Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2019/02289

 

 

 

 

 

 

 

2 2019 оны 11 сары 12 өдөр

181/ШШ2019/02289

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

нэхэмжлэгч: г.ж

хариуцагч: М.У

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.г.ж, өмгөөлөгч/ШТЭҮД:2498/ Л.******* хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнгүнжав, нарийн бичгийн дарга Д.Сандаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Би 2016 оны 08 дугаар сарын 29-нд Монгол Улсын Боловсролын их сургуулийн бүрэлдэхүүн сургуульд оюутан хариуцсан зохион байгуулагчаар ажилд орсон. Ажиллах хугацаандаа рлдрр зөрчилгүй сайн ажилласан. Тэгээд ар гэрийн шалтгаанаар Бээжин хот уруу явах болоод, 12 дугаар сарын 07-нд захирал Ц.Дэлгэрсайхантай өөрийн биеэр уулзаж 2018 оны 12 дугаар сарын 10-аас 12 дугаар сарын 14-ний өдрийн ажлын 5 өдрийн чөлөө хүсч, учир шалтгаанаа тайлбарласан. Захирал ойлголоо гээд н.Булган даргадаа хэлээд ажил төрлөө зохицуулаарай гэж хэлсэн. Тухайн өдөр Булган дарга оюутнуудын тайлан хамгаалалттай би бас ажил ихтэй байж байгаад ажлын дундуур уулзах гэсэн боловч уулзаж чадалгүй өнгөрсөн. Тэгээд дахин захирал дээр ороод, н.Булган дарга тайлан хамгаалалтай байна, уулзаж чөлөө хүсч чадсангүй гэхэд захирал би н.Булгантай тааралдаж учир шалтгааныг хэлсэн гэж хэлсэн, тэгээд миний бие 5 өдрийн чөлөөг захирлаас аваад, Хятад Улсын Бээжин хот явсан. Бээжин дэх Элчин сайдад визэнд ороод гадаад пастортаа өгчихөөд хүлээж байх хооронд чөлөөний хугацаа дууссан, паспортгүй буцах боломжгүй болсон тул дараагийн ажлын 5 өдрийн чөлөөг өөрийн төрсөн эх болох н.Гэрэлмаагаар чөлөө сунгах хүсэлтээ уламжлуулж мэдэгдсэн. Тэр үед ямар ч сүлжээгүй захиралтай холбогдох боломжгүй байсан. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Бээжингээс ирж, 2018 оны 12 дугаар сарын 23-нд ажилдаа очиж, ажлаа хэвийн хийж байсан.

2019 оны 01 дүгээр сарын 04-нд манай хөтөлбөрийн албаны хурал болж албаны дарга болон хамт ажилладаг ажилтнууд 10 хүнээс тухайн өдөр 8 хүн хуралд суусан. Миний бие өөрөө хуралд оролцсон. Тус хурлаар цаг үеийн мэдээ, чөлөө авсан 2 хүний тухай ярилцсан. Би хувийн шалтгаанаар 5 хоногоор чөлөө авсан, амжилгүй дараагийн 5 хоногт ингэж удсан гэдгээ танилцуулсан. Хурлаар ямар нэгэн хүнээс санал авах ажлаас халах асуудал яригдаагүй. Хуралд оролцсон ажилтнууд надад залуу хүн сурч боловсрох эрмэлзэлтэй байсан байна, ямар нэгэн арга хэмжээ авах хэрэггүй, сануулаад өнгөрье гэсэн санал гарсан. Нэг ч хүн ажлаас халах тухай санал гаргаагүй, тухайн үед хөтөлбөрийн албаны дарга ч ямар нэгэн санал дүгнэлт гарахгүй, дотооддоо судалж, танилцуулах хурал боллоо цаашаа санал дүгнэлт явахгүй гэж хэлсэн.

Ажлаа хэвийн хийж байтал 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр захиргааны зөвлөлийн хурлаар гэнэт дуудаж оруулсан. Би сэтгэл зүйн хувьд их сандарсан, гэтэл хөтөлбөрийн албаны дарга н.Булган намайг ажил таслаад, тус албаны 6 хүн оролцсон хурлаар Г.г.жын талаар ярилцаж 3, 3 буюу 50%-ийн саналаар ажлаас халах санал гаргасан гэж худлаа танилцуулсан байсан. Албаны дарга ямар ч хурлын протокол танилцуулалгүй, хөтөлбөрийн албаны хуралд оролцсон 8 хүнээс надаас бусад 7 хүнээс санал авснаас нэг ч хүн халах тухай санал гаргаагүй болохыг зохион байгуулагч Б.Нарантуяа гэрчийн мэдүүлэг өгсөн. Мөн хурлын тэмдэглэлийн дэвтэр дээр санал дүгнэлтүүд нь бүгд байгаа.

Ингээд 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр захиргааны зөвлөлийн хурлаар н.Булган даргын санал шийдвэрээр, хурал болж миний бие захиргааны зөвлөлд болсон явдлыг танилцуулаад гарсан. Тэгээд би ажлаа хийж байтал 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 16 цаг орчимд захирал Ц.Дэлгэрсайхан өрөөндөө дуудаж 2019 оны 01 дүгээр сарын 15-нд ажлаас халах тушаал гарсан гэж танилцуулсан.

Би 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан тушаалыг яагаад 14 хоногийн дараа танилцуулж байгаа юм бэ, энэ хугацаанд ажлаа хэвийн хийж байсан, халагдана гэж бодоогүй, захиргааны зөвлөлийн хурлаар шийдвэр гараагүй, тухайд үед багш нар цаг үеийн нөхцөл байдлыг хэлэлцэж байсан, санал авах хүмүүс байгаагүй гэдгийг хэлэхэд захирал, хөтөлбөрийн албаны дарга н.Булганын танай албанаас халах санал гаргасан гэсэн дээр үндэслэж, халсан гэж тайлбарлаж байсан. Миний бие ажилд Оюутан хариуцан зохион байгуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин болох 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хоногийн 7 083 767 төгрөгийг олговорт гаргуулах, шимтгэл төлүүлж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагыг гаргаж байна.

Хариуцагч тал нэхэмжлэлийн маргаж байгаа үндэслэлд хамааралгүй асуудал яриад байна. Нэхэмжлэгч Г.г.жыг хариуцагч Боловсролын их сургууль ажлаас чөлөөлсөн тушаалдаа маш тодорхой зүйлүүдээр үндэслэсэн.Сахилгын зөрчил удаа дараа гаргаж байсан гэдэг тушаалын үндэслэл биш.

Нотлох баримтын шаардлага хангахгүй өөрийнхөө хуулбар үнэн тэмдэг дарагдсан баримт гаргаж өгсөн.

Сургуулийн одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа дүрэм байгаа дотоод журам дээр ажлаас халах асуудлыг шийдвэрлэх нэгж нь Монголын Улсын Боловсролын их сургуулийн захирлын зөвлөл буюу зөвлөлийн хурал. Тэгвэл захирлын зөвлөлийн хурал нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхийг шийдсэн үү гэвэл үгүй. Захиргааны зөвлөл гэдэг зохиомол байгууллага дүрэм болон журам дээр нь байдаггүй, энэ байгууллагын хурлаас үйл баримтыг тогтоогоод байгаа гэж тайлбар өгч явж байсан. Хөтөлбөрийн хороонд хамаагүй гэж ярьсан, шүүх нотлох баримтыг барьж шийдвэрлэнэ,энэ хамааралтай болох нь одоо хүчин төгөлдөр дагаж мөрдөж байгаа дотоод журмын 7.2.2-т заалт, ажил олгогч ажлаас чөлөөлөх тушаал гаргахдаа тушаал дээр дурдсан.

Тухайн нэгжийн саналыг заавал авсан байхаар зохицуулсан. Тухайн нэгж гэдэг нь хөтөлбөрийн алба, түүний хурал. Тэр хурал дээр Г.г.жын чөлөөний асуудлыг хэлэлцсэн. 7.2.2-т зааснаар нэгж нь чөлөө авах, зөрчил гаргасан эсэх,зөрчил бол Дотоод журмын ямар заалтад хамаарах, хэрхэн шийдвэрлэх нь тухайн нэгжийн хуралд оролцож байгаа хүмүүсийн саналыг авч нэгтгэж шийдвэрлэн тэмдэглэл үйлдэх зохицуулалттай. Захиргааны зөвлөлийн хурал дээр болсон зүйлээ яриад 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр захиргааны зөвлөлийн хуралд саналаа оруулаад М.У захирал уруу явуулж байгаа үйл баримт. Дотоод журмын 7.2.3-т зөрчлийг заавал тогтоосон байна гэдэг шаардлагыг өөрсдөө тавьсан.

Захиргааны зөвлөлийн хурлаар Ц.Дэлгэрсайхан сургуулийн захирал тэр өдөр Г.г.ж чөлөө авсан чөлөө авах гэж орж ирж амаараа хэлсэн. Хөтөлбөрийн албаны дарга н.Булганд мэдэгдээд ажлаа зохицуул гэж хэлсэн, энэ үйл баримтад маргахгүй байгаа. Монгол Улсын Боловсролын их сургуулийн дотоод журмын 5.6.1-д, Бүрэлдэхүүн сургуулийн захирал 5 өдрийн чөлөөг олгоно гэсэн зохицуулалттай энэ бүрэлдэхүүн сургуулийн захирал Ц.Дэлгэрсайхан чөлөөг өгсөн гэдэг харагдаж байна гэв.

 

Хариуцагчийг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг бүхэлд нь үл зөвшөөрч гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас өөрийгөө сайн ажилтан байсан гэж тайлбарлаж байгаа учраас, үүнээс эхэлж тайлбарлая. Хэрэгт хавсаргасан нотлох баримтаар хичээлийн жил эхэлснээс 09 дүгээр сард 17 удаа, 10 дугаар сард 18-н удаа, 11 дүгээр сард 16 удаа, 12 дугаар сард 5 удаа ажлаасаа хоцорч, нийт хоцорсон цагийн тоо 11 өдөртэй тэнцэх хэмжээнд болсон нь нотлогдож байгаа.

Нэхэмжлэгч хөтөлбөрийн албаны хурлаар 50, 50-ийн санал гараагүй, намайг хэн ч ажлаас халах тухай яриагүй гэж удаа дараа ярьж байна. Монгол Улсын Боловсролын их сургуулийн дүрэмд ажлаас халах асуудлыг хөтөлбөрийн алба биш, захирлын зөвлөл хэлэлцэж шийдвэрлэдэг. Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг байгуулж, ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцохыг тусгайлан заах ёстой, үүнийг тусгасан. Нэг хичээлийн жилд нийлбэр дүнгээрээ 3 өдрийн цагтай тэнцэх хэмжээний ажлын цагийг албан ёсоор чөлөө авалгүй тасалсан байвал, хөдөлмөрийн гэрээг цуцлах шууд үндэслэл болно гээд зааж өгсөн.

Нэхэмжлэлийн шаардлага дээр тодорхойгүй зүйл олон байна. Хөтөлбөрийн албаны хурлаар н.Булганг халаагүй, өөрийн хүсэлтээр ажлаас халсан гэж ойлгоод байх шиг байна. Нэхэмжлэгч тал ажил хариуцлага, хэнд хандаж чөлөө авах дүрэм журмаа мэдэх ёстой. Болохгүй бол албан ёсоор, энэ дүрэм журмын энэ заалт нь болохгүй байна гэж хүсэлт гаргах нь чөлөөтэй. Өмнө шүүх хуралдаан дээр танай талын гэрч ирээд, яг ижилхэн шалтгаанаар чөлөө авахдаа албан ёсоор чөлөөгөө аваад явсан гэдгээ хэлсэн.

Нэхэмжлэгч захиралдаа бичгээр хүсэлтээ гаргаж өгөх боломж байсан.Тэр өдрөө ажлаа дуустал хийгээд гарсан гэх нотлох баримтгүй, өглөө бүртгүүлчээд гарснаа нотлохгүй байна. Хурлын протоколд н.Булган нь 21 цаг хүртэл шалгалтын материалаа бэлдэж сууж байснаа баримтжуулж, шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Дотоод журмын 7.2.2-т хөдөлмөрийн сахилгын зөрчилд шийтгэл ногдуулахтай холбоотой харилцааг зохицуулсан. Г.г.жын сахилгын зөрчил нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дугаар зүйлийн 40.1.4.-т заасан гэрээг шууд цуцлах зөрчил гаргасан. Бусад тохиолдолд сануулдаг, цалинг хасах дээр хамт олны саналаар авдаг.

Г.г.ж энэ байгууллагад ажиллах ёсгүй, ажилд авсан тушаал дээр овгийн нэр нь зөрүүтэй байсан гэтэл энэ хүн ажлаа хийгээд явж байсан.

Удирдах зөвлөлийн баталсан 2017 оны 08 сарын дүрмийн 4.1-д Монголын Улсын Боловсролын их сургуулийн өөрийн удирдлагыг удирдах зөвлөл, мэргэжлийн удирдлагыг эрдмийн зөвлөл, захиргааны удирдлагыг захиргааны зөвлөл гэж байгаа.

Нэхэмжлэгч зохих журмын дагуу чөлөөгөө авч яваагүй асуудал нь хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл юм.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигч талуудын шаардлага татгалзлаа дэмжиж гаргасан тайлбарууд, хэрэгт цугларсан бичмэл баримтын шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.г.ж нь хариуцагч Боловсролын их сургуульд холбогдуулан оюутан хариуцсан зохион байгуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт шаардлагаа дэмжин оролцож,

хариуцагч тал нэхэмжлэлийг үл зөвшөөрч дүрэм журамд заасан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан, ажлаас халсан тушаал үндэстэй гэж маргасан. 

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.

 

Боловсролын их сургуулийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2019 оны 1-р сарын 15-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 23, 24, 47, 38 дугаар зүйлийн 38.1.1, МУБИС-ийн дотоод журмын 5.2.4., 5.6.6, Багшийн сургуулийн захиргааны зөвлөлийн хурлын хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн Г.г.жыг Багшийн сургуулийн оюутан хариуцсан зохион байгуулагчийн үүрэгт ажлаас 2019 оны 01-р сарын 15-ны өдрөөс чөлөөлжээ/хэргийн 23-24 дэх тал/.

Нэхэмжлэгч Б/03 дугаар тушаалыг 2019 оны 1-р сарын 29-ий өдөр 16 цагийн орчим танилцаж гардан авсан гэж эс зөвшөөрсөн гомдлоо шүүхэд 2019 оны 02 сарын 19-ий өдөр шүүхэд ирүүлсэн ба хариуцагч тал энэ талаар үгүйсгээгүй тул нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор гаргасан гэж үзэж шүүх гомдлыг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.

Нэхэмжлэгч Г.г.ж Боловсролын их сургуулийн дэргэдэх лицей сургуулийн мэдээлэл зүйн багшаар ажиллаж байгаад 2016 оны 9 сарын 01-ий өдрөөс Багшийн сургууль хөтөлбөрийн албанд оюутанд үйлчлэх ажилтнаар томилогдон ажилласан/хэргийн 5-9дөх тал/, 2018 оны 1-р сарын 2-ны өдрөөс оюутны хөгжлийн албанд оюутан хариуцсан зохион байгуулагчаар ажиллахаар хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж, гэрээний биелэлтийг жил бүрийн 12-р сард нэгжийн хурлаар хэлэлцэн дүгнэхээр тохиролцон ажиллаж байсан/хэргийн 16-20 дох тал/ байна.

Г.г.ж 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Багшийн сургуулийн захирал Ц.Дэлгэрсайхантай уулзаж амаар учир байдлаа танилцуулан 2018 оны 12 дугаар сарын 10-аас 12 дугаар сарын 14-ний өдрийн ажлын 5 өдрийн чөлөө хүссэн, захирал Ц.Дэлгэрсайхан хөтөлбөрийн албаны дарга Булганд хэлээд ажил төрлөө зохицуул гэж хэлсэн, хөтөлбөрийн албаны дарга Булган тэр өдөр 21 цаг хүртэл ажилтай байснаас Г.г.ж Булгантай уулзалгүй Хятад Улсад явсан, нэхэмжлэгч гадаад улсад суралцахаар Бээжин дэх элчин сайдад хандан хил нэвтрэх зөвшөөрөл хүссэн боловч 5 хоногтоо амжаагүй, захирал Ц.Дэлгэрсайханд ээжээрээ дамжуулж амжаагүй тул дахин 5 хоногийн чөлөө нэмж хүсэхэд чөлөө өгөхгүй тухай хэлсэн, Г.г.ж Хятад Улсаас ирээд ажилдаа орж ажилласан, 2019 оны 1-р сарын 29-ий өдөр ажлаас чөлөөлсөн тушаалтай танилцсан талууд маргаагүй үйл баримт бий болжээ.

Г.г.ж 2018 оны 12 сарын 10-ны өдөр Монгол Улсын хилээр гарсан, 2018 оны 12 сарын 20-ны өдөр Монгол Улсын хилээр орсон болох нь Хил хамгаалах газрын ерөнхий газрын лавлагаа/хэргийн 136-137дахь тал/-гаар нотлогдоно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана.,43.2.Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ.гэж зохицуулсан ба тушаалд энэ талаар заагаагүй нь хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй, ажилтанд ажил хүлээлцэх хугацаа олгоогүй, ажилласан хугацааны амралтын тооцоог хийгээгүй нь ажилтны ажилласан хугацааны цалин хөлс бүрэн олгогдсон гэж үзэх боломжгүй нөхцөл болж байна.

 Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйл хөдөлмөрийн гэрээнд тохирох гол нөхцөл, 23 дугаар зүйл хөдөлмөрийн гэрээний хугацаа, 24 дүгээр зүйл хөдөлмөрийн гэрээ байгуулах,38 дугаар зүйлийн 38.1.1.хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл ажилтан санаачилсан гэсэн хуулийн заалтууд болон,

мөн Монгол Улсын Боловсролын их сургуулийн дүрмийн 4.4.1.МУБИС-ийн захирал сургуулийн өдөр дутмын үйл ажиллагааг удирдах, зохион байгуулах, ерөнхий менежерийн бүрэн эрхийг хуулийн дагуу хэрэгжүүлэх/хэргийн 143дахь тал/, Монгол Улсын Боловсролын их сургуулийн дотоод журмын 5.2.4.иргэнийг ажилд томилох тухай МУБИС-ийн захирлын тушаал гарсны дараа тухайн ажилтныг 6 хүртэл сарын хугацаанд туршилтаар ажиллуулна. Туршилтын хугацаанд зөвхөн үндсэн цалин олгоно, 5.6.6.цалингүй чөлөөг багш ажилтны бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн нэг жил хүртэл хугацаагаар сунгаж болно. Бичгээр хүсэлт гаргаагүй хугацаа хэтэрсэн тохиолдолд хүндэтгэх шалтгаангүйгээр ажил тасалсанд тооцож хөдөлмөрийн гэрээг цуцалж дуусгавар болгоно./хэргийн 185, 189дөх тал/ гэж зохицуулсан заалтуудыг баримталсан байна.

Мөн Багшийн сургуулийн захиргааны зөвлөлийн хурлын тэмдэглэлийг дурдсан боловч хэзээний ямар тэмдэглэл болох нь тодорхойгүй, огноо дугааргүй байна.

Нэхэмжлэгч 2019 оны 1-р сарын 14-ний өдөр 16 цагийн орчимд зөвлөлийн хурлаар гэнэт дуудаж оруулсан, хурал дээр Булган дарга хөтөлбөрийн албаны хурлын тэмдэглэл шийдвэр баримтгүйгээр хөтөлбөрийн албаны хурлаас 50, 50 хувийн санал гарсан гэж худал мэдээлэл өгсөн, оролцсон хүмүүсийн асуултад хариулаад гарсан гэсэн тайлбар гаргасан. Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн /хэргийн 25дахь тал/МУБИС-ийн захиргаанд Багшийн сургуулиас, карт №13, 1-р сарын 14-ий өдрийн 19 дугаартай 6 хуудас хурлын шийдвэр хүргүүлэх тухай захирал,доктор Ц.Дэлгэрсайхан гэсэн бүртгэл хяналтын карт болон /хэргийн 26 дахь тал/ мөн өдрийн огноо тавигдсан хурлын шийдвэр хүргүүлэх тухай албан бичгийн тус тус хуулбарууд байх ба 2019 оны 1-р сарын 07-ны өдөр гэж огноо бичигдсэн 01 дугаартай МУБИС-ийн Багшийн сургуулийн захиргааны зөвлөлийн хурлын 5 хуудас протоколын мөн хуулбар,

хариуцагч тал хариу тайлбартаа хавсарган 2019 оны 1 сарын 07-ны өдрийн МУБИС-ийн Багшийн сургуулийн захиргааны зөвлөлийн хурлын 5 хуудас протоколын мөн хуулбарыг тус сургуулийн хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн нь байгууллагын архивлагдсан эх баримтын хуулбар гэж үзэх боломжгүй, хуулбар олгосон ажилтны нэр албан тушаал гарын үсэг бичигдээгүй тул үнэлэх боломжгүй, эдгээр хуулбарууд бичмэл баримтын хуулийн шаардлага хангахгүй мэтгэлцээнд нотлогооны хэрэгсэл болж чадахгүй, захиргааны зөвлөлийн хурал хэзээ хуралдсан нь тодорхойгүй, 2019 оны 1 сарын 07 эсвэл 14-ний өдөр нь ойлгомжгүй, зохигч талууд өөр өөр тайлбар гаргаж байгаа нь үйл баримт тогтоогдохгүй байна.

Боловсролын их сургуулийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2019 оны 1-р сарын 15-ны өдрийн Б/03 дугаар тушаалыг захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Мандах гаргасан байх ба хэрэгт цугларсан нотлогооны хэрэгслүүдээр Д.Мандах Монгол Улсын Боловсролын их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч буюу захирлын тушаал гаргах эрх бүхий этгээд болохыг нотлосон баримт ирүүлээгүй байна.

Тушаалын эрх зүйн үндэслэлийг харахад, хөдөлмөрийн гэрээнд тохирох гол нөхцөл, гэрээний хугацаа, хөдөлмөрийн гэрээ байгуулахөдөлмөрийн гэрээг ажилтны санаачлагаар цуцлах хуулийн үндэслэл заалтууд болон МУБИС-ийн захирал сургуулийн өдөр дутмын үйл ажиллагааг удирдах эрх хэмжээ, иргэнийг ажилд томилох туршилтаар ажиллуулах цалин олгох тухай, цалингүй чөлөөг бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн нэг жил хүртэл хугацаагаар сунгах, бичгээр хүсэлт гаргаагүй хугацаа хэтэрсэн тохиолдолд хүндэтгэх шалтгаангүйгээр ажил тасалсанд тооцож хөдөлмөрийн гэрээг цуцалж дуусгавар болгох тухай дүрэм журмыг үндэслэжээ.

Талуудын мэтгэлцээнээр нэхэмжлэгчийг дотоод журамд заасныг зөрчин чөлөөний хүсэлтээ бичгээр гаргаж шийдвэрлүүлэлгүй 10 хоног гадаад явж ажил таслан хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэж үзэж захиргааны санаачлагаар ажлаас нь чөлөөлсөн үйл баримт бий болсон, ажилтан ажил олгогчийн шийдвэрийг хууль бус гэж маргаж байна.

Ажилтан ажил олгогчтой тохиролцон хэлцэл хийж хөдөлмөрийн харилцаанд орох ба хэлцлийг 2 тал хуулийн хүрээнд гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлон чөлөөтэй байгуулах ёстой, ажил олгогч өөртөө давуу байдал тогтоосон хөдөлмөрийн гэрээний нөхцөл, тухайн заалт хүчин төгөлдөр эсэх нь хуулийн шаардлагад нийцэхээс хамаардаг.

Ажилтныг ажилд авах, халах тохиолдол бүрт ажил олгогч шийдвэр гаргах ба шийдвэр нь хууль зүйн факт болохын тулд эрх зүйн үр дагавар үүсгэдэг тул хуульд үндэслэн, бичгээр гаргах шаардлагатай.

Хөдөлмөрийн тухай хуулийн 38-р зүйлийн 38.1.1.-д ажилтан өөрийн санаачлагаар гэрээгээ дуусгавар болгох үндэслэлийг зохицуулснаар ажилтны хөдөлмөрийн гэрээгээ цуцлах хүсэл зоригийн агуулга бүхий сайн дурын хүсэлт өргөдлийг ажил олгогч хүлээн авч шийдвэрлэдэг. Харин 38 дугаар зүйлийн 38.1.2.-т ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох заалтын үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зохицуулсан.

Хариуцагчийн төлөөлөгчийн амаар тайлбарлаж байгаа үндэслэл болох Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.заалтаар,ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан байхыг зохицуулсан.

Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасангэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүйгээс гадна давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байна.

Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд хөдөлмөрийн сахилгын хариуцлага, сахилгын зөрчил гэсэн эрх зүйн ойлголтууд байх ба хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан нь хөдөлмөрийн харилцааны дагаж мөрдөхөөр тогтоосон хэм хэмжээг зөрчсөний төлөө сахилгын хариуцлага хүлээдэг. Харин сахилгын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь ажилтан сахилгын зөрчил гаргасан байх явдал юм. Сахилгын зөрчил нь эрх зүйн бусад зөрчлөөс ялгаатай, хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтан, зөрчилд арга хэмжээ авах эрх бүхий этгээд нь ажил олгогч этгээд байдаг. Харин ажилтны гаргасан зөрчил нь хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ, дотоод журам зэргийг зөрчих,ёс зүйн алдаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болно.

Ноцтой зөрчил гэдэг нь, ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг урьдчилан харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байх шаардлагатай.

Зөвхөн ажил олгогчоос гаргасан дүрэм, журам, зааварт тусгагдсан ажлын байрны тогтоосон горим, журмыг ажилтан ноцтой байдлаар зөрчсөн ч тухайн актыг хөдөлмөрийн гэрээтэй адилтган үзэх боломжгүй, харин дээрх дүрэм, журам, зааврын дурдсан заалтыг зөрчвөл ноцтой зөрчил-д тооцохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан нэрлэн заасныг авч үзэхээр хуульд зохицуулсан.

Иймд хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтны хөдөлмөрийн гэрээг нэг талын буюу ажил олгогчийн санаачлагаар цуцалж байгаа бол хөдөлмөрийн гэрээгээр талууд урьдчилан тохиролцсон, хуульд заасан гэрээ цуцлах эрх зүйн зохицуулалтыг үндэслэж гаргасан ажил олгогчийн шийдвэр л эрх зүйн үр дагавар үүсгэх хууль зүйн факт бий болгоно.

Боловсролын их сургуулийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2019 оны 1-р сарын 15-ны өдрийн Б/03 дугаар тушаалд нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний ямар нэг заалтад үндэслээгүй, Г.г.жыг буруутгасан үйлдэлд холбогдох хуулийн заалт баримтлаагүй байна.

Тушаалд дурдсан МУБИС-ийн дотоод журмын 5.6.6. дахь заалт өмнө олгосон цалингүй чөлөөг багш,ажилтны бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн нэг жил хүртэл хугацаагаар сунгах, бичгээр хүсэлт гаргаагүй хугацаа хэтэрсэн тохиолдолд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсанд тооцож хөдөлмөрийн гэрээг цуцалж дуусгавар болгох зохицуулалт байх ба энэ нь Г.г.жд ажлын 5 өдрийн чөлөө олгох асуудалд хамааралгүй байна. Харин дотоод журмын 5.6.1.-ддэд захирал бүрэлдэхүүн сургуулийн захирал өөрийн харьяалах ажилтанд ажлын 5 өдөр хүртэлх чөлөөг олгож болох ба тухайн ажилтанд олгосон чөлөө нь нэг хичээлийн жилд ажлын 40 цагаас илүүгүй байх ба чөлөөний хуудсыг хөтлөж, санхүү тооцоо хийх заалтын дагуу Багшийн сургуулийн захирал Ц.Дэлгэрсайхан ажлын 5 өдөр хүртэлх чөлөөг олгох эрхтэй, олгосон чөлөөний хуудсуудыг хөтлөж санхүү тооцоо хийх зохицуулалттай байх боловч ийм тооцоо баримт ирүүлээгүй.

Монгол Улсын Боловсролын их сургуулийн дүрмийн 4.МУБИС-ийн удирдлага бүлгийн 4.1.-д МУБИС-ийн өөрийн удирдлагыг удирдах зөвлөл, мэргэжлийн удирдлагыг эрдмийн зөвлөл, захиргааны удирдлагыг захирлын зөвлөл, сургалтын хөтөлбөрийг сургалтын хороо хэрэгжүүлнэ., 4.5. МУБИС-ийн захирлын зөвлөлийн чиг үүрэг нь 4.5.5.багш ажилтныг ажилд авах, ажлаас чөлөөлөх халах асуудлыг хэлэлцэхгэж зааснаар МУБИС-ийн захирлын зөвлөл ажилтан Г.г.жыг ажлаас чөлөөлөх халах асуудлыг хэлэлцэн санал дүгнэлтээ гаргах чиг үүрэгтэй байна. Харин Г.г.жыг ажлаас чөлөөлөх асуудлыг захирлын зөвлөл хэлэлцсэн баримтгүй, санал дүгнэлт гараагүй, ажилтныг ажлаас чөлөөлөх асуудал нь сургуулийн захирал нь захирлын зөвлөлөөр хэлэлцүүлж санал дүгнэлт гаргуулж байж шийдвэр гаргах дүрмийн энэ заалтыг Б/03 дугаар тушаал зөрчиж гарсан байна.

Монгол Улсын Боловсролын их сургуулийн дотоод журмын 2.3.удирдлагын үйл ажиллагаа, зохион байгуулалтхэсгийн 2.3.7.МУБИС-ийн захирал, дэд захирал, бүрэлдэхүүн сургуулийн захирал, дэд захирал, дотоод ажлын албаны дарга гэсэн бүрэлдэхүүнтэй захирлын зөвлөл ажиллана./хэргийн 171дэх тал/, 2.3.12.хурлын тэмдэглэлийг төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын дагуу хөтлөж, хурлын дарга болон хуралд оролцогчид гарын үсэг зурснаар хурлын тэмдэглэл хүчин төгөлдөр болсонд тооцно, ажил олгогчийн эдлэх эрх хэсгийн 4.3.1. Хөдөлмөрийн тухай хууль, МУБИС-ийн дүрэм, журамд заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах, гэрээний хугацаа дууссан тохиолдолд гэрээг сунгах, эсвэл дуусгавар болгох, 5.3.1.Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох цуцлах харилцааг Хөдөлмөрийн тухай хууль, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд заасан үндэслэлүүдээр зохицуулна, 5.3.2. хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тушаалд хөдөлмөрийн гэрээг ямар үндэслэл, шалтгаанаар хэзээнээс дуусгавар болгох зэргийг тодорхой заана. Шаардлагатай бол тушаалд ажил хүлээлцэх комиссын бүрэлдэхүүн, ажлын чиг үүргийг заана.,5.3.4.ажлаас чөлөөлөгдөж халагдаж байгаа ажилтны тойрох хуудсыг бөглүүлж, санхүүгийн тооцоо хийсний дараа түүнд хөдөлмөрийн гэрээ цуцласан тухай шийдвэрийг нийгмийн ба эрүүл мэндийн даатгалын дэвтрийг хүлээлгэн өгнө., 5.9.5.ажилтан ажлаас чөлөөлөгдөх, тэтгэвэр тогтоолгох, халагдахад ээлжийн амралтын тооцоог хийнэ., 7.1.сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл хэсгийн 7.2.2.ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахдаа харьяа нэгжийн саналыг авсан байна. Ажлаас чөлөөлөх саналаа бүрэлдэхүүн сургуулийн захирал болон МУБИС-ийн захиралд хүргүүлнэ., 7.2.3.ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг тогтоосон байна. Ёс зүйн дүрэм зөрчсөнийг уг дүрэмд заасны дагуу шалган тогтооно. Шалгалт дууссаны дараа шалгалт хийсэн тухай танилцуулгыг МУБИС-ийн захиралд танилцуулна.гэж тус тус заасан заалтууд тушаалд хэрэгжээгүй, Г.г.жтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд 4.4.1.-4.4.17.-д 17 заалтаар, дотоод журмын 7.2.7.-д сахилгын ноцтой зөрчлүүдийг 12 заалтаар тус тус тухайлан нэрлэн заасан боловч тушаалд холбогдох заалтуудыг баримтлаагүй, журамд тусгайлан заасан ажиллагаанууд хийгдээгүй, хурлын тэмдэглэл зохих ёсоор хөтлөгдөөгүй байгаа нь уг тушаал тус сургуулийн дүрэм, дотоод журмыг зөрчсөн, хуульд нийцээгүй үндэслэлгүй гарсан гэж үзэх үндэслэл болж байна.

Зохигчийн хүсэлтээр шүүхээс МУБИС-ийн Багшийн сургуулийн хөтөлбөрийн албаны хурлын тэмдэглэл гэсэн дэвтэрт 2019 оны 1 сарын 04-ий өдрийн хурлын тэмдэглэл гэх бичвэрт үзлэг хийсэн, талууд энэ хурал болсон, Г.г.жын Хятад Улсад явсан чөлөө авсан эсэх асуудлыг ярьсан талаар зөвшөөрч маргаагүй ба шүүхийн үзлэгийн баримт/хэргийн 205-209дөх тал/тэмдэглэлд оролцогчид гарын үсгээ зураагүй, ямар нэг санал гаргасан зүйл тэмдэглэгдээгүй байна.

Ажил олгогчийн шийдвэр хуульд нийцээгүй үндэслэлгүй гарсан нь ажилтанд сахилгын хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй, ажилтныг буруутгах боломжгүй.

Ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлгүй хэдий ч ажилтныг ажлаас чөлөөлсөн үйл баримт бий болгосон, ажилд эгүүлэн тогтоох үндэслэлийг бий болгож буй хууль зүйн факт болж байгаа бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр цаашид үр дагавар үүсгэхгүй учир шүүх тушаалыг заавал хүчингүй болгох шаардлагагүй.

Иймд тушаал үндэслэлгүй тул нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох нэхэмжлэгч Г.г.жыг МУБИС-ийн Багшийн сургуулийн оюутан хариуцсан зохион байгуулагчийн үүрэгт ажил албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1. ... ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор .... олгоно., хуулийн 46 дугаар зүйлийн 46.2. Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй.гэж заасны дагуу нэхэмжлэгчид шаардах эрх үүссэн гэж дүгнэлээ. 

Нэхэмжлэгч 2019 оны 02-р сарын 01-ний өдрөөс хэрэг хэлэлцэн шийдвэрлэж байгаа энэ өдөр хүртэлх 208 ажлын өдрийн ажилгүй байсан хугацааг олговор шаардах хугацаа гэж тооцон,энэ хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 7 083 767 төгрөг шаардсан байх ба олговрыг хуульд зааснаар зөвтгөн тооцон олгох үндэстэй.

Талууд шүүхэд дундаж цалин хөлсийг тодорхойлсон баримт ирүүлээгүй тул Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын дагуу нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэнээр сүүлийн 3 сард олгогдсон цалингаар авч тооцон, 2019 оны 1 дүгээр сарын 919 524 төгрөг дээр 2018 оны 12 дугаар сарын 591 987 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 852 902 төгрөгийг нэмээд 2 364 413 төгрөгийг 3 сард хувааж тооцоход нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлс 788 137,7 төгрөг болж, ажлын 21.2-т хуваан нэг өдрийн 37 176 төгрөгөөр тооцон, 2019 оны 2 сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 сарын 12-ы өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны сар ба ажлын хоногоор бодож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт каардах дүн 6 636 948 төгрөг болох нь нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тэмдэглэл бүхий нийгмийн даатгалын  дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбар, талуудын тайлбар, хэргийн үйл баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагчаас олговорт тооцон 6 636 948 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт илүү нэхэмжилсэн 446 819 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

Нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалд ажилласан хугацааны ээлжийн амралтын тооцоог хийгээгүй, нэхэмжлэлээр шаардаагүй тул ажилтан ажил олгогчоос ажилласан хугацааны ээлжийн амралтын олговроо тооцон олгуулахаар шаардах эрхтэй.

Хариуцагч олговорт олгогдох 6 636 948 төгрөгөөс шимтгэл хураамжийг холбогдох байгууллагад нь төлж, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын  дэвтэрт 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүртэлх хугацааны сар дутмын нөхөн бичилтийг хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг, хариуцагчаас хариуцан төлөх улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг дээр олговорт олгогдох дүнгээр 121,141 төгрөг бүгд 191 341 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулах нь хуульд нийцнэ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118., 160 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 128.1.5. дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.г.жыг Монгол Улсын Боловсролын их сургуулийн Багшийн сургуулийн оюутан хариуцсан зохион байгуулагчийн үүрэгт ажил албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Монгол Улсын Боловсролын их сургуулиас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6 636 948/зургаан сая зургаан зуун гучин зургаан мянга есөн зуун дөчин найм/ төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Г.г.жд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 446 819 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т заасныг баримтлан олговорт олгогдох 6 636 948 төгрөгөөс шимтгэл хураамжийг холбогдох байгууллагад нь төлж, Г.г.жын нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүртэлх хугацааны сар тутмын нөхөн бичилтийг зөвтгөн хийхийг хариуцагч М.У-д үүрэг болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 191 341 /нэг зуун ерэн нэгэн мянга гурван зуун дөчин нэг/ төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ