Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2018/00518

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2018/00518

 

 

Д.Энхтулгын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06ы өдрийн 181/ШШ2017/03113 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Энхтулгын нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 4/29 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг анхны дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол хууль зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгох нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лочин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Энхтулгын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 318 дугаартай захирамжаар Д.Энхтулгаас 88 345 254 төгрөг гаргуулж Хас банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Энэ захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэгч Б.Лочин Д.Энхтулгын өмчлөлийн Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 33 дугаар байрны 132 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг хураан авч, улмаар эд хөрөнгийг үнэлж, дуудлага худалдаанд оруулах ажиллагааг хийхдээ хуулиар тогтоосон журмыг зөрчсөн үйл ажиллагаа явуулж байна. Учир нь: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас орон сууцыг дуудлага худалдаанд оруулахаар үнэлэхдээ төлбөр төлөгч миний үнийн саналыг огт авалгүйгээр нууцаар 98 000 000 төгрөгөөр үнэлүүлж, уг үнэлгээний 70 хувь болох 68 600 000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулах тухай 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 4/29 дугаартай тогтоолыг гэрийн хаягаар ирүүлсэн болно. Энэ нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2 дахь хэсэгт заасан журмыг илт зөрчсөн. Өөрийн эрх ашгаа хамгаалуулахаар хандсан гомдлыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авахаас татгалзсан.

Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 4/29 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол хууль зөрчсөнийг тогтоож, хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны тайлбарт: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 318 дугаар захирамжаар Д.Энхтулгаас 88 345 254 төгрөг гаргуулж Хас банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба уг баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төлбөрийг сайн дураар төлж барагдуулахыг мэдэгдсэн боловч төлбөрөө төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 33 дугаар байрны 132 тоот орон сууцыг битүүмжлэн хурааж, хадгалалт хамгаалалтыг Д.Энхтулгад хариуцуулсан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талууд хөрөнгийн үнийн санал өгөхийг 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 3/7343 дугаар мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасны дагуу шинжээч томилж, 98 000 000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоолгосон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан бөгөөд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 37 дугаар зүйлийн 37.2, 37.2.2, 45 дугаар зүйлийн 45.2-т заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 4/29 дугаартай тогтоолыг хууль зөрчсөн болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай Д.Энхтулгын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Энхтулгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн. Хэрэгт авагдсан материалаас харахад Д.Энхтулга 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр "Миний бие өнөөдрийн байдлаар тус орон сууцны зах зээлийн ханшийг мэдэхгүй байгаа тул мэдэж ирээд үнэлгээ өгөх хүсэлтэй байна" гэсэн хүсэлтийг гаргаснаас үзвэл тэрээр үнэлгээ өгөхөөс татгалзаагүй, харин үнэлгээ өгөх хүсэл сонирхлоо илэрхийлсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт төлбөр төлөгчийн үнэлгээний саналыг заавал харгалзан үзэхээр заасан, төлбөр төлөгч үнэлгээний санал өгөх талаар илэрхийлсээр байтал түүний саналыг авалгүй хөндлөнгийн шинжээч томилж үнэлүүлсэн нь хууль зөрчсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т "үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө"-ийг шинжээчээр үнэлүүлэхээр заасан. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгч болон төлбөр авагч нарыг уулзуулж тохиролцох арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй байж хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар эд хөрөнгийг үнэлүүлсэн.

Шинжээчийн дүгнэлтийг төлбөр төлөгчид танилцуулалгүй 98 000 000 төгрөгийн 70 хувь болох 68 000 000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулахаар 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 4/29 дугаар тогтоолыг гэрийн хаягаар хүргүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна.

 

Нэхэмжлэгч Д.Энхтулга нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан, 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 4/29 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол хууль зөрчсөнийг тогтоож, хүчингүй болгох гомдлын шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй, хэрэв шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх бөгөөд шийдвэр гүйцэтгэгчээс явуулсан ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 10 дугаар зүйлийн 10.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасантай нийцсэн байна.

 

Хариуцагч нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 184/ШШ2016/00318 дугаартай Д.Энхтулгаас 88 345 254 төгрөг гаргуулж, Хас банк ХХК-д олгох захирамж, 2016 оны 184/ШЗ2016/03829 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж, 2016 оны 399 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн төлбөр төлөгч Д.Энхтулгын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205016222 дугаарт бүртгэлтэй орон сууцыг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр битүүмжлэн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хурааж, төлбөрийг 2017 оны 02 дугаар сарын 13-ны дотор төлж барагдуулахыг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн байна.

 

Шийдвэр гүйцэтгэгч төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийн талаар санал ирүүлэхийг талуудад 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр мэдэгдэхэд төлбөр төлөгч үнэлгээг судалж мэдээд өгөх хүсэлтэй байгаагаа бичгээр мэдэгдэж, төлбөр авагч нь шинжээч томилж үнэлгээ тогтоолгох хүсэлт ирүүлжээ. Дээрх нөхцөл байдлыг талууд үнийн талаар харилцан тохиролцоогүй гэж үзэх бөгөөд хариуцагч тал шинжээчээр Сэлэнгэ эстимейт ХХК-ийг томилж 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр төлбөрт хураагдсан эд хөрөнгийн зах зээлийн үнийг 98 000 000 төгрөгөөр тогтоосон, анхны албадан дуудлага худалдааны доод үнийг шинжээчийн тогтоосон үнийн 70 хувиар тооцон тогтоохыг, 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр уг үнэлгээгээр 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 10.00 цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулах талаар мэдэгджээ. Шийдвэр гүйцэтгэгчээс хийгдсэн ажиллагааны баримтууд хэргийн 57-60 дугаар талд авагдсан, уг баримтуудаас талуудын эдлэх эрхийг зөрчсөн нөхцөл байдал харагдахгүй байна.

 

Анхны албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоохдоо шийдвэр гүйцэтгэгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг үндэслэсэн байх тул шүүхээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар хийсэн дүгнэлт зөв байна.

 

Иймд нэхэмжлэгчийн төлбөрт хураагдсан эд хөрөнгийн үнэлгээний талаар санал аваагүй, зах зээлийн үнийг харилцан тохиролцуулж тогтоох ажиллагааг хийгээгүй, шинжээчийн дүгнэлтийг танилцуулаагүй гэх гомдлыг хангахгүй орхив. Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагааны талаар гомдол гаргасан тул шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06ы өдрийн 181/ШШ2017/03113 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 37 дугаар зүйлийн 37.2, 37.2.2, 45 дугаар зүйлийн 45.2-т гэснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2017 оны/ хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

А.МӨНХЗУЛ