Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 135/ШШ2020/01127

 

 

2020 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 135/ШШ2020/01127

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2020/01138/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн ..... тоотод оршин суух О овогт Т.Т /РД:...../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн .....тоотод оршин суух Ц овогт Ц.У /РД:...../-д холбогдох,

 

"Зээлийн гэрээний үүрэгт 7,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Т, хариуцагч Ц.У, гэрч Ц.Алтангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Тшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн танил Ц.А охин Ц.У нөхөр Солонгос улсруу ажиллахаар явах гээд банканд байршуулах 5,000,000 төгрөг хэрэгтэй байна гэж гуйсны дагуу Ц.А дансруу өөрийн хүргэн Ц данснаас 5,000,000 төгрөгийг 2017 оны 09 сард шилжүүлсэн. Ц.А 3 сарын дотор хүүхдүүд мөнгө явуулахаар нь төлнө гэж хэлж байсан боловч төлөхгүй бараг жил болсон. Тэгэхээр нь би Ц.А удаа дараа уулзаж мөнгөө нэхээд сүүлдээ ямар нэгэн баталгаа байхгүй бол болохгүй гэж бодоод зээлийн гэрээ бичгээр хийж нотариат дээр очье гэхэд охин Ц.У явуулж гарын үсэг зуруулсан. Бид гэрээнд 3 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэйгээр зээлсэн. Нэгэнт Ц.У гэрээнд гарын үсэг зурсан тул Ц.У мөнгөө шаардаж байна. Гэрээнд гарын үсэг зурна гэдэг бол хариуцлага би хүлээнэ гэсэн үг шүү дээ. Иймээс Үндсэн зээлийн 5,000,000 төгрөг, хүү 2,700,000 төгрөг, нийт 7,700,000 төгрөгийг Ц.У гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ц.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Тнь надаас ямар ч үндэслэлгүй мөнгө нэхэж байгааг зөвшөөрөхгүй байна. Т.Т мөнгө зээлж аваагүй. 2018 оны 07 сарын 24-ний өдөр манай ээж Ц.А намайг дуудаж нэг гэрээнд гарын үсэг зураад өгөөч гэсний дагуу би гарын үсэг зурсан. Тухайн үед ээж Ц.А Т.Т гэдэг хүнээс 5,000,000 төгрөг зээлж аваад, одоо нэхээд байна, заавал ажил хийдэг хүнээр гарын үсэг зуруулна гээд байна гэхээр нь би зурсан. Шүүхээс дуудаж нэхэмжлэл гардан аваад ээжийн дансны хуулгыг үзэхэд Ц гэх хүнээс ээжийн дансруу 5,000,000 төгрөг орсон байсан. Бодит байдал дээр манай ээж Ц.А, Т.Т нарын хоорондын мөнгөний асуудал бөгөөд энэ нь надад хамааралгүй. Би нэг ч төгрөг авч хэрэглээгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Т нь хариуцагч Ц.У холбогдуулан үндсэн зээлийн төлбөрт 5,000,000 төгрөг, зээлийн хүүнд 2,700,000 төгрөг, нийт 7,700,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Ц.Унь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ Т.Т мөнгө зээлээгүй, ээж Ц.А гуйснаар гэрээнд гарын үсэг зурсан гэж тайлбарлаж байна.

Хэрэгт 2018 оны 07 сарын 24-ний өдрийн 1343 дугаартай Зээлийн гэрээ авагдсан бөгөөд тус гэрээгээр Т.Т нь 5,000,000 төгрөгийг 2018 оны 07 сарын 01-ний өдрөөс 2018 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаатайгаар 3 хувийн хүүтэй олгох, зээлийг бэлнээр 2018 оны 07 сарын 01-ний өдөр зээлдэгчид хүлээлгэн өгөхөөр тус тус заажээ.

 

Шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбар, гэрч Ц.А ... 2017 оны 09 сард Т.Т би 5,000,000 төгрөг зээлж аваад өгөөгүй нь үнэн. Сүүлд 2018 оны 7 сарын 24-ний өдөр гэрээг бичгээр хийгээд ажилтай хүн гэхээр нь охин Ц.У гарын үсэг зуруулсан. Түүнээс тэр гэрээгээр манай охин мөнгө авсан зүйл байхгүй гэсэн мэдүүлэг зэргээр дээрх зээлийн гэрээний дагуу 5,000,000 төгрөгийг хариуцагч Ц.У шилжүүлэн өгөөгүй болох нь тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө .... шилжүүлэх, зээлдэгч нь .... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282.4-д мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгч Т.Т нь хариуцагч Ц.У 5,000,000 төгрөгийг шилжүүлэн өгөөгүй, түүний ээж Ц.А тохирсны дагуу түүнд өгсөн нь үнэн боловч сүүлд гэрээг нөхөж хийхдээ түүний охин Ц.Удвал гарын үсэг зурсан тул ээжийнхээ өр төлбөрийг охин нь хариуцах ёстой гэсэн тайлбар нь дээрх хуульд заасан шаардах эрхийг үүсгэхгүй юм.

 

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан зээлийн гэрээний дагуу үүрэг үүсээгүй байх тул Т.Тнь хариуцагч Ц.У гэрээний үүрэг шаардах эрхгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Т.Т хариуцагч Ц.У холбогдуулан гаргасан 7,700,000 төгрөгийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Т хариуцагч Ц.У холбогдуулан гаргасан 7,700,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146,223 төгрөгөөс 138,150 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 8,073 төгрөгийг нэхэмжлэгч Т.Т буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ