Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2018/01596

 

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2018/01596

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: сургуульд холбогдох,

..... захирлын 2018 оны 4 сарын 09-ний өдрийн Б/194, 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/654, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/684, 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/152, 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Б/184, Б/185, Б/186 дугаартай тушаалуудыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, түүний өмгөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Б.Бнь сургуулийн захиргаатай 2017 оны 9 сарын 1-ний өдөр 1 жилийн хугацаатай, байнгын ажлын байранд иргэний боловсролын багш-ийн ажил албан тушаалд ажиллахаар тохиролцож, хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулсан. Ажлаа хийж байх хугацаанд асуудал, зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл сургуулийн захиргаанаас 2018 оны 4 сарын 4-ний өдөр дуудаж, намайг ажлаас чөлөөлөх тухайгаа амаар мэдэгдэж, 2018 оны 4 сарын 9-ний өдрийн Б/194 дүгээр тушаалыг бичгээр гаргаж гардуулсан. Уг тушаалд намайг фэйсбүүк хаяг дээр сургуулийн бодлого, дотоод журмыг зөрчин бага анги хариуцсан сургалтын менежер, номын санч нарыг гутаан доромжилсон хов жив ярьж, хэрүүл маргаан өдөөн турхирсан, зохисгүй үйлдэл хийсэн, багшийн ёсзүйн дүрэм, дотоод журам зөрчсөн гэж үзэн ажлаас чөлөөлсөн байна. Би ёс зүйн дүрэм болон дотоод журмын аль ямар заалт зөрчсөн, яг ямар буруутай үйдэл хийж, байгууллагад ямар хохирол учруулснаа ойлгохгүй байна. Надад ямар нэг буруутай үйлдэл байхгүй тул уг тушаалыг үндэслэлгүй үйлдэж, миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа тул гомдол гаргаж байна.

Мөн ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/654, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/684, 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/152, 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн Б/184, Б/185, Б/186 дугаартай тушаалуудыг хүчингүй болгуулах шаардлагыг гаргаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-т зааснаар Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн үйлдэл нь сахилгын шийтгэлд тооцохоор заасан ба Монгол-Оросын хамтарсан сургуулийн захирлын 2014 оны 323 дугаар тушаалын хавсралтаар баталсан Хөдөлмөрийн Дотоод журам-ын 7.1 дэх заалтаараа уг журмын 3.2, 3.4, 4.16, 6.1-т заасан заалтыг зөрчсөн тохиолдолд л сахилгын зөрчилд тооцож, сахилгын шийтгэл ногдуулахаар журамлаж өгсөн. Өөрөөр хэлбэл эдгээр заалтаас өөр заалт зөрчсөн үйлдэл нь сахилгын зөрчилд тооцогдох боломжгүй юм. Мөн Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлийн тухайд Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.2.1-7.2.8-т заасан 8 үйлдлийг ноцтой зөрчилд тооцохоор заасан ба уг зөрчилд Ажлын байранд болон ажлын цагаар мөн ажил албан үүргээ өөр газар гүйцэтгэж явахдаа архи согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэсэн гэх зэрэг ноцтой үйлдлүүдийг тодорхойлж өгсөн ба эдгээр зөрчлийг үйлдсэн хүнд л хэрэглэх боломжтой заалт юм.

Гэтэл сургуулийн захирлын 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/654, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/684, 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/152, 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн Б/184, Б/185, Б/186 дугаартай тушаалууд дээрх Хөдөлмөрийн дотоод журам-ын нэг ч заалтууд тушаалын үндэслэл болоогүй ба мөн Хөдөлмөрийн гэрээний зохих заалтыг ч мөн тушаалын хууль зүйн үндэслэл болгоогүй нь эдгээр тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гарсан тушаал болохыг нотлон харуулж байна. Дээрх тушаалуудад зөрчлийг хэзээ, хаана гаргасан талаар болон ямар баримтаар тогтоогдож байгаа, тушаалыг мэдэх, хүлээн зөвшөөрөхгүй бол гомдол гаргах эрх зэргийг сануулаагүй гаргасан нь мөн хууль бус гэж үзэх үндэслэл болж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2 Сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэсэн байдаг ба энэ нь зөрчил гарагсан цаг хугацаа, зөрчил ногдуулах цаг хугацааг тодорхой заах шарадлагатай гэсэн хуулийн шаардлага байдаг. сургуулийн захирлын сахилгын шийтгэл оногдуулсан тушаалуудад зөрчил гаргасан цаг хугацааг тодорхойлж өгөөгүй нь зөрчил гэж заасан үйлдэлд сахилгын шийтгэл оногдуулах хуулийн хугацаа өнгөрсөн эсэхийг тооцох боломжгүй болгосон байна.

Мөн нэг зөрчилд хэд хэдэн удаа тушаал гаргаж шийтгэл оногдуулсан байна. Сургуулийн 25 жилийн ойн арга хэмжээтэй холбогдуулан 3 тушаал гарсан байгааг үүнээс харж болно.  сургуулийн захирлын дээрх тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гарснаас гадна өнөөдрийг хүртэл надад албан ёсоор танилцуулж гарын үсэг зуруулж, эдгээр тушаалыг хүлээн зөвшөөрөх, эс зөвшөөрөх талаар миний эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах боломж олгоогүй хууль бус тушаал байна. Дээрх тушаалуудын талаар Иргэний хэргийн шүүхийн материалтай танилцах үедээ олж мэдсэн ба эдгээр тушаалууд эх хувиараа бус хуулбарласан хувь, мөн албан ёсоор танилцуулаагүй тул мэдэгдсэн гэж үзэх боломжгүй байгааг шүүх анхаарч үзэх байх. Хэдийгээр миний бие дээрх тушаалыг албан ёсоор гардан авч, албан ёсоор мэдээгүй боловч шуүхэд хууль бусаар халагдсан гэж зарга үүсгэсэн тул дээрх тушаалуудыг ч хүчингүй болгуулах нэхэмжпэлийн шаардлага гаргаж байна.

сургуулийн захирал Хөдөлмөрийн дотоод журмын 7.4-т Сахилгын шийтгэлийг сургуулийн захирлын тушаалаар ногдуулна, Уг шийдвэрийг өөрт нь мэдэгдэх бөгөөд хувийн хэрэгт хавсаргаж хамт олонд мэдээлнэ гэсэн заалтыг зөрчсөнөөс дээрх тушаалууд мөн хууль бус тушаал болохыг харуулж байна. Тушаалуудыг нэг бүрчлэн авч үзвэл: 1/.  ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/654 тушаалын тухайд:  Сурагчийн зан үйлийн дүрэм-ийн 4.2.2, 4.2.10 дахь заалтууд, МОХС-ийн Багш нарт цалин олгох шалгуур-ын 6.8 дугаар зүйлийг тус тус үндэслэн ТУШААХ-даа Хариуцсан ангийн сурагчдын дунд Сурагчийн зан үйлийн дүрэм-ийг биелүүлэх талаар үр дүнтэй тодорхой ажил зохиогоогүй тул дараах багш нарын 12 дугаар сарын анги удирдсан цалингаас хасалт хийсүгэй. Үүнд: 7г ангийн туслах багш Б.Б хувь гэжээ.

Энэхүү тушаал нь Сахилгын шийтгэл оногдуулах" тухай хуулийн шаардлага болох Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн Дотоод журам, Хөдөлмөрийн гэрээ-ний холбогдох заалтыг удирдлага болгоогүй, дурдсан зөрчил нь Хөдөлмөрийн дотоод журамд заасан сахилгын зөрчилд тооцогдохоор үйлдэл биш юм. Зөрчил гаргасан гэх цаг хугацааг тодорхой заагаагүй байна.

2/.  ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/684 тушаалын тухайд:

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.2, Хөдөлмөрийн дотоод журам-ын 3.1.3, 3.4.4, Цалин олгох шалгуур-ын 2.8, 8.5 дахь заалтуудыг үндэслэн ТУШААХ нь:

Б.Ббагш нь хичээлийн чанарыг сайжруулах аргазүйн зааварчилгааг биелүүлээгүй, багшийн ёс зүйн хэм хэмжээг тогтмол бүдүүлгээр зөрчиж, захиргааны зүгээс тавьсан шаардлагыг хүлээж авдаггүй, удирдах албан тушаалтнуудын хувийн зан чанарыг нь хөндсөн үг хэлээр доромжилдог, зөрчилдөөнтэй нөхцөл байдал үүсгэдэг зэргийг нь үндэслэн 12 дугаар сарын үндсэн цалингаас 6 хувь суутгасугай гэжээ. Энэхүү тушаал нь зөрчил гэж үзсэн үйлдэл нь тодорхойгүй, ерөнхий байдлаар гаргасан нь ойлгомжгүй байна. Б.Бнь ямар үйлдлээрээ хичээлийн чанарыг сайжруулах арга зүйн зааварчилгааг хэзээ зөрчсөн нь тодорхойгүй, захиргааны зүгээс тавьсан ямар шаардлагыг хэзээ, хэрхэн зөрчсөн, энэ нь Хөдөлмөрийн дотоод журмын ямар зөрчилд хамаарч байгаа зэрэг нь ойлгомжгүй, удирдах ямар албан тушаалтын зан чанарыг нь хөндсөн, ямар үг хэлээр доромжилсон нь тодорхойгүй байгаа нь тушаал хууль бус гэж үзэх бас нэгэн үндэслэл болж байна.

3/.  ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/152 тушаалын тухайд:

МУ-н Хөдөлмөрийн тухай хууль-ийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь заалтын, Хөдөлмөрийн дотоод журам-ын 4 дүгээр зүйлийн 4.9 дэхь заалтыг үндэслэн ТУШААХ ньСургуулийн 25 жилийн ойн бэлтгэл ажилд оролцохоос татгалзаж зугтсан багш Б.ББ.Бнарын 3 дугаар сарын цалинг 3 хувиар бууруулах сахилгын арга хэмжээ авсугай гэжээ.

Энэхүү тушаал нь Хөдөлмөрийн дотоод журмын 4.9 дэх заалтыг удирдлага болгосон ба тус заалт нь Сахилгын зөрчил-д тооцох заалт бус Ажлын цагийн горим-ыг зохицуулсан заалт байна. Мөн уг тушаалд зөрчил гаргасан гэх цаг хугацааг тодорхой заагаагүй, 25 жилийн ойн ямар арга хэмжээнд яаж оролцохоос зугтсан гэдэг нь тодорхой бус байна.

4/.  ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн Б/184 тушаалын тухайд:

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.2, Цалин олгох шалгуур-ын 4.8 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь: 8.12-р группын ангийн журналын бичилтийг хайнга хөтөлж, засварлаж, дүнг цаг тухайд нь бичиж байгаагүй, мөн 12-р группын 7 сурагчийн 3-р улирлын дүнг гаргалгүй орхисон тул багш Б.Б 4 сарын үндсэн цалингаас 5 хувийн дүнг суутгасугай гэжээ. Тус тушаал нь Хөдөлмөрийн дотоод журмын сахилгын зөрчилд тооцох тухай зохицуулалт, Хөдөлмөрийн гэрээг удирдлага болгоогүй, хэдийд гаргах байсан дүнг хэдийд гараагүй, хэдийд бичих байсан дүнг хэдийд бичээгүй байсан, энэ нь ямар заалтыг зөрчсөн зөрчилд тооцогдож байгаа нь тодорхойгүй байна.

5/.  ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2018 оны 4 дугээр сарын 4-ны өдрийн Б/185 тушаалын тухайд:

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.2 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журам-ын 5 дугаар зүйл 5.1, 5.21 дэх заалт, Цалин хөлс бодох шалгуурын 8.5, 8.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн ТУШААХ нь: Сургуулийн 25 жилийн ойн баярын үйл ажиллагааны бэлтгэлийн үед туслах багшийн үүрэг, хариуцлагаа муу биелүүлж хариуцсан ажлаа хангалтгүй хийсэн багш Я.Б, ..., Б.Бнарын 4 дүгээр сарын үндсэн цалинг 5 хувиар бүүрүүлсугай гэжээ,

6/.  ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2018 оны 4 дугээр сарын 4-ны өдрийн Б/186 тушаалын тухайд:

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.2 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журам-ын 5 дугаар зүйл 5.1, 5.21 дэх заалтуудыг тус тус үндэслэн ТУШААХ нь: Сургуулийн 25 жилийн ойн баярын үйл ажиллагааны II хэсэгт тодорхой ажил үүргийн хуваарьтай оролцох ёстой байсан боловч уг арга хэмжээнд огт ирэхгүй тасалж алга болсон багш Б.Бнарын 4 дүгээр сарын үндсэн цалинг 5 хувиар бууруулсугай гэжээ, Мөн энэхүү тушаалууд нь дээрх тушаалтай адил зөрчил гаргасан цаг хугацааг дурдаагүй, удирдлага болгосон Хөдөлмөрийн дотоод журам-ын 5.1 заалт нь шагнал урамшуулал олгох тухай, 5.21 гэсэн заалт уг журамд байхгүй, мөн 1 зөрчилд хэд хэдэн шийтгэл оногдуулсан зэрэг хууль бус тушаал гарсан болох нь харагдаж байна.

Иймд дээрх үндэслэлээр ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/654, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/684, 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/152, 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн Б/184, Б/185, Б/186 дугаартай тушаалуудыг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч  ерөнхий боловсролын сургууль, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тус сургууль Монгол-Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу ОХУ-ын Боловсролын яам, ОХ-ны Буриад Улсын Боловсрол шинжлэх ухааны яам, Монгол Улсын БШУЯамдын (тэр үеийн нэрээр) хооронд байгуулсан 3 талт гэрээний дагуу 1992 онд байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байна. Өнгөрсөн 25 жилд тус сургууль Монгол Улсын Тэргүүний сургууль-ийн болзлыг гурван удаа, ОХУ-ын Төрийн Дум, Боловсролын бодлогын Эврика институтээс чанартай боловсрол олгодог байгууллагыг зарлаж, олгодог 'Диплом качества образования (Боловсролын чанарын дипломшагналыг хоёр удаагаа хүртсэн. Уг шагнал сургуулийн сургалтын чанар Монгол Улсад төдийгүй ОХУ-ын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөнийг илэрхийлсэн хэрэг юм. Өнөөдөр тус сургуульд 13 орны 192 багш, ажилтан ажиллаж, 2500 сурагч сурч байна. ОХУ-тай хамтран байгуулсан, үндсэн сургалт орос хэл дээр явагддаг, улмаар үндэсний хууль тогтоомжийн зэрэгцээ ОХУ-ын боловсролын стандартыг хэрэгжүүлэн ажилладаг онцлогтой боловсролын байгууллага юм. Иймд тус сургуулийн хувьд багшийн ажлын чанар, багш боловсон хүчний хариуцлага, сахилга, ёс зүйтэй ажиллах байдал маш чухал. Ийм учраас тус сургуулийн хөдөлмөрийн харилцааг зохицуулж буй эрх зүйн хэм хэмжээнд Сахилга, хариуцлага, ёс зүйтэй ажиллахыг багш боловсон хүчинд үүрэг болгон заасан. Үүнийг ч хэрэгжүүлэн ажилтны гаргасан алдаа, зөрчилд тухай бүрт нь сахилгын шитйгэл ногдуулан, хөдөлмөрийн сахилга батыг мөрдүүлж ажилладаг. Боловсролын салбарт сурагч, хүмүүжүүлэгчид үлгэр дууриал болох, тэднийг сургахын зэрэгцээ хүмүүжүүлэх үүрэг гүйцэтгэдэг утгаар Багшийн ёс зүй нь Боловсролын салбарт ажиллагсадын заавал мөрдөх хэм хэмжээ байдаг. Боловсрол шинжлэх ухааны сайдын 2007 оны 41 дүгээр тушаалаар батлагдсан Багшийн ёс зүйн дүрсийг нийт ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг мөрдөн ажиллах үүрэгтэй. Энэ талаар тус сургуулийн Хөдөлмөрийн дотоод журмын 2.8.4, 3.4, 7.2.3-т нарийвчлан заасан. Тус сургуульд Иргэний боловсролын хичээлийг заах үүрэгтэй 2017 оны 09 сарын 01-нээс ажиллаж байгаа багш Б.Бсургуулийн энэхүү шаардлагад нийцээгүй буюу сахилгын зөрчлүүдийг гаргасан болох нь тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хууль ба түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, сургуулийн Хөдөлмөрийн дотоод журмыг баримтлан 2018 оны 4 сарын 9-ний өдрөөр тасалбар болгон гэрээг цуцалсан.

 

Б.Б Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтын ажилтан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил бол Ажил олгогч нь Хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачлагаар цуцлах эрхтэй гэсэн хуулийн заалтыг баримтласан. Б 2017 оны 9 сарын 01-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7.4-т Хөдөлмөрийн сахилгын зөрчлийн давтан гаргах тохиолдолд Хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар заасныг Б.Бзөвшөөрч гэрээнд гарын үсэг зурсан. Б.Бнь дараахь сахилгын зөрчлүүдийг гаргасан тул тухай бүртээ Захирлын тушаалаар Сахилгын шийтгэл хүлээж байсан.

Хичээл заах үндсэн ажил үүргээ чанартай, зохих ёсоор гүйцэтгэхгүй байсан талаар сургалтын менежер түүний ажлыг дүгнэж муу үнэлгээ өгсөн. Б.Бч үүнийг зөвшөөрсөн. 2017 оны 10 сарын 11-ний өдөр 16 оноо (нийт 49 оноо авахаас), 2017 оны 12 сарын 12-ны өдөр 20,1 оноо тус тус авсан тул Ажил олгогчоос 2017 оны 12 сарын 14-ний өдрийн Б/684 дугаар тушаалаар Б.Б 1 сарын цалинг 6 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаал, Ажил үүргийн дагуу даасан ангидаа Сурагчийн зан үйлийн дүрэм"-ийг биелүүлэх тал дээр үр дүнтэй ажил зохиогоогүй тул 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/654 дугаартай анги удирдсан багшийн 1 сарын 5 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаал, Мөн Б.Бсургуулиас зохион байгуулсан ажилд оролцоогүй тул 2018 оны 4 сарын 4-ний өдрийн Б/184 дугаартай 1 сарын цалинг 5 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаал, Б.Бажлаас хоцрох зөрчил гаргасан тул 2018 оны 4 сарын 4-ний өдрийн Б/185 дугаартай тушаалаар 1 сарын цалинг 5 хувиар бууруулах сахилгын шийтгэл хүлээлгэсэн байна.

Б.Бхөдөлмөрийн сахилгын давтан зөрчлийн зэрэгцээ сахилгын ноцтой зөрчлийг гаргасан тул Хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай дурвал: Хөдөлмөрийн дотоод журмын 2.8.4-т ... багшийн ёс зүйг зөрчих, ...-д Хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар заасан. Хөдөлмөрийн дотоод журамтай Батсүрэн танилцсаны үндсэнд ажиллаж байсан. Мөн түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3.1.2-т Ажил олгогч нь ажлын цаг ашиглалт, хөдөлмөрийн болон ёс зүйн сахилга хариуцлагын байдалд хяналт тавьж, зөрчил дутагдал гаргасан тухай бүр Хөдөлмөрийн хуулийн үндэслэн хариуцлага хүлээлгэх, Ажилтан нь 4.2.1-д зааснаар ...сургуулийн дүрэм, дотоод журам, захирлын тушаал, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээг мөрдөж ажиллах, 5.1.2-т Хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан тохиолдолд холбогдох хууль, журмын дагуу хариуцлага хүлээнэ гэж тус тус заасан. Мөн Хөдөлмөрийн гэрээг цуцлах нөхцөлийн талаар тус гэрээний 7.11-д Ажил олгогч ажилтанд удаа дараа (2 ба түүнээс дээш) бичгээр алдаа дутагдлаа засах талаар мэдэгдсэн боловч ажилтан шаардлагыг биелүүлээгүй, 7.14-д Сургуулиас санаачилсан буюу зохион байгуулсан ажил үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулах, 7.15-т Сургуулийн бусад багш, ажилтныг үүрэгт ажлаа гүйцэтгэхэд нь саад чруулах, заналхийлэх буюу дарамтлах зэрэг ноцтой зөрчлийг гаргавал сахилгын ноцтой зөрчил гэж үзэх болохыг ийнхүү Хөдөлмөрийн гэрээнд тодорхой заасан. Тус сургуулийн ажил үүрэг гүйцэтгэхтэй холбоотой ажиллуулдаг монгол багш нарын Фэйсбүүх групп-т 2018 оны 3 сарын 14, 16, 24-ны өдөр бага анги хариуцсан сургалтын менежер, номын санчийг гутаан доромжилсон, хэрүүл маргаанд өдөөн турхирсан мэдээлэл, тайлбарыг мөн тус сургуулийн 25 жилийн ойн баярын үйл ажиллагааны талаарх зураг мэдээлэлд сөрөг, зохисгүй тайлбарыг тус тус Б.Бхийсэн. Энэхүү үйлдэл нь Багшийн ёс зүйн дүрмийн 2.3 дахь заалт 2.3.2 Өөрийн болон байгууллагын нэр хүнд, амжилтын төлөө хамт олон, хувь хүний нэр төр, эрүүл мэнд, сэтгэл санаа, хувийн өмчид хохирол учруулахгүй байх'-ыг зөрчсөн үйлдлээр Б.Бнь Хөдөлмөрийн гэрээний 7.14 ба 7.15-т заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж үзэж байна.

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2 дахь заалтын дагуу давтан зөрчлийн тухайд Сахилгын шийтгэл ногдуулах тушаал гарснаас хойш 1 жилийн дотор дахин зөрчил гаргавал дараагийн давтан зөрчилд, Ажилтан ноцтой зөрчлийг гаргавал шууд (илэрсэнээс хойш 1 сарын дотор) Хөдөлмөрийн гэрээг дараарх хуулийн заалтыг баримтлан 2018 оны 4 сарын 9-ний өдөр Б/194 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн гэрээг цуцласан байгаа нь хүний эрхийг болон хууль тогтоомжийг зөрчихгүй. Иймд Б.Батсүрэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хууль эрх зүйн хэм хэмжээнд нийцнэ гэж үзэж байгааг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Бнь 2108 оны 06 сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2017 оны 11 сарын 28-ны өдрийн Б/654, 2017 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн Б/684, 2018 оны 3 сарын 15-ны өдрийн Б/152, 2018 оны 4 сарын 4-ний өдрийн Б/184, Б/185, Б/186 дугаартай тушаалуудыг тус тус хүчингүй болгох гэсэн байна. Энэхүү нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага нь дараахь үндэслэл, шалтгаанаар үндэслэлгүй байна.

1. Б.Бнь 2017 оны 11 сарын 28-ны өдрөөс эхлэн 2018 оны 4 сарын 4- ний өдөр хүртэл нийт 5 удаа хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж Тушаалаар тухай бүр цалинг бууруулах сахилгын шийтгэл хүлээсэн байх бөгөөд тухай бүртээ эдгээр тушаалыг зөвшөөрөхгүй гэдгээ, зөрчлийг гаргаагүй гэж гомдол, хүсэлт гаргаж байгаагүй болно (2018 оны 6 сарын 12-ны өдрийн шүүх хуралд гаргасан зөрчил бүрийг дурдаж яагаад уг зөрчлийг гаргасан тухай тайлбар өгсөн бөгөөд ажиллаж байсан тул Тушаалуудыг эсэргүүцэж гомдол гаргаагүй гэдгээ хэлсэн). Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д заасны дагуу сахилгын шийтгэл хүлээсэн тушаалын талаар мэдсэнээс хойш 3 сарын дотор энэ талаар гомдол гаргаагүй тул ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2017 оны 11 сарын 28-ны өдрийн Б/654, 2017 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн Б/684 дугаар тушаалуудыг шүүхээр хянан үзэх шаардлагагүй юм.

2. Багшаар ажиллаж байсан Б.Б удаа дараа гаргасан зөрчлүүдэд нь зохих Сахилгын шийтгэл ногдуулсан байтал (цалинг нь суутгасан байгаа) уг байдалд дүгнэлт хийж ажилдаа хариуцлагатай, ёс зүйтэй, үүргээ биелүүлж зохих ёсоор ажиллаагүй харин ч дахин ноцтой зөрчил гаргасан ажил олгогч нь 2018 оны 4 сарын 9-ний өдөр Б/194 дүгээр тушаалд Хөдөлмөрийн тухай хууль ба түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, сургуулийн Хөдөлмөрийн дотоод журмыг баримтлан Б.Б гаргасан ноцтой зөрчлүүдийг уг тушаалын 1-р заалтад тодорхой дурдаж Хөдөлмөрийн гэрээг нь цуцласан. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтын дагуу ажилтан Хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан ноцтой зөрчлийг гаргасан тохиолдолд Хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй.

Хариуцагч нь 2018 оны 5 сарын 14-ний өдөр үндсэн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй талаар хариу тайлбар гаргахдаа Б.Б гаргасан зөрчил бүрийн талаар нэгэнт тайлбарласан тул дахин давтахгүйгээр харин нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад дурдсан болон өмнө нь дурдсан тайлбарт дурдсанаар үндэслэлгүй болохыг холбогдох бүх баримтууд нотлох болохыг шүүхээс анхаарч асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Бнь хариуцагч ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан, тус сургуулийн захирлын 2018 оны 4 сарын 09-ний өдрийн Б/194, 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/654, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/684, 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/152, 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Б/184, Б/185, Б/186 дугаартай тушаалуудыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин олговор 1 708 524 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д ажил олгогч, ажилтны хооронд гарсан хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүх тус тусын харьяаллын дагуу шийдвэрлэнэ гэж зааснаас үзэхэд хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллага нь хөдөлмөрийн маргаан таслах комисс эсхүл шүүх байна.

Мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол ыг шүүх хянан шийдвэрлэхээр тус тус заасан байна.

Хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаар заасан ба хуульд заасан хугацааны дотор нэхэмжлэгч шүүхэд гомдлоо гаргажээ.

Иймд, нэхэмжлэгч Б.Б хариуцагчид холбогдуулан гаргасан ажлаас үндэслэлгүй халагдсан тухай маргааныг тус шүүх хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж маргадаг.

Нэхэмжлэгч Б.Б хариуцагч ерөнхий боловсролын сургууль нь 2017 оны 09 сарын 01-ний өдрөөс эхлэн иргэний боловсролын багшаар түр авч ажиллуулсан болох нь ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2017 оны 09 сарын 02-ны өдрийн Б/338 дугаар тушаал, 2017 оны 09 сарын 01-ний өдөр ажилтан, ажил олгогч нарын байгуулсан хөдөлмөрийн гэрээ зэргээр тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаангүй байна.

Ажил олгогч буюу хариуцагч хамтарсан еөнхий боловсролын сургууль нь ажилтан буюу нэхэмжлэгч Б.Б 2018 оны 04 сарын 09-ний өдрийн Б/194 дүгээр захирлын тушаалаар Монгол Улсын Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.8.4 дэх заалтыг үндэслэн 2018 оны 04 сарын 09-ний өдрөөр тасалбар болгон ажил албан тушаалаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний харилцаа ажил олгогчийн санаачилгаар цуцлагдсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн зохицуулалт энэхүү маргаанд хамааралтай байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж зохицуулжээ.

Нэхэмжлэгч Б.Бнь 2018 оны 06 сарын 15-ны өдөр анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2018 оны 4 сарын 09-ний өдрийн Б/194, 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/654, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/684, 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/152, 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Б/184, Б/185, Б/186 дугаартай тушаалуудыг хүчингүй болгуулахаар нэмэгдүүлсэн байна.

Энэхүү нэмэгдүүлсэн шаардлагад дурдсан захирлын тушаалуудыг нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагыг гардуулж өгөөгүй, танилцуулаагүй, хариуцагч нь шүүхэд хариу тайлбараа гаргаж, хавсарган өгсөн үед нь танилцаж мэдсэн тул эдгээр арга хэмжээ тооцсон гэх тушаалуудыг хүчингүй болгуулахаар нэмэгдүүлсэн шаардлага гаргасан гэж тайлбарладаг ба хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эдгээр маргаж буй сахилгын арга хэмжээ авсан тушаалуудыг Хөдөлмөрийн дотоод журмын 7.4-т зааснаар өөрт нь мэдэгдэж, тушаалыг хувийн хэрэгт хавсаргаж, хамт олонд мэдээлнэ гэж заасны дагуу манай сургууль Багш нарын өрөөний мэдээллийн самбарт өлгөдөг түүнийг өөрсдөө мэдэх боломжтой, бусад багш нар ч мэдэж танилцдаг тул хамт олонд мэдээлсэн гэж тооцдог учир Б.Батсүрэнг мэдээгүй гэх боломжгүй гэж тус тус харилцан маргаж байна.

Нэмэгдүүлсэн шаардлага болох 1. ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/654 дугаартай Ажлын хариуцлага алдсан багш нарт болон Сурагчийн зан үйлийн дүрэм зөрчсөн сурагчдад хариуцлага тооцох тушаалаар хариуцсан ангийн сурагчдын дунд Сурагчийн зан үйлийн дүрэм-ийг биелүүлэх талаар үр дүнтэй тодорхой ажил зохиогоогүй тул багш нарын 12 дугаар сарын анги удирдсан цалингаас 7г ангийн туслах багш Б.Б 5 хувийн хасалт хийж арга хэмжээ тооцсон байх боловч уг тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн ямар зүйл заалтыг баримтласан эсэх нь тодорхойгүй зөвхөн сургуулийн сурагчийн зан үйлийн дүрэм, Багш нарт цалин олгох шалгуурын заалтыг үндэслэн хариуцлага тооцсон байна.

2. Мөн сургуулийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/684 дүгээртэй Сахилгын арга хэмжээ авах тухай тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.2, Хөдөлмөрийн дотоод журам, Цалин олгох шалгуурын заалтыг үндэслэн Б.Бн 12 сарын үндсэн цалингаас 6 хувиар суутгал хийх арга хэмжээ авсан байна.

3. Мөн захирлын 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/152 дугаартай Сахилгын арга хэмжээ авах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.9-г үндэслэн Сургуулийн 25 жилийн ойн бэлтгэл ажилд оролцохоос татгалзаж зугтсан гэж багш Б.Б 3 дугаар сарын цалинг 3 хувиар бууруулах арга хэмжээг авсан байна.

4. Мөн захирлын 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Б/184 дүгээртэй Ангийн журнал шалгалтын тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.2, Цалин олгох шалгуурын 4.8-ыг үндэслэн 8.12-р ангийн журналын бичилтийг хайнга хөтөлж, засварлаж, дүнг цаг тухайд нь бичиж байгаагүй, мөн 12-р группын 7 сурагчийн 3-р улирлын дүнг гаргалгүй орхисон гэж багш Б.Батсүрэнгийн 4 сарын үндсэн цалингаас 5 хувиар суутгаж арга хэмжээг авсан.

5. Мөн захирлын 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Б/185 дугаартай Сахилгын арга хэмжээ авах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, Хөдөлмөрийн дотоод журамын 5 дугаар зүйлийн 5.1, 5.21, Цалин хөлс бодох шалгуухын 8.5, 5.6 зуултуудыг үндэслэн Сургуулийн 25 жилийн ойн баярын үйл ажиллагааны бэлтгэлийн үед туслах багшийн үүрэг, хариуцлагаа муу биелүүлж хариуцсан ажлаа хангалтгүй хийсэн гэх зөрчилд Б.Б 4 сарын үндсэн цалинг 5 хувиар бууруулах арга хэмжээг тооцсон,

6. Мөн захирлын 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/186 дугаартай Сахилгын арга хэмжээ авах тухай тушаалаар хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.1, 5.2-т заасныг үндэслэн Сургуулийн 25 жилийн ойн баярын үйл ажиллагааны 2 дахь хэсэгт тодорхой ажил үүргийн хуваарьтай оролцох ёстой байсан боловч уг арга хэмжээнд огт ирэхгүй тасалж алга болсон гэж багш Б.Б 4 дүгээр сарын үндсэн цалинг 5 хувиар бууруулах арга хэмжээг тус тус тооцсон тушаалуудыг гаргасан байх боловч эдгээр тушаалуудыг багш Б.Б гардуулж өгөөгүй, танилцуулаагүй, арга хэмжээ авах болсон үндэслэлийн талаархи холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй, зөвхөн хариуцагч тайлбарласныг шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэж үзээд хууль зөрчсөн гэж дүгнэлээ.

Ажил олгогч буюу хариуцагч байгууллага нь хариуцлага тооцсон гэх ажилтан Б.Б дээр дурдсан 6 төрлийн захирлын тушаалуудыг гардуулж өгсөн, танилцуулсан гэж хариуцагч тайлбарлан маргаж байгаа боловч тушаалуудад заасан зөрчлийг шалгасан талаарх материал, хэлэлцсэн хурлын тэмдэглэл, зөрчил гаргагчийн тайлбар зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг хариуцагч шүүхэд гаргаж өгөөгүй тул хариуцагчийн тайлбар бүрэн нотлохгүй байна.

Түүнчлэн, тухайн сургуулийн 25 жилийн ойн арга хэмжээ нь нэг удаа болсон байх бөгөөд уг арга хэмжээнд оролцоогүй гэсэн үндэслэлээр Б.Б 3 удаа сахилгын арга хэмжээг давхардуулан ногдуулсан зэрэг нь хууль зөрчсөн гэж үзнэ. Иймээс нэхэмжлэгчийн гаргасан сахилгын арга хэмжээ тооцсон дээрх 6 ширхэг захирлын тушаалуудын Б.Б холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т ...нэхэмжлэлийн шаардлага түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т ...өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус заасан заалтыг хариуцагч хэрэгжүүлээгүй болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай бөгөөд тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүйгээс гадна давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байна. Сахилгын зөрчил нь хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил, үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчих, мөн ёс зүйн алдаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байх ёстой юм.

Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаарддаг.

Гэтэл маргаж буй талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-т Ажил олгогч нь дор дурдсан зөрчлүүдийг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гэж үзэн хөдөлмөрийн гэрээг хугацаанаас нь өмнө өөрийн санаачилгаар цуцлана гэж заасан байх бөгөөд энэхүү заалтад заасан үндэслэлүүд тогтоогдоогүй байхад ажил олгогч буюу ерөнхий боловсролын сургуулийн захиргаа нь ажилтан Б.Б Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан түүнийг ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хуульд нийцээгүй байна гэж дүгнэлээ.

Иймээс, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээр шаардсан 2018 оны 04 сарын 09-ний өдрийн Б/194 дүгээртэй Б.Б ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, түүнд ажилгүй байсан хугацааны цалин олговорыг гаргуулан олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан журмын дагуу суутгалыг хийлгэж, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэж баталгаажуулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох ажилгүй байсан хугацааны цалин олговорт гаргуулах дундаж цалинг тооцохдоо Ниймгийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7ын А-д зааснаар тооцож, түүний ажилгүй байсан хугацааны 2018 оны 04 дүгээр сард ажлын 15 хоног, 05 дугаар сард ажлын 23 хоног, 06 дугаар сард ажлын 8 хоног буюу нийт 46 хоногийн цалин олговорт хэрэгт авагдсан Б.Б ниймгийн даатгалын дэвтэрт бичигдэж, баталгаажигдсан 2018 оны 1 - 3 дугаар саруудад авсан цалингийн нийлбэр 2 705 455 төгрөг : 3 сар 901 819 төгрөг, 901 819 төгрөг : 21.5 хоног = 41 945 төгрөг, 41 945 төгрөг х 46 хоног = 1 929 470 төгрөгийг гаргуулах тооцоолол гарч байх боловч нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар нэхэмжлэхдээ 1 708 524 төгрөг гэж тодорхойлон гаргуулахыг шаардсан тул түүний нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагчаас гаргуулан шийдвэрлэхэд хууль зөрчихгүй гэж дүгнэсэн болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй, 46.2-т ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж тус тус заажээ.

Иймээс нэхэмжлэгч Б.Б нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Энэхүү нэхэмжлэл нь гомдлоо авч хэлэлцэх хэрэг тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн бөгөөд нэхэмжлэлийн шарадлагыг хангасан тул ажлаас халагдсан шаардлага буюу үнэлэх боломжгүй шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 1 708 524 төгрөг гаргуулах шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид 42 286 төгрөг, нийт 112 486 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын төсвийн орлого болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан боловсролын сургуулийн захирлын 2017 оны 11 сарын 28-ны өдрийн Б/654 дугаартай Ажлын харицлага алдсан багш нарт болон сурагчийн зан үйлийн дүрэм зөрчсөн сурагчдад хариуцлага тооцох тухай тушаалын 3 дугаар заалтын 7г ангийн туслах багш Б.Б 12 дугаар сарын анги удирдсан цалингаас 5 хувиар хасалт хийх хэсгийг, 2017 оны 12 сарын 14-ний өдрийн Б/684 дүгээртэй Сахилгын арга хэмжээ авах тухай тушаал, 2018 оны 03 сарын 15-ны өдрийн Б/152 дугаартай Сахилгын арга хэмжээ авах тухай тушаалын 2 дугаар заалтын багш Б.Б 3 дугаар сарын цалинг 3 хувиар буруулах сахилгын арга хэмжээ авсан хэсгийг, 2018 оны 04 сарын 04-ний өдрийн Б/184 дүгээртэй Ангийн журнал шалгалтын тухай, мөн өдрийн Б/185 дугаартай Сахилгын арга хэмжээ авах тухай тушаалын 1 дүгээр заалтын Б.Б 4 дүгээр сарын цалинг 5 хувиар бууруулсан хэсгийг, мөн өдрийн Б/186 дугаартай Сахилгын арга хэмжээ авах тухай тушаалын 1 дүгээр заалтын Б.Б 4 дүгээр сарын үндсэн цалинг 5 хувиар бууруулсан хэсгийг, мөн 2018 оны 04 сарын 09-ний өдрийн Б/194 дүгээртэй Б.Б ажлаас чөлөөлөх тухай тушаал зэргийг тус тус хүчингүй болгож, ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1 708 524 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Б.Б нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан журмын дагуу суутгал хийж, түүний эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч ерөнхий боловсролын сургуулийн захиргаа, санхүүд үүрэг болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч ерөнхий боловсролын сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид /70200+42286/ нийт 112 486 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл түүнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ