Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2022/01024

 

                                 “ **** ****- ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2020/02061 дүгээр шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2044 дүгээр магадлалтай, 

“ **** ****- ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“ ****” ХХК-д холбогдох 

Газрын тосны бүтээгдэхүүний үнэ, хүү, алданги нийт 111,288,641 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжавхлангийн гаргасан гомдлоор   

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. Нэхэмжлэгч “ **** ****- ****” ХХК нь “ ****” ХХК-д холбогдуулан газрын тосны бүтээгдэхүүний үнэ, хүү, алданги нийт 111,288,641 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. 

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2020/02061 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан “ ****” ХХК-аас 100,562,025 төгрөгийг гаргуулан “ **** ****- ****” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,726,616 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар “ **** ****- ****” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 714,394 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ ****” ХХК-аас 660,760 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ **** ****- ****” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2044 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2020/02061 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 100,562,025 гэснийг 83,801,687 гэж, 10,726,616 гэснийг 27,486,954 гэж, 2 дах заалтын 660,760 гэснийг 576,958 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 325,554 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна. 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжавхлан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Манай компани нь “ ****” ХХК-тай 2019.06.28-ны өдөр 60/19 тоот газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 67,041,350 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 10,726,616 төгрөг, алданги 33,520,675 төгрөг, нийт 111,288,641 төгрөгийг гаргуулахаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээс хүү болох 10,726,616 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үндсэн төлбөр 67,041,350 төгрөг, алданги 33,520,675 төгрөг, нийт 100,562,025 төгрөгийг хариуцагч “ ****” ХХК-аас гаргуулан манай компанид олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч “ ****” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Аптансүх нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д давагдашгүй хүчний дараах нөхцөл байдал бий болсон бол хариуцлагаас хэсэгчлэн буюу бүрэн чөлөөлөгдөнө хэмээн заасан. Тэгэхээр дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын нөхцөл байдал мөн Монгол Улсын хил хаасантай холбоотойгоор тухайн гэрээнд заасны дагуу давагдашгүй нөхцөл байдал бий болсон байх эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж алдангиас чөлөөлөх үндэслэл бий болж байхад анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй гэж Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Аптансүхийн гаргасан гомдлыг хянан үзээд талуудын хооронд байгуулсан алдангийн тохиролцоо, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.2, 232.4, 232.6-д заасныг үндэслэн алдангийн хэмжээг 33,520,675 төгрөгөөр тодорхойлсон нь зөв байх боловч мөн хуулийн 232.8-ыг хэрэглээгүй нь учир дутагдалтай. Учир нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Монгол Улсад шинэ төрлийн корона вирус маш хурдацтай тархаж байгаа явдалд онцгой анхаарал хандуулах зөвлөмж өгсөнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020.01.31-ний өдрийн хуралдаанаас 2020.02.01-ний өдрөөс Монгол Улсад хөл хорио тогтоосон нөхцөл байдлыг харгалзан үзэж Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.8-д заасныг үндэслэн алдангийн 50 хувь буюу 16,760,337 төгрөгийг хэрэгсэхгүй болгож алдангийн хэмжээг илт багасгаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь хариуцагч “ ****” ХХК нь давагдашгүй хүчин зүйл гэж хэлээд байгаа боловч шүүхэд ямар ч нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Хариуцагч нь үнэхээр гэрээнд заасны дагуу давагдашгүй хүчин зүйл гэж үзэж байгаа бол холбогдох баримтуудаа бүрдүүлээд Худалдаа аж үйлдвэрийн танхимаас гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг авч болох байсан. Аж ахуйн нэгж байгууллагын хүсэлтийг үндэслээд холбогдох нотлох баримтуудыг нь судлаад Худалдаа аж үйлдвэрийн танхим нь дээрх гэрчилгээг албан ёсоор олгосон. Гэтэл давж заалдах шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчиж, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хэрэгсэхгүй болгосон алданги 16,760,338 төгрөгийг хангуулан шийдвэрлэж, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулан, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ: 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжавхлангийн хяналтын журмаар гаргасан гомдлыгхангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

6. Анхан шатны шүүх “ ****” ХХК-аас 100,562,025 төгрөгийг гаргуулан “ **** ****- ****” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,726,616 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 100,562,025 гэснийг 83,801,687, 10,726,616 гэснийг 27,486,954 гэсэн өөрчлөлт оруулжээ. 

Анхан шатны шүүхээс “ **** ****- ****” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,726,616 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй, хяналтын журмаар гаргасан гомдолд энэ талаар дурдаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын дагуу гомдлын хэмжээнд хэргийн талаар дүгнэлт хийнэ. 

7. Давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтаас зөрүүтэй тогтоосны улмаас зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. 

8. Нэхэмжлэгч “ **** ****- ****” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2019.06.28-ны өдөр 60/19 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан болно. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т заасны дагуу худалдан авагч нь худалдан авсан барааны төлбөрийг дараа сарын 10-ны дотор ...төлөх үүрэгтэй байсан боловч өнөөдрийг хүртэл 67,041,350 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. ...гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т төлбөрийг заасан хугацаанаас хэтрүүлсэн тохиолдолд худалдан авагч нь сарын 2 хувийн хүү тооцон худалдагч талд төлөх үүрэгтэй, мөн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-т төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцсон алдангийг худалдагчид төлнө гэж тус тус зааснаар гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 67,041,350 төгрөг, төлөлгүй хугацаа хэтрүүлсэн хүү 10,726,616 төгрөг, алданги 33,520,675 төгрөг, нийт 111,288,641 төгрөгийг гаргуулах...” гэсэн агуулгаар тодорхойлжээ. 

Хариуцагч “ ****” ХХК “...гэрээний 2.1-д гэрээний хугацааг 2019.06.28-ны өдрөөс 2020.06.28-ны өдөр хүртэл байгуулсан байх ба Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д үүргийг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ, мөн хуулийн 208.4-т үүрэг гүйцэтгэх хугацааг гэрээгээр тогтоосон бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаанаас өмнө үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй хэмээн заасан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдаж байгаа шиг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй хугацаа хэтэрсэн зүйл огт байхгүй байна. ...67,041,350 төгрөгийн төлбөр 2017.11.15-ны өдрийн гэрээний дагуу төлөх төлбөр бөгөөд 2017 оны гэрээний төлбөрийг 2019 оны гэрээгээр шаардаж байгаа нь хуульд нийцэхгүй. ...нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж мэтгэлцсэн байна. 

Зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний үүргээ биелүүлж, алданги төлөх эсэх нь маргааны зүйл болжээ. 

9. Талуудын хооронд 2017.11.15-ны өдөр 56/17 дугаартай,  2019.06.28-ны өдөр 60/19 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээнүүд байгуулж, уг гэрээнүүдээр “ **** ****- ****” ХХК 2017.11.15-ны өдрөөс 2018.12.31-ний өдөр хүртэл, 2019.06.28-ны өдрөөс 2020.06.28-ны өдрийг хүртэл хугацаанд газрын тосны бүтээгдэхүүнийг нийлүүлэх, “ ****” ХХК бүтээгдэхүүний төлбөрийг сар бүрийн 10-ны өдөр тооцоо нийлж акт үйлдсэнээс хойш 5 хоногийн дотор төлөхөөр тус тус тохиролцсон байна. 

10. Шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ гэж зөв тодорхойлон талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээг хуулийн хүрээнд гэрээний чөлөөт байдлыг хангасан эсэх, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэлтэй дүгнэлт хийжээ. 

11. Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ”, мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ”, 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус хуульчилсан. 

12. Хоёр шатны шүүх зохигчийн хооронд байгуулсан Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээ, шатахуун тослох материалын зарлагын болон түлш олгох зөвшөөрөл нэртэй баримт, тооцоо нийлсэн актаас гадна “ ****” ХХК-ийн 2019.06.27-ны өдрийн 19/06-15 дугаартай “...өнөөдрийн байдлаар 67,041,350 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа билээ. ...хүү болох 27,799,845 төгрөгийг 2019 оны 08 дугаар сарын гүйцэтгэлээс хааж, үндсэн өр төлбөрийг сар бүрийн гүйцэтгэлийн хэрэглээн дээр нэмж 3 хуваан төлөх хүсэлтэй байгаа бөгөөд бидний ажил хэвийн үргэлжлэхэд түлш хэрэгцээтэй байгаа учир бидэнд түлш олгож гүн туслалцаа үзүүлнэ үү” гэсэн албан бичгийг үнэлж, “ **** ****- ****” ХХК газрын тосны бүтээгдэхүүний үнийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болсон байна. 

Учир нь талууд 2019.06.28-ны өдөр 60/19 дугаартай гэрээ байгуулахаас өмнөх буюу 2017.11.15-ны өдөр 56/17 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээний дагуу  **** ****- ****” ХХК-аас “ ****” ХХК-д 2019.06.28-ны өдрөөс 2019.07.28-ны өдрийг хүртэлх хугацаанд нийлүүлсэн түлшний төлбөрөөс хариуцагч 67,041,350 төгрөгийг төлөөгүй үлдэгдэлтэй байжээ. 

13. “ ****” ХХК, “ **** ****- ****” ХХК-иудын 2019.09.31-ний өдөр шатахууны тооцоо нийлсэн актад 7 дугаар сард нийлүүлсэн шатахууны хэмжээг 59,000 литр, үнэ 128,030,000 төгрөг гэж тодорхойлж, 2019.08.15-ны өдөр 145,390,000 төгрөг төлөгдсөн, үлдэгдэл 67,041,350 төгрөг гэсэн тооцооллыг хийж, талуудын эрх бүхий албан тушаалтнууд гарын үсэг зурсан байх бөгөөд хариуцагч байгууллага тамга дарж баталгаажуулсан байна. 

Дээр дурдсан тооцоо нийлсэн актаас дүгнэвэл “ ****” ХХК нь “ **** ****- ****” ХХК-аас нийлүүлсэн шатахууны төлбөрөөс 145,390,000 төгрөгийг төлсөн, уг төлбөрийн тодорхой хэсгийг 2017.11.15-ны өдрийн гэрээний төлбөрт төлөхөөр үүргийн гүйцэтгэлийг сонгож гүйцэтгэсэнийнхүү үүргийн гүйцэтгэлийг сонгож гүйцэтгэснээр хариуцагч 2019.06.28-ны өдрийн гэрээний дагуу төлөх төлбөрөөс 67,041,350 төгрөгийг төлөөгүй гэж үзэх үндэслэлтэй.   

14. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-д “Үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй. Үүрэг гүйцэтгэгч ийм сонголт хийгээгүй бол төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжид төлүүлнэ” гэж заасныг анхан болон давж заалдах шатны шүүх зөв тайлбарлан хэрэглэжээ. 

15. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх нэхэмжлэлийн шаардлага болох 67,041,350 төгрөгийн төлбөр 2017.11.15-ны өдрийн гэрээний дагуу төлөх төлбөр бөгөөд 2017 оны гэрээний төлбөрийг 2019 оны гэрээгээр шаардсан нь хуульд нийцэхгүй гэж нэхэмжлэгчтэй маргасан хэдий ч хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд уг нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Энэ нь хариуцагч тайлбарын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотолж чадаагүй гэж үзнэ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх давж заалдах шатны шүүхэд төлбөрийн үүрэг 67,041,350 төгрөгтэй холбоотой гомдол гаргаагүй, зөвхөн алдангиас чөлөөлүүлэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан болохыг дурдах нь зүйтэй. 

16. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” 41.2-т “Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана”, мөн хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж тус тус хуульчилжээ. 

Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах 2019.06.28-ны өдөр 60/19 дугаартай гэрээний 3.2-т “худалдан авагч нь худалдан авсан барааны төлбөрийг дараа сарын 10-ны дотор “ **** ****- ****” ХХК-ийн Хаан банк дахь 5028020441, Худалдаа хөгжлийн банк дахь 499052074 тоот дансанд дансанд шилжүүлэх буюу худалдагчид бэлнээр төлнө”, мөн гэрээний 3.4-т “Худалдан авагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр энэ зүйлийн 3.2-т заасан хугацаанд төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцсон алдангийг худалдагчид төлнө” гэж харилцан тохиролцсон байна. 

17. Анхан шатны шүүх Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээний 3.2, 3.4-т заасны дагуу нэхэмжлэгчээс нийлүүлсэн шатахууны үлдэгдэл үнэ 67,041,350 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн 50 хувиар тооцон алдангид 33,520,675 төгрөг нийт 100,562,025 төгрөгийг “ ****” ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасан зохицуулалтын агуулга, шаардлагад нийцжээ. 

18. Давж заалдах шатны шүүх Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Монгол Улсад шинэ төрлийн коронавирус маш хурдацтай тархаж байгаа явдалд онцгой анхаарал хандуулах зөвлөмж өгсөнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020.01.31-ний өдрийн хуралдаанаас 2020.02.01-ний өдрөөс Монгол Улсад хөл хорио тогтоосон нөхцөл байдлыг харгалзан үзэж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасныг үндэслэн хариуцагчаас алдангид 16,760,337 төгрөг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Тодруулбал: 

Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг
багасгаж болохыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасан.
 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. 

Анзын хэмжээг багасгах нь хэргийн нөхцөл байдлаас шалтгаалахаас
гадна, энэ талаар талууд мэтгэлцсэн байх шаардлагатай бөгөөд шүүх түүнийг хэрхэн шийдвэрлэсэн үйл баримт, хууль зүйн үндэслэлээ тодорхой дүгнэх ёстой.
 

19. Анхан шатны шүүхэд “ ****” ХХК-аас алдангийг багасгах шалтгаан нөхцөлийг нэрлэн заагаагүй, энэ талаар зохигч мэтгэлцээгүй, Коронавируст халдвар /КОВИД-19/ цар тахлын улмаас анзыг багасгах шалтгаант холбоотой болохыг нотолсон баримтыг хариуцагч шүүхэд ирүүлээгүй байхад давж заалдах шатны шүүх анзын хэмжээг багасгасан нь учир дутагдалтай болжээ.      

Давж заалдах шатны шүүх хариуцагч гомдлын үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй байхад анзын хэмжээг багасгасан нь буруу, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлтэй байна. 

20. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж хийсэн дүгнэлт бодит байдалд нийцсэн, зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжавхлангийнхяналтын журмаар гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2044 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2020/02061 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжавхлангийнгомдлыгхангасугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээсхяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241,752 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                    

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Х.ЭРДЭНЭСУВД 

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                        Г.АЛТАНЧИМЭГ    

                                            ШҮҮГЧИД                                       Г.БАНЗРАГЧ 

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                   Д.ЦОЛМОН