Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2017/03113

 

 

 

 

 

 

  2017 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2017/0

                  Улаанбаатар хот

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:

Хариуцагч:

           2017 оны 04 дүгэрэ сарын 10-ны өдрийн 4/29 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг анхны дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хууль зөрчсөн болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг 2017 оны 07 сарын 16-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Шүрэнчулуун, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лочин, нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

                                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Б., түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Шүрэнчулуун нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2016 оны 07 сарын 18-ны өдрийн 318 дугаартай захирамжаар Д.ас 88 345 254 төгрөг гаргуулж Хас банкинд олгохоор шийдвэрлэсэн юм. Уг захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэгч Б.Лочин Д.Эын өмчлөлийн Баянгол дүүрэг, 7-р хороо, 33 дугаар байрны 132 тоот  хаягт байрлах, Ү-2205016222 дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцыг хураан авч, улмаар эд хөрөнгийг үнэлж, дуудлага худалдаанд оруулах ажиллагааг хийхдээ хуулиар тогтоосон журмыг зөрчсөн үйл ажиллагаа явуулж байна. Учир нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Баянгол дүүрэг, 7-р хороо 33 дугаар байрны 132 тоот хаягт байрлах Ү-2205016222 дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцыг дуудлага худалдаанд оруулахаар үнэлэхдээ төлбөр төлөгч миний үнийн саналыг огт авалгүйгээр нууцаар 98 000 000 төгрөгөөр үнэлүүлж, уг үнэлгээний 70 хувь болох 68 600 000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулахаар 2017 оны 04 сарын 10-ны өдрийн 4/29 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг анхны дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг гэрийн хаягаар ирүүлсэн болно.

Энэ нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу эд хөрөнгийг үнэлэхдээ эхлээд заавал төлбөр төлөгч, төлбөр авагчийн саналыг харгалзан харилцан тохиролцсоны дагуу үнийг тогтоох дарааллыг баримтлалгүй, энэхүү дарааллыг зөрчин шууд шинжээч томилж үнэлүүлсэн үнэлгээг үндэслэн дуудлага худалдаа хийхээр тогтоол гаргасан нь хуулиар тогтоосон журмыг илт зөрчсөн байдаг. Д. нь өөрийн эрх ашгаа хамгаалуулахаар Нэгд: Орон сууцыг төлбөр төлөгчөөс үнийн санал авахгүйгээр шинжээч томилж үнэлүүлсний дагуу дуудлага худалдаа явуулахаар тогтоол гаргасан нь хууль зөрчсөн, Хоёрт: шинжээчийн үнэлгээ зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн болохыг дурдаж Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хандаж гомдол гаргасан боловч 2017 оны 04 сарын 10-ны өдөр гомдлыг хүлээн авахаас татгалзсан хариуг өгсөн.

 Иймд тус шүүхэд хандаж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 04 сарын 10-ны өдрийн 4/29 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хууль зөрчсөн болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

           Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүхэд хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 07 сарын 18-ны өдрийн 318 дугаар захирамжаар Д.ас 88 345 254 төгрөг гаргуулж Хас банкинд олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба тус шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж 2016 оны 12 сарын 23-ны өдөр төлбөрийг сайн дураар төлж барагдуулахыг мэдэгдсэн боловч шийдвэр гүйцэтгэгчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205016222 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 33 дугаар байрны 132 тоотод байрлах 40 м.кв талбайтай орон сууцыг битүүмжлэн хурааж, хадгалалт хамгаалалтыг Д.д хариуцуулсан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талууд хөрөнгийн үнийн санал өгөхийг 2017 оны 03 сарын 06-ны өдрийн 3/7343 дугаар мэдэгдэлээр мэдэгдсэн боловч харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг хийлгэхэд 98 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан бөгөөд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон тул нэхэмжлэгч Д.Эын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.    

        Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

                                                                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Д. нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан, 2017 оны 04 сарын 10-ны өдрийн 4/29 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хууль зөрчсөн болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага гаргажээ.

         Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь шийвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

        Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

        Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 318 дугаар захирамжаар Д.ас 88 345 254 төгрөг гаргуулан Хас банк ХХК-д олгохоор шийдвэрлэж, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт зааснаар Д.Эын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205016222 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 7-р хороо, 4-р хороолол, 33-р байрны 132 тоот орон сууцыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангахаар, 2016 оны 09 сарын 20-ны өдрийн 3829 дугаар Шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх тухайн шүүгчийн захирамж гарч, 2016 оны 09 сарын 20-ны өдөр 399 дугаар гүйцэтгэх хуудас олгогдож Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2016 оны 10 сарын 07-ны өдөр 16271375 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэгдсэн болох нь 318 дугаар шүүгчийн захирамж, 3829 дугаар шүүгчийн захирамж болон 399 дүгээр гүйцэтгэх  хуудас, 16271375 дугаар тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байна.

       Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шийдвэр гүйцэтгэгч дараахь үйл ажиллагаа явуулж болно”, 34.1.1-т “...эд хөрөнгийг битүүмжлэх, албадан барьцаалах, хураах, худалдан борлуулах”, 34.1.6-д “эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох” гэж заажээ.

       Хариуцагч нь Баянгол дүүрэг, 7-р хороо, 4-р хороолол, 33-р байрны 132 тоот орон сууцыг 2016 оны 12 сарын 23-ны өдөр битүүмжилж, 2017 оны 02 сарын 06-ны өдөр хураасан болох нь 135/07 тоот эд хөрөнгө битүүмжлэх болон 135/071 тоот эд хөрөнгийг хураасан тогтоолын хуулбаруудаар тогтоогдож байна.

        Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “дараахь тохиолдолд эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ”, 37.2.2-т “төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгө”-ийг үнэлүүлэхээр заасан.

       Нэхэмжлэгч нь 2017 оны 02 сарын 14-ний өдөр хариуцагчид Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 4-р хороолол, 33-р байрны 132 тоот орон сууцны үнийн саналыг өгөх боломжгүй байгаа тухай хүсэлтийг гаргасан, хариуцагч нь 2017 оны 03 сарын 06-ны өдөр нэхэмжлэгчид 2017 оны 03 сарын 09-ний өдрийн дотор 132 тоот орон сууцны үнийг тогтоож ирүүлэх тухай мэдэгдэл хүргүүлж байсан болох нь нэхэмжлэгчийн 2017 оны 02 сарын 14-ний өдрийн үнэлгээ өгөх тухай хүсэлт болон 2017 оны 03 сарын 06-ны өдрийн 3/7343 тоот мэдэгдлийн хуулбараар тогтоогдож байна.

      Төлбөр авагч Хас банк ХХК нь 2017 оны 03 сарын 06-ны өдөр хариуцагчид орон сууцны зах зээлийн бодит ханшийг шинжээч томилж тогтоолгох тухай хүсэлт гаргасан байдал нь Хас банк ХХК-ийн 3/1413 тоот албан бичгийн хуулбараар нотлогдож байна.

       Баянгол дүүрэг, 7-р хороо, 4-р хороолол, 33-р байрны 132 тоот орон сууцны үнэлгээний талаар нэхэмжлэгч болон төлбөр авагч Хас банк ХХК нар харилцан тохиролцоогүй болох нь нэхэмжлэгчийн 2017 оны 02 сарын 14-ний өдрийн үнэлгээ өгөх тухай хүсэлт болон Хас банк ХХК-ийн 3/1413 тоот албан бичиг, 2017 оны 03 сарын 06-ны өдрийн 3/7343 тоот мэдэгдлийн хуулбараар тогтоогдож байна.

      Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 37.2.2-т зааснаар хариуцагч нь 2017 оны 03 сарын 13-ны өдөр шинжээчээр Сэлэнгэ Эстимейт ХХК-ийг томилж, тус компани нь 2017 оны 03 сарын 16-ны өдөр Баянгол дүүрэг, 7-р хороо, 4-р хороолол, 33-р байрны 132 тоот орон сууцны зах зээлийн нийт үнийг тодорхойлон үнэлгээний тайлан гаргасан болох нь 2017 оны 03 сарын 13-ны өдрийн 92 дугаартай шинжээч томилох тухай тогтоол, 2017 оны 03 сарын 16-ны өдрийн үнэлгээний тайлангийн хуулбаруудаар тогтоогддог.

       Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 45.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч байгууллагын ахлах шийдвэр гүйцэтгэгч нь Баянгол дүүрэг, 7-р хороо, 4-р хороолол, 33-р байрны 132 тоот орон сууцыг 2017 оны 04 сарын 21-ний өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 4/29 дугаар тогтоол гаргаж, нэхэмжлэгч нь тус тогтоолыг 2017 оны 04 сарын 10-ны өдөр хүлээн авсан байдал нь тухайн тогтоол дээр “хүлээн авсан, зөвшөөрөхгүй байна 2017.4.10” гэж бичиж гарын үсэг зурсан тэмдэглэлээр баталгаажигджээ.

       Иймээс, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 37.2.2, 45 дугаар зүйлийн 45.1, 45.2-т зааснаар хариуцагч нь 2017 оны 04 сарын 10-ны өдрийн 4/29 дугаар тогтоолын гаргасан нь хууль зөрчөөгүй байх тул хүчингүй болгох үндэслэлгүй гэж дүгнээд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.                                                         

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 37 дугаар зүйлийн 37.2, 37.2.2, 45 дугаар зүйлийн 45.2-т заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 4/29 дугаартай тогтоолыг хууль зөрчсөн болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай Д.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Эын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлого болгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ТҮМЭНЦЭЦЭГ