Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 1446

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Ж-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2019/02289 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Ж-ын хариуцагч МУБИС-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Ж-, түүний өмгөөлөгч Л.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Би 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр МУБИС-ийн бүрэлдэхүүн сургуульд оюутан хариуцсан зохион байгуулагчаар ажилд орсон. Ар гэрийн шалтгаанаар Бээжин хот уруу явах болж, 12 дугаар сарын 07-ны өдөр захирал Ц.Д-тай өөрийн биеэр уулзаж, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс  12 дугаар сарын 14-ний өдрийн ажлын 5 өдрийн чөлөө хүсч, учир шалтгаанаа тайлбарласан. Захирал ойлголоо гээд н.Б- даргадаа хэлээд ажил төрлөө зохицуулаарай гэж хэлсэн. Тухайн өдөр Б- дарга оюутнуудын тайлан хамгаалалттай би бас ажил ихтэй байж байгаад ажлын дундуур уулзах гэсэн боловч уулзаж чадалгүй өнгөрсөн. Тэгээд дахин захирал дээр ороод, н.Б- дарга тайлан хамгаалалтай байна, уулзаж чөлөө хүсч чадсангүй гэхэд захирал би н.Б-тай тааралдаж учир шалтгааныг хэлсэн гэж хэлсэн, тэгээд миний бие 5 өдрийн чөлөөг захирлаас аваад, Хятад Улсын Бээжин хот явсан. Бээжин дэх Элчин сайдад визэнд ороод гадаад пастортаа өгчихөөд хүлээж байх хооронд чөлөөний хугацаа дууссан, паспортгүй буцах боломжгүй болсон тул дараагийн ажлын 5 өдрийн чөлөөг өөрийн төрсөн эх болох н.Г-гаар чөлөө сунгах хүсэлтээ уламжлуулж мэдэгдсэн. Тэр үед ямар ч сүлжээгүй захиралтай холбогдох боломжгүй байсан. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Бээжингээс ирж, 2018 оны 12 дугаар сарын 23-нд ажилдаа очиж, ажлаа хэвийн хийж байсан. 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр манай хөтөлбөрийн албаны хурал болж албаны дарга болон хамт ажилладаг ажилтнууд 10 хүнээс тухайн өдөр 8 хүн хуралд суусан. Миний бие өөрөө хуралд оролцсон. Тус хурлаар цаг үеийн мэдээ, чөлөө авсан 2 хүний тухай ярилцсан. Би хувийн шалтгаанаар 5 хоногоор чөлөө авсан, амжилгүй дараагийн 5 хоногт ингэж удсан гэдгээ танилцуулсан. Хурлаар ямар нэгэн хүнээс санал авах ажлаас халах асуудал яригдаагүй. Хуралд оролцсон ажилтнууд надад залуу хүн сурч боловсрох эрмэлзэлтэй байсан байна, ямар нэгэн арга хэмжээ авах хэрэггүй, сануулаад өнгөрье гэсэн санал гарсан. Нэг ч хүн ажлаас халах тухай санал гаргаагүй, тухайн үед хөтөлбөрийн албаны дарга ч ямар нэгэн санал дүгнэлт гарахгүй, дотооддоо судалж, танилцуулах хурал боллоо цаашаа санал дүгнэлт явахгүй гэж хэлсэн. Ажлаа хэвийн хийж байтал 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр захиргааны зөвлөлийн хурлаар гэнэт дуудаж оруулсан. Би сэтгэл зүйн хувьд их сандарсан, гэтэл хөтөлбөрийн албаны дарга н.Б- намайг ажил таслаад, тус албаны 6 хүн оролцсон хурлаар Г.Ж-ын талаар ярилцаж 3, 3 буюу 50%-ийн саналаар ажлаас халах санал гаргасан гэж худлаа танилцуулсан байсан. Албаны дарга ямар ч хурлын протокол танилцуулалгүй, хөтөлбөрийн албаны хуралд оролцсон 8 хүнээс надаас бусад 7 хүнээс санал авснаас нэг ч хүн халах тухай санал гаргаагүй болохыг зохион байгуулагч Б.Н- гэрчийн мэдүүлэг өгсөн. Мөн хурлын тэмдэглэлийн дэвтэр дээр санал дүгнэлтүүд нь бүгд байгаа. Ингээд 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр захиргааны зөвлөлийн хурлаар н.Б- даргын санал шийдвэрээр, хурал болж миний бие захиргааны зөвлөлд болсон явдлыг танилцуулаад гарсан. Тэгээд би ажлаа хийж байтал 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 16 цаг орчимд захирал Ц.Д- өрөөндөө дуудаж 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ажлаас халах тушаал гарсан гэж танилцуулсан. Би 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан тушаалыг яагаад 14 хоногийн дараа танилцуулж байгаа юм бэ, энэ хугацаанд ажлаа хэвийн хийж байсан, халагдана гэж бодоогүй, захиргааны зөвлөлийн хурлаар шийдвэр гараагүй, тухайд үед багш нар цаг үеийн нөхцөл байдлыг хэлэлцэж байсан, санал авах хүмүүс байгаагүй гэдгийг хэлэхэд захирал, хөтөлбөрийн албаны дарга н.Б-ын танай албанаас халах санал гаргасан гэсэн дээр үндэслэж, халсан гэж тайлбарлаж байсан. Миний бие ажилд Оюутан хариуцан зохион байгуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин болох 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хоногийн 7 083 767 төгрөгийг олговорт гаргуулах, шимтгэл төлүүлж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагыг гаргаж байна. Хариуцагч тал нэхэмжлэлийн маргаж байгаа үндэслэлд хамааралгүй асуудал яриад байна. Нэхэмжлэгч Г.Ж-ыг хариуцагч Боловсролын их сургууль ажлаас чөлөөлсөн тушаалдаа маш тодорхой зүйлүүдээр үндэслэсэн.Сахилгын зөрчил удаа дараа гаргаж байсан гэдэг тушаалын үндэслэл биш. Нотлох баримтын шаардлага хангахгүй өөрийнхөө хуулбар үнэн тэмдэг дарагдсан баримт гаргаж өгсөн. Сургуулийн одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа дүрэм байгаа дотоод журам дээр ажлаас халах асуудлыг шийдвэрлэх нэгж нь Монголын Улсын Боловсролын их сургуулийн захирлын зөвлөл буюу зөвлөлийн хурал. Тэгвэл захирлын зөвлөлийн хурал нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхийг шийдсэн үү гэвэл үгүй. Захиргааны зөвлөл гэдэг зохиомол байгууллага дүрэм болон журам дээр нь байдаггүй, энэ байгууллагын хурлаас үйл баримтыг тогтоогоод байгаа гэж тайлбар өгч явж байсан. Хөтөлбөрийн хороонд хамаагүй гэж ярьсан, шүүх нотлох баримтыг барьж шийдвэрлэнэ,энэ хамааралтай болох нь одоо хүчин төгөлдөр дагаж мөрдөж байгаа дотоод журмын 7.2.2-т заалт, ажил олгогч ажлаас чөлөөлөх тушаал гаргахдаа тушаал дээр дурдсан. Тухайн нэгжийн саналыг заавал авсан байхаар зохицуулсан. Тухайн нэгж гэдэг нь хөтөлбөрийн алба, түүний хурал. Тэр хурал дээр Г.Ж-ын чөлөөний асуудлыг хэлэлцсэн. 7.2.2-т зааснаар нэгж нь чөлөө авах, зөрчил гаргасан эсэх,зөрчил бол Дотоод журмын ямар заалтад хамаарах, хэрхэн шийдвэрлэх нь тухайн нэгжийн хуралд оролцож байгаа хүмүүсийн саналыг авч нэгтгэж шийдвэрлэн тэмдэглэл үйлдэх зохицуулалттай. Захиргааны зөвлөлийн хурал дээр болсон зүйлээ яриад 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр захиргааны зөвлөлийн хуралд саналаа оруулаад МУБИС- захирал уруу явуулж байгаа үйл баримт. Дотоод журмын 7.2.3-т зөрчлийг заавал тогтоосон байна гэдэг шаардлагыг өөрсдөө тавьсан. Захиргааны зөвлөлийн хурлаар Ц.Д- сургуулийн захирал тэр өдөр Г.Ж- чөлөө авсан чөлөө авах гэж орж ирж амаараа хэлсэн. Хөтөлбөрийн албаны дарга н.Б-д мэдэгдээд ажлаа зохицуул гэж хэлсэн, энэ үйл баримтад маргахгүй байгаа. МУБИС-ийн дотоод журмын 5.6.1-д, Бүрэлдэхүүн сургуулийн захирал 5 өдрийн чөлөөг олгоно гэсэн зохицуулалттай энэ бүрэлдэхүүн сургуулийн захирал Ц.Д- чөлөөг өгсөн гэдэг харагдаж байна гэжээ.

 

Хариуцагчийг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг бүхэлд нь үл зөвшөөрч гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас өөрийгөө сайн ажилтан байсан гэж тайлбарлаж байгаа учраас, үүнээс эхэлж тайлбарлая. Хэрэгт хавсаргасан нотлох баримтаар хичээлийн жил эхэлснээс 09 дүгээр сард 17 удаа, 10 дугаар сард 18-н удаа, 11 дүгээр сард 16 удаа, 12 дугаар сард 5 удаа ажлаасаа хоцорч, нийт хоцорсон цагийн тоо 11 өдөртэй тэнцэх хэмжээнд болсон нь нотлогдож байгаа. Нэхэмжлэгч хөтөлбөрийн албаны хурлаар 50, 50-ийн санал гараагүй, намайг хэн ч ажлаас халах тухай яриагүй гэж удаа дараа ярьж байна. МУБИС-ийн дүрэмд ажлаас халах асуудлыг хөтөлбөрийн алба биш, захирлын зөвлөл хэлэлцэж шийдвэрлэдэг. Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг байгуулж, ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцохыг тусгайлан заах ёстой, үүнийг тусгасан. Нэг хичээлийн жилд нийлбэр дүнгээрээ 3 өдрийн цагтай тэнцэх хэмжээний ажлын цагийг албан ёсоор чөлөө авалгүй тасалсан байвал, хөдөлмөрийн гэрээг цуцлах шууд үндэслэл болно гээд зааж өгсөн. Нэхэмжлэлийн шаардлага дээр тодорхойгүй зүйл олон байна. Хөтөлбөрийн албаны хурлаар н.Б-г халаагүй, өөрийн хүсэлтээр ажлаас халсан гэж ойлгоод байх шиг байна. Нэхэмжлэгч тал ажил хариуцлага, хэнд хандаж чөлөө авах дүрэм журмаа мэдэх ёстой. Болохгүй бол албан ёсоор, энэ дүрэм журмын энэ заалт нь болохгүй байна гэж хүсэлт гаргах нь чөлөөтэй. Өмнө шүүх хуралдаан дээр танай талын гэрч ирээд, яг ижилхэн шалтгаанаар чөлөө авахдаа албан ёсоор чөлөөгөө аваад явсан гэдгээ хэлсэн. Нэхэмжлэгч захиралдаа бичгээр хүсэлтээ гаргаж өгөх боломж байсан.Тэр өдрөө ажлаа дуустал хийгээд гарсан гэх нотлох баримтгүй, өглөө бүртгүүлчээд гарснаа нотлохгүй байна. Хурлын протоколд н.Б- нь 21 цаг хүртэл шалгалтын материалаа бэлдэж сууж байснаа баримтжуулж, шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Дотоод журмын 7.2.2-т хөдөлмөрийн сахилгын зөрчилд шийтгэл ногдуулахтай холбоотой харилцааг зохицуулсан. Г.Ж-ын сахилгын зөрчил нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дугаар зүйлийн 40.1.4.-т заасан гэрээг шууд цуцлах зөрчил гаргасан. Бусад тохиолдолд сануулдаг, цалинг хасах дээр хамт олны саналаар авдаг. Г.Ж- энэ байгууллагад ажиллах ёсгүй, ажилд авсан тушаал дээр овгийн нэр нь зөрүүтэй байсан гэтэл энэ хүн ажлаа хийгээд явж байсан. Удирдах зөвлөлийн баталсан 2017 оны 08 сарын дүрмийн 4.1-д Монголын Улсын Боловсролын их сургуулийн өөрийн удирдлагыг удирдах зөвлөл, мэргэжлийн удирдлагыг эрдмийн зөвлөл, захиргааны удирдлагыг захиргааны зөвлөл гэж байгаа. Нэхэмжлэгч зохих журмын дагуу чөлөөгөө авч яваагүй асуудал нь хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл юм.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 128.1.5. дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Ж-ыг МУБИС-ийн Багшийн сургуулийн оюутан хариуцсан зохион байгуулагчийн үүрэгт ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч МУБИС-иас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6 636 948/зургаан сая зургаан зуун гучин зургаан мянга есөн зуун дөчин найм/ төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Г.Ж-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 446 819 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т заасныг баримтлан олговорт олгогдох 6 636 948 төгрөгөөс шимтгэл хураамжийг холбогдох байгууллагад нь төлж, Г.Ж-ын нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүртэлх хугацааны сар тутмын нөхөн бичилтийг зөвтгөн хийхийг хариуцагч МУБИС--д үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 191 341 /нэг зуун ерэн нэгэн мянга гурван зуун дөчин нэг/ төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Учир нь шүүх уг нэхэмжлэлийг хэлэлцэн шийдвэрлэх явцад хэргийг хэт нэг талыг баримтлан шийдвэрлэж. хэрэгг авагдсан нотлох баримтуудыг бодитоор үнэлэхгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Тус шүүгчийн гаргасан 181/ШШ2019/02289 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт шүүгч МУБИС-ийн Багшийн сургуулийн захирлын хэлснийг шүүхэд ирүүлсэн хариу тайлбараас эсрэгээр илэрхийлсэн болгож үндэслэл хэсэгт дараах байдлаар дурьдсан "... захирал Ц.Д- хөтөлбөрийн албаны дарга дарга Б-д хэлээд ажил төрлөө зохицуул гэж хэлсэн” байдпаар эхэлнэ. Хариуцагчийн гаргасан тайлбарт зохих журмын дагуу шийдвэрлүүл” гэж хэлснийг уулзах үед нь зөвшөөрөл олгосон мэтээр үндэслэж тэмдэглэсэн байна. Нэхэмжлэгч мөн адил шүүх хуралд оролцох явцад тус сургуулийн захирлыг амаар зөвшөөрөл олгосон гэж ойлгосон хэмээн дурьдсан байсан ч энэ тухай шүүхийн шийдвэрт дурьдагдаагүй байна. Шүүхийн шийдвэрт дурьдагдаагүй хэдий ч Г.Ж-ын өөрийн гаргасан нэхэмжлэлд бичигдсэн байгаагаар нотлогдох бопно Гэтэл тус дүүргийн шүүгчийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тухайн үйл явцын талаар бодит байдлаас ташаа дүгнэж шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна. Мөн үндэслэлийн удаах хэсэгт ажил олгогчийн гаргасан шийдвэрт "... ажилтанд ажилласан хугацааны цалин хөлс бүрэн олгогдсон гэж үзэх боломжгүй нөхцөл болж байна”хэмээн хэмээн илт ташаа үндэслэл тэмдэглэсэн байдаг ба ажилтныг ажилласан нийт хугацаанд цалин хөлсөө бүтэн авсан тухай шүүх хуралдаанд оролцох үед илэрхийлсэн байдгийг шүүхийн шийдвэрт тусгаагүй бөгөөд, энэ талаар дурьдахдаа цалин хөлс нь бүрэн олгогдоогүй мэтээр тайлбарласнаар үргэлжилж байгаад гомдолтой байна. Мөн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд цалин хөлс дутуу олгогдсон талаар нэхэмжлэл гаргаагүй байтал ямар зорилгоор энэ нөхцеп байдлыг шийдвэрт үндэслэж байгаа нь ойлгомжгүй байна. Түүнчлэн, хариуцагч талаас өөрийн гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд оролцох явцад тайлбарласнаар нотлогдох хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохуйц нөхцөл байдал үүссэн талаар тайлбарласан боловч хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан мэтээр тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна. Шүүгч тухайн шийдвэртээ хөдөлмөрийн тухай хуулийн зарим, зүйл заалтыг тайлбарлах тухай дээд шүүхийн тогтоолын ноцтой зөрчил хэсгийг үндэслэж тайлбарласан байх боловч “...Г.Ж-ыг буруутгасан үилдэлд холбогдох хуулийн заалт баримтлаагүй’’, “...хөдөлмөрийн гэрээний ямар нэгэн заалтад үндэслээгүй”. Мөн шүүгч нь Багшийн Их Сургуулийн захирал Ц.Д- ажлын 5-н өдөр хүртэлх чөлөөг олгох хэрэгтэй, олгосон чөлөөний хуудсуудыг хөтөлж санхүү тооцоо хийх зохицуулалттай байх боловч ийм тооцоо баримт ирүүлээгүй гэж дүгнэсэн нь нэхэмжпэгчийн гаргасан үндэслэлгүй хүсэлтийг хангах зорилгоор үйлдэгдээгүй баримт нотолгоог хариуцагч талаас гаргах ёстой байсан боловч гаргаагүй мэтээр тайлбарлаж дүгнэсэнд гомдолтой байна. Мөн нэхэмжлэгчийн "...Боловсропын Их Сургуульд ерөнхий захиралын үүрэг гүйцэтгэгчийн тушаалаар ажилд томилогдож ажилласан байх атал ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2019 оны Б/03 тушаал захирлын тушаал гаргах эрх бүхий этгээд болохыг нотолсон баримт ирүүлээгүй байна" хэмээн дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Учир нь үүрэг гүйцэтгэгчийн тушаалаар хөдөлмөрийн харилцаа үүссэн байсныг шүүгч хүлээн авч тус харилцааг дуусгавар болсон нэхэмжлэлийг хүлээн авснаар хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж зөвшөөрсөн атал хөдөлмөрийн харилцааг дуусгавар болох эрх бүхий этгээд мөн биш болох талаар дүгнэлт гаргаж байгаа нь нэг талаар өөрийн гаргасан шийдьэрийг эсэргүүцэж байгаатай ижип бөгөөд нэхэмжлэлд дурдагдаагүй асуудлаар нотлох баримт дутуу ирүүлсэн мэтээр дүгнэлт үйлдэж байгаа нь шүүгч нэг талыг хэт баримталсан шийдвэр гаргасан байна гэж үзэх нөхцөл бүрдсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох бэримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн заалтуудыг тус тус илтэд зөрчиж шийдвэр гаргаж байгаад харамсаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т ажил олгогчийн санаачилгаар хедөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болно хэмээн заажээ. 2006 оны Хөдөлмерийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын дээд шүүхийн 33 дугаар тоггоолын 15.4.2-т "ноцтой зөрчил" гэдгийг ажил олгогчид .... түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцгюгтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна гэж тайлбарласан байна. Ийнхүү ажил олгогч нь хөдөлмөрийн тухай хуульд зааснаар өөрийн дотоод журмыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, ямар төрлийн зөрчлийг ноцтой зөрчилд тооцох талаар Дотоод журмын тав дугаар хэсэгт тодорхой заасан байх бөгөөд 5.3.7.2-ын 2-т “ажилтан нь хичээлийн жилийн нэг улиралд ажлын 3 өдөр буюу нийлбэрээрээ 24 цагийн ажил тасалсан нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохуйц ноцтой зөрчил гэж заасан байдаг. Мөн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтны цалингүй чөлөөг бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн челөө олгох бөгөөд бичгээр хүсэлт гаргаагүй тохиолдолд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлыг тасалсанд тооцож хөдөлмөрийн гэрээг цуцалж дуусгавар болгоно гэж Дотоод журмын 5 6.6-д тодорхой заасан байдаг Энэ талаар нэхэмжлэгч мэдээгүй байх нөхцөл байхгүй болох нь дараах баримт / тайлбараар нотлогдох болно. Үүнд нэхэмжлэгч Г.Ж- нь 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажил олгогчтой Хөдөлмөрийн гэрээг байгуулсан байх ба гэрэзний арын хэсэгт Хөдөлмөрийн дотоод журамтай танилцсан хэмээн гарын үсэг зурсан байх бөгеөд тус гэрээний 4.4-т Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар МУБИС- ийн хөдөлмөрийн дотоод журмын .... 5.3.7.2-ийн 1-5-д ... заасан ноцтой зөрчлийг гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцална гэж заасан байх бөгөөд тусгайлан дотоод журамд заасан зохицуулалтыг хөдөлмөрийн гэрээнд давтан бичсэн болох нь хэрэгт хавсрагдсан хөдөлмөрийн гэрээ, Дотоод журмаар нотлогдож байна. Ийнхүү ажил олгогчийн зүгээс хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчилд тооцогдох нөхцөлүүдийг тусгасан байдаг. Мөи нэхэмжлэгч нь Дотоод журамд заасан чөлөөний талаар, чөлөө хүсэх талаар маш сайн мэдлэгтэй нь дараах тайлбар/баримтаар нотдогдох болно. Үүнд нэхэмжлэгч Г.Ж- нь 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 2 өдрийн, 12 дугаар сарын 03-ны өдөр 3 өдрийн буюу нийт 5 өдрийн чөлөөг авч эдэлсэн бөгөөд /баримтыг хавсаргасан болно/ Дотоод журмын 5.6 1- т зааснаар хичээлийн жилд 5 өдөр буюу 40-с илүүгүй цагийн цалингүй чөлөө олгох боломжтойг мэдэж байсан тул нэхэмжлэлд дурдсан 12 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд цалингүй чөлөө олгогдох боломжгүй тул амаар мэдэгдсэн болж, албан ёсоор буюу дүрэм журамд нийцүүлэн хүсэлт гаргаагүй байдаг. Ийнхүү дээрх нөхцөл байдлыг бодитоор үнэлэлгүй, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан улмаас ажлаас чөлөөлсөн мэтээр хэргийг үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлэлгүй дүгнэлт гаргасан мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримт шаардлага хангаагүй гэж үзсэн бол мөн хэрэгт ач холбогдол бүхий баримтыг шинээр бүрдүүлж шүүх хуралд гаргаж өгөхийг шүүх хурлын явцад амаар гаргасан боловч хүсэлтийг хүлээн авалгүй шүүх хурлыг үргэлжлүүлэн, энэ талаар өөрийн гаргасан шийдвэртээ дурьдаагүй байгаад гомдолтой байх тул хүсэлтийг хүлээн ав*-' шүүхийн өмнө эрх тэгш оролцох боломжоор хангаж уг хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч Г.Ж- нь хариуцагч МУБИС-д холбогдуулан оюутан хариуцсан зохион байгуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэж маргажээ.

 

            Нэхэмжлэгч Г.Ж- нь хариуцагч МУБИС-ийн бүрэлдэхүүн сургуульд 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс оюутан хариуцсан зохион байгуулагчаар хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байгаад тус газрын ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 23, 24, 47, 38 дугаар зүйлийн 38.1.1, МУБИС-ийн дотоод журмын 5.2.4., 5.6.6, Багшийн сургуулийн захиргааны зөвлөлийн хурлын тэмдэглэлд заасан үндэслэлээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ. /хэргийн 23-24 дүгээр тал/

 

Уг тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч Г.Ж- нь нэхэмжлэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаанд буюу 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд гаргасан байна.

 

МУБИС-ийн дотоод журмын 5.6.6-д “Цалингүй чөлөөг багш, ажилтны бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн нэг жил хүртэл хугацаагаар сунгаж болно. Бичгээр хүсэлт гаргаагүй хугацаа хэтэрсэн тохиолдолд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсанд тооцож хөдөлмөрийн гэрээг цуцалж дуусгавар болгоно” гэж заажээ. /хэргийн 70 дугаар тал/

 

            Талуудын тайлбараар нэхэмжлэгч Г.Ж- нь 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Багшийн сургуулийн захирал Ц.Д-тай уулзаж амаар 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 14-ний өдөр хүртэл ажлын 5 өдрийн чөлөө хүссэн, захирал Ц.Д- хөтөлбөрийн албаны дарга н.Б-д хэлээд ажил төрлөө зохицуул гэж хэлсэн, хөтөлбөрийн албаны дарга н.Б- тэр өдөр 21 цаг хүртэл ажилтай байснаас Г.Ж- н.Б-тай уулзалгүй Хятад Улс руу явсан үйл баримт тогтоогдож байх ба энэ талаар талууд маргаагүй байна. Харин нэхэмжлэгч хариуцагч байгууллагаас бичгээр чөлөө авсан эсэх талаар маргажээ.

 

            Тодруулбал, МУБИС-ийн багшийн сургуулийн захиргааны зөвлөлийн хурлын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн протоколоос үзэхэд Захирал Ц.Д- нь оюутан хариуцсан зохион байгуулагчаар ажиллаж байгаа Г.Ж- ажлын 5 хоногийн чөлөө авья гэж амаар хэлэхэд би хариуцаж байгаа хөтөлбөрийн албаны даргадаа хэлээд ажлаа зохицуулж, бичгээр чөлөө авах шаардлагатай хэмээн дотоод журамд заасан заалтыг хэлж, 7 хоногийн дараа Г.Ж-ын ээж нь амралтын өдөр над руу залгаад манай охин виз мэдүүлэхээр Бээжин хот явсан боловч виз нь гарахгүй байгаа гэж, дахин 7 хоногийн чөлөө сунгаж өгөөч гэж хэлсэн талаар тусгагдсан байна. /хэргийн 228-232 дугаар тал/ Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийг чөлөө авалгүйгээр, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзэх үндэслэлгүй. Тодруулбал, нэхэмжлэгч чөлөө авах хүсэлтийг бичгээр гаргаагүй байдлыг хөдөлмөрийн гэрээнд заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзэх буюу хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох ноцтой зөрчилд тооцох үндэслэлгүй байна.

 

            Түүнчлэн, хэрэгт авагдсан Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаагаар нэхэмжлэгч Г.Ж- 2018 оны 12 сарын 10-ны өдөр Монгол Улсын хилээр гарсан, 2018 оны 12 сарын 20-ны өдөр Монгол Улсын хилээр орсон болох нь тогтоогдож байна./хэргийн 136-137 дугаар тал/

 

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан Бүртгэл хяналтын карт, хурлын шийдвэр хүргүүлэх тухай албан бичгийн хуулбаруудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангаагүй буюу үнэлэх боломжгүй баримтууд гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.   

 

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, маргааны зүйлд хамаарах Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

            Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт заасанд нийцжээ.

 

            Дээрх үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2020/02289 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 191 341 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                      ШҮҮГЧИД                              Ч.ЦЭНД

 

                                             С.ЭНХТӨР