Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 210/ма2020/02210

 

Д.Э--гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

                Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

                      Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2020/02132 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.Э--гийн хариуцагч У-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5 229 144 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Тус байгууллагад 2010 онд архив бичиг хэргийн эрхлэгчээр ажилд ороод 2016 оны 10 сараас Баянзүрх дүүрэг дэх салбар номын сангийн эрхлэгчээр томилогдон ажилласан. Ажиллаж байх хугацаандаа сахилгын ноцтой зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл шинэ захирал ирснээс хойш захиргааны дарамтыг учруулах болсон бөгөөд 2018 оны 4 сарын 25-ны өдрийн Б/19 тушаалаар ажлаасаа үндэслэлгүйгээр халагдсан. Шүүхэд хандаж, 3 шатны шүүхийн шийдвэрээр ажлаас халсан тушаалыг хүчингүйд тооцсон. Ажил олгогч шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсаар 2019 оны 7 сарын 30-ны өдөр ажилд эгүүлэн томилсон боловч шүүхийн шийдвэрийг нэр төдий биелүүлсэн болоод эргээд 2019 оны 8 сарын 13-ны өдөр Б/40 тоот тушаалаар халсан. Дахин шүүхэд хандаж гомдлоо гаргаснаар миний талд шүүхийн шийдвэр гарсан. Анхан шатны шүүхийн шийдвэр 2019 оны 11 сарын 21-ний өдөр гарсан байхад нэхэмжлэгч намайг хариуцагч 2020 оны 05 сарын 18-ны өдөр буцаагаад ажилд авсан тушаал гаргасан байгаа тул энэхүү анхан шатны шийдвэр гарсан 2019 оны 11 сард-7, 12 сард-22, 2020 оны 01 сард 23, 02 сард-20, 3 сард -22, 4 сард -22, 5 сард 13 хоног, нийт ажлын 136 хоног гарч байна. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2019 оны 11 сарын 21-ний өдрөөс эгүүлэн 2020 оны 05 сарын 18-ны өдөр В/32 тоот тушаалаар авсан өдөр 000073929 2 П хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө цалингийн дундаж болох 871 526 төгрөг, үүнийг дундаж хоног 21 5 хуваахад нэг өдөрт 40 536 төгрөг, үүнийг ажилгүй байсан хугацаагаар үржүүлээд 5 229 144 төгрөг гарч байна. Иймд 5 229 144 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхээр шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч талаас шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч цалингийн тооцооллыг хийхдээ 871 526 төгрөгөөр бодож 5 229 144 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Учир нь төрийн албан хаагч Засгийн газрын тогтоолоор баталсан цалингийн шатлалаар цалинждаг. 2019 оны 8 сарын 02-ны өдөр Д.Э--тай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд Сонгинохайрхан дүүрэг дэх салбар номын сангийн эрхлэгчийн цалинг ТҮСУ-5-3 шатлалаар тусгасан ч Д.Э-- нь цалингийн хэмжээг хүлээн зөвшөөрөөгүй тул ТҮСУ-5-5 цалинжуулахаар болсон. Соёл, урлагийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалин нь Засгийн газрын 2018 оны 08 сарын 22-ны өдрийн 264 дүгээр тогтоолоор ТҮСУ-5- 5 768 128 төгрөг, Засгийн газрын 2019 оны 01 сарын 16-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор ТҮСУ-5-5 829 579 төгрөг, Засгийн газрын 2019 оны 12 сарын 25-ны өдрийн 472 дүгээр тогтоолоор ТҮСУ-5-5 895 945 төгрөг болж тус тус өөрчлөгдсөн. Уг тооцооллын дагуу Д.Э--д 2018 оны 6 сараас 2020 оны 5 дугаар сар хүртэл нийт 19 406 848 төгрөгийг өгөхөөс 15 467 624 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 3 939 224 төгрөгийг төлнө. Иймд нэхэмжилж буй 3 939 224 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч үлдэгдэл 1 289 920 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дахь заалтыг баримтлан хариуцагч У-гаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5 229 144 төгрөгийг гаргуулан нэхэмжпэгч Д.Э--д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч Д.Э--гийн болон хариуцагч У-гийн төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч У-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс 2020 оны 06 сарын 03-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 98 620 төгрөгийн 98 616 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 4 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч У-гаас 98,616 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Э--д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан 3 гомдолдоо: Шүүх ямар хуулийн заалтыг тайлбарлан хэрэглэж ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж байгаа талаар тодорхой дурдаагүй. Шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ. Нэхэмжлэгч Д.Э-- нь хариуцагч “У-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 5 229 144 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан./хх 1- 2, 36/ Нэхэмжлэгч 5 229 144 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардпагын үндэслэлээ “Анхан шатны шүүхийн шийдвэр 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гарсан байхад ажил олгогч нь 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр ажилд буцаан авсан тушаал гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2019 оны 11 сард 7 хоног , 12 сард 22, 2020 оны 1 дүгээр сард 23, 2 дугаар сард 20, 3 дугаар сард 22, 4 дүгээр сард 22, 5 дугаар сард 13, нийт ажлын 136 хоногийн цалинг нөхөн гаргуулах” гэж тодорхойлсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт нийцжээ. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2350 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 221 дугаар магадлалаар нэхэмжлэгч Д.Э--гийн 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 9 748 930 төгрөгийг У-гаас гаргуулж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсон. /XX 10-18/ Шүүх Д.Э--гийн нэг сарын дундаж цалин хөлсийг дээрх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээртогтоосон 871 526 төгрөгөөр, 1 өдрийнцалинхөлсийг40 536төгрөгөөр тооцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасантай нийцжээ. Мөн шүүхээс нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг тооцохдоо Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тооттушаалд заасан дундаж цалин хөлстодорхойлох журмын дагуу “...ажилтанд ажлаас халагдсаны болон Хөдөлмөрийн тухай хуулийн 41.2-т заасны дагуу дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцно...” % 4 гэж заасны дагуу нэхэмжлэгчийг ажилтай байсан үеийн сүүлийн 3 сарын цалингийн дундажаас тооцоолсныг зөв гэж үзнэ. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан “ямар хуулийн заалтыг тайлбарлан хэрэглэж ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж байгаа талаар тодорхой дурдаагүй” гэх гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1- д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2020/02132 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98 700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. | '