахзулын өөрийнх нь харилцах дансаар цалин хөлс нь олгогдсон болно.

Эцэст нь нэхэмжлэгч Д.Э нь Шгийн Захирлаар ажиллах хугацаандаа Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн, Төсвийн ерөнхийлөн захирагчид мэдэгдэж, түүний зөвшөөрлөөр аливаа арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж, байгууллагын үйл ажиллагааны үр дүн, гадаад, дотоод хамтын ажиллагаа, ашигт ажиллагааг нэмэгдүүлж ажилласнаас бус байгууллагад санхүүгийн хохирол учруулах, өмч хөрөнгийг хувьдаа завшиж ашиг хонжоо олох үйлдлийг огт гаргаж байгаагүй.Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчийг төсвийн хөрөнгөөс үргүй зардал гаргаж, байгууллагад гэм хорын хохирол учруулсан гэж нийт 11 414 825 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байх ба энэ тохиолдолд гэм хор учруулагчийн хууль зөрчсөн үйлдэл, түүнээс учирсан гэм хор нь шалтгаант холбоотой байх учиртайгаас гадна гэм хор учруулсан этгээдийн гэм буруу тогтоогдсон байх шаардлагатай.

Гэтэл Үндэсний аудитын газрын 2017, 2018 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлан, дүгнэлт болон нэхэмжлэгчийг ажлаас халах үндэслэл болсон Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Дотоод аудитын ажлын тайлангаар сөрөг нэхэмжлэлд дурдсан зөрчлүүд тогтоогдоогүй, Д.Эыг хууль тогтоомж зөрчиж байгууллагад хохирол учруулсан, уг хохирлыг нэхэмжлэгч Д.Эаар төлүүлэхээр акт тогтоосон үйл баримт огт байхгүй болохыг шүүхээс анхаарна уу гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2019/02176 дугаар шийдвэрээр: Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2. дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Эыг Бны Шинжлэх ухаан технологийн сангийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, шаардлагаас Бын 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/02 тоот тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Бнаас олговорт 11 912 555 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Эд олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан олговорт олгогдох 11 912 555 төгрөгөөс шимтгэл хураамжийг холбогдох байгууллагад нь төлж, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны сар тутмын нөхөн бичилтийг зөвтгөн хийхийг хариуцагч Банд үүрэг болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Бнаас хариуцан төлөх улсын тэмдэгтийн хураамжид үндсэн шаардлагад 70 200 төгрөг, олговорт гаргуулсан дүнгээс тооцон 205 551 төгрөг бүгд 275 751 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 332 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2019/02176 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275 751 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2019/02176 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 332 тоот магадлалыг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нэг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль буруу тайлбарлан хэрэглэсэн.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр болсон шүүх хуралд хариуцагч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт зааснаар “эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй” гэж заасны дагуу Д.Эд тус ажлаас халсан тушаалын үндэслэл болсон зөрчлүүдэд холбогдох асуудлаар Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд хэргийг тухайн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэж дууссаны дараа хэргийг шийдвэрлэх хүсэлтийг өгсөн боловч шүүхээс хүсэлтийг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн, гомдол гаргах эрхгүйгээр шийдвэрлэж, шүүх хурлыг шууд явуулсан нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зохигчийн эрхийг хязгаарласан болно.

Д.Эд сөрөг нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар Эрүүгийн хэрэг үүсгэн, Шинжлэх ухаан технологийн санг хохирогчоор тогтоосон атал шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсгийг хэрэглээгүй нь хуульд заасан үндэслэл журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй юм.

2. Шүүгчээс татгалзан гаргасан хүсэлтийг шүүгч хүлээн аваагүй.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр болсон шүүх хуралд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3 дахь хэсэгт зааснаар “...хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, түүнчлэн уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал” буюу уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байгаа талаар дурдаж хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийг шүүгч хүлээн аваагүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар “Энэ хуулийн 91 дүгээр зүйлд заасан татгалзан гарах үндэслэл байвал шүүгч, иргэдийн төлөөлөгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга энэ тухайгаа шүүх хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэж татгалзан гарах үүрэгтэй.” гэж заасныг зөрчсөн болно.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 332 тоот магадлалын хянавал хэсэгт “...Хэргийн оролцогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлтийг хуульд зааснаар шийдвэрлэсэнтэй холбоотойгоор шүүгчээс татгалзаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан үндэслэлд хамаарахгүй.” гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь өөрөө тухайн хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх үндэслэл бүхий эргэлзээ байдаг. Шүүгч нь илтэд хувийн ашиг сонирхол, хэргийг шийдвэрлэх ашиг сонирхлын үүднээс асуудалд хандаж буй эсэх нь түүнийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх эргэлзээг бий болгодог.

Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн бөгөөд татгалзан гарах үндэслэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хамаарахгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно.

3. Хариуцагчийн гаргасан нотлох баримтад үзлэг хийлгэх хүсэлтийг хангаагүй ба мэтгэлцэх зарчим хангаагүй.

Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн хүрээнд нэхэмжлэгчийн зүгээс нотлох баримтыг гаргахдаа эх хувиар нь гаргасан. Тус нотлох баримт нь Шд хадгалагдах нотлох баримт байсан бөгөөд ямар шалтгаанаар нэхэмжлэгчид байгаа талаар нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий эргэлзээ төрсөн учраас Шд байгаа баримт бичгийн бүртгэлд үзлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэг, 25 дугаар зүйлийн 25.1.3 дахь хэсэгт заасан зохигчийн эрхийг хязгаарлаж, мэтгэлцэх зарчмыг хангаагүй болно.

4. Хариуцагчийн зүгээс болон Шгийн зүгээс гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээн аваагүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүхэд гаргасан хүсэлтдээ хэдийгээр Б нь Д.Эыг томилсон боловч Д.Э нь Баас цалин хөлс авч ажил үүрэг гүйцэтгэдэг албан тушаал биш. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн эрх зүйн харилцааны маргааныг ажил олгогчид гаргадаг. Иймд Шг гуравдагч этгээдээр татах зүйтэй гэж үзэн хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээн аваагүй, гуравдагч этгээдийг оролцуулахаас татгалзсан болно.

5. Б нь хэргийн жинхэнэ хариуцагч биш.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар “...Нэхэмжлэгч уг нэхэмжлэлийг гаргах эрхгүй, эсхүл хариуцагч уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийг жинхэнэ нэхэмжлэгчээр, хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар тус тус сольж болно.” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, шүүх болон нэхэмжлэгчийн зүгээс жинхэнэ хариуцагч биш болох талаар нотлогдсон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Д.Э нь Шгаас цалин хөлс авч байсан нотлогдсон атал шүүх хариуцагчийг солих ажиллагааг хийгээгүй, нэхэмжлэгчээс тодруулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэхгүй байна.

Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэг “ажил олгогч” гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг, 3 дугаар зүйлийн 3.1.6 дэх хэсэгт “ажил олгогчийн төлөөлөгчид” гэж аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, ажил олгогчоос эрх олгосон этгээд буюу дүрэмдээ ажил олгогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах үүрэг хүлээсэн байгууллагыг хэлнэ гэж заасан бөгөөд Б нь ажил олгогч биш, Д.Э нь Баас цалин хөлс авч ажиллаж буй этгээд бус харин Шгаас цалин хөлс авч, ажил үүрэг гүйцэтгэж байсан этгээд юм. Б нь өмчлөгч, хувь эзэмшигчийг төлөөлөн үйл ажиллагаа явуулж буй этгээд болохоос ажил олгогч биш атал шүүхээс хариуцагчаар татан, ажил олгогч гэж үзсэн нь хуульд нийцэхгүй байна.

Хоёр. Нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитой үнэлээгүй.

1. Үндэсний аудитын газрын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 06/604 тоот нотлох баримтыг үнэлээгүй.

2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2019/02176 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Сангийн яамны санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газраас 2019 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр эхэлж 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр дууссан, Шгийн 2017, 2018 оны Санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын материал /хэргийн 3-р хавтас 90-107 дахь тал/ мөн ажлаас халах ажил олгогчийн шийдвэрийн үндэслэл болохгүй, үйл баримт бий болсноос хойш үйлдэгдсэн байна” гэжээ.

Хариуцагчийн зүгээс ажлаас халсан үндэслэлийг тухайн үед авсан санхүүгийн баримтууд, холбогдох тушаал шийдвэрээр зөрчлийг тогтоосон бөгөөд хожим тэрхүү баримтууд дээр тулгуурласан санхүүгийн хяналт, шалгалтаар тогтоогдсон гэдгийг нотолж, нотлох баримтыг гаргасан нь нотлох баримтыг үнэлэхгүй байх, нотлох баримтаас хасах хууль зүйн үндэслэл болохгүй. Нөгөө талаар сөрөг нэхэмжлэлийн хүрээнд гаргасан нотлох баримтыг шүүх үнэлээгүй байна.

2. Сангийн яамны санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газраас гаргасан хяналт шалгалтын дүгнэлт, тайланг нотлох баримтаар үнэлээгүй.

2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2019/02176 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Үндэсний аудитын газрын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 06/604 тоот Шгийн 2018 оны дуусгавар болсон санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайлангийн аудит /хэргийн 2-р хавтас 246-250, 3-р хавтас 1-9 дэх тал/ мөн цаг хугацааны хамаарахгүй” гэжээ.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч Д.Эд холбогдуулж гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа өөрийн төрсөн дүү, мөн огт ажиллаж байгаагүй этгээдүүдэд, мөн Бын эрхлэх асуудлын хүрээнд байгууллагын бүтэц орон тоонд байхгүй этгээдүүдэд цалин хөлс олгож, төсвийг үргүй зарцуулсан тул хохирол барагдуулах сөрөг нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүхээс тухайн нотлох баримтыг үнэлээгүй нь хэргийг тал бүрээс нь бодитой шийдвэрлэх, нотлох баримтыг үнэлээгүй болох нь тогтоогдож байна.

Гурав. Хөдөлмөрийн тухай хууль буруу тайлбарлан хэрэглэсэн.

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2019/02176 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Д.Э Бтай 2017 оны 12 дугаар сарын 19-ны өдөр Төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээг байгуулсан, Д.Эын үүрэг ажлаас нь чөлөөлсний маргааш нь энэхүү үр дүнгийн гэрээг дүгнэсэн Бын 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/15 дугаар тушаалаар Д.Эын ажлыг гэрээний жилийн ажлыг дүгнэж, 96.4 буюу А ба маш хангалттай гэсэн үнэлгээ /1-р хавтас 44-48 дахь тал/ өгсөн нь нэхэмжлэгч Д.Эыг санхүү, эд хөрөнгөтэй холбоотой ноцтой зөрчил гаргасан, удирдах ажилтны манлайлал, ёс зүйг чанд баримтлан ажиллаагүй гэж үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үндэслэлээ ажил олгогч өөрөө үгүйсгэн маш хангалттай гэж дүгнэсэн байна” гэжээ.

Д.Эыг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил, сахилгын давтан зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасан “...40.1.2.ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон;” гэсэн үндэслэлээр чөлөөлөөгүй. Өөрөөр хэлбэл, үр дүнгийн гэрээ нь 96.4 хувьтай гарсан нь ажил мэргэжилдээ тэнцэж буй эсэхийг тодорхойлох нотлох баримт болохоос тухайн байгууллагын аливаа хэм хэмжээ, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн тодорхой нэг үүргийг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүйг нотлох баримт болохгүй юм. Гэтэл шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэгт ач холбогдолгүй нотлох баримтыг шийдвэрийн гол үндэслэл болгосон нь хууль буруу тайлбарлан хэрэглэх үндэслэл гэж үзэх үндэслэлтэй.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2019/02176 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Д.Эын Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.3 дахь заалтад Байгууллагын санхүү, эд хөрөнгөтэй холбоотой ноцтой зөрчил гаргасан нь эрх бүхий байгууллагын шалгалт, хууль хяналтын байгууллагын актаар нотлогдсон бол гэж үзэх хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах хөдөлмөрийн сахилгын зөрчил буюу сахилгын ноцтой зөрчилд хамааралгүй” гэжээ.

Д.Этай байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан ноцтой зөрчлийн шинжийг агуулсан, талууд харилцан тохиролцсон хүчин төгөлдөр гэрээний заалт бөгөөд шүүхээс дээрх гэрээний заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил биш гэж хууль буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Монгол Улсын Дээд шүүхийн “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 2006 оны 33 дугаар тогтоолын 15 дугаар зүйлийн 15.4.2 дахь хэсэгт “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан “ноцтой зөрчил” гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол  зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна.” гэж заасан бөгөөд шүүхээс эд хөрөнгийн хохирол учруулах үйлдлийг заасан гэрээний заалтыг ямар үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил биш гэж үзсэн нь тодорхойгүй байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2019/02176 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 332 тоот магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаана уу гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, өмгөөлөгч Д.Т нар хяналтын гомдолд гаргасан хариу тайлбартаа: Нэг: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын ноцтой зөрчсөн” гэх гомдол үндэслэлгүй болох тухайд:

1.  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо “Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасныг зөрчиж, Д.Эыг ажлаас халсан тушаалын үндэслэл болсон зөрчлүүдэд холбогдох асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа учраас хэргийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг шүүхэд гаргасан боловч шүүхээс хүсэлтийг хангаагүй, гомдол гаргах эрхгүйгээр захирамжилсан нь хуульд заасан зохигчийн эрхийг хязгаарласан” гэж гомдсон нь үндэслэлгүй байна.

Хариу тайлбар:

Анхан шатны шүүх хуралдааны хүсэлт хэлэлцэх шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс иргэн н.Ганцэцэг гэх хүнээс Авлигатай тэмцэх газарт Д.Эыг ажлаас халсан тушаал, хөдөлмөрийн маргаантай нь холбогдуулан гомдол гарган шалгуулж байгаа учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар эрүүгийн хавтаст хэргээс нотлох баримтууд гаргуулах, 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар иргэний хэргийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг шүүх хуульд нийцүүлэн шийдвэрлэсэн.

Учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлт нь тухайн асуудлаар эрүүгийн хэрэг үүссэн эсэх, иргэн Д.Эыг холбогдуулан эрүүгийн ямар хэрэгт шалгаж байгааг нотлох ямар ч баримтгүй, мөн иргэний хэрэгт хамааралтай. ач холбогдолгүй нотлох баримтуудыг гаргуулах хүсэлт гаргасныг шүүгч захирамжаараа хангалгүй орхисон бөгөөд энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой туссан болно.

2.  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр болсон шүүх хуралд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүгчээс татгалзан гаргах тухай хүсэлтийг гаргасан боловч шүүх хүлээн аваагүй гэж гомдсон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хариу тайлбар:

2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн анхан шатны шүүх хуралдаан дэгийн дагуу эхэлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шүүгчийг татгалзан гаргах үе шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзал байхгүй гэдгээ илэрхийлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байдаг.

Шүүх хуралдааны хүсэлтийн үе шатанд талуудын гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэсний дараа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний гаргасан хүсэлтүүдийг хангаагүй учраас шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргасан бөгөөд энэхүү үйлдлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасан үндэслэл тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй юм.

Учир нь шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсантай нь холбогдуулж, шүүгчийн гаргасан захирамжийг зохигч эсэргүүцсэн нь шүүгчийг татгалзан гаргах үндэслэл болохгүй тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасныг баримтлаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангахаас анхан шатны шүүх татгалзаж шийдвэрлэсэн болно.

3.  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хяналтын журмаар гаргасан гомдолдоо “Хариуцагчийн нотлох баримтанд үзлэг хийх тухай хүсэлтийг хангаагүй ба мэтгэлцэх зарчмыг хангаагүй гэж гомдсон нь үндэслэлгүй байна.

Хариу тайлбар:

Нэхэмжлэгчээс Шинжлэх ухаан технологийн сантай гэрээ байгуулан, төслийн зөвлөхөөр ажилласан шинжлэх ухааны доктор С.Будням, Б.Амарсайхан, Б.Батбуян, Г.Дугаржав, Д.Пүрэвдаавуу нарын ажлын тайлангийн нэг хувийг сэтгүүл дээр хэвлэх зорилгоор өөртөө хадгалж байсан хувийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд эдгээр зөвлөхүүд нь тухайн үед тус санд ажлаа тайлагнаж, тайлангийн хувийг санд хүргүүлж байсан учраас бичиг хэргийн бүртгэлийг хариуцагч тал өөрөө шүүхэд гаргаж өгөх боломжтой нотлох баримт юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар өөрөө олж авах боломжгүй нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх тухай хуулийн зохицуулалт бөгөөд хариуцагчийн гаргасан үзлэг хийлгэх хүсэлтийн тухайд Бны харьяа Шгийн бичиг хэргийн бүртгэлийг шүүхэд авчрах боломжгүй эсхүл өөрөө олж авах боломжгүй нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй тул анхан шатны шүүх хүсэлтийг хангалгүй орхисон нь хуульд нийцсэн болно.

4.  Хариуцагчийн зүгээс Шг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээн аваагүй” гэж гомджээ.

Хариу тайлбар:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Шг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргахдаа Б нь Д.Эыг томилсон этгээд нь боловч цалин хөлсийг сайдаас авдаг албан тушаал биш, өөрөөр хэлбэл хөдөлмөрийн эрх зүйн маргааныг ажил олгогчид гаргадаг учраас Шинжлэх ухаан технологийн санг гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч Д.Эыг Бын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар Шгийн захирлын ажилд томилж, Бын 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар ажлаас халсан байдаг.

Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 -д “ажил олгогч” гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг; мөн хуулийн 24 дүгээр 24.1-д “Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй,” мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогч шууд цуцлах эрхтэй гэж тус тус заасны дагуу Б нь хөдөлмөрийн гэрээ болон үр дүнгийн гэрээг иргэн Д.Этай байгуулж, түүнийг ШУТС-ын захирлын ажил албан тушаалд томилж, мөн ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн тушаалыг гаргасан ажил олгогч болно.

Гэтэл хариуцагчийн зүгээс Бын тушаалын хууль зүйн үндэслэлийн тухайд маргаж буй хөдөлмөрийн маргаанд, уг маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй, мөн хууль ёсны эрх ашиг сонирхол нь хэрхэн хөндөгдөж байгаа нь тодорхойгүй этгээд болох Шг гуравдагч этгээдээр оролцуулах хууль зүйн үндэслэлгүй юм.

Хоёр: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитой үнэлээгүй” гэх гомдол нь үндэслэлгүй болох тухайд.

1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хяналтын журмаар гаргасан гомдолдоо Үндэсний аудитын газрын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 06/604 тоот нотлох баримтыг үнэлээгүй гэжээ.

Хариуцагчаас Бны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дүгнэлтээр байгууллагын санхүү, эд хөрөнгөтэй холбоотой ноцтой зөрчил гаргасан, уг аудитын дүгнэлтэд дурдсан зөрчлийг арилгаагүй байсан учраас ажлаас чөлөөлөх үндэслэл болсон гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн.

Бны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газраас тус байгууллагын холбогдох материалуудыг татан авч, шалгалт хийж байсан боловч тухайн шалгалттай холбоотой аливаа дүгнэлт тайлан гарсан эсэх талаар Д.Эд огт танилцуулж байгаагүй, үүнтэй холбоотой тайлбар авах, шаардлага хүргүүлэх зэрэг ажиллагааг Шгийн захирлаар нэхэмжлэгчийг ажиллаж байх үед албан ёсоор нэг ч удаа тавьж байгаагүй болно. Мөн энэхүү Аудитын дүгнэлттэй холбогдуулан ямар нэгэн өр төлбөр, санхүүгийн зөрчлийн талаар ямар ч акт гаргаагүй атлаа ажлаас халах үндэслэл болгосон. Харин Д.Эыг ажлаас чөлөөлөх тушаал гарсны дараа буюу 2019 оны 03 дугаар сард Шинжлэх ухаан технологийн сангийн Санхүү төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Отгонжаргалд дээрх дүгнэлтийг танилцуулсан байдаг.

Гэтэл Б 2019 оны 01 дүгээр сарын 14- ний өдөр Б/02 дугаар тушаал гаргахдаа Шинжлэх ухаан технологийн сангийн захиралд албан ёсоор нэг ч удаа мэдэгдэж танилцуулаагүй аудитын дүгнэлтийг үндэслэн, Д.Э нь байгууллагын санхүү, эд хөрөнгөтэй холбоотой ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн боловч үүнээс хойш 1 өдрийн дараа буюу 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр А/15 дугаар тушаалаар Д.Эын 2018 онд хийж гүйцэтгэсэн ажилд 96.4 оноо буюу “А” үнэлгээ өгч, хуульд заасан журмын дагуу цалин урамшуулал олгох шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн, үндэслэлгүй тушаалаар ажлаас чөлөөлсөн болохыг нь давхар нотлож байна.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Сангийн яамны санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газраас гаргасан хяналт шатлаглтын дүгнэлт тайланг нотлох баримтаар үнэлээгүй гэж гомдсон баина.

Анхан шатны шүүх “Сангийн яамны санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газраас 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр эхэлж, 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр дууссан, Шинжлэх ухаан технологийн сангийн 2017, 2018 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын материал нэхэмжлэгчийг ажлаас халах ажил олгогчийн шийдвэрийн үндэслэл болохгүй, үйл баримт бий болсноос хойш үйлдэгдсэн байна”, Үндэсний аудитын газрын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 06/604 тоот Шинжлэх ухаан технологийн сангийн 2018 оны дуусгавар болсон санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайлангийн аудит мөн цаг хугацааны хувьд хамаарахгүй” гэж үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн болно.

Учир нь нэхэмжлэгч Д.Эыг 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хариуцагч нь ажлаас халсан тушаал гаргасан атлаа цаг хугацааны хувьд үүнээс хойш 3 сарын дараа шалгасан гэх тайланг үндэслэн маргаж байгааг шүүх хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг няцааж буй хууль зүйн үндэслэлтэй нотлох баримт гэж дүгнэх боломжгүй юм.

Хариуцагч нь Д.Эыг Бын эрхлэх асуудлын хүрээнд байгууллагын бүтэц орон тоонд байхгүй этгээдүүдэд цалин хөлс олгож, төсвийг үргүй зарцуулсан гэх сөрөг нэхэмжлэлийг гаргаж маргасан боловч Д.Э нь төсвийг хэтрүүлэн зарцуулаагүй, огт ажиллаагүй этгээдэд цалин хөлс олгосон гэх үйл баримт тогтоогдоогүй бөгөөд хариуцагчаас хэн хэзээ бичсэн нь тодорхойгүй, нэхэмжлэгчийг ажлаас халсан үйл баримтаас хойш огноо бүхий сүүлд нөхөж хийсэн тодорхойлолт, мэдүүлэг зэрэг баримтуудыг шүүх үнэлээгүй гэж гомдож байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Гурав: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх гомдлын тухайд:

1.  Хариуцагчаас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас халснаас бус 40 дүгээр зүйлийн 40.1,2-т заасан үндэслэлээр халаагүй байхад анхан шатны шүүх Б нь үр дүнгийн гэрээг 96.4% гэж үнэлснийг ажил олгогч өөрөө ажлаас чөлөөлсөн үндэслэлээ үгүйсгэсэн гэж шүүх дүгнэсэн хэмээн гомджээ.

Анхан шатны шүүх “...Д.Эыг үйл ажиллагаандаа төрийн удирдах ажилтны манлайлал, ёс зүйг чанд баримтлан ажиллаагүй гэж зааж тушаалын үндэслэлээ гаргасан атлаа 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр А/15 дугаар тушаалаар гэрээний жилийн ажлыг дүгнэн 96.4%, “А”          үнэлгээ буюу “маш хангалттай” гэсэн үнэлгээг өгсөн нь санхүү, эд хөрөнгөтэй холбоотой ноцтой зөрчил гаргасан, удирдах ажилтны манлайлал, ёс зүйг чанд баримтлан ажиллаагүй гэж үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үндэслэлээ үгүйсгэсэн гэж зөв зүйтэй дүгнэсэн.

Нөгөөтэйгүүр Д.Эыг ёс зүйн зөрчил давтан гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй талаар шүүх зөв зүйтэй дүгнэсэн ба зөрчил тус бүрээр ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон байх хуулийн шаардлагыг ажил олгогч хангаагүй атлаа ажлаас халсан нь үндэслэлгүй тухайд хоёр шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн болно.

2.  Хариуцагчаас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн, анхан шатны шүүх Д.Эын Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.3-т заасныг сахилгын ноцтой зөрчилд хамаарахгүй гэж дүгнэсэн гэж гомджээ.

Анхан шатны шүүхээс Үндэсний аудитын газраас Шгийн 2017 оны жилийн эцсийн санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж гаргасан 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 06/816 тоот дүгнэлтийг үндэслэн, нэхэмжлэгч Д.Эыг Шинжлэх ухаан технологийн сангийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа хохирол учруулсан үйлдэл тогтоогдохгүй байна гэж дүгнэн, нотлох баримтыг зөв үнэлж, хуулийг зөв тайлбарлан, хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Учир нь Б 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Б/02 дугаар тушаалыг гаргах тухайн цаг үед 2019 оны жилийн эцсийн аудитын дүгнэлт гараагүй, эрх бүхий байгууллагаас албан ёсоор нэхэмжлэгчийг байгууллагад хохирол учруулсан болохыг тогтоосон тушаал шийдвэр гараагүй, хариуцагчаас шүүхэд ирүүлсэн Бны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын тайланг иргэн Д.Эд танилцуулаагүй, хуульд заасны дагуу сонсох ажиллагаа хийгээгүй, холбогдох тайлбарыг авалгүйгээр ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн тухайд анхан шатны шүүх зөв зүйтэй дүгнэсэн байдаг.

Улсын дээд шүүхийн 2006 оны Хөдөлмөрийн хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 15 дугаар зүйлийн 15.4.2-т “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4,-т заасан “ноцтой зөрчил” гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг нсчггой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна”, тогтоолын 15 дугаар зүйлийн 15.5-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан “ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй” нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байвал зохино” гэж заасан бөгөөд ажил олгогч нь нэгд: ажилтан нь сахилгын ноцтой зөрчил гаргасан болох нь урьдчилан тогтоогдсон байх хуулийн шаардлагыг ажил олгогч зөрчсөн, хоёрт: нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаалын үндэслэлдээ Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтыг баримтлаагүй атлаа нэхэмжлэлийн шаардлагыг няцаах үндэслэлийг (мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтад хамаарахгүй үндэслэлээр тайлбарлаж буй тухайд хоёр шатны шүүх зев зүйтэй дүгнэж, хуульд нийцүүлэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол нь хууль зүйн үндэслэлгүй байх тул иргэн Д.Эын нэхэмжлэлтэй, Бад холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцээд гаргасан Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2019/02176 дугаар шийдвэр болон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 332 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт олуулж шийдвэрлэв.

Д.Э нь Банд холбогдуулан хууль зөрчиж ажлаас чөлөөлсөн Бын 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/02 тушаалыг хүчингүй болгож, Шинжлэх ухаан технологийн сангийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, удаа дараа хууль бус шийдвэр гаргаснаас 11 414 825 төгрөгийн хохирол учруулсныг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх Д.Эыг Шинжлэх ухаан технологийн сангийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 11 912 555 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар, дээрх олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

  1. Үндсэн нэхэмжлэлийн талаар:

Монгол Улсын Бын 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/02 тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., Б-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дүгнэлт, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2/10 дугаар албан бичиг зэргийг үндэслэн Д.Эыг үйл ажиллагаандаа төрийн удирдах ажилтны манлайлал, ёс зүйг чанд баримтлан ажиллаагүй гэх үндэслэлээр Шгийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас чөлөөлжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж, 131 дүгээр зүйлийн 131.2.-т сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж тус тус зохицуулсан бөгөөд ажилтны гаргасан сахилгын болон ноцтой зөрчил тогтоогдсон байхыг шаардана.

Хариуцагчаас нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан нь  Б-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дүгнэлтээр тогтоогдсон гэжээ.

Нэхэмжлэгчийг ноцтой зөрчил гаргасныг тогтоосон Б-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дүгнэлт 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гарсан байх тул энэ хугацааг зөрчил илэрсэн гэж үзэх бөгөөд ажил олгогч 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр тушаал гаргасан нь дээрх дүгнэлт гарснаас хойш ажилтанд хариуцлага тооцох хуульд заасан хугацаа өнгөрснөөс гадна хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ямар ноцтой зөрчлийг гаргасан талаар тушаалд заагаагүй тул ажилтныг хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн байна.

Мөн нэхэмжлэгч Д.Эыг удирдах ажилтны манлайллыг зөрчиж, ёс зүйн зөрчлийг давтан гаргасан нь Шгийн суурь судалгаа хариуцсан шинжээч Н.Энхжаргал, хэлтсийн дарга Б.Ганцэцэг нарын БСШУС-ын сайдад гаргасан өргөдлөөр нотлогдсон гэжээ.

Дээрх өргөдөлд үндэслэн нэхэмжлэгчид мэдэгдсэн, хариуцлага тооцсон үндэслэл бүхий баримтгүй, өргөдөлд заасан ёс зүйн зөрчил гаргасан нь баримтаар нотлогдоогүй, улмаар ажил олгогч ажилтантай байгуулсан Үр дүнгийн гэрээг дүгнэхдээ тухайн жилийн турш ёс зүйн зөрчил гаргаагүй, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж ажилласан гэх үндэслэлээр 2017, 2018 оны ажлыг “А” үнэлгээтэй дүгнэж байсныг үндэслэн Д.Эыг ёс зүйн зөрчлийг давтан гаргасан гэж үзэхгүй гэх хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх ажилтныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцээгүй гэх үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ зохигчийн хооронд үүссэн маргаантай харилцааг зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байх тул нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаарх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

  1. Сөрөг нэхэмжлэлийн талаар:

Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1.-д хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ гэжээ.

Хариуцагч Б нэхэмжлэгч Д.Эыг ажил үүргээ гүйцэтгэж байхдаа төсвийн зардлыг үр ашиггүй зарцуулж 7 598 525 төгрөгийн үргүй зардал гаргасан, техникчийн орон тоонд давхардуулан томилж, огт ажиллаагүй хүнд 3 816 300 төгрөгийн цалинг төсвөөс олгож, нийт 11 414 825 төгрөгийн хохирол учруулсан тул гэм хорын хохиролд дээрх төлбөрийг гаргуулахаар нэхэмжилжээ.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь 2017 оны төлөвлөгөөний 1.2.-т заасан “Хамтын ажиллагааг уялдуулах, өргөжүүлэх, сайжруулах үйлчилгээ”-ний хүрээнд 2017 оны 07-12 сарын хооронд Б.Амарсайхан /Анагаах ухааны доктор, профессор/, С.Будням /МУИС-ийн математикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, ШУ-ны доктор, профессор/, Б.Батбуян /Байгалийн ухааны доктор/, Г.Дугаржав /Төрийн удирдлагын доктор/, Д.Пүрэвдаавуу /Хууль зүйн ухааны доктор/ нарын 5 хүний бүрэлдэхүүнтэй орон тооны бус зөвлөл ажиллуулж, гэрээт ажилтнуудад нийт 7 598 525 төгрөгийн урамшуулал олгосон, байгууллагын Санхүү төлөвлөлтийн хэлтсийн даргын танилцуулснаар, тус хэлстийн чиг үүргийн хүрээнд байгууллагын өр авлагыг барагдуулахаар батлагдсан цалингийн хязгаарт багтааж А.Мандахзулыг ажиллуулж, цалин хөлсийг нь олгосон нь тогтоогджээ.

Ажил олгогчийн дээрх шийдвэр, гаргасан зардал Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.9., 16.5.3., Шгийн Хөдөлмөрийн дотоод журмын 11.1.2. дахь заалтын хүрээнд хэрэгжсэн тул үргүй зардал гаргаж, улсын төсөвт хохирол учруулсан гэх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг үндэслэлгүй талаар хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн боловч анхан шатны шүүх шүүхийн шийдвэрт шийдвэрлэлгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүх магадлалын үндэслэлд дүгнэсэн боловч шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.-т заасан шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Иймд хяналтын шатны шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн алдааг засч, нэхэмжлэгчид Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1.-д заасан  хариуцлага хүлээлгэх үндэслэл тогтоогдоогүй гэх үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

  1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухай гаргасан гомдлын талаар:

а/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4.-дэх заалтыг зөрчсөн гэжээ.

Иргэний хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4.-т “эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэхээр заажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгч Д.Эд ажлаас халах тушаалын үндэслэл болсон зөрчлүүдэд холбогдох асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэх үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан боловч хүсэлттэй холбогдсон тайлбараа баримтаар нотлоогүй, дээрх баримтыг гаргуулахаар шүүх хуралдаанд хүсэлт гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай болохыг нотлоогүй тул нотлох баримт бүрдүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг хангахаас татгалзсан нь хууль зөрчөөгүй гэж үзнэ.

б/ шүүгчээс татгалзан гарах хүсэлтийг шүүгч хүлээн аваагүй гэжээ.

 Шүүх хуралдаан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Аравдугаар бүлэгт заасан дэгийн дагуу явагдана, хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.-т зааснаар энэ хуулийн 84 дүгээр зүйл, 91 дүгээр зүйлийн 91.1.-д зааснаас бусад үндэслэлээр шүүгчийг татгалзаж үл болно.

Шүүгч хуульд зааснаар шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүнийг танилцуулж, хэргийн оролцогчид татгалзан гаргах эрхийг танилцуулсны дараа хариуцагч шүүгчээс татгалзахгүй гэсэн бөгөөд улмаар хуралдааны дэгийн дагуу хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой хүсэлтийг шийдвэрлэсний дараа хүсэлт шийдвэрлэсэн шүүгчийн захирамжтай холбогдуулан хариуцагч шүүгчээс татгалзсан нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ.

Хариуцагчийн дээрх хүсэлт шүүгчийг татгалзан гаргах Иргэний хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэлд хамаарахгүй гэж үзсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй тул шүүгчийг татгалзсан хүсэлтийг хүлээн аваагүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй болно.

в/ нотлох баримтад үзлэг хийлгэх, Шинжлэн ухаан, технологийн санг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг хүлээн авч хангаагүй нь мэтгэлцэх зарчмыг зөрчсөн гэжээ.

Нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан гаргасан баримт ямар үндэслэлээр эх хувиараа байгаа талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарласан бөгөөд тэдгээр баримт Шд байгаа эсэх нь хэрэгт хамааралгүй, түүнчлэн Шг гуравдагч этгээдээр оруулахыг хүссэн хариуцагчийн хүсэлтийг шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэхээс өмнө шүүгч өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3., 38 дугаар зүйлийн 38.6. дахь заалтыг зөрчөөгүй тул хариуцагчийн эрхийг хязгаарлаж, мэтгэлцэх зарчмыг хангаагүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй болно.

Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.8-д зааснаар Бамны сайд нь холбогдох төрийн захиргааны төв байгууллагын болон түүнд хууль тогтоомжоор харьяалуулсан бусад байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч, түүнчлэн зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас маргаан үүссэн, ажилтныг ажилд томилж, ажлаас чөлөөлөх эрх бүхий этгээд буюу нэхэмжлэгчийн хувьд ажил олгогч нь Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны /хуучнаар БСШУС-ын/ сайд тул хэргийн жинхэнэ хариуцагч БСШУС-ын яам биш гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

Иймд хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, дээр дурдсан үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 332 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2019/02176 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...болгосугай.” гэснийг “...болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1.-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Д.Эаас 11 414 825 төгрөг гаргуулах тухай хариуцагч БСШУС-ын яамны сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, 4 дэх заалтын “...41.1.5.” гэсний дараа “..., 41.1.3.” гэсэн нэмэлт оруулж, “...оруулсугай.” гэснийг “...оруулж, хариуцагч БСШУС-ын яам нь сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М-н гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                            ШҮҮГЧ                                                    Х.ЭРДЭНЭСУВД