Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 181/ШШ2020/02061

 

 

 

 

 

 

2020оны 08сарын11дөр

 

181/ШШ2020/02061

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  МТ ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ХА ХХК /РД:/-д холбогдох

 

111,288,641 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.*******, хариуцагчийн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь А.В ХХК-тай 2019 оны 06 сарын 28-ны өдөр 60/19 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан болно. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т заасны дагуу худалдан авагч нь худалдан авсан барааны төлбөрийг дараа сарын 10-ны дотор МТ ХХК-ийн Хаан банкин дахь 555 тоот дансанд болон Худалдаа хөгжлийн банкин дахь 4 тоот төгрөгийн дансанд шилжүүлэх буюу бэлнээр төлөх үүрэгтэй байсан боловч өнөөдрийг хүртэл 67,041,350 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Бид хариуцагч компаниас удаа дараа төлбөр төлөхийг шаардсан боловч одоо хүртэл гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т төлбөрийг заасан хугацаанаас хэтрүүлсэн тохиолдолд худалдан авагч нь сарын 2 хувийн хүү тооцон худалдагч талд төлөх үүрэгтэй, мөн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-т төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцсон алдангийг худалдагчид төлнө гэж тус тус зааснаар гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 67,041,350 төгрөг, төлөлгүй хугацаа хэтрүүлсэн хүү 10,726,616 төгрөг, алданги 33,520,675 төгрөг, нийт 111,288,641 төгрөг болж байна. Иймд А.В ХХК-аас 111,288,641 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэв.

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.В ХХК-д холбогдуулан гаргасан МТ ХХК-ийн 111,288,641 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй танилцаад хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: Талуудын хооронд 2019 оны 06 сарын 28-ны өдрийн 60/19 дугаар Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан ба тус гэрээний 2.1-д гэрээний хугацааг 2019 оны 06 сарын 28-ны өдрөөс 2020 оны 06 сарын 28-ны өдөр хүртэл байгуулсан байх ба Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 -д үүргийг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ, мөн хуулийн 208.4-т үүрэг гүйцэтгэх хугацааг гэрээгээр тогтоосон бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаанаас өмнө үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй хэмээн заасан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдаж байгаа шиг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй хугацаа хэтэрсэн зүйл огт байхгүй байна. Нэхэмжлэлд дурдсан 67,041,350 төгрөгийн төлбөр нь 2017 оны 11 сарын 15-ны өдрийн гэрээний дагуу төлөх төлбөр бөгөөд 2017 оны гэрээний төлбөрийг 2019 оны гэрээгээр шаардаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч МТ ХХК нь хариуцагч А.В ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд буюу газрын тосны бүтээгдэхүүний төлбөрт 67,041,350 төгрөг, хүүгийн төлбөрт 10,726,616 төгрөг, алдангид 33,520,675 төгрөг, нийт 111,288,641 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

2017 оны 11 сарын 15-ны өдөр МТ ХХК болон А.В ХХК нарын хооронд 56/17 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээ нэртэй гэрээ /хх-37-39 тал/, 2019 оны 06 сарын 28-ны өдөр МТ ХХК болон А.В ХХК нарын хооронд 60/19 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээ нэртэй гэрээ /хх-9-12 тал/ тус тус байгуулагдсан байна.

2017 оны 11 сарын 15-ны өдрийн гэрээгээр МТ ХХК нь 2017 оны 11 сарын 15-ны өдрөөс 2018 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд А.В ХХК-д газрын тосны бүтээгдэхүүнийг нийлүүлэх, А.В ХХК нь МТ ХХК-д бүтээгдэхүүний төлбөрийг сар бүрийн 10-ны өдөр тооцоо нийлж акт үйлдсэнээс хойш 5 хоногийн дотор төлж барагдуулахаар, 2019 оны 06 сарын 28-ны өдрийн гэрээгээр МТ ХХК нь 2019 оны 06 сарын 28-ны өдрөөс 2020 оны 06 сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд А.В ХХК-д газрын тосны бүтээгдэхүүнийг нийлүүлэх, А.В ХХК нь МТ ХХК-д бүтээгдэхүүний төлбөрийг дараа сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тус тус харилцан тохиролцсон байх ба дээрх гэрээнээс үүдэлтэй талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дахь заалтад заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дахь заалтад зааснаар  худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Шатахуун тослох материалын зарлагын падаан нэртэй баримтууд /хх-52-60, 63-69, 74-80, 83-109 тал/, Аргу венчурс ХХК-ийн Түлш олгох зөвшөөрөл нэртэй баримтууд /хх-127, 129, 131, 134 тал/-аар МТ ХХК нь А.В ХХК-д 2017 оны 11 сарын 24-ний өдрөөс 2019 оны 07 сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд дизелийн түлш нийлүүлж, хүлээлгэн өгч байсан болох нь тогтоогдож байна.

А.В ХХК нь 2019 оны 06 сарын 27-ны өдөр 19/06-15 дугаартай албан бичиг /хх-40 тал/-ээр МТ ХХК-д тухайн өдрийн байдлаар 67,041,350 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа талаараа дурдаж, энэ төлбөрийн үлдэгдлийн хүү болох 27,799,845 төгрөгийг 2019 оны 08 сарын гүйцэтгэлээс хааж, үндсэн өр төлбөрийг сар бүрийн хэрэглээн дээр нэмж 3 хуваан төлөх хүсэлтэй байгаа талаараа дурдаж, ажлаа цаашид хэвийн үргэлжлүүлэх боломжоор хангаж, түлш өгөхийг хүссэн байх ба уг хүсэлтийг ирүүлснээс хойш 2019 оны 06 сарын 28-ны өдөр А.В ХХК болон МТ-Хан-Уул ХХК нарын хооронд 60/19 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээ нэртэй гэрээ байгуулагдсан байх тул А.В ХХК-ийг 2017 оны 11 сарын 15-ны өдрийн гэрээний дагуу төлөх төлбөрөөс 67,041,350 төгрөгийг төлөөгүй байхдаа МТ ХХК-тай 2019 оны 06 сарын 28-ны өдрийн 60/19 дугаартай гэрээг байгуулан түлш авч эхэлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

2019 оны 06 сарын 28-ны өдрөөс хойш 2019 оны 07 сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд А.В ХХК нь МТ ХХК-аас нийт 59,000 литр түлшийг худалдан авсан болох нь МТ ХХК-ийн борлуулалтын менежер болон нягтлан бодогч нарын гаргасан тооцоо /хх-81 тал/, уг тооцоололд хавсаргасан шатахуун тослон материалын зарлагын падаан /хх-83-102,109 тал/-уудаар тогтоогдсон.

А.В ХХК болон МТ ХХК нарын хооронд 2019 оны 09 сарын 31-ний өдөр шатахууны тооцоо нийлсэн акт /хх-39 тал/-ыг үйлдсэн байх ба уг актад 7 дугаар сард нийлүүлсэн шатахууны хэмжээг 59,000 литр гэж, нийт үнийг 128,030,000 төгрөг гэж, 08 сарын 15-ны өдөр 145,390,000 төгрөг төлөгдсөн гэж, эцсийн үлдэгдэл нь 67,041,350 төгрөг байгаа гэсэн тооцооллыг гаргаж, 2 тал гарын үсэг зуран баталгаажуулжээ.

Дээр дурдсан үйл баримтууд болон тооцоо нийлсэн актаас дүгнэхэд А.В ХХК нь 2019 оны 06 сарын 28-ны өдрийн гэрээг байгуулснаас хойш МТ ХХК-аас 59,000 литр түлш худалдан авсан, үүний нийт үнэ нь 128,030,000 төгрөг болсон, А.В ХХК нь 2019 оны 08 сарын 15-ны өдөр 145,390,000 төгрөгийг төлсөн, уг төлбөрийн тодорхой хэсгийг 2017 оны 11 сарын 15-ны өдрийн гэрээний төлбөрт тооцож, 2019 оны 06 сарын 28-ны өдрийн гэрээний дагуу А.В ХХК нь МТ ХХК-д 67,041,350 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гэсэн тооцоог талууд нийлсэн болох нь тогтоогдож байна.

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дахь заалтад Үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй. Үүрэг гүйцэтгэгч ийм сонголт хийгээгүй бол төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлнэ гэж заасан бөгөөд А.В ХХК нь МТ ХХК-тай 2019 оны 09 сарын 31-ний өдөр шатахууны тооцоо нийлсэн акт үйлдэхдээ 2019 оны 07 сард 128,030,000 төгрөгийн түлш авсан, төлбөрт 08 сарын 15-ны өдөр уг дүнгээс илүү буюу 145,390,000 төгрөг төлсөн гэсэн тооцоо хийсэн атлаа 67,041,350 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гэсэн тооцоог нийлсэн байгаа нь А.В ХХК нь 2019 оны 08 сарын 15-ны өдөр төлсөн төлбөрийн тодорхой хэсгийг 2017 оны 11 сарын 15-ны өдрийн төлбөрт төлөхөөр үүргийн гүйцэтгэлийг сонгож гүйцэтгэсэн, ийнхүү үүргийн гүйцэтгэлийг сонгож гүйцэтгэснээр А.В ХХК нь 2019 оны 06 сарын 28-ны өдрийн гэрээний дагуу төлөх төлбөрөөс 67,041,350 төгрөгийг төлөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан 67,041,350 төгрөгийн төлбөр нь 2017 оны 11 сарын 15-ны өдрийн гэрээний төлбөрийн үлдэгдэл тул нэхэмжлэгч 2019 оны гэрээгээр уг төлбөрийг шаардах эрхгүй гэх тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.

Хариуцагчийн төлөөлөгч нь 2019 оны 06 сарын 28-ны өдрийн гэрээний хугацаа 2020 оны 06 сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаагаар байгуулагдсан тул нэхэмжлэгч хугацаа нь болоогүй үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй гэж маргасан байх боловч талуудын хооронд байгуулагдсан 2019 оны гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалтад худалдан авагч нь худалдан авсан барааны төлбөрийг дараа сарын 10-ны дотор худалдагчид төлөхөөр заасан, ийнхүү зааснаар Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дахь заалтад Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасны дагуу тухайн сард худалдан авсан барааны төлбөрийг дараа сарын 10-ны өдрийн дотор төлөх үүрэг хүлээх тул хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гэрээний хугацаа дуусаагүй тул нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

А.В ХХК нь МТ Хан-Ууул ХХК-аас 2019 оны 07 сард нийт 59,000 литр түлш худалдан авсан, уг түлшний төлбөрөөс 67,041,350 төгрөгийг төлөөгүй болох нь хэргийн баримтаар тогтоогдсон тул хариуцагч А.В ХХК-аас үндсэн төлбөрийн үлдэгдэл 67,041,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч МТ ХХК-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас хүүгийн төлбөрт 10,726,616 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд уг төлбөрийг нэхэмжлэх болсон үндэслэлийг талуудын хооронд 2019 онд байгуулагдсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалттай холбон тайлбарласан.

Талуудын хооронд 2019 онд байгуулагдсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтад Худалдан авагч нь гэрээний дагуу авсан барааны төлбөрийг 3.2-т заасан хугацаанаас хэтрүүлсэн тохиолдолд сарын 2 хувийн хүүг тооцон худалдагч талд төлөх бөгөөд төлбөр төлөх сүүлийн хугацаа нь дараа сарын 10-ны өдөр байна гэж заасан байна.

Дээрх заалтаар талууд гэрээгээр төлбөл зохих хүүгийн хэмжээг харилцан тохиролцож тогтоосон мэт харагдах боловч уг заалт нь төлбөл зохих хүүгийн хэмжээг талууд харилцан тохиролцож тогтоосон биш харин үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын шинжтэй зохицуулалт болсон байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дахь заалтад Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ гэж заасан бөгөөд мөн зүйлийн 232.4 дахь заалтад Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна гэж заасан тул талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтаар худалдан авагч тал төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд худалдагч талд сарын 2 хувийн хүү төлөхөөр тохиролцсон тохиролцоог Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан анзын зохицуулалтад нийцээгүй гэж үзэх ба гэрээний 3.3 дахь заалт нь нэхэмжлэгчид хүү шаардах эрх олгохгүй тул нэхэмжлэгчийн гаргасан хариуцагчаас хүүгийн төлбөрт 10,726,616 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Дээр дурдсан шалтгаанаар талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтад заасан хүүгийн тохиролцоог хуульд нийцсэн тохиролцоо биш гэж үзсэн тул талуудын хооронд үүссэн харилцааг зээлээр худалдах худалдан авах гэрээний бус худалдах худалдан авах гэрээний харилцаа гэж шүүх үзсэн болохыг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 33,520,675 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дахь заалтад Худалдан авагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр энэ зүйлийн 3.2-т заасан хугацаанд төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцсон алдангийг худалдагчид төлнө гэж заасан, ийнхүү заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь заалтад заасан азын гэрээг бичгээр байгуулсан байх зохицуулалтад нийцсэн, тохиролцсон алдангийн хувь хэмжээ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтад заасан хувь хэмжээнээс хэтрээгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний дээрх заалтыг үндэслэн алданги нэхэмжлэх эрхтэй байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалтад зааснаар А.В ХХК нь 2019 оны 07 сард худалдан авсан түлшний үнэ болох 128,030,000 төгрөгийн төлбөрийг 2019 оны 08 сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулах үүргийг гэрээгээр хүлээсэн бөгөөд 2019 оны 08 сарын 15-ны өдөр зарим төлбөрийг барагдуулах хүртэлх 5 хоногийн хугацаанд ногдох алдангийг 128,030,000 төгрөгийн 0.5 хувиар тооцоход хоногт 640,150 төгрөгийн алданги, нийт 5 хоногт 3,200,750 төгрөгийн алданги, 2019 оны 08 сарын 15-ны өдөр төлбөр хийснээс хойш үлдсэн төлбөрийн үлдэгдэл болох 67,041,350 төгрөгөөс 0.5 хувиар тооцоход хоногт 335,206.75 төгрөг, 2019 оны 08 сарын 15-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020 оны 04 сарын 17-ны өдрийг хүртэлх нийт 246 хоногт 82,460,860.5 төгрөг, дээрх 2 дүнг нэгтгэн тооцоход нийт алдангийн хэмжээ 85,661,610.5 төгрөг болж байх боловч нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дахь заалтад анзын нийт үнийн дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасанд нийцүүлэн үндсэн төлбөрийн үлдэгдэл болох 67,041,350 төгрөгийн 50 хувиар тооцон алдангид 33,520,675 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн нь хуульд нийцсэн байх тул хариуцагчаас алдангид 33,520,675 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч А.В ХХК-аас 100,562,025 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч МТ ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 10,726,616 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.         Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг баримтлан хариуцагч А.В ХХК-аас 100,562,025 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч МТ ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 10,726,616 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.         Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч МТ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 04 сарын 15-ны өдөр урьдчилан төлсөн 714,394 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.В ХХК-аас 660,760 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч МТ ХХК-д олгосугай.

 

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР