Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2021/00707

 

 

2021 03 26 181/ШШ2021/00707

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Т-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М театр-т холбогдох

Дуурь бүжгийн эрдмийн театрын захирлын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/319 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 22,583,904 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Н, Б.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, нарийн бичгийн дарга Б.Өлзийдэлгэр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Б.Т 1987 оноос театрт туслах бүжигчнээр орж 30 гаруй жил ажилласан. Би 2018 оны 01 дүгээр сараас Уран сайхны удирдагчаар томилогдон ажилласан. Ажиллаж байх хугацаандаа театрт их зүйлийг өөрчилж шинэчилсэн. Татвар төлөгчдийн мөнгийг үргүй зарцуулж, шамшигдуулж буй талаар театрын даргад олон удаа өргөдөл гаргаж байсан ч ямар ч арга хэмжээ авч байгаагүй. Сүүлдээ яамны дотоод аудит орж асуудлыг тогтоож Авилгатай тэмцэх газар руу явсан.

Энэ асуудлыг хөндсөний төлөө, шударгаар ажиллах гэсэн хүсэл зорилгыг үгүйсгэж, байгууллагаараа дайрч 2018 оны 08 сард Ц.Т захирал намайг ажлаас халсан.

Энэ шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу шүүхийн шийдвэрээр үндэслэлгүйгээр ажлаас халсан нь тогтоогдож, 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс ажилдаа орсон. Үүнээс хойш театрын захирал Ц.Т нь байнгын шахалт дарамт үзүүлж, ажлаа хийх боломж нөхцөлийг санаатайгаар хаан боогдуулж, хамт олныг минь миний эсрэг чиглүүлж, ажлын талаар ярилцах, санал солилцох, ажлаа гүйцэтгэх боломж олгохгүйгээр асуудалд хандаж ирсэн. Шүүхэд хандаж, хөдөлмөрлөх эрхээ эдэлсэний төлөө үргэлж л миний үг, үйлдлийг хянаж, гуйвуулж ялихгүй зүйлээр шалтаг хийн намайг ажлаас халах санаа зорилгоо шат дараатайгаар авч хэрэгжүүлсэн.

Миний бие 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 07 дугаар сарын 11-нийг дуустал Солонгос улсын Бусан хотод зохион байгуулагдах Олон улсын бүжгийн тэмцээнд Монгол улсын төлөөлөх балетын шүүгчээр оролцох болсон тул чөлөө олгохыг хүсэж, театрын захирал Ц.Т-тэй утсаар ярихад миний туслахад өргөдлөө өгчих гэсэн. Өргөдлөө бичгээр 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гарган захирлын туслахад өгөөд энэ талаараа захирал Ц.Т рүү ярьж хэлэх гээд 5 удаа залгахад утсаа аваагүй учраас би мессеж илгээсэн. Ингээд тус тэмцээний шүүгчээр ажиллаад иртэл театрын захирал Ц.Т нь 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал гаргасан. Би үнэхээр гайхсан. Би өргөдлөө өгөөд явсан байхад яагаад ингэж байна вэ? гэхэд би тушаалаа өөрчлөхгүй гэсэн. Би Ц.Т захирлаа цаашдаа надад ажиллахад хэцүү байна. Яаж ажиллахаа мэдэхгүй байна гэхэд гэнэт зөөлрөөд миний уран сайхны удирдагч бид нар үл ойлголцож, одооноос үл ойлголцоо засаж нэг баг болж сайхан ажиллая гэхээр нь байгууллагын удирдлага, нэг байгууллагад ажилладаг хүн юм чинь дахин шүүх энэ тэр гээд яах вэ гэж бодоод өнгөрсөн.

Гэтэл театрын захирал Ц.Т нь 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/22 дугаартай Б.Т-ыг ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал гаргасан. Тушаалын 1-д тус театрын уран сайхны удирдагч ажилтай Б.Т нь байгууллагын 2020 оны уран бүтээлийн төлөвлөгөөг боловсруулах, уран сайхны зөвлөлийн ажиллах шинэ журмын төслийг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр танилцуулах удирдлагаас өгсөн хугацаатай үүрэгт ажлыг хугацаанд нь биелүүлээгүй гэсэн шалтгаанаар намайг ажлаас халсан. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тухайн жилийн уран бүтээлийн төлөвлөгөө нь хичээлийн жилийн улиралтай адилаар буюу 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 06 дугаар сарыг дуустал хугацаанд театрт тоглогдох бүхий л уран бүтээлийн хөтөлбөр нь батлагдаж, номоор хэвлэгдэн гарчихаад байхад намайг уран бүтээлийн төлөвлөгөө боловсруулаагүй, үүрэгт ажлыг хугацаанд нь биелүүлээгүй гэж ажлаас халсанд гомдолтой байна.

Улсын дуурь бүжгийн эрдмийн театр бол онцлогтой газар, зүгээр нэг захиргааны албан газар биш, соён гэгээрүүлдэг газар юм. Манай байгууллага боловсролын систем шиг бүгдээрээ зэрэг амраад бүгдээрээ зэрэг ажилдаа ордог. Гэтэл намайг 2 сард амраана гэсэн мөртлөө намайг шүүхдээд ороод ирэхэд та амрахгүй гэсэн. Дараа нь амраахгүй гэж байгаад ажлаас халсан. Би 5 улсын 7 театрт гоцлол бүжигчин байсан. Тэр улсуудын гоцлол бүжигчин, балетмейстер, дасгалжуулагч багш, гадаад харилцааг хариуцаад ажиллаж байсан.  театрт ирээд өөрийнхөө мэдлэг чадвараа нутагшуулах ёстой гэж харж урам зоригтойгоор уран сайхны зөвлөлд хэлсэн. Яагаад өнөөдөр н.Ариунболд, н.Жавхлантөгс, н.Бадрал зэрэг сайхан залуучууд театрын босгыг давж чадахгүй байна гэж хэлсэнээс эхний зөрчилдөөн үүссэн.

Би 2020 оны 01 дүгээр сарын 15-нд уран сайхны зөвлөлийг арай гэж цуглуулаад уулзаж байхад Отгонжаргал хурлын дундуур орж гарчихаад гараа өргөөгүй, шийдвэр гаргаагүй гэж хэлсэнд гайхаж байна. Бүгд л гараа өргөж дэмжсэн. Би та нар надад нарийн бичиг өгөөч гэхэд байдаггүй, сүүлдээ Отгонжаргалыг гуйж протокол хөтлүүлсэн. Сүүлдээ аргаа бараад бичлэг хийсэн.

Би хоёр дахь удаагийн сахилгын шийтгэл авсныг мэдэхгүй. Анхны сахилгын шийтгэлд жудаг зааж шүүхдээгүй. Намайг зөвшөөрөлгүй 5 хоног явсан гэж сахилгын шийтгэл өгсөн мөртлөө дуурийн театрын 2 бүжигчин 2, 3 дугаар байр эзлээд ирж байхад арга хэмжээ аваагүй.

Иймд театрын захирлын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/319 дугаар Сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, Б.Т намайг М театрын уран сайхны удирдагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 13 сар 12 хоног буюу 2021 оны 03 дугаар сарын 26-ны байдлаар нийт 22,583,904 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг М театрт даалгаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагчийн шүүхэд гаргасан болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Б.Т-д 3 удаагийн хөдөлмөрийн сахилгын арга хэмжээ авсан тушаал байдаг. Үүнтэй холбогдуулж тайлбараа хэлье.

1. Б.Т нь тус театрт уран сайхны удирдагчаар ажиллаж байсан. 2019 оны 07 дугаар сарын 04-өөс 07 дугаар сарын 10-ны хооронд 5 хоног ажил тасалсан сахилгын зөрчил гаргасан тул Дуурь бүжгийн эрдмийн театрын захирлын 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/173 тоот тушаалаар уг зөрчилд нь үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах шийтгэл ногдуулсан. Дуурь бүжгийн эрдмийн театрын хөдөлмөрийн дотоод журмын 8.2.14-д Дуурь бүжгийн эрдмийн театрын захирлын зөвшөөрлөөр гадаад улсад мэргэжлийн уралдаан тэмцээнд оролцох тохиолдолд 10 хүртэл хоногийн буцалтгүй чөлөө олгоно гэсэн байдаг. Б.Т-ын өргөдөл орж ирсэн. Түүнтэй танилцаад театрын даргаас чөлөө олгохгүй гэх цохолтыг албан ёсоор хийсэн. Нөгөө талаас Б.Тад мэдэгдсэн. Гэтэл энэ хүн дур мэдэн ажил тасалж явсан учраас сахилгын шийтгэл ногдуулсныг үндэслэлтэй гэж үзэж байна.

2. 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Дуурь бүжгийн эрдмийн театрын балет ангийн уран бүтээлчдээс уран сайхны удирдагч Б.Тад холбогдуулан түүнийг балет ангийн уран бүтээлчдийн нэр хүндэд ноцтой халдаж, үг хэлээр гутаан доромжилсон үйлдэл гаргасан тухай гомдлыг захирлын нэр дээр ирүүлсэн болно. Мөн балетын бүжигчин Б.Т, П.Т нараас Б.Т нь тэдний нэр төр, алдар хүндийг олон хүний өмнө гутаан доромжилсон үйлдлийг хийсэн тул ёс зүйн хариуцлага тооцож өгнө үү гэсэн гомдлыг ирүүлсэн байсан. Захиргааны зүгээс эдгээр гомдол үндэстэй эсэхийг гомдол гаргасан уран бүтээлчидтэй уулзаж тодруулсан. Уран сайхны удирдагчийн хувьд Б.Т-д сахилгын шийтгэл ногдуулсан.

Захиргааны зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хурлаар балет ангийн уран бүтээлчдээс Б.Тад холбогдуулан гаргасан гомдлыг хэлэлцээд, уг гомдол нь үндэслэлтэй болохыг тогтоож түүнийг театрын удирдах албан тушаалтан уран сайхны удирдагч хүний хувьд байж боломгүй үйлдэл гаргасан байх тул гаргасан зөрчилд сануулах сахилгын зөрчил ногдуулсан. Уг зөрчил нь Б.Т нь балетын бүжигчин Б.Төгөлдөрийг ...... минь чамайг ална шүү, цөм цохино шүү, миний гутал чиний ......-наас цэвэрхэн, баастай ........... минь явж цагаан хорхойн шинжилгээ өг гэх зэргээр хамт олны өмнө гутаан доромжилсон. Балетын бүжигчин П.Т-ийн гэр бүлийг Аав нь архичин, ээж нь өвчтэй, дүү нь тахир дутуу гэх зэргээр хэлж ярьсан байсан ба гомдол гаргасан эдгээр уран бүтээлчидтэй зүй бусаар харьцсан, доромжилсон үйлдлийг гаргасан болох нь балетын ангийн уран бүтээлчидтэй уулзаж, ярилцсанаар тогтоогдсон.

Б.Т нь энэ үйлдлээрээ театрын уран сайхны удирдагчийн ажлын байрны тодорхойлолтод заасан театрын болон уран бүтээлчдийн харилцаа ёс зүйг боловсронгуй болгох, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг дээд зэргээр сахин биелүүлж, театрын уран бүтээлч, ажилтнууд болон харилцагч үзэгчдтэй зөв боловсон харилцах, ёс зүйн зөрчил гаргахгүй байх гэсэн ажлын байрны үндсэн чиг үүрэг, зорилтоо зөрчсөн сахилгын зөрчил гаргасан байсан. Б.Т-ын гаргасан зөрчилд нь Дуурь бүжгийн эрдмийн театрын захирлын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/319 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1 дэх хэсгийн заалтыг баримтлан сануулах сахилгын шийтгэл ногдуулсан ба уг шийдвэрт Б.Т гомдол гаргаагүй болно.

3. Тус театрын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн захиргааны зөвлөлийн хурлаар 2020 онд театрын нийт ажиллагсдыг ээлжийн амралтын хугацааг 7 дугаар сард байсныг өөрчилж, 2 дугаар сард амраахаар шийдвэрлэсэн.

Уг шийдвэртэй холбоотойгоор өмнө нь батлагдсан байсан 2019-2020 оны театрын 57 дахь улирлын уран бүтээлийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах шаардлага үүссэн тул театрын уран сайхны удирдагч Б.Тад байгууллагын 2020 оны уран бүтээлийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах, уран сайхны зөвлөлийн ажиллах шинэ журмын төслийг боловсруулж, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны дотор танилцуулах үүргийг өгсөн байсан. Иймд Б.Т нь 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 6 сарыг дуустал хугацааны театрт тоглогдох уран бүтээлийн төлөвлөгөөг боловсруулаагүй, үүрэгт ажлыг хугацаанд нь биелүүлээгүй гэж ажлаас халах ёсгүй гэж үзсэнийг зөвшөөрөх үндэслэлгүй юм.

Учир нь өмнөх батлагдсан төлөвлөгөөнд 2020 оны 2 дугаар сард театрт уран бүтээлийн тоглолт хийгдэхээр тусгагдсан байсан, мөн театрын уран бүтээлчдийг 2020 оны 7, 8 дугаар сард амрах хугацаанд ямарваа нэгэн тоглолт, уран бүтээл хийгдэхгүй байдлаар тусгасныг өөрчлөх ажлын шаардлага, нөхцөл байдал үүссэн тул уран сайхны удирдагч Б.Тад хугацаатай үүргийг өгсөн боловч тэрээр энэ үүрэгт ажлыг хийж гүйцэтгээгүй бөгөөд өөрөө энэ ажлыг хийж гүйцэтгээгүй болохоо нэхэмжлэлдээ хүлээн зөвшөөрсөн байна. Мөн Б.Т нь уран сайхны удирдагчийн болон уран сайхны зөвлөлийн 2019 оны ажлын тайланг гаргах хөдөлмөрийн гэрээний үүргээ биелүүлээгүй.

Иймд Б.Т-ын гаргасан энэхүү зөрчилд нь театрын захирлын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/22 тоот тушаалаар хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 1 жилийн хугацаанд хоёр ба түүнээс дээш гаргасанд тооцон, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийн заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.3.9, 10 дугаар зүйлийн 10.1 а.в заалтуудыг үндэслэн ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэл бүхий болсон.

Иймд Б.Т-ын  театрын захирлын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/319 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, уран сайхны удирдагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг М театрт даалгаж өгөхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч йн театрт холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай гаргасан нэхэмжлэлээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус театрын захирлын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/319 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагаар нэмэгдүүлсэн, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт холбогдох шаардлагыг 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 22,583,904 төгрөг гэж тодруулсан. /хх 1-2, 114-115, ........./

Хариуцагч тал дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, талууд нэхэмжлэгчийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд дурдсан зөрчил, сахилгын шийтгэл тус бүр хууль зүйн үндэслэлтэй эсэхэд маргажээ.

Нэхэмжлэгч Б.Т-ыг М театрын захирлын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/22 дугаар Б.Тад ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөр цуцалж, ажлаас чөлөөлжээ.

Нэхэмжлэгч энэ тушаалыг эс зөвшөөрсөн гомдлоо 2020 оны 3 дугаар сарын 02ы өдөр тус шүүхэд гаргасан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй байна.

1.М театрын захирлын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/319 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын талаар

Тус театрын уран сайхны удирдагч Б.Т нь балет ангийн уран бүтээлчидтэй зүй бусаар харьцаж, балетын жүжигчин Б.Төгөлдөр, П.Т нарыг хамт олны өмнө доромжилж, ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн үүрэг, зорилтыг зөрчсөн үндэслэлээр Дуурь бүжгийн эрдмийн театрын захирлын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/319 дүгээр тушаалаар сануулах сахилгын шийтгэлийг ногдуулжээ./хх 26/

Дээрх тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заажээ.

Хэрэгт авагдсан баримт болох гэрч Б.Т-ийн Манай балетын ангийн удирдлагууд Түвшинбатад сануулах арга хэмжээ авсан, чиний өргөдөл гомдлын асуудлыг шийдсэн гэж хэлсэн гэх мэдүүлэг, гэрч Б.Д-ийн Би 2019 оны 12 дугаар сарын 23-ны тушаалыг Б.Тад өгсөн, танилцуулсан гэх мэдүүлэг, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Захиргааны зөвлөлийн хурлын Б.Д: Дараагийнх нь таны ёс зүйн асуудлын талаар олон гомдол орж ирсэн, цагаан хорхойны асуудал гээд л, та ч өөрөө хүлээн зөвшөөрсөн. Та уран сайхны удирдагч ялангуяа удирдах албан тушаалтан хүний хувьд ийм ёс зүйн алдаа гаргах нь буруу юм аа гэхэд Б.Т: Би хэлсэн, би наад дээр чинь захиргааны арга хэмжээ авахуулсан гэх тэмдэглэл зэргээс үзэхэд Б.Тыг М театрын захирлын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/319 дүгээр тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсныг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр мэдэж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан шүүхэд гомдол гаргах хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс тоолоход 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр дуусаж байх тул нэхэмжлэгч Б.Т дээрх тушаалын талаар 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/22 тоот тушаалтай танилцахдаа мэдсэн учраас тушаалд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг Б.Тад ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалтай танилцсан өдрөөс буюу 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс тоолно гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын тайлбар үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Б.Тад сануулах сахилгын арга хэмжээ авсан Дуурь бүжгийн эрдмийн театрын захирлын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/319 дүгээр тушаалд гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дугаар зүйлийн 129.3.-т заасны дагуу гомдол гаргах хугацааг сэргээх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

Иймд нэхэмжлэгч өөрийн эрхээ зөрчигдсөнийг мэдсэн өдрөөс хойш 3 сарын дотор гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгчийн гаргасан М театрын захирлын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/319 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Дуурь бүжгийн эрдмийн театрын Уран сайхны удирдагчийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 22,583,904 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах шаардлагын талаар

Нэхэмжлэгч Б.Тыг Дуурь бүжгийн эрдмийн театрын захирлын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/22 дугаар Б.Тад ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.3, 7.3.9, 10 дугаар зүйлийн 10.1 а, в, Захиргааны зөвлөлийн хурлын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн шийдвэрийг үндэслэн Б.Т нь байгууллагын 2020 оны уран бүтээлийн төлөвлөгөөг боловсруулах, уран сайхны зөвлөлийн ажиллах шинэ журмын төслийг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны дотор танилцуулах удирдлагаас өгсөн хугацаатай үүрэгт ажлыг хугацаанд нь биелүүлээгүй сахилгын зөрчлийг гаргасан, Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.3-т заасан 2019 оны ажлын тайлан гаргах үүргээ биелүүлээгүй, мөн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/173 тоот захирлын тушаалаар үндсэн цалинг 1 сарын хугацаатай 20 хувь бууруулах сахилгын шийтгэл, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/319 тоот тушаалаар сануулах сахилгын шийтгэлийг тус тус хүлээсэн ба сахилгын зөрчлийг давтан гаргасан байх тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөр цуцалж, ажлаас чөлөөлжээ.

Ажил олгогчийн Б/22 тоот тушаалд дурдаж буй Хөдөлмөрийн дотоод журмын 7.3.9.-д Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 1 жилийн хугацаанд 2 буюу түүнээс дээш гаргасан бол Хөдөлмөрийн гэрээг цуцална,

10 дугаар зүйлийн 10.1.а.-д Дуурь бүжгийн эрдмийн театрын үйл ажиллагаатай холбогдох хууль тогтоомж, шийдвэр, Хөдөлмөрийн тухай хууль,  театрын дүрэм,  театрын Хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтод заасан ажилтны хүлээх үүргийг биелүүлээгүй буюу зөрчсөн бол, в.-д Тухайн уран бүтээлч ажилтанд удирдлагаас өгсөн тусгай болон хугацаат үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй бол хөдөлмөрийн сахилга зөрчсөнд тооцож сахилгын шийтгэл хүлээлгэнэ гэж,

Хөдөлмөрийн гэрээний 3.2.3-т Гүйцэтгэх ажилдаа тодорхой төлөвлөгөө гарган шууд харъяалах албан тушаалтан болон ангийн даргаар тогтмол дүгнүүлэн театрын жилийн туршид тоглогдох тоглолтын төлөвлөгөөний дагуу ажиллан шинээр уран бүтээл санаачлан биечлэн оролцож, тайлан мэдээг тухайн оны 11 дүгээр сарын 25-ны дотор өгч хэвшүүлнэ гэж тус тус заажээ./хх 7, 32-51/

2.1.  театрын захирлын 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Б/173 дугаартай Сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалын талаар

Тус театрын уран сайхны удирдагч Б.Т-ыг 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 7 дугаар сарын 10-ны өдрүүдэд албан ёсоор чөлөө олгоогүй байхад ажлын 5 хоног ажил тасалсан сахилгын зөрчилд нь түүний үндсэн цалинг нэг сарын хугацаагаар 20% бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ. /хх 25/

Дуурь бүжгийн эрдмийн театрын хөдөлмөрийн дотоод журмын 8.2.14.-ийн а. Дуурь бүжгийн эрдмийн театрын зөвшөөрлөөр бодлогын дагуу гадаад улс оронд мэргэжлийн уралдаан тэмцээнд оролцох бол 10 хүртэл хоногийн цалинтай чөлөө олгоно, в. Дуурь бүжгийн эрдмийн театрын бодлогоор биш хувиараа гадаад улс орон, дотоодод тоглолт хийх, хамтарсан тоглолтод орох, уралдаан тэмцээнд бэлтгэх бол ажлын 14 хүртэлх өдөр цалинтай чөлөө олгож болно гэж тус тус заасан байна./хх 33-51/

Нэхэмжлэгч Б.Т нь 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 7 дугаар сарын 11-ний өдрийг дуусталх хугацаанд Солонгос улсын Бусан хотод зохион байгуулагдах олон улсын бүжгийн тэмцээнд балетын шүүгчээр оролцох тул цалинтай чөлөө олгоно уу гэх хүсэлтийг гаргаж, түүнд албан ёсоор чөлөө олгоогүй байхад тус тэмцээнд оролцож 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 7 дугаар сарын 10-ны өдрүүдэд ажил тасалсан болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. /хх 14, 30, 88-89/

Нэхэмжлэгч Б.Т-ын дээрх зөрчилд нь Дуурь бүжгийн эрдмийн театрын захирлын 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Б/173 дугаартай тушаалаар түүний үндсэн цалинг нэг сарын хугацаагаар 20% бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байх бөгөөд уг сахилгын шийтгэлд ажилтан Б.Т нь гомдол гаргаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан хугацаа өнгөрсөн байна.

Иймд нэхэмжлэгч Б.Т-д сануулах болон үндсэн цалинг нэг сарын хугацаатай 20% бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан Дуурь бүжгийн эрдмийн театрын захирлын 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Б/173 дугаар тушаал, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/319 дүгээр тушаалуудад нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргаагүй тул дээрх тушаалууд хүчин төгөлдөр болсон гэж үзнэ.

2.2. Дуурь бүжгийн эрдмийн театрын захирлын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/22 дугаар Б.Тад ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалд Б.Т нь байгууллагын 2020 оны уран бүтээлийн төлөвлөгөөг боловсруулах, уран сайхны зөвлөлийн ажиллах шинэ журмын төслийг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны дотор танилцуулах удирдлагаас өгсөн хугацаатай үүрэгт ажлыг хугацаанд нь биелүүлээгүй сахилгын зөрчлийг гаргасан, Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.3-т заасан 2019 оны ажлын тайлан гаргах үүргээ биелүүлээгүй гэх хоёр үндэслэлийг заажээ.

2.2.1. Нийгмийн болон цаг үеийн байдлаас хамааран Дуурь бүжгийн эрдмийн театрын ажилтан, уран бүтээлчдийн 2020 оны ээлжийн амралтыг 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдрөөс эдлүүлэх тухай тус театрын захирлын 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/03 дугаартай тушаал гарсантай холбоотойгоор театрын уран бүтээлийн төлөвлөгөөг өөрчлөх зайлшгүй шаардлага гарсан болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна./хх 63-75, 112-113/

Дуурь бүжгийн эрдмийн театрын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Захиргааны зөвлөлийн хуралдаанаар тус театрын Уран сайхны удирдагч Б.Тад тус театрын 2020 оны уран бүтээлийн төлөвлөгөөнд өөрчлөлт орсонтой холбоотойгоор театрын энэ оны уран бүтээлийн төлөвлөгөөг боловсруулж танилцуулах, мөн уран сайхны зөвлөлийн ажиллах журмыг шинээр боловсруулж төслийг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны дотор танилцуулахыг үүрэг болгожээ./хх 71-75/

Нэхэмжлэгч Б.Т-ын ажлын байрны тодорхойлолтод тэрээр урын сангийн зөв бодлого боловсруулан хэрэгжүүлэх, уран бүтээл болон уран бүтээлийн бодлоготой холбогдсон бүх асуудлыг уран сайхны зөвлөлийн болон захиргааны шийдвэрийн дагуу хийж гүйцэтгэх үүргийг хүлээжээ. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын Б.Т-ын ажлын байрны тодорхойлолтод уран сайхны зөвлөлийн ажиллах журмыг баталж мөрдүүлэх, уран сайхны төлөвлөгөөг боловсруулах үүрэг байхгүй тул хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчсөн нь харагдаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан Ажил олгогч нь энэ хуульд зааснаас бусад тохиолдолд ажилтнаас хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил гүйцэтгэхийг шаардаж болохгүй гэх заалтыг ноцтой зөрчсөн гэх тайлбар үндэслэлгүй байна. /хх 9-12/

Дуурь бүжгийн эрдмийн театрын захирлын 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн А/50 дугаартай тушаалаар тус театрын уран сайхны зөвлөлийн дарга, бүрэлдэхүүнийг томилж, тус зөвлөлийг ажиллах журмыг баталсан бөгөөд журмын 1.2.-т Уран сайхны зөвлөл нь театрын урын сан, уран бүтээлийн хэтийн болон ойрын зорилго, бодлогыг боловсруулж, барьж, улирлаж, уран бүтээлийн чанар, уран бүтээлчдийн өсөлт, ур чадварт мэргэжлийн талаас үнэлэлт, дүгнэлт өгч, уран бүтээлийн үйл ажиллагааны үндсэн чиглэлийг гаргаж мөрдөн ажиллах Улсын Дуурь бүжгийн эрдмийн тетрын удирдлагын нэг чухал нэгж мөн гэж, 3.1.-д Уран сайхны зөвлөл нь театрын урын сангийн хэвийн бодлогыг 3 жилээр, ойрын бодлогыг 1 жилээр төлөвлөн удирдаж, үүнд уялдуулан уран бүтээлчдийн ур чадварын өсөлт, боловсон хүчний бодлогод гол анхаарлаа чиглүүлнэ гэж тус тус заажээ./хх 171-174/

Шүүх зохигчдын хүсэлтийг үндэслэн 9 гэрчээс мэдүүлэг авсан ба гэрч Х.Мөнгөнхөлөг /хх141-142/, А.Батдэлгэр /хх143-144/, Ц.Чинзориг /хх145-146/, Г.Эрдэнэбаатар /хх212-213/ нар нэхэмжлэлийн шаардлагыг, харин гэрч Х.Одгэрэл /хх104/, Б.Дашдаваа /хх108,211/, Б.Төгөлдөр /хх110-111/, Н.Туулайхүү /хх112-113/, Н.Отгонжаргал /хх208-209/ нарын мэдүүлэг хариуцагчийн татгалзлыг нотолжээ.

Ажил олгогчийн Б/22 дугаар тушаалд заасан Байгууллагын 2020 оны уран бүтээлийн төлөвлөгөөг боловсруулах, уран сайхны зөвлөлийн ажиллах шинэ журмын төслийг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны дотор танилцуулах удирдлагаас өгсөн хугацаатай үүрэгт ажлыг хугацаанд нь биелүүлээгүй гэх сахилгын зөрчлийн талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчийн мэдүүлэг өгсөн гэрчүүд харилцан зөрүүтэй мэдүүлэг өгсөн боловч Дуурь бүжгийн эрдмийн театрын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Захиргааны зөвлөлийн хуралдаанаар тус театрын удирдагч Б.Тад өгсөн хугацаатай үүрэг даалгаврын биелэлтийг авч хэлэлцэхэд Б.Т нь өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, төлөвлөгөө боловсруулж ирүүлээгүй, хугацаатай үүрэгт ажлыг биелүүлээгүй байсан тул түүнд сахилгын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн болох нь зохигчийн тайлбар мөн өдрийн захиргааны зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, гэрч Х.Одгэрэл, Б.Дашдаваа нарын мэдүүлэг, Захиргааны зөвлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдааны протокол зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх 81-93, 104-107, 108-109, 157-170/

2.2.2. Мөн Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.3-т заасан 2019 оны ажлын тайлан гаргах үүргээ биелүүлээгүй болох нь гэрч Б.Дашдаваагийн 2019 оны ажлын тайлан гаргаж өгөөгүй гэх мэдүүлгээр тогтоогдож байна. /хх 212-213/

Ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан бол ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно. Сахилгын зөрчил давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил тус бүр тогтоогдсон байх шаардлагатай бөгөөд давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол нэг жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.2-т нийцнэ.

Иймд нэхэмжлэгч Б.Т өмнө нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны Б/319 тоот тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулснаас хойш буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т заасан нэг жилийн хугацаа өнгөрөөгүй байхад удирдлагаас өгсөн хугацаатай үүрэг, даалгаврыг биелүүлээгүй, 2019 оны тайлан гаргах үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул Дуурь бүжгийн эрдмийн театрын захирлын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/22 тоот Б.Тад ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал хууль зүйн үндэслэлтэй байна.

Ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан нь ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг зөрчөөгүй тул дээр дурдсан үндэслэлээр ажил олгогчийн тушаалыг хүчингүй болгох боломжгүй.

Иймд М театрын захирлын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/319 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 22,583,904 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай Б.Т-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7, 131 дүгээр зүйлийн 131.1.1, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан Дуурь бүжгийн эрдмийн театрын захирлын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/319 дугаар Сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, М театрын уран сайхны удирдагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 22,583,904 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай Б.Т-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Т-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ