Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 01972

 

\

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2017/01972

 

 

 

 “НТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/01813 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “НТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “РТ” ХХК” ХХК, “ХЗ” ХХК-д тус тус холбогдох,

 

354 596 190 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Зохигчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.Д

Хариуцагч “РТ” ХХК” ХХК-ийн төлөөлөгч: Ц.М

Хариуцагчийн өмгөөлөгч: А.З

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Э нар оролцов.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “РТ” ХХК” ХХК-ийн захирал Ц.Мнь 2015 оны 04 дүгээр сард ирж уулзаж, Завхан аймгийн Их уул сум Тосонцэнгэл чиглэлийн авто замын КМ0+000+КМ11+000 хэсэг, Их уул сумын төв хүртлэх 0.38 км салаа замын далангийн газар шорооны болон хиймэл байгууламжийн ажлыг хамтран хийж гүйцэтгэх саналыг тавьсан.

Би машин механизм, техник хэрэгсэлүүдээ 2 сарын хугацаанд түрээслүүлэхээр тохиролцож, түрээслүүлсэн. Зарим нэгэн техник хэрэгслийг бусдаас түрээслэн өөрийн ажилчидаа машин механизм, техник хэрэгсэлийн хамт 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс ажиллуулж эхэлсэн. Миний бие Ц.М-тай хийж гүйцэтгэж байгаа ажил , өөрийн машин, техник хэрэгсэл, хүн хүчний талаар тооцоо нийлэх шаардлагатай байна гэж удаа дараа хэлсэн ч тооцоо нийлээгүй.

“НТ” ХХК болон миний бие ”РТ” ХХК” ХХК-ийн захирал Ц.Мөнхбаярт төлөх ямар нэгэн өр төлбөргүй болно. ”НТ” ХХК нь энэ хугацаанд өөр ажилд техник хэрэгслээ ажиллуулж болох байсан хэдий ч “РТ” ХХК” ХХК-тай харилцан тохиролцсоны дагуу манай компани нь бүх техник хэрэгслээ түрээслүүлж, улмаар өөр этгээдээс техник хэрэгслийг нь түрээслэн авч давхар түрээслүүлсэн болно.

Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь бичгээр байгуулагдаагүй боловч Иргэний хуулийн 42 дугаар зүйлд зааснаар тус гэрээг байгуулагдах хэлбэрийг хуульд тусгайлан заасан гэрээ биш бөгөөд мөн зүйлд зааснаар амаар байгуулсан гэрээ юм. Хэлцлийн гол нөхцлийн талаар талууд тохиролцсон бөгөөд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-т заасантай нийцсэн.

Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасны дагуу “НТ” ХХК нь техник хэрэгслүүдээ “РТ” ХХК” ХХК-д шилжүүлсэн. Гэтэл “РТ” ХХК” ХХК нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй.

Иргэний хуулийн 323 дугаар зүйлийн 323.1 дэх хэсэгт зааснаар “НТ” ХХК нь иргэн Г.Ж, Ж.Э, З.А, Н.М нар болон “Мандах инвест” ХХК, “Таны зам” ХХК зэрэг хуулийн этгээдээс зөвшөөрөл авсаны үндсэн дээр техник хэрэгслүүдийг нь “РТ” ХХК” ХХК-д түрээслүүлсэн болно.

Тиймээс Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны дагуу “НТ” ХХК нь ”РТ” ХХК-иас түрээсийн төлбөр шаардах эрхтэй байна.

“НТ” ХХК нь бусдын техник, тоног төхөөрөмж түрээсэлсэн түрээсийн төлбөрт 181 241 905 төгрөг, туслах ажилчдын цалин 4 466 129 төгрөг, бэлнээр гарсан мөнгө 79 554 823 төгрөг, өөрийн тоног төхөөрөмжийг түрээсэлсэн 104 333 334 төгрөг, нийт 354 596 190 төгрөгийг “РТ” ХХК” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “ХЗ” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ХЗ” ХХК нь Завхан аймгийн Их уул сум-Тосонцэнгэл чиглэлийн авто замын КМ0+000+КМ11+000 хэсэг, Их уул сумын төв хүртлэх 11,380 км салаа замын далангийн газар шорооны болон хиймэл байгууламжийн ажлыг ”Роуд трейд” ХХК-тай хамтран хийхээр хамтран ажиллах гэрээ байгуулсан.

Гэрээний хугацаа 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр байсан боловч хугацаандаа хийж гүйцэтгэж дуусаагүй, сүүлдээ хаяад явсан байсан.

“ХЗ” ХХК, “РТ” ХХК” ХХК нь 7 км орчим ажлыг хийсэн, “РТ” ХХК” ХХК-ийн хийсэн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ нь 515 048 574 төгрөгийн ажлыг хийсэн бөгөөд “ХЗ” ХХК-иас түлш материал, бэлэн мөнгө хэлбэрээр 456 765 795 төгрөг болж байгаа, одоо 59 618 925 төгрөгийг өгөх үлдэгдэлтэй байгаа болно.

“ХЗ” ХХК нь “НТ” ХХК-тай ямар ч гэрээ хэлцэл байгуулаагүй. “НТ” ХХК, “РТ” ХХК” ХХК-ийн хооронд ямар гэрээ, хэлцэл аман тохиргоо хийснийг манай компани мэдэхгүй бөгөөд мэдэх шаардлага байхгүй. Учир нь “ХЗ” ХХК, “РТ” ХХК” ХХК-ийн хооронд хийгдсэн гэрээний хавсралтад заасан тоног төхөөрөмжүүдийг “РТ” ХХК” ХХК хариуцахаар гаргаж өгч байсан. Ц.Мнь “РТ” ХХК” ХХК-ийн захирал, Д.Лхагвасүрэн нь ерөнхий инженер гээд “ХЗ” ХХК-тай гэрээ хийсэн мөртлөө одоо нэг нэгнээсээ мөнгө нэхэмжилж байгаа юм байна.

“ХЗ” ХХК нь нэхэмжлэгч Д.Лхагвасүрэнд ямар нэгэн мөнгө төгрөг өгөх үүрэг хүлээгээгүй, “РТ” ХХК” ХХК-тай хамтан ажиллах гэрээ хийсэн гэрээний дагуу бид хийж гүйцэтгэсэн ажлыг нь хүлээн авч түүнд нь тохирсон хөлсийг нь өгсөн.

Энэ хоёр хүн хоорондоо яаж тооцоо хийхийг би мэдэхгүй тул энэ нэхэмжлэл “Хурны зам” ХХК-д ямар ч хамааралгүй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч ”РТ” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “РТ” ХХК” ХХК-ийн захирал миний бие 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр “НТ” ХХК-ий захирал Д.Лхагвасүрэнтэй уулзаад “Надад ажил олох боломж байна, хүн, хүч, техник хэрэгсэл байхгүй, би ажлыг нь олъё, чи хүн хүч техник хэрэгсэлээ ол” гэхэд Д.Лхагвасүрэн зөвшөөрсөн. Д.Лхагвасүрэн надыг бодвол техник хэрэгсэл машин техник ихтэй хүн байгаа юм.

Тэгээд би “ХЗ” ХХК-аас Архангай аймгийн Цахир сум - Завхан аймгийн Тосонцэнгэл чиглэлийн 127.1 км хатуу хучилттай авто замын Завхан аймгийн Их Уул сум - Тосонцэнгэлийн 41.3 км авто замын эхний 11 км замын дутуу хийгдсэн замын далангийн дүүргэлт, хөлдөлтөөс хамгаалах үеийн болон бусад газар шорооны 879 000 000 төгрөгийн, ус зайлуулах хиймэл байгууламжийн 58 000 000 төгрөгийн төсөвтэй ажлыг авч туслан гүйцэтгэгчээр хийх болсон.

Ажил нь 5 дугаар сард эхэлж, гүйцэтгэх хугацаа нь 60 хоног байх юм байна. Энэ ажлыг манай компанитай хамтарч хийх үү. Танай компанийг хамтарч ажиллахыг зөвшөөрвөл би энэ ажлыг найдвартай авч чадна. Олон компани тэднийд санал тавьж байгаа юм байна. Манайх техник, хүн хүч, санхүүгийн бололцоо дутагдалтай тул танай компанийн техник, тоног төхөөрөмж, инженер техникийн ажилтнуудын хүчээр энэ ажлыг хамтарч хиймээр байна, чи зөвшөөрөх юм бол энэ ажлыг авъя гэхэд Д.Лхагвасүрэн зөвшөөрсөн тул би түүнтэй хамтран ажиллахаар амаар тохироод “ХЗ” ХХК-тай гэрээг хийсэн.

Ажил гүйцэтгэх гэрээг ”Роуд трейд” ХХК-ийн нэр дээр хийж байгааг Д.Лхагвасүрэн мэдэж байсан, гэрээн дээр би түүний өмнөөс гарын үсэг зурсан.

Д.Лхагвасүрэн замын ажлын тоо хэмжээ, нэгж үнэ, ажлын зурагтай танилцмаар байна гэсэн тул маргааш нь би түүнд “ХЗ” ХХК-иас дээрх баримтыг авчирч хамтдаа хэд хоног судалж тооцоо хийсний үндсэн дээр “НТ” ХХК-ийн захирал Д.Лхагвасүрэн нь манай компанитай хамтран дээр дурдсан ажлыг гүйцэтгэхийг зөвшөөрсөн.

Д.Лхагвасүрэн бид хоёр удаан хугацаанд ярилцаж тохиролцсоны үндсэн дээр ”Роуд трейд” ХХК нь дээрх ажлыг “ХЗ” ХХК-иас авч, ажил гүйцэтгэх гэрээг өөрийн компанийн нэр дээр хийх, санхүүжилтийг захиалагчаас 2015 онд багтаан 100% бүрэн гүйцэд авах, “НТ” ХХК нь дээрхи ажлыг өөрийн техник, тоног төхөөрөмж, хүн хүчийг гарган хийж гүйцэтгэх, хоёр тал ажлыг эхлүүлэхэд болон ажлын явцад шаардлагатай хөрөнгө мөнгийг өөрсдийн боломжоороо гаргах, дутагдалтай техникийг гаднаас түрээсэлж авах, ажил гүйцэтгэх гэрээний ашиг, алдагдал, хариуцлагыг хоёр тал адил хүлээхээр тохирсон.

Ингээд бид Хурдны зам ХХК-тай байгуулах гэрээний төсөл, бараа материалын орцын тооцоо, үнийн судалгаа, гаднаас түрээслэх техникийн түрээсийн үнийн судалгаа, ажил гүйцэтгэх график төлөвлөгөө болон шаардлагатай бүх л тооцоог гэрээг байгуулагдах өдөр хүртэл буюу 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд “НТ” ХХК-ийн байранд захирал Д.Лхагвасүрэн болон тэдний инженерүүдийн хамт хийсэн.

Энэ хугацаанд 2015 оны 04 дүгээр сарын 16, мөн оны 05 дугаар сарын 23-ны өдөр Д.Лхагвасүрэнгийн санаачилгаар хамтдаа хоёр удаа Завхан аймгийн Их Уул суманд очиж замын ажлын ерөнхий байдал, ашиглагдаж байсан шороо олборлох нөөц газрын /карьер/ байрлал, түүний нөөц, түр зам болон бусад нөлөөлөх хүчин зүйлүүдийг үзэж танилцсан.

Манай компани хэлэлцсэн ёсоор “Хурдын зам” ХХК-тай 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр гэрээ байгуулан, ажлыг авч, тус компаниас гэрээний урьдчилгаа төлбөрт 30 000 000 төгрөгийг дансаар аваад, энэ урьдчилгаа мөнгөний 27 100 000 төгрөгөөр нь замын ажлыг эхлүүлэхэд шаардлагатай ажилчдын орон гэр, хоол хүнс, гал тогоо, барилгын материал, аж ахуйн бараа, ажлын багаж хэрэгсэл, сэлбэг, хөдөлмөр хамгаалал, тос тосолгооны материал, түлшний 25 тн, усны 10 тн багтаамжтай ёмкость зэргийг худалдан авч, үлдсэн 2 900 000 төгрөгийг нь тухайн орон нутагт зарцуулахаар Их Уул сумын Хаан банкинд байршуулсан. Дээр дурдсан худалдан авах ажлыг “РТ” ХХК” ХХК-иас инженер н.Сүхбаатар, даамал Ч.Энхбат, “НТ” ХХК-иас хөдөлмөр хамгаалалын инженер н.Баярбаясгалан нар томилогдон гүйцэтгэсэн.

Үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлсэн тухайд гэвэл “НТ” ХХК-ийн захирал Д.Лхагвасүрэн зам барилгын өдөр тутмын ажлыг бүрэн удирдахаар тохирч, удирдлагыг хэрэгжүүлж байгаад энэ үүргээ 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн орой Завхан аймгийн Их Уул суманд ажиллаж байсан инженер техникийн ажилтнуудын хурал дээр өөрийн компанийн инженер н.Мөнхчингист шилжүүлэн, “удирдлагыг хэрэгжүүлж байгаа н.Мөнхчингисийн гаргасан шийдвэр, үүрэг даалгварыг хэн ч өөрчилж болохгүй" гэдгийг хатуу анхааруулсан.

“ХЗ” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөрт авсан мөнгө нь барилгын ажлын хугацаанд хүрэлцэхгүй байсан учир би өөрийн компанийн нэр дээр хувь хүнээс 6 850 000 төгрөг зээлэн зам барилгын ажлын хугацаанд гарсан техникийн засвар, үйлчилгээ, сэлбэг, тос, тосолгооны материал, бензин, түр ажилчдын буцах унааны зардал, нүүлгэн шилжүүлэлтийн тээврийн хөлс гэх мэт зардалд зарцуулсан.

Мөн хотоос авч гарсан хоол хүнс дуусахад Завхан аймгийн Их Уул сумын дэлгүүрээс болон хувь хүнээс 4 946 880 төгрөгийн хүнсний зүйл,1 300 000 төгрөгөөр үхэр зэргийг зээлээр худалдан авч ажилчдыг хоол хүнсээр хангаж байсан. Зам барилгын ажлын явцад нийтдээ 63 хүн техник тоног төхөөрөмжийн жолооч нарыг оролцуулан янз бүрийн хугацаанд ажилласан.

Завхан аймгийн Их Уул сум-Тосонцэнгэл чиглэлийн 11 км замын ажлыг манай хоёр компани 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр бүрэн дуусгах байсан боловч бид 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гэхэд 7,5 км замын газар шорооны ажлыг хийж, үлдсэн ажлыг хийж чадаагүй, ”НТ” ХХК-ийн захирал Д.Лхагвасүрэн зам барилгын ажлын өдөр тутмын удирдлагыг өөрөө биечлэн хэрэгжүүлэхээр тохирсон боловч үүнийгээ зөрчиж, барилгын ажлыг хугацаанд хийж чадаагүй. Шалтгаан нь Д.Лхагвасүрэн ихэнхдээ Улаанбаатар хотод байсан бөгөөд өөрийнхөө ажлыг инженер н.Мөнхчингистээ хариуцуулсан.

Гэтэл н.Мөнхчингис нь өдөр тутмын ажлыг удирдан, зохион байгуулахдаа хариуцлагагүй хандсан. Мөн инженер Э.Шинэзориг нь дөнгөж сургууль төгссөн, туршлагагүйн дээр “НТ” ХХК-ийн техникүүд хуучирсан, хүчин чадал багатай, эвдрэл саатал байнга гардаг, сэлбэгээр дутмаг, зарим нэг механизмчин нь ажлаа хаяж олон хоногоор явсан нь гэрээт ажлыг дутуу гүйцэтгэхэд нөлөөлсөн.

Ажил удирдаж байсан инженер н.Мөнхчингисийг надтай зөвшилцөлгүй 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хот руу ажил гүйцэтгэж байсан техникийн /дээрээ крантай тэрэг/ хамт буцаасан ба захирал Д.Лхагвасүрэн нь энэ үеэс өөрийн компанийн ажилтан болон техникийг надтай зөвшилцөлгүйгээр нэг нэгээр нь буцаан татаж эхэлсэн зэрэгтэй холбоотойгоор бид гэрээт ажлыг бүрэн гүйцэд хийж чадаагүй.

“ХЗ” ХХК-тай гэрээ байгуулсан Завхан аймгийн Их Уул-Тосонцэнгэл чиглэлийн 43.1 км замын манай хоёр компаний хамтран хийсэн 11 км авто замын төсөвт өртөг нь 1 029 624 333 төгрөг, гэрээний хугацаа нь урьдчилгаа төлбөр хийгдсэн өдөр буюу 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн хуанлийн 60 хоног буюу 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал нийт 10 нэр төрлийн газар шорооны ажил хийхээс далангийн дүүргэлтийн ажил, ус зайлуулах хиймэл байгууламжийн хоёр төрлийн ажлыг хийсэн. Үүнээс 11 км замын далангийн дүүргэлтийн газар шорооны ажил хийхээс 7.5 км замын газар шорооны ажил буюу 515 048 574 төгрөгийн ажил гүйцэтгэсэн.

Нийт хийсэн ажлын өртөгөөс “ХЗ” ХХК-иас авсан урьдчилгаа төлбөр 30 000 000 төгрөг, барилгын материал болон түлшний зардал нийт 271 000 000 төгрөгийг хасахаар үлдэгдэл нь 214 048 574 төгрөг болж байгаа юм. Манай хоёр компаний техник түрээслэх болон бусад гэрээний үүргийн дагуу төлөх төлбөр нь үүнээс их тул бид алдагдалтай ямар ч ашиггүй ажилласан.

“ХЗ” ХХК- нь бидний хийсэн ажлыг хүлээн авсан боловч үлдэгдэл 59 618 925 төгрөгийг өгөөгүй байгаа.

Бид нэг ч төгрөгийн ашиггүй ажилласан тул ”Ногоон торгот” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 476 дүгээр зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.8-д заасныг баримтлан хариуцагч “РТ” ХХК” ХХК-иас 156 622 682 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “НТ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 197 973 508 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэпгийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 235 752 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “РТ” ХХК” ХХК-иас 941 061 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “НТ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8, 478.11, 478.12 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн хамтын үйл ажиллагааны улмаас би болсон алдагдлыг гэрээний талууд тэнцүү хэмжээгээр хариуцуулах байдлаар шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь, "Ногоон торгот" ХХК болон "Роуд трейд" ХХК-ийн хамтран хийж гүйцэтгэсэн 516 584 721 төгрөгийн ажил нь зардал биш, "энэхүү ажлыг гүйцэтгэгч нар өөрийн зардлаар гүйцэтгэж, дараа нь захиалагчаас төлбөрөө авах" нөхцөлтэй, гүйцэтгэгч нарын хувьд авлага, "Хурдны зам" ХХК-ийн хувьд өглөг юм.

Тиймээс 516 381 721 төгрөгийн ажил нь зардал биш "Ногоон торгот" ХХК болон "Роуд трейд" ХХК-ийн хувьд орлого гэж үзэхээр байна.

Харин "Ногоон торгот" ХХК-иас гаргасан зардал нь 354 596 190 төгрөг, "Роуд трейд" ХХК-иас гаргасан зардал нь 308 206 626 төгрөг, нийт зардал нь 662 802 816 төгрөг болох бөгөөд уг зардлыг хувь тэнцүүлбэл "Ногоон торгот" ХХК нь нийт гаргасан зардлын 54 хувь, "Роуд трейд" ХХК нь 46 хувийг тус тус эзэлж байна.

Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8, 478.12 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэсэн ажлын үнийн дүн буюу "Хурдны зам" ХХК-иаас өгсөн 516 384 721 төгрөгийг талууд нь хувь тэнцүүлэн хувааж авах ёстой. Тодруулбал, "Ногоон торгот" ХХК нь гаргасан зардлынхаа хэмжээгээр 54 хувьд ногдох 278 847 749 төгрөгийг авах эрхтэй юм.

Тиймээс талуудын гаргасан зардлыг орлогод хувь тэнцүүлж хуваан авах ёстой байтал шүүх зардлыг алдагдал гэж үзэж, тэнцүү хуваан шийдвэрлэсэн нь буруу байна.

Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11-т заасан "алдагдлыг талууд хамтран хариуцах тухай" зохицуулалт энэ маргаанд хэрэглэгдэхгүй, түүнчлэн "хамтран хариуцна" гэж заасан болохоос "тэнцүү хуваана" гэж заагаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, түүнчлэн шүүх маргааныг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмын шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа эд хөрөнгө түрээслэх гэрээний дагуу "Роуд трейд" ХХК-иас 354 596 190 төгрөгийн шаардсан. Түүнчлэн нэхэмжлэгч нь шаардлагаа Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1., 323 дугаар зүйлийн 323.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус заасныг удирдлага болгон үндэслэлээ болгосон.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн, нэмэгдүүлсэн зүйл байхгүй болно. Харин шүүх маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.8-д заасныг баримтлан хариуцагчаас үндэслэлгүйгээр 156 622 682 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

Нэхэмжлэгч "Ногоон торгот" ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй,

ойлгомжгүй, тодорхой бус байхад шүүх хуулийг буруу тайлбарлан, нэхэмжлэлээс хальж,

өөрийн санаачилгаар хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд эд хөрөнгө түрээслэх ямар нэгэн харилцаа үүсээгүй, энэ үндэслэлээр нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардлага гаргах ямар ч эрх зүйн үндэслэлгүй болно.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа "Роуд трейд" ХХК-ийн захирал Ц.Мөнхбаяртай 2015 оны 4 дүгээр сард уулзан "Завхан аймгийн Их уул сум-Тосонцэнгэл чиглэлийн автозамын КМО+000+КМ11+000 хэсэг, Их уул сумын төв хүртэлх 0.38 км салаа замын далангийн газар шорооны болон хиймэл байгууламжийн ажил"-ыг хамтран гүйцэтгэх саналыг тавьсан, "Роуд трейд" ХХК-ийн захирал Ц.Мнь “өөрийн компанид техник, ажиллах хүч, санхүүгийн боломж байхгүй" гэж дурдсан байдаг. Тус нэхэмжлэлийн үндэслэлээс үзэхэд хариуцагч "Роуд трейд" ХХК нь гагцхүү дээр дурдсан ажлыг гүйцэтгэх саналыг тавьж хүлээн авсан тохиолдол хамтран ажиллах үйл ажиллагааны хувьд ажил олж, нөгөө талаас "Ногоон торгот" ХХК нь тус ажлыг өөрийн техник, ажиллах хүчээр гүйцэтгэхээр тохирсон байгаа нь нотлогдож байна.

Хариуцагч "Роуд трейд" ХХК нь тус үйл ажиллагаанд дээрх ажлын захиалагч талтай харилцах ажлыг гүйцэтгэж байсан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа "Роуд трейд" ХХК-д 2 сарын хугацаанд машин механизмаа түрээслүүлсэн гэж тайлбарладаг. Зохигчийн хооронд ямар нэгэн түрээсийн харилцаа огт байхгүйг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч "Ногоон торгот" ХХК нь 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гэхэд 7.5 км замын газар шорооны ажил хийж гүйцтгэсэн боловч үлдсэн ажлыг хийж чадалгүй гэрээний үүргээ зөрчсөн. Нэхэмжлэгч нь тус ажлыг биечлэн гүйцэтгэж, хэрэгжүүлэхээр тохирсон боловч гүйцэтгээгүй. 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс "Ногоон торгот" ХХК нь өөрийн техник хэрэгслийг татаж, ажлыг зогсоон хаяж явсан.

Ийнхүү тохиролцсондоо хүрэлгүй ажлыг орхиж явсан атлаа үндэслэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг эс зөвшөөрч байна.

Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1-д талуудын хураамжийг хуульчлан өгсөн байдаг. Мөн хуулийн 477 дугаар зүйлийн 477.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч "Роуд трейд" ХХК нь ажил үйлчилгээ олох, захиалагчтай харилцах үүргийн дагуу хураамжийг оруулсан. Харин нэхэмжлэгч нь өөрийн техник, ажиллах хүчээр хувь оруулж ажилласан.

Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1 дэх хэсэгт үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх бөгөөд аливаа хэлцэл хийхдээ харилцан зөвшөөрөл авна гэж заасан. Энэ үүргээ мөн адил нэхэмжлэгч биелүүлээгүй зөрчсөн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн төлөөлөгч нь түрээсийн гэрээ байгуулан ажиллаж байсан гэж шүүхэд тайлбарласан нь шүүх хуралдааны тэмдэглэл болон нэхэмжлэлийн шаардлагаас тодорхой харагдаж байгаа.

Харин шүүх дээрх нөхцөл байдалд дүгнэлт өгөлгүйгээр нэхэмжлэгч түрээсийн гэрээний дагуу шаардлагаа гаргаж байхад хамтран ажиллах гэрээний үүрэг гэж дүгнэн "Роуд трейд" ХХК-иас мөнгө гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Хариуцагч талаас мөн адил шүүх хуралдаан дээр удаа дараа нэхэмжлэлийн шаардлага түрээсийн гэрээний дагуу байна гэдгийг тайлбарлан хэлж байсан.

Анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагч "Роуд трейд" ХХК-иас 156 622 682 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн үйлдлийг эс зөвшөөрч байгаа ба шүүх маргааныг шийдвэрлэхдээ тухайн маргаанд хэрэглэх ёстой байсан хуулийг хэрэглээгүй, нэхэмжлэлийн шаардлагаас хальж маргааныг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч “НТ” ХХК нь хариуцагч “РТ” ХХК” ХХК болон “ХЗ” ХХК-д холбогдуулан 354 596 190 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

            Хариуцагч “РТ” ХХК” ХХК нь хариуцагч “ХЗ” ХХК-тай 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр “Завхан аймгийн Их-Уул сум Тосонцэнгэл чиглэлийн автозамын КМ0+000-КМ11+000 хэсгийн газар шорооны болон хиймэл байгууламжийн ажил гүйцэтгэх тухай захиалагч, гүйцэтгэгчийн хооронд гэрээ байгуулж, гүйцэтгэгч “РТ” ХХК” ХХК нь 0.38 км салаа замын далангийн газар шорооны болон хиймэл байгууламжийн ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч “ХЗ” ХХК нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргийг хүлээсэн байна.

 

            Дээрх гэрээний талууд болох захиалагч “ХЗ” ХХК, ажил гүйцэтгэгч “РТ” ХХК” ХХК нь гэрээг дүгнэж, ажил гүйцэтгэгч нь 1 029 624 333 төгрөгийн төсөвтэй ажлаас 11 км авто замд 10 нэр төрлийн газар, шорооны ажил хийхээс далангийн дүүргэлтийн ажил, ус зайлуулах хиймэл байгууламжийн 2 төрлийн ажлыг 11 км замын далангийн дүүргэлтийн газар шорооны ажил хийхээс 7 км замын газар шорооны ажлыг хийсэн, уг ажлыг захиалагч хүлээн авсан, ажлын гүйцэтгэл 516 384 721 төгрөгийг ажил гүйцэтгэгч “РТ” ХХК” ХХК-д төлсөн, үлдэх төлбөр 59 618 925 төгрөг төлөгдөөгүй талаарх үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн зөв тогтоожээ.

 

            Энэ гэрээний ажлыг гүйцэтгэхэд “РТ” ХХК” ХХК болон “НТ” ХХК нь хамтран оролцсон, тэдний хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Учир нь уг автозамын барилгын ажлыг гүйцэтгэхэд “НТ” ХХК нь өөрийн болон бусдын техник, тоног төхөөрөмжийг ашиглаж, ажилчидаа ажиллуулсан бол “РТ” ХХК” ХХК нь “ХЗ” ХХК-тай гэрээг өөрийн нэрээр байгуулж, санхүүжилтийн зарим хэсгийг авч, ажилд тодорхой хэмжээний бэлэн мөнгө оруулж өөрсдийн ажилтныг ажиллуулсан зэрэг үйл баримтыг ажлыг биечлэн гүйцэтгэж байсан гэх гэрч Т.Ганбат, Ч.Энхбат, Б.Энхтуяа, А.Гансүх нарын мэдүүлэг /2хх 172-188 дахь тал/-ээр нотлогдож байна.

 

            “ХЗ” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний дагуу 30 000 000 төгрөгийг бэлнээр, 271 000 000 төгрөгийн түлш, шатахуун, барилгын материал, 189 326 000 төгрөгийн дизель түлш, 4 053 650 төгрөгийн арматур, 2 410 500 төгрөгийн хайрга, 885 000 төгрөгийн цемент, 22 330 000 төгрөгийн төмөр, бэлэн хоолой зэрэг материалыг авч уг автозамын барилгын ажилд зарцуулсан үйл баримтыг “РТ” ХХК” ХХК, “НТ” ХХК маргаагүй гэж анхан шатны шүүх үйл баримтыг зөв тогтоожээ.

 

            Анхан шатны шүүх “НТ” ХХК болон “РТ” ХХК” ХХК нь хамтын үйл ажиллагааны улмаас би болсон алдагдлыг хамтран хариуцах, хариуцлагын хэмжээг оруулсан хөрөнгийн хэмжээнд хувь тэнцүүлэн хувиарилна гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8, 487.11, 478.12 дахь хэсэгт заасантай нийцэх боловч алдагдлыг тооцохдоо алдаа гаргасныг зөвтгөх боломжтой байна.

 

            “НТ” ХХК-иас бэлнээр 70 824 791 төгрөг зарцуулагдсан, бусдын техник тоног төхөөрөмж түрээсэлсэн төлбөрт 138 824 791 төгрөг төлсөн талаарх анхан шатны шүүхийн тооцоолол нотлох баримтад үндэслэгдсэн зөв гэж дүгнэнэ.

 

            Харин “НТ” ХХК нь өөрийн тоног төхөөрөмжийн зардлыг түрээслэх байсан бол гэдэг үндэслэлээр 104 333 334 төгрөгөөр тодорхойлсон хэмжээнд анхан шатны шүүх дүгнэж тооцсон нь буруу болжээ.

 

            Нэхэмжлэгч “НТ” ХХК нь 104 333 334 төгрөгийн зардал гаргасан гэх тайлбарыг нотолсон баримт /1хх 94-100 дахь тал/-д нэрлэн заасан машин механизм, тоног төхөөрөмжийн тоо хэмжээний талаар хариуцагч маргаагүй боловч ашигласан хугацааны талаар маргасан тул гэрчийн мэдүүлэг зэрэг бусад нотлох баримттай харьцуулан дүгнэвэл 104 333 334 төгрөгийн хэмжээний алдагдал гарсан гэж дүгнэхэд учир дутагдалтай болжээ.

 

            “НТ” ХХК нь өөрийн машин механизм, тоног төхөөрөмжийг ажиллуулсан хугацааг тодорхойлсон байдал, гэрчийн мэдүүлгээс илт зөрүүтэй, алдагдлаа түрээсийн гэрээний үнээр тодорхойлсон байдлыг харьцуулан дүгнэвэл 104 333 333 төгрөгийн 50 хувиар алдагдлыг тооцож 52 166 666 төгрөгөөр тодорхойлох нь үүргийг зохих ёсоор гүйцэтгэх зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

 

            Иймд “НТ” ХХК-иас гаргасан зардал /алдагдал/-ыг 261 078 699 /70 824 791+138 824 791+52 166 666/ төгрөгөөр тодорхойлж, алдагдлыг гэрээний талууд тэнцүү хэмжээгээр хариуцах зарчмыг баримталбал 130 539 350 /261 078 699:2/ төгрөгөөр хариуцагч “РТ” ХХК” ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч “НТ” ХХК-д олгох нь зүйтгэж байх тул нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

            Анхан шатны шүүх “ХЗ” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор дүгнэлт хийсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт орхигдуулсныг залруулах боломжтой.

 

            Дээрх үндэслэлээр хариуцагч тал өөрийн гаргасан зардлыг нотлоогүй тохиолдолд хариуцагчийн зардлыг тооцож алдагдлыг оруулсан хэмжээгээр тодорхойлж, ажлын гүйцэтгэлийг дүгнэсэн актад тодорхойлогдсон үнийн дүн 516 384 721 төгрөгийн 54 хувийг авах байсан гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгчийн тайлбараар алдагдлыг тодорхойлбол нийт алдагдал 662 802 816 төгрөг дээр зарцуулагдсан бараа материалын үнэ болох 520 005 950 /30 000 000+271 000 000+189 326 000+4 053 650+2 410 500+885 800+22 330 000/ төгрөгийг нэмбэл нийт зардал 1 182 808 765 төгрөгөөр тодорхойлж алдагдлыг адил тэнцүү хаваарилбал 591 404 385 төгрөг болохоор тооцвол нэхэмжлэл хангагдах үндэслэлгүй байна.

 

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/01813 дугаар шийдвэрийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.8 дахь хэсэгт зааснаар хариуцагч “РТ” ХХК” ХХК-иас 130 539 350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “НТ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 224 056 840 төгрөг гаргуулах хэсгийг болон хариуцагч “ХЗ” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын “941 061” гэснийг “810 646” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “НТ” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 148 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагч “РТ” ХХК” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 942 000 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                        ШҮҮГЧИД                                              Д.БАЙГАЛМАА

 

                                                                                       Э.ЗОЛЗАЯА