Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2018/02021

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2018/02021

 

 

Б.Батсүрэн нэхэмжлэлтэй
Б.Батсүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2018/01596 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Б.Батсүрэнгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Монгол-Оросын хамтарсан ерөнхий боловсролын сургуульд холбогдох

Монгол Оросын хамтарсан ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/654, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/684, 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/152, 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн Б/184, Б/185, Б/186, 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн Б/194 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.Батсүрэн

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Должинсүрэн

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Намжилдорж

Хариуцагчийн өмгөөлөгч: Н.Баасанжав

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Батсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Монгол Оросын хамтарсан ерөнхий боловсролын сургуулийн захиргаатай 2017 оны 9 сарын 1-ний өдөр 1 жилийн хугацаатай, байнгын ажлын байранд иргэний боловсролын багшийн албан тушаалд ажиллахаар тохиролцож, хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулсан. Ажлаа хийж байх хугацаанд асуудал, зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл сургуулийн захиргаанаас 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр дуудаж, намайг ажлаас чөлөөлөх тухайгаа амаар мэдэгдэж, 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн Б/194 дүгээр тушаалыг бичгээр гаргаж гардуулсан. Уг тушаалд намайг фэйсбүүк хаяг дээр сургуулийн бодлого, дотоод журмыг зөрчин бага анги хариуцсан сургалтын менежер, номын санч нарыг гутаан доромжилсон хов жив ярьж, хэрүүл маргаан өдөөн турхирсан, зохисгүй үйлдэл хийсэн, багшийн ёс зүйн дүрэм, дотоод журам зөрчсөн гэж үзэн ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлийн тухайд Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлд заасан 8 үйлдлийг ноцтой зөрчилд тооцохоор заасан ба уг зөрчилд ажлын байранд болон ажлын цагаар, ажил, албан үүргээ өөр газар гүйцэтгэж явахдаа архи согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн гэх зэрэг ноцтой үйлдлүүдийг тодорхойлж өгсөн ба эдгээр зөрчлийг үйлдсэн хүнд л хэрэглэх боломжтой заалт байна. Гэтэл Монгол-Оросын хамтарсан сургуулийн захирлын 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/654, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/684, 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/152, 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн Б/184, Б/185, Б/186 дугаартай тушаалууд дээрх Хөдөлмөрийн дотоод журмын заалтууд тушаалын үндэслэл болоогүй ба хөдөлмөрийн гэрээний зохих заалтыг тушаалын хууль зүйн үндэслэл болгоогүй нь эдгээр тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гарсан болохыг нотлон харуулж байна. Дээрх тушаалуудад зөрчлийг хэзээ, хаана гаргасан талаар болон ямар баримтаар тогтоогдож байгааг тусгаагүй байна. Монгол-Оросын хамтарсан сургуулийн захирлын сахилгын шийтгэл оногдуулсан тушаалуудад зөрчил гаргасан цаг хугацааг тодорхойлж өгөөгүй нь зөрчил гэж заасан үйлдэлд сахилгын шийтгэл оногдуулах хуулийн хугацаа өнгөрсөн эсэхийг тооцох боломжгүй болгосон байна. Мөн нэг зөрчилд хэд хэдэн удаа тушаал гаргаж шийтгэл оногдуулсан байна. Сургуулийн 25 жилийн ойн арга хэмжээтэй холбогдуулан 3 тушаал гарсан байгааг үүнээс харж болно. Монгол-Оросын хамтарсан сургуулийн захирлын дээрх тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гарснаас гадна өнөөдрийг хүртэл надад албан ёсоор танилцуулж гарын үсэг зуруулаагүй, надад өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах боломж олгоогүй. Ийм тушаалууд гарсан талаар шүүхэд материалтай танилцах үедээ олж мэдсэн болно. Монгол-Оросын хамтарсан сургуулийн захирал Хөдөлмөрийн дотоод журмын 7.4 дэх заалтыг зөрчсөн тул дээрх тушаалууд нь хууль бус байна.

2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/654 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтыг удирдлага болгоогүй, дурдсан зөрчил нь хөдөлмөрийн дотоод журамд заасан сахилгын зөрчилд тооцогдохоор үйлдэл биш байхаас гадна зөрчил гаргасан гэх цаг хугацааг тодорхой заагаагүй байна. 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/684 дугаар тушаалд зөрчил гэж үзсэн үйлдэл нь тодорхойгүй, ерөнхий байдлаар гаргасан нь ойлгомжгүй байна.  2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/152 дугаар тушаалд хөдөлмөрийн дотоод журмын 4.9 дэх заалтыг удирдлага болгосон ба тус заалт нь сахилгын зөрчилд тооцох заалт бус ажлын цагийн горимыг зохицуулсан заалт байна. Мөн уг тушаалд зөрчил гаргасан гэх цаг хугацааг тодорхой заагаагүй, 25 жилийн ойн ямар арга хэмжээнд хэрхэн оролцохоос зугтсан гэдэг нь тодорхой бус байна. 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн Б/184 дугаар тушаал нь хөдөлмөрийн дотоод журмын сахилгын зөрчилд тооцох тухай зохицуулалт, хөдөлмөрийн гэрээг удирдлага болгоогүй, хэдийд гаргах байсан дүнг гараагүй, бичээгүй байсан, энэ нь хуулийн ямар заалтыг зөрчсөн нь тодорхойгүй байна. 2018 оны 4 дугээр сарын 4-ны өдрийн Б/185, Б/186 дугаар тушаалуудад мөн адил зөрчил гаргасан цаг хугацааг дурдаагүй, удирдлага болгосон хөдөлмөрийн дотоод журмын 5.1 заалт нь шагнал урамшуулал олгох тухай, 5.21 гэсэн заалт уг журамд байхгүй, мөн 1 зөрчилд хэд хэдэн шийтгэл оногдуулсан зэрэг хууль бус тушаал гарсан болох нь харагдаж байна. Иймд дээрх үндэслэлээр Монгол-Оросын хамтарсан ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/654, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/684, 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/152, 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн Б/184, Б/185, Б/186, 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн Б/194 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Монгол-Оросын хамтарсан ерөнхий боловсролын сургуулийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Боловсрол шинжлэх ухааны сайдын 2007 оны 41 дүгээр тушаалаар батлагдсан багшийн ёс зүйн дүрмийг нийт ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг мөрдөн ажиллах үүрэгтэй. Энэ талаар тус сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 2.8.4, 3.4, 7.2.3-т нарийвчлан заасан байдаг. Тус сургуульд 2017 оны 9 дүгээр сарын 1-нээс эхлэн ажиллаж байгаа багш Б.Батсүрэн сургуулийн энэхүү шаардлагад нийцээгүй буюу сахилгын зөрчлүүдийг гаргасан болох нь тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хууль ба түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, сургуулийн хөдөлмөрийн дотоод журмыг баримтлан 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдрөөр тасалбар болгон гэрээг цуцалсан.

 

Б.Батсүрэн нь хичээл заах үндсэн ажил үүргээ чанартай, зохих ёсоор гүйцэтгэхгүй байсан талаар сургалтын менежер түүний ажлыг дүгнэж, муу үнэлгээ өгсөн. Б.Батсүрэн ч өөрөө үүнийг зөвшөөрсөн. 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 16 оноо (нийт 49 оноо авахаас), 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 20,1 оноо тус тус авсан тул ажил олгогчоос 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/684 дугаар тушаалаар Б.Батсүрэнд 1 сарын цалинг 6 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Ажил үүргийн дагуу даасан ангидаа сурагчийн зан үйлийн дүрмийг биелүүлэх тал дээр үр дүнтэй ажил зохиогоогүй тул 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/654 дугаартай анги удирдсан багшийн 1 сарын 5 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Мөн Б.Батсүрэн сургуулиас зохион байгуулсан ажилд оролцоогүй тул 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн Б/184 дугаартай тушаалаар 1 сарын цалинг 5 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Б.Батсүрэн ажлаас хоцрох зөрчил гаргасан тул 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн Б/185 дугаар тушаалаар 1 сарын цалинг 5 хувиар бууруулах сахилгын шийтгэл хүлээлгэсэн байна. Б.Батсүрэн хөдөлмөрийн сахилгын давтан зөрчлийн зэрэгцээ сахилгын ноцтой зөрчлийг гаргасан. Хөдөлмөрийн дотоод журамтай Б.Батсүрэн танилцсаны үндсэнд ажиллаж байсан. Мөн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.1.2, 4.2.1, 5.1.2-т тус тус заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлах нөхцөлийн талаар тус гэрээний 7.11, 7.14, 7.15-т сахилгын ноцтой зөрчил гэж үзэх болохыг ийнхүү Хөдөлмөрийн гэрээнд тодорхой заасан. Тус сургуулийн ажил үүрэг гүйцэтгэхтэй холбоотой ажиллуулдаг монгол багш нарын фэйсбүүх группт 2018 оны 3 сарын 14, 16, 24-ны өдөр бага анги хариуцсан сургалтын менежер, номын санчийг гутаан доромжилсон, хэрүүл маргаанд өдөөн турхирсан мэдээлэл, тайлбарыг мөн тус сургуулийн 25 жилийн ойн баярын үйл ажиллагааны талаарх зураг мэдээлэлд сөрөг, зохисгүй тайлбарыг тус тус Б.Батсүрэн хийсэн. Энэхүү үйлдэл нь Багшийн ёс зүйн дүрмийн 2.3 дахь заалт 2.3.22-ийг зөрчсөн, Хөдөлмөрийн гэрээний 7.14 ба 7.15-т заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж үзэхээр байна.

Б.Батсүрэн нь 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 2018 оны 4 сарын 4-ний өдөр хүртэл нийт 5 удаа хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж тушаалаар тухай бүр цалинг бууруулах сахилгын шийтгэл хүлээсэн байх бөгөөд тухай бүртээ эдгээр тушаалыг зөвшөөрөхгүй байгаа талаар гомдол, хүсэлт гаргаж байгаагүй болно. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1 дэх хэсэгт заасны дагуу сахилгын шийтгэл хүлээсэн тушаалын талаар мэдсэнээс хойш 3 сарын дотор энэ талаар гомдол гаргаагүй. Багшаар ажиллаж байсан Б.Батсүрэнгийн удаа дараа гаргасан зөрчлүүдэд ажил олгогч нь хариуцлага тооцож, хөдөлмөрийн гэрээг нь цуцласан. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтын дагуу ажилтан хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан ноцтой зөрчлийг гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх:  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Монгол Оросын хамтарсан ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/654 дугаартай ажлын харицлага алдсан багш нарт болон сурагчийн зан үйлийн дүрэм зөрчсөн сурагчдад хариуцлага тооцох тухай тушаалын 3 дугаар заалтын 7г ангийн туслах багш Б.Батсүрэнгийн 12 дугаар сарын анги удирдсан цалингаас 5 хувиар хасалт хийх хэсгийг, 2017 оны 12 сарын 14-ний өдрийн Б/684 дүгээртэй сахилгын арга хэмжээ авах тухай тушаал, 2018 оны 03 сарын 15-ны өдрийн Б/152 дугаартай сахилгын арга хэмжээ авах тухай тушаалын 2 дугаар заалтын багш Б.Батсүрэнгийн 3 дугаар сарын цалинг 3 хувиар буруулах сахилгын арга хэмжээ авсан хэсгийг, 2018 оны 04 сарын 04-ний өдрийн Б/184 дүгээртэй ангийн журнал шалгалтын тухай, мөн өдрийн Б/185 дугаартай сахилгын арга хэмжээ авах тухай тушаалын 1 дүгээр заалтын Б.Батсүрэнгийн 4 дүгээр сарын цалинг 5 хувиар бууруулсан хэсгийг, мөн өдрийн Б/186 дугаартай Сахилгын арга хэмжээ авах тухай тушаалын 1 дүгээр заалтын Б.Батсүрэнгийн 4 дүгээр сарын үндсэн цалинг 5 хувиар бууруулсан хэсгийг, мөн 2018 оны 04 сарын 09-ний өдрийн Б/194 дүгээртэй Балжиннямын Батсүрэнг ажлаас чөлөөлөх тухай тушаал зэргийг тус тус хүчингүй болгож, ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1 708 524 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Батсүрэнд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Б.Батсүрэнгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан журмын дагуу суутгал хийж, түүний эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Монгол Оросын хамтарсан ерөнхий боловсролын сургуулийн захиргаа, санхүүд үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Монгол Оросын хамтарсан ерөнхий боловсролын сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид /70200+42286/ нийт 112 486 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлого болгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо:

... Б.Батсүрэнгийн удаа дараа гаргасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар тушаалуудад тодорхой дурдаж цалинг бууруулсан. Түүнд ногдуулсан 5 удаагийн сахилгын арга хэмжээ нь бүгд цалин бууруулах сахилгын шийтгэл байхад Б.Батсүрэн нь энэ талаар мэдээгүй, мэдэх боломжгүй гэж байгаа нь үндэслэлгүй юм. Хариуцагч байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 7.4-т заасны дагуу тушаалыг багш нарын өрөөний самбарт өлгөсөн байгаатай Б.Батсүрэн танилцах үүрэгтэй. Б.Батсүрэн нь Хөдөлмөрийн дотоод журамтай танилцсан, мэдсэн талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан бөгөөд хөдөлмөрийн гэрээний 4.2.1... сургуулийн дотоод журам, захирлын тушаал, ажлын байрны тодорхойлолт болон энэхүү гэрээг мөрдлөг болгон ажиллана" гэж тус тус үүрэг болгосон байна. Гэтэл анхан шатны шүүх эдгээр баримтуудыг үнэлээгүй. Б.Батсүрэн нь 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр болсон шүүх хурал дээр "манай ангийн н.Энгүүн гэх охин зан үйлийн дүрэм зөрчсөн учраас энэ сурагчийн зөрчилтэй холбоотой туслах багшийн хувиар надад арга хэмжээ авсан" гэж сахилгын шийтгэл ногдуулсан талаар мэдэж байгааг хэлсэн байхад шүүх анхааран үзээгүй.

2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/684 дугаар тушаалыг Б.Батсүрэн нь багшийн хамгийн гол үүрэг, үндсэн ажил болох хичээл заах, хичээлийн чанарыг сайжруулах арга зүйн зааварчилгааг биелүүлээгүй, багшийн ёс зүйн хэм хэмжээг тогтмол зөрчсөн үйлдлүүдийг дурдаж 12 дугаар сарын цалингаас 6 хувийг хассан. Энэ тушаалд дурдсан зөрчил болох Б.Батсүрэнгийн хичээл заах байдлыг хичээлийг дүгнэх хуудас гэдэг нэртэй баримтаар хичээлийн эрхлэгч дүгнэж , 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 16 оноогоор "муу", 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 25,1 оноогоор "муу" үнэлгээ авсан хичээлийг дүгнэх хуудас" гэх баримтууд хавтаст хэрэгг авагдсан. Шүүх хуралдааны явцад Б.Батсүрэнгээс энэ талаар асуухад ямар үнэлгээ авснаа хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан гэдгээ хэлсэн байдаг. Мөн тэрээр 2018 оны 6 сарын 12-ны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа ...Самбар дээр тушаал тавигдддаг. Цалин авахад цалингаас 5 болон 10 хувиар хассан байдаг. Цалингаа хасуулахгүйн төлөө ажилладаг" гэсэн.

2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/152 дугаар тушаалаар сургуулийн 25 жилийн ойн бэлтгэл ажилд оролцохоос татгалзаж зугтсан гэсэн зөрчилд 3 дугаар сарын цалинг 3 хувиар бууруулах арга хэмжээ авсан ба энэ тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэсэн. Шүүхэд тус сургууль байгуулагдсаны 25 жилийн ойн баярын хөтөлбөрийг нотлох баримтаар гаргаж өгсөн. 25 жилийн ойн арга хэмжээ нь 1 удаагийн баярын концертыг сурагч, багшид үзүүлэх арга хэмжээ биш харин 1 жил буюу 365 хоногийн турш үргэлжилсэн цогц ажил байсан. Энэ ажлын бэлтгэл шатны 3 дугаар сарын ажилд Б.Батсүрэн оролцоогүй тул арга хэмжээг авсан. 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн Б/184 дүгээр тушаалын 1 дүгээр заалтад Б.Батсүрэнгийн зөрчлийг хэзээ гаргасныг тодорхой заасан байх ба Б.Батсүрэн 2018 оны 6 дугаар сарын 12-ны шүүх хурал дээр "Би өвчтэй байсан бөгөөд 5 дахь өдөр гаргаж болно гэж багын менежерээс зөвшөөрөл авсан. 7 хүүхдийн дүнг дэвтэрийг шалгаж байж тавихаар болсон, дүнг бол гаргаагүй гэж тайлбарласан байдаг.

2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн Б/185 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т заасныг баримтлан Б.Батсүрэнгийн 4 дүгээр сарын үндсэн цалинг 5 хувиар бууруулсан. Мөн өдрийн Б/186 дугаар тушаалаар 4 дүгээр сарын үндсэн цалинг 5 хувиар бууруулах арга хэмжээг тооцсон. Нэхэмжлэгч Б.Батсүрэн нь 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд ...үйл ажиллагаанд оролцоогүй, 140 000 төгрөгийг төлж тухайн ресторанд орох шаардлага байхгүй. Тухайн арга хэмжээнд орохгүй ч байсан болно гэж ойлгосон гэж мэдүүлсэн. Б.Батсүрэнгийн тус тусдаа өөр үйлдлүүд сахилгын шийтгэлүүд ногдуулсан тул нэг үйлдэлд давхардуулсан хэд хэдэн удаа арга хэмжээ авсан гэж үзэхгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 131.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй.

Хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд өмнө гаргасан зөрчилдөө тушаалаар сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жил тушаалаар хүлээгээгүй бол 6 сарын дотор дахин "зөрчил" гаргавал "давтан зөрчил" гэж үзэж болохыг Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан Монгол Улсын Дээд шүүхийн 2007 оны 33 дугаар тогтоолд заасан. Б.Батсүрэн нь багш, сурагчдад Иргэний боловсрол олгох хичээл заадаг багш атлаа хамт ажилладаг Номын санч, буриад багш, өөрөөс нь ахмад эмэгтэй багш нарыг ёс бус үгээр доромжилсон тул түүнийг хариуцагч байгууллага нь цаашид ажиллуулах ямар ч боломжгүй. Боловсролын салбарт багш хүн нь сурагчийг сургахын зэрэгцүү хүмүүжүүлэх үүрэг гүйцэтгэдэг учир багшийн ёс зүй нь заавал мөрдөх хэм хэмжээ нь байдаг. Иймд Б.Батсүрэнгийн Хөдөлмөрийн гэрээг цуцалсан 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн Б/194 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Батсүрэн нь Монгол-Оросын хамтарсан ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан тус сургуулийн захирлын 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/654, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/684, 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/152, 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн Б/184, Б/185, Б/186, 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн Б/194 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг  нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт  хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч ...нэхэмжлэгч Б.Батсүрэн сахилгын зөрчил удаа дараа гаргасан гэсэн үндэслэл заан маргажээ.

Нэхэмжлэгч Б.Батсүрэн нь хариуцагч Монгол-Оросын хамтарсан ерөнхий боловсролын сургуультай 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатайгаар байгуулан багшаар ажиллаж байсан байх бөгөөд ажил олгогчийн 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн Б/194 дугаар тушаалаар ажлаасаа чөлөөгдсөн байна. /хх-ийн 4-5, 49 тал/

Ажил олгогч 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн Б/194 дугаар тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэж, багшийн ёс зүйн дүрэм, сургуулийн дотоод журмыг удаа дараа зөрчсөн гэх үндэслэлийг заажээ. /хх-ийн 7 тал/

Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.2-т хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгох ноцтой зөрчилд ... мэргэжлийн ур чадвараараа тэнцэхгүй болсон, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, ажлын болон албан үүргээ гүйцэтгэж байх үедээ согтууруулах ундаа болон мансууруулах бодис хэрэглэсэн, хэрэглэсэн үедээ ажилдаа ирсэн, сургуулиас санаачилсан буюу зохион байгуулсан ажил, үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулсан ... зэрэг зөрчлүүдийг нэрлэн заасан байна.

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй байдаг.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Монгол-Оросын хамтарсан ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/654 дугаар ажлын хариуцлага алдсан багш нарт болон сурагчийн зан үйлийн дүрэм зөрчсөн сурагчдад хариуцлага тооцох тухай тушаал, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/684 дугаар сахилгын арга хэмжээ авах тухай тушаал, 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/152 дугаар сахилгын арга хэмжээ авах тухай тушаал, 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн Б/184 дугаар ангийн журнал шалгалтын тухай тушаал, мөн өдрийн Б/185, Б/186 дугаар сахилгын арга хэмжээ авах тухай тушаалуудаар тус тус нэхэмжлэгч Б.Батсүрэнд сахилгын шийтгэл ногдуулсан байна. /хх-ийн 26-32 тал/

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Б.Батсүрэн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/654, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/684 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулахаар шүүхэд 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүх ажилтан гомдлоо хуульд заасан хугацааны дотор гаргасан эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөлгүйгээр уг тушаалуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь дээрх хуулийн заалтыг зөрчжээ.

 

Нэхэмжлэгч сахилгын шийтгэл ногдуулсан дээрх тушаалуудыг ажил олгогч байгууллага танилцуулаагүй, шүүхэд хариу тайлбартаа хавсарган өгсний дараа танилцсан гэсэн тайлбар гаргаж байгаа боловч тэрээр эрхээ зөрчигдсөн болохоо мэдэх боломжгүй байсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Учир нь нэхэмжлэгч шалгуур үзүүлэлтийг дүгнэсэн бичгийн баримтад гарын үсгээ зурсан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сахилгын арга хэмжээ авагдаж байсан талаараа тайлбар гаргаж байсан байна. /хх-ийн 67-71, 93-94 тал/

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.Батсүрэнг сахилгын зөрчил гаргаж байсан болохыг нотолсон бичгийн баримтууд болох сургуулийн захиргаанд хандаж гомдол гаргаж байсан багш, ажилчдын болон цалингийн суутгал хийсэн тодорхойлолт, ажлын шалгуур үзүүлэлтийг дүгнэсэн бичгийн баримтууд хэрэгт авагдсан байх тул ажил олгогчийн тушаалуудад заасан зөрчил тогтоогдсон байна гэж үзлээ.

Харин ажил олгогч 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн Б/184, Б/185, Б/186 дугаартай тушаалуудаар нэхэмжлэгчийн гаргасан зөрчил тус бүрд нь 4 сарын үндсэн цалингаас 5 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсныг нэгтгэн гаргах боломжтой байжээ.

 

Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг хоёр буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох бөгөөд зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл ногдуулсан байхыг шаардахгүйгээс гадна давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол нэг жил, хүлээгээгүй бол 6 сараас хэтрэхгүй байхыг ойлгох ба нэхэмжлэгч Б.Батсүрэн хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан үйл баримт тогтоогдсон байна гэж үзлээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон талуудын тайлбарыг харьцуулан дүгнэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Ажил олгогч Монгол-Оросын хамтарсан ерөнхий боловсролын сургууль нь ажилтан Б.Батсүрэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хууль зөрчөөгүй байх тул энэ талаар давж заалдсан ажил олгогчийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжтой байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2018/01596 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Б.Батсүрэнгийн Монгол-Оросын хамтарсан ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан гаргасан тус сургуулийн захирлын 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/654, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/684, 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/152, 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн Б/184, Б/185, Б/186, 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн Б/194 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Монгол-Оросын хамтарсан ерөнхий боловсролын сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112 486 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ТУЯА

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Ц.ИЧИНХОРЛОО