Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/00893

 

 

                                                        Д.Эйн нэхэмжлэлтэй

                                          иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ундрах даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 24ий өдрийн 181/ШШ2020/02132 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2210 дугаар магадлалтай,

Д.Э-ийн нэхэмжлэлтэй,

Улаанбаатар хотын нийтийн төв номын санд холбогдох

Урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 5,229,144 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сарангэрэлийн хяналтын журмаар гаргасан гомдлоор 

Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв. 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Э тус байгууллагад 2010 онд архив бичиг хэргийн эрхлэгчээр ажилд ороод 2016.10 дугаар сараас Баянзүрх дүүрэг дэх салбар номын сангийн эрхлэгчээр томилогдон ажилласан, ажиллаж байх хугацаандаа сахилгын ноцтой зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл шинэ захирал ирснээс хойш захиргааны дарамтыг учруулах болсон бөгөөд 2018.04.25-ны өдрийн Б/19 тоот тушаалаар ажлаасаа үндэслэлгүйгээр халагдсан. Гэвч үүнийг хүлээн зөвшөөрөөгүй тул тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, 3 шатны шүүхийн шийдвэрээр ажлаас халсан тушаалыг тооцсон. Ажил олгогч шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсаар 2019.07.30-ны өдөр ажилд эгүүлэн томилсон боловч шүүхийн шийдвэрийг нэр төдий биелүүлж 2019.08.13-ны өдөр Б/40 тоот тушаалаар ажлаас халсан, үүнийг хүлээн зөвшөөрөөгүй тул мөн тус дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр 2019.11.21-ний өдөр гарсан байхад намайг 2020.05.18-ны өдөр буцаагж ажилд авсан тушаал гаргасан байгаа тул энэхүү анхан шатны шийдвэр гарсан 2019.11 дүгээр сард 7, 12 дугаар сард 22, 2020.01 дүгээр сард 23, 02 дугаар сард 20, 03 дугаар сард 22, 04 дүгээр сард 22, 05 дугаар сард 13 хоног ажлын өдрүүд байгаа бөгөөд нийт ажлын 136 хоног гарч байна. Үүнийг анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2019.11.21-ний өдрөөс эгүүлэн 2020.05.18-ны өдөр В/32 тоот тушаалаар авсан өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө анхан шатны шүүхийн 2019.11.21-ний өдрийн шийдвэрт заасан цалингийн дундаж дүн болох 871,526 төгрөг, үүнийг дундаж хоног 21,5 хуваахад нэг өдөрт 40,536 төгрөг, үүнийг ажилгүй байсан хугацаагаар үржүүлээд 5,229,144 төгрөг гарч байна. Иймд 5,229,144 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгүүлж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Д.Э-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын ажилгүй байсан хугацааны буюу 2019.11.21-ний өдрөөс 2020.05.18-ны хүртэлх цалин хөлс өгөхийг хүлээн зөвшөөрч, харин цалингийн тооцоолол буюу мөнгөн дүнг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь цалингийн тооцооллыг хийхдээ 871,526 төгрөгөөс бодож 5,229,144 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь төрийн албан хаагч нь Засгийн газрын тогтоолоор баталсан цалингийн шатлалаар цалинждаг. 2019.08.02-ны өдөр Д.Э-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд Сонгинохайрхан дүүрэг дэх салбар номын сангийн эрхлэгчийн цалинг ТҮСУ-5-3 шатлалаар тусгасан ч Д.Э нь цалингийн хэмжээг хүлээн зөвшөөрөөгүй тул ТҮСУ-5-5 цалинжуулахаар болсон. Соёл, урлагийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалин нь Засгийн газрын 2018.08.22-ны өдрийн 264 дүгээр тогтоолоор ТҮСУ-5-5 768,128 төгрөг, Засгийн газрын 2019.01.16-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор ТҮСУ-5-5 829,579 төгрөг, Засгийн газрын 2019.12.25-ны өдрийн 472 дугаар тогтоолоор ТҮСУ-5-5 895,945 төгрөг болж тус тус өөрчлөгдсөн. Уг тооцооллын дагуу Д.Э-д 2018.06 дугаар сараас 2020.05 дугаар сар хүртэл нийт 19,406,848 төгрөгийг өгөхөөс 15,467,624 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 3,939,224 төгрөгийг төлнө. Иймд нэхэмжилж буй 3,939,224 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, үлдэгдэл 1,289,920 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24ий өдрийн 181/ШШ2020/02132 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Улаанбаатар хотын нийтийн төв номын сангаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5,229,144 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Э-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 заасны дагуу нэхэмжлэгч Д.Э-ийн болон хариуцагч Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Улаанбаатар хотын нийтийн төв номын санд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 зааснаар нэхэмжлэгчээс 2020.06.03-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 98,620 төгрөгийн 98,616 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 4 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Улаанбаатар хотын нийтийн төв номын сангаас 98,616 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Э-д олгохоор шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2210 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24ий өдрийн 181/ШШ2020/02132 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сарангэрэл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүх хууль зүйн үндэслэл, хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, ямар хуулийн заалтыг тайлбарлан хэрэглэж ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж байгаа талаараа тодорхой дурдаагүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.Э нэхэмжлэлийн шаардлагаа “...2019.11.21-ний өдрөөс 2020.05.18-ны өдрийг хүртэлх урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 5,229,144 төгрөгийг хариуцагчаас гаргуулах...” гэх бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрөөгүй, татгалзсан тайлбартаа “...Д.Э-д 2018.06 дугаар сараас 2020.05 дугаар сар хүртэл нийт 19,406,848 төгрөгийг өгөхөөс 15,467,624 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 3,939,224 төгрөгийг төлнө...” гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргаантай харилцааг үндэслэл бүхий тодорхойлж, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэн хэрэгт байгаа баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-40.3, 116 дугаар зүйлийн 116.3. дахь заалтад нийцсэн байна.

Нэхэмжлэгч анх Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн Сонгинохайрхан дүүрэг дэх салбар номын сангийн эрхлэгчээр ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдсөн үндэслэлээр нэхэмжлэл гаргаж, 2019.11.21-ний өдрийн 2379 дүгээр шийдвэрээр Д.Э-г урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн захирлын 2020.05.18-ны өдрийн В/32 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалаар Д.Э-г шүүхийн шийдвэрийн дагуу 2020.05.19-ний өдрөөс ажилд нь томилжээ.

Д.Э 5,229,144 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2019.11 дүгээр сард 7, 12 дугаар сард 22, 2020.01 дүгээр сард 23, 02 дугаар сард 20, 03 дугаар сард 22, 04 дүгээр сард 22, 05 дугаар сард 13 хоног ажлын өдрүүд байгаа бөгөөд нийт ажлын 136 хоногийн цалинг нөхөн гаргуулах...” гэж тодорхойлсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д нийцжээ.

Ажилгүй байсан дээрх хугацааны цалинтай тэнцэх олговор 5,229,144 төгрөгийг хариуцагч Улаанбаатар хотын нийтийн төв номын сангаас гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сарангэрэл гомдолдоо “...шүүх урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэхдээ ямар хуулийн заалтыг үндэслэсэн талаараа дурдаагүй...” гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т зааснаар ажил олгогч ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар түүнд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг ажилгүй байсан хугацаанд тооцон олгох үүрэгтэй.

Түүнчлэн ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн ажлаа эрхлээгүй хугацаан дахь буюу энэхүү шийдвэрээр гаргуулж шийдвэрлэсэн цалин хөлснөөс зохих суутгал хийж, эрх бүхий байгууллагаар баталгаажуулж дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасантай нийцжээ.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24ий өдрийн 181/ШШ2020/02132 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2210 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сарангэрэлийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.УНДРАХ

          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Г.АЛТАНЧИМЭГ               

                              ШҮҮГЧИД                              Б.МӨНХТУЯА

                                                                             С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                              Г.ЦАГААНЦООЖ