Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2050

 

 

 “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/01348 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Р” ХХК, “Х” ХХК-д холбогдох

 

354 596 190 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч “Р” ХХК-ийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д,

Хариуцагч “Р” ХХК-ийн төлөөлөгч Ц.М,

Хариуцагч “Р” ХХК-ийн өмгөөлөгч Н.Ц,

Хариуцагч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Р” ХХК-ийн захирал Ц.М нь 2015 оны 4 дүгээр сард надтай биечлэн уулзаж Завхан аймгийн Их уул сум-Тосонцэнгэл чиглэлийн авто замын КМ0+000+КМ11+000 хэсэг, Их уул сумын төв хүртлэх 0.38 км салаа замын далангийн газар шорооны болон хиймэл байгууламжийн ажлыг хамтран хийж гүйцэтгэх саналыг тавьсан. Би хариуд нь хэрвээ хамтран ажиллах бол уг ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай зардлыг адил тэнцүү хувааж гаргах гэсэн хариу саналыг тавихад “Р” ХХК-ийн захирал Ц.М нь өөрийн компанид техник, ажиллах хүч, санхүүгийн боломж байхгүй тул чамтай хамтран хийх саналтай байна, надад өөрт болон бусдаас түрээслэх техник олдохгүй байна, бүгд урьдчилгаа төлбөр төлөхийг шаардаад байна, танай компани техник, хэрэгслээ ажлын талбай руу явуулж тус болооч, мөнгө төгрөг шаардлагатай болвол гаргаж байгаарай, дараа нь хоёулаа тооцоо хийнэ гэсэн. Тэгэхээд би машин механизм, техник хэрэгсэлүүдээ 2 сарын хугацаанд түрээслүүлэхээр тохиролцож, түрээслүүлэн зарим нэгэн теник хэрэгслийг бусдаас түрээслэн өөрийн ажилчидаа машин механизм, техник хэрэгсэлийн хамт 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс ажиллуулж эхэлсэн. Миний бие Ц.М-тай хийж гүйцэтгэж байгаа ажил, өөрийн машин, техник хэрэгсэл, хүн хүчний талаар тооцоо нийлэх шаардлагатай байна гэж удаа дараа хэлж байхад хоёулаа учраа олно, тооцоо хий гэж хариулдаг, би ч итгээд ажлаа хийж байсан. Бүр сүүлдээ утсаа ч авахаа больсон. “Н” ХХК болон миний бие “Р” ХХК-ийн захирал Ц.М-т төлөх ямар нэгэн өр төлбөргүй болно. “Н” ХХК нь энэ хугацаанд өөр ажилд техник хэрэгслээ ажиллуулж болох байсан хэдий ч “Р” ХХК-тай харилцан тохиролцсоны дагуу манай компани нь бүх техник хэрэгслээ түрээслүүлж, улмаар бусад иргэн, хуулийн этгээдээс техник хэрэгслийг нь түрээслэн авч давхар түрээслүүлсэн болно. “Р” ХХК нь түрээсийн төлбөрөө төлөхгүй байгаагаас “Н” ХХК нь санхүүгийн нэлээд хүндрэлтэй байдал ороод байна. Манай компани “Р” ХХК-иас мөнгөө авч бусдын техник хэрэгсэл түрээслэн ажиллуулж байсан төлбөрөө төлмөөр байна. Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээ нь бичгээр байгуулагдаагүй боловч Иргэний хуулийн 42 дугаар зүйлд зааснаар тус гэрээг байгуулагдах хэлбэрийг хуульд тусгайлан заасан гэрээ биш бөгөөд мөн зүйлд зааснаар амаар байгуулсан гэрээ юм. Дээрх гэрээгээр иргэний эрх зүйн харилцаанд оролцогч манай талын хувьд техник тоног төхөөрөмжөө түрээслүүлэх үүрэг, төлбөрөө нэхэмжлэх эрх үүссэн бол “Р” ХХК-ийн хувьд түрээсийн хөрөнгөө шилжүүлэхийг шаардах эрх, төлбөрөө төлөх үүрэг үүсэх замаар гэрээний гол нөхцлүүд дээр талууд харилцан тохиролцсон. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.1.1-т заасан хэлцлийн гол нөхцлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон бол амаар хийх хэлцлийг хэлцэл хийсэн гэж үзнэ гэж заасны дагуу гэрээ байгуулагдсан гэж үзэж байна. Дээрх гэрээний дагуу түрээслүүлэгч тал нь техник, хэрэгслийг Иргэний хуулийн 206 дугаар зүйлд заасан зарчмаар, 207 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгэх газарт, 208 дугаар зүйлд заасан хугацаанд бэлэн байлгаж гэрээний үүргээ гүйцэтгэсэн. Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасны дагуу “Н” ХХК нь техник хэрэгслүүдээ “Р” ХХК-д шилжүүлсэн. Гэтэл “Р” ХХК нь мөн зүйлд түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлэхгүй байна. Иргэний хуулийн 323 дугаар зүйлийн 323.1 дэх хэсэгт заасны дагуу “Н” ХХК нь иргэн Г.Жанцанхорлоо, Ж.Эрдэнэ-Очир, З.Ард, Н.Мөнхсансар нар болон “Мандах инвест” ХХК, “Таны зам” ХХК зэрэг хуулийн этгээдээс зөвшөөрөл авсны үндсэн дээр техник хэрэгслүүдийг нь “Р” ХХК-д түрээслүүлсэн болно. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны дагуу “Н” ХХК нь “Р” ХХК-иас түрээсийн төлбөр шаардах эрхтэй байна. “Н” ХХК нь бусдын техник, тоног төхөөрөмж түрээсэлсэн түрээсийн төлбөрт 181 241 905 төгрөг, туслах ажилчдын цалин 4 466 129 төгрөг, бэлнээр гарсан мөнгө 79 554 823 төгрөг /геодезийн урьдчилгаа, Энхбат 10 самосвал машин авч явахад өгсөн урьдчилгаа, 3 инженер 1 механикийн 7-9-р сарын цалин, нийгмийн даатгалын болон хүн амын орлогын албан татвар, 35 тн цементийн үнэ, Гансүхийн бригадын цалин, индүү эксковартрыг зөөж авч ирсэн тээврийн зардал, иргэн З.Ардын түрээс, хүү, машин техникийн хотруу буцах түлшний үнэ, хоолны мөнгө/, өөрийн тоног төхөөрөмжийг түрээсэлсэн 104 333 334 төгрөг, нийт 354 596 190 төгрөгийг “Р” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Р” ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Р” ХХК-ийн захирал миний бие 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр “Н” ХХК-ийн захирал Д.Л-тэй уулзаад “надад ажил олох боломж байна, хүн, хүч, техник хэрэгсэл байхгүй, би ажлыг нь олъё, чи хүн хүч техник хэрэгсэлээ ол” гэхэд Д.Л зөвшөөрсөн. Тэгээд би “Х” ХХК-тайуулзаад Архангай аймгийн Цахир сум, Завхан аймгийн Тосонцэнгэлчиглэлийн 127.1 км хатуу хучилттай авто замын Завхан аймгийн Их Уул сум-Тосонцэнгэлийн 41.3 км авто замын эхний 11 км замын дутуу хийгдсэн замын далангийн дүүргэлт, хөлдөлтөөс хамгаалах үеийн болон бусад газар шорооны 879 000 000 төгрөгийн /НӨАТ-гүй/, ус зайлуулах хиймэл байгууламжийн 58 000 000 /НӨАТ-гүй/ төгрөгийн төсөвтэй ажлыг туслан гүйцэтгэгч авч хийлгэнэ гэнэ. Ажил нь 5 дугаар сард эхэлж, гүйцэтгэх хугацаа нь 60 хоног байх юм байна. Энэ ажлыг манай компанитай хамтарч хийх үү? Танай компанийг хамтарч ажиллахыг зөвшөөрвөл би энэ ажлыг найдвартай авч чадна. Олон компани тэднийд санал тавьж байгаа юм байна. Манайх техник, хүн хүч, санхүүгийн бололцоо дутагдалтай тул танай компанийн техник, тоног төхөөрөмж, инженер техникийн ажилтнуудын хүчээр энэ ажлыг хамтарч хиймээр байна,чи зөвшөөрөх юм бол энэ ажлыг авъя гэхэд Д.Л зөвшөөрсөн тул би түүнтэй хамтран ажиллахаар амаар тохироод “Х” ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээг хийсэн. Ажил гүйцэтгэх гэрээг “Р” ХХК-ийн нэр дээр хийж байгааг Д.Л мэдэж байсан, гэрээн дээр би түүний өмнөөс гарын үсэг зурсан. Д.Л манай компани Харуул Алтай хотхонд нь барилгын суурь ухах ажил хийнэ. Энэ ажил 4 дүгээр сарын сүүлээр дуусах ба 9 дүгээр cap хүртэл түр ажилгүй байх тул хугацаа нь сайхан таарч байна. Замын ажлын тоо хэмжээ, нэгж үнэ, ажлын зурагтай танилцмаар байна гэсэн тул маргааш нь би түүнд “Х” ХХК-иас дээрх баримтыг авчирч хамтдаа хэд хоног судалж тооцоо хийсний үндсэн дээр “Н” ХХК-ийн захирал Д.Л нь манай компанитай хамтран дээр дурдсан ажлыг гүйцэтгэхийг зөвшөөрсөн.

Д.Л бид хоёр удаан хугацаанд ярилцаж тохиролцсоны үндсэн дээр “Р” ХХК нь дээрх ажлыг “Х” ХХК-иас авч, ажил гүйцэтгэх гэрээг өөрийн компанийн нэр дээр хийх, санхүүжилтийг захиалагчаас 2015 онд багтаан 100% бүрэн гүйцэд авах, “Н” ХХК нь дээрх ажлыг өөрийн техник, тоног төхөөрөмж, хүн хүчийг гарган хийж гүйцэтгэх, хоёр тал ажлыг эхлүүлэхэд болон ажлын явцад шаардлагатай хөрөнгө мөнгийг өөрсдийн боломжоороо гаргах, дутагдалтай техникийг гаднаас түрээсэлж авах, ажил гүйцэтгэх гэрээний ашиг, алдагдал, хариуцлагыг хоёр тал адил хүлээхээр тохирсон. Ингээд бид “Х” ХХК-тайбайгуулах гэрээний төсөл, бараа материалын орцын тооцоо, үнийн судалгаа, гаднаас түрээслэх техникийн түрээсийн үнийн судалгаа, ажил гүйцэтгэх график төлөвлөгөө болон шаардлагатай бүх л тооцоог гэрээг байгуулагдах өдөр хүртэл буюу 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд “Н” ХХК-ийн байранд захирал Д.Л болон тэдний инженерүүдийн хамт хийсэн. Энэ хугацаанд 2015 оны 4 дүгээр сарын 16, 5 дугаар сарын 23-ны өдөр Д.Л-ийн санаачилгаар хамтдаа хоёр удаа Завхан аймгийн Их-Уул суманд очиж замын ажлын ерөнхий байдал, ашиглагдаж байсан шороо олборлох нөөц газрын /карьер/ байрлал, түүний нөөц, түр зам болон бусад нөлөөлөх хүчин зүйлүүдийг үзэж танилцсан. Манай компани хэлэлцсэн ёсоор “Х” ХХК-тай2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр гэрээ байгуулан, ажлыг авч, тус компаниас гэрээний урьдчилгаа төлбөрт 30 000 000 төгрөгийг дансаар аваад, энэ урьдчилгаа мөнгөний 27 100 000 төгрөгөөр нь замын ажлыг эхлүүлэхэд шаардлагатай ажилчдын орон гэр, хоол хүнс, гал тогоо, барилгын материал, аж ахуйн бараа, ажлын багаж хэрэгсэл, сэлбэг, хөдөлмөр хамгаалал, тос тосолгооны материал, түлшний 25 тн, усны 10 тн багтаамжтай ёмкость зэргийг худалдан авч, үлдсэн 2 900 000 төгрөгийг нь тухайн орон нутагт зарцуулахаар Их Уул сумын Хаан банкинд байршуулсан. Дээр дурдсан худалдан авах ажлыг “Р” ХХК-иас инженер Сүхбаатар, даамал Ч.Энхбат, “Н” ХХК-иас хөдөлмөр хамгаалалын инженер Баярбаясгалан нар томилогдон гүйцэтгэсэн. Үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлсэн тухайд гэвэл “Н” ХХК-ийн захирал Д.Л зам барилгын өдөр тутмын ажлыг бүрэн удирдахаар тохирч, удирдлагыг хэрэгжүүлж байгаад энэ үүргээ 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн орой Завхан аймгийн Их Уул суманд ажиллаж байсан инженер техникийн ажилтнуудын хурал дээр өөрийн компанийн инженер Мөнхчингист шилжүүлэн удирдлагыг хэрэгжүүлж байгаа Мөнхчингисийн гаргасан шийдвэр, үүрэг даалгварыг хэн ч өөрчилж болохгүй гэдгийг хатуу анхааруулсан. Би маргааш өглөө нь Д.Л-с яагаад ийм шийдвэр гаргах болсныг асуухад “Та Мөнхчингисийн ажилд битгий оролцоорой. Хоол хүнс, захиалагч талтай харилцах асуудлаа та хариуц” гэж хэлсэн. “Р” ХХК нь ажилчдын хоол, хүнс, захиалагч талтай харилцах ажлыг гүйцэтгэж байсан. Энэ үүргээ биелүүлэхдээ манай талаас санаачлагатай, идэвх зүтгэлтэй ажилласан. “Х” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөрт авсан мөнгө нь барилгын ажлын хугацаанд хүрэлцэхгүй байсан учир би өөрийн компанийн нэр дээр хувь хүнээс 6 850 000 төгрөг зээлэн зам барилгын ажлын хугацаанд гарсан техникийн засвар, үйлчилгээ, сэлбэг, тос, тосолгооны материал, бензин, түр ажилчдын буцах унааны зардал, нүүлгэн шилжүүлэлтийн тээврийн хөлс гэх мэт зардалд зарцуулсан. Мөн хотоос авч гарсан хоол хүнс дуусахад Завхан аймгийн Их Уул сумын дэлгүүрээс болон хувь хүнээс 4 946 880 төгрөгийн хүнсний зүйл, 1 300 000 төгрөгөөр үхэр зэргийг зээлээр худалдан авч ажилчдыг хоол хүнсээр хангаж байсан. Завхан аймгийн Их Уул сум-Тосонцэнгэл чиглэлийн 11 км замын ажилд “Р” ХХК-иас захирал Ц.Мөнхбаяр, инженер Сүхбаатар, даамал Ч.Энхбат, түр ажилчин 9, нийт 12 хүн ажилласан. “Н” ХХК-иас захирал Д.Л, Замын инженер Мөнхчингис, Э.Шинэзоригт, ХАБ инженер Баярбаясгалан, механик Баяраа нар болон түр ажилчин 11, жолооч, механизмчин 8 хүн ажилласан. Үүнээс гадна энэ ажилд гэрээгээр геодезийн инженер-3, Лабораторын инженер-2 ажилласан. Зам барилгын ажлын явцад нийтдээ 63 хүн техник тоног төхөөрөмжийн жолооч нарыг оролцуулан/ янз бүрийн хугацаанд ажилласан.

“Н” ХХК-аас Эксковатор-1 ш, автогрейдер-2 ш, өөрөө буулгагч-1 ш, түлш цэнэглэгч-1 ш, дээрээ крантай ачааны тэрэг-1 ш, доргиурт индүү-1 ш, дизель мотор-1 ш, түрээсийн гэрээгээр ажилласан техник эксковатор САТ336-1 ш, эксковатор-1 ш, дугуйт ачигч-1 ш, өөрөө буулгагч -14ш, байсан бөгөөд эдгээр түрээсийн техникүүдийг 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл янз бүрийн хугацаагаар ажиллуулсан нь үнэн. “Х” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажилласан Завхан аймгийн Их Уул сум-Тосонцэнгэл чиглэлийн 11 км замын ажлыг манай хоёр компани 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр бүрэн дуусгах байсан боловч бид 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр гэхэд 7,5 км замын газар шорооны ажлыг хийж, үлдсэн ажлыг хийж чадаагүй, “Н” ХХК-ийн захирал Д.Л зам барилгын ажлын өдөр тутмын удирдлагыг өөрөө биечлэн хэрэгжүүлэхээр тохирсон боловч үүнийгээ зөрчиж, барилгын ажлыг хугацаанд хийж чадалгүй гэрээний үүргээ зөрчсөн. Шалтгаан нь Д.Л ихэнхдээ Улаанбаатар хотод байсан бөгөөд өөрийнхөө ажлыг инженер Мөнхчингистээ хариуцуулсан. Гэтэл Мөнхчингис нь өдөр тутмын ажлыг удирдан, зохион байгуулахдаа хариуцлагагүй хандсан. Мөн инженер Э.Шинэзориг нь дөнгөж сургууль төгссөн, туршлагагүйн дээр “Н” ХХК-ийн техникүүд хуучирсан, хүчин чадал багатай, эвдрэл саатал байнга гардаг, сэлбэгээр дутмаг, зарим нэг механизмчин нь ажлаа хаяж олон хоногоор явсан нь гэрээт ажлыг дутуу гүйцэтгэхэд нөлөөлсөн. Ажил удирдаж байсан инженер Мөнхчингисийг надтай зөвшилцөлгүй 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хот руу ажил гүйцэтгэж байсан техникийн /дээрээ крантай тэрэг/ хамт буцаасан ба захирал Д.Л нь энэ үеэс өөрийн компаний ажилтан болон техникүүдийг надтай зөвшилцөлгүйгээр нэг нэгээр нь буцаан татаж эхэлсэн зэрэгтэй холбоотойгоор бид гэрээт ажлыг бүрэн гүйцэд хийж чадаагүй. “Х” ХХК-тайгэрээ байгуулсан Завхан аймгийн Их Уул-Тосонцэнгэл чиглэлийн 43.1 км замын манай хоёр компаний хамтран хийсэн 11 км авто замын төсөвт өртөг нь 1 029 624 333 төгрөг /НӨАТ тооцоод/. Гэрээний хугацаа нь урьдчилгаа төлбөр хийгдсэн өдөр буюу 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн хуанлийн 60 хоног буюу 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал. Нийт 10 нэр төрлийн газар шорооны ажил хийхээс далангийн дүүргэлтийн ажил, ус зайлуулах хиймэл байгууламжийн хоёр төрлийн ажлыг хийсэн. Үүнээс 11 км замын далангийн дүүргэлтийн газар шорооны ажил хийхээс 7.5 км замын газар шорооны ажил буюу 515 048 574 төгрөгийн ажил гүйцэтгэсэн. Нийт хийсэн ажлын өртөгөөс “Х” ХХК-иас авсан урьдчилгаа төлбөр 30 000 000 төгрөг, барилгын материал болон түлшний зардал нийт 271 000 000 төгрөгийг хасахаар үлдэгдэл нь 214 048 574 төгрөг болж байна. Манай хоёр компаний техник түрээслэх болон бусад гэрээний үүргийн дагуу төлөх төлбөр нь үүнээс их тул бид алдагдалтай ямар ч ашиггүй ажилласан. Манай компани нь “Н” ХХК-иас техник, тоног төхөөрөмж түрээслээгүй, надыг бодвол Д.Л машин техник, хүн хүч ихтэй тул бид хамтран ажиллахаар болсон. Тухайн үед Д.Л зөвшөөрсөн тул би “Х” ХХК-тайгэрээ хийсэн. Зөвшөөрөөгүй бол би гэрээ хийхгүй байсан. “Х” ХХК нь бидний хийсэн ажлыг хүлээн авсан боловч үлдэгдэл 59 618 925 төгрөгийг өгөөгүй байгаа. Бид нэг ч төгрөгийн ашиггүй ажилласан тул “Н” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э шүүхэд тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х” ХХК нь Завхан аймгийн Их уул сум-Тосонцэнгэл чиглэлийн авто замын КМ0+000+КМ11+000 хэсэг, Их уул сумын төв хүртлэх 11,380 км салаа замын далангийн газар шорооны болон хиймэл байгууламжийн ажлыг “Р” ХХК-тай хамтран хийхээр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр байсан боловч хугацаандаа хийж гүйцэтгэж дуусаагүй, сүүлдээ хаяад явсан байсан. “Х” ХХК, “Р” ХХК нь 7 км орчим ажлыг хийсэн, “Р” ХХК-ийн хийсэн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ нь 515 048 574 төгрөгийн ажлыг хийсэн бөгөөд “Х” ХХК-иас түлш материал, бэлэн мөнгө хэлбэрээр 456 765 795,72 төгрөг болж байгаа, одоо 59 618 925,75 төгрөгийг өгөх үлдэгдэлтэй байгаа болно. “Х” ХХК нь “Ногоон торгот” ХХК-тай ямар ч гэрээ хэлцэл байгуулаагүй. Тухайн үед Д.Л-г “Р” ХХК-ийн захирал Ц.М-тай хамт нэг компанид ажилладаг ерөнхий инженер нь гэж бодож байсан. “Н” ХХК, “Р” ХХК-ийн хооронд ямар гэрээ, хэлцэл аман тохиргоо хийснийг манай компани мэдэхгүй бөгөөд мэдэх шаардлага байхгүй. Учир нь “Х” ХХК, “Р” ХХК-ийн хооронд хийгдсэн гэрээний хавсралтад заасан тоног төхөөрөмжүүдийг “Р” ХХК хариуцахаар гаргаж өгч байсан. Ц.М нь “Р” ХХК-ийн захирал, Д.Л нь ерөнхий инженер гээд “Х” ХХК-тайгэрээ хийсэн мөртлөө одоо нэг нэгнээсээ мөнгө нэхэмжилж байгаа юм байна. “Х” ХХК нь нэхэмжлэгч Д.Лхагвасүрэнд ямар нэгэн мөнгө төгрөг өгөх үүрэг хүлээгээгүй, “Р” ХХК-тай хамтан ажиллах гэрээ хийсэн гэрээний дагуу бид хийж гүйцэтгэсэн ажлыг нь хүлээн авч түүнд нь тохирсон хөлсийг нь өгсөн. Энэ хоёр хүн хоорондоо яаж тооцоо хийхийг би мэдэхгүй тул энэ нэхэмжлэл “Х” ХХК-д ямар ч хамааралгүй гэж үзэж байна. Манайх “Р” ХХК-тай гэрээ хийсэн. Манай компаний хувьд “Ногоон торгот” ХХК-ийг энэ ажилд оролцож байгаа талаар огт мэдээгүй. “Н” ХХК-тай манайх ямар ч харилцаа байхгүй учраас энэ талаар тайлбар байхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 477 дугаар зүйлийн 477.1, 478 дугаар зүйлийн 478.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Р ХХК-иас нийт 351 709 662/гурван зуун тавин нэгэн сая долоон зуун есөн мянга зургаан зуун жаран хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 2 886 528/хоёр сая найман зуун наян зургаан мянга таван зуун хорин найм/ төгрөгийг болон хамтран хариуцагч Х ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Н ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 235 752.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1 916 498 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “Р” ХХК-ийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч “Р” ХХК -ний төлөөлөгч Ц.М нь 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаан дээр хэргийн үйл баримттай холбоотой 94 хуудас нотлох баримтуудыг шинээр гаргаж өгсөн боловч шүүгч эдгээр баримтуудыг хүлээн авахаас татгалзаж, давж заалдах эрхгүйгээр захирамж гаргаж, нотлох баримтуудыг өөрт нь буцааж өгсөн байна. Шүүх талуудаас гаргасан аливаа нотлох баримтыг хүлээн татгалзах эрхгүй. Шүүх, эдгээр нотлох баримтыг хүлээж авсан бол хэргийн үйл баримт, өөрөөр хэлбэл “Р” ХХК-иас замын ажилд зарцуулсан зардал, ашиг алдагдлын тооцоо өөрөөр гарах байсан. Шүүх талуудаас гаргасан нотлох баримтыг хүлээн авахаас татгалзсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг анхан шатны шүүх "Хамтран ажиллах" гэрээ, хамтын үйл ажиллагаа гэж үндэслэлгүйгээр буруу тодорхойлсноос “Р” ХХК-иас их хэмжээний мөнгө гаргуулж шийдвэрлэн хохироосон гэж үзэж байна. Хэрвээ талуудын хооронд хамтран ажиллах гэрээ хийгдсэн бол талууд уг эрх зүйн харилцааны гол шинж болох Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1-д заасны дагуу хураамж төлөх байсан. Гэтэл талууд ямарваа нэгэн хураамж огт төлөөгүй, хураамжийн хэмжээг тодорхойлоогүй байхад шүүгч дундуур нь орж талуудаас ажил гүйцэтгэхэд гаргасан гэх хөрөнгийн хэмжээг хураамж гэж өөрийн дотоод итгэл үнэмшилд тулгуурлан шууд тодорхойлж дээрх хуулийн заалтыг ноцтой зөрчсөн. Талуудаас гаргасан хөрөнгийн хэмжээг ч шүүх тогтоогоогүй. Гэрээний талууд эхлээд өөрсдөөсөө хөрөнгө гаргаад ажлаа хийж байсан нь хураамж төлсөн асуудал огт биш юм. Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1-д ...талууд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна гэж заасаар атал шүүгч талуудаас гаргасан гэх хөрөнгийн хэмжээгээр тодорхойлж, хураамжийн 23 хувийг “Р” ХХК , 77 хувийг " Н" ХХК төлсөн байна гэж үндэслэлгүй дүгнэлт хийж хохироосон. Зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцаа нь "ажил гүйцэтгэх" гэрээний шинжтэй байна.

Түүнчлэн “Х” ХХК-иас “Р” ХХК -нд бэлнээр болон бараа материалаар шилжүүлсэн нийт 456 765 795 төгрөгийг шүүх ашиг хэмээн дүгнэсэн нь огт үндэслэлгүй байна. Энэхүү мөнгө нь зөвхөн "Х" ХХК, “Р” ХХК  хоёрын хооронд хийгдсэн "ажил гүйцэтгэх" гэрээний дагуу шилжиж ирсэн "хийсэн ажлын төлбөр" юм. "Р" ХХК, "Н" ХХК хоёр уг ажлыг гүйцэтгээд ямар ч ашиг олоогүй харин ч маш их хэмжээний алдагдалд орсон талаараа удаа дараа тайлбар хийж, холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөөр байхад зарим нотлох баримтыг нь хүлээж авахаас татгалзаад, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэлгүйгээр алдагдлыг тооцож гаргалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна. “Х” ХХК-иас “Р” ХХК -нд нийт 516 384 721 төгрөг гүйцэтгэлээр шилжүүлэх байснаас 271 426 382 төгрөгийн бараа, шатах тослох материал шилжүүлсэн байна. Үлдэгдэл 244 958 339 төгрөг шилжиж ирэх байснаас 185 339 413 төгрөг шилжүүлсэн байна. Үлдэгдэл 59 618 926 төгрөгийг "Х" ХХК нь "Р" ХХК-нд шилжүүлж өгөөгүй, улмаар ажил гүйцэтгэх хугацаа хоцроосны алдангид суутгаж авсан байна. "Р" ХХК нь "Н" ХХК-тай энэ ажлыг хийхээр амаар тохиролцохдоо нийт 1 029 624 333 төгрөгийн ажлыг л хийлгүүлэхээр тохиролцсон. Хийсэн ажлынх нь гүйцэтгэлээр шилжиж ирсэн мөнгөнөөс хэт давсан мөнгийг "Р" ХХК, хаанаас гаргаж "Ногоон торгот" ХХК нд олгох ёстой гэж шүүх дүгнээд байгаа нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл гүйцэтгэх ажлын зардлыг талууд хоорондоо хатуу тохиролцсон байсан. Дээрх бэлнээр шилжиж ирсэн 185 339 413 төгрөгийг “Р” ХХК  энэхүү ажилд бүгдийг нь зарцуулж дууссан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсоор байхад шүүх холбогдох нотлох баримтуудыг үнэлж дүгнэлгүйгээр "Р" ХХК 97 сая төгрөг зарцуулсан байна гэж огт худлаа дүгнэлт хийсэн байна. Уг ажилд зарцуулагдсан 271 426 382 төгрөгийн бараа, шатах тослох материалыг ч тооцоогүй байна. Өмнөх Улсын дээд шүүхийн тогтоолд заасан үндэслэлүүдийг анхан шатны шүүх огт анхаарч үзээгүй, харин ч эсрэгээр нь шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч “Н” ХХК нь хариуцагч “Р” ХХК, “Х”      ХХК-д холбогдуулан хамтран ажиллах гэрээг хэрэгжүүлэхэд гарсан зардалд нийт 354 596 190 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч захиалагч нь үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчтэй хамтран ажиллах гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэлд зааж буй зардлыг хариуцах үндэслэлгүй гэж тус тус маргажээ.

 

Нэхэмжлэгч “Н” ХХК нь хариуцагч “Р” ХХК-тай замын далангийн газар шорооны болон хиймэл байгууламжийн ажлыг хамтран гүйцэтгэхээр тохиролцсон болох нь хэргийн 1 дүгээр хавтасны 1-3, 106-109, 175-177, 2 дугаар хавтасны 213-219, 3 дугаар хавтасны 61-73 дахь талд авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, шүүх хуралдааны тэмдэглэл зэргээр тогтоогдож байна. Уг гэрээгээр нэхэмжлэгч нь өөрийн техник тоног төхөөрөмж, ажиллах хүч болон хөрөнгө мөнгө гаргах, хариуцагч нь замын газар шорооны болон хиймэл байгууламжийн ажлыг захиалагч “Х” ХХК-иас авч өөрийн компанийн нэр дээр гэрээг байгуулах, санхүүжилтыг 100 хувь үндсэн захиалагчаас авах талаар аман хэлцэл хийсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

 

Дээрх гэрээний талуудын тохиролцооны агуулгаас үзвэл зохигчдын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан талаар шүүх Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасантай нийцүүлэн зөв дүгнэжээ.

 

“Х” ХХК нь “Р” ХХК-тай 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймгийн Их-Уул сум Тосонцэнгэл чиглэлийн авто замын КМО+000~КМ11+000 хэсгийн газар шорооны болон хиймэл байгууламжийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээгээр Завхан аймгийн Их-Уул сумаас Тосонцэнгэл хүртэлх 11 380 м замын далангийн газар шорооны болон хиймэл байгууламжийн ажлыг 60 хоногт багтаан 1 029 624 333 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр тохиролцсон болох нь хэргийн 1 дүгээр хавтасны 111-115 дахь талд авагдсан Завхан аймгийн Их-Уул сум Тосонцэнгэл чиглэлийн авто замын КМО+000~КМ11+000 хэсгийн газар шорооны болон хиймэл байгууламжийн ажил гүйцэтгэх тухай захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ болон талуудын тайлбараар тогтоогджээ.                                                                                                    /1хх111-115 дахь тал/

 

Дээрх гэрээгээр 10 нэр төрлийн газар шорооны ажил хийж гүйцэтгэхээс далангийн дүүргэлтийн болон ус зайлуулах, хиймэл байгууламжийн хоёр төрлийн ажлыг хийсэн байх ба 11 км замын далангийн дүүргэлтийн газар шорооны ажил хийхээс 7.5 км замын газар шорооны ажил буюу 516 384 721 төгрөгийн ажил гүйцэтгэсэн болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан тооцоо нийлсэн баримт, гэрээ дуусгавар болгох тухай мэдэгдэл зэрэг баримтаар нотлогдож байна.                                       /1хх-128-129, 3хх-13-32 дахь тал/

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу хуульд нийцүүлэн үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч “Н” ХХК-иас бэлнээр 70 824 791 төгрөг зарцуулагдсан, бусдын техник тоног төхөөрөмж түрээслэсэн төлбөрт 138 824 791 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Харин нэхэмжлэгч нь өөрийн тоног төхөөрөмж түрээслэсэн 104 333 334 төгрөг гэж нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч өөрийн техник тоног төхөөрөмжийг талуудын хоорондын гэрээг хэрэгжүүлэх зорилгоор ажиллуулсан боловч үүний улмаас өөрт нь бодитой 104 333 334 төгрөгийн зардал гарсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгч нь /70 824 791 төгрөг+138 824 791 төгрөг/ 209 649 582 төгрөгийн зардал гаргасан болохоо баримтаар нотолсон гэж үзнэ.                                                                                             /1хх-10-100 дахь тал/

 

Хариуцагч “Р” ХХК нь бусдаас мөнгө болон үхэр зээлээр худалдаж авсан, бусдаар ажил гүйцэтгүүлсэн, бусдын техник тоног төхөөрөмж түрээслэсэн төлбөрт 152 709 723 төгрөг төлөх өр төлбөртэй болсон нь хэргийн 1 дүгээр хавтасны 130-170 дахь талд авагдсан баримтаар тогтоогдсон тул хариуцагчаас 152 709 723 төгрөгийн зардал гарсан гэж үзнэ.                                                                                                              /1хх-130-170 дахь тал/

 

Харин хариуцагч “Р” ХХК  нь “Х” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний дагуу 30 000 000 төгрөгийг бэлнээр, 271 000 000 төгрөгийн барилгын материал болон түлшний зардал авсан гэх тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй бөгөөд хэрэгт авагдсан тооцоо нийлсэн баримтаас үзвэл 516 384 721 төгрөгийн ажил гүйцэтгэснээс 456 765 795 төгрөгийн бэлэн мөнгө, түлш шатахуун, барилгын материалыг хариуцагч “Р”      ХХК-д “Х” ХХК хүлээлгэн өгсөн ба уг тооцоонд дээрх /271 000 000 төгрөг+30 000 000 төгрөг/ 301 000 000 төгрөг тооцогдсон байна. Энэ талаар талууд маргахгүй байна.

 

Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараас үзвэл зохигчид хамтран ажиллах гэрээнд тухайлан өөрсдийн оруулах хувь хэмжээ болон ашиг орлогынхоо хэмжээг тохиролцсон гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Иймд Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1 дэх хэсэгт “талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх, хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцана” гэж зааснаар талууд адил тэнцүү хэмжээгээр хураамж төлөх үүрэгтэй байсан гэж үзнэ. Энэхүү хамтран ажиллах гэрээнд оруулж буй хураамж буюу оруулах хувь хэмжээ нь мөнгөн хөрөнгө төдийгүй бусад байдлаар, тухайлбал, өөрийн эд зүйлийг ашиглах, ажил, үйлчилгээ үзүүлэх зэргээр байж болох талаар Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.2 дахь хэсэгт заасан.  

 

Талуудын хооронд хувь хэмжээг тодорхой тохиролцоогүй байхад анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж оруулсан хөрөнгийн хувь хэмжээ өөр байсан, ашиг орлогоо хуваахаар тохиролцсон гэх дүгнэлт хийснийг залруулах боломжтой. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч 77 хувийн оролцоотой байсан, 77 хувийн ашиг авахаар гэрээнд тодорхойлсон гэх байдлаа нотлоогүй. Хураамжийн талаар тухайлан тохиролцоогүй, хувь хэмжээ өөр байхаар тохиролцсон баримтгүй тул адил тэнцүү байхаар хуульд заасан бөгөөд харин алдагдал, эрсдэл нь тухайн хураамжтайгаа хувь тэнцүү байхаар Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.12 дахь хэсэгт заасан тул талуудын хувьд гэрээнээс үүссэн зардлыг адил тэнцүү хариуцах учиртай.

 

Талуудын гаргасан мөнгөн хөрөнгийн хэмжээ адил тэнцүү биш боловч нэг тал өөрийн техник тоног төхөөрөмж болон ажиллах хүчийг гаргасан, бусдын техник тоног төхөөрөмжийг түрээслэсэн, нөгөө тал нь ажил олж, гэрээ байгуулж, захиалагчаас тодорхой санхүүжилт авсан болох нь тогтоогдож байна. Ийнхүү мөнгөн бус хэлбэрээр хамтын үйл ажиллагаанд оруулсан хувь нэмрийг хөрөнгө гэж үзэх нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт нийцнэ. Иймд аль нэг тал түүний дотор нэхэмжлэгчийг илүү хураамж төлсөн гэж үзэхгүй тул талууд санхүүжилтээр орж ирсэн хураамжийн орлого, ашгийг мөн адил тэнцүү хуваах нь Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8 дахь хэсэгт нийцнэ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч “Р” ХХК нь “Х” ХХК-иас хүлээн авсан 456 765 795 төгрөгийг ашиг орлого гэж үзэх боломжтой. Учир нь хамтран ажиллах гэрээний дагуу талууд уг орлого буюу санхүүжилтыг авах зорилгоор гаргасан мөнгөн болон бусад хэлбэрийн зардлыг адил тэнцүү гэж үзсэн тул хариуцагч “Р” ХХК-д орж ирсэн орлогоос дахин хасах замаар ашиг тооцох шаардлагагүй. Иймд хамтын үйл ажиллагааны хүрээнд орсон орлого 456 765 795 төгрөгийн тал хувь буюу 232 882 897 төгрөгийг хариуцагч “Р” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч “Н” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 121 713 293 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч “Н” ХХК-тай байгуулсан гэрээний нэг тал хариуцагч “Х” ХХК биш тэдгээрийн хооронд гэрээний харилцаа үүсээгүй тул “Х” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Шүүх хуралдаанаас өмнө талууд нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй. Хариуцагч нь шүүх хуралдаанд нотлох баримт өгснийг шүүх авалгүй шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй. Учир нь хүндэтгэн үзэх шалтгаангүй тохиолдолд баримтыг шүүх хуралдаанаас өмнө гаргах, нөгөө талд танилцуулах, шүүх хуралдаанд бэлтгэх боломжийг олгох учиртай. Анхан шатны шүүх талуудад танилцагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болохгүй юм.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч “Р” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/01348 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “351 709 662” гэснийг “232 882 897”, “2 886 528” гэснийг “121 713 293” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “1 916 498” гэснийг “1 322 364” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Р” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 920 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                                     Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ