Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/01032

 

Д.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/03113 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2018/00518 дугаар магадлалтай

Д.Э-ын нэхэмжлэлтэй

Н-д холбогдох

2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 4/29 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг анхны дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол хууль зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгох тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Шүрэнчулууны хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 318 дугаартай захирамжаар Д.Э-аас 88 345 254 төгрөг гаргуулж “Хас банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Энэ захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэгч Б.Лочин Д.Э-ын өмчлөлийн Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 33 дугаар байрны 132 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг хураан авч, улмаар эд хөрөнгийг үнэлж, дуудлага худалдаанд оруулах ажиллагааг хийхдээ хуулиар тогтоосон журмыг зөрчсөн үйл ажиллагаа явуулж байна.

Учир нь: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас орон сууцыг дуудлага худалдаанд оруулахаар үнэлэхдээ төлбөр төлөгч миний үнийн саналыг огт авалгүйгээр нууцаар 98 000 000 төгрөгөөр үнэлүүлж, уг үнэлгээний 70 хувь болох 68 600 000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулах тухай 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 4/29 дугаартай тогтоолыг гэрийн хаягаар ирүүлсэн болно. Энэ нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2 дахь хэсэгт заасан журмыг илт зөрчсөн. Өөрийн эрх ашгаа хамгаалуулахаар хандсан гомдлыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авахаас татгалзсан.

Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 4/29 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол хууль зөрчсөнийг тогтоож, хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 318 дугаар захирамжаар Д.Э-аас 88 345 254 төгрөг гаргуулж Хас банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба уг баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төлбөрийг сайн дураар төлж барагдуулахыг мэдэгдсэн боловч төлбөрөө төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 33 дугаар байрны 132 тоот орон сууцыг битүүмжлэн хурааж, хадгалалт хамгаалалтыг Д.Э-ад хариуцуулсан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талууд хөрөнгийн үнийн санал өгөхийг 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 3/7343 дугаар мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасны дагуу шинжээч томилж, 98 000 000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоолгосон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан бөгөөд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/03113 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 37 дугаар зүйлийн 37.2, 37.2.2, 45 дугаар зүйлийн 45.2-т заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 4/29 дугаартай тогтоолыг хууль зөрчсөн болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай Д.Э-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Э-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2018/00518 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/03113 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 37 дугаар зүйлийн 37.2, 37.2.2, 45 дугаар зүйлийн 45.2-т гэснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2017 оны/ хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/03113 дугаар шийдвэр,  Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2018/00518 дугаар магадлалыг тус тус эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 318 дугаартай захирамжийн дагуу Д.Э-аас 88 345 254 төгрөг гаргуулж Хас банк ХХК-д олгуулах шийдвэрт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байдаг.

Шүүхэд гаргаж өгсөн шийдвэр гүйцэтгэх материалаас харахад Д.Э-а нь 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр “Миний бие өнөөдрийн байдлаар тус орон сууцны зах зээлийн ханшийг мэдэхгүй байгаа тул мэдэж ирээд үнэлгээ өгөх хүсэлтэй байна” гэсэн хүсэлтийг гаргасан байдаг тул Д.Э-а нь үнэлгээ өгөхөөс татгалзаагүй, харин үнэлгээ өгөх хүсэл сонирхлоо илэрхийлсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт “...хөрөнгө үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж...” гэж зааснаас харахад төлбөр төлөгчийн үнэлгээний саналыг заавал харгалзан үзэхээр заасан байхад төлбөр төлөгч үнэлгээний санал өгөх талаар илэрхийлсээр байтал түүний саналыг авалгүй шууд хөндлөнгийн шинжээч томилж үнэлүүлсэн нь хууль зөрчсөн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт “Үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө”-ийг шинжээчээр үнэлүүлэхээр заасан гэтэл шийдвэр гүйцэтгэгч Б.Лочин нь төлбөр төлөгч болон төлбөр авагч нарыг хооронд нь уулзуулж тохиролцох арга хэмжээ огт авч хэрэгжүүлээгүй байж шууд хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар эд хөрөнгийг үнэлүүлсэн нь хууль зөрчсөн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт “...хөрөнгө үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө” гэж заасан байтал эд хөрөнгийг үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг төлбөр төлөгчид огт танилцуулалгүйгээр 98 000 000 төгрөгийн үнэлгээний 70 хувь болох 68 000 000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулахаар 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 4/29 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийг анхны дуудлага худалдаанд оруулах тухай” тогтоолыг гэрийн хаягаар хүргүүлсэн нь хууль зөрчсөн байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т “...төлбөр төлөгч энэ хуулийн 55.3-т заасан шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах санал гаргаж болно”, 62.2-т “Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн саналыг ажлын 3 өдрийн дотор шийдвэрлэнэ. Шийдвэр гүйцэтгэгч саналыг хүлээн авсан тохиолдолд бие даан худалдан борлуулах 1 сарын хугацааг төлбөр төлөгчид олгож, энэ хугацаанд тухайн хөрөнгийг албадан борлуулах ажиллагааг зогсооно” гэж тус тус заасан байна. Эндээс шийдвэр гүйцэтгэгч нь шинжээчээр хөрөнгийн үнэлгээ тогтоолгосны дараа түүнийг өөрийн хөрөнгийг худалдан борлуулах эрхээр хангахгүй шууд дуудлага худалдаа хийхээр шийдвэрлэсэн нь илтэд түүний хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Дээрх байдлаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох заалтуудыг удаа дараа ноцтой зөрчсөн байтал анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэр, магадлал гаргасан нь ИХШХШТХ-ийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/03113 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2018/00518 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу  явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Д.Э-а нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 4/29 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг анхны дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол хууль зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 318 дугаартай шүүгчийн захирамжаар Д.Э-аас 88 345 254 төгрөгийг гаргуулж “Хас банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна.

Дээрх шийдвэрт 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэнээр 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх үүрэг өгсөн боловч биелэгдээгүй үндэслэлээр барьцааны хөрөнгө Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 33 дугаар байрны 132 тоот 40мкв талбай бүхий гурван өрөө орон сууцыг битүүмжлэн, хураасан байна.

Төлбөр төлөгч төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг асууж, тэмдэглэл үйлдэж, төлбөр төлөх хугацаатай мэдэгдэл өгсөн, төлбөр төлөгч зах зээлийн үнийг мэдэхгүй байгаа талаар тодорхойлолт гаргажээ.

Шийдвэр гүйцэтгэгч 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хөрөнгийн үнийг төлбөр авагчтай харилцан тохиролцож 2017 оны 03 дугаар сарын 09-ны дотор ирүүлэхийг мэдэгдсэн боловч үнийн санал ирээгүй үндэслэлээр 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр шинжээч томилсон, шинжээчийн үнэлсэн үнэлгээний 70%-иар анхны албадан дуудлага худалдааны үнийг тогтоосон үйл баримт тогтоогджээ.

Шийдвэр гүйцэтгэх дээрх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг /2002 он/ зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч нь тухайн үед хэрэгжиж байгаагүй, 2017 онд батлагдсан Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг хэрэглээгүй үндэслэлээр гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй тул гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Давж заалдах шатны шүүх хэргийн шийдлийг өөрчлөөгүй боловч шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахдаа хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна.

2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуулийн 302 дугаар зүйлийн 302.1. дэх заалтаар зохицуулсан байх тул уг хугацаанаас өмнө үйлдэгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд 2017 онд батлагдсан хуулийг хэрэглэх боломжгүй юм.

Нэхэмжлэлийн шаардлагад хамаарах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь 2017 оны 07 дугаар сарын 01-нээс өмнөх хугацаанд буюу 2017 оны 04 дүгээр сард үйлдэгдсэн байхад давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэлгүй тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2018/00518 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/03113 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Э-ын  итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Шүрэнчулууны хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Д.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                      Х.ЭРДЭНЭСУВД