Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 142/ШШ2018/00558

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 142/ШШ2018/00558

Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Оросын холбооны улсын Тюмень хотын Солнечный проезд 20/347 /625022 индекс/ тоот хаягт оршин суух ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* холбогдох

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Төгсбаяр,*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ******* нь 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ******* дугаар тушаалаар томилогдон ажиллаж байхад нь 2015 оны 05 дугаар сард үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан гэж Орхон аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн шалгуулжээ. Түүнийг 2013, 2014 онуудад МТХБ-д хадгалагдаж байсан хайлшийн орцын нэмэгдэл болох фөрромарганец-75-ыг зохих зөвшөөрөлгүй 3 удаа 90 тонныг Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК-д ашиг олох зорилгоор өгч үрэгдүүлсэн гэж яллагдагчаар татаж шалгаад хэргийг 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймгийн Прокурорын газрын Б\189 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгосон. Гэтэл үүнээс 2 хоногийн дараа буюу 2015 оны 07 сарын 06-ны өдрийн Б/750 тоот тушаалаар Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 131 зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 8.2 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 2 дахь заалтыг үндэслэн *******-г ажлаас нь халсан. ******* нь өөрийгөө гэмт хэрэг үйлдээгүй гэдгийг Цагдаагийн байгууллага шалгаж тогтоосон байхад намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж байгаа учир түүнээс надад олгогдсон итгэмжлэлийн дагуу нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэгчийг *******-ийн МТХБ-ын даргын албан тушаалд эргүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн 2 дахь шаардлагыг дараах байдлаар тодруулж байна. ******* нь сард 2 200 000 төгрөгийн, 2315 ам долларын цалин авдаг тухай нотлох баримт хэрэгт байгаа. Тэгэхээр цалин 2 200 000*34 сар=74 800 000 төгрөг байна. Харин ам долларын цалин нь 2315х34 сар=78 710 доллар болж байгаа.Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.2-д зааснаар төгрөгөөр олгодог цалинг төгрөгөөр, доллараар олгодог цалинг доллараар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд ОХУ-ын иргэн Бочаров.Г.Е нь *******-ийн 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Ажилтан Бочаров.Г.Е-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Б/750 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбар гаргаж байна. Үүнд:

ОХУ-ын иргэн Бочаров.Г.Е нь *******-ийн Материал техник хангамжийн баазын даргын албан тушаалд ажиллаж байхдаа тус компанийн *******-ийн МТХБ-ын агуулахуудад бараа материал хүлээн авах, олгох, орлого, зарлагын баримт бичгийг бүрдүүлэх тухай журам-ыг зөрчсөний улмаас ажил олгогчид онц их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдсон бөгөөд түүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсныг үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд ОХУ-ын иргэн Бочаров.Г.Е-ийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Б/750 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 74 800 000 төгрөг, 78 710 ам доллар гаргуулах-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ******* нь 2010.07.02-ны өдрөөс -ийн Материал техникийн хангамжийн баазын даргаар ажиллаж байгаад 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б/750 дугаартай тус үйлдвэрийн ерөнхий захиралын тушаалаар ажлаасаа халагдсан үйл баримтын талаар талууд маргахгүй байна.

*******-ийн хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3, *******-ийн дотоод журмын 8.2 дахь заалт, *******-тэй байгуулсан 57 дугаартай хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 2 дахь заалтыг тус тус баримталжээ./хх9х/

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, 40.1.5-д мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар тус тус заажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар ******* нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан нь нотлогдоогүй байна. Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох бөгөөд хэзээ ямар ямар зөрчил гаргасныг нь нотлоогүй болно.

Түүнчлэн хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гэдгийг: гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байх,

Мөн мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэдэгт: хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байх учиртай.

Харин ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасныг эрх бүхий байгууллагын хяналт шалгалтаар тогтоогоогүй, *******-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчлийн талаар нэрлэн заагаагүй байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасныг баримтлан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй байна. Мөн *******-ийн дотоод журмын 8.2 дахь заалтыг хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа баримталсан боловч хариуцагч байгууллага нь дотоод журмаа хэрэгт ирүүлээгүй болно.

Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлд гэрээг дараах тохиолдолд хугацаанаас өмнө цуцална гэж заасан байх ба, 10.2-д нэг тал нөгөө талын шаардсанаар гэрээний нөхцөлийг биелүүлэхгүй байх: ажилтан гэрээний нөхцөлийг биелүүлээгүй бол ажил олгогч гэрээг цуцлах тухайгаа 2-оос доошгүй сарын өмнө бичгээр мэдэгдэнэ гэж заасан.

Эндээс үзэхэд хөдөлмөрийн гэрээний 10.2-т заасан гэрээний нөхцөлийг биелүүлээгүй гэдэг үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа бол ажил олгогч гэрээг цуцлах тухайгаа 2-с доошгүй сарын өмнө бичгээр мэдэгдэнэ гэдгийг зөрчсөн байна.

Харин хөдөлмөрийн болон компанийн дотоод журам, Монгол Улсын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн бол ажил олгогчийн зүгээс гэрээг цуцлах шийдвэрийг ажилтанд урьдчилан мэдэгдэхгүй байж болохоор хөдөлмөрийн гэрээнд зохицуулагджээ.

Нэхэмжлэгч Бочарав Г.Е-т 2015 оны 5 дугаар сарын 19-ны өдөр үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж бараа материалд тавих хяналтыг сулруулж, зохих зөвшөөрөлгүй гадны байгууллагад бараа материал олгож үргэдүүлсэн гэж Орхон аймгийн Прокурорын газар 201514000293 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байх ба, 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймгийн Прокурорын газрын 5/135 дугаартай тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний 1/77 дугаартай Улсын Ерөнхий Прокурорын газрын тогтоолоор Орхон аймгийн Прокурорын газрын 5/135 дугаартай тогтоолын Олсон нь хэсэгт өөрчлөлт оруулан шийдвэрлэжээ. /хх54-58, 70-106/

Хариуцагчийн төлөөлөгч Бочарав Г.Е-г Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн, *******-д хохирол учруулсан гэж тайлбарлаж байгаа боловч Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн ямар зүйл заалтыг яаж зөрчсөн талаар болон, *******-д ямар хэмжээний хохирол учруулсан гэдгийг нотлоогүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан. Хариуцагч тайлбар татгалзлаа нотлоогүй байна.

Иймд хөдөлмөрийн гэрээг цуцалсан *******-ийн ерөнхий захиралын 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Б/750 дугаартай тушаал үндэслэлгүй байх тул Бочарав Г.Е-г *******-ийн Материал техникийн хангамжийн баазын даргын ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг хэргийн 17 дугаар хуудасд авагдсан Бочарав Г.Е *******-ийн хооронд байгуулагдсан №57 тоот хөдөлмөрийн гэрээнд тусгасан 1 275 500 төгрөг, 1780 ам долларын дүнгээр 2015 оны 07 дугаар сараас өнөөдрийг хүртэлх 34 сараар тооцож 43 367 000 төгрөг, 60 520 ам долларыг *******-с гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 24 833 0000 төгрөг, 11 245 ам долларыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Бочарав Г.Е-ийг 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ажлаас халсан тушаалыг нэхэмжлэгч гардан аваад анх 2015 оны 07 дугаар сарын 21-нд шүүхэд хандсан нь нэхэмжлэлд дарагдсан дардасны он, сар, өдрөөр тогтоогдож байгаа ба энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д нийцэж байна.

Ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан.Шүүх 2017 оны 09 дүгээр сарын 29-нд нэхэмжлэлийг буцаасан.Энэ захирамжид нэхэмжлэгч 2017 оны 10 дугаар сарын 09-нд гомдол гаргасан нь захирамжид гомдол гаргах 10 хоногийн хугацааг хэтрүүлээгүй.Учир нь захирамжид гомдол гаргах эцсийн хугацаа 2017 оны 10 дугаар сарын 08-нд буюу амралтын өдөр таарсан тул түүний дараагийн ажлын өдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр шүүх гомдлыг хүлээн авсан нь Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д нийцэж байгаа.

Нэхэмжлэлийг буцаасан 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 4527 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 85 дугаар шүүхийн тогтоолыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гардаж авсан нь шүүхийн тогтоол гардуулсан баримтаар тогтоогдож байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ...2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэлийг буцааснаар нэхэмжлэгчийн дахин шүүхэд гомдлоо гаргах хугацаа тоологдож эхэлсэн.Тэрээр 2017 оны 10 дугаар сарын 29-ний дотор шүүхэд гомдлоо гаргах эрхтэй байсан.Гэтэл 2017 оны 11 дүгээр сарын 21-нд шүүхэд хандсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасныг зөрчсөн гэсэн тайлбар гаргасан.

Нэхэмжлэгчийн хувьд түүний нэхэмжлэлийг буцаасан 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 4527 дугаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхтэй учраас ийнхүү гомдол гаргах эрхээ хэрэгжүүлсэн нь хууль зөрчөөгүй, 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 85 дугаар шүүхийн тогтоолыг 2017 оны 11 дүгээр сарын 01-нд гардаж аваад 2017 оны 11 дүгээр сарын 21-нд шүүхэд хандсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасныг зөрчөөгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээнээс буюу долларын төгрөгтэй харьцах ханш хэргийг шийдвэрлэсэн 2018.05.29-ний байдлаар /Монгол банкны сайтаас/ 2 410 байсан тул улсын тэмдэгтийн хураамжийг бодохдоо төгрөгт шилжүүлэн / 60 520 ам долларх2410₮=145 853 200₮, 145 853 200₮+43 367 000 ₮=189 220 200 ₮ тохирох улсын тэмдэгтийн хураамж / *******-с 1 104 051 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан *******-г *******-ийн Материал техникийн хангамжийн баазын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 43 367 000 төгрөг, 60 520 ам долларыг *******-с гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 24 833 0000 төгрөг, 11 245 ам долларыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрдэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, *******-с улсын тэмдэгтийн хураамж 1 104 051 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА