Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2019/00193

 

Б гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2018/01596 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2021 дүгээр магадлалтай,

            Б гийн нэхэмжлэлтэй,

            Монгол-Оросын хамтарсан ерөнхий боловсролын 3 дугаар сургуульд холбогдох

          Монгол-Оросын хамтарсан ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/654, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/684, 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/152, 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Б/184, Б/185, Б/186, 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Б/194 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Должинсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Намжилдорж, хариуцагчийн өмгөөлөгч Н.Баасанжав, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие Монгол Оросын хамтарсан ерөнхий боловсролын сургуулийн захиргаатай 2017 оны 09 сарын 01-ний өдөр 1 жилийн хугацаатай, байнгын ажлын байранд иргэний боловсролын багшийн албан тушаалд ажиллахаар тохиролцож, хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулсан. Ажлаа хийж байх хугацаанд асуудал, зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл сургуулийн захиргаанаас 2018 оны 04 сарын 04-ний өдөр дуудаж, намайг ажлаас чөлөөлөх тухайгаа амаар мэдэгдэж, 2018 оны 04 сарын 09-ний өдрийн Б/194 дүгээр тушаалыг бичгээр гаргаж гардуулсан. Уг тушаалд намайг фэйсбүүк хаяг дээр сургуулийн бодлого, дотоод журмыг зөрчин бага анги хариуцсан сургалтын менежер, номын санч нарыг гутаан доромжилсон хов жив ярьж, хэрүүл маргаан өдөөн турхирсан, зохисгүй үйлдэл хийсэн, багшийн ёс зүйн дүрэм, дотоод журам зөрчсөн гэж үзэн ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлийн тухайд Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлд заасан 8 үйлдлийг ноцтой зөрчилд тооцохоор заасан ба уг зөрчилд ажлын байранд болон ажлын цагаар, ажил, албан үүргээ өөр газар гүйцэтгэж явахдаа архи согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн гэх зэрэг ноцтой үйлдлүүдийг тодорхойлж өгсөн ба эдгээр зөрчлийг үйлдсэн хүнд л хэрэглэх боломжтой заалт байна. Гэтэл Монгол-Оросын хамтарсан сургуулийн захирлын 2017 оны 11 сарын 28-ны өдрийн Б/654, 2017 оны 12 сарын 14-ний өдрийн Б/684, 2018 оны 03 сарын 15-ны өдрийн Б/152, 2018 оны 04 сарын 04-ний өдрийн Б/184, Б/185, Б/186 дугаартай тушаалууд дээрх Хөдөлмөрийн дотоод журмын заалтууд тушаалын үндэслэл болоогүй ба хөдөлмөрийн гэрээний зохих заалтыг тушаалын хууль зүйн үндэслэл болгоогүй нь эдгээр тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гарсан болохыг нотлон харуулж байна. Дээрх тушаалуудад зөрчлийг хэзээ, хаана гаргасан талаар болон ямар баримтаар тогтоогдож байгааг тусгаагүй байна. Монгол-Оросын хамтарсан сургуулийн захирлын сахилгын шийтгэл оногдуулсан тушаалуудад зөрчил гаргасан цаг хугацааг тодорхойлж өгөөгүй нь зөрчил гэж заасан үйлдэлд сахилгын шийтгэл оногдуулах хуулийн хугацаа өнгөрсөн эсэхийг тооцох боломжгүй болгосон байна. Мөн нэг зөрчилд хэд хэдэн удаа тушаал гаргаж шийтгэл оногдуулсан байна. Сургуулийн 25 жилийн ойн арга хэмжээтэй холбогдуулан 3 тушаал гарсан байгааг үүнээс харж болно. Монгол-Оросын хамтарсан сургуулийн захирлын дээрх тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гарснаас гадна өнөөдрийг хүртэл надад албан ёсоор танилцуулж гарын үсэг зуруулаагүй, надад өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах боломж олгоогүй. Ийм тушаалууд гарсан талаар шүүхэд материалтай танилцах үедээ олж мэдсэн болно. Монгол-Оросын хамтарсан сургуулийн захирал Хөдөлмөрийн дотоод журмын 7.4 дэх заалтыг зөрчсөн тул дээрх тушаалууд нь хууль бус байна. 2017 оны 11 сарын 28-ны өдрийн Б/654 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтыг удирдлага болгоогүй, дурдсан зөрчил нь хөдөлмөрийн дотоод журамд заасан сахилгын зөрчилд тооцогдохоор үйлдэл биш байхаас гадна зөрчил гаргасан гэх цаг хугацааг тодорхой заагаагүй байна. 2017 оны 12 сарын 14-ний өдрийн Б/684 дугаар тушаалд зөрчил гэж үзсэн үйлдэл нь тодорхойгүй, ерөнхий байдлаар гаргасан нь ойлгомжгүй байна. 2018 оны 03 сарын 15-ны өдрийн Б/152 дугаар тушаалд хөдөлмөрийн дотоод журмын 4.9 дэх заалтыг удирдлага болгосон ба тус заалт нь сахилгын зөрчилд тооцох заалт бус ажлын цагийн горимыг зохицуулсан заалт байна. Мөн уг тушаалд зөрчил гаргасан гэх цаг хугацааг тодорхой заагаагүй, 25 жилийн ойн ямар арга хэмжээнд хэрхэн оролцохоос зугтсан гэдэг нь тодорхой бус байна. 2018 оны 04 сарын 04-ний өдрийн Б/184 дугаар тушаал нь хөдөлмөрийн дотоод журмын сахилгын зөрчилд тооцох тухай зохицуулалт, хөдөлмөрийн гэрээг удирдлага болгоогүй, хэдийд гаргах байсан дүнг гараагүй, бичээгүй байсан, энэ нь хуулийн ямар заалтыг зөрчсөн нь тодорхойгүй байна. 2018 оны 04 сарын 04-ний өдрийн Б/185, Б/186 дугаар тушаалуудад мөн адил зөрчил гаргасан цаг хугацааг дурдаагүй, удирдлага болгосон хөдөлмөрийн дотоод журмын 5.1 заалт нь шагнал урамшуулал олгох тухай, 5.21 гэсэн заалт уг журамд байхгүй, мөн 1 зөрчилд хэд хэдэн шийтгэл оногдуулсан зэрэг хууль бус тушаал гарсан болох нь харагдаж байна. Иймд дээрх үндэслэлээр Монгол-Оросын хамтарсан ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2017 оны 11 сарын 28-ны өдрийн Б/654, 2017 оны 12 сарын 14-ний өдрийн Б/684, 2018 оны 03 сарын 15-ны өдрийн Б/152, 2018 оны 04 сарын 04-ний өдрийн Б/184, Б/185, Б/186, 2018 оны 04 сарын 09-ний өдрийн Б/194 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Монгол-Оросын хамтарсан ерөнхий боловсролын сургуулийн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Боловсрол шинжлэх ухааны сайдын 2007 оны 41 дүгээр тушаалаар батлагдсан багшийн ёс зүйн дүрмийг нийт ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг мөрдөн ажиллах үүрэгтэй. Энэ талаар тус сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 2.8.4, 3.4, 7.2.3-т нарийвчлан заасан байдаг. Тус сургуульд 2017 оны 09 сарын 01-нээс эхлэн ажиллаж байгаа багш Б  сургуулийн энэхүү шаардлагад нийцээгүй буюу сахилгын зөрчлүүдийг гаргасан болох нь тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хууль ба түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, сургуулийн хөдөлмөрийн дотоод журмыг баримтлан 2018 оны 04 сарын 09-ний өдрөөр тасалбар болгон гэрээг цуцалсан. Б  нь хичээл заах үндсэн ажил үүргээ чанартай, зохих ёсоор гүйцэтгэхгүй байсан талаар сургалтын менежер түүний ажлыг дүгнэж, муу үнэлгээ өгсөн. Б  ч өөрөө үүнийг зөвшөөрсөн. 2017 оны 10 сарын 11-ний өдөр 16 оноо (нийт 49 оноо авахаас), 2017 оны 12 сарын 12-ны өдөр 20,1 оноо тус тус авсан тул ажил олгогчоос 2017 оны 12 сарын 14-ний өдрийн Б/684 дугаар тушаалаар Б д 1 сарын цалинг 6 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Ажил үүргийн дагуу даасан ангидаа сурагчийн зан үйлийн дүрмийг биелүүлэх тал дээр үр дүнтэй ажил зохиогоогүй тул 2017 оны 11 сарын 28-ны өдрийн Б/654 дугаартай анги удирдсан багшийн 1 сарын 5 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Мөн Б  сургуулиас зохион байгуулсан ажилд оролцоогүй тул 2018 оны 04 сарын 04-ний өдрийн Б/184 дугаартай тушаалаар 1 сарын цалинг 5 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Б  ажлаас хоцрох зөрчил гаргасан тул 2018 оны 04 сарын 04-ний өдрийн Б/185 дугаар тушаалаар 1 сарын цалинг 5 хувиар бууруулах сахилгын шийтгэл хүлээлгэсэн байна. Б  хөдөлмөрийн сахилгын давтан зөрчлийн зэрэгцээ сахилгын ноцтой зөрчлийг гаргасан. Хөдөлмөрийн дотоод журамтай Б  танилцсаны үндсэнд ажиллаж байсан. Мөн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.1.2, 4.2.1, 5.1.2-т тус тус заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлах нөхцөлийн талаар тус гэрээний 7.11, 7.14, 7.15-т сахилгын ноцтой зөрчил гэж үзэх болохыг ийнхүү Хөдөлмөрийн гэрээнд тодорхой заасан. Тус сургуулийн ажил үүрэг гүйцэтгэхтэй холбоотой ажиллуулдаг монгол багш нарын фэйсбүүх группт 2018 оны 3 сарын 14, 16, 24-ний өдөр бага анги хариуцсан сургалтын менежер, номын санчийг гутаан доромжилсон, хэрүүл маргаанд өдөөн турхирсан мэдээлэл, тайлбарыг мөн тус сургуулийн 25 жилийн ойн баярын үйл ажиллагааны талаарх зураг мэдээлэлд сөрөг, зохисгүй тайлбарыг тус тус Б  хийсэн. Энэхүү үйлдэл нь Багшийн ёс зүйн дүрмийн 2.3 дахь заалт 2.3.22-ийг зөрчсөн, Хөдөлмөрийн гэрээний 7.14 ба 7.15-т заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж үзэхээр байна. Б  нь 2017 оны 11 сарын 28-ны өдрөөс эхлэн 2018 оны 04 сарын 04-ний өдөр хүртэл нийт 5 удаа хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж тушаалаар тухай бүр цалинг бууруулах сахилгын шийтгэл хүлээсэн байх бөгөөд тухай бүртээ эдгээр тушаалыг зөвшөөрөхгүй байгаа талаар гомдол, хүсэлт гаргаж байгаагүй болно. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1 дэх хэсэгт заасны дагуу сахилгын шийтгэл хүлээсэн тушаалын талаар мэдсэнээс хойш 3 сарын дотор энэ талаар гомдол гаргаагүй. Багшаар ажиллаж байсан Б гийн удаа дараа гаргасан зөрчлүүдэд ажил олгогч нь хариуцлага тооцож, хөдөлмөрийн гэрээг нь цуцалсан. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтын дагуу ажилтан хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан ноцтой зөрчлийг гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2018/01596 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Монгол Оросын хамтарсан ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/654 дугаартай ажлын хариуцлага алдсан багш нарт болон сурагчийн зан үйлийн дүрэм зөрчсөн сурагчдад хариуцлага тооцох тухай тушаалын 3 дугаар заалтын 7г ангийн туслах багш Б гийн 12 дугаар сарын анги удирдсан цалингаас 5 хувиар хасалт хийх хэсгийг, 2017 оны 12 сарын 14-ний өдрийн Б/684 дугаартай сахилгын арга хэмжээ авах тухай тушаал, 2018 оны 03 сарын 15-ны өдрийн Б/152 дугаартай сахилгын арга хэмжээ авах тухай тушаалын 2 дугаар заалтын багш Б гийн 3 дугаар сарын цалинг 3 хувиар буруулах сахилгын арга хэмжээ авсан хэсгийг, 2018 оны 04 сарын 04-ний өдрийн Б/184 дугаартай ангийн журнал шалгалтын тухай, мөн өдрийн Б/185 дугаартай сахилгын арга хэмжээ авах тухай тушаалын 1 дүгээр заалтын Б гийн 4 дүгээр сарын цалинг 5 хувиар бууруулсан хэсгийг, мөн өдрийн Б/186 дугаартай Сахилгын арга хэмжээ авах тухай тушаалын 1 дүгээр заалтын Б гийн 4 дүгээр сарын үндсэн цалинг 5 хувиар бууруулсан хэсгийг, мөн 2018 оны 04 сарын 09-ний өдрийн Б/194 дугаартай Балжиннямын Батсүрэнг ажлаас чөлөөлөх тухай тушаал зэргийг тус тус хүчингүй болгож, ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1,708,524 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Б гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан журмын дагуу суутгал хийж, түүний эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Монгол Оросын хамтарсан ерөнхий боловсролын сургуулийн захиргаа, санхүүд үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Монгол Оросын хамтарсан ерөнхий боловсролын сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид нийт 112,486 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлого болгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2021 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2018/01596 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Б гийн Монгол-Оросын хамтарсан ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан гаргасан тус сургуулийн захирлын 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/654, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/684, 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/152, 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Б/184, Б/185, Б/186, 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Б/194 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Должинсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2021 дүгээр магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснийг дараах үндэслэлээр тайлбарлаж байна. 

Магадлалд “Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг ИХШХШ тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй” гэжээ. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр, хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь бүрэн дүүрэн үнэлсэн гэж үзэж байна. Учир нь хэргийн нөхцөл байдлаас үзэхэд Монгол Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн захирлын 2017 оны Б/654, Б/684, 2018 оны Б/152, Б/184, Б/185, Б/186 дугаартай тушаалуудаар багш Б д “Сахилгын шийтгэл” 6 удаа оногдуулсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-т зааснаар Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн үйлдэл нь сахилгын шийтгэлд тооцохоор заасан ба Монгол-Оросын хамтарсан сургуулийн захирлын 2014 оны 323 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Хөдөлмөрийн Дотоод журам”-ын 7.1-т заасан заалтаараа уг журмын 3.2, 3.4, 4.16, 6.1 дэх заалтыг зөрчсөн тохиолдолд л сахилгын зөрчилд тооцож, сахилгын шийтгэл ногдуулахаар журамлаж өгсөн. Өөрөөр хэлбэл, эдгээр заалтаас өөр заалт зөрчсөн үйлдэл нь сахилгын зөрчилд тооцогдох боломжгүй юм. Мөн “Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэх үндэслэлийн тухайд Хөдөлмөрийн дотоод журмын 7.2.1-7.2.8-т заасан 8 үйлдлийг ноцтой зөрчилд тооцохоор заасан ба уг зөрчилд “Ажлын байранд болон ажлын цагаар мөн ажил албан үүргээ өөр газар гүйцэтгэж явахдаа архи согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэсэн гэх зэрэг ноцтой үйлдлүүдийг тодорхойлж өгсөн ба эдгээр зөрчлийг үйлдсэн хүнд л хэрэглэх боломжтой заалт юм. Гэтэл тус сургуулийн захирлын 2017 оны Б/654, Б/684, 2018 оны Б/152, Б/184, Б/185, Б/186 дугаартай тушаалууд дээрх “Хөдөлмөрийн дотоод журам”-ын нэг ч заалтууд тушаалын үндэслэл болоогүй ба мөн Хөдөлмөрийн гэрээний зохих заалтыг ч мөн тушаалын хууль зүйн үндэслэл болгоогүй нь эдгээр тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гарсан болохыг нотлон харуулж байна. Дээрх тушаалуудад зөрчлийг хэзээ, хаана гаргасан талаар болон ямар баримтаар тогтоогдож байгаа, тушаалыг мэдэх, хүлээн зөвшөөрөхгүй бол гомдол гаргах эрх зэргийг сануулаагүй нь мөн дээрх тушаал хууль бус тушаал гэж үзэх үндэслэл болж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2 “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан байдаг ба энэ нь зөрчил гаргасан цаг хугацаа, зөрчил оногдуулах цаг хугацааг тодорхой заах шаардлагатай гэсэн хуулийн шаардлага юм. Тус сургуулийн захирлын сахилгын шийтгэл оногдуулсан тушаалуудад зөрчил гаргасан цаг хугацааг тодорхойлж өгөөгүй нь зөрчил гэж заасан үйлдэлд сахилгын шийтгэл оногдуулах хуулийн хугацаа өнгөрсөн эсэхийг тооцох боломжгүй болгосон. Мөн нэг зөрчилд хэд хэдэн удаа тушаал гаргаж шийтгэл оногдуулсан харагдаж байна. Дээрх тушаалуудыг эрх ашиг нь хөндөгдөж байгаа Б д хариуцагч нь албан ёсоор мэдэгдээгүй, мэдэгдсэн баримт хавтаст хэрэгт авагдаагүй, сургуулийн зарлалын самбарт өлгөсөн байсан, түүнийг нь харах үүрэг Б д байсан гэж хариуцагчийг зүгээс ямар ч нотлох баримтгүй гүтгэсэн, давж заалдах шатны шүүх нотлох баримтгүй, хөдөлмөрийн дотоод журмаар нарийвчлан зохицуулсан асуудлыг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан Б гийн “би үйлдэлд хариуцлага тооцуулсан юм байна гэдгээ сүүлд таамаглаж мэдсэн" гэсэн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгийг гуйвуулан нотлох баримтаар үнэлсэн нь давж заалдах шатны шүүх өөрөө ИХШХШТХ-н 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Тус сургуулийн захирал Хөдөлмөрийн дотоод журмын 7.4 “Сахилгын шийтгэлийг сургуулийн захирлын тушаалаар ногдуулна, Уг шийдвэрийг өөрт нь мэдэгдэх бөгөөд хувийн хэрэгт хавсаргаж хамт олонд мэдээлнэ” гэж заасан ба энэ нь Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулсан харилцааг нарийвчлан зохицуулсан зохицуулалт тул Хөдөлмөрийн тухай хуулийн “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасныг баримтлах бус нарийвчлан зохицуулсан Хөдөлмөрийн дотоод журмын 7.4-т заасан “хариуцагч буюу Монгол, Оросын хамтарсан сургуулийн захиргаа эрх ашиг нь хөндөгдөж байгаа Б д буюу өөрт нь мэдэгдсэн байхыг шаардсан”, мэдэгдсэнээс хойш гомдол гаргах 3 сарын хугацаа тоолох ёстой болохыг харуулж байна. Гэвч давж заалдах шатны шүүх ямар нотлох баримтад үндэслэн Б г сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг мэдсэн гэж үзсэн нь ойлгомжгүй, нотлох баримтыг эргэлзээгүй талаас нь үнэлээгүй болох нь тодорхой харагдаж байна.

Б д сахилгын шийтгэл оногдуулсан тушаал нэг бүрчлэн авч үзвэл тус сургуулийн захирлын 2017 оны Б/654 тушаалын тухайд: Энэхүү тушаал нь “Сахилгын шийтгэл оногдуулах” тухай хуулийн шаардлага болох Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн Дотоод журам, Хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтыг удирдлага болгоогүй, дурдсан зөрчил нь Хөдөлмөрийн дотоод журамд заасан сахилгын зөрчилд тооцогдохоор үйлдэл биш юм. Зөрчил гаргасан гэх цаг хугацааг тодорхой заагаагүй байна.

2017 оны Б/684 тушаалын тухайд: Энэхүү тушаал нь зөрчил гэж үзсэн үйлдэл нь тодорхойгүй, ерөнхий байдлаар гаргасан нь ойлгомжгүй байна. Б  нь ямар үйлдлээрээ хичээлийн чанарыг сайжруулах арга зүйн зааварчилгааг хэзээ зөрчсөн нь тодорхойгүй, захиргааны зүгээс тавьсан ямар шаардлагыг хэзээ, хэрхэн зөрчсөн, энэ нь Хөдөлмөрийн дотоод журмын яг ямар зөрчилд хамаарч байгаа зэрэг нь ойлгомжгүй, удирдах ямар албан тушаалтын ямар зан чанарыг нь хөндсөн үг хэлээр доромжилсон нь тодорхойгүй байгаа нь тушаал хууль бус тушаал гэж үзэх бас нэгэн үндэслэл болж байна.

2018 оны Б/152 тушаалын тухайд: Энэхүү тушаал нь Хөдөлмөрийн дотоод журмын 4.9 удирдлага болгосон ба тус заалт нь “Сахилгын зөрчил”-д тооцох заалт бус “Ажлын цагийн горим”-ыг зохицуулсан заалт байна. Мөн уг тушаалд зөрчил гаргасан гэх цаг хугацааг тодорхой заагаагүй, 25 жилийн ойн ямар арга хэмжээнд яаж оролцохоос зугтсан гэдэг тодорхой бус байна.

2018 оны Б/184 тушаалын тухайд: Уг тушаал нь Хөдөлмөрийн дотоод журмын сахилгын зөрчилд тооцох тухай зохицуулалт, Хөдөлмөрийн гэрээг удирдлага болгоогүй, хэдийд гаргах байсан дүнг хэдийд гараагүй, бичих байсан дүнг хэдийд бичээгүй, энэ нь ямар заалтыг зөрчсөн зөрчилд тооцогдож байгаа нь тодорхойгүй байна.

2018 оны Б/185, Б/186 тушаалын тухайд: Энэхүү тушаалууд нь мөн дээрх тушаалтай адил зөрчил гаргасан цаг хугацааг дурдаагүй, удирдлага болгосон “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 5.1 заалт нь шагнал урамшуулал олгох тухай, 5.21 гэсэн заалт уг журамд байхгүй, мөн 1 зөрчилд хэд хэдэн шийтгэл оногдуулсан зэрэг хууль бус тушаал гарсан болох нь тушаалаас харагдаж байна.

2018 оны Б/194 дугаартай “Ажлаас халах” тушаалын тухайд: Тус сургуулийн захирлын гаргасан дээрх тушаалын гол үндэслэл нь “Fасеbook чат группд буриад багшийг авгай.. “ гэж хэлсэн гэсэн үндэслэл нь Монгол-Оросын хамтарсан сургуулийн захирлын 2014 оны 323 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 7 дугаар зүйлийн 7.2.1-7.2.8-т заасан 8 үйлдлийг ноцтой зөрчилд тооцохоор заасан зөрчилд хамааралгүй байгаа нь уг тушаал хууль зүйн үндэслэлгүй гарсан болохыг харуулж байна.

Эцэст нь тодруулж хэлэхэд нэхэмжлэгч Б  нь сургуулийн орчинд болсон тодорхой үйл явдлыг анхан шатны шүүхийн шатанд мэдүүлсэн байдаг бөгөөд энэ нь 1-рт зөрчлөө мэдсэн гэсэн үг биш 2-рт уг үйлдлүүд нь Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар сахилгын зөрчилд тооцохоор үйлдэл биш, 3-рт уг үйлдлийг шүүхийн шатанд мэдүүлсэн нь зөрчил гэж хүлээн зөвшөөрсөн үг биш гэдгийг хуульчид болох шүүгч, өмгөөлөгч бид сайн мэдэж байгаа бөгөөд шүүгч, өмгөөлөгч нь хууль, дотоод дүрэм журам, тушаалын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийж, нотлох баримтад үндэслэн хэргийг тал бүрээс нь бүрэн судлах учиртай. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2021 дугаартай магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангана.

Нэхэмжлэгч Б  нь хариуцагч Монгол Оросын хамтарсан ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан, захирлын 2018 оны 4 сарын 09-ний өдрийн Б/194, 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/654, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/684, 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/152, 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Б/184, Б/185, Б/186 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны олговор 1,708,524.00 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх шаардлага гаргажээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар шаардлагыг эс зөвшөөрч, “...нэхэмжлэгч Б  нь сахилгын зөрчил удаа дараа гаргасан, нэхэмжлэл үндэслэлгүй” гэж маргасан.

Монгол Оросын хамтарсан ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2017 оны 09 сарын 02-ны өдрийн Б/338 дугаар тушаал, 2017 оны 09 сарын 01-ний өдрийн  хөдөлмөрийн гэрээнээс үзэхэд нэхэмжлэгч Б г 2017 оны 09 сарын 01-ний өдрөөс эхлэн тус сургуульд иргэний боловсролын багшаар түр авч ажиллуулсан байна.

2018 оны 04 сарын 09-ний өдөр ажилтан Б г ажил олгогчийн Б/194 дүгээр тушаалаар Монгол Улсын Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.8.4 дэх заалтыг үндэслэн 2018 оны 04 сарын 09-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

Нэхэмжлэгч Б  нь хариуцагч сургуулийн захирлын 2018 оны 4 сарын 09-ний өдрийн Б/194 дүгээр тушаалыг хүчингүй болгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах шаардлага гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “... 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/654, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/684, 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/152, 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Б/184, Б/185, Б/186 дугаартай тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах”-аар  нэмэгдүүлсэн байна.

“...нэмэгдүүлсэн шаардлагад дурдсан тушаалуудыг хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа хавсаргаж өгсөн үед дээрх тушаалуудыг мэдсэн, ажилтанд гардуулж өгөөгүй, танилцуулаагүй” гэж нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн шаардлагынхаа үндэслэлийг тайлбарласан бол хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар “...сахилгын арга хэмжээ авсан дээрх тушаалуудыг манай сургууль багш нарын өрөөний мэдээллийн самбарт өлгөдөг, түүнийг өөрсдөө мэдэх боломжтой, бусад багш нар ч мэдэж танилцдаг, хамт олонд мэдээлсэн гэж тооцдог учир Б г мэдээгүй гэж үзэх боломжгүй” гэсэн тайлбар гаргажээ.

Монгол Оросын хамтарсан ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/654 дугаар “Ажлын хариуцлага алдсан багш нарт болон Сурагчийн зан үйлийн дүрэм зөрчсөн сурагчдад хариуцлага тооцох” тушаалд хариуцсан ангийн сурагчдын дунд Сурагчийн зан үйлийн дүрмийг биелүүлэх талаар үр дүнтэй тодорхой ажил зохиогоогүй тул багш нарын 12 дугаар сарын анги удирдсан цалингаас 7г ангийн туслах багш Б гээс 5 хувийн хасалт хийх арга хэмжээ тооцсон байх боловч уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл, заалтыг баримтлаагүй, зөвхөн сургуулийн сурагчийн зан үйлийн дүрэм, Багш нарт цалин олгох шалгуурын заалтыг үндэслэл болгосон байна.

2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/684 дүгээр “Сахилгын арга хэмжээ авах тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.2, Хөдөлмөрийн дотоод журам, Цалин олгох шалгуурын заалтыг үндэслэн Б гийн 12 сарын үндсэн цалингаас 6 хувиар суутгал хийх арга хэмжээ авсан.  

2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/152 дугаар “Сахилгын арга хэмжээ авах тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.9 гэснийг үндэслэн Сургуулийн 25 жилийн ойн бэлтгэл ажилд оролцохоос татгалзаж, зугтсан гэж багш Б гийн 3 дугаар сарын цалинг 3 хувиар бууруулах арга хэмжээ авсан.

2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Б/184 дүгээр “Ангийн журнал шалгалтын тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.2, Цалин олгох шалгуурын 4.8-ыг үндэслэн журналын бичилтийг хайнга хөтөлж, засварлаж, дүнг цаг тухайд нь бичиж байгаагүй, мөн 12-р группийн 7 сурагчийн 3-р улирлын дүнг гаргалгүй орхисон гэж багш Б гийн 4 сарын үндсэн цалингаас 5 хувиар суутгаж арга хэмжээг авсан.

2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Б/185 дугаар “Сахилгын арга хэмжээ авах тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.1, 5.21, Цалин хөлс бодох шалгуурын 8.5, 5.6 заалтуудыг үндэслэн Сургуулийн 25 жилийн ойн баярын үйл ажиллагааны бэлтгэлийн үед туслах багшийн үүрэг, хариуцлагаа муу биелүүлж, хариуцсан ажлаа хангалтгүй хийсэн гэж Б гийн 4 сарын үндсэн цалинг 5 хувиар бууруулах арга хэмжээг тооцсон,

2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/186 дугаар “Сахилгын арга хэмжээ авах тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.1, 5.2-т заасныг үндэслэн Сургуулийн 25 жилийн ойн баярын үйл ажиллагааны 2 дахь хэсэгт тодорхой ажил үүргийн хуваарьтай оролцох ёстой байсан боловч уг арга хэмжээнд огт ирэхгүй тасалж алга болсон гэж багш Б гийн 4 дүгээр сарын үндсэн цалинг 5 хувиар бууруулах арга хэмжээ авчээ.

Ажил олгогч нь дээр дурдсан 6 тушаалыг гаргасан байх боловч тэрээр Хөдөлмөрийн дотоод журмын 7.4-т заасан журмын дагуу багш Б д гардуулж өгөөгүй, танилцуулаагүй, тушаалуудад заасан зөрчлийг шалгасан талаарх материал, хэлэлцсэн хурлын тэмдэглэл, зөрчил гаргагчийн тайлбар болон арга хэмжээ авах болсон үндэслэлийн талаарх холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул  “...зөвхөн хариуцагчийн тайлбарыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэж үзээд ажил олгогчийг хууль зөрчсөн гэж анхан шатны шүүх дүгнэн, дээрх тушаалуудын Б д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн байна.

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ нотолж чадаагүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-т заасан үндэслэлүүд тогтоогдоогүй байхад ажил олгогч нь ажилтан Б г Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь буруу юм.

Иймээс 2018 оны 04 сарын 09-ний өдрийн Б/194 дугаартай Балжиннямын Батсүрэнг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, түүний ажилгүй байсан хугацааны цалин олговрыг хариуцагчаас гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан журмын дагуу суутгал хийлгэж, дэвтэрт зохих бичилт хийлгэж баталгаажуулахыг даалгахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцсэн гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж чадаагүйгээс магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Б г 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/654, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/684 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулахаар шүүхэд 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүх ажилтан гомдлоо хуульд заасан хугацааны дотор гаргасан эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөлгүйгээр уг тушаалуудыг хүчингүй болгож шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг буруутгахдаа “...нэхэмжлэгч сахилгын шийтгэл ногдуулсан дээрх тушаалуудыг ажил олгогч байгууллага танилцуулаагүй, шүүхэд хариу тайлбартаа хавсарган өгсний дараа танилцсан гэсэн тайлбар гаргаж байгаа боловч тэрээр эрхээ зөрчигдсөн болохоо мэдэх боломжгүй байсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна” гэж дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн байна.    

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигчдын тайлбарыг харьцуулан дүгнэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож   шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2021 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2018/01596 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

           ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН