Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2018/01348

 

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2018/01348

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Ногоон торгот ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Роуд трейд ХХК/РД: /,

 

Хамтран хариуцагч: Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө-71 байрлах, Хурдны зам ХХК/РД: 2628481/ нарт холбогдох,

 

354 596 190 төгрөгийг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Лхагвасүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Даваасүрэн, хариуцагч Роуд трейд ХХК-ийн төлөөлөгч Ц.Мөнхбаяр, хариуцагч Хурдны зам ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь Ногоон торгот ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Лхагвасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Лхагвасүрэн нь хариуцагч Ц.Мөнхбаяртай олон жилийн өмнөөс танил, бие биенийгээ сайн мэддэг байсан. Би Ногоон торгот ХХК-ийн захирлаар ажилладаг.

Гэтэл Роуд трейд ХХК-ийн захирал Ц.Мөнхбаяр нь 2015 оны 04 дүгээр сард надтай биечлэн уулзаж Завхан аймгийн Их уул сум-Тосонцэнгэл чиглэлийн авто замын КМ0+000+КМ11+000 хэсэг, Их уул сумын төв хүртлэх 0.38 км салаа замын далангийн газар шорооны болон хиймэл байгууламжийн ажлыг хамтран хийж гүйцэтгэх саналыг тавьсан.

Би хариуд нь хэрвээ хамтран ажиллах бол уг ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай зардлыг адил тэнцүү хувааж гаргах гэсэн хариу саналыг тавихад Роуд трейд ХХК -ийн захирал Ц.Мөнхбаяр нь өөрийн компанид техник, ажиллах хүч, санхүүгийн боломж байхгүй тул чамтай хамтран хийх саналтай байна, надад өөрт болон бусдаас түрээслэх техник олдохгүй байна, бүгд урьдчилгаа төлбөр төлөхийг шаардаад байна, танай компани техник, хэрэгслээ ажлын талбай руу явуулж тус болооч, мөнгө төгрөг шаардлагатай болвол гаргаж байгаарай, дараа нь хоёулаа тооцоо хийнэ гэсэн.

Тэгэхээд би машин механизм, техник хэрэгсэлүүдээ 2 сарын хугацаанд түрээслүүлэхээр тохиролцож, түрээслүүлэн зарим нэгэн теник хэрэгслийг бусдаас түрээслэн өөрийн ажилчидаа машин механизм, техник хэрэгсэлийн хамт 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс ажиллуулж эхэлсэн. Миний бие Ц.Мөнхбаяртай хийж гүйцэтгэж байгаа ажил, өөрийн машин, техник хэрэгсэл, хүн хүчний талаар тооцоо нийлэх шаардлагатай байна гэж удаа дараа хэлж байхад хоёулаа учраа олно, тооцоо хий гэж хариулдаг, би ч итгээд ажилаа хийж байсан. Бүр сүүлдээ утсаа ч авахаа больсон.

Ногоон торгот ХХК болон миний бие Роуд трейд ХХК-ийн захирал Ц.Мөнхбаярт төлөх ямар нэгэн өр төлбөргүй болно. Ногоон торгот ХХК нь энэ хугацаанд өөр ажилд техник хэрэгслээ ажиллуулж болох байсан хэдий ч Роуд трейд ХХК-тай харилцан тохиролцсоны дагуу манай компани нь бүх техник хэрэгслээ түрээслүүлж, улмаар бусад иргэн, хуулийн этгээдээс техник хэрэгслийг нь түрээслэн авч давхар түрээслүүлсэн болно. Роуд трейд ХХК нь түрээсийн төлбөрөө төлөхгүй байгаагаас Ногоон торгот ХХК нь санхүүгийн нэлээд хүндрэлтэй байдал ороод байна. Мөн бусдаас түрээслэн ажиллуулж байсан зарим газрууд нь эхнээсээ манайхыг шүүхэд өгч шийвэр нь гараад байна.

Тиймээс манай компани Роуд трейд ХХК-иас мөнгөө авч бусдын техник хэрэгсэл түрээслэн ажиллуулж байсан төлбөрөө төлмөөр байна.

Талуудын хооронд байгуулсан Түрээсийн гэрээ нь бичгээр байгуулагдаагүй боловч Иргэний хуулийн ерөнхий ангийн 42 дугаар зүйлд зааснаар тус гэрээг байгуулагдах хэлбэрийг хуульд тусгайлан заасан гэрээ биш бөгөөд мөн зүйлд зааснаар амаар байгуулсан гэрээ юм.

Дээрх гэрээгээр иргэний эрх зүйн харилцаанд оролцогч манай талын хувьд техник тоног төхөөрөмжөө түрээслүүлэх үүрэг, төлбөрөө нэхэмжлэх эрх үүссэн бол Роуд Трейд ХХК-ийн хувьд түрээсийн хөрөнгөө шилжүүлэхийг шаардах эрх, төлбөрөө төлөх үүрэг үүсэх замаар гэрээний гол нөхцлүүд дээр талууд харилцан тохиролцсон.

Иймд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.1.1-т заасан хэлцлийн гол нөхцлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон бол амаар хийх хэлцлийг хэлцэл хийсэн гэж үзнэ гэж заасны дагуу гэрээ байгуулагдсан гэж үзэж байна.

Дээрх гэрээний дагуу Түрээслүүлэгч тал нь техник, хэрэгслийг Иргэний хуулийн 206 дугаар зүйлд заасан зарчмаар, 207 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгэх газарт, 208 дугаар зүйлд заасан хугацаанд бэлэн байлгаж гэрээний үүргээ гүйцэтгэсэн. Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх гэж заасны дагуу Ногоон торгот ХХК нь техник хэрэгслүүдээ Роуд трейд ХХК-д шилжүүлсэн.

Гэтэл Роуд трейд ХХК нь мөн зүйлд түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх ... гэж заасан үүргээ биелүүлэхгүй байна. Иргэний хуулийн 323 дугаар зүйлийн 323.1-т Гэрээнд өөрөөр заагаагүй бол түрээслэгч түрээсэлсэн эд хөрөнгийг гагцхүү түрээслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр дамжуулан түрээсэлж болно гэж заасны дагуу Ногоон торгот ХХК нь иргэн Г.Жанцанхорлоо, Ж.Эрдэнэ-Очир, З.Ард, Н.Мөнхсансар нар болон Мандах инвест ХХК, Таны зам ХХК зэрэг хуулийн этгээдээс зөвшөөрөл авсны үндсэн дээр техник хэрэгслүүдийг нь Роуд трейд ХХК-д түрээслүүлсэн болно.

Тиймээс Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 186 дугаар зүйлийн 186.1-д Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, тодорхой үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасныг дагуу Ногоон торгот ХХК нь Роуд трейд ХХК-иас түрээсийн төлбөр шаардах эрхтэй байна.

Ногоон торгот ХХК нь бусдын техник, тоног төхөөрөмж түрээсэлсэн түрээсийн төлбөрт 181.241.905 төгрөг, туслах ажилчдын цалин 4.466.129 төгрөг, бэлнээр гарсан мөнгө 79.554.823 төгрөг /геодезийн урьдчилгаа, Энхбат 10 самосвал машин авч явахад өгсөн урьдчилгаа, 3 инженер 1 механикийн 7-9-р сарын цалин, нийгмийн даатгалын болон хүн амын орлогын албан татвар, 35 тн цементийн үнэ, Гансүхийн бригадын цалин, индүү эксковартрыг зөөж авч ирсэн тээврийн зардал, иргэн З.Ардын түрээс, хүү, машин техникийн хотруу буцах түлшний үнэ, хоолны мөнгө /, өөрийн тоног төхөөрөмжийг түрээсэлсэн 104 333 334 төгрөг, нийт 354 596 190 төгрөгийг Роуд трейд ХХК-иас гаргуулж өгнө үү. гэв.

 

Нэхэмжлэгч Ногоон торгот ХХК-ийн өмгөөлөгч Ж.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Роуд трейд ХХК энэ ажлыг гүйцэтгэхдээ өөрөөсөө ямар ч хөрөнгө мөнгө гаргаагүй гэдэг нь нотлох баримтыг шинжлэн судлахад харагдаж байна. Гаргасан мөнгө нь 18 000 000 төгрөг, 180 000 000 төгрөгийг түрээсийн төлбөрт гаргасан гэж байгаа боловч тэр талаар баримт байхгүй. 516 000 000 төгрөгийн ажлыг Роуд трейд ХХК өөрөөсөө гаргаагүй бол энэ хэний мөнгөөр хийсэн ажил болж таарах вэ? Энэ бол Ногоон торгот ХХК-ийн ажилчид, техник төхөөрөмжөөр энэ ажил хийгдсэн. 479 000 000 төгрөгийг Хурдны зам компани Роуд трейд компанид өгсөн гэдэг нь тодорхой. Үлдсэн 51 000 000 төгрөгийг өгнө гэдэг нь тодорхой байна. Роуд трейд ХХК нь Ногоон торгот компаниар ажил хийлгэчихээд Хурдны зам компаниас хийсэн ажлын төлбөрийг авчихаад ашиггүй ажилласан гэсэн ийм л зүйл яриад байна. Талууд ашиг гарна 1 029 000 000 төгрөгийн ажлаас 10-аас 20 хувийн ашиг гарна гэж анх ярьж байсан. Талуудын хооронд хамтран ажиллах талаар яригдсан нь хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэж болох юм. Анхан шатны шүүх хамтран ажиллах гэрээ гэж дүгнэсэн. Гэхдээ алдагдлийг адилхан хуваагаад байгаа нь буруу юм гэдэг дээр нэхэмжлэгч тал анхнаасаа маргаж ирсэн. Дээд шүүхийн шийдвэр дээр алдагдлыг тэнцүү хувааж байгаа нь буруу байна. Тухайлбал нэхэмжлэгчийн гаргасан зардлыг тэнцүү хариуцуулахаар хувиарласан нь Иргэний хуулийн 477-р зүйл заалтанд нийцэхгүй байна гэж тайлбарласан. Дээд шүүхийн тайлбараар хамтран ажиллах гэрээ гэж үзэж байгаа бол талуудын оруулсан гишүүдийн хураамж буюу зардлыг тооцооч. Тэр тооцоонд ашиг нь хувиарлагдах ёстой. Нэхэмжлэгч талаас маш их буулт хийж байгаа. Роуд трейд ХХК-иас 308 000 000 төгрөгийн зардал гаргасан юм гэхэд Ногоон Торгот 354 000 000 төгрөгийн зардал гаргасан. Талуудаас тус бүрдээ зардлаа гаргаад нийтдээ 662 000 000 төгрөг болж байгаа. Энэ бол хамтын ажиллагаагаа хийхийн тулд талуудаас оруулсан хөрөнгө. Алдагдалтай ажилласан гэж бодоход талуудаас тус бүртээ 200 000 000, 300 000 000 гэх мэтчилэн хөрөнгө оруулалт хийгээд хийсэн ажил 516 000 000 төгрөг болсон. Энэ орлогыг бид нар Хурдны зам компаниас авах ёстой. Хэрвээ Роуд трейд компани зөвхөн 308 000 000 төгрөгийг өөрөөсөө гаргасан юм бол энэ 308 000 000 төгрөгт Хурдны зам компаниас олгосон санхүүжилт ороогүй гэж үзэж байгаа бол Хурдны зам компаниас энэ мөнгө ажилласны хөлс болж ирэх ёстой. Өөрөөр хэлбэл Роуд трейд компаний оруулсан 308 000 000 төгрөг нь 47 орчим хувь 46 ч юмуу. Ногоон торгот компаний оруулсан хувь 54 хувь орчим болж байгаа. 514 000 000 төгрөг Хурдны зам компаниас олгосон мөнгийг хувилж үзвэл 54 хувь нь 278 000 000 төгрөг болж байна. Тэгэхээр нэхэмжлэгч талаас хамтран ажиллах гэрээ гэж дүгнээд гэрээнийхээ талуудын оруулсан хувь хөрөнгийг тооцож үзвэл 278 000 000 төгрөгийг Роуд трейд компаниас авах ёстой дүгнэж тайлбар хэлж байна. Эцэст нь дүгнэж хэлэхэд Роуд трейд компани өөрөө нэг ч төгрөг гаргаагүй. Бусдаар ажил хийлгэсэн. Захиалагчаасаа 514 000 000 төгрөг авсан хирнээ Ногоон торгот компанид нэг ч төгрөг өгөхгүй бид нар алдагдалтай ажилласан гэж тайлбарлаад байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна. Нэхэмжилсэн 354 000 000 төгрөгийн задаргааны хувьд бусад тоног төхөөрөмж түрээслэсэн 180 000 000 төгрөгийн зардлын хувьд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бүгд нэг газар ажилласан гэж акт үйлдэж гэрээгээ гаргаж өгсөн. Нийтдээ 7 ширхэг техникийг Роуд трейд компани захирал Ц.Мөнхбаяр хүлээн зөвшөөрдөг. Ажиллаж байсан нь үнэн гэж тайлбараа гаргадаг. Мөн хэрэгт гэрчийн мэдүүлгүүд авагдсан. Тэгэхээр энэ техникүүдийн ажилласан зардал 185 000 000 төгрөгийг төлөх үүргийг яг одоо Ногоон торгот компани хүлээчихсэн байгаа. Ногоон торгот компанид холбогдлуулан Эрдэнэ-Очир гэдэг хүн шүүхэд нэхэмжлэл гаргаад 51 000 000 төгрөгийн төлбөртэй гэдгээ хүлээн зөвшөөрөөд захирамж гараад гарсан захирамж нь хэрэгт авагдсан. Тэгэхээр энэ 180 000 000 төгрөгийг бусдаас түрээслэж Завхан аймгийн Их-Уул суманд ажилласан байдал үнэхээр бодитой юм. Боломжоороо гуравдагч этгээдээс техник түрээслээд ажиллуулъя гэдгийг Ц.Мөнхбаяр захирал хүлээн зөвшөөрч байсан. Гэтэл өнөөдөр би хүлээн зөвшөөрөөгүй байхад дураараа техник түрүүслүүлээд ажилласан учраас би энийг хариуцахгүй гэх маягийн юм хэлж байна. Бэлэн мөнгөний зардлыг харвал бодитойгоор гарсан зардлууд байгаа. Хамтран ажиллах гэрээнийхээ хүрээнд бид хөрөнгө оруулсан 54 хувьдаа тэнцэх хэмжээний мөнгийг авах ёстой. Дээд шүүхийн тогтоолд оруулсан хөрөнгөнд нь дүйцүүлээд нэхэмжлэх боломж байгаа гэж харж байна. Гэхдээ энийг аль дүнгээр нь тооцохыг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдэж өгөх байх. Ингээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

Хариуцагч Роуд трейд ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн төлөөлөгч Ц.Мөнхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Роуд трейд ХХК-ийн захирал миний бие 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Ногоон торгот ХХК-ийн захирал Д.Лхагвасүрэнтэй уулзаад: Надад ажил олох боломж байна, хүн, хүч, техник хэрэгсэл байхгүй, би ажлыг нь олъё, чи хүн хүч техник хэрэгсэлээ ол гэхэд Д.Лхагвасүрэн зөвшөөрсөн. Д.Лхагвасүрэн надыг бодвол техник хэрэгсэл машин техник ихтэй хүн байгаа юм.

Тэгээд би Хурдны зам ХХК-тай уулзаад Архангай аймгийн Цахир сум, Завхан аймгийн Тосонцэнгэл чиглэлийн 127.1 км хатуу хучилттай авто замын Завхан аймгийн Их Уул сум-Тосонцэнгэлийн 41.3 км авто замын эхний 11 км замын дутуу хийгдсэн замын далангийн дүүргэлт, хөлдөлтөөс хамгаалах үеийн болон бусад газар шорооны 879 000 000 төгрөгийн /НӨАТ-гүй/, ус зайлуулах хиймэл байгууламжийн 58 000 000 /НӨАТ-гүй/ төгрөгийн төсөвтэй ажлыг туслан гүйцэтгэгч авч хийлгэнэ гэнэ. Ажил нь 5 дугаар сард эхэлж, гүйцэтгэх хугацаа нь 60 хоног байх юм байна. Энэ ажлыг манай компанитай хамтарч хийх үү? Танай компанийг хамтарч ажиллахыг зөвшөөрвөл би энэ ажлыг найдвартай авч чадна. Олон компани тэднийд санал тавьж байгаа юм байна. Манайх техник, хүн хүч, санхүүгийн бололцоо дутагдалтай тул танай компанийн техник, тоног төхөөрөмж, инженер техникийн ажилтнуудын хүчээр энэ ажлыг хамтарч хиймээр байна,чи зөвшөөрөх юм бол энэ ажлыг авъя гэхэд Д.Лхагвасүрэн зөвшөөрсөн тул би түүнтэй хамтран ажиллахаар амаар тохироод Хурдны зам ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээг хийсэн.

Ажил гүйцэтгэх гэрээг Роуд трейд ХХК-ийн нэр дээр хийж байгааг Д.Лхагвасүрэн мэдэж байсан, гэрээн дээр би түүний өмнөөс гарын үсэг зурсан.

Д.Лхагвасүрэн манай компани Харуул Алтай хотхонд нь барилгын суурь ухах ажил хийнэ. Энэ ажил 4 дүгээр сарын сүүлээр дуусах ба 9 дүгээр cap хүртэл түр ажилгүй байх тул хугацаа нь сайхан таарч байна. Замын ажлын тоо хэмжээ, нэгж үнэ, ажлын зурагтай танилцмаар байна гэсэн тул маргааш нь би түүнд Хурдны зам ХХК-иас дээрх баримтыг авчирч хамтдаа хэд хоног судалж тооцоо хийсний үндсэн дээр Ногоон торгот ХХК-ийн захирал Д.Лхагвасүрэн нь манай компанитай хамтран дээр дурдсан ажлыг гүйцэтгэхийг зөвшөөрсөн.

Д.Лхагвасүрэн бид хоёр удаан хугацаанд ярилцаж тохиролцсоны үндсэн дээр Роуд трейд ХХК нь дээрх ажлыг Хурдны зам ХХК-иас авч, ажил гүйцэтгэх гэрээг өөрийн компанийн нэр дээр хийх, санхүүжилтийг захиалагчаас 2015 онд багтаан 100% бүрэн гүйцэд авах, Ногоон торгот ХХК нь дээрхи ажлыг өөрийн техник, тоног төхөөрөмж, хүн хүчийг гарган хийж гүйцэтгэх, хоёр тал ажлыг эхлүүлэхэд болон ажлын явцад шаардлагатай хөрөнгө мөнгийг өөрсдийн боломжоороо гаргах, дутагдалтай техникийг гаднаас түрээсэлж авах, ажил гүйцэтгэх гэрээний ашиг, алдагдал, хариуцлагыг хоёр тал адил хүлээхээр тохирсон.

Ингээд бид Хурдны зам ХХК-тай байгуулах гэрээний төсөл, бараа материалын орцын тооцоо, үнийн судалгаа, гаднаас түрээслэх техникийн түрээсийн үнийн судалгаа, ажил гүйцэтгэх график төлөвлөгөө болон шаардлагатай бүх л тооцоог гэрээг байгуулагдах өдөр хүртэл буюу 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд Ногоон торгот ХХК-ийн байранд захирал Д.Лхагвасүрэн болон тэдний инженерүүдийн хамт хийсэн.

Энэ хугацаанд 2015 оны 4 дүгээр сарын 16, 5 дугаар сарын 23-ны өдөр Д.Лхагвасүрэнгийн санаачилгаар хамтдаа хоёр удаа Завхан аймгийн Их-Уул суманд очиж замын ажлын ерөнхий байдал, ашиглагдаж байсан шороо олборлох нөөц газрын /карьер/ байрлал, түүний нөөц, түр зам болон бусад нөлөөлөх хүчин зүйлүүдийг үзэж танилцсан.

Манай компани хэлэлцсэн ёсоор Хурдны зам ХХК-тай 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр гэрээ байгуулан, ажлыг авч, тус компаниас гэрээний урьдчилгаа төлбөрт 30.000.000 төгрөгийг дансаар аваад, энэ урьдчилгаа мөнгөний 27.100.000 төгрөгөөр нь замын ажлыг эхлүүлэхэд шаардлагатай ажилчдын орон гэр, хоол хүнс, гал тогоо, барилгын материал, аж ахуйн бараа, ажлын багаж хэрэгсэл, сэлбэг, хөдөлмөр хамгаалал, тос тосолгооны материал, түлшний 25 тн, усны 10 тн багтаамжтай ёмкость зэргийг худалдан авч, үлдсэн 2.900.000 төгрөгийг нь тухайн орон нутагт зарцуулахаар Их Уул сумын ХААН банкинд байршуулсан. Дээр дурдсан худалдан авах ажлыг Роуд трейд ХХК-иас инженер Сүхбаатар, даамал Ч.Энхбат, Ногоон торгот ХХК-иас хөдөлмөр хамгаалалын инженер Баярбаясгалан нар томилогдон гүйцэтгэсэн.

Үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлсэн тухайд гэвэл Ногоон торгот ХХК-ийн захирал Д.Лхагвасүрэн зам барилгын өдөр тутмын ажлыг бүрэн удирдахаар тохирч, удирдлагыг хэрэгжүүлж байгаад энэ үүргээ 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн орой Завхан аймгийн Их Уул суманд ажиллаж байсан инженер техникийн ажилтнуудын хурал дээр өөрийн компанийн инженер Мөнхчингист шилжүүлэн удирдлагыг хэрэгжүүлж байгаа Мөнхчингисийн гаргасан шийдвэр, үүрэг даалгварыг хэн ч өөрчилж болохгүй гэдгийг хатуу анхааруулсан.

Би маргааш өглөө нь Д.Лхагвасүрэнгээс яагаад ийм шийдвэр гаргах болсныг асуухад: Та Мөнхчингисийн ажилд битгий оролцоорой. Хоол хүнс, захиалагч талтай харилцах асуудлаа та хариуц гэж хэлсэн. Роуд трейд ХХК нь ажилчдын хоол, хүнс, захиалагч талтай харилцах ажлыг гүйцэтгэж байсан. Энэ үүргээ биелүүлэхдээ манай талаас санаачлагатай, идэвх зүтгэлтэй ажилласан.

Хурдны зам ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөрт авсан мөнгө нь барилгын ажлын хугацаанд хүрэлцэхгүй байсан учир би өөрийн компанийн нэр дээр хувь хүнээс 6.850.000 төгрөг зээлэн зам барилгын ажлын хугацаанд гарсан техникийн засвар, үйлчилгээ, сэлбэг, тос, тосолгооны материал, бензин, түр ажилчдын буцах унааны зардал, нүүлгэн шилжүүлэлтийн тээврийн хөлс гэх мэт зардалд зарцуулсан.

Мөн хотоос авч гарсан хоол хүнс дуусахад Завхан аймгийн Их Уул сумын дэлгүүрээс болон хувь хүнээс 4.946.880 төгрөгийн хүнсний зүйл, 1.300.000 төгрөгөөр үхэр зэргийг зээлээр худалдан авч ажилчдыг хоол хүнсээр хангаж байсан. Завхан аймгийн Их Уул сум-Тосонцэнгэл чиглэлийн 11 км замын ажилд Роуд трейд ХХК-иас захирал Ц.Мөнхбаяр, инженер Сүхбаатар, даамал Ч.Энхбат, түр ажилчин 9, нийт 12 хүн ажилласан. Ногоон торгот ХХК-иас Захирал Д.Лхагвасүрэн, Замын инженер Мөнхчингис, Э.Шинэзоригт, ХАБ инженер Баярбаясгалан, механик Баяраа нар болон түр ажилчин 11, жолооч, механизмчин 8 хүн ажилласан. Үүнээс гадна энэ ажилд гэрээгээр геодезийн инженер-3, Лабораторын инженер-2 ажилласан. Зам барилгын ажлын явцад нийтдээ 63 хүн техник тоног төхөөрөмжийн жолооч нарыг оролцуулан/ янз бүрийн хугацаанд ажилласан.

Ногоон торгот ХХК-аас ажилласан техникүүд: Эксковатор-1 ш, автогрейдер-2 ш, өөрөө буулгагч-1 ш, түлш цэнэглэгч-1 ш, дээрээ крантай ачааны тэрэг-1 ш, доргиурт индүү-1 ш, дизель мотор-1 ш, түрээсийн гэрээгээр ажилласан техник: эксковатор САТ336-1 ш, эксковатор -1 ш, дугуйт ачигч-1 ш, өөрөө буулгагч -14 ш, байсан бөгөөд эдгээр түрээсийн техникүүдийг 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл янз бүрийн хугацаагаар ажиллуулсан нь үнэн.

Гэрээт ажлыг хэрхэн гүйцэтгэсэн тухайд Хурдны зам ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажилласан Завхан аймгийн Их Уул сум-Тосонцэнгэл чиглэлийн 11 км замын ажлыг манай хоёр компани 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр бүрэн дуусгах байсан боловч бид 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гэхэд 7,5 км замын газар шорооны ажлыг хийж, үлдсэн ажлыг хийж чадаагүй, Ногоон торгот ХХК-ийн захирал Д.Лхагвасүрэн зам барилгын ажлын өдөр тутмын удирдлагыг өөрөө биечлэн хэрэгжүүлэхээр тохирсон боловч үүнийгээ зөрчиж, барилгын ажлыг хугацаанд хийж чадалгүй гэрээний үүргээ зөрчсөн. Шалтгаан нь Д.Лхагвасүрэн ихэнхдээ Улаанбаатар хотод байсан бөгөөд өөрийнхөө ажлыг инженер Мөнхчингистээ хариуцуулсан.

Гэтэл Мөнхчингис нь өдөр тутмын ажлыг удирдан, зохион байгуулахдаа хариуцлагагүй хандсан. Мөн инженер Э.Шинэзориг нь дөнгөж сургууль төгссөн, туршлагагүйн дээр Ногоон торгот ХХК-ийн техникүүд хуучирсан, хүчин чадал багатай, эвдрэл саатал байнга гардаг, сэлбэгээр дутмаг, зарим нэг механизмчин нь ажлаа хаяж олон хоногоор явсан нь гэрээт ажлыг дутуу гүйцэтгэхэд нөлөөлсөн.

Ажил удирдаж байсан инженер Мөнхчингисийг надтай зөвшилцөлгүй 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотруу ажил гүйцэтгэж байсан техникийн /дээрээ крантай тэрэг/ хамт буцаасан ба захирал Д.Лхагвасүрэн нь энэ үеэс өөрийн компаний ажилтан болон техникүүдийг надтай зөвшилцөлгүйгээр нэг нэгээр нь буцаан татаж эхэлсэн зэрэгтэй холбоотойгоор бид гэрээт ажлыг бүрэн гүйцэд хийж чадаагүй.

Хурдны зам ХХК-тай гэрээ байгуулсан Завхан аймгийн Их Уул-Тосонцэнгэл чиглэлийн 43.1 км замын манай хоёр компаний хамтран хийсэн 11 км авто замын төсөвт өртөг нь 1.029.624.333 төгрөг /НӨАТ тооцоод/. Гэрээний хугацаа нь урьдчилгаа төлбөр хийгдсэн өдөр буюу 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн хуанлийн 60 хоног буюу 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал. Нийт 10 нэр төрлийн газар шорооны ажил хийхээс далангийн дүүргэлтийн ажил, ус зайлуулах хиймэл байгууламжийн хоёр төрлийн ажлыг хийсэн. Үүнээс 11 км замын далангийн дүүргэлтийн газар шорооны ажил хийхээс 7.5 км замын газар шорооны ажил буюу 515.048.574 төгрөгийн ажил гүйцэтгэсэн.

Нийт хийсэн ажлын өртөгөөс Хурдны зам ХХК-иас авсан урьдчилгаа төлбөр 30.000.000 төгрөг, барилгын материал болон түлшний зардал нийт 271.000.000 төгрөгийг хасахаар үлдэгдэл нь 214.048.574 төгрөг болж байгаа юм. Манай хоёр компаний техник түрээслэх болон бусад гэрээний үүргийн дагуу төлөх төлбөр нь үүнээс их тул бид алдагдалтай ямар ч ашиггүй ажилласан.

Манай компани нь Ногоон торгот ХХК-иас техник, тоног төхөөрөмж түрээслээгүй, надыг бодвол Д.Лхагвасүрэн машин техник, хүн хүч ихтэй тул бид хамтран ажиллахаар болсон. Тухайн үед Д.Лхагвасүрэн зөвшөөрсөн тул би Хурдны зам ХХК-тай гэрээ хийсэн. Зөвшөөрөөгүй бол би гэрээ хийхгүй байсан.

Хурдны зам ХХК нь бидний хийсэн ажлыг хүлээн авсан боловч үлдэгдэл 59.618.925 төгрөгийг өгөөгүй байгаа.

Бид нэг ч төгрөгийн ашиггүй ажилласан тул Ногоон торгот ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Хариуцагч Хурдны зам ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхсүх шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хурдны зам ХХК нь Завхан аймгийн Их уул сум-Тосонцэнгэл чиглэлийн авто замын КМ0+000+КМ11+000 хэсэг, Их уул сумын төв хүртлэх 11,380 км салаа замын далангийн газар шорооны болон хиймэл байгууламжийн ажлыг Роуд трейд ХХК-тай хамтран хийхээр Хамтран ажиллах гэрээ байгуулсан.

Гэрээний хугацаа 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр байсан боловч хугацаандаа хийж гүйцэтгэж дуусаагүй, сүүлдээ хаяад явсан байсан.

Хурдны зам ХХК, Роуд трейд ХХК нь 7 км орчим ажлыг хийсэн, Роуд трейд ХХК-ийн хийсэн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ нь 515 048 574 төгрөгийн ажлыг хийсэн бөгөөд Хурдны зам ХХК-иас түлш материал, бэлэн мөнгө хэлбэрээр 456 765 795,72 төгрөг болж байгаа, одоо 59 618 925,75 төгрөгийг өгөх үлдэгдэлтэй байгаа болно.

Хурдны зам ХХК нь Ногоон торгот ХХК-тай ямар ч гэрээ хэлцэл байгуулаагүй. Тухайн үед Д.Лхагвасүрэнг Роуд трейд ХХК-ийн захирал Ц.Мөнхбаяртай хамт нэг компанид ажилладаг ерөнхий инженер нь гэж бодож байсан.

Ногоон торгот ХХК, Роуд трейд ХХК-ийн хооронд ямар гэрээ, хэлцэл аман тохиргоо хийснийг манай компани мэдэхгүй бөгөөд мэдэх шаардлага байхгүй. Учир нь Хурдны зам ХХК, Роуд трейд ХХК-ийн хооронд хийгдсэн гэрээний хавсралтад заасан тоног төхөөрөмжүүдийг Роуд трейд ХХК хариуцахаар гаргаж өгч байсан.

Ц.Мөнхбаяр нь Роуд трейд ХХК-ийн захирал, Д.Лхагвасүрэн нь ерөнхий инженер гээд Хурдны зам ХХК-тай гэрээ хийсэн мөртлөө одоо нэг нэгнээсээ мөнгө нэхэмжилж байгаа юм байна.

Хурдны зам ХХК нь нэхэмжлэгч Д.Лхагвасүрэнд ямар нэгэн мөнгө төгрөг өгөх үүрэг хүлээгээгүй, Роуд трейд ХХК-тай хамтан ажиллах гэрээ хийсэн гэрээний дагуу бид хийж гүйцэтгэсэн ажлыг нь хүлээн авч түүнд нь тохирсон хөлсийг нь өгсөн.

Энэ хоёр хүн хоорондоо яаж тооцоо хийхийг би мэдэхгүй тул энэ нэхэмжлэл Хурдны зам ХХК-д ямар ч хамааралгүй гэж үзэж байна.

Манайх Роуд трейд ХХК-тай гэрээ хийсэн. Манай компаний хувьд Ногоон торгот гэдэг компанийг энэ ажилд оролцож байгаа талаар огт мэдээгүй. Ногоон торгот компанитай манайх ямар ч харилцаа байхгүй учраас энэ талаар тайлбар байхгүй. гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ногоон торгот ХХК хариуцагч Роуд Трейд ХХК, хамтран хариуцагч Хурдны зам ХХК-иас 354 596 190/гурван зуун тавин дөрвөн сая таван зуун ерэн зургаан мянга нэг зуун ер/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Роуд Трейд ХХК нь бид нэг ч төгрөгийн ашиггүй ажилласан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 

Хариуцагч Хурдны зам ХХК нь энэ нэхэмжлэлд ямар ч хамааралгүй гэж үзэж байна гэж маргасан.

 

Хариуцагч нь 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хамтран хариуцагчтай Завхан аймгийн Ихул сум-Тосонцэнгэл чиглэлийн авто замын КМ0+000~КМ11+000 хэсгийн газар шорооны болон хиймэл байгууламжийн ажил гүйцэтгэх тухай захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ/цаашид Гэрээ гэх/ байгуулсан болох нь зохигчийн тайлбар, Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Гэрээний 1, 2, Хавсралт № 01, 02, 03-т зааснаар хариуцагч нь нийт 1 029 624 333/нэг тэрбум хорин есөн сая зургаан зуун хорин дөрвөн мянга гурван зуун гучин гурав/ төгрөгийн төсөвтэй, Завхан аймгийн Ихул сум-Тосонцэнгэл чиглэлийн авто замын КМ0+000~КМ11+000 хэсэг, Их-Уул сумын төв хүртэлх 0.38/тэг зууны гучин найм/ км салаа замын далангийн газар шорооны болон хиймэл байгууламжийн ажлыг 60/жар/ хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх үүрэг хүлээсэн болох нь зохигчийн тайлбар, Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Тус Гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжтэй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид Завхан аймгийн Ихул сум-Тосонцэнгэл чиглэлийн авто замын КМ0+000~КМ11+000 хэсэг, Их-Уул сумын төв хүртэлх 0.38/тэг зууны гучин найм/ км салаа замын далангийн газар шорооны болон хиймэл байгууламжийн ажлыг хийж гүйцэтгэхэд хамтран ажиллах санал тавьсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох ... зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ. гэж заасан.

 

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нь хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох зорилгоор хамтран ажилласан болох нь хариуцагчийн ажлыг хамтран гүйцэтгэх санал гаргасан гэх тайлбар, нэхэмжлэгч нь машин техник хэрэгслээ талбай дээр ажиллуулахаар явуулсан гэх нэхэмжлэгчийн тайлбар, гэрч А.Гансүх, Т.Ганбат, Н.Мөнхчингис, Н.Мөнхсансар, Д.Цэрэндулам, Б.Энхтуяа, Ж.Эрдэнэ-Очир, Ч.Энхбат нарын гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн хийсэн хэлцэл нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан амаар байгуулсан хамтран ажиллах гэрээний шинжтэй байх тул хамтран ажиллах гэрээ гэж үзэх ба Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт нийцэж байх тул хүчинтэй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1Хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд ... тэнцүү хэмжээгээр хариуцна. гэж заасан.

 

Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1 дэх хэсэгт зааснаар зохигчид төлөх хураамжийн хэмжээг гарсан зардлын хэмжээгээр төлөхөөр тохиролцсон болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь нийт 318 316 664/урсгал зардал 40658964+түрээсийн төлбөр 185591034+машин механизмын зардал 92066666=318316664/ /гурван зуун арван найман сая гурван зуун арван зургаан мянга зургаан зуун жаран дөрөв/ төгрөгийн хураамж төлсөн болох нь машин механизм түрээслэхэд гарсан урсгал зардлын тооцоо, түрээсийн төлбөрийн тооцоо, түрээсэлсэн техникийн түрээсийн төлбөрийн тооцоо, 2015 оны 7 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх Мөнгө олгохыг хүссэн өргөдлийн, Кассын зарлагын ордерын, Худалдаа хөгжлийн банкны орлогын ордерын, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн, Бэлэн мөнгөний зарлагын баримтын, Шатахуун авсан баримтын, Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Цалингийн тооцоо, Хаан банкин дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Ажилчдын цалингийн хүснэгт, Шатахуун тараах хуудас, Рейс тоолох хуудас, Машин механизм түрээсээр ажиллуулах гэрээ, Гэрээ дүгнэсэн акт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн урсгал зардал гэх 2 301 000/хоёр сая гурван зуун нэг мянга/, 900 000/есөн зуун мянга/, 1 544 859/нэг сая таван зуун дөчин дөрвөн мянга найман зуун тавин ес/, 150 000/нэг зуун тавин мянга/ төгрөгийн, машин механизмын зардал гэх 6 666 667/зургаан сая зургаан зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран долоо/, 5 600 000/таван сая зургаан зуун мянга/ төгрөгийн баримтууд нэхэмжлэгчийн төлсөн хураамжид хамааралгүй баримтууд байна.

 

Хариуцагч нь нийт 97 584 350 /10000000+25522350+15960000+9042000+10970000+12000000+11399000+1300000+700000+691000=97584350/ /ерэн долоон сая таван зуун наян дөрвөн мянга гурван зуун тавь/ төгрөгийн хураамж төлсөн болох нь Өглөгийн жагсаалт, 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Хамтран ажиллах гэрээний, Гэрээ дүгнэсэн актын, 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх Түрээсийн гэрээний, Механизм түрээслэх гэрээний, Машин механизм түрээслүүлэх гэрээний, Гэрээ дүгнэсэн актын, Тээврийн ажил гүйцэтгэх гэрээний, Худалдах, худалдан авах гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагчийн зээлээр авсан хоол хүнс, ахуйн барааны зардал гэх 4 946 880/дөрвөн сая есөн зуун дөчин зургаан мянга найман зуун ная/ төгрөгийн, зээл гэх 6 850 000/зургаан сая найман зуун тавин мянга/ төгрөгийн баримтууд нь хариуцагчийн төлсөн хураамжид хамааралгүй баримтууд байна.

 

Зохигчид нийт 415 901 014/318316664+97584350=415901014/ /дөрвөн зуун арван таван сая есөн зуун нэг мянга арван дөрөв/ төгрөгийн хураамж төлсөн болох нь тогтоогдож байна.

 

Иргэний хуудийн 478 дугаар зүйлийн 478.8Гэрээнд өөрөөр заагаагүй бол ашгийг талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна. гэж заасан.

 

Хамтран хариуцагч нь Гэрээгээр гүйцэтгэсэн ажлын хөлсөд хариуцагчид 456 765 795/дөрвөн зуун тавин зургаан сая долоон зуун жаран таван мянга долоон зуун ерэн тав/ төгрөгийг шилжүүлсэн болох нь харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээгээр тогтоогдож байна.

 

456 765 795/дөрвөн зуун тавин зургаан сая долоон зуун жаран таван мянга долоон зуун ерэн тав/ төгрөгийг хамтран ажиллах гэрээний ашиг гэж үзнэ.

 

Иргэний хуудийн 478 дугаар зүйлийн 478.8 дахь хэсэгт зааснаар зохигчид ашгийг хэрхэн хуваарилах талаар тохиролцоогүй байх тул ашгийг талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчийн төлсөн хураамж болох 318 316 664/гурван зуун арван найман сая гурван зуун арван зургаан мянга зургаан зуун жаран дөрөв/ төгрөг нь нийт хураамжийн 77/далан долоо/ хувь болох нь тогтоогдож байна.

 

Иргэний хуудийн 478 дугаар зүйлийн 478.8 дахь хэсэгт зааснаар зохигчийн төлсөн нийт хураамж болох 456 765 795/дөрвөн зуун тавин зургаан сая долоон зуун жаран таван мянга долоон зуун ерэн тав/ төгрөгийн 77/далан долоо/ хувьд ногдох ашиг нь 351 709 662/гурван зуун тавин нэгэн сая долоон зуун есөн мянга зургаан зуун жаран хоёр/ төгрөг байх тул хариуцагчаас 351 709 662/гурван зуун тавин нэгэн сая долоон зуун есөн мянга зургаан зуун жаран хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Хамтран хариуцагч нь хамтран ажиллах гэрээний тал биш байх тул хамтран хариуцагчид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Шүүх Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 477 дугаар зүйлийн 477.1, 478 дугаар зүйлийн 478.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Роуд Трейд ХХК-иас нийт 351 709 662/354 596 190-351709662=2886528/ /гурван зуун тавин нэгэн сая долоон зуун есөн мянга зургаан зуун жаран хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ногоон торгот ХХК-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 2 886 528/хоёр сая найман зуун наян зургаан мянга таван зуун хорин найм/ төгрөгийг болон хамтран хариуцагч Хурдны зам ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

:

 

1.  Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 477 дугаар зүйлийн 477.1, 478 дугаар зүйлийн 478.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Роуд Трейд ХХК-иас нийт 351 709 662/гурван зуун тавин нэгэн сая долоон зуун есөн мянга зургаан зуун жаран хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ногоон торгот ХХК-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 2 886 528/хоёр сая найман зуун наян зургаан мянга таван зуун хорин найм/ төгрөгийг болон хамтран хариуцагч Хурдны зам ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Ногоон торгот ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 235 752.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Роуд Трейд ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1 916 498 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ногоон торгот ХХК-д олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

, С.ХИШИГБАТ