Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2020/00850

 

 

 

 

 

 

 

 

2020 04 02

181/ШШ2020/00850

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ШМ ХХК /УБД:9011054055, РД:2040018/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ДУТ  ХХК -д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 143 862 000 төгрөг, алданги 71 931 000 төгрөг, нийт 215 793 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө, С.Цацрал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Байгалмаа нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ШМ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ШМ ХХК нь 2018 оны 6 дугаар сарын 4-ны өдөр ДУТ ХХК-тай №11 тоот гэрээг байгуулан ургамал хамгаалалын бодис болох 4900 литр Спрут экстра бодисын нэг литрийг нь 19 700 /арван есөн мянга долоо зуу/ төгрөгөөр тооцон нийт 96 530 000 /ерэн зургаан сая таван зуун гучин мянга/ төгрөгийн үнэ бүхий бодисыг худалдан авагчид нийлүүлсэн.

ДУТ ХХК-ийн зүгээс 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдөр С.Цацралд ... ШМ ХХК-иас ургамал хамгаалалын бодис хүлээн авах, холбогдох гэрээг байгуулах, гэрээнд гарын үсэг зурах үйлдэл хийх бүрэн эрхийг итгэмжлэлээр олгосны дагуу түүнтэй гэрээнүүдийг байгуулсан болно.

Худалдан авагч Дорнын уудам тал" ХХК нь барааны үнийн 30 хувь буюу 29.000.000 төгрөгийг 2018 оны 6 дутаар сарын 4-ны өдөр төлсөн бөгөөд үлдэгдэл барааны үнэ болох 70 хувь буюу 67.530.000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр тохирсон боловч худалдан авагч нь үлдэгдэл төлбөрийг өнөөдөрийг хүртэл төлөөгүй байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн Б-д ...хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.5 хувийн алданги нэмж төлнө... гэж заасан. Үүний дагуу 2018 оны 11 сарын 2-ны өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 115 хоног 65.530.000 х 0.5%=337.650 х 115 хоног = 38.829.750 төгрөгийг алданги бодож байгаа бөгөөд Иргэний хуульд заасан алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн хуулийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болох 33.765.000 /гучин гурван сая долоон зуун жаран таван мянга/ төгрөг, нийт 101.295.000 /нэг зуун нэг сая хоёр зуун ерэн таван мянга/ төгрөгийг эхний гэрээний дагуу нэхэмжилж байна.

Мөн ДУТ ХХК-тай 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдөр №15 дугаартай гэрээг байгуулсан бөгөөд 7100 литр ургамал хамгаалалын бодисыг 1 литрийг нь 19.700 /арван есөн мянга долоон зуу/ төгрөгөөр тооцон нийт 139.870.000 /нэг зуун гучин есөн сая найман зуун далан мянга/ далдан авахаар тохиролцож урьдчилгаа 30 хувь болох 41.920.000 /нэг зуун дөчин нэгэн сая есөн зуун хорин мянга/ төгрөгийг 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн Мэнэн агро ХХК-ний төлсөн төлбөрөөс суутган тооцох, үлдэгдэл 70 хувь буюу 97.950.000 /ерэн долоон сая есөн зуун тавин мянга/ төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон бөгөөд хариуцагчийн зүгээс үлдэгдэл төлбөрөөс 21.618.000 /хорин нэгэн сая зургаан зуун арван найм мянга/ төгрөгийг төлж үлдэгдэл 76.332.000 /далан зургаан сая гурван зуун зуун гучин хоёр мянга/ төгрөгийг төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй чирэгдүүлсээр байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн Б-д ...хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.5 хувийн алданги нэмж төлнө... гэж заасан. Үүний дагуу 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 115 хоног 76.332.000 х 0.5%=381.660 х 115 хоног = 43.890.900 төгрөгийн алданги бодож байгаа бөгөөд Иргэний хуульд заасан алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн хуулийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь буюу алданги 38.166.000 /гучин найман сая нэг зуун жаран зургаа мянга/ төгрөг, нийт 114.498.000/нэг зуун арван дөрвөн сая дөрвөн зуун ерэн найман мянга/ төгрөгийг гэрээний дагуу төлөх үүрэгтэй байна.

Худалдан авагч болох ДУТ ХХК нь 2018 оны 6 дугаар сарын 4-ны өдрийн №11, 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн №15 тоот гэрээнүүдийн дагуу нийт 215.793.000 /хоёр зуун арван таван сая долоон зуун ерэн гурван мянга/ төгрөгийг төлөх үүрэгтэй байх ба манай компани гэрээний үүрэг болон алдангийг шаардах эрхтэй.

Өмнө нь манай компани нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан ДУТ ХХК-нд холбогдуулан 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 181/Ш32019/04692 дугаар захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдаг.

Манай компанийн зүгээс Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан хаягийг олж тогтоох үүднээс эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, улмаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 31-ны өдрийн 183/ШШ2019/01261 дугаар шийдвэр гарч Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст ажиллагаа хийгдэн хариуцагчийн албан ёсний хаягийг олж тогтоосон тул дахин нэхэмжлэл гаргаж

Иймд хариуцагч ДУТ ХХК-иас 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн №11, 2018 оны 06 дугаар сарын 6-ны өдрийн №15 тоот гэрээнүүдийн үүрэгт ургамал хамгаалалын бодисын үлдэгдэл төлбөр, алданги нийт 215 793 000 /хоёр зуун арван таван сая долоон зуун ерэн гурван мянга/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч ДУТ ХХК шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө, С.Ц нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ДУТ ХХК нь 2015 оноос эхлэн газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага билээ. ШМ ХХК болон ДУТ ХХК нь 2018 оны 6 дугаар сарын 4-ны өдөр № 11 тоот гэрээг байгуулан 4900 литр Спрут экстра гэх ургамал хамгааллын бодис худалдан авсан. Мөн бид 2018 оны 06 сарын 06-ны өдөр №15 тоот дугаартай гэрээг байгуулан 7100 литр ургамал хамгаалалын бодисыг худалдан авсан нь үнэн болно. Бид худалдан авсан нийт 12,000 литр ургамал хамгааллын бодисыг өөрсдийн газар тариалангийн компани болох ДУТ ХХК-н 2018 оны тариалалатад ашиглахын тулд Дорнод аймгийн Дашбалбар суманд байрлах өөрийн тариа бригадруу тээвэрлэн хүргэсэн. Бид уг бодисыг хүлээж авмагцаа 1000 га- д уриншийн хор цацалт хийж 1 га-д стандарт хэмжээгээр хэрэглэж үзсэн боловч зарим төрлийн ургамалд уг бодис огт үйлчлээгүй бөгөөд бид үргэлжлүүлэн уг бодисыг стандарт хэмжээнээс 2-оос 3 дахин нэмэгдүүлж хэрэглэж туршихад бага зэрэг нөлөөлсөн ба уринш хийхэд маш тохиромжгүй үйлчилгээ багатай болох нь илт байсан. Үүний дараа 2018 оны тариалалт дуусч бид үлдсэн байсан бодисыг Улаанбаатар хотруу буцаан тээвэрлэлт хийж ШМ ХХК-н ажилтан Алтай /96682044/ дугаарт холбогдон уг бодис үйлчлээгүй талаар мэдээллэж хор бордоог буцаах саналтай байгаагаа хэлсэн боловч буцааж авах боломжгүй мөн хор бордоог үйлчлээгүй талаар тодорхой хариу өгөөгүй учраас бид дулаан агуулхад хадгалах гэрээ хийж хадгалсан байдаг. ДУТ ХХК нь хор бордоо зарж борлуулах тусгай зөвшөөрөлтөй байгууллага биш учраас ШМ ХХК-г зарж борлуулж өгөөч гэж мөн хүсэлт тавьсан боловч мөн л зөвшөөрөөгүй байдаг. Ингээд бид 2019 оны тариалалт эхэлж уг бүтээгдэхүүний хугацаа дуусах дөхөж байсан учир ямар ч аргагүй Дорнод аймаг дахь өөрийн тариа бригадруу буцаан тээвэрлэлт хийж 2019 оны уриншид хэрэглэсэн боловч мөн л үйлчлээгүй учир хорыг заасан хэмжээнээс их хэмжээгээр хэрэглэж уг хорыг дуусгасан байдаг. Уг хор бордоо үйлчлээгүй улмаас бид тодорхой хэмжээний хохирол учирсан. /Уг хорыг нааш цааш тээвэрлэх зардал, уг хорыг хадгалах түрээсийн талбайн зардал ажилчдын цалин, дараа жилийн тариалангийн талбайн уриншийн алдагдал, уриншийг тээвэрлэх түлш/ гэх мэт зардлууд учирсан байдаг. 2018, 2019 онуудад хур бороо багатай газар тариалан эрхлэгчдийн хувьд маш хүнд жил болж бид ургац авч чадалгүй хүнд байдалтай байна. Бид өөрсдийн авсан 12,000 литр спрут экстрагийн үндсэн төлбөр болох 143,862,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч хугацаа олговол төлөх болно. Бид ургац их хэмжээгээр алдлаж ашиг орлого ололгүй жил дарааллан шатаж мөн газар тариалангийн компани хүндхэн жилүүдийн нүүрийг үзэж буй мөн ШМ ХХК-с болж бид тодорхой хэмжээний алдагдал хүлээсэн тул алдангиас чөлөөлж өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ШМ ХХК нь хариуцагч ДУТ ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 143 862 000 төгрөг, алданги 71 931 000 төгрөг, нийт 215 793 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

ШМ ХХК нь ДУТ ХХК-тай 2018 оны 06 сарын 04-ний өдөр Гэрээ №11, 2018 оны 06 сарын 06-ны өдөр Гэрээ №15 зэргийг тус тус байгуулж, ШМ ХХК нь Спрут экстра нэртэй ургамал хамгаалах бодисын 12 000 литрийг нэгж үнэ 19 700 төгрөгөөр буюу 236 400 000 төгрөгөөр нийлүүлсэн, ДУТ ХХК нь үнийн 30% буюу 70 920 000 төгрөгийг төлж, үлдэх 165 480 000 төгрөгийг 2018.11.01-ний өдөр төлөх үүргийг тус тус хүлээсэн байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна. /хх-6-14х/

Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй бөгөөд гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Худалдагч ШМ ХХК нь Гэрээ №11, №15-ийн дагуу Спрут экстра нэртэй ургамал хамгаалах бодисыг 2018 оны 06 сарын 04-ний өдөр 1 470 литр, 2018 оны 06 сарын 05-ны өдөр 3 430 литр, 2018 оны 06 сарын 06-ны өдөр 7 100 литр нийт 12 000 литрийг ДУТ ХХК-д нийлүүлсэн байх бөгөөд худалдан авагч ДУТ ХХК нь үнэ 29 000 000 төгрөгийг 2018 оны 06 сарын 04-ний өдөр төлж, 63 538 000 төгрөгийг Мэнэн агро ХХК-ийн төлсөн төлбөрөөс тооцсон болох нь хэрэгт авагдсан Зарлагын баримт, Мэнэн агро ХХК-ийн 2018.06.06-ны өдрийн хүсэлт, талуудын тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна. /хх-12-13, 20х/

 

Хариуцагч ДУТ ХХК нь Спрут экстра нэртэй ургамал хамгаалах бодисын үнээс 143 862 000 төгрөгийг ШМ ХХК-д төлөөгүй байгаа талаар маргаагүй бөгөөд төлбөрийг төлөөгүй үндэслэлээ Спрут экстра нэртэй ургамал хамгаалах бодисын үйлчилгээ муу, зарим төрлийн ургамалд огт үйлчлээгүй гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч ДУТ ХХК нь ШМ ХХК-ийн нийлүүлсэн Спрут экстра нэртэй ургамал хамгаалах бодис чанарын доголдолтой байсан болохыг баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нотлох үүргээ биелүүлээгүй.

Иймд ШМ ХХК-ийн нийлүүлсэн Спрут экстра нэртэй ургамал хамгаалах бодис чанарын доголдолтой байсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Талуудын байгуулсан 2018 оны 06 сарын 04-ний өдрийн Гэрээ №11, 2018 оны 06 сарын 06-ны өдрийн Гэрээ №15 зэргийн Дөрөв дүгээр зүйлийн 2-ын Б-д Барааны төлбөрийн үлдэх 70% буюу 165 480 000 төгрөгийг 2018 оны 11-р сарын 01-ний дотор төлнө. Хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-ийн алданги нэмж төлнө гэж талууд үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангийн талаар тохиролцжээ.

 

Хариуцагч ДУТ ХХК нь 165 480 000 төгрөгийг 2018 оны 11-р сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй байсан боловч 143 862 000 төгрөгийг төлөөгүй Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д заасны дагуу хугацааг хэтрүүлсэн байна.

Нэхэмжлэгч ШМ ХХК нь гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцож нийт алданги 71 931 000 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.4-д заасантай нийцсэн байна.

Алдангийн хэмжээг хэт их гэж үзэх бодит нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хариуцагчийн үүргээ гүйцэтгээгүй хэтрүүлсэн хугацааг харгалзан алдангийн хэмжээг багасгах үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Дээрхи үндэслэлээр хариуцагч ДУТ ХХК-иас бодисын үнэ 143 862 000 төгрөг, алданги 71 931 000 төгрөг, нийт 215 793 000 төгрөгийг гаргуулж ШМ ХХК-д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118  дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар ДУТ ХХК-иас 215 793 000 /хоёр зуун арван таван сая долоон зуун ерэн гурав мянга/ төгрөгийг гаргуулж ШМ ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ШМ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 236 915 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ДУТ ХХК-иас 1 236 915 /нэг сая хоёр зуун гучин зургаан мянга есөн зуун арван тав/ төгрөгийг гаргуулж ШМ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.ОЮУНТУЯА