Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 02044

 

 

 

 

 

 

 

 

 

“МХУ” ХХК-ийн нэхэмжлэлтэй                                                                                  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заадах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2020/02061 дугаартай шийдвэртэй нэхэмжлэгч “МХУ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “А” ХХК-д холбогдох

газрын тосны бүтээгдэхүүний үнэ, хүү, алданги нийт 111 288 641 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжавхлан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь “А” ХХК-тай 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 60/19 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан болно. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т заасны дагуу худалдан авагч нь худалдан авсан барааны төлбөрийг дараа сарын 10-ны дотор “МХУ” ХХК-ийн Хаан банкин дахь 5028020441 тоот дансанд болон Худалдаа хөгжлийн банкин дахь 499052074 тоот төгрөгийн дансанд шилжүүлэх буюу бэлнээр төлөх үүрэгтэй байсан боловч өнөөдрийг хүртэл 67 041 350 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Бид хариуцагч компаниас удаа дараа төлбөр төлөхийг шаардсан боловч одоо хүртэл гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т төлбөрийг заасан хугацаанаас хэтрүүлсэн тохиолдолд худалдан авагч нь сарын 2 хувийн хүү тооцон худалдагч талд төлөх үүрэгтэй, мөн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-т төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцсон алдангийг худалдагчид төлнө гэж тус тус зааснаар гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 67 041 350 төгрөг, төлөлгүй хугацаа хэтрүүлсэн хүү 10 726 616 төгрөг, алданги 33 520 675 төгрөг, нийт 111 288 641 төгрөг болж байна. Иймд “А” ХХК-аас 111 288 641 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А” ХХК-д холбогдуулан гаргасан “МХУ” ХХК-ийн 111 288 641 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй танилцаад хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: Талуудын хооронд 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 60/19 дугаар Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан ба тус гэрээний 2.1-д гэрээний хугацааг 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүртэл байгуулсан байх ба Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт үүргийг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ, мөн хуулийн 208.4 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэх хугацааг гэрээгээр тогтоосон бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаанаас өмнө үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй хэмээн заасан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдаж байгаа шиг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй хугацаа хэтэрсэн зүйл огт байхгүй байна. Нэхэмжлэлд дурдсан 67 041 350 төгрөгийн төлбөр нь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээний дагуу төлөх төлбөр бөгөөд 2017 оны гэрээний төлбөрийг 2019 оны гэрээгээр шаардаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг баримтлан хариуцагч “А” ХХК-аас 100 562 025 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “МХУ” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 10 726 616 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч “МХУ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр урьдчилан төлсөн 714 394 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “А” ХХК-аас 660 760 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “МХУ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 60/19 дугаар гэрээг худалдах худалдан авах гэрээ хэмээн дүгнэж байгаа бол тус гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д “...давагдашгүй хүчний дараах нөхцөл байдал бий болсон бол хариуцлагаас хэсэгчлэн буюу бүрэн чөлөөлөгдөн” хэмээн заасан. Тэгэхээр дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахлын нөхцөл байдал мөн Монгол улс хил хаасантай холбоотойгоор тухайн гэрээнд заасны дагуу давагдашгүй нөхцөл байдал бий болсон байх тул эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж алдангиас чөлөөлөх үндэслэл бий болж байхад анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй болно гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч “МХУ” ХХК нь хариуцагч “А” ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд буюу газрын тосны бүтээгдэхүүний төлбөрт 67 041 350 төгрөг, хүүгийн төлбөрт 10 726 616 төгрөг, алданги 33 520 675 төгрөг, нийт 111 288 641 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчдын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 56/17 дугаартай болон 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 60/19 дугаартай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээнүүд байгуулж, уг гэрээнүүдээр худалдагч “МХУ” ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд газрын тосны бүтээгдэхүүнийг нийлүүлэх, худалдан авагч “А” ХХК худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрийг сар бүрийн 10-ны өдөр тооцоо нийлж акт үйлдсэнээс хойш 5 хоногийн дотор төлөхөөр тус тус тохиролцсон байна. / хх-ийн 9-12, 37-39 /

Хэрэгт 2019 оны 9 дүгээр сарын 31-ний өдөр гэрээний зүйлийг хүлээлцсэн шатахууны тооцоо нийлсэн акт үйлдсэн байх боловч “МХУ” ХХК нь “А” ХХК-д тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээний дагуу 128 030 000 төгрөгийн үнэ бүхий 59 000 литр түлшийг 2019 оны 7 дугаар сард нийлүүлж, төлбөрт 8 дугаар сарын 15-ны өдөр уг дүнгээс илүү буюу 145 390 000 төгрөг төлсөн атлаа 67 041 350 төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн тооцоог 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд дизелийн түлш нийлүүлж, хүлээлгэн өгч, тооцоо нийлсэн болох нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, зохигчдын тайлбараар  тогтоогджээ. / хх-ийн 39, 52-60, 63-69, 74-80, 81, 83-109, 127, 129, 131, 134  /

 

Нэхэмжлэгч нь гэрээний зүйлийг хариуцагчид шилжүүлэн өгсөн, гэрээний 3.2-т төлбөр төлөх хугацааг тохиролцсон боловч хариуцагч үүргээ биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь газрын тосны бүтээгдэхүүний үнийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Мөн шүүх нэхэмжлэгчийн  2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 19/06-15 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлтийг үндэслэн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 60/19 дугаартай гэрээ байгуулагдсан, уг албан бичигт болон талуудын тооцоо нийлсэн актад тусгагдсанаар “А” ХХК  2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээний дагуу төлөх төлбөрөөс 67 041 350 төгрөгийг төлөөгүй үлдэгдэлтэй байсан үйл баримтыг зөв тогтоосноос гадна Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх заалтыг тухайн тохиолдолд зөв тайлбарлан хэрэглэсэн байна. /хх-ийн 39, 40/

 

Нэхэмжлэгч нь гэрээний 3.3 дахь заалтыг үндэслэн хүүгийн төлбөрт 10 726 616 төгрөг нэхэмжилсэн боловч уг заалт нь үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын шинжийг агуулсан, хүү төлөхөөр тохиролцсон гэж үзэхээргүй байх тул хариуцагчаас хүүгийн төлбөрт 10 726 616 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна. Энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй болно.

Харин шүүх гэрээний 3.4-т заасан алдангийн тохиролцоо, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.4 232.6 дахь заалтыг үндэслэн алдангийн хэмжээг 33 520 675 төгрөгөөр тодорхойлсон нь зөв байх боловч мөн хуулийн 232.8 дахь заалтыг хэрэглээгүй нь учир дутагдалтай болжээ. Учир нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Монгол Улсад шинэ төрлийн корона вирус маш хурдацтай тархаж байгаа явдалд онцгой анхаарал хандуулах зөвлөмж өгсөнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаас 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс Монгол улсад хөл хорио тогтоосон нөхцөл байдлыг харгалзан үзэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг үндэслэн хариуцагчаас алдангид 16 760 337 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас газрын тосны бүтээгдэхүүний төлбөрт 67 041 350 төгрөг, алдангид 16 760 337 төгрөг, нийт 83 801 687 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2020/02061 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “100 562 025” гэснийг “83 801 687” гэж, “10 726 616” гэснийг  “27 486 954” гэж, 2 дахь заалтын “660 760” гэснийг “576 958” гэж  тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээв.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 325 554 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

                          ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                  Н.БАТЗОРИГ