Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2021/00641

 

Г.Жавзандуламын нэхэмжлэлтэй

                     иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Б.Ундрах, Б.Мөнхтуяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2019/02289 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 1446 дугаар магадлалтай, 

Г.Жавзандуламын нэхэмжлэлтэй,

Монгол Улсын Боловсролын их сургуульд холбогдох, 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнгүнжавын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Жавзандулам, өмгөөлөгч Л.Намнансүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнгүнжав, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов. 

Нэхэмжлэгч Г.Жавзандулам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2016 оны 08 дугаар сарын 29-нд Монгол Улсын Боловсролын их сургуулийн бүрэлдэхүүн сургуульд оюутан хариуцсан зохион байгуулагчаар ажилд орсон. Ажиллах хугацаандаа алдаа зөрчилгүй сайн ажилласан. Тэгээд ар гэрийн шалтгаанаар Бээжин хот уруу явах болоод, 12 дугаар сарын 07-нд захирал Ц.Дэлгэрсайхантай өөрийн биеэр уулзаж 2018 оны 12 дугаар сарын 10-аас 12 дугаар сарын 14-ний өдрийн ажлын 5 өдрийн чөлөө хүсч, учир шалтгаанаа тайлбарласан. Захирал ойлголоо гээд н.Булган даргадаа хэлээд ажил төрлөө зохицуулаарай гэж хэлсэн. Тухайн өдөр Булган дарга оюутнуудын тайлан хамгаалалттай би бас ажил ихтэй байж байгаад ажлын дундуур уулзах гэсэн боловч уулзаж чадалгүй өнгөрсөн. Тэгээд миний бие 5 өдрийн чөлөөг захирлаас аваад, явсан. Бээжин дэх Элчин сайдад визэнд ороод гадаад пастортаа өгчхөөд хүлээж байх хооронд чөлөөний хугацаа дууссан, дараагийн ажлын 5 өдрийн чөлөөг өөрийн төрсөн эх болох н.Гэрэлмаагаар чөлөө сунгах хүсэлтээ уламжлуулж мэдэгдсэн. Тэр үед ямар ч сүлжээгүй захиралтай холбогдох боломжгүй байсан. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Бээжингээс ирж, 2018 оны 12 дугаар сарын 23-нд ажилдаа очиж, ажлаа хэвийн хийж байсан.

2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 16 цаг орчимд захирал Ц.Дэлгэрсайхан өрөөндөө дуудаж 2019 оны 01 дүгээр сарын 15-нд ажлаас халах тушаал гарсан гэж танилцуулсан. Би 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан тушаалыг яагаад 14 хоногийн дараа танилцуулж байгаа юм бэ, энэ хугацаанд ажлаа хэвийн хийж байсан, халагдана гэж бодоогүй, захиргааны зөвлөлийн хурлаар шийдвэр гараагүй, тухайд үед багш нар цаг үеийн нөхцөл байдлыг хэлэлцэж байсан, санал авах хүмүүс байгаагүй гэдгийг хэлэхэд захирал, хөтөлбөрийн албаны дарга н.Булганын танай албанаас халах санал гаргасан гэсэн дээр үндэслэж, халсан гэж тайлбарлаж байсан. Миний бие ажилд Оюутан хариуцан зохион байгуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин болох 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хоногийн 7,083,767 төгрөгийг олговорт гаргуулах, шимтгэл төлүүлж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагыг гаргаж байна гэжээ.

Хариуцагч Монгол Улсын Боловсролын их сургууль шүүхэд гаргасан тайлбартаа: Хэрэгт хавсаргасан нотлох баримтаар хичээлийн жил эхэлснээс 09 дүгээр сард 17 удаа, 10 дугаар сард 18-н удаа, 11 дүгээр сард 16 удаа, 12 дугаар сард 5 удаа ажлаасаа хоцорч, нийт хоцорсон цагийн тоо 11 өдөртэй тэнцэх хэмжээнд болсон нь нотлогдож байгаа. Нэхэмжлэгч хөтөлбөрийн албаны хурлаар 50, 50-ийн санал гараагүй, намайг хэн ч ажлаас халах тухай яриагүй гэж удаа дараа ярьж байна. Монгол Улсын Боловсролын их сургуулийн дүрэмд ажлаас халах асуудлыг хөтөлбөрийн алба биш, захирлын зөвлөл хэлэлцэж шийдвэрлэдэг. Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг байгуулж, ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцохыг тусгайлан заах ёстой, үүнийг тусгасан. Нэг хичээлийн жилд нийлбэр дүнгээрээ 3 өдрийн цагтай тэнцэх хэмжээний ажлын цагийг албан ёсоор чөлөө авалгүй тасалсан байвал, хөдөлмөрийн гэрээг цуцлах шууд үндэслэл болно гээд зааж өгсөн. Нэхэмжлэгч захиралдаа бичгээр хүсэлтээ гаргаж өгөх боломж байсан.Тэр өдрөө ажлаа дуустал хийгээд гарсан гэх нотлох баримтгүй, өглөө бүртгүүлчхээд гарснаа нотлохгүй байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2019/02289 дүгээр шийдвэрээр: Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 128.1.5. дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Жавзандуламыг Монгол Улсын Боловсролын их сургуулийн Багшийн сургуулийн оюутан хариуцсан зохион байгуулагчийн үүрэгт ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Монгол Улсын Боловсролын их сургуулиас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6,636,948/зургаан сая зургаан зуун гучин зургаан мянга есөн зуун дөчин найм/ төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Г.Жавзандуламд олгож,нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 446,819 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т заасныг баримтлан олговорт олгогдох 6,636,948 төгрөгөөс шимтгэл хураамжийг холбогдох байгууллагад нь төлж, Г.Жавзандуламын нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүртэлх хугацааны сар тутмын нөхөн бичилтийг зөвтгөн хийхийг хариуцагч Монгол Улсын Боловсролын их сургууль-д үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 191,341 /нэг зуун ерэн нэгэн мянга гурван зуун дөчин нэг/ төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 1446 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2020/02289 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 191,341 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнгүнжав хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1446 дугаартай магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгчийн тухайн үйлдэл нь ноцтой зөрчил мөн байсан эсэх талаар тодруулан үзвэл 2006 оны Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолын 15.4.2-т "ноцтой зөрчил" гэдгийг ажил олгогчид .... түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож. уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна гэж тайлбарласан байна.

Үүнээс үзэхэд хөдөлмөрийн гэрээгээр талууд ноцтой зөрчлийг харилцан тохиролцож ноцтой, эсхүл эс ноцтой үйлдлийг тогтоож хөдөлмөрийн гэрээнд тусгана хэмээн дээд шүүхийн тогтоолд заасныг зөрчиж магадлал гаргасныг эс зөвшөөрч байна. Хэрэгт авагдсан зарим баримтыг үнэлэх боломжгүй гэсэн хэсэгтэй хариуцагч тал маргаагүй боловч үнэлэх боломжтой баримтаас мөн нэхэмжлэгчийн шүүх хуралд оролцох үед өөрийн гаргасан тайлбар зэргээс маш тодорхой зүйл нотлогдох авч энэ талаар аль ч шатны шүүх өөрсдийн гаргасан дүгнэлт, үндэслэл хэсэгт заагаагүй байгаатай санал нийлэх боломжгүй байна. Учир нь нэхэмжлэгчийн өөрийн гаргасан анхдагч хүсэл зоригийг эс дурдаж байгаад гомдолтой байна. Нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг дуусгавар болгоход нөлөөлсөн хүчин зүйлсийн тухайд Г.Жавзандулам нь Хөдөлмөрийн тухай хууль, МУБИС-ийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ санаатайгаар биелүүлээгүйгээс гадна Захиргааны зөвлөлийн хуралд өөрийн гаргасан тайлбараар цаашид ажиллах хүсэлгүй байгаа тухайгаа дурдсан нь нотлогдох болно. Нэхэмжлэгч нь тус хуралд Би 10 жил энэ ажил хийхгүй, залуу хүн гадаад явж суралцах боломж гарвал явна, өөр ярих юм байхгүй хэмээн гаргасан үйлдлийг анхан болон давж заалдах шатны хурлуудаар огт хэлэлцээгүй орхигдуулж байгаад гомдолтой байна.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1446 дугаартай магадлалыг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 12-ны 181/ШШ2020/02289 шийдвэрийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ 

Г.Жавзандулам нь Монгол Улсын Боловсролын их сургуульд холбогдуулан оюутан хариуцсан зохион байгуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргасан байна.  

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байна.  

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж зохигчийн хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

Г.Жавзандулам нь Монгол Улсын Боловсролын их сургуульд оюутан хариуцсан зохион байгуулагчаар ажиллаж байсан ба ажил олгогч 2019.01.15-ны өдөр Б/03 тоот тушаал гаргаж, түүнийг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, хөдөлмөрийн дотоод журмын 5.2.4, 5.6.6, Багшийн сургуулийн захиргааны зөвлөлийн хурлын тэмдэглэлийг үндэслэл болгожээ.  

Нэхэмжлэгч ажил олгогчийн шийдвэрийг эс зөвшөөрч 2020.02.19-ний өдөр нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-г зөрчөөгүй байна.  

Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаалын үндэслэл, хариуцагчийн тайлбарт дурдсан ажил тасалж, сахилгын ноцтой зөрчил гаргасан эсэх талаар зохигч маргаж, энэ хүрээнд мэтгэлцсэн байна.  

Хэргийн баримтаас үзвэл, нэхэмжлэгч нь захирал Ц.Дэлгэрсайхантай биечлэн уулзаж 2018.12.10-ны өдрөөс ажлын 5 хоногийн чөлөө хүссэн, тэрээр БНХАУ явж виз мэдүүлсэн боловч хугацаандаа амжаагүй тул чөлөөний хугацааг сунгуулах хүсэлт гаргасан нь тогтоогджээ.  

Шүүх, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэгч чөлөө авах хүсэлтийг бичгээр гаргаагүй хэдий ч энэ нь түүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзэхгүй гэж дүгнэн, энэхүү үндэслэлээ шийдвэр, магадлалд тодорхой дурдсаныг буруутгах боломжгүй байна. Тодруулбал, нэхэмжлэгчийг ажлаас халсан үндэслэл, тайлбараа хариуцагч нотлоогүй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг зөрчөөгүй байна. 

Иймд шүүх нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т нийцжээ.  

Ажилтныг ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасан.  

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2019.02.01-ний өдрөөс шийдвэр гарах хүртэл ажлын 208 хоногийг олговор шаардах хугацаа гэж үзэн, мөн хугацааны олговрыг нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 сарын цалингийн дунджаар тооцон, хариуцагчаас 6,636,948 төгрөг гаргуулсан нь үндэслэл бүхий болжээ.  

Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх тул энэ талаарх хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2019/02289 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 1446 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 194,082 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ  

ШҮҮГЧИД Б.УНДРАХ 

Б.МӨНХТУЯА

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Г.ЦАГААНЦООЖ