Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2020/02132

 

 

 

 

 

 

2020оны 08сарын 24дөр

 

181/ШШ2020/02132

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Д.Э /РД:/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  У.Т /РД:/-д холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5,229,144 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М*******, хариуцагчийн төлөөлөгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Э нь тус байгууллагад 2010 онд архив бичиг хэргийн эрхлэгчээр ажилд ороод 2016 оны 10 сараас Баянзүрх дүүрэг дэх салбар номын сангийн эрхлэгчээр томилогдон ажилласан, Ажиллаж байх хугацаандаа сахилгын ноцтой зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл шинэ захирал ирснээс хойш захиргааны дарамтыг учруулах болсон бөгөөд 2018 оны 04 сарын 25-ны өдрийн Б/19 тоот тушаалаар ажлаасаа үндэслэлгүйгээр халагдсан. Гэвч үүнийг хүлээн зөвшөөрөөгүй тул тус шүүхэд хандсан бөгөөд 3 шатны шүүхийн шийдвэрээр уг ажлаас халсан тушаал шийдвэрийг хүчингүйд тооцсон. Ажил олгогч шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсаар 2019 оны 07 сарын 30-ны өдөр ажилд эгүүлэн томилсон боловч шүүхийн шийдвэрийг нэр төдий биелүүлсэн болоод эргээд 2019 оны 08 сарын 13-ны өдөр Б/40 тоот тушаалаар халсан байдаг үүнийг миний бие хүлээн зөвшөөрөөгүй тул мөн тус дүүргийн шүүхэд хандаж гомдлоо гаргаснаар миний талд шүүхийн шийдвэр гарсан. Нэгэнт шүүхийн шийдвэрүүд гараад байхад ажил олгогч шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсаар анхан шатны шүүхийн шийдвэр 2019 оны 11 сарын 21-ний өдөр гарсан байхад нэхэмжлэгч намайг хариуцагч 2020 оны 05 сарын 18-ны өдөр буцаагаад ажилд авсан тушаал гаргасан байгаа тул энэхүү анхан шатны шийдвэр гарсан 2019 оны 11 сард-7,12 сард-22, 2020 оны 01 сард 23, 02 сард-20, 03 сард -22, 04 сард -22, 05 сард 13 хоног ажлын өдрүүд байгаа бөгөөд нийт ажлын 136 хоног гарч байна. Үүнийг анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2019 оны 11 сарын 21-ний өдрөөс эгүүлэн 2020 оны 05 сарын 18-ны өдөр В/32 тоот тушаалаар авсан өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 21-ний өдрийн шийдвэрт заасан цалингийн дундаж болох 871,526 төгрөг, үүнийг дундаж хоног 21,5 хуваахад нэг өдөрт 40,536 төгрөг, үүнийг ажилгүй байсан хугацаагаар үржүүлээд 5,229,144 төгрөг гарч байна. Иймд 5,229,144 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхээр шийдвэр гаргаж өгнө үү. гэв.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Д.Эгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Нацагдоржийн нэрэмжит У.Тд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын ажилгүй байсан хугацааны буюу 2019 оны 11 сарын 21-ний өдрөөс 2020 оны 05 сарын 18-ны хүртэл өдрийн цалинг өгөхийг хүлээн зөвшөөрч, харин цалингийн тооцоолол буюу мөнгөн дүнг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Нэхэмжлэгч нь цалингийн тооцооллыг хийхдээ 871,526 төгрөгөөс бодож 5,229,144 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь төрийн албан хаагч нь Засгийн газрын тогтоолоор баталсан цалингийн шатлалаар цалинждаг. 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Д.Этай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд Сонгинохайрхан дүүрэг дэх салбар номын сангийн эрхлэгч-ийн цалинг ТҮСУ-5-3 шатлалаар тусгасан ч Д.Э нь цалингийн хэмжээг хүлээн зөвшөөрөөгүй тул ТҮСУ-5-5 цалинжуулахаар болсон. Соёл, урлагийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалин нь Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 264 дүгээр тогтоолоор ТҮСУ-5-5 768,128 төгрөг, Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор ТҮСУ-5-5 829,579 төгрөг, Засгийн газрын 2019 оны 12 дүгээр сарын 25-ны өдрийн 472 дүгээр тогтоолоор ТҮСУ-5-5 895,945 төгрөг болж тус тус өөрчлөгдсөн. Уг тооцооллын дагуу Д.Эд 2018 оны 06 сараас 2020 оны 05 дугаар сар хүртэл нийт 19,406,848 төгрөгийг өгөхөөс 15,467,624 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 3,939,224 төгрөгийг төлнө. Иймд нэхэмжилж буй 3,939,224 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч үлдэгдэл 1,289,920 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч У.Тд холбогдуулан 2019 оны 11 сарын 21-ний өдрөөс 2020 оны 05 сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5,229,144 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг 3,939,224 төгрөгийн хэмжээнд зөвшөөрч, 1,289,920 төгрөгийн хэмжээнд эс зөвшөөрч маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Д.Э нь У.Тгийн Сонгинохайрхан дүүрэг дэх салбар номын сангийн эрхлэгчээр ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдөн, улмаар шүүхэд нэхэмжлэл гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 21-ний өдрийн 181/ШШ2019/02379 дугаар шийдвэр /хх-21-23 тал/-ээр Д.Эг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг У.Тгаас гаргуулж, Д.Эгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг У.Тд даалгаж шийдвэрлэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дахь заалтад Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж заасны дагуу Д.Эг ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг түүний ажил олгогч У.Т заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг ажил олгогчоос биелүүлэх хүртэлх хугацаа Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан ажилгүй байсан бүх хугацаанд хамаарна.

У.Тгийн захирлын 2020 оны 05 сарын 18-ны өдрийн В/32 дугаартай Д.Эг ажилд томилох тухай тушаал /хх-4 тал/-аар Д.Эг шүүхийн шийдвэрийг биелүүлж, 2020 оны 05 сарын 19-ний өдрөөс ажилд нь томилон ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.

У.Т нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 21-ний өдрийн 181/ШШ2019/02379 дугаар шийдвэрийг 2020 оны 05 сарын 19-ний өдрөөс биелүүлсэн байх тул нэхэмжлэгч Д.Э нь 2019 оны 11 сарын 21-ний өдрөөс 2020 оны 05 сарын 19-ний өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг хариуцагч У.Тгаас нэхэмжлэх эрхтэй байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажил эгүүлэн тогтоосон 2019 оны 11 сарын 21-ний өдрийн шүүхийн шийдвэрийг биелүүлж, 2020 оны 05 сарын 19-ний өдрөөс биелүүлсэн байх тул шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг нэхэмжлэгчид олгох үүрэгтэй.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 21-ний өдрийн 181/ШШ2019/02379 дугаар шийдвэрээр Д.Эг ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэх үед нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлсийг шүүх 871,526 төгрөгөөр тодорхойлсон байх тул 871,526 төгрөгийг нэг сарын дундаж хоног болох 21.5 өдөрт хуваахад нэг өдөрт ногдох дундаж цалингийн хэмжээ нь 40,536 төгрөг, үүнийг 2019 оны 11 сарын 21-ний өдрөөс 2020 оны 05 сарын 19-ний өдрийг хүртэлх ажлын 129 хоногт үржүүлэн тооцоход ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрын хэмжээ нь 5,229,144 төгрөг болж байна.

Иймд хариуцагч У.Тгаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5,229,144 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Эд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч Д.Эгийн болон хариуцагч У.Тгийн төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч У.Тд даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй байх үндэслэлээ Засгийн газрын 2018 оны 08 сарын 22-ны өдрийн 264 дүгээр тогтоолоор соёл урлагийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн хэмжээг 768,128 төгрөг, Засгийн газрын 2019 оны 01 сарын 16-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор соёл урлагийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн хэмжээг 829,579 төгрөг, Засгийн газрын 2019 оны 12 сарын 25-ны өдрийн 472 дугаар тогтоолоор соёл урлагийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн хэмжээг 895,945 төгрөгөөр тогтоосон, дээрх дүнгээр тооцож үзэхэд нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах шаардлага гаргахдаа 1,289,920 төгрөгийг илүү нэхэмжилсэн гэсэн тайлбарыг гаргаж байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дахь заалтад зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгох тул хариуцагчийн гаргасан албан тушаалын цалингаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг тооцох ёстой гэх тайлбарыг шүүх үндэслэлгүй гэж үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дахь заалтыг баримтлан хариуцагч У.Тгаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5,229,144 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Эд олгосугай.

 

2.  Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч Д.Эгийн болон хариуцагч У.Тгийн төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч У.Тд даалгасугай.

 

3.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс 2020 оны 06 сарын 03-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 98,620 төгрөгийн 98,616 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 4 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч У.Тгаас 98,616 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Эд олгосугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР