Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 1

 

Э.М-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2020/01114/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  11 дүгээр сарын 05-ны өдрийн 1127 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Э.М-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдох

“Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, дахин шинжээч томилуулж үнэлгээ гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Э.М-н давж заалдсан гомдлыг үндэслэн

          2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Нэхэмжлэгч Э.М- шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1292 дугаар захирамжаар “Н- Х-” ХХК болон Ж.А-, Э.М- нараас 392.859.211 төгрөгийг гаргуулж Т- Б-ны Дархан салбарт олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдан бид хоёрын өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр баг, 4-3-3 тоот орон сууц болон Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар багт байрлах 360м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, 477м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын хамт битүүмжлэн хураан авч шинжээчээр “Т- О- Ө-” ХХК-ийг томилон үнэлүүлэхэд 3 өрөө орон сууцыг 56.422,510 төгрөг, барилгыг газрын хамт 367.860.690 төгрөгөөр тус тус үнэлсэн.

Шинжээч нь зах зээлийн ханшийг бодитой тогтоолгүй, өмчлөгч миний эд хөрөнгийг үнэгүйдүүлсэнд туйлын гомдолтой байна. Иймд үнэлгээг хүчингүй болгож, дахин шинжээч томилуулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Төлбөр төлөгч Ж.А-, Э.М- нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан эрхийн улсын бүртгэлийн Ү-2003010794 дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр баг, 4-3-3 тоотод байрлах 40.0м.кв талбайтай 3 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003013331 дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, “Хариг төв”-ийн зүүн талд байрлах 360м.кв талбайтай, барилгын дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, 17 дугаар хороололд байрлах үйлчилгээний зориулалттай, эзэмших эрхийн 0339511 дугаартай, нэгж талбарын 080152119 дугаартай, 477 /0.04/м.кв талбайтай газрын хамт 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 17070062/12, 17070062/13 дугаартай тогтоолоор хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талуудаас үнийн санал авах ажиллагааг зохион байгуулахад талууд үнийг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 20/12, 20/13 тоот тогтоолоор “Т- О- Ө-” ХХК-ийн шинжээчийг томилсон.

Шинжээч нь холбогдох хууль, стандартыг баримтлан тогтоож 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр үнэлгээний тайлан ирүүлсэн. Үүнд: 3 өрөө орон сууцыг 56.422.510 төгрөг, барилгын дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт 367.860.690 төгрөгөөр тус тус үнэлснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 03/1420, 03/1421 дугаартай албан бичгээр мэдэгдсэн.

Төлбөр төлөгч Э.М-, Ж.А- нар нь тус газарт 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр бие даан худалдан борлуулах хүсэлт бичгээр гаргасан тул хүсэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т заасны дагуу хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл бие даан худалдан борлуулах 30 хоногийн хугацааг олгосон. Тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй тул мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.5, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн шинжээчийн тогтоосон үнэлгээ 56.422.510 төгрөгийн 70 хувь болох 39.495,757 төгрөгөөр дуудлага худалдааны үнийг тогтоож, 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цаг 00 минутад тус Шийдвэр гүйцэтгэх газрын 10 тоотод зохион байгуулах анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар нийтэд мэдээлж, төлбөр төлөгч нарт 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 20/30 дугаартай албан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг гардуулж өгсөн ба тус шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 4401 дугаартай захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн болно.

Нэхэмжлэгч тал нь хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг зөрчиж худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд гаргасан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1127 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д тус тус заасныг баримтлан Э.М-н Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан “Т- О- Ө-” ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулах, дахин шинжээч томилуулж, үнэлгээ тогтоолгох тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар гомдол гаргагч Э.М-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Э.М- давж заалдсан гомдолдоо:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1127 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Тус шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1292 дугаар захирамжаар “Н- Х-” ХХК болон Ж.А-, Э.М- бид нараас 392.859.211 төгрөгийг гаргуулж Т- Б-анд олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж барьцаа хөрөнгө болох Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол 3 дугаар байрны 3 тоот 3 өрөө орон сууц болон Дархан-Уул аймгийн Дархан сумын 8-р багт байрлах 360 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилгыг 477 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын хамт битүүмжлэн хураан авч шинжээчээр “Т- О- Ө-” ХХК-ийг томилон үнэлүүлсэн.

Тус компани нь миний эд хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлж үнэгүйдүүлсэн тул дахин шинжээч томилж үнэлүүлэхээр нэхэмжлэл гаргасан боловч анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө” гэж заасан байхад шийдвэр гүйцэтгэгч Б.Э- нь надад дүгнэлтийг танилцуулаагүй, дүгнэлтийн хувийг өгөөгүй, би өөрөө Улаанбаатар хотоос 2020 оны 09 дүгээр сард ирж нэхэж байж нотариатаар батлуулж авсны дараа шүүхэд гомдол гаргасан.

Шийдвэр гүйцэтгэгч надад дүгнэлтийг танилцуулсан эсэх нотлох баримт байхгүй байхад хариуцагчийн тайлбарыг үндэслэл болгосонд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Э.М-гаас Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч талаас эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1292 тоот “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар “Н- Х-” ХХК болон Ж.А-, Э.М- нараас 392.859.211.03 төгрөгийг гаргуулан “Т- Б-”-ны “Дархан салбар”-т олгохоор шийдвэрлэжээ.

Дээрх шүүгчийн захирамжийг “албадан гүйцэтгүүлэх тухай” гарсан шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 6800 дугаар захирамжийн дагуу бичигдсэн мөн өдрийн 1073 тоот “Гүйцэтгэх хуудас”-ыг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 83 тоот “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол”-оор шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Уг ажиллагааны дагуу төлбөр төлөгч Э.М-н өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол, 3 дугаар байрны 03 тоот 40.0м.кв бүхий орон сууц болон Ж.А-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, “Хариг” төвийн зүүн талд байрлах барилгын дэлгүүрийн зориулалттай 360.0м.кв талбайтай үйлчилгээний барилга зэргийг битүүмжлэн хураан авчээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 20/12 тоот тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлийн 55.2-т заасныг тус тус үндэслэн “Т- О- Ө-” ХХК-ийг дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг тогтоолгохоор шинжээчээр томилжээ.

“Т- О- Ө-” ХХК-аас 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 2100106 дугаар шинжээчийн дүгнэлт буюу үнэлгээний тайланг гарган шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсэн байх ба төлбөр төлөгч нарт үл хөдлөх эд хөрөнгүүдэд нь үнэлгээ хийгдсэн болон тухайн эд хөрөнгүүдээ бие даан худалдан борлуулах 30 хоногийн хугацаа олгосон болох нь ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 03/1488 дугаар “Мэдэгдэх хуудас”-аар нотлогдож байна.

Нэхэмжлэгч Э.М- нь анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудсыг 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр гардан авсан, шинжээчийн гаргасан үнэлгээний тайланг мөн оны 06 дугаар сард гардаж авсан хэмээн мэдүүлсэн. 

Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар хугацааг хуанлийн он, сар, өдөр, гаригаар буюу жил, улирал, сар, долоо хоног, хоног, цагаар тодорхойлохоор заасан бөгөөд мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т “...жил, хагас жил, улирал, сараар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах сарын мөн өдөр дуусна, хугацаа дуусах сарын мөн өдөр байхгүй бол уг хугацаа тухайн сарын эцсийн өдөр дуусна...” хэмээн заасан.  

Төлбөр төлөгч Э.М- нь “Т- О- Ө-” ХХК-аас гаргасан шинжээчийн үнэлгээний тайланг эс зөвшөөрч байгаа гомдлоо 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр анхан шатны шүүхэд гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “...талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно...” гэж заасныг зөрчсөн гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

Иймд нэхэмжлэгч Э.М-н гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Харин хуульд заасан дээрх хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн хэмээн үзэж сэргээн тогтоож хэргийг гомдлын дагуу агуулгын хувьд хянаагүй атлаа “...нэхэмжлэгч талаас үнэлгээний тайланг үгүйсгэх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул үл хөдлөх эд хөрөнгүүдийг нь зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж үзэх боломжгүй...” гэх анхан шатны шүүхийн дүгнэлт нь ач холбогдолгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1127 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Э.М-н гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           О.НАРАНГЭРЭЛ

                                                                 ШҮҮГЧИД                           Л.АМАРСАНАА                    

                                                                                                             М.МӨНХДАВАА