Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2021/00996

 

 

 

*******н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч, Б.Мөнхтуяа, П.Золзаяа, Х.Сонинбаяр, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1127 дугаар шийдвэр,

 

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дүгээр магадлалтай,

 

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих анги

 

нэхэмжлэл: Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, дахин шинжээч томилуулж үнэлгээ гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч *******н хяналтын журмаар 2021.01.28-ны өдөр гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхмаа, нарийн бичгийн даргад Г.Ууганзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016.10.05-ны өдрийн 1292 дугаар захирамжаар Нүнжигт хангай ХХК болон Ж.Алтанхуяг, ******* нараас 392,859,211 төгрөгийг гаргуулж Төрийн банкны Дархан салбарт олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдан бид хоёрын өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 9-р баг, 4-р хороолол, 3-р байрны 3 тоот орон сууц болон Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар багт байрлах 360 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, 477м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын хамт битүүмжлэн хураан авч шинжээчээр Тольдох оюуны өгөөж ХХК-ийг томилон үнэлүүлэхэд 3 өрөө орон сууцыг 56,422,510 төгрөг, барилгыг газрын хамт 367,860,690 төгрөгөөр тус тус үнэлсэн. Шинжээч нь зах зээлийн ханшийг бодитой тогтоолгүй, өмчлөгч миний эд хөрөнгийг үнэгүйдүүлсэнд туйлын гомдолтой байна. Иймд үнэлгээг хүчингүй болгож, дахин шинжээч томилуулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч тайлбартаа: ИХ-н 177.1-д заасны дагуу талуудаас үнийн санал авах ажиллагааг зохион байгуулахад талууд үнийг харилцан тохиролцоогүй тул ШШГТХ-н 55.2.2-т зааснаар 2020.04.28-ны өдрийн 20/12, 20/13 тоот тогтоолоор Тольдох оюуны өгөөж ХХК-ийн шинжээчийг томилсон. Шинжээч нь холбогдох хууль, стандартыг баримтлан тогтоож 2020.05.26-ны өдөр үнэлгээний тайлан ирүүлсэн. Үүнд: 3 өрөө орон сууцыг 56,422,510 төгрөг, барилгын дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт 367,860,690 төгрөгөөр тус тус үнэлснийг ШШГТХ-н 55.3-т заасны дагуу 2020.05.26-ны өдрийн 03/1420, 03/1421 дугаартай албан бичгээр мэдэгдсэн. Төлбөр төлөгч *******, Ж.Алтанхуяг нар нь тус газарт 2020.06.01-ний өдөр бие даан худалдан борлуулах хүсэлт бичгээр гаргасан тул хүсэлтийг ШШГТХ-н 62.2-т заасны дагуу хүлээн авч, 2020.06.30-ны өдрийг хүртэл бие даан худалдан борлуулах 30 хоногийн хугацааг олгосон. Тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй тул мөн хуулийн 62.5, ИХ-н 177.1-т заасны дагуу дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн шинжээчийн тогтоосон үнэлгээ 56,422,510 төгрөгийн 70 хувь болох 39,495,757 төгрөгөөр дуудлага худалдааны үнийг тогтоож, 2020.09.22-ны өдрийн 10 цаг 00 минутад тус Шийдвэр гүйцэтгэх газрын 10 тоотод зохион байгуулах анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар нийтэд мэдээлж, төлбөр төлөгч нарт 2020.09.04-ний өдрийн 20/30 дугаартай албан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг гардуулж өгсөн ба тус шүүхийн шүүгчийн 2020.09.22-ны өдрийн 4401 дугаартай захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн болно. Нэхэмжлэгч тал нь хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдлоо ШШГТХ-н 55.7-д заасныг зөрчиж худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд гаргасан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 1127 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д тус тус заасныг баримтлан Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Тольдох оюуны өгөөж ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулах, дахин шинжээч томилуулж, үнэлгээ тогтоолгох тухай *******н шаардлагыг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

 

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дүгээр магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1127 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, *******н гомдлыг хангахгүй орхиж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.

 

Нэхэмжлэгч ******* хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдан бидний өмчлөлийн барьцаа хөрөнгүүдийг битүүмжлэн, хураан авч шинжээчээр Тольдох оюуны өгөөж ХХК-ийг томилон үнэлүүлсэн байсан. Шийдвэр гүйцэтгэгч Б.Энхмаа нь шинжээчийн үнэлгээг Ж.Алтанхуяг, ******* бид хоёрт танилцуулан хүргүүлээгүй бөгөөд би УБ хотод байсан. 2020.09-р сард би Дархан-Уул аймагт ирэн үнэлгээний тайлантай танилцахыг хүсэн хувийг авах гэтэл өгөөгүй учир нотариатаар батлуулж аван үнэлгээтэй танилцсаны үндсэн дээр шүүхэд гомдол гаргасан. Хавтаст хэрэгт ******* надад үнэлгээний тайланг 2020.06-р сард танилцуулж гардуулж өгөн гарын үсэг зурсан талаар ямар нэгэн нотлох баримт байхгүй болно. Гэтэл 2 шатны шүүх нотлох баримтыг үндэслэл болголгүй зөвхөн хариуцагчийн үнэлгээг танилцуулсан гэх тайлбараар ШШГТХ-н 55.7-д ...талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-д заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасныг зөрчин гомдол гаргах хугацаагаа хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь буруу. ИХШХШТХ-н 40-д Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг үнэлнэ гэж заасныг зөрчин хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, ХХША-ны журмыг зөрчсөн гэж үзэж байгаа тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

******* 2020.09.17-ны өдөр Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Дархан-Уул аймаг, Дархан сум, 9-р баг, 4-р хороолол, 3-р байрны 3 тоот орон сууц, мөн сумын 8 дугаар багт байрлах 360 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, 477 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын үнэлгээг хүчингүй болгуулах, дахин шинжээч томилуулан үнэлгээ гаргуулахыг шаардсан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд ийнхүү шийдвэр гаргахдаа .... ******* үнэлгээний тайланг 2020.05.26-ны өдөр утсаар мэдэж, 2020 оны 06 дугаар сард авсан гэсэн атлаа гомдлоо 2020.09.17-ны өдөр гаргасан нь шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна.... шинжээч томилсны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт үнэлжээ.. хариуцагч хууль зөрчсөн гэх байдал тогтоогдоогүй.... үндэслэлээ нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.. гэсэн дүгнэлт хийжээ.

 

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээхдээ, анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзсэн байна.

 

1. Нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

а/. Дархан-уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2016.10.05-ны өдөр 1292 дугаартай захирамж гаргаж, Төрийн банкны Дархан салбарын 392,859,211 төгрөгийн шаардлагыг Нүнжиг хангай ХХК, Ж.Алтанхуяг, ******* нар зөвшөөрснийг баталсан бөгөөд төлбөр төлөгдөөгүйгээс албадан гүйцэтгэх ажиллагаа 2017.01.02-ны өдрөөс эхэлсэн байна.

 

Шүүгчийн 2016.10.05-ны өдрийн 1292 дугаар захирамжид үүргийн гүйцэтгэлийг ямар хөрөнгөөс хангах тухай заагаагүй хэдий ч эд хөрөнгө битүүмжилсэн, үнэлсэн ажиллагаанд төлбөр төлөгч гомдол гаргасан гэх баримт хэрэгт авагдаагүй, *******н нэхэмжлэлд зааснаас өөр хөрөнгийн талаарх мэдээлэл хэрэгт байхгүй тул шүүх хэргийг шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийг зөрчөөгүй гэж үзлээ.

 

б/. Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэнэ. Мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ. Мэдэгдэх хуудсыг түүнд заасан хүлээн авагчид гардуулан өгнө. Гардуулан өгвөл зохих хүн оршин суугаа газраа байхгүй бол мэдэгдэх хуудсыг түүний хамт амьдардаг арван найман насанд хүрсэн хүнд хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна. Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаар мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, шинжээчийн дүгнэлтийн талаар хариуцагч нь төлбөр төлөгч *******д 2020 оны 06 дугаар сард мэдэгдсэн ч нэхэмжлэлийг 2020.09.17-ны өдөр гаргасан нь тогтоогдсон тул гомдол гаргах хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн талаарх шүүхийн дүгнэлт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт нийцжээ.

в/. Нэхэмжлэлийн шаардлага татгалзлыг нотлох баримтыг гаргах үүргийг зохигч хүлээнэ. Шүүх нотлох баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийнэ.

Эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой дүгнэлт гаргахдаа шинжээч үндэслэлээ заасан байх бөгөөд шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль хэрэглээний алдаа гаргаагүй байна.

Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчийн гаргасан баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул гомдлыг хангахгүй орхино.

2. Шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэлийн үндэслэлд заасан Дархан-Уул аймаг, Дархан сум, 9-р баг, 4-р хороолол, 3-р байрны 3 тоот орон сууц нь *******н нэр дээр /хх 55/, харин мөн сумын 8 дугаар багт байрлах 360 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, 477м.кв талбайтай эзэмших эрхтэй газар нь Ж.Алтанхуягийн нэр дээр /хх54,56/ тус тус бүртгэлтэй байна.

 

Дархан-Уул аймаг, Дархан сумын 8 дугаар багт байрлах 360 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, 477 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар нь Ж.Алтанхуягийн нэр дээр бүртгэлтэй, шүүгчийн захирамжид эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангах талаар шууд заагаагүй байхад шүүх эдгээр хөрөнгийн үнэлгээний талаар *******н нэхэмжлэлээр дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн нь дутагдалтай болжээ.

 

Иймд Дархан-Уул аймаг, Дархан сумын 8 дугаар багт байрлах 360 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, 477 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын үнэлгээг хүчингүй болгуулах, дахин шинжээч томилуулан үнэлгээ гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэр магадлалд өөрчлөлт оруулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дүгээр магадлалын нэг дэх заалт, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1127 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг ..Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д тус тус заасныг баримтлан Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Дархан-Уул аймаг, Дархан сум, 9-р баг, 4-р хороолол, 3-р байрны 3 тоот орон сууцны үнэлгээг хүчингүй болгох, дахин шинжээч томилуулж үнэлгээ тогтоолгох тухай *******н нэхэмжлэлийг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд заасныг баримтлан Дархан-Уул аймаг, Дархан сум, 8-р багт байрлах 360 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, 477м.кв талбайтай эзэмших эрхтэй газарт холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай... гэж өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ

ШҮҮГЧИД, Б.МӨНХТУЯА

П.ЗОЛЗАЯА

Х.СОНИНБАЯР

Б.УНДРАХ